| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
| Хэргийн индекс | 135/2018/01053/И |
| Дугаар | 001/ХТ2019/00747 |
| Огноо | 2019-05-23 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 001/ХТ2019/00747
Б.Мын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1211 дүгээр шийдвэр
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 15 дугаар магадлалтай
Б.Мын нэхэмжлэлтэй,
Тт холбогдох
Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболдын хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарантуяа, Н.Ганганмөрөн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие банкны салбарт 17 жил ажиллаж байгаа. Энэ салбар теллерээс эхлээд салбарын захирал хүртэл албан тушаал эрхэлж байсан. 2011 оны 4 сараас эхлээд Тны Дархан салбарт салбарын захирлаар ажиллаж байгаад, Т бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдсэнээр 2014 оноос эхлээд харилцааны менежерээр ажиллаж байгаад 2017 оны 8 сард Тны Дархан салбарт ахлах харилцааны менежерээр ажиллах болсон. Ажиллаж байх хугацаандаа зөрчил дутагдал гаргаж байгаагүй. 2018 оны 7 сарын 10 өдөр ээлжийн амралтаа аваад ажилдаа буцаад 2018 оны 8 сарын 14 өдөр ажилдаа орох гэтэл чиний тушаал гарч байгаа чи ажилдаа орохгүй хүлээж бай гэсэн. 2018 оны 8 сарын 16 өдөр Тны Дархан салбарын захирлын Б/111 дугаар тушаалаар ажлаас халсан. Тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, Тны хөдөлмөрийн дотоод журмын 5.28.2, хөдөлмөрийн гэрээний 7.4.2 гэсэн заалтуудыг зөрчсөн учраас ажлаас халж байна гэсэн тушаалыг 2018 оны 8 сарын 17-ны өдөр өгсөн. Би бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т зааснаар үндэслэлээр банканд ямар нэгэн ноцтой зөрчил учруулаагүй, Тны хөдөлмөрийн дотоод журмын 5.28.2-т зааснаар гэсэн байдаг. Гэтэл дотоод хяналт шалгалтын комисс ороогүй байдаг. Салбарын захирал Лхагважав нь намайг ээлжийн амралттай байх хооронд 7 сараас 8 сарын хооронд өөрийнхөө ажил албан тушаалыг ашиглаж хурал хийхгүй тус дүгнэлтийг гаргуулсан. Мөн тус журмын 5.16.3-т зааснаар Салбарын захирлын зөвлөлийн гишүүд хуралдаж хуулийн хэлтсээр гаргах тушаалаа хянуулна гэсэн байдаг. Гэтэл энэ заалтын зөрчиж зөвлөлийн гишүүд нь байхгүй байхад өөр ажилтанг оруулж ирээд хурал хийсэн байдаг ба хурал хийсэн тэмдэглэлээ сүүлд нөхөж гаргаад тухайн ажилтнуудаар гарын үсэг зуруулсан, хуулийн хэлтсээр хянуулаагүй байдаг.
Хөдөлмөрийн гэрээний 7.2.4-т зааснаар намайг ноцтой зөрчил гаргасан банкны тухай хууль тогтоомж зөрчсөн гээд байгаа юм. Би банкны тухай хууль тогтоомж зөрчөөгүй надад олгогдсон эрхийн дагуу зээл судлах, салбарын захирлын зөвлөлд орох эрхтэй байдаг. Би хууль бусаар материал хуурамчаар бүрдүүлсэн зүйл байхгүй. Сахилгын зөрчил гаргасан гээд актууд байгаа боловч 2014 онд гаргасан зөрчилд сануулах шийтгэл ногдуулсан нь хугацааны хувьд энэ асуудалд хамааралгүй юм. Хурлын тэмдэглэлүүдийн маш олон удаа нөхөж гаргасан байдаг. Банзрагчид зээл олгож ноцтой зөрчил гаргасан мэтээр намайг гүтгэж намайг ажлаас халсан. Дотоод хяналтын комиссын илтгэх хуудсыг маш олон удаа засаж гарсан, зээлийн хорооны шийдвэр нөхөж гарсан байсан.
