Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/23

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч Э.Гантулга,

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн,

шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан,

шүүгдэгч С.******* нарыг оролцуулан Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.*******д холбогдох эрүүгийн 2115000000293 дугаартай, 163/2022/0020/Э индекстэй хэргийг 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, Булган аймгийн Хутаг-Өндөр суманд 2003 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, Булган аймаг, Хутаг-Өндөр сумын 1 дүгээр багийн Сэлэнгэ хоёрдугаар гудамжны 200 тоотод оршин суух бүртгэлтэй, Глобал удирдагч дээд сургуулийн нэгдүгээр курсын оюутан, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт амьдардаг, 18 настай, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, /РД: ГН*******/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.******* нь 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 17 цаг 50 минутын орчимд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нэгдүгээр багийн нутагт ******* УБЦ улсын дугаартай Приус загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Э.*******ын амь насыг хохироосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.*******ийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2115000000293 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1 дүгээр багийн нутагт байрлах хатуу хучилттай зам дээр 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 17 цаг 50 минутын орчимд ******* УБЦ улсын дугаартай, саарал өнгийн Приус загварын тээврийн хэрэгсэл замаас гарч онхолдох үед уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Э.******* шидэгдэж, ухаангүй байдалтайгаар хэргийн газраас эмнэлэгт хүргэгдэн эмчлэгдэж байгаад гавал тархины битүү гэмтлийн улмаас амь нас нь хохирсон үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

  1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.*******ийн өгсөн: 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Э.******* найз маань машинаа аваад гараад ир гэж холбоо барьсан. Тэгээд би ээжийг ажлаа хийж байхад машиных нь түлхүүрийг нууцаар авч гараад найз дээрээ очиход гэрээсээ нэг ууттай юм бариад гарч ирсэн. Машинд суугаад бид хоёр Хутаг-Өндөр уул руу явсан ба тэндээс буугаад Бурхан луу явсан. Тэнд очоод нөгөө ууттай юмаа задлахад 2.5 литрийн том пиво байсан ба найз маань түүнээсээ 2 аягыг уугаад, бид хоёр сумын төв рүү хөдөлсөн. Сумын төв рүү явж байхад урд юм түг гээд дуугарсан, үүнээс хойш юу болсоныг мэдээгүй эмнэлэгт сэрсэн гэх мэдүүлэг,

2. Хэргийн газарт үзлэг хийсэн: Уг хэрэг болсон гэх газар нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын төвийн хойд хэсгээр явсан асфальтан зам байв. Уг газрын замын хойд хэсэгт Чес газ гэх шатахуун түгээгүүрийн газар байна. Асфальтан замаас ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд явж байгаад асфальтан замын урд хэсэг рүү гарсан 4 ширхэг дугуйны мөр байх ба уг мөрүүд нь шарвалтын мөр болов уу  гэлтэй харагдаж байлаа. Асфальтан замаас ертөнцийн зүгээр урд зүгт  Приус загварын саарал өнгийн тээврийн хэрэгсэл байх ба ...эвдэрч хэмхэрсэн буюу гадна талаар хөрвөөж эргэсэн байдалтай хэлбэр дүрсээ алдсан байв. ...гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 05-07 дугаар тал/,

3. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн: Уг тээврийн хэрэгсэл нь ******* УБЦ улсын дугаартай саарал өнгийн Приус загварын тээврийн хэрэгсэл байв. Шилнүүд хагарч үүрсэн, хаалганууд хэлбэр дүрсээ алдаж хөдлөхгүй болсон байв. Ойр орчимд тээврийн хэрэгслийн эвдэрч хэмхэрсэн гэрэл дохио, шил, толь зэрэг зүйл эмх замбраагүй байрласан байв. ...Үзлэгийн явцыг 12 кадр гэрэл зургаар бэхжүүлэн авав. Үзлэгийн явцад тээврийн хэрэгслээс цус мэт зүйлээр бохирлогдсон түлхүүрийг хураан авсан болно гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 08-12 дугаар тал/,

4. Цогцост үзлэг хийсэн: Цогцосны урт 164 см, толгойдоо 12 см бор өнгийн халимаг үстэй, биеийн хөгжил зөв, 17 настай эрэгтэй хүний цогцос байв. ...гэх  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 14-20 дугаар тал/,

5. Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн: 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 17 цаг 50 минутаас бичлэгийг үзэхэд ертөнцийн зүгээр баруун талаас цайвар өнгийн суудлын тээврийн хэрэгсэл явах бөгөөд уг тээврийн хэрэгслийн эсрэг урсгалаас саарал өнгийн Приус загварын тээврийн хэрэгсэл зөрж, цааш явж байгаад эхлээд замын хойд талын шороо хэсэг рүү хальт орж шороо босгож, улмаар тээврийн хэрэгсэл дайвалзаж байгаад хатуу хучилттай замын урд хэсэг рүү онхолдож /хөрвөөж/ унав. Тээврийн хэрэгслээс хатуу хучилттай замын хооронд газарт нэг хүн хэвтэж байгаа харагдав. Мөн тээврийн хэрэгслийн жолоочийн суудлаас нэг хүн бууж ирж байв. Улмаар машинаас шидэгдэж газар хэвтэж байсан хүн дээр очив гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 22-24 дүгээр тал/,

6. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч А.*******ийн өгсөн:  Өмнө гэрчээр өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй. ...*******ийн ээж ******* буяны ажилд 500.000 төгрөг бэлнээр өгсөн. Мөн 2 хонь, 1 ямаа өгсөн. Мөн Хутаг-Өндөр сумын төвд байрлах Сэлэнгэ нэртэй дэлгүүрээс манай буяны ажилд зориулж хоол хүнсний материал, зэд гэх мэт зүйлүүдийг зээлээр авч өгсөн. Тухайн зээлээр авсан барааг ******* төлж байгаа бөгөөд намайг битгий төлөөрэй гэж хэлсэн. … Буяны ажилд шатахуун, хоол хүнсний зүйл авсан бөгөөд 2.827.351 төгрөг болсон. Мөн талийгаач *******д Хутаг-Өндөр сумын төвд байрлах Хоршоолол дэлгүүрээс 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 580.000 төгрөгөөр гар утас авч өгсөн. Тухайн гар утас нь осол болсоны дараа олдоогүй учир уг гар утасны мөнгийг нь нэхэмжилж байна. Ингээд нийт 3.407.351 төгрөгийг одоогийн байдлаар нэхэмжилж байна. Мөн буяны 49 хоногийн мөнгийг нэмж нэхэмжлэх болно гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35, 38 дугаар тал/,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч А.*******ийн 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гэрчээр өгсөн: 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр манай хүү ******* нь Шарка буюу *******тэй уулзчихаад ирье гээд гэрээсээ гараад явсан. Түүнээс хойш холбоо бариагүй байж байгаад орой 19 цагийн орчимд манай охины утас руу хүн яриад манай хүүг зам тээврийн осолд орсон талаар хэлсэн байсан. Эмнэлэг дээр очиход ******* ухаангүй хэвтэж байсан бөгөөд пудволк нь их хэмжээний цус болчихсон байсан. Эмчилгээ хийлгэж байгаад аймгийн төвөөс эмч нар ирж хагалгаанд орсон. Хагалгааны дараа бөөр болон тархи нь гэмтэлтэй байна, Булган аймаг руу зөөвөрлөж болохгүй, амьд үлдэх боломж байгаа эсэхийг хэлж мэдэхгүй байна гэж хэлсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52-53 дугаар тал/,

7. Иргэний хариуцагч Ч.*******ы өгсөн: Тухайн жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би талийгаач *******ын ар гэрт буяных нь ажилд тус болж 2 хонь, 1 ямаа, бэлнээр 630.000 төгрөг өгсөн. Мөн буяны ажил явдалд бэлдэхэд дэлгүүрээс зээлээр бараа бүтээгдэхүүн авсан бөгөөд ойролцоогоор 3.600.000 төгрөгийг төлчихсөн байна. Би өөрийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй. Гэмт хэргийн болсон үйл явдлын талаар мэдүүлэг өгөхийг хүсэхгүй байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дүгээр тал/,

8. Гэрч Д.*******ын өгсөн: 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Хутаг-Өндөр сумын хойд талын хатуу хучилттай зам дагуу байрлах газ түгээх газарт түгээгчээр ажиллаж байсан. Оройн 18 цагийн орчимд өрөөндөө хоол идээд сууж байх үед чанга чимээ гарахаар нь цонхоороо харахад ертөнцийн зүгээр зүүн талаас баруун зүгт явж байсан суудлын тээврийн хэрэгсэл хатуу хучилттай замаас гараад хөрвөж унаж байсан. Тухайн үед сандарсандаа ойролцоо зөрсөн тээврийн хэрэгслийг хараагүй. Осолд орсон машин дээр очих үед нэг хүүхэд нь машинаас гарчихсан зүгээр алхаж байсан. Харин нөгөө хүүхэд нь машинаас ерөнцийн зүгээр хойд талд газарт шидэгдсэн байдалтай ёо, ёо гэж хэлээд бие нь их муу байгаа бололтой хэвтэж байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46-47 дугаар тал/,

9. Мөрдөгчийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн: Жолооч ******* овогтой ******* /ГН*******/ нь цагдаагийн газрын хайлтын мэдээллийн санд жолоодох эрхийн үнэмлэхгүй байна. Тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна. Жолооч С.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Уг дүрмийн 3.1-д механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна. а.Тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл /жолоодлогын дадлага хийж байгаа суралцагчид хамаарахгүй/, 12.3-т зааснаар жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн байна. Уг зам тээврийн осол нь С.******* нь тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ аваагүй, мэргэшсэн жолооны сургалтанд хамрагдаж, жолоодох эрхийн үнэмлэх авалгүй тээврийн хэрэгслийг жолоодсоны улмаас осол гарсан байна гэх 07 дугаартай магадлагаа /хавтаст хэргийн 71 дүгээр тал/,

10. Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн: 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 74 дугаартай талийгаач Э.*******ын цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр онош хэсэгт бичигдсэн гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу, мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Суурь ясны түрк эмээлийн зүүн дээд ирмэгээс их бие, баруун чулуулгийн дотор ханаар дагзны ар, баруун хонхор хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, уг хугарлаас ташуу чиглэлтэй нугасны том нүх хүрч төгссөн шугаман хугарал, зүүн ухархайн дээд ханын хөндлөн шугаман хугарал, дагзны аалзан хальс доорх цус харвалт, баруун уушигны дэлбэнгийн цус хуралт, зүрхний зүүн ховдолын дотор ханын цус хуралт, 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн баруун бөөрийг авсан мэс заслын дараах байдал гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэг, зүүн талын 2, 3, 4, 5 дугаар хавирганы шууд хугарал гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр гэмтэл, зүүн дээд зовхинд үүссэн шарх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэг, зүүн чамархай хуйх, хэвлийн зүүн хажуу хэсэг, зүүн шилбэ, баруун ташаа, баруун мөрөнд үүссэн зулгаралт, баруун зүүн дээд зовхи, дух, толгойн хуйхны гадар гадаргууд үүссэн цус хуралт гэмтлүүд нь нийлээд болон тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаачид шууд үхэлд хүргэх архаг, хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач нь нэгдүгээр бүлгийн цустай байна. Талийгаач нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ. Хутаг-Өндөр сумын эрүүл мэндийн төвийн эмч нар болон Булган аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар эмнэлгийн анхан шатны тусламж болон хэвлийн хөндийн хагалгааг зохих журмын дагуу хийсэн байна. Амь нас аврагдах боломж бага байжээ гэх дүгнэлт /хавтаст хэргийн 77-81 дүгээр тал/,

11. 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 60 дугаартай шинжээчийн: Шинжилгээнд ирүүлсэн тээврийн хэрэгслийн баруун урд талын гэх дугуйны дотор тал эвдрэл гэмтэл байхгүй. Гадна талд үүссэн эмтрэлт нь хий алдахгүй, цооролтгүй дугуйн өнгөн хэсэг байна. Уг дугуйны хий дугуйн обуд нь хэлбэрээ алдсанаас шалтгаалан обуд дугуйны завсараар бага зэрэг хий алдана. Уг дугуй нь хэрэг болох үеийн цаг агаарын нөхцөл байдалд тохирно гэх дүгнэлт /хавтаст хэргийн 102-103 дугаар тал/,

12. Шүүгдэгч С.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: Тухайн өдөр 12 цаг 30 минутын орчимд ******* утсаар залгаад машинаа аваад гараад ир гэхээр нь би ээжийг гэртээ ажлаа амжуулж байх хойгуур нь ******* УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн түлхүүрийг нь аваад машинаа унаад *******ын гэрийн гадаа очсон. Тухайн үед ******* гэрийнхээ зүүн талд байдаг байшингийн торх дотроос ууттай зүйл бариад машинд суусан. …******* ууттай зүйлээ задлахад 2.5 литрийн савлагаатай 2 ширхэг пиво байсан. ******* пивоноос 2 аягыг уугаад үлдсэнийг нь асгачихсан. Сумын төв рүү хөдлөөд явсан. Хатуу хучилттай зам дээр явж байх үед урд нэг юм таг хийж дуу гараад ухаан алдсан. Ухаан ороход сумын эмнэлэг дээр ирчихсэн байсан. Ослын үеийн болсон үйл явдлыг санахгүй байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 120-121 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан хэрэг, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаарх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч А.*******ийн хохирол, хор уршгийн талаар өгсөн мэдүүлэг, гэрч Д.*******ын 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Хутаг-Өндөр сумын хойд талын хатуу хучилттай зам дагуу байрлах газ түгээх газарт түгээгчээр ажиллаж байх үед оройн 18 цагийн орчимд ертөнцийн зүгээр зүүн талаас баруун зүгт явж байсан суудлын тээврийн хэрэгсэл хатуу хучилттай замаас гарч хөрвөж унасан, осолд орсон машин дээр очих үед 2 хүүхэд байсан, нэг хүүхэд нь машинаас гарч ирсэн явж байсан, нөгөө хүүхэд нь машинаас ерөнцийн зүгээр хойд талд газарт шидэгдсэн байдалтай хэвтэж байсныг харж гэрчилсэн мэдүүлэг, шүүгдэгч С.*******ийн жолоодож явсан ******* УБЦ улсын дугаартай Приус загварын тээврийн хэрэгсэл нь Ч.*******ы эзэмшлийн тээврийн хэрэгсэл болохыг гэрчилсэн иргэний хариуцагч Ч.*******ы гэрчээр өгсөн мэдүүлэг, талийгаачийн биед хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтлүүд учирсан ба талийгаач гавал тархины битүү гэмтлийн улмаас амь хохирсон болохыг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 74 дугаартай дүгнэлт, С.******* нь тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ аваагүй, мэргэшсэн жолооны сургалтанд хамрагдаж, жолоодох эрхийн үнэмлэх авалгүй тээврийн хэрэгслийг жолоодсон нь зам тээврийн осол гарах шалтгаан болсоныг тогтоосон мөрдөгчийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 07 дугаартай магадлагаа, тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэл нь ослын үед үүссэн талаарх шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 60 дугаартай дүгнэлт, зам тээврийн осол гарсан газарт болон хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргийг харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар шүүгдэгч С.******* нь мэргэшсэн жолооны сургалтанд хамрагдаж, жолоодох эрхийн үнэмлэх аваагүй үедээ буюу 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Ч.*******ы эзэмшлийн ******* УБЦ улсын дугаартай Приус загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож тухайн өдрийн орой 17 цаг 50 минутын орчимд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нэгдүгээр багийн нутагт хөдөлгөөнд аюул, саад тулгарах үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас тээврийн хэрэгсэл замаас гарч  хөрвөөх үед хамт зорчиж явсан Э.******* тээврийн хэрэгслээс шидэгдэж, түүнд  гавал тархины битүү гэмтэл учруулж амь насыг хохироосон шүүгдэгч С.*******ийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч Э.*******ын биед тогтоогдсон гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд өөрөөр хэлбэл амь хохирогч шидэгдэн унах үедээ болон тээврийн хэрэгслийг хөрвөөх үед цохих, цохигдох байдлаар авсан гэмтэл болох нь эргэлзээгүй нотлогдсон байх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг шүүгдэгч С.*******ийн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийг шүүгдэгч С.******* жолоодож явсан, тэрээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээд юм.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч С.******* нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдэж дээрхи хор уршигт хүргэснээр гэм буруугийн хувьд болгоомжгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүний амь хохирч хүнд хохирол учирсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч С.*******ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч С.*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас С.*******ын амь хохирч хүнд хор уршиг учирсан ба амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч А.******* нь талийгаачийн оршуулгын зардалд 3.409.001 төгрөгийг нэхэмжилж нотлох баримт ирүүлсэн нь хавтаст хэргийн 159-164 дүгээр талуудад авагдсан байна.  Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хавтаст хэргийн 166 дугаар талд авагдсан баримтаар шүүгдэгч С.******* нь 3.748.100  төгрөгийг шилжүүлж,  мөн 2 хонь, 1 ямаа, бэлнээр 630.000 төгрөг өгөх зэргээр эд материалын тусламж, дэмжлэг үзүүлсэнэээр амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч А.******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн байх тул шүүгдэгч С.*******ийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч С.*******ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч С.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх ба түүний хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Хавтаст хэргийн 123-128 дугаар талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа газрын лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, Глобал удирдагч их сургуулийн тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтаар шүүгдэгч С.******* нь ам бүл 3, ээж, дүүгийн хамт Булган аймаг, Хутаг-Өндөр сумын 1 дүгээр багийн Сэлэнгэ 2 дугаар гудамжны 200 тоотод оршин суудаг, “Глобал удирдагч” их сургуулийн Сувилахуйн салбарын нэгдүгээр дамжаанд суралцдаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн байдлыг тогтоожээ.

Шүүгдэгч С.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлд заасан хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарч байгаа бөгөөд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирол болох оршуулгын зардлыг бүрэн төлсөн, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч А.******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэж хүсэл зоригоо шүүхэд илэрