Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 1873

 

Б.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

                                  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2017/01574 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Б.Бгийн, ШУАд холбогдуулан гаргасан өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Г

Хариуцагч ШУА-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч

Гуравдагч этгээд Д.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь ШУА-ийн ерөнхийлөгчийн ажлаас халсан тушаалыг эс зөвшөөрч шүүхэд гомдлоо гаргасан. Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т "....Боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг зэрэг улсын төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах ба гүйцэтгэх, туслах албан тушаал төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарах ба хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллана” гэж заасан.

Үүний дагуу ШУАйн ерөнхийлөгч нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээг 4 жилийн хугацаатай байгуулж, 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Газарзүй-Гео-Экологийн хүрээлэнгийн захирлаар 4 жилийн хугацаатай томилогдсон.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 7-д “... гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл хугацаа хожимдуулсан, чанаргүй биелүүлсэн тохиолдолд гэрээг дуусгавар болгохоор заасан.

2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Газарзүй-Гео-Экологийн хүрээлэнгийн тайлангийн хурал болж, уг хуралд ШУА-ийн эрдэмтэн н.Баярт, н.Д, н.А, н.Н оролцож, Б.Б захирал тайлангаа тавьсан бөгөөд түүнийг сайн ажиллаж байсан гэж дүгнэсэн.

Нөгөө талаар гэрээний хугацаа болоогүй, гэрээний аль нэг тал өөрчлөгдсөн. ШУАйн ерөнхийлөгч нас барж, дараагийн хүн томилогдож, гэрээний харилцаа үргэлжилж байснаас үзвэл гэрээг дуусгавар болгох үндэслэлгүй байна.

Шинээр томилогдсон ерөнхийлөгч нь 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр захирлуудыг шинээр сонгон шалгаруулсан. Эрдмийн хамт олны саналыг үндэслэж санал оруулна. Тухайн үед сонгон шалгаруулалт явуулах удирдамж нь Үндсэн хуульд заасан эрхийг зөрчиж байна гэсэн өргөх бичиг өгсөн.

Тэрээр шинээр томилогдмогц дүрэм, журмаа шинэчлээд санал хураалт явуулсан. Сонгон шалгаруулалт зарлаад Б.Б 1 дүгээр байранд орсон байхад түүнийг аваагүй. Мөн ажил олгогч ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан үндэслэлээр ажлаас нь чөлөөлөөгүй.

Нэхэмжлэгчийг өмнө нь эрхэлж байсан ажлаас нь чөлөөлж, албан тушаалыг нь бууруулан өөр ажилд томилсон. Улсын Дээд шүүхийн тайлбарт албан тушаал бууруулах нь ажлаас чөлөөлсөнтэй адил гэсэн тайлбар байдаг. ШУАйн ерөнхийлөгчийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/13 тоот тушаал нь хуульд нийцээгүй, Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу ажлаас нь халаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ШУАйн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, Т.А нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ШУА нь эрх зүйн байдлын тухай хуультай, 1999 оны 91 дүгээр тогтоолоор батлагдсан дүрэмтэй, харьяа 9 хүрээлэнтэй.

Харьяа хүрээлэнгийн захирлуудыг томилох, чөлөөлөх нь ШУАйн ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээний асуудал юм. Нэр дэвшигчийн ажиллах журамд нууц санал хураалтаар хамгийн олон санал авсан 2 нэр дэвшигчийн аль нэгийг ерөнхийлөгч томилно гэж заасан.

Б.Б нь тус хүрээлэндээ ажиллаж байгаа. Хөдөлмөрийн гэрээний 2, 19 дүгээр зүйлд "Багийн зарчмаар ажиллах", "Хүрээлэнгийн захирлын төлөвлөгөөг батлах, үр дүнг тооцох", Захирлын ажлыг үнэлэхдээ доорх шалгуур үзүүлэлтийг баримтална” гэж заасан.

Мөн 4 дүгээр зүйлд “... залуу судлаачдыг дэмжих” гэж заасан. Б.Б Хүрээлэнгийн захирлаар ажиллаж байхдаа н.Б, н.Н гэх өмнөх захирлын үед гадаад улсад сурахаар явсан хүмүүсийн тэтгэлгийг зогсоосон, доороо ажиллаж байгаа хүмүүстэй удаа дараа ёс зүйгүй харьцаж, н.С яс үндсээр нь ялгаварлан гадуурхдаг зэрэг алдаа дутагдлыг гаргаж байсан.

Нэхэмжлэгч нь хугацаатай өгсөн үүрэг даалгавруудын биелэлтийг хангадаггүй, үр дүнгийн гэрээний илтгэх хуудас байхгүй. Гэрээний талууд өөрчлөгдөж, шинэ захиралтай болсон ба шинэ захирал сонгон шалгаруулалтыг хуульд заасан журмын дагуу зарласан.

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах журмыг заасан бөгөөд мөн хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт аль нэг тал гэрээнээс татгалзах бол энэ тухайгаа нөгөө талдаа мэдэгдэнэ гэж заасан.

Шинээр томилогдсон ерөнхийлөгч сонгон шалгаруулалт зарлаж, Б.Б сонгон шалгаруулалтад оролцсон нь нөгөө тал гэрээ цуцлах саналыг хүлээн авч оролцсон, энэ тухай мэдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул гэрээгээр хүлээсэн шаардах эрхээ алдсан гэж үзнэ. Иймд Б.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа Б.Бгийн нэхэмжлэлтэй ШУАд холбогдох хэрэгт миний бие гуравдагч этгээдээр оролцож байна. Иймд би хариуцагчийг дэмжин оролцох тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, ШУА-ийн ерөнхийлөгчийн 2017 оны Б/13 тоот тушаалыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Б.Бг ШУА-ийн Газарзүй-Гео-Экологийн хүрээлэнгийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хурааамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс гаргасан ШУАйн ерөнхийлөгч Д.Р танаа гэх "Хүрээлэнгийн үйлчилгээний ажилчдыг сонгон шалгаруулах санал хураалтад оролцох эрхийг хангах тухай" хандсан ажилчдын гарын үсэг бүхий баримт бичиг, Газарзүй-Гео-Экологийн хүрээлэнгийн 2016 оны тайлангийн хурлын тэмдэглэл, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны сайд Ж.Батсуурьд хандсан хүсэлт, хариуцагч талаас гаргасан В.Б, С.Э, А.С, М.Н нарын ШУАйн ерөнхийлөгч Д.Р-д хандан гаргасан гомдол, гомдлыг бүртгэсэн бүртгэл хяналтын карт болон эдгээр хүмүүсийг Газарзүй-Гео-Экологийн хүрээлэнгийн ажилтан эсэхийг нотлон гэрээ байгуулсан, ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн зэрэг баримтуудыг нотлох баримтаас хасч шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн шаардлагыг хангалгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсонгүй.

ШУА нь 1996 онд батлагдсан ШУАйн эрх зүйн байдлын тухай хууль болон Засгийн газрын 1999 оны 91 дүгээр тогтоолоор баталсан ШУАйн дүрмийн дагуу өөрийн харъяандаа эрдэм шинжилгээний байгууллагатай байх, харьяа хүрээлэнгийн захирлыг томилж, чөлөөлөх эрх нь академийн Ерөнхийлөгчид хадгалагддаг эрх зүйн зохицуулалттай бөгөөд 2016 онд "ШУАйн харьяа хүрээлэнгүүдийн захирлыг сонгон шалгаруулж, томилж, чөлөөлөх журам" шинэчлэн батлагдсан.

2017 оны 02 сард ШУА нь өөрийн харьяа 9 хүрээлэнгийн захирлын сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй зарлаж, сонгон шалгаруулалт зарласны нэг нь газар зүй-Гео-Экологийн хүрээлэн юм.

Журмын 3.4.3-т "... Эрдмийн хамт олон нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцээд дэмжих эсэх талаар нууц санал хураалт явуулан хамгийн олон санал авсан 2 нэр дэвшигчийн материалыг ШУАд ирүүлнэ", 4.1-т "... Эрдмийн хамт олны саналыг харгалзан ШУАйн ерөнхийлөгч нь харьяа байгууллагын захирлыг томилох тухай тушаал гаргаж, ШУАйн тэргүүлэгчдэд мэдээлнэ" гэж заасны дагуу уг сонгон шалгаруулалтаас хамгийн өндөр оноо авсан 2 нэр дэвшигчид нь Д.Б, Б.Б нар бөгөөд ШУАйн Ерөнхийлөгч хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Б/13 тоот тушаал гарган Д.Баттогтохыг тус хүрээлэнгийн захирлаар томилсон.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь ШУАйн ерөнхийлөгчийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/13 тоот тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эргүүлэн тогтоолгох гэсэн байна.

Уг тушаал нь ШУАйн харьяа хүрээлэнгүүдийн захирлыг сонгон шалгаруулж, томилж, чөлөөлөх журмыг үндэслэн гарсан тушаал байтал шүүх түүнийг үнэлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслээгүй гэсэн шийдвэр гаргасан нь хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй, хэрэгт хамааралтай байдлаар үнэлээгүй болно.

Түүнчлэн шүүх нэхэмжлэлийн шаардлага болох ШУАйн ерөнхийлөгчийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзсэн хэрнээ нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Шүүх хэргийг шийдвэрлэхдээ маргаан бүхий үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

            Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч ШУАд холбогдуулан өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талуудын хооронд 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд хариуцагч ШУАйн ерөнхийлөгчийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/13 тоот тушаалын 3 дахь заалтаар нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байна. /хх-36 дугаар тал/

Нэхэмжлэгч нь хариуцагчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөөгүй, сонгон шалгаруулалтад 1 дүгээр байранд орсон байхад ажлаас чөлөөлж, албан тушаалыг бууруулан өөр ажилд томилсон гэснийг хариуцагч тал няцаан уг академи нь бие даасан эрх зүйн байдлын тухай хуультай учир ерөнхийлөгч нь эрхийн дагуу сонгон шалгаруулалт зарлаж, ажлаас чөлөөлсөн, нэхэмжлэгчийг хүрээлэнгийн захирлаар ажиллаж байхдаа алдаа дутагдал гаргасан гэж тайлбар гарган мэтгэлцжээ. Хариуцагчийн уг тайлбар баримтаар нотлогдоогүй болно.

Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болох үндэслэлүүдийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан бөгөөд ажил олгогч нь ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал гаргахдаа хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон үндэслэлээ тодорхой заах, уг үндэслэл нь хуульд нийцсэн байх шаардлагатай.

Хэргийн 36 дугаар талд авагдсан Б/13 тоот тушаалаас харахад хариуцагч нь ШУАйн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, академийн дүрмийн 30 дугаар зүйл, ШУАйн харьяа байгууллагуудын захирлыг сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх журмыг үндэслэн Б.Быг үүрэгт ажлаас нь халсан байх боловч түүнийг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээгээ цуцалсан үндэслэл тодорхойгүй байна.

ШУАйн эрх зүйн байдлын тухай хууль болон тус байгууллагын дүрмийн дээрх заалтууд нь тус байгууллагын чиг үүрэг, зорилгоо хэрэгжүүлэх үүднээс харьяа байгууллага байгуулж болох, мөн удирдлагыг томилохтой холбоотой зохицуулалт болохоос хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлд хамааралгүй юм.

Хариуцагч байгууллага нь харьяа байгууллагуудын захирлыг сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх журмын дагуу сонгон шалгаруулалт зарлаж, сонгон шалгаруулалтын дүнгээр өрсөлдсөн хүмүүсээс эрхийнхээ дагуу сонгосон этгээдийг томилох эрхтэй хэдий ч уг эрхээ хэрэгжүүлэхдээ ажилтны Хөдөлмөрийн тухай хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчих ёсгүй болно.

Анхан шатны шүүх дээрх үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэн, хариуцагч байгууллагыг хөдөлмөрийн гэрээг хууль зүйн үндэслэлгүй дуусгавар болгосон талаар зөв дүгнэн, Б.Бг өмнө эрхэлж байсан ШУАйн газар зүй-геоэкологийн хүрээлэнгийн захирлын ажилд эгүүлэн тогтоосон нь үндэслэл бүхий болжээ.

Мөн шүүх ажилтныг ажлаас халсан тушаал нь хуульд нийцээгүй, ажилтныг ажилд эгүүлэн тогтоох үндэслэлийг бий болгох факт болж байгаа хэдий ч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй тул Б/13 тоот тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй гэсэн нь дээрх шийдэлтэй зөрчилдөөгүй байна.

Гуравдагч этгээд Д.Б хувьд шүүх хариуцагчийн хүсэлтийг үндэслэн түүнийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, улмаар хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлан, хэргийн материалтай танилцуулж, түүнд 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байх бөгөөд тэрээр мөн өдөр шүүхэд өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийхийг зөвшөөрсөн хүсэлтээ ирүүлсэн болох нь хэргийн баримтуудаар нотлогдож байна. /хх-95 дугаар тал/

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2017/01574 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                     ШҮҮГЧИД                             Г.ДАВААДОРЖ

 

                                                                                Ч.ЦЭНД