Ер нь намын харьяаллаар нэг хүн орж ирээд л намайг зээлийн материал хуурамчаар үйлдсэн гэх үндэслэлээр ажлаас халсан байгаа. Би холбогдох журам дүрмийн дагуу зээлийн материалыг бүрдүүлж зөвлөлөөр хэлэлцүүлсэн байгаа. Ийм учраас миний зөрчигдсөн эрхийг хангаж ажилгүй байсан хугацааны цалинг 1 сарын 1,400,000 төгрөгөөр тооцож 2018 оны 8 сарын 16-ны өдрөөс хойшхи өнөөдрийг хүртэлх цалинг гаргуулах хүсэлт гаргаж байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2018 оны 9 сарын 13ны өдөр гаргасан Тны Дархан-Уул салбарын захирлын №111 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилсэн нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна. Д.М нь хууль тогтоомж зөрчиж ажлаас үндэслэлгүй халсан гэсэн байна. Зээл хүсэгч Банзрагчийн зээлийг судлахдаа, эрсдлийн дүгнэлтийг хуурамчаар үйлдсэн нь Тны дотоод хяналт шалгалтын комиссын илтгэх хуудсаар тогтоосон тул түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, Тны дотоод журам, банкны дүрэм журам заавар, хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр ажлаас халсан. Зээлийн үйл ажиллагааны журмын 8.2.2-г зөрчсөн, хувийн ашиг сонирхлыг урьдчилан мэдүүлэгт дурдсан өөрийн урьд ажиллаж байсан компаны захирал байсан нь нотлох баримтаар тогтоогдож байгаа. Зээл хүсэгч Батхүүгийн Чулуунхүүгийн төрсөн ах байсан бөгөөд тус зээлийг судалсан байсан. Бизнесийн эрсдэлийн дүгнэлт гаргахдаа Банзрагчийн судалгааг бүгдийг өөрөө хийсэн гэсэн тайлбар өгч харилцааны менежер Ганганмөрөнд өгсөн боловч Зээлийн хорооны эрсдэлийн үнэлгээг хууль бусаар гаргасан нь Зээлийн эрсдэлийн Тны ажил бүртгэлийн программ буцаасан дүгнэлт зэргээр тогтоогдож байгаа. Танд ажиллаж байх хугацаандаа 2014 он 2016 онд сануулах сахилгын шийтгэлийг авч байсан.
Нэхэмжлэгч тайлбартаа Салбарын захирал Лхагважав өөрөө гардаж ажлаас халах ажиллагааг хийсэн мэт тайлбар гаргасан байгаа юм. Ээлжийн амралтаа биеэр эдэлж байгаад 2018 оны 8 сарын 14 өдөр дууссан. Ажлаас чөлөөлөгдөх тушаал 2018 оны 8 сарын 16 өдөр гарсан бөгөөд тус хугацаанд ажиллаж байсан цалин хөлсийг бүрэн олгосон.
Нэхэмжлэгч Б.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа хуулийн хэлтсээр хянуулаагүй гэсэн тайлбар хэлж байна. Мыг халах тушаалыг хуулийн хэлтсийн мэргэжилтэн хянасан. Хурлын тэмдэглэлийг нөхөж гаргасан гэж ярьж байна. Хурлын тэмдэглэлийг нөхөж гаргасан гэдэг нь үндэслэлгүй юм. Зээл олгосон гэж халаагүй, зээлийн эрсдэлийн дүгнэлтийг нуун дарагдуулсан. Хурагчаар гаргасан нь ноцтой зөрчил гэж үзээд халсан байгаа. Зээлийн хороогоор оруулаагүй, Ганганмөрөнд зээлийг хороогоор оруул гэж даалгаад явсан байдаг. Мөн тайлбартаа өөрийг нь ажилдаа ирэхэд ажлын байранд оруулахгүй, ажилтнуудад сөрөг ташаа мэдээлэл өгсөн гэсэн асуудал ярьдаг ба энэ нь ямар ч нотолгоогүй байна гэжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1211 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Мын хариуцагч Тны Дархан салбарт холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 15 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1211 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.М улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.11.22-ны өдрийн 1211 дугаартай шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.01.21-ний өдрийн 15 дугаар магадлалыг тус тус эс зөвшөөрч, ИХШХШтХ-ийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь заалтыг баримтлан дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх ажил олгогч Тын захирлын 2018.08.16-ны өдрийн 111 дугаартай “Б.Мтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалын хууль зүйн үндэслэлийг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд бодитоор шалгаж тогтоогоогүйн улмаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ИХШХШтХ-ийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
ХтХ-ийн 40.1.4 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн тухай:
Нэхэмжлэгч Б.М нь ажил олгогчийн 2018.08.16-ны өдрийн 111 дугаар тушаал гаргах үйл явц буюу Дотоодын хяналт шалгалтын газрын шалгалт явагдах үед Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдсан “ээлжийн амралт”-аа эдлэж байсан байх бөгөөд ажилтанг буюу Б.Мын үйл ажиллагааг шалгах ажиллагаанд түүнийг оролцуулаагүй, ээлжийн амралттай байх хугацааг давхцуулан шалгалтын ажиллагааг явуулж улмаар илтгэх хуудас гаргасан явдал нь ажил олгогч ажилтны гаргасан гэх Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-дэх хэсэгт заасан ноцтой зөрчлийн шинжтэй үйлдлийг хууль, журмын дагуу шалгаж тогтоож чадаагүй гэх үндэслэл бүрдэж байна. Учир нь аливаа ажилтан зөрчил гаргасан эсэх асуудлаар ажил олгогчийн зүгээс явуулж буй үйл ажиллагаанд биечлэн оролцож, өөрийн буруутай эсвэл буруугүй тухайгаа тайлбар гаргах, улмаар нотлох баримт гаргаж өгөх зэргээр биечлэн оролцож өөрийн хөдөлмөрлөх эрхтэй холбоотой субьектив эрхээ хамгаалах боломжийг ажил олгогч олгосон байх учиртай.
Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тухай:
Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40.3. Ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдснаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно гэх заалт, мөн хуулийн 35.1 Ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг дараах тохиолдолд хэвээр хадгална, 35.1.2 ээлжийн амралттай байгаа гэх хуулийн заалтуудыг хэрэглэж ээлжийн амралттай байгаад ажилдаа орж ирсэн ажилтан Б.Мын Хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гаргасан ажил олгогчийн хууль бус шийдвэр тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэх байсан боловч хуулийн дээрх заалтыг хэрэглээгүй нь анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй гэж үзэх хууль зүйн үндэслэл болж байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтыг ИХШХШтХ-ын 40 дүгээр зүйлд зааснаар үнэлээгүй тухай:
Ажил олгогчийн зүгээс Б.Мыг зээлийн баримтыг хуурамчаар үйлдсэн болох нь холбогдох ажилтнуудын тайлбараар нотлогдож байна гэж дүгнээд ажлаас халах саналыг хүргүүлсэн явдал нь хэт нэг талыг барьсан өөрийн удирдлаганд өөрийн хараа хяналтанд ажиллаж буй ажилтнуудын тайлбарыг үндэслэж бичиг баримт хуурамчаар үйлдсэн тухай үйл баримтыг хөдөлбөргүйгээр тогтоосон мэт дүгнэлт хийсэн явдал нь хууль зүйн үр дагавар, ач холбогдолгүй юм. Учир нь бичиг баримтыг хэрхэн, яаж, ямар зорилгоор хуурамчаар үйлдсэн болох асуудлыг хууль хяналтын байгууллага тогтоох бөгөөд ажил олгогчийн зүгээс албан ёсны эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр өөрийн үзэмжээр бичиг баримт хуурамчаар үйлдсэн хэмээн дүгнэсэн явдал нь холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн дур зоргын шинжтэй үйлдэл байна. Мөн олгогдоогүй зээлийн асуудлаар ажилтанг ээлжийн амралттай байх хугацаанд хяналт шалгалт явуулж, улмаар хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гаргасан явдал нь тус шийдвэр хуульд нийцсэн гэхээс илүүтэйгээр нэхэмжлэгчийг ажлаас халах төлөвлөгөөт ажиллагаа явагдсан гэх үндэслэл бүхий хардлагыг төрүүлж байна.
Иймд шүүх хяналтын журмаар гаргасан гомдлыг минь хүлээн авч Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.11.22-ны өдрийн 1211 дугаартай шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.01.21-ний өдрийн 15 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.
Б.М нь “Т” ХХК-ийн Дархан-Уул салбарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, ажил олгогчийн тушаал хууль зөрчөөгүй гэж маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Хэрэгт авагдсан баримтаар Б.Мыг “Т” ХХК-ийн Дархан уул салбарт харилцааны ахлах менежерээр ажиллаж байхад нь Салбарын захирлын 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 111 дугаартай тушаалаар “..зээлийн үйл ажиллагааны журам зөрчиж, зээлийн эрсдлийн дүгнэлтийг хуурамчаар үйлдсэн...” гэх үндэслэлээр Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.2., хөдөлмөрийн дотоод журмын 5.12.2., 5.16.3., Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т зааснаар хөдөлмөрийн гэрээг 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар зохицуулсан ба талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.2.-т банкны дотоод үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам, зааврыг зөрчсөн үйлдэл дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон бол ноцтой зөрчил гаргасанд тооцно гэжээ.
Б.М нь зээл хүсэгч Л.Банзрагч, Д.Анхбилэг нарын 150 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийн материалыг судлан, Зээлийн үйл ажиллагааны журмын 15 дугаар зүйлийн 15.2.5. дахь хэсэгт заасны дагуу эрсдлийн дүгнэлт гаргуулахаар Бизнесийн эрсдлийн хэлтэст хүргүүлсэн боловч, зээлийн судалгаа, шинжилгээ хангалтгүй, материалын бүрдэл дутуу шалтгаанаар тус журмын 15.2.6.д заасны дагуу буцаах акт үйлдэн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүргүүлснийг нуун дарагдуулж, Зээлийн эрсдлийн дүгнэлтийг хуурамчаар үйлдсэн нь Зээлийн үйл ажиллагааны журмын 8.2.-т заасан зээлийн ажилтан, теллерийн ёс зүй хэсгийн хориглох заалтаас “...зээл хүссэн өргөдөл болон бусад холбогдох баримт, бичгийг хуурамчаар үйлдэх...” гэсэн заалтыг зөрчсөн болох нь Тны Дотоод хяналт шалгалтын газрын 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн №14/058 дугаартай илтгэх хуудсаар тогтоогджээ.
Анхан шатны шүүх хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, үйл баримтыг зөв тодорхойлсны үндсэн дээр ажилтныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4. дэх заалтыг зөрчөөгүй гэж үзэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, хэрэгт цугларсан баримтыг өөрийн эрх хэмжээний хүрээнд үнэлж, анхан шатны шүүхийн шийдвэр хууль зөрчөөгүй гэж дүгнэн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтад нийцжээ.
Б.Мын ээлжийн амралт 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр дууссан ба ажилтныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр гарсан байх тул ээлжийн амралттай байхад ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2. дахь заалтыг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.
Хоёр шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул “...нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй...” гэх үндэслэлээр шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1211 дүгээр шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 15 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболдын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар тус нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ
ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД