Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2016/0078

 

М******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г******* нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 769 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, М******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, А*******т холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээА*******т 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Х201504061019, Х201504061059 дугаараар гаргасан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгээгүй ажиллагааг хууль бус болохыг тогтоож, өргөдлийг хүлээн авч бүртгэхийг хариуцагчид даалгах гэжээ.

Хариуцагч А******* шүүхэд гаргасан тайлбартаа:...Кадастрын хэлтэс нь 2015 он 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн 104 дүгээр уртрагаас баруун хэсгийн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн тухай өргөдлийг хүлээн авч шийдвэрлэж байгаа бөгөөд 104 дүгээр өргөргөөс зүүн хэсгийн талбайд өргөдөл одоогоор хүлээн аваагүй байгаа болно. Энэ талаар Монгол улсын дэд бүтцийн хөгжил, ногоон хөгжлийн үзэл баримтлал, хөрөнгө оруулалтын тэнцвэртэй байдал зэргийг харгалзан төлөвлөгөөтэй, эмх цэгцтэй олгох үүднээс нутаг дэвсгэрийн баруун хагас буюу 104 дүгээр өргөргөөс баруун хэсэгт хамаарагдах 9 сая га талбайд эхний ээлжинд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талаар Уул уурхайн сайдын байгуулсан ажлын хэсэг асуудлыг боловсруулж, 2014 оны 12 дугаар сарын 28, 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Засгийн газрын хуралдаан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зэрэг холбогдох байгууллагуудад удаа дараа танилцуулж чиглэл авч ажилласан. 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Уул уурхайн яам болон Ашигт малтмалын газраас хэвлэлийн бага хурал хийж, 104 дүгээр өргөргөөс баруун хэсгийн талбайд тусгай зөвшөөрлийг олгохоор олон нийтэд зарлан мэдээлсэн. Энэ нь Монгол Улсын Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 заасан захиргааны акт болно гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 769 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 18 дугаарзүйлийн 18.2, 19 дүгээр зүйлийн 19.1, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5, 7 дугаар зүйлийн дэх хэсгийн 2, 6заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, М******* ХХК-иас Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж А*******т гаргасан Х201504061019, Х201504061059 дугаарын өргөдлүүдийг хүлээн авч, бүртгэхийг А*******т даалгажшийдвэрлэжээ.

Хариуцагч А******* давж заалдах гомдолдоо: ...Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн судалж дүгнэлт хийгээгүй. Кадастрын хэлтэс нь 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн 104 дүгээр уртрагаас баруун хэсгийн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн тухай өргөдлийг хүлээн авч шийдвэрлэж байгаа бөгөөд 104 дүгээр уртрагаас зүүн хэсгийн талбайд 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс өмнө хайгуулын тусгай, зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авч байгаагүй болно.

Монгол Улсын дэд бүтцийн хөгжил, ногоон хөгжлийн үзэл баримтлал, хөрөнгө оруулалтын тэнцвэртэй байдал зэргийг харгалзан төлөвлөгөөтэй, эмх цэгцтэй олгох үүднээс нутаг дэвсгэрийн баруун хагас буюу 104 дүгээр уртрагаас баруун хэсэгт хамаарагдах 9 сая га талбайд эхний ээлжинд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талаар Уул уурхай сайдын байгуулсан ажлын хэсэг асуудлыг боловсруулж, 2014 оны 12 дугаар сарын 28, 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Засгийн газрын хуралдаан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зэрэг холбогдох байгууллагуудад удаа дараа танилцуулжчиглэл авч ажилласан.

2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Уул уурхай яам болон Ашигт малтмалын газраас хэвлэлийн бага хурал хийж, 104 дүгээр уртрагийн баруун хэсгийн талбайд 2015 оны 01 сарын 26-ний өдрөөс эхлэн шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл хүлээн авах талаар нийтэд зарлан мэдээлж, энэ талаарх мэдээллийг Ашигт малтмалын газрын цахим хуудсанд байршуулсан. Энэ нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 заасан захиргааны акт юм.

Засгийн газраас тогтоосон солбицлын хүрээнд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийг хүлээн авах, шийдвэрлэх үйл ажиллагааг 2 хэсэгт хуваан хугацаа тогтоон зохион байгуулсан ньхайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн этгээдүүдэд тэгш боломж олгосон зохицуулалт юм.

Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг баталж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тухай бүр нийтэд мэдээлэн, ашигт малтмалын кадастрын зураг зүйн бүртгэл, мэдээллийн санд бүртгэн, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг хуулийн дагуу зохион байгуулан хяналт тавьж ажиллахыг Уул уурхайн сайдад үүрэг болгосон.

Уул уурхайн сайд нь Засгийн газрын 239 дүгээр тогтоолоор тогтоосон талбайгаас эхний ээлжинд нутаг дэвсгэрийн баруун тал буюу 104 дүгээр уртрагийн баруун талд тусгай зөвшөөрөл олгох ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1/85 дугаар албан бичгээр хүргүүлсэн тусгай зөвшөөрөл олгох бэлтгэл ажлын тухай холбогдох танилцуулгаар тогтоогдсон гэж үзэж байна.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс Уул уурхайн сайдын дээрх шийдвэрийг хэрэгжүүлж, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг эмх цэгцтэй олгох үүднээс эхний ээлжинд нутаг дэвсгэрийн баруун хагаст, дараа нь зүүн хагаст олгохоор зохион байгуулсан.

Шүүх дараах үндэслэлээр хуулийг зөв хэрэглээгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...Иргэд өргөдөл, гомдлоо төрийн тухайн байгууллага, албан тушаалтан шийдвэрлэхээр хууль тогтоомжоор тогтоож, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр албан ёсоор нийтэд зарласан асуудлаар гаргана... гэж заасныг зөрчиж,захиргааны байгууллагаас олгож эхлээгүй байгаа талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан нь дээрх хуулийн 19 дүгээр зүйлийн 1-д ...Төрийн байгууллага, албан тушаалтанд ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх үйл ажиллагаа хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд тухайн байгууллагын эрх баригч болон эрх бүхий албан тушаалтан хяналт тавина. гэж заасны дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл бүртгэдэг дэвтэрт бүртгэж, хуульд заасан ажиллагаа хийх өргөдөл гэж үзэхээргүй юм.

Нөгөө талаар нэхэмжлэгч нь захиргааны байгууллагаас ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд бусад хуулийн этгээдтэй тэгш эрхтэйгээр, шударгаар оролцох ёстой тул Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг ...Энэ хуулийн 7.1, 17.2-т заасан шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно... гэж зохицуулсан хуулийн зүйл хэсэг үйлчлэхгүй.

Нэхэмжлэгч нийтэд зарлаагүй талбайд тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө бусад иргэн, хуулийн этгээдээс давуу байдлаар түрүүлж ирүүлсэн өргөдлөөр бүртгүүлж, шийдвэрлүүлэх эрхгүй байхад шүүхнэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийншаардлагыг хангасан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримт болон хэрэгт авагдсан баримтуудад буруу дүгнэлт хийж, холбогдох хуулийн зохицуулалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч компанийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.

Нэхэмжлэгч М******* ХХК нь А*******т 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Х201504061019, Х201504061059 дугаараар гаргасан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгээгүй ажиллагааг хууль бус болохыг тогтоож, өргөдлийг хүлээн авч бүртгэхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. Өөрөөр хэлбэл, А*******т холбогдуулан тус компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгээгүй эс үйлдэхүйг хууль бус хэмээн маргаж байна.

М******* ХХК нь 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Дундговь аймгийн Өлзийт сумын Тал нэртэй 34931 га талбайд, 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын 3412 га талбайд тус тус хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж, Ашигт малтмалын газарт өргөдөл гаргасан байна.

Харин Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үүрийнтуяа Кадастрын хэлтэс нь 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн 104 дүгээр уртрагаас баруун хэсгийн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн тухай өргөдлийг хүлээн авч шийдвэрлэж байгаа бөгөөд 104 дүгээр уртрагаас зүүн хэсгийн талбайд өргөдөл одоогоор хүлээн аваагүй байгаа болно... Иймд танай Х201504061019, Х201504061059 тоот өргөдлүүдийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй болохыг мэдэгдье гэсэн хариуг 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 1/3001 дүгээр албан бичгээр нэхэмжлэгч М******* ХХК-д хүргүүлжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11-д заасныг үндэслэн Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг баталж, тусгай зөвшөөрөл олгох солбицлыг тухай бүр нийтэд мэдээлэн ашигт малтмалын кадастрын зураг зүйн бүртгэл, мэдээллийн санд бүртгэн, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг хуулийн дагуу зохион байгуулан хяналт тавьж ажиллахыг Уул уурхайн сайдад үүрэг болгосон байна.

Улмаар Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-д Ашигт малтмалын асуудлаар геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ашигт малтмалын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасны дагуу Уул уурхайн сайд Засгийн газрын 239 дүгээр тогтоолоор тогтоосон талбайгаас эхний ээлжинд нутаг дэвсгэрийн баруун хэсэг буюу 104 дүгээр уртрагийн баруун талд тусгай зөвшөөрөл олгох ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн нь Уул уурхайн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1/85 дугаар албан бичгээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлсэн Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох бэлтгэл ажлын танилцуулга[1]-аар тогтоогдож байна.

Харин А******* нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай 7 дугаар зүйл буюу агентлагийн нийтлэг эрхлэх асуудлын 7.1.1-д хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын шийдвэрийг биелүүлэх ажлыг эрхэлсэн хүрээ, салбарын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг хангах гэж заасны дагуу Засгийн газар болон Уул, уурхайн сайдын шийдвэрүүдийг хэрэгжүүлж, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг эмх цэгцтэй олгох үүднээс эхний ээлжинд нутаг дэвсгэрийн баруун хагаст, дараа нь зүүн хагаст олгох ажлыг гүйцэтгэж, энэ талаарх мэдээллийгwww.mram.gov.mn цахим хуудсанд байршуулж, мөн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж нийтэд зарласан байна.

Ийнхүү М******* ХХК нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1-д Иргэд өргөдөл, гомдлоо төрийн тухайн байгууллага, албан тушаалтан шийдвэрлэхээр хууль тогтоомжоор тогтоож, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр албан ёсоор нийтэд зарласан асуудлаар гаргана... гэж заасныг зөрчиж, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор нийтэд зарлагдаагүй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан байх тул хариуцагчид Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан өргөдлийг бүртгэх үүрэг үүсэхгүй юм.

Тодруулбал, нэхэмжлэгч компанийн хууль ёсны эрх ашиг зөрчигдөөгүй байх тул А******* 104 дүгээр уртрагийн зүүн хагаст гаргасан нэхэмжлэгч компанийн өргөдлийг хүлээн аваагүйг хууль бус гэж дүгнэх боломжгүй байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч компанийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 769 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М******* ХХК-ийн А*******т 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Х201504061019, Х201504061059 дугаараар гаргасан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгээгүй ажиллагааг хууль бус болохыг тогтоож, өргөдлийг хүлээн авч бүртгэхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН