| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2021/0109/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/285 |
| Огноо | 2021-07-30 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Мөнхтулга |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 2021/ШЦТ/285
2021 7 30 2021/ШЦТ/285
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Наранбаатар,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнхтулга,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А,
Хохирогчийн өмгөөлөгч Х.Баатарбилэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг,
Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Адуучин Батаагийн Энхцэцэгт холбогдох эрүүгийн 2034005030623 дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б.Э, 1985 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, аялал жуулчлалын хөтөч мэргэжилтэй, Шивээ хүрэнгийн боомтод хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо 520-157 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ...... регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Б.Э өгсөн: Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээс өөр нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ар өгсөн: 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр манай хүүхдийг авто осолд орсон талаар утсаар ярьсан. Тэгээд очиход нэлээн хүнд гэмтэл авсан байсан. Өнөөдрийг хүртэл манай охин бүрэн эдгээгүй, хагалгаанд орж эмчлэгдээд явж байна. Шарх нь анигдаагүй байгаа. Баруун хөлийн шилбэний арьс булчин тэр чигээрээ хуулагдсан хүнд гэмтэл авсан. Одоо хүртэл шарх нь анигдаагүй явж байгаа. 2020 оны 7 дугаар сарын 6-наас хойш 5 979 000 төгрөгийн эм тарианы зардал гарснаас 4 248 090 төгрөгийг гаргуулж авсан. Өмнөх хуралдаан дээр гарсан зардлынхаа 1 918 888 төгрөгийн баримтууд өгсөн. Өнөөдрийн хуралдаан дээр дахиад 1 154 479 төгрөгийн баримтыг гаргаж өгч байна. Хохиролд 5 741 000 төгрөгийг авсан байгаа. Шүүхэд шилжихээс өмнө 4 291 044 төгрөгийг авсан. Өнөөдөр 1 500 000 төгрөгийг авсан байна. Ингээд нийт гарсан зардал нь 9 053 160 төгрөг байгаа. 5 979 800 төгрөгийн хохирлын баримт байгаа. Үүнээс өмнөх шүүх хуралдаан дээр 1 918 851 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр 1 254 479 төгрөгийг гаргаж өгсөн. Ингээд нийт 9 053 160 төгрөг болсон. Үүнээс 5 741 090 төгрөгийг өгсөн байгаа. Үлдэгдэл 3 312 070 төгрөгийг одоогоор нэхэмжилж байна гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Насанд хүрээгүй хохирогч Э.Х /хх 14-15/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А /хх 17/, гэрч Б.Э /хх 18/, насанд хүрээгүй гэрч Т.М /хх 19/, насанд хүрээгүй гэрч Э.О /хх 20/, гэрч Д.Э /хх 22-24/, яллагдагч Б.Э /хх 47,48/ нарын өгсөн мэдүүлгүүд,
Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн №378 дугаартай дүгнэлт: “1.Э.О биед зүүн өвдөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх /хх 26,27/,
Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн №377 дугаартай дүгнэлт: “1. 2.3. Т.Мөнгөнсувдын биед гэмтэл тогтоогдсонгүй.” /хх 29/,
Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн №376 дугаартай дүгнэлт: “1.Б.Э биед баруун мөр,зүүн далны цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх 31-32/,
Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн №409 дугаартай дүгнэлт /хх 35-37/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-10/, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх 12/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 55/, хохирол төлсөн баримт /хх 57-67/ зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.Э нь Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр баг Бяцхан хөндлөн гэх газарт 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 8242 БУЛ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дүгээр зүйлийн б/ заасан "Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчих тээвэрлэхгүй байх" мөн дүрмийн 12.3 дугаар зүйлд заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна."-ыг тус тус зөрчсөний улмаас зорчигч Э.Хорлоогийн эрүүл мэндэд "Баруун шаант ясны зөрөөтэй ил хугарал, баруун шилбэний венийн судас, булчингийн бүрэн тасрал, баруун гуя, шилбэний шарх, зөөлөн эдийн няцрал" бүхий Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-т заасан амь насанд аюултай хүнд хохирол учруулсан болох нь:
Хохирогч Э.Х өгсөн: “Би Өмнөговь аймгаас 2020.7.04-ны шөнө үеэл М, жолооч Э, О нарын хамт Улаанбаатар хот руу Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан. Өмнөговь аймаг өнгөрөөд явж байтал нэг дугуй хагарсан дараа нь бас нэг дугуй хагарсан. Тэгээд замдаа Дундговь аймгийн ойролцоо машиндаа унтаад үүр цайж байхад 2020.7.06-ны өглөө Төв аймгийн ойролцоо машин онхолдсон. Би тухайн үед нойрмог явж байсан. Баруун хөлийн шилбэ хугарсан гуяны хэсэг битүү бэртэлтэй эхний 2 хоног шокийн байдалтай байсан. Жолоочийн ард талын суудал дээр хамгаалах бүс зүүгээгүй явсан. Маш их гомдолтой байна хөл дээрээ явах үгүй нь ч мэдэгдэхгүй байна. Эмчилгээний зардлыг гаргуулж авмаар байна. Одоо 3 дахь хагалгаандаа орох гэж байна үүний дараа их олон хагалгаанд орно гэж эмч нар хэлсэн.” гэх мэдүүлэг мэдүүлэг /хх 14-15/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А өгсөн: “Манай том охин Э, Х 2020 оны 7 дугаар сарын 06-ний өглөө Төв аймгийн нутаг дэвсгэрт Өмнөговь аймгаас Улаанбаатар хот руу явж байгаад зам тээврийн осолд орсон байна гэж манай хадам эх Э над руу утсаар ярьсан. Би Говьсүмбэр аймгаас Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт байхад нь хүүхэд дээрээ очсон. Манай өмнөх нөхөр 2008 онд зам тээврийн ослоор нас барж манай нөхрийн эх тухайн үед нь манай охиныг 1 настай байхад нь өөрийнхөө нэр дээр овоглосон. Охин маань одоо надтай хамт амьдардаг. Осол болохоос 1 сарын өмнө хадам эх дээр Өмнөговь аймагт очоод 1 сар орчим амраад буцаад гэр лүүгээ ирж явсан нь тэр. 2020 оны 7 дугаар сарын 06-ний өдөр гэмтлийн эмнэлэгт хүргэгдэж очоод баруун шилбэндээ хугарал, зөөлөн эдийн гэмтэл, арьсны зулгаралт, судас шөрмөснүүд тасарсан тэдгээрийг нөхөх хагалгаанд ороод нийт 3 сар орчим гэмтлийн эмнэлэгт хэвтэх явцад 8 удаагийн хагалгаанд орсон. Одоо цаашид зөөлөн эд, арьс нөхөн төлжих, судас шөрмөсийг нөхөн сэргээх эмчилгээ хийлгээд явж байна. Түүний дараа дахин хагалгаанд орно гэсэн. Одоогоор баримтаар 6 000 000 орчим төгрөгийн эмчилгээний зардлын баримт бүрдүүлж хэрэгт хавсаргуулахаар өгсөн байгаа. Цаашид гарах төлбөрийг хэлж мэдэхгүй байна тухай бүрт нь баримтаараа нэхэмжилнэ. Энэ эрхийг маань хэрэг шийдэгдсэн ч гэсэн нээлттэй үлдээхийг шүүхээс хүсэж байна. Мөн би хүүхдээ асрах хугацаанд хөдөлмөр эрхлэх боломжгүй эдийн засгийн хямралд орсон тийм учраас хүүхдээ асарч байсан мөн цаашид асрах хугацааны мөнгийг нэхэмжлэх хүсэлтэй байна. Мөн зардлын баримтгүй эм тариа хэрэглэсэн түүнийгээ гар бичмэл дээрээ тодорхой бичсэн байгаа. Бидний зүгээс маш их гомдолтой байна. Цаашид охин маань 2 хөл дээрээ босож чадах эсэх нь тодорхойгүй байна. 2 хөл нь маш их сорвитой болсон, цаашид сорви арилгах эмчилгээ хийлгүүлэх, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх бодолтой байгаа. Тийм учраас цаашид гарах эмчилгээний зардлыг тооцож үзсэн 20-30 сая болох тооцоо гараад байгаа учир энэ нэхэмжлэлийг нээлттэй үлдээж өгнө үү гэж хүсэж байна. Жолооч маань эмнэлгээс гарах болон эмнэлгийн төлбөр тооцоог гаргаж өгч байсан одоо сорвины тос, шарханд хэрэглэдэг тос цацлага 40 грамм нь 45 000 төгрөг байдаг түүнийг 3 хоног түрхээд дуусдаг үүнийгээ эмч нь байнга хэрэглэж бай гэж зөвлөсөн. Ингээд бидний зүгээс эдийн засгийн боломжгүй болоод жолоочид хэлэхээр мөнгөгүй байна гээд эдийн засгийн тусламж үзүүлэхээ больчхоод байгаа.” гэх мэдүүлэг /хх 17/,
Шүүгдэгч Б.Э яллагдагчаар өгсөн: “Би 2020 оны 7 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө 02 цагийн үед Өмнөговь аймгийн Шивээ хүрэн буюу Нарийн сухайтын боомтоос Улаанбаатар хот руу өөрийн өмчлөлийн 8242 БУЛ улсын дугаартай Т.Приус 20 маркийн тээврийн хэрэгслээ жолоодоод М, О, Х нарыг суулгаад гарсан. Ингээд шөнөжин яваад өдөр замдаа дугуй хагараад дугуйгаа сольж гараад орой 17 цагийн үед Өмнөговь аймгийн төв рүү орж ирээд хоол идээд 19 цаг өнгөрөөгөөд запас дугуйгаа сэлбээд Улаанбаатар хот руу гарсан. Ингээд шөнө 00 цагийн үед Дундговь аймгийн төв рүү орж ирээд тэндээ машиндаа унтаад өглөө 05 цаг болж байхад Дундговь аймгийн төвөөс хөдлөөд 08 цагийн үед Төв аймгийн хойд талын пост өнгөрөөд Хустайн давааны хойшоо уруудахад нойр хүрэхээр нь шууд машинаа зогсоогоод замын хажуу руу шахаж нойроо сэргээхээр зогсоод хүүхдүүдтэй юм яриад 10 орчим минутын дараа хөдлөөд жоохон явж байгаад л осол гарсан. Явж байгаад гэнэт замын баруун гар талын шороон хөвөө рүү тойрог дээр илүү гарахаар нь би зүүн гар тал руугаа рүлээ дартал шууд зүүн гар тал руугаа яахын ийхийн зуургүй ороод л осол болчихсон.” гэх мэдүүлэг /хх 47-48/,
Насанд хүрээгүй гэрч Т.М өгсөн: “2020 оны 7 дугаар сарын 05-ны шөнө 02 цагт Улаанбаатар хот руу хөдөлсөн. Хөдлөөд удаагүй байхад 2 дугуй ар араасаа хагарсан, бас Өмнөговь аймгийн Баяндалай сумаас наана 3 дахь дугуй хагарсан, тэрнээс хойш машинд ямар нэг асуудал гараагүй. Замдаа зургаа авхуулаад, хоол идээд явж байсан. Өглөө Энхцэцэг эгч машинаа зогсоогоод урагшаа жоохон яваад л онхолдсон би утаснаасаа чихэвчээрээ дуу сонсоод явж байсан, онхолдсоны дараагаар миний дээрээс дугуй унасан. Машины сэлгээ дугуй унасан. Онхолдсон байхад цагаан цамцтай ах намайг өргөж гаргасан. Гэхдээ Хорлоо уйлаад орилоод байсан, машин эргэлдэхийг санаж байгаа ч тэрнээс хойш болсон явдлуудыг сайн санахгүй байна. Машины ард талд О, Х нар унтаад явсан.” гэх мэдүүлэг /хх 19/,
Насанд хүрээгүй гэрч Э.О өгсөн: “Би өөрийн нагац эгч Э, Х, Мөнгөнсувд нартай Өмнөговь аймгийн Шивээхүрэнгийн боомтоос 2020 оны 7 дугаар сарын 04-ний шөнө 00 цагийн үед Улаанбаатар хот руу гараад замдаа хоноод 05-ний өдөр явж байгаад 05-ний шөнө Дундговь аймаг дээр ирж унтаад 06-ний үүрээр 05 цагийн орчим босоцгоогоод Улаанбаатар хот руу гарсан. Ингээд замдаа явж байтал би жолоочийн хажуу талд сууж явсан гэнэт жолооч жолоогоо баруун гар тал руугаа дараад замаас гараад шороон хөвөөн дээгүүр гараад жолооч эргүүлээд зүүн гар тал руугаа дараад зам руугаа ороод замыг хөндлөн гараад нөгөө талын жалга руу ороод жалганы ирмэгийг мөргөөд цаашаа нэвт жалгаа гараад эргээд бүтэн эргээд уначихсан. Би яг тухайн үед нүд рүү нь харж яваагүй. Үүрэглэсэн эсэхийг мэдэхгүй байна. Жолооч ер нь замдаа нойр нь хүрвэл зогсоод замаа чөлөөлөөд 20-30 минут унтаад явдаг байсан. Надад гэмтэл учраагүй. Хүзүү жаахан хөшөөд байгаа өөр гэмтэл байхгүй.” гэх мэдүүлэг /хх 20/,
Гэрч Д.Э өгсөн: “Би 8242 БУЛ дугаартай тээврийн хэрэгслийг 2018 оны намар 9 сард хүнээс худалдаж авч байсан. Уг машиныг би 2020 оны 6 дугаар сард Энхцэцэг гэх эмэгтэй хүнд 6 000 000 төгрөгөөр худалдсан. Уг машиныг Э гэх хүнд худалдсан боловч гэрчилгээний шилжүүлгийг хийж амжаагүй байгаа. Уг машины гэрчилгээ нь Д.Э миний нэр дээр байгаа. Уг тээврийн хэрэгсэл нь Э гэх хүний эзэмшлийн автомашин болсон. 8442 БУЛ дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь миний нэр дээр байгаа боловч би Э гэх хүнд зарсан. Би Э өр авлага байхгүй. Уг машиныг 6 дугаар сард зарсан боловч би Өмнөговь аймгийн Гурвантэс суманд хорио цээрийн дэглэмтэй холбоотой тусгаарлалтад орж машиныхаа гэрчилгээг шилжүүлж чадаагүй. Надад гомдол санал байхгүй, уг машинтай холбоотой төлбөр тооцоо, өр авлага байхгүй.” гэх мэдүүлэг /хх 22-24/,
2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн мөрдөгчийн магадлагаанд: "Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр баг Бяцхан хөндлөн гэх газарт 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотоос Төв аймгийн чиглэлийн хатуу хучилттай асфальтан зам дээр 8242 БУЛ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл онхолдож 1 хүн гэмтсэн гэх зам тээврийн осолд хавтаст хэргийн материалаас үзэхэд жолооч Б.Э нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дүгээр зүйлийн б/ заасан "Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчих тээвэрлэхгүй байх." мөн дүрмийн 12.3 дугаар зүйлд заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна." гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган гэж үзэв." гэжээ /хх 39/,
Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн №409 дугаартай дүгнэлт: “1.Э.Х биед баруун шаант ясны зөрөөтэй ил хугарал, баруун шилбэний венийн судас, булчингийн бүрэн тасрал, баруун гуя, шилбэний шарх, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.” гэх дүгнэлт /хх 35-37/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-10/, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх 12/ зэрэг болно.
Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй, нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн нотолсон, улсын яллагчийн шүүгдэгчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл хэсэг нь хэргийн бодит байдалтай тохирсон гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Б.Э гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэм хорын хохиролд осолд орсноос хойших өнөөдрийг хүртэлх эм, тариа, унаа, хоолны зардалд нийт 9 053 160 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих хүсэлт гаргасан.
Хавтаст хэрэгт болон шүүх хуралдаанд 8 851 557 төгрөгийн хохирлын баримт авагджээ. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 9 053 160 төгрөгөөс 8 851 557 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагаас 201 603 төгрөгийг хэрэгсэхгүй болгож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгчээс хохирогчид өгсөн гэх 5 741 000 төгрөгийг хасаж 3 110 557 төгрөгийг хохирогч Э.Х, түүний хууль ёсны төлөөлөгч Б.А нарт олгохоор шийдвэрлэв.
Хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил хорих санал оруулж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэх санал гаргав.
Шүүгдэгч Б.Э нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэгт үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг тодорхой хэмжээгээр нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Шүүгдэгч хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.
Шүүгдэгч Б.Э нь урьд ял шийтгэгдэж байгаагүй нь хавтаст хэргийн 55-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон.
Шүүгдэгч Б.Э холбогдсон 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь хэсэгт заасан ялаас өршөөн хасах, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт заасан хорих ялыг зөрчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих, 9 дүгээр зүйлийн өршөөлд хамааруулахгүй гэмт хэргийн аль алинд нь хамаарахгүй байх тул улсын яллагчийн саналыг хүлээн авч шүүгдэгч Б.Э холбогдох эрүүгийн 2034005030623 дугаартай хэргийг Өршөөл үзүүлэх хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч холбогдох хуульд заасан журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдав.
Эрүүгийн 2034005030623 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг,
хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгчийн эзэмшлийн №835414 дугаартай B, C, D ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Энхцэцэгт буцаан олгохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Э хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасныг баримтлан Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2034005030623 дугаартай хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э 3 110 557 /гурван сая нэг зуун арван мянга таван зуун тавин долоо/ төгрөг гаргуулж насанд хүрээгүй хохирогч Э, хууль ёсны төлөөлөгч Б нарт олгож, хохирогч цаашид гаргах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
4.Хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч Б.Э №835414 дугаартай B, C, D ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр шүүгдэгч Б.Энхцэцэгт буцаан олгосугай.
5.Эрүүгийн 2034005030623 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