Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/12

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч Э.Гантулга,

өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал,

өсвөр насны шүүгдэгч Ц.*******, түүний хууль ёсны төлөөлөгч Л.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч Ц.*******д холбогдох эрүүгийн 2115001530246 дугаартай, 163/2022/0010/Э индекстэй хэргийг 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, Булган аймгийн Булган суманд 2004 оны 02 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, ... оршин суух бүртгэлтэй, Булган аймгийн Булган сумын спортын төрөлжсөн сургалттай Ерөнхий боловсролын сургуулийн 12А ангид сурдаг, мэргэжилгүй, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт амьдардаг, 17 настай, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, РД:....

 

Холбогдсон хэргийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Ц.******* нь 2021 оны 8 дугаар сарын 07-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт байрлах Нутгийн удирдлагын ордны зүүн талын цэцэрлэгт хүрээлэнд дүү нараа салхилуулж явсан Г.*******г “дугуй унуулсангүй” гэх шалтгаанаар толгойн тус газарт нь цохиж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч болон хохирогчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2115001530246 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Өсвөр насны шүүгдэгч Ц.******* нь 2021 оны 8 дугаар сарын 07-ны орой 18-19 цагийн үед өөрийн найз *******, *******, *******, ******* нарын хамт *******гийн төрсөн өдрийг тэмдэглэн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт байрлах Нутгийн удирдлагын ордны зүүн талын цэцэрлэгт хүрээлэнд дүү нараа салхилуулж явсан Г.*******г “дугуй унуулсангүй” гэх шалтгаанаар түүний толгойн тус газарт нь цохиж биед нь дух ясны цөмөрсөн хугарал, духны хөндийн цусан хураа, баруун чамархайн дунд 1/3 хэсгийн зөрүүтэй хугарал, баруун хоншоор ясны цөмөрсөн хугарал, хацар ясны зөрүүгүй хугарал, баруун нүдний ухархайн доод хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн дээд хананы зөрүүтэй хугарал, хамар ясны хугарал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт  бүхий  хүнд гэмтэл санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

           Энэ үйл баримт нь:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Ц.*******гийн өгсөн:  Би 2021 оны 8 дугаар сарын 07-ны өдөр өглөө босоод гэрээсээ гараад 4 найзтайгаа нийлээд нэг найзынхаа төрсөн өдрийг тэмдэглээд бакери ороод хэсэг суусан. Тэгээд тэндээсээ гараад Могодоос авч ирсэн 5 литр айргаа сааданд сууж хувааж уусан. Тэгсэн 3 найз маань дэлгүүр ороод ирье гэхээр нь найз Тэмүүжинтэй турник орсон. Тэгээд буцаад явж байхдаа *******тай хэдэн жаахан хүүхэдтэй явж байхад нь таарсан. Би нэг бандийнх нь дугуйг унах гээд очсон чинь ******* намайг хэдэн настай юм гэхээр нь чамд миний хэдэн настай байх хамаагүй, чи хэдэн настай юм гэхэд би 21 настай гэхээр нь би баруун гараараа нүд рүү нь цохисон гэх мэдүүлэг,   

 2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.*******гийн өгсөн: 2021 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 18-19 цагийн үед 2 дүүтэйгээ төв талбай дээр тоглож байгаад амрах гээд сааданд сууж байхад шүүгдэгч ******* 4 найзтайгаа хамт ирсэн. Тэгээд *******ын дугуйг унах гээд байхаар нь наадах чинь хойд дугуй нь хагарсан болохоор унаж болохгүй гэж *******д хэлсэн. ******* тэр үед *******ын дугуйн дээр суусан байсан. Тэгээд ******* надаас чи хэдэн настай юм гэхээр нь 21 настай гэж хэлсэн. Тэгтэл чиний 21 настай байх хамаагүй шүү гээд нүд рүү цохисон. Цохиход нь би манараад унасан ба 2-3 минутын дараа босож ирсэн ч юу болсныг санахгүй байгаа. Маргааш нь эмнэлэгт үзүүлж, зургаа авахуулахад гэмтэлтэй байна гээд 8 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хэвтүүлсэн. Бүрэн эмчлэгдэж дуусаагүй. Нүдний болон хамрын хагалгаанд орох шаардлагатай гэж Булган аймгийн нэгдсэн эмнэлгийн нүдний эмч хэлэхээр нь Улсын нэгдүгээр эмнэлэгт үзүүлсэн. Тэгсэн хагалгаа хийх шаардлагатай, хагалгааны төлбөр 1.300.000-1.500.000 төгрөг гэсэн. Одоо ямар нэгэн зовиур байхгүй. Толгой жаахан өвддөг. Нүд ядрахаараа эрээлжилж харагддаг. Хохирол төлбөрт 1.300.000 төгрөг авсан. Баримт гэхээр зүйл байхгүй. Одоо 2.800.000 төгрөг нэхэмжилж байна, энэ нь нүдний хагалгаа, хамрын савхан яс тэгшлэх хагалгааны төлбөр гэх мэдүүлэг,

  3. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Г.*******гаар өөрийг нь цохисон гэх хүнийг таньж олуулах ажиллагааны “Iphone-X” загварын гар утсаар 7 кадр зураг авч эхний оролдлогоор хохирогч нь 2 гэсэн дугаартай хүнийг өөрийг нь цохисон хүн мөн байна гэж, дараагийн оролдлого хийхийн өмнө зурагнуудын байрыг солиход хохирогч нь 4 дугаартай хүнийг буюу Ц.*******г тус тус заан танисан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 16-18 дахь тал/,

  4. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.*******гийн өгсөн: Би 2021 оны 8 дугаар сарын 07-ны өдөр гэртээ байж байгаад орой 19 цагийн орчимд дүү *******, нарын хамт гэрээсээ 2 дугуйтай гарсан. Би дугуйгүй, манай 2 дүү дугуйтай байсан. Бид гурав аймгийн захиргааны урд талын төв талбай дээр тоглож байгаад талбайн хажуу талын саравчинд хэсэг амрах гээд сууж байтал 20 цагийн орчимд 7 залуу бид нарыг чиглэж ирээд нэг нь манай ******* дүүгийн унадаг дугуйг унах гээд байхаар нь би хойд дугуй нь хагарчихсан байгаа, унаж болохгүй гэж хэлэхэд тэр залуу ямар том дуутай пизда вэ? гэж хэлээд миний баруун чамархай хэсэгт баруун гараараа зүүнээс баруун чиглэлтэй цохисон юм. ...Би гомдолтой байна. Миний дух цөмөрсөн, хамрын савх хугарсан, баруун нүдний 2 яс хугарсан. Тухайн үед миний биед гэмтэл учруулсан тэр хүүхэд намайг гараараа нэг удаа цохьсон. ...Намайг нэг удаа гараараа цохиход би их манарсан бөгөөд тэр хооронд ухаан балартсан байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

5. Насанд хүрээгүй гэрч М.гийн өгсөн: Би найз *******, найзын ах ******* нартай төв талбай дээр тоглоод байж байтал , , , нар морьтой хүрээд ирсэн. Удалгүй хоёр ах хүрч ирээд *******ын унаж байсан дугуйг унах гээд байхаар нь ******* ах тэр хүүхэд дээр очоод наад дугуйны чинь арын дугуй нь хагарчихсан гэж хэлтэл тэр ах ******* ахыг чи хэдтэй юм гэж асуутал ******* ах би 20 настай гэж хэлтэл чиний 20 настай чинь надад хамаагүй шүү гээд тэр ах ******* ахын нүүр рүү гараараа нэг удаа цохисон. ******* ахыг цохисон ахыг согтуу байсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Жаахан согтуу байсан байх. ******* ахыг нэг ах нь нэг л удаа цохисон. Цохих үед ******* ах хүчтэй унасан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дахь тал/,

6. Насанд хүрээгүй гэрч П.гийн өгсөн: 2021 оны 8 дугаар сарын 07-ны өдөр би найз , , нартай хамт төв талбай дээр тоглож байтал ******* ах 2 дүүтэйгээ дугуйтайгаа явж байсан. Тэгээд бид нар уулзаад төв талбайн саравчинд байж байтал хэсэг ах нар ирээд бид нарын унаж байсан морийг дэлгүүр орчихоод ирье гэж хэлээд аваад явсан. Дараа нь бас ах нар ирээд *******ын унаж байсан дугуйн дээр суутал ******* ах чи наад хүүхдийн дугуйн дээрээс буучих, дугуй нь хагарчихсан байгаа гэж хэлтэл тэр ах ******* ахыг чи хэдтэй юм гэж асуутал ******* ах гуравдугаар курс 21 настай гэж хэлтэл тэр ах чи тэгээд томроод байгаа юм уу гээд баруун гараа саваад ******* ахыг цохисон. Тэр үед ******* ах их хүчтэй газар унасан. Тэгээд тэр ах нар явсан. Тэгээд ******* ах босоод харих гээд явахад нүүрнийх нь баруун тал нь хавдчихсан байсан. ...******* ахыг цохисон ах жаахан халамцуу байх шиг байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45 дахь тал/,

7. Насанд хүрээгүй гэрч М.*******гийн өгсөн: 2021 оны 8 дугаар сарын 07-ны өдөр найз *******гийн төрсөн өдрийг тэмдэглэж хоолонд орж гадуур явж байгаад 20-21 цагийн орчимд Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт байрлах саад руу явж байтал замд 6-11 настай эрэгтэй хүүхдүүдтэй таарсан. Тэгээд надтай хамт явсан ******* нэг хүүхдүүдийн дугуйн дээр нь суугаад байж байтал 21 настай үл таних залуу ирээд *******г дугуйнаас буу, яах гэж хүүхдийн дугуйн дээр суугаад байгаа юм гэж хэлээд *******тай маргалдсан. Тэгэхэд ******* нь баруун гарынхаа шуу хэсгээр уг залуугийн баруун талын нүд орчим хэсэгт нэг удаа цохисон чинь уг залуу газар унаад удалгүй босож ирээд явсан.  Би араас нь очоод бие чинь зүгээр үү?, ар гэрээсээ хүн дуудахгүй юм уу гэж асуусан чинь уг залуу нь зүгээрээ, эр хүнд ийм зүйл байдаг юм гэж хэлээд явсан. Тухайн үед уг залуу дээр очиж биеийг нь хэр байгааг асуухад баруун талын нүд нь бага зэрэг улайсан байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 дэх тал/,

8. Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 219 дугаартай: 1. Магадлуулагчийн биед дух ясны цөмөрсөн хугарал, духны хөндийн цусан хураа, баруун чамархайн дунд 1/3 хэсгийн зөрүүтэй хугарал, баруун хоншоор ясны цөмөрсөн хугарал, хацар ясны зөрүүгүй хугарал, баруун нүдний ухархайн доод хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн дээд хананы зөрүүтэй хугарал, хамар ясны хугарал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх дух, чамархай ясны хугарал, духны хөндийн цусан хураа гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, хацар, хоншоор ясны хугарал нь 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтэл нь 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 4. Учирсан гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. 5. Учирсан гэмтэл нь цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 59-61 дэх тал/,

9. Өсвөр насны шүүгдэгч Ц.******* нь 2004 оны 02 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, гэмт хэрэгт холбогдох үедээ буюу 2021 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 17 нас 5 сар 17 хоногтой байсан талаарх насанд хүрээгүй этгээдийн нас тоолсон тэмдэглэл /хавтаст хэргийн 105 дахь тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судласнаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо.  

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас өсвөр насны шүүгдэгч Ц.*******гийн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргалаас өсвөр насны шүүгдэгч Ц.******* нь бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруугаа мөрдөн байцаалтын шатнаас хүлээн зөвшөөрч байгаа гэж түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талын байр суурьтай оролцсон болно. 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагаагаар 2021 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Г.******* нь дүү М., М.******* нарын хамтаар Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт байрлах Нутгийн удирдлагын ордны зүүн талын цэцэрлэгт хүрээлэнд салхилж явсан ба энэ хугацаанд Ц.******* мөн найзуудын хамт явж байгаад тааралдсан байх бөгөөд Ц.******* нь *******ын унаж явсан дугуйг унах гэж байхад нь Г.******* дугуйны хойд дугуй хагарсан, унаж болохгүй талаар хэлэхэд Ц.******* нь түүний насыг асуух зэргээр өдөөн хоргоож, Г.*******гийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж унагаасан. Цохих үед Г.Отгонзул манарч газар хүчтэй унасан, 2-3 минутын дараа босоход нүүрнийх нь баруун тал хавдчихсан байсныг гэрчилж хэрэг, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаар хэргийн газар дээр байсан насанд хүрээгүй гэрч М., П., М.Тэмүүжин нарын өгсөн мэдүүлэг, Г.*******гаар өөрийг нь цохисон гэх хүнийг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 219 дугаартай Г.*******гийн биед үүссэн гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх дух, чамархай ясны хугарал, духны хөндийн цусан хураа гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, хацар, хоншоор ясны хугарал нь 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтэл нь 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдахыг тогтоосон дүгнэлт зэргийг харьцуулан судалж, нотлох баримтын эх сурвалжийг хууль ёсны, үнэн зөв, хэргийн үйл баримтыг эргэлзээгүй тогтоох талаар хуульд заасан нотолгооны стандартыг хангасан эсэхийг шалгаж, үнэлэхэд өсвөр насны шүүгдэгч Ц.*******гийн хохирогч Г.*******гийн нүүр, баруун чамархай хэсэгт баруун гараараа цохисон үйлдэл нотлогдсон, өсвөр насны шүүгдэгч Ц.******* гэм буруугийн талаар маргахгүй байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр Г.*******гийн биед мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр буюу цохих, цохигдох, унах үед учирсан дух, чамархай ясны хугарал, духны хөндийн цусан хураа гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт; хацар, хоншоор ясны хугарал нь 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт; бусад гэмтэл нь 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарч байгаа бөгөөд нэг цаг хугацаанд хэд, хэдэн гэмтэл зэрэг учирсан бол гэмтлийн аль хүндээр нь гэмтлийн зэргийг тогтооно гэсэн шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд нийцсэн, хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг өсвөр насны шүүгдэгч Ц.*******гийн цохисон үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Өсвөр насны шүүгдэгч Ц.*******гийн бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэнээр гэм буруугийн хувьд ”санаатай”, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүнд хохирол учруулсанаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

        Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу өсвөр насны шүүгдэгч Ц.*******г 2021 оны 8 дугаар сарын 07-ны орой 18-19 цагийн үед Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт иргэн Г.*******г дугуй унуулсангүй гэх шалтгаанаар цохиж унаган эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хувьд өсвөр насны шүүгдэгч Ц.*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь нотлогдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Г.******* гэм хорын хохиролтой холбоотой иргэний нэхэмжлэлийн баримтыг ирүүлээгүй, шүүгдэгч Ц.******* нь эмчилгээний зардалд 1.300.000 төгрөгийг /хавтаст хэргийн 92, 115 дахь тал/ төлсөн байна.  

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.******* нь цаашид гарах эмчилгээний зардал буюу нүдний хагалгаа, хамрын савхан яс тэгшлэх хагалгааны төлбөр 2.800.000 төгрөгийг нэхэмжилж байгаа хэдий ч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд хохирогч Г.******* нь нүдний хагалгаа, хамрын савхан яс тэгшлэх хагалгааны төлбөр 2.800.000 төгрөг болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, өсвөр насны шүүгдэгч Ц.*******г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Өсвөр насны шүүгдэгч Ц.*******г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, түүний хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

Шүүх хуралдаанд улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оноож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгчид оногдуулсан 2 жилийн хорих ялыг хоёр дахин багасгаж нэг жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэх санал, дүгнэлтийг гаргасан бол шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал өсвөр насны шүүгдэгч Ц.*******г анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг төлж гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлд зааснаар хоёр дахин багасгаж, хорих ялыг сургалт хүмүүжлийн байгууллагад эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах зохицуулалтыг хэрэглэж өгнө үү гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Булган аймгийн Булган сумын спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт, сурагчийн хувийн хэргийн хуулбар /хавтаст хэргийн 82-93 дахь тал/, насанд хүрээгүй этгээдийн нас тоолсон тухай тэмдэглэл, түүний хувийн байдлын талаарх Булган аймгийн Могод сумын нэгдүүгээр багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 105-107 дахь тал/  зэрэг бичгийн нотлох баримтаар өсвөр насны шүүгдэгч Ц.******* нь ял шийтгүүлж байгаагүй, ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцаж байгаа, 2019 оны шилдэг сурагчаар шалгарч байсан болон биеийн тамир, спортоор хичээллэн тодорхой амжилтууд гаргаж байсан зэрэг хувийн байдал тогтоогдсон байх бөгөөд гэр бүлийн таагүй харилцаа, түүнд тавих хяналт, анхаарал халамж дутсан нь гэмт хэрэгт холбогдоход нөлөөлсөн байна.

Өсвөр насны шүүгдэгч Ц.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэж хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, үйлдсэн гэмт хэргийн шинж болон түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь ижил гэмт хэрэг үйлдсэн насанд хүрсэн хүнд оногдуулах ял, хариуцлагаас ямагт илүү хөнгөн, тэдний нас, сэтгэл зүйн онцлогт тохирсон байх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг зарчим, зорилгод нийцүүлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Иймд өсвөр насны шүүгдэгч Ц.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ болох 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр дахин багасгаж, хорих ялыг нэг жилийн хугацаагаар тогтоож, сургалт хүмүүжлийн байгууллагад эдлүүлэхээр заахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан уг хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газарт тус тус даалгах нь зүйтэй гэж үзэв.

Өсвөр насны шүүгдэгч Ц.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 2, 3, 4, 6 дахь хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ц.*******г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгч Ц.*******д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж, биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Ц.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Ц.*******д зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газарт тус тус даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг өсвөр насны шүүгдэгч Ц.*******д сануулсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Ц.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Өсвөр насны шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй бөгөөд хохирогч Г.******* нь  цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

        8. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   С.ЦЭРЭНХАНД