Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/19

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгч Х.******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х.*******эд холбогдох эрүүгийн 2215000000001 дугаартай, 163/2022/0022/Э индекстэй хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ны *******, Улаанбаатар хотод 1980 оны 6 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, ... оршин суух бүртгэлтэй, Орхон аймгийн Жаргалант суманд үйл ажиллагаа явуулдаг “Орхон тариа” хязгаарлагдмал хариуцлагатай компанид комбайны оператор ажилтай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, 41 настай, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, РД: ....

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.******* нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Булган аймгийн Орхон сумын нутагт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Г.*******т гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж толгойн тус газарт цохих, алгадах зэргээр бие, эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн дунд чихний язарсан шарх, хэнгэргэн хальсны урагдал, дээд уруулын дотор салстын язарсан шарх, зүүн дээд нэгдүгээр шүдний сулрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг,  эрүүгийн 2215000000001 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Х.******* нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Булган аймгийн Орхон сумын нутагт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Г.*******ыг гэрээсээ хоногоор явлаа гэх шалтгаанаар  уурлаж түүний явсан газар, уулзсан гэх хүнтэй уулзахаар түүнийг дагуулан явж мөрдөж мөшгөх, мөн хаана, хэнтэй уулзсан талаар үнэнээ хэлэхгүй байна гэж удаа дараа бие эрх чөлөөнд халдаж толгойн тус газарт цохих, алгадах зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Г.*******ын биед нь тархи доргилт, зүүн дунд чихний язарсан шарх, хэнгэргэн хальсны урагдал, дээд уруулын дотор салстын язарсан шарх, зүүн дээд нэгдүгээр шүдний сулрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.*******ийн өгсөн: Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

1.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.*******ын өгсөн: 2021 оны 12 дугаар сарын 20-ны орой 19 цагийн үед эргүүлийн постонд гарч байгаа ажилчдаа эргэх журмаар гэрээсээ гарсан. Постон дээр байхад нэг хүн тайлан бичээд өгөөч гэж гуйгаад би тэр тайланг нь бичиж өгөх болоод Булган руу орж ирсэн. Тэгээд Булганд ирэхэд бидэнд интернет байхгүй байсан. Мөн зөөврийн компьютер нь Орхон аймагт байсан тул шөнө 12 цагаас тайлангаа бичиж эхэлсэн ба тухайн тайлан их хэмжээтэй байсан тул үүрээр 04 цагт бичиж дууссан. Тэгээд би аймгаас сумандаа хүргүүлэхэд өглөөний 7 цаг болж байсан ба гэртээ 8 цагт орсон. Үүнээс болж нөхөр бид хоёрын хооронд маргаан болсон. Үнэнээ хэлэхээр явуулахгүй байх гэж бодоод хүнд үзүүлнэ гэж хэлээд гарсан. Одоо гомдол санал байхгүй. Гэрээс гарахдаа үнэнээ хэлээгүй болохоор ойлголцож чадахгүй ийм шатанд хүрсэн. Эрүүл мэндийн хувьд хүнд гэмтэл байхгүй, өвчин намдаах эм авч уусан. Энэ бүх зардлыг манай нөхөр гаргасан. Одоо хэлэх зүйл байхгүй. Гэр бүлийн хүн маань улирлын чанартай ажил хийдэг, ажил нь эхэлж байгаа, мөн хадам ээж маань хоёрдугаар сард хүнд хагалгаанд орно. Боломжтой бол мөнгөн торгуулийн ял оноож өгнө үү гэх мэдүүлэг,

2. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Г.*******ын өгсөн: Би 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэртээ байж байхад 18 цагийн орчимд манай танил Амгалан-Од над руу залгаад “Тайлан, мэдээ бичих гэсэн юм, туслаач” гэхээр нь би “хурдан хийхгүй бол орой болсон байна” гэж хэлээд гэрээсээ гараад Орхон сумын постон дээр очиход Амгалан-Од намайг ирж авсан. Би гэрээсээ гарахдаа нөхөртөө “Булган орж лам дээр юм үзүүлнэ” гэж хэлж гарсан. Тэгээд би Булган ороод тайланг нь бичих гэсэн боловч нөхцөл нь бүрдээгүй байсан учир Орхон аймаг руу явж компьютер, интернеттэй газарт очиж бичиж өгсөн ба дуусахад үүрийн 5 цаг өнгөрч байсан. Тэгээд Орхон аймгаас буцаж гэр лүүгээ хүргүүлсэн. Гэртээ ороход 7 цаг өнгөрч байсан. Тэгтэл манай нөхөр ******* нь “хаана явж байгаад ирж байгаа юм, шөнөжин залгалаа” гэхэд нь би юм дуугараагүй юм. Тэгтэл намайг “хаагуур юу хийж яваад ирсэн юм” гээд баруун хацар луу 1 удаа алгадаж, баруун гуя руу 1 удаа хөлөөрөө жийсэн. Тэгээд Булганы төв рүү намайг дагуулж гарахаар нь би нэг таньдаг үздэг эмээг зааж өгтөл эмээ маань босоогүй байсан. Тэгээд бид хоёр буцаж явж байхад хөдөө зогсоод манай нөхөр “үнэнээ хэл” гэж 2 удаа зүүн талын чих рүү алгадсан. Тэгээд намайг дагуулж эмээгийнх рүү дахиж очиход нь би зугтаагаад цагдаад хандсан. ...Надад гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дүгээр тал/,

3.Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 04 дугаартай: Г.*******ын биед тархи доргилт, зүүн дунд чихний язарсан шарх, хэнгэргэн хальсны урагдал, дээд уруулын дотор салстын язарсан шарх, зүүн дээд нэгдүгээр шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Тухайн гэмтлүүд нь хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн хоёр ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 36.1-т зааснаар хөдөлмөрийн чадвар 10% алдуулна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 17-18 дугаар тал/,

4.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Х.*******ийн гэм буруугаа хүлээж өгсөн: 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр манай эхнэр Цэцэгбаяр нь ажлаасаа гэртээ ирээд хоол ундаа хийчихээд 19 цагийн орчимд нэг хүнтэй утсаар яриад замын пост орлоо, аймаг очиж хүнтэй уулзлаа, унаа олдохгүй бол дуудая гэж хэлээд гэрээсээ гарсан. Тэгээд би гэртээ ганцаараа үлдээд байж байгаад 22 цаг 40 минутын орчимд эхнэр лүүгээ залгатал яах гэж залгаад байгаа юм, миний хаана явах чамд хамаагүй гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд тэр шөнө эхнэр лүүгээ зогсолтгүй залгасан боловч утсаа аваагүй. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 21-ний өглөө 07 цаг 50 минут орчимд эхнэр лүүгээ залгатал би постны энд явна, аймгаас ирчихсэн гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд 30 орчим минутын дараа гэртээ орж ирэхээр нь би чи хааччихдаг юм бэ гэж асуутал юу ч дуугарахгүй байсан. Тэгэхээр нь би босож очоод чи надад үнэнээ хэлээч хаачаад ирж байгаа юм гэж асуутал би Булган очиж мэргэн түргэн хүн дээр очиж өөрийнхөө талын 3 юмыг шийдчихээд ирлээ гэж хэлэхээр нь юуг гэж асуутал юм дуугарахгүй байхаар нь зүүн хацар луу нь баруун гараараа нэг алгадаж, баруун мөр лүү нь баруун гарынхаа араар цохисон. Тэгээд би эхнэрээ босгоод алив тэр үзүүлсэн гээд байсан хүн дээр чинь очье гээд эхнэрээ аваад Булган аймаг явсан. Тэгээд эхнэрээрээ заалгаж байгаад төвд тэр мэргэн хүнийх нь гэрт очтол цоожтой байсан. Тэгээд эхнэрээсээ дугаарыг нь асуутал надад хоёр дугаар өгсөн. Гэхдээ тэр дугаарууд нь болохгүй байсан. Тэгээд би эхнэрийгээ аваад Өндөр хөтөл дээр очоод одоо үнэнээ хэл гээд хашгирч байгаад зүүн хацар луу баруун гараараа алгадтал надад би нэг шүүгч хүүхэнтэй танилцаад тэрэнтэйгээ жаахан уулзаж зөвлөгөө авсан юм гэж хэлэхээр нь дугаарыг нь автал бас болохгүй байсан. Тэгээд буцаж мэргэн хүнийх рүү эхнэрээ дагуулж очоод би өөрөө гэрийн хаалгыг нь татчихаад эргээд машин дээрээ иртэл эхнэр маань цүнхээ үлдээгээд алга болчихсон байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дугаар тал/, 2008 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Х.*******, Г.******* нар нь гэрлэлтээ бүртгүүлсэн тухай гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 36 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Г.*******ын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 04 дугаартай дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Х.*******ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Х.******* нь эхнэр Г.*******ыг хардах, мөрдөж мөшгөх, зодох зэргээр сэтгэл санааны болон бие махбодийн хэлбэрийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хэд хэдэн удаагийн үйлдлээр түүний эрүүл мэндэд тархи доргилт, зүүн дунд чихний язарсан шарх, хэнгэргэн хальсны урагдал, дээд уруулын дотор салстын язарсан шарх, зүүн дээд нэгдүгээр шүдний сулрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь нотлогдож байна.

        Шүүгдэгч Х.*******ийн гэм буруутай үйлдэл, хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, энэ нь шинжээчийн дүгнэлтээр батлагджээ.

Шүүгдэгч Х.******* гэм буруугийн талаар маргаагүй, түүний гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Г.*******ын бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.  

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Х.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Х.*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Г.******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд иргэний нэхэмжлэлийн баримт ирүүлээгүй, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Х.*******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Х.*******ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Х.*******ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Х.*******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 31-38 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, Цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Х.******* нь ам бүл 2, эхнэрийн хамт Булган аймаг, Орхон сум, 5 дугаар багийн Мандал, Далт 7 дугаар гудамжны 5 тоотод оршин суудаг, Орхон сумын Жаргалант багт үйл ажиллагаа явуулдаг “Орхон тариа” ХХК-д улирлын чанартай ажил эрхэлдэг, ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Х.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 4/01 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Х.*******ийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хохирлыг төлсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаварыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Х.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, оршин суугаа газар, ажил эрхлэлтийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүгдэгчийн оршин суугаа газар болох Булган аймгийн Орхон суманд эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч Х.******* нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж, шүүгдэгч Х.******* нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ны *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх шинжтэй буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******ийг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******эд оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг Булган аймгийн Орхон сумын Засаг даргын тамгын газарт эдлүүлэхээр зааж, уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Х.*******эд сануулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Х.******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.*******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Х.******* нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               С.ЦЭРЭНХАНД