Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2018/ДШМ/62

 

 2018            10             03                                                2018/ДШМ/62

 

Д.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай                                                                                                                                       

                                                                                                                                                                                    Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: А.Дүүрэнбилэг,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Т.Урангоо,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 2018/ШЗ/215 дугаар шүүгчийн захирамжтай, шүүгдэгч Д.А-д холбогдох, эрүүгийн 1819001930099 дугаартай, 1 хавтас, 81 хуудас бүхий хэргийг прокурор А.Дүүрэнбилэгийн эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорноговь аймгийн Сайншанд сум, ....дугаар баг, .......... гудамж .... дугаар байр, ........тоотод оршин суух, урьд Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 1999 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 129 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хорих ял, Дорноговь аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 118 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих, Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял, Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 104 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сар баривчлах, Сум дундын 6 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснар 2 сар баривчлах ялаар тус тус шийтгэгдэж байсан, Шарбазар овогт Д-ийн А / ЕО72040..../-д холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Дүүрэнбилэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Д.А нь 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Айраг сум, 4 дүгээр баг, 33 дугаар зөрлөг гэх газарт өөрийн эцэг Ч.Дын толгой, цээжин тус газарт гараараар цохин, хөлөөрөө дэвсэж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 Анхан шатны шүүх: Шүүгдэгч Шарбазар овогт Дын Ад холбогдох эрүүгийн 1819001930099 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар аймгийн Прокурорын газарт буцааж,

Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Д.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар захирамжийг прокурор эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор А.Дүүрэнбилэг давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаас 2018/ШЗ/215 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан “Зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам”-ийг зөрчиж мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй шийдвэр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Шүүгдэгч Д.Ад холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлүүлэхээр прокурорын шатанд мөн хуулийн 17.1 дүгээр зүйлд
зааснаар “Яллагдагч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргах” хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу яллагдагч Д.А нь хүсэлт гаргаж прокуророос хүсэлтийг шийдвэрлэн түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг танилцуулж, зөвшөөрсөн тул гарын үсэг зуруулж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь цагаатгах, эсхүл шийтгэх тогтоолоор шийдвэрлэх атал шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан шаардлага хангагдаагүй гэж дүгнэн, хэргийг прокурорт буцааж хууль зөрчсөн.

Шүүгдэгч Д.А нь “бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдэж, нотлогдсон байхад шүүх гэр бүлийн хүчирхийлэл болон өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шалгуулахаар прокурорт буцаасан, өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлүүлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт хамаарахгүй байдлын талаар дүгнэлт хийж, шүүгдэгч Д.А-н шүүхийн өмнөх шатанд хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө шүүгдэгч гэм буруугаа зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрснөөс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, прокурортой ял тохиролцсоны дагуу хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад шүүгдэгчийн хуулиар олгогдсон эрхийг шүүхийн шатанд хязгаарлаж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхээр байна.

Мөн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн “Захирамжпах нь” хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг удирдлага болгосон атлаа мөн хэсгийнхээ 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед хэргийг прокурорт буцаах заалтыг дурдаж шүүгчийн захирамж гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байна”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй, мөн хуулийн 17 дугаар бүлэг буюу “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”- нд ...гучин гуравдугаар бүлэгт заасан журмыг баримтлахгүй гэж хуульд заасан байхад Гучин гуравдугаар бүлэг буюу “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагаа” гэсэн хуулийн заалтыг дурдаж шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Шүүгчийн захирамжид хохирогч Ч.Д-ын биед үзлэг хийсэн тэмдэглэл, нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас зэрэг шинжээчийн дүгнэлтийн эх сурвалж болсон эсэх нь тодорхойгүй, хэрэгт хавсаргаагүй гэжээ.

Шинжээч дүгнэлт гаргахдаа 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас, хохирогч Ч.Д-ын биеийг биечлэн үзэж дүгнэлтийг гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шинжилгээний объектын талаарх мэдээллийг шинжээчийн дүгнэлтэд тусгасан учир баримтыг эх хувиар хэрэгт хавсаргах шаардлагагүй юм.

-Шүүх шүүгдэгч Д.А тухайн өдөр хохирогчийг зодсоны дараа хоттой хониноос 3 хонь, 1 ямаа авч явсан үйлдэл нь Эрүүгийн хуулинд заагдсан өмчийн эсрэг гэмт хэргийн шинж байгаа эсэх, О, С нарыг уг үйлдэлд хамтран оролцсон эсэхийг шалгаж тогтоох гэжээ.

Шүүхээс шалгуулах гэсэн дээрх үйлдэл нь шүүгдэгч Д.А нь Ч.Д-ыг зодож гэмтээсэн үйлдлээс тусдаа үйл явц бөгөөд уг асуудлыг шалгуулах талаар гомдол, хүсэлт, мэдээллийг мөрдөн шалгах байгууллагад уг малын эзэмшигч болон бусад этгээдээс ирүүлээгүйн гадна хохирогч Ч.Д-ын “...Д.А нь миний малыг бүгдийг нь захиран зарцуулах эрхгүй боловч, түрүү жилийн өвөл надтай хань болж өвөлжсөн учраас би 2, 3 хонь аваарай гэж өмнө нь хэлж байсан юм...”, шүүгдэгч Д.Ан “...түрүү жил буюу 2017 оны өвөл өөрийн аав Ч.Д-тай хамт өвөлжсөн ба тухайн үед манай аав 2, 3 хонь аваарай гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлгүүдээр Д.А нь эцэг Ч. Дын хамт уг малыг малладаг байсан ба захиран зарцуулах эрхтэй болох нь нотлогдсон, хэрэв уг асуудлыг гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн тохиолдолд тусдаа шалгагдах ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн заалтын дагуу хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.Ан үйлдсэн Ч.Дыг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх үндэслэлтэй юм.

-Хэргийн газар О болон С гэх этгээдүүд байхад гэмт хэргийн талаар О-оос гэрчээр асуух гэж шүүгчийн захирамжид заажээ.

Хэргийн материалд гэрч С,  хохирогч Ч.Д, шүүгдэгч Д.А нарын мэдүүлэг болон шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт зэргээр Д.А нь хохирогч Ч.Дын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хангалттай нотлогдсон, маргаангүй байгаа тул Отгонбаяраас гэрчийн мэдүүлэг авах шаардлагагүй юм.

-Хохирогч Ч.Дыг зодсон шүүгдэгчийн үйлдэл нь гэрч, хохирогчийн мэдүүлгээр гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй байхад ямар үндэслэлээр Д.Ад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь тодорхойгүй, хэргийн үйл баримттай тохирохгүй байх тул эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, хэргийг зүйлчлэх шаардлагатай байна гэжээ.

Шүүгдэгч Д.А-ийн үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй, учир нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан” зэргээр үйлдэгдэхээр Эрүүгийн хуульд хуульчлагдсан, шүүгдэгч Д.А нь Ч.Дыг байнга зодоогүй, 1 удаагийн үйлдлээр түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, урьд өмнө ч гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл хийж байгаагүй болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон тул прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргээр зүйлчилж хуулийг зөв хэрэглэсэн болно. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулан хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Хэрэг давж заалдах шатны шүүхэд ирснээс хойш А-тай гэрээ байгуулан өмгөөлөгчөөр ажиллаж байна. Хэргийн материалтай танилцаад улсын яллагчийн эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Шүүгчийн захирамжинд заасны дагуу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн үйлдэл байна гэсний дагуу хохирогч Д-аас мэдүүлэг авахад зодож байгаа явдал нь анх удаагийн үйлдэл, өмнө нь ийм зүйл гарч байгаагүй гэж мэдүүлсэн байдаг. Хулгайн үйлдлийн тухайд А нь хохирогчийн нүдэн дээр хонийг аваад явсан байдаг. Мөн гэрч хохирогчоор өгсөн мэдүүлэгт 2-3 тооны хонийг авч явж болно гэсэн зөвшөөрлийг өмнө нь өгч байсан гэж мэдүүлсэн байдаг. Бусад зүйлийг дэмжиж оролцож байгаа. А-гийн хувьд 2018.08.31-ний өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж, 33 хоног цагдан хоригдсон. Улсын яллагчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх ялын санал өгөхдөө 300 цагийн албадан ажил хийлгүүлэх ялын саналтай байсан. А-гийн хувьд уг орон нутагт ажилладаг тул түүний цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хувийн батлан даалтанд гаргах таслан сэргийлэх арга хэмжээгээр өөрчилж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Ад холбогдох  өөрийн эцэг Ч.Д-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан тус шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 215 тоот шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлгүй болсон ба шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна гэж үзлээ.

Прокурор А.Дүүрэнбилэгийн бичсэн эсэргүүцэлд үндэслэн хэргийн бүх үйл ажиллагаа, шүүхийн шийдвэрийг бүхэлд нь давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцвэл анхан шатны шүүх “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг тогтоох зарчмыг зөрчсөн байна.

Мөрдөгч шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолдоо /хх-11/ хохирогч Ч.Дыг өөрийн биеэр болон эмнэлгийн яаралтай тусламжийн хуудсыг шинжээчид хүргүүлсэн талаараа тэмдэглэсэн ба шинжээч нь 02/0215 тоот шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа өөрийн биеэр нь үзэж болон нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудсанд тус тус үндэслэсэн нь дүгнэлтийн тодорхойлох хэсгээс харагдаж байх ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 3, 27.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжилгээ хийлгэх журам болон шинжээчийн дүгнэлт гаргах журмыг зөрчөөгүй байна.

Улмаар шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ч.Дын биед зүүн 5-р хавирганы хугарал, дух, цээж, баруун шуу, баруун шилбэний зулгаралт бүхий гэмтлүүд учирсан ба хавирганы хугарал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар тогтоогдсоныг болон энэхүү шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй талаар шүүгдэгч, хохирогч нарын зүгээс маргаагүй, тэд шинжээчийн дүгнэлттэй танилцахдаа /хх13-14/ болон шүүх хуралдаанд энэ талаар ямар нэгэн санал хүсэлт /хх13-14/ гаргаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар хэр хэмжээ тогтоогдсон байхад шүүх ямар үндэслэлээр эмнэлгийн яаралтай тусламжийн хуудсыг хэрэгт хавсаргах зайлшгүй шаардлагатай гэж үзсэн нь тодорхойгүй болжээ.

Хавтаст хэрэгт  хохирогч Ч.Д “ ... А нь миний малыг бүгдийг нь захиран зарцуулах эрхгүй боловч түрүү жилийн өвөл надтай хань болж өвөлжсөн учраас би 2, 3 хонь аваарай гэж өмнө нь хэлж байсан юм. ... надад ямар ч гомдол саналгүй, иймд энэ асуудлыг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэж /хх-ийн 39-ийн ар талд/  мэдүүлсэн,  энэ талаар хэргийн оролцогчдоос гаргасан өөр саналгүй байхад шүүх өөрийн санаачлагаар шүүгдэгчийг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт дахин шалгахыг  шаардсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-д заасан Монгол Улсын иргэн  “ ... өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх,  өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” гэсэн иргэний үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн гэж үзэхээр байна.

Мөн хэргийн газарт байсан гэх О гэж хүнээс шүүх хэргийн талаар юу тодруулах гээд байгаа нь тодорхойгүй  буюу түүний мэдүүлгээр хэргийн ямар нөхцөлийг нотлох шаардлагатай талаар дүгнээгүй нь ойлгомжгүй болсон.

Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1-д  зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий хандсан, догшин авирласан, тарчлаасан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан үйлдэл нь “байнга“ –ын шинжтэй үйлдэгдсэн нөхцөлд уг гэмт хэргийн шинж, бүрэлдэхүүнийг хангах ба хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас энэхүү үндэслэл нөхцөл тогтоогдоогүй байх тул энэ үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь буруу байна.

Эдгээр нөхцөл байдлуудаас харахад шүүх хуралдааны шатанд хэргийн оролцогчдын зүгээс дээрх үндэслэл, нөхцлийн талаар маргаж мэтгэлцээгүй  байхад шүүх талуудын мэтгэлцээнд үндэслэлгүйгээр прокурорыг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзсэн нь  шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох зарчимд нийцээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзлээ.

Иймд дээрх үндэслэлээр прокурорын эсэргүүцлийг хангаж,  шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь  зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 39.6 дугаар зүйлийн 1, 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 2018/ШЗ/215 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож,  шүүгдэгч Д-ын А-д холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцааж, прокурорын эсэргүүцлийг хангасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.5, 14.9 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Д.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

                                                    ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА

                                                                                                        А.САЙНТӨГС