Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 17

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан дугаар шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж, шүүгч С.Базарханд,С.Олзод нарын бүрэлдэхүүнтэй,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Оюунхүү,

            иргэдийн төлөөлөгч Д.Бодрой,

           улсын яллагч Г.Ганчимэг,

            хохирогч Д.Доржсүрэн,

шүүгдэгч Я.Эрдэнэдалай, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг /ҮД:0-497/,

шүүгдэгч Б.Төгөлдөр, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа /ҮД:0-377/,

гэрч Д.Жаргалсайхан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар Буяндэлгэрэх овогт Янжмаагийн Эрдэнэдалайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад зааснаар Боржигон овогт Баянсайханы Төгөлдөрт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2014260006005 дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            1. Монгол Улсын иргэн, 1996 оны 9 дүгээр сарын 21-нд Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, механикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх 2 дүү, эхнэр, хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Нэхмэлийн 16 дугаар гудамжны 11 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Буяндэлгэрэх овогт Янжмаагийн Эрдэнэдалай /РД:УЗ96092110/

                        2. Монгол Улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 29-нд Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн 12Б ангийн сурагч, ам бүл 5, эх, 3 дүү нарын хамт, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 48 дугаар байрны 50 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Боржигон овогт Баянсайханы Төгөлдөр /РД:УШ97112931/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Я.Эрдэнэдалай нь /насанд хүрээгүй байхдаа/ 2014 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 20 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах “Зочин бууз” зоогийн газрын гадаа буюу олон нийтийн газар нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчин, иргэн Д.Доржсүрэнг үл ялиг зүйлээр шалтаглан толгойн тус газар нь хөлөөрөө цохиж, өшиглөж зодсоны улмаас гавлын суурь ясны далд хугарал бүхий хүнд гэмтэл санаатай учруулж танхайрсан,

Шүүгдэгч Б.Төгөлдөр нь /насанд хүрээгүй байхдаа/ 2014 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 20 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах “Зочин бууз” зоогийн газрын гадна буюу олон нийтийн газар нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчин иргэн Д.Доржсүрэнг үл ялиг зүйлээр шалтаглан зодож, хавсарч унагаан баруун бугалга, зүүн гуяанд цус хуралт буюу хөнгөн гэмтэл учруулж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Я.Эрдэнэдалай нь /насанд хүрээгүй байхдаа/ 2014 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 20 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах “Зочин бууз” зоогийн газрын гадаа хохирогч Д.Доржсүрэнтэй түүний найз Б.Азжаргалыг өөрийн найз Г.Нямбаяр, И.Билгүүн нарыг дээрэлхэлээ гэдгээс үүдэн маргалдан, улмаар хохирогч Д.Доржсүрэнг Я.Эрдэнэдалай руу гараа далайн “та нар намайг зодвол зод” гэж орилж байхад нь шүүгдэгч Б.Төгөлдөр хавсарч унагаан гуя, хөл рүү нь өшиглөхөд нь хохирогчийн толгойн тус газар нь хөлөөрөө 2-3 удаа өшиглөж гавлын суурь ясны далд хугарал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Төгөлдөр нь /насанд хүрээгүй байхдаа/ 2014 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 20 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах “Зочин бууз” зоогийн газрын гадна шүүгдэгч Я.Эрдэнэдалайг Б.Азжаргал, Д.Доржсүрэн, Г.Нямбаяр, И.Билгүүн нарыг эвлэрүүлэх гэж байхад нь гэнэт Д.Доржсүрэнг хавсарч унагаан гуя, хөл рүү нь өшиглөж баруун бугалга, зүүн гуяанд цус хуралт буюу хөнгөн гэмтэл учруулж, догшин авирлаж танхайрсан болох нь:

             1. Шүүгдэгч Я.Эрдэнэдалайгийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: ”Мөрдөн байцаалтын шатан өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх тайлбар байхгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

             2. Шүүгдэгч Б.Төгөлдөрийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: ”Мөрдөн байцаалтын шатан өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх тайлбар байхгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            3. Хохирогч Д.Доржсүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: ”Би яаж зодуулснаа санахгүй байна. Үүнээс өмнө манай нэг найз Нямбаяраас тамхи гуйсан. Төгөлдөр, Эрдэнэдалай нарын ихэнх нь согтуу байсан, би тэр үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан боловч болж байгаа зүйлийг мэдэхээр ухаантай байсан. Зочин буузанд ороод сууж байтал цонх цохиод 7-8-уулаа орж ирсэн. Нэг нь Азаа гэх найз руу минь дайраад байхаар нь би “...манай найзыг яах гээд байгаа юм. Учир зүйгээ ольё...” гэж хэлэхэд дахиад нэг нь “...чи Шунхлай гэж таних уу...” гэсэн. Удалгүй нэг нь миний мөрнөөс татаад цохиход нь би газар унасан. Тэгээд би гэмтлийн эмнэлэг дээр ухаан ороход миний эцэг, эх ирчихсэн байсан. Би зодуулаад их дуу чимээнд байж чадахгүй байсан тул хөдөө явахаар болсон юм. Миний эмчилгээний зардал бүрэн төлөгдсөн тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            4. Гэрч Д.Жаргалсайханы шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: ”...Бид нар бөөнөөрөө явж байсан, Эрдэнэдалай Доржсүрэнгийн толгой хэсэг рүү 2 удаа өшиглөсөн. Харин Төгөлдөрийг зодож байгааг хараагүй, унагааж байгааг л харсан. Тэр үед манай сургуулийн хүүхэд архи уусан байсан тул хамт цагдаагийн хэлтэс рүү явна гээд явсан...Эрдэнэдалай Доржсүрэнтэй маргалдаж байгаад зодоон болсон...Намайг харахад Эрдэнэдалай таныг 2-3 удаа өшиглөж байсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            5. Хохирогч Д.Доржсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Баярбаатар, Азжаргал, Баярцэцэг, Отгонсүрэн, Хүслэн бид нар үлдээд “Зочин бууз” зоогийн газар ороод сууж байхад комбинатын буудал дээр Азжаргал 2 хүүхдээс тамхи асуугаад маргалдсан гэж ярьж байсан. Бид нарыг сууж байхад гаднаас цонх тогшоод гараад ир гэж дуудаад байхаар нь бид нар тоохгүй сууж байхад 7-8 хүүхэд орж ирээд хэл амаараа маргалдсан...бид нар салаад замын хашлага тойроод алхаж байхад манай найз Баярбаатарыг цааш нь нэг банди авч яваад цохиж байгаа харагдсан. Тэгсэн Баярцэцэг цохьсон бандийг очоод алгадсан байсан. Тэр банди нь Баярцэцэг рүү дайраад байсан. Тэгээд би очих гээд явж байхад нэг банди намайг цохиж унагаад би юу болсныг санахгүй байна. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15, 206/

            6. Гэрч Б.Өлзийтогтохын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…75 дугаар сургууль дээр байж байхад Билгүүн над руу утсаар залгахад Шунхлай аваад ярьсан чинь 19-н буудал дээр хүнтэй маргалдсан юм шиг байна хүрээд ир гэж байна гэхээр Жаргалсайхан, Эрдэнэдалай буюу Шунхлай, Билгүүдэй, Билэгжаргал бид нар очсон. Тэгсэн зочин буузны үүдэнд Билгүүн Нямбаяр 2 байж байсан. Тэгээд уулзаад яасан бэ гэхэд Нямбаяр тамхи асуугаад маргалдсан юм гэсэн. Тэгээд маргалдсан хүмүүсийг надтай хамт явсан хүүхдүүд хараад жаахан хүүхдүүд байна гэхээр нь Нямбаяраас тамхи асуусан хүүхэд дээр нь очоод гар бариад учраа олоод салчих гэхэд маргалдсан гээд байгаа шар царайтай хүүхэд гарч ирээд бид нар уусан байна гээд Нямбаяр луу томроод байсан. Тэгэхээр нь болиоч гэж хэлээд цаашаа явсан чинь зодуулдаг банди нартай хамт явж байсан хүүхдүүд нь зугатаагаад цаашаа явсан чинь тэр банди газар хэвтсэн Шунхлай өшиглөөд зогсож байсан. Тэгэхээр нь би Шунхлайг цаашаа аваад явсан...Шунхлай гүйж очоод толгой дээр нь 3-4 удаа дэвсэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19/

            7. Насанд хүрээгүй гэрч Г.Нямбаярын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2014 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр сургууль дээр урлагийн үзлэг бэлдчихээд 18 цаг өнгөрч байхад тараад хөшөөтэй буудлын автобусны буудал дээр очсон. И.Билгүүнтэй хамт зогсож байсан чинь нэг хүүхэд ирээд тамхи гэж надаас асуусан. Тэгэхээр нь би чи тамхиар яадаг юм бэ жаахан байж гэж хэлсэн...урд талд байсан хүүхдүүд дундаас нэг хүүхэд дуудсан чинь тэр хүүхэд нь ирээд чи юу юм бэ хаана байдаг юм бэ гэхээр нь би комбинатын чи өөрөө хаанахынх юм бэ гэхэд Төмөрөө гэж таних уу гэхээр нь би танихгүй гэж хэлсэн. Тэгсэн намайг зүгээр байгаарай тэнэг бацаан минь гэхээр нь би өөдөөс нь бас юм ярьсан. Тэгсэн зүгээр байгаарай гэхээр нь би бас хэрэлдэж байхад Билгүүн явъя наад хэд чинь олуулаа байна арай дийлэхгүй байх гэсэн. Тэгэхээр нь би Билгүүнээс нэгж байна уу Өлзий рүү залгуулчих гэж хэлээд...19-н буудал дээр хүрээд ир гэсэн чинь Өлзий 10 орчим минутын дараа Шунхлай, Жаргалсайхан, Эрдэнэзул, Төгөлдөр нарын хамт ирсэн...тэгээд Өлзий, Шунхлай бид 3 ороод учраа олоод эвлэрье гэсэн чинь нэг шар царайтай жижигхэн банди нь Шунхлай руу гар далайгаад цохих гэсэн. Тэгсэн Шунхлай цохьчих гэсэн чинь цохиж чадахгүй байсан. Тэгсэн Шунхлай чи намайг мэдэх үү гэсэн чинь тэр банди нь Төмөрөө гэж таних уу гэсэн. Тэгсэн Шунхлай танина чи тэгээд яах гээд байгаа юм бэ гэсэн чинь тэр банди яавал яана ш дээ гэхэд Шунхлай 2-лаа зүгээр гаръя гэж хэлсэн. Тэгээд Шунхлай чи намайг 19-т мэдэх үү гээд хашгирсан чинь хамгаалагч нь ирээд ах нь өөрөө гаргая та нар гараад байж бай гэж хэлсэн. Тэгсэн чинь Шунхлайг Өлзий татаж гаргаад бид нар үүдэнд нь зогсож байхад шар банди нь гарч ирээд Шунхлай руу дайраад та нар намайг зодож болно гэж хэлээд дараа нь та нар яахаа өөрсдөө мэд гээд чичлээд дайраад байсан. Тэгсэн тэр бандийг Шунхлай унагаацан дээрээс нь дэвслэж байгаа харагдсан. Тэгэхэд Өлзий Шунхлайгийн хажууд байсан болохоор Өлзий Шунхлайг аваад цаашаа явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23/

            8. Насанд хүрээгүй гэрч И.Билгүүний мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…бид 2 19-н автобусны буудал дээр автобус хүлээгээд зогсож байсан чинь нэг намхан үүрдэг цүнх үүрсэн гарандаа бас нэг цүнх барьсан хүүхэд ирээд Нямбаяраас тамхи асуусан чинь чи ийм жаахан байж тамхиар яадаг юм цаашаа яв гэж хэлсэн...Тэгсэн тэр банди цаашаа яваад найзуудыгаа дуудаад нийт 4 банди 2 охин ирсэн. Тэгсэн бас нэг намхан банди нь над дээр ирээд чи хаана байгаагаа мэдэж байна уу Төрөө билүү Төмөрөө гэдэг нэг ахын нэр хэлээд чи тэрийг таних уу гэж хэлсэн...би зочин бууз ороод зүгээр гараад ир гэхэд чадахгүй гарахгүй гэсэн....Тэгээд би гараад ирсэн чинь надтай зөрөөд Нямбаяр, Эрдэнэдалай, Өлзийтогтох 3 зочин бууз руу зөрөөд орсон. Гарч ирэхдээ Эрдэнэдалай ууртай гарч гаргаж ирээд ална нугасыг нь тасална гэх зэргээр заналхийлж гарч ирсэн...Тэгтэл Төгөлдөр нэг бандийг нь татаад унагаатал Эрдэнэдалай тэр хүүхдийг толгой дээр нь 2-3 удаа дэвсээд авсан,...Төгөлдөр замын хажуугийн хэсгээс явган хүний явдаг замын гол хэсэгт нь унагаасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29/

            9. Гэрч А.Баярцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2014 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр миний төрсөн өдөр байсан юм. Тэр өдөр би 15 цаг өнгөрч байхад Доржсүрэн, Азжаргал, Баярбаатар, Отгонсүрэн, Хүслэн бид нар 19-н автобусны буудал дээр уулзсан,...Тэгээд 19-н буудал дээр очоод байж байхад нэг мэдсэн чинь Доржсүрэн 2 бандитай муудалцсан байж байсан...Тэгээд хажуу талын цайны газар ороод байж байсан чинь Доржсүрэнтэй муудалцсан 2 банди олуулаа болоод ирсэн цайна газрын цонхыг нүдээд гараад ир гэхэд Доржсүрэн гарах гэхээр нь бид нар болиулсан...Гараад Доржсүрэн тэр банди нартай муудалцаад нөгөө банди нар нь явуулахгүй гэхэд Отгонсүрэн бид 2 салгаад Доржсүрэн болон хамт явсан хүүхдүүдийг аваад явсан. Тэгсэн нөгөө банди нар хойноос гүйгээд ирсэн. Шунхлай гээд өөрийгөө хэлээд байсан банди Доржсүрэнг зодоод байсан...Доржсүрэн анх уулзахдаа архи уусан байсан, өөр хүмүүс бол архи уугаагүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 80/

            10. Насанд хүрээгүй гэрч Д.Жаргалсайханы мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Тэгэхэд нөгөө хүүхдүүдтэй нөгөө хэд гараад ирсэн, харсан чинь манай сургуулийн 8 дугаар ангийн банди согтуу тэд нартай хамт зогсож байсан. Би барьж аваад цагдаагийн хэлтэс орно гэж чирсэн чинь уучлаарай ахаа гэж хэлээд гар цохиод зугатаасан. Тэгсэн Нямбаяр араас нь хөөгөөд яваад өгсөн. Төгөлдөр тэр бандийг түлхэж унагааж байгаа харагдсан...Миний харснаар Шунхлай 3 удаа өшиглөж байсан...Эрдэнэдалай гүйж очоод түүний толгой дээр нь нилээн олон удаа дэвсээд авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25, 85, 149/

            11. Насанд хүрээгүй гэрч Б.Азжаргалын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Сүхбаатарын талбай дээр цугларахад Доржсүрэн нилээн согтуу ирсэн. Өдөржин хамт байхдаа бид нар архи дарс уугаагүй. Орой болоход Доржсүрэн эрүүл болсон байсан...Доржсүрэнг газар унасны дараа тэнд байсан Шунхлай гээд байсан хүүхэд толгой дээрээс нь 2-3 удаа өшиглөсөн. Анх Доржсүрэнг цохьсон хүнийг сүүлд нь Шунхлай гэдэг хүүхдийг цохьсон гэж нэрийг нь сонссон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 124/

            12. Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт /№17433/-ын дүгнэлт:

                        -Доржсүрэнгийн биед гавлын суурь ясны далд хугарал, тархины хатуу бүрхүүл дээрхи цус хуралт, тархи доргилт, баруун чихний дэлбэнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун чамархайн хуйханд зулгаралт, баруун бугалга, зүүн гуяанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

                        -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

                        -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

                        -Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. /хх-ийн 33/

            13. Нэмэлтээр шүүх эмнэлгийн дүгнэлт гаргасан акт /№1269/-ын дүгнэлт:

                        -Доржсүрэнгийн биед учирсан баруун бугалга, зүүн гуяны цус хуралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                        -Баруун бугалга, зүүн гуяны цус хуралт гэмтэл нь цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 183/

            14. Насанд хүрээгүй яллагдагч Б.Төгөлдөрийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2014 оны 11 дүгээр сарын 23-ны орой 19 цагийн үед сургуулиасаа Өлзийтогтох, Эрдэнэзул, Жаргалсайхан, Эрдэнэдалай, Нямбаяр, Билгүүн нарын хамтаар гараад явж байсан...яваад очтол Нямбаяр, Билгүүн хэдэн хүүхдүүд тамхи асуугаад энэ Зочин бууз дотор байгаа гэж хэлсэн. Тэгээд Нямбаярыг ороод дуудаад гараад ир гэж хэлсэн...тэд нарыг зочин буузнаас гараад цаашаагаа явахаар нь дуудтал Доржсүрэн бага зэрэг согтуу манай найз нарын ахыг таних уу та нар гэх зэргээр орилоод байхаар нь би очоод тэр Доржсүрэнг татаад унагаачихсан тэгсэн харин хажуунаас Эрдэнэдалай тэр Доржсүрэнгийн толгой дээрээс нь 2-3 удаа дэвсээд авсан. Эрдэнэдалайгаас өөр цохиж зодсон хүн байхгүй...Би Доржсүрэнгийн баруун талын мөрнөөс нь татаад унагаачихсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 103/

            15. Яллагдагч Я.Эрдэнэдалайгийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Нямбаяр хэдэн юмнууд дээрэлхээд тамхи асуугаад цохих гэж дайраад гэж хэлсэн тэгэхээр нь би хаана байгаа юм бэ гээд асуутал энэ дотор хоол идэж байгаа гээд заахаар нь ороод уулзаад гараад ирье гээд би Өлзийтогтох, Нямбаяр, Эрдэнэзул, Төгөлдөр бид 4 дотогшоо ороод тэд нарын сууж байгаа ширээн дээр очоод юу болоод та нар яагаад байгаа юм бэ гэж хэлтэл /нэг намхан шар царайтай хүүхэд/ Доржсүрэн тамхи асуусан юм та нар харин яах гэж байгаа юм бэ намайг таних уу Төрөө гэж таних уу гэхээр нь танина гэж хэлтэл тэгвэл тэрнээсээ намайг асуугаарай за юу гээд гараа далайгаад дайрсан  тэгсэн харин хажуугаас нь Өлзийтогтох цааш нь түлхээд суулгасан тэгээд учраа олоод салчих гэж хэлтэл Зочин буузны хамгаалагч боль гээд бид нарыг гаргасан. Гадаа гараад юу болоод байгаа юм бэ гэхэд Доржсүрэн над руу намайг алгадах гэээд би хэн юм бэ гээд дайрсан тэр хооронд И.Билгүүн, Нямбаяр, Эрдэнэзул 3 нөгөө хамт явж байсан хүүхдүүдийг нь аваад цаашаагаа юм яриад явсан харин Өлзийтогтох боль боль орхи явъя гэхэд за за нөгөө хэдийгээ хүлээгэд явъя гээд байж байтал нөгөө хэд зодоон болох шиг болсон тэр хооронд гүйгээд очтол Доржсүрэн гэх хүүхэд нь газар уначихсан байхаар нь шууд шанаан тус газар нь хөлөөрөө жийгээд хөлнийхөө подеомоороо дух хэсэгт нь 2 удаа өшиглөөд дараагаар зүүн хөлөөрөө дагз хэсэгт 1 удаа дээрээс нь дэвссэн чинь хажуунаас Өлзийтогтох өргөөд аваад явсан тэр үед гадаа харанхуй болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 157/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Я.Эрдэнэдалай, Б.Төгөлдөр нар нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 161, 168/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 145, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт /№17433/, нэмэлтээр шүүх эмнэлгийн дүгнэлт гаргасан акт /№1269/ зэргийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч Б.Төгөлдөрийн үйлдэлд тохирсон байна.

Шүүгдэгч Б.Төгөлдөр нь гэрч Б.Азжаргал, хохирогч Д.Доржсүрэн нарыг гэрч Г.Нямбаяр, И.Билгүүн нараас тамхи асууж дээрэлхэлээ гэж шүүгдэгч Я.Эрдэнэдалай, гэрч Д.Жаргалсайхан, У.Эрдэнэзул нарын хамт очин маргалдаж, шүүгдэгч Я.Эрдэнэдалай нь Б.Азжаргал, Д.Доржсүрэн, Г.Нямбаяр, И.Билгүүн нарыг хоорондоо учраа олоод эвлэрчих гэж хэлж байхад нь гэнэт хохирогчийг хавсарч унагаан гуя, хөл рүү нь өшиглөж баруун бугалга, зүүн гуяанд цус хуралт буюу хөнгөн гэмтэл учруулсан байх тул энэ гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдсэн гэж үзнэ.

Харин прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч Я.Эрдэнэдалайгийн үйлдэлд тохирохгүй байна.

Учир нь шүүгдэгч Я.Эрдэнэдалайгийн үйлдэлд догшин авирлаж, нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлагдан ирсэн зан заншлыг үл тоомсорлон, эрээ цээргүй авирлаж, басан доромжилсон үйлдлээ удтал үргэлжлүүлэн, догшин зан авир, бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэж, ямар ч шалтгаангүй, эсхүл ялимгүй зүйлээр шалтаглан хэрүүл маргаан өдөх, элдвээр доромжлох, дарамтлах зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсонгүй гэж дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Я.Эрдэнэдалай нь гэрч Б.Азжаргал, хохирогч Д.Доржсүрэн нарыг гэрч Г.Нямбаяр, И.Билгүүн нараас тамхи асууж дээрэлхэлээ гэж шүүгдэгч Б.Төгөлдөр, гэрч Д.Жаргалсайхан, У.Эрдэнэзул нарын хамт очин маргалдан, Б.Азжаргал, Д.Доржсүрэн, Г.Нямбаяр, И.Билгүүн нарыг хоорондоо учраа олоод эвлэрчих гэж хэлэхэд хохирогч Д.Доржсүрэн нь гараа далайн Я.Эрдэнэдалайд хандан “та нар намайг зодвол зод” гэж орилж байхад /хувийн таарамжгүй харьцаа удтал үргэлжлэн үүсэхэд/ нь гэнэт шүүгдэгч Б.Төгөлдөр хажуунаас нь хохирогч Д.Доржсүрэнг хавсарч унагаан гуя, хөл рүү нь өшиглөхөд нь унасан байсан хохирогчийн толгойн тус газар нь хөлөөрөө 2-3 удаа өшиглөж зодсоны улмаас гавлын суурь ясны далд хугарал бүхий хүнд гэмтэл учруулсныг хувийн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Я.Эрдэнэдалайг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч Б.Төгөлдөрийг бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад заасан ял шийтгэл оногдуулж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Шүүгдэгч Б.Төгөлдөрийн хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, шүүгдэгч Я.Эрдэнэдалай нь хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, шударгаар хүлээн мэдүүлсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 494.000 /дөрвөн зуун ерэн дөрвөн мянга/ төгрөгийг сайн дураар нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, шүүгдэгч нарын хувийн байдал /тухайн гэмт хэргийг шүүгдэгч нар нь насанд хүрээгүй байхдаа үйлдсэн, одоо Б.Төгөлдөр 18 настай, Я.Эрдэнэдалай 19 настай бөгөөд 0-1 насны 1 хүүхэдтэй/ зэргийг харгалзан шүүгдэгч Б.Төгөлдөрт 3 жил 1 сарын хорих ял оногдуулж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж, шүүгдэгч Я.Эрдэнэдалайд тухайн зүйл хэсэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээ /5-7 жил/-ээс доогуур буюу 3 жил 5 сарын хорих ял оногдуулах боломжтой гэж шүүх тус тус үзлээ.

Шүүгдэгч нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад заасан гэмт хэргүүд нь 2014 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр үйлдэгдсэн байх тул 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах /Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйл/,...Танхайрах /Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2, 181.3 дахь хэсэг/ гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна” гэж зааснаар Б.Төгөлдөрт оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялаас, Я.Эрдэнэдалайд оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялаас тус бүр 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж шийдвэрлэх нь зүйтэй.

            Дээр дурдсан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, ялтны хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлж...болно...” гэж зааснаар Я.Эрдэнэдалайгийн эдлэх ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх боломжтой гэж үзэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ. 

Шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.Төгөлдөр нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгч Я.Эрдэнэдалайгийн энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 3 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцвол зохино.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3,  294-297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Буяндэлгэрэх овогт Янжмаагийн Эрдэнэдалайд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

            2.  Шүүгдэгч Буяндэлгэрэх овогт Янжмаагийн Эрдэнэдалайг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан,

            Шүүгдэгч Боржигон овогт Баянсайханы Төгөлдөрийг бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Буяндэлгэрэх овогт Янжмаагийн Эрдэнэдалайг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад зааснаар Боржигон овогт Баянсайханы Төгөлдөрийг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

4. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Эрдэнэдалайд оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хорих ялаас, Б.Төгөлдөрт оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хорих ялаас тус бүр 2 /хоёр/ жилийг өршөөн хасч, Я.Эрдэнэдалайгийн биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хорих ялын хугацаагаар, Б.Төгөлдөрийн биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хорих ялын хугацаагаар тус тус тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан Я.Эрдэнэдалайгийн эдлэх 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хорих ялыг мөн зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Төгөлдөрийн эдлэх 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Эрдэнэдалайгийн энэ хэрэгтээ цагдан хоригдсон 3 /гурав/ хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

7. Я.Эрдэнэдалай, Б.Төгөлдөр нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, Б.Төгөлдөр нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Төгөлдөрт оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож, түүнд хяналт тавихыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

9. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Я.Эрдэнэдалайд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10.  Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Я.Эрдэнэдалайд авсан цагдан хорих, Б.Төгөлдөрт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх  арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР   

                         

ШҮҮГЧИД                                        С.БАЗАРХАНД

 

                                                                                    С.ОЛЗОД