Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар      2022/ШЦТ/140

 

 

 

 

 

 

  2022        02         16                                   2022/ШЦТ/140

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ,  улсын яллагч П.Итгэл, шүүгдэгч Д.С /өөрөө, өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.С холбогдох эрүүгийн 2211 00000 0168” дугаартай, 186/2022/ 0103/Э индекстэй хэргийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1992 оны 08 дугаар сарын 08-ны өдөр, Сэлэнгэ аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд даацын машин механизмын оператор мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 1-1 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Д.С

          Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч Д.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  2022 оны 01 дүгээр сарын 03-наас 2022 оны 01 дүгээр сарын 04-нд шилжих шөнө Чингэлтэй дүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 1-1 тоотод байрлах нийтийн байранд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Б.Ганчимэгийн нүүрэнд нь олон удаа гараараа цохиж биед баруун талын нүдний ухархайн дотор хана, таславчийн мурийлт, баруун нүдний зовхи, баруун хацар, хамрын нуруунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

1.1. Шүүгдэгч Д.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...“мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн тул мэдүүлэг өгөхгүй ” гэв.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Ганчимэгийн:...2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нөхөр Сүхбат бид хоёр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 1-1 тоот нийтийн байрандаа байж байгаад гадуур гарцгаахаар болсон. Сүхбат бид хоёр найз болох Сод-Эрдэнэтэй уулзаж 17-ийн буудал дээр байдаг бааранд орж хүний нэг нэг пиво уугаад, Сод-Эрдэнэ, бид хоёр 100 грамм архи ууцгасан. Тэгээд тэндээ  байцгааж байгаад 20 цагийн  үед гараад найз Сод-Эрдэнийг таксинд суулгаж өгөөд бид хоёр гэрлүүгээ явцгаасан. Бид хоёр гэртээ ирчихээд, буцаж дэлгүүр гараад 2 том пиво аваад гэртээ ирээд, ах Ууганбаяр, Сүхбат бид гурав ууж дуусгачихаад унтахаар болоод, Ууганбаяр ах унтчихсан. Сүхбат надтай маргалдаж, хэрэлдээд миний нүүр лүү олон удаа алгадаад зодоод байхаар нь би цагдаа дуудсан. Дээрх гэмлүүдийг бүгдийг нь Д.С нь миний биед 2022 оны 01 дүгээр сарын 03-наас 2022 оны 01 дүгээр сарын 04-нд шилжих шөнө зодож учруулсан гэмтэл. Д.С нь намайг хажуудаа суулгаж байгаад нүүрлүү алгадаж, гараараа олон удаа цохиж учруулсан гэмтэл, ямар нэгэн эд зүйл ашиглаагүй гэх мэдүүлэг. /хх-ийн 5-7 дугаар тал/,  

        2.2.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021  оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1368 дугаартай:

       1.Б.Ганчимэгийн биед баруун талын нүдний ухархайн дотор хана, таславчийн мурийлт, баруун нүдний зовхи, баруун хацар, хамрын нуруунд цус хуралт, зүүн нүдний зовхи, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

      2.Гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

      3.Дээрх гэмтлүүдийн зүүн нүдний зовхи, цээжинд цус хуралт гэмтэл нь хуучин, баруун талын нүдний ухархайн дотор хана, таславчийн мурийлт, баруун нүдний зовхи, баруун хацар, хамрын нуруунд цус хуралт гэмтэл нь шинэ гэмтэл байна.

     4.Дээрх гэмтлүүдийн нь баруун талын нүдний ухархайн дотор хана, хамар ясны баруун хажуу ханын цөмөрсөн нийлмэл хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний зовхи, баруун хацар, хамрын нуруунд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

    5. Зүүн нүдний зовхи, цээжинд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх дүгнэлт /хх-ийн 14-15 дугаар тал/,

            Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1. Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 18 дугаар тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 20 дугаар тал/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 24 дүгээр тогтоол /хх-ийн 43 дугаар тал/, шүүгдэгч, хохирогчийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 43 дугаар тал/, шүүх хуралд өмгөөлөгч авахгүй өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох тухай хүсэлт зэргийг шинжлэн судлалаа.

 Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.

Шүүгдэгч Д.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 03-наас 2022 оны 01 дүгээр сарын 04-нд шилжих шөнө Чингэлтэй дүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 1-1 тоотод байрлах нийтийн байранд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Б.Ганчимэгийн нүүрэнд нь олон удаа гараараа цохиж биед баруун талын нүдний ухархайн дотор хана, таславчийн мурийлт, баруун нүдний зовхи, баруун хацар, хамрын нуруунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

-хохирогч Б.Ганчимэгийн:...2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нөхөр Сүхбат бид хоёр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 1-1 тоот нийтийн байрандаа байж байгаад гадуур гарцгаахаар болсон. Сүхбат бид хоёр найз болох Сод-Эрдэнэтэй уулзаж 17-ийн буудал дээр байдаг бааранд орж хүний нэг нэг пиво уугаад, Сод-Эрдэнэ, бид хоёр 100 грамм архи ууцгасан. Тэгээд тэндээ байцгааж байгаад 20 цагийн үед гараад найз Сод-Эрдэнийг таксинд суулгаж өгөөд бид хоёр гэрлүүгээ явцгаасан. Бид хоёр гэртээ ирчихээд, буцаж дэлгүүр гараад 2 том пиво аваад гэртээ ирээд, ах Ууганбаяр, Сүхбат бид гурав ууж дуусгачихаад унтахаар болоод, Ууганбаяр ах унтчихсан. Сүхбат надтай маргалдаж, хэрэлдээд миний нүүр лүү олон удаа алгадаад зодоод байхаар нь би цагдаа дуудсан. Дээрх гэмлүүдийг бүгдийг нь Д.С нь миний биед 2022 оны 01 дүгээр сарын 03-наас 2022 оны 01дүгээр сарын 04-нд шилжих шөнө зодож учруулсан гэмтэл. Д.С нь намайг хажуудаа суулгаж байгаад нүүрлүү алгадаж, гараараа олон удаа цохиж учруулсан гэмтэл, ямар нэгэн эд зүйл ашиглаагүй гэх мэдүүлэг. /хх-ийн 5-7 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021  оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1368 дугаартай дүгнэлт /хх-ийн 14-15 дугаар тал/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд  бүрэн хангагдсан байна гэж  шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Б.Ганчимэг нь Д.Стай эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад  бичгээр хүсэлт гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг  арилгасан байна гэж  шүүх үзлээ.

 

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн  хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг  зурсан  прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Сыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 90 хоногийн дотор төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн  баримт ирүүлээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус  тус дурдаж  шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Д.Сыг 600 / зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч Д.С нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

          7.Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Сад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БАТЖАРГАЛ

 

 

 

                           

 

 

                         

 

 

 

 

                       

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2