Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/20

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч П.Шижиртуяа,

шүүгдэгч Ж.******* нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.*******ад холбогдох эрүүгийн 2115000000281 дугаартай, 163/2022/0011/Э индекстэй хэргийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, Булган аймгийн Сэлэнгэ суманд 1976 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, ... тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Өрмөгтэй хязгаарлагдмал хувьцаат компанид жолооч ажилтай, ам бүл 12, эхнэр, хүүхэд, ач, зээ нарын хамт амьдардаг, 45 настай, эрэгтэй, Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 136 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил, 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж байсан, РД: ....

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.******* нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар багийн нутаг Ингэтийн голын “Оготнот” гэх газрын ойгоос 2.2684 м3 хус төрлийн модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2115000000281 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Ж.******* нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр өөрийн эзэмшлийн ******* СЭН улсын дугаартай Hyundai Porter  загварын тээврийн хэрэгсэл ашиглан Булган аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар багийн нутаг Ингэтийн голын Оготнот гэх газрын ойд 2.2684 м3 хус төрлийн мод зөвшөөрөлгүй бэлтгэж байгаль экологид 644.916 төгрөгийн шууд хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. 

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.*******ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Хэргийн газарт үзлэг хийсэн: Хэрэг учрал болсон гэх газар нь Булган аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар багийн нутаг Ингэтийн голын Оготнот гэх газар байв. Уг газар нь ой модоор хүрээлэгдсэн ойн сан бүхий газар байв. Үзлэгийн оролцогч Ж.*******аар ...модны хожуулуудыг заалгаж хэмжилт хийхээр тогтоов. ... гэх 1-9 гэж дугаарласан модны хожуулуудын диаметр, өндөр зэргийг хэмжиж гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 03-06 дугаар тал/,

Модонд үзлэг хийсэн 1.44-1.51 сантметрийн урттай, 12-27 сантметрийн диаметртэй 52 ширхэг хус мод байгааг жагсааж гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 07-09 дүгээр тал/,

Ойд бэлтгэсэн 52 ширхэг нойтон хус мод, мод бэлтгэхэд ашигласан ******* СЭН улсын дугаартай Hyundai Porter загварын тээврийн хэрэгслийг тус тус битүүмжилсэн мөрдөгчийн хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хавтаст хэргийн 10-13, 18-22 дугаар тал/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн: Уг тээврийн хэрэгсэл нь 1997 онд үйлдвэрлэгдэж 2012 оны 11 дүгээр сард Монгол Улсын хилээр орж ирсэн бага оврын ачааны цагаан өнгийн ******* СЭН улсын дугаартай тээврийн хэрэгсэл байв”  гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 15-17 дугаар тал/,

Хөрөөнд үзлэг хийж, хураан авсан: Уг хөрөө нь БНХАУ-д үйлдвэрлэсэн улаан өнгийн өнгөтэй, зүүн талдаа улаан өнгийн маниултай, баруун талдаа хөх өнгийн тагтай, ямар нэгэн бичиглэлгүй, хуучин хөрөө байв гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар хураан авсан тогтоол, тэмдэглэл /хавтаст хэргийн 23-25 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжпэгч Д.*******ийн өгсөн: Сэлэнгэ сумын 5 дугаар багийн иргэн Ж.******* нь Булган аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар багийн нутаг Ингэтийн голын Оготнот гэдэг газраас 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хууль бусаар мод бэлтгэн тээвэрлэсэн байсан. Байгаль экологид учирсан хохирлоо нэхэмжилнэ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дугаар тал/,

Гэрч О.*******ын өгсөн: Би Хялганат тосгон дахь сум дундын ойн ангид инженер ажилтай. Мод бэлтгэх эрхийн бичигт ямар төрлийн мод бэлтгэх вэ гэдгийг бичсэн байхад өөр төрлийн мод бэлтгэн тээвэрлэж байвал болохгүй. Дээрх мод бэлтгэх эрхийн бичгээр хус төрлийн мод бэлтгэж болохгүй. Хусны тусгаарлалт хийгдсэн талбайгаас хөгшин нойтон болон унасан унианг хус модонд талбайн тусгаарлалт хийгдсэн. Хус мод өөрөө унаад удахаар ашиглах боломжгүй хатаад үүрчихдэг юм.Тэгээд хөгширсөн нойтон босоо модонд тусгаарлалт хийж өгсөн. Тухайн мод бэлтгэх эрхийн бичигт заагдсан модны төрлийг зөрчиж байгаа нь тухайн мод бэлтгэх эрхийн бичиг хүчингүй гэж ойлгож байна. Учир нь тухайн мод бэлтгэх эрхийн бичигт заагдсан модны төрлөөр тухайн модыг бэлтгэн тээвэрлэх ёстой гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дүгээр тал/,

Гэрч Э.*******гийн өгсөн: 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгаль хамгаалагч *******оос мод бэлтгэх эрхийн бичиг аваад нөхөр *******, хүү ******* нарын хамтаар Булган аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар багийн нутаг Ингэтийн голын Оготнот гэдэг газраас нөхөр *******ын эзэмшлийн ******* СЭН улсын дугаартай Hyundai Porter  загварын тээврийн хэрэгсэлтэй, улаан өнгийн БНХАУ-д үйлдвэрлэсэн цахилгаан хөрөөтөй явж 8 ширхэг хус мод унагааж хөрөөдөн бэлтгэсэн. Ингээд бэлтгэсэн модоо тээвэрлэж Сэлэнгэ сумын төв рүү орох гэж яваад цагдаад баригдсан. Би мод бэлтгэх эрхийн бичгийг анх бичүүлж авсан юм. Тухайн үедээ анзаарч хараагүй. Мод бэлтгэх газрыг заасан газраас өөр газарт бэлтгэх шийдвэрийг манай нөхөр ******* гаргаж Оготнот гэдэг газраас бэлтгэсэн юм гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51 дүгээр тал/,

Гэрч М.*******гийн өгсөн: 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр аав *******, ээж ******* нар нь мод бэлтгэх эрхийн бичиг авсан, хамт модонд явъя гэхээр нь аавын эзэмшлийн Porter загварын ******* СЭН улсын дугаартай тээврийн хэрэгслээр Булган аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар багийн нутаг Оготнот гэдэг газарт очиж хус төрлийн мод бэлтгэн тээвэрлэж Сэлэнгэ сум руу явж байгаад цагдаад саатуулагдсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55 дугаар тал/,

Гэрч А.*******гийн өгсөн: Би ******* СЭН улсын дугаартай портер загварын тээврийн хэрэгслийг өөрийн найз Наранбаатараас 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 4 сая төгрөгөөр худалдаж авч байсан. Манай компаны ажилтан ******* машинаа надад зарчих, цалин дээрээс хувааж төлнө гэсний дагуу бид хоёр аман байдлаар гэрээ хийгээд би *******ад машинаа өгсөн. Нэр болон бусад баримтаа тооцоогоо дуусахаар шилжүүлэхээр болсон гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63-64 дүгээр тал/,

Булган аймгийн Хялганат тосгон дахь сум дундын ойн ангийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 21 дугаартай: Булган аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар багийн нутаг Оготнот гэх газарт 2021 онд мод бэлтгэлийн талбайн тусгаарлалт хийгдээгүй. Булган аймгийн Сэлэнгэ сумын Оготнот гэдэг газар нь ойн ашиглалтын бүсэд орно. Тухайн бэлтгэсэн мод нь нойтон хус мод байна. Бэлтгэсэн модны экологи, эдийн засгийн үнэлгээ нь 2.2684 м3 буюу 644.916 төгрөг гэх дүгнэлт /хавтаст хэргийн 86 дугаар тал/,

Байгаль орчины хяналтын улсын байцаагчийн хохирлын үнэлгээ тооцсон 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн: Экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ нь 644.916 төгрөг болох нь тогтоогдсон бөгөөд уг үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 3 дахин өсгөж үнэлгээг тооцоход 1.934.748 төгрөг болж байна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 91 дүгээр тал/,

Тольдох оюуны өгөөж хязгаарлагдмал хувьцаат компанийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №21/413 дугаартай: Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хятад моторт хөрөө 45.000 төгрөг, ******* СЭН улсын дугаартай, Hyundai Porter загварын тээврийн хэрэгслийн үнэ 1.045.318 төгрөг гэх дүгнэлт /хавтаст хэргийн 72-76 дугаар тал/,

Шүүгдэгч Ж.*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээж өгсөн: Би түлээний мод бэлтгэхээр 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар багийн байгаль хамгаалагч *******оос мод бэлтгэх эрхийн бичиг аваад эхнэр *******, хүү ******* нарын хамт Булган аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар багийн нутаг Зүүн хүзүүний баруун салаа гэх газар луу өөрийн эзэмшлийн ******* СЭН улсын дугаартай цагаан өнгийн портер загварын тээврийн хэрэгсэлтэй явсан. Замд Ингэтийн гол, Зүр хүзүүний гол гээд ус шавар ихтэй газраар явах гээд байхаар нь болиод Сэлэнгэ сумын 5 дугаар багийн нутаг Оготнот гэх газар очиж хус төрлийн 8 ширхэг мод унагааж бэлтгэсэн юм. Бэлтгэсэн моднуудаа эхнэр *******, хүү ******* нарын хамт ******* СЭН улсын дугаартай цагаан өнгийн портер загварын тээврийн хэрэгсэлд ачаад гэрлүүгээ явж байхад сумын төвд цагдаа зогсоож шалгаад бичиг баримтын зөрчилтэй байна гээд саатуулсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 101 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цахилгаан хөрөөг таниулж судласнаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Д.*******, гэрч О.*******, Э.*******, М.*******, А.******* нарын өгсөн мэдүүлэг, сум дундын ойн ангийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 21 дугаартай дүгнэлт, хэрэг учралын газарт болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөрөө зэргийг харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар шүүгдэгч Ж.******* нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын Зүүн хүзүүний баруун суга гэх газраас ойн цэвэрлэгээний аргаар хар мод төрлийн хэрэглээний болон түлээний 4м3 модыг ******* СЭН улсын дугаартай Hyundai Porter загварын тээврийн хэрэгслээр бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгуулагаас авсан боловч тухайн өдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ******* СЭН улсын дугаартай Hyundai Porter загварын тээврийн хэрэгсэл ашиглан хувийн эрх ашгийн үүднээс газрыг дөтөлж зөвшөөрөлд зааснаас өөр газраас буюу тус аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар багийн нутаг Оготнот гэх газрын ойд хус төрлийн нойтон мод бэлтгэж Монгол Улсын Үндсэн хууль болон Ойн тухай хуулийг зөрчиж, ойд зөвшөөрөлгүй мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдлоо.

Дээрх нотлох баримтуудыг шүүгдэгч Ж.*******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.

Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсхүл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бусаар бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч Ж.******* нь эрх бүхий байгууллагаас олгосон мод бэлтгэх эрхийн бичигт зааснаас өөр газрын ойд, өөр төрлийн мод бэлтгэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

 Шүүгдэгч Ж.*******ын эрх бүхий байгууллагаас олгосон мод бэлтгэх эрхийн бичигт зааснаас өөр газраас, өөр төрлийн мод бэлтгэж буй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан байгаль орчины эсрэг гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, байгалийн баялаг болон экологийн тэнцвэрт байдалд хохирол учруулсан үйлдэл учир хэргийн зүйлчлэл тохирсон,  прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.  

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ж.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Ж.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас улсын ойн санд 644.916 төгрөгийн шууд хохирол /хавтаст хэргийн 86 дугаар тал/ учирсан нь Булган аймгийн Хялганат тосгон дахь сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4 дэх хэсэгт заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөсөн хэмжээгээр 1.934.748 төгрөгийн /хавтаст хэргийн 91 дүгээр тал/ хохирол, нөхөн төлбөрийг тооцсон байна.

Уг хохирол, нөхөн төлбөр төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Ж.*******аас байгаль экологид учирсан 1.934.748 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгохоор шийдвэрлэв.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ж.*******ыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ж.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ж.*******ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэв.

Хавтаст хэргийн 111-121 дүгээр талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.******* нь ам бүл 12, эхнэр, хүүхэд, ач, зээ нарын хамт Булган аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар баг, Ингэт Моностой 1-21 тоотод оршин суудаг, Өрмөгтэй хязгаарлагдмал хувьцаат компанид жолооч ажилтай, урьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 136 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил, 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж байсан зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ж.*******ын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрлийг сонгож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус зохицуулсан.

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ******* СЭН улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр иргэн М.Наранбаатарын өмчлөл, эзэмшилд байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, гэрч А.*******, шүүгдэгч Ж.******* нарын мэдүүлгээр /хавтаст хэргийн 107-108, 63-64 дүгээр тал/ шүүгдэгчийн өмчлөл, эзэмшилд шилжсэн болох нь тогтоогдож байна.

Иймд хэрэгт мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ******* СЭН улсын дугаартай Hyundai Porterзагварын тээврийн хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон 52 ширхэг 2.2684 м3 хэмжээтэй хус төрлийн мод зэргийг тус тус хурааж, үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 45.000 төгрөгийн үнэлгээ бүхий Бүгд найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн цахилгаан хөрөөг хурааж, үнийг улсын орлого болгох, энэ хэрэгт шүүгдэгч Ж.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Ж.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ж.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтанд торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд оногдуулсан торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Ж.******* нь цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ж.*******аас байгаль экологид учруулсан хохирол 1.934.748 /нэг сая есөн зуун гучин дөрвөн мянга долоон зуун дөчин найм/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1.045.318 /нэг сая дөчин таван мянга гурван зуун арван найм/ төгрөгийн үнэлгээ бүхий ******* СЭН улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон гэмт хэрэг үйлдэж олсон хус төрлийн 52 /тавин хоёр/ ширхэг буюу 2.2684м3 хэмжээтэй мод зэргийг тус тус хурааж, үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 45.000 /дөчин таван мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Бүгд найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэсэн цагаан өнгөтэй цахилгааг хөрөөг хурааж улсын орлого болгосугай.

8. Энэ хэрэгт шүүгдэгч Ж.*******аас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.ЦЭРЭНХАНД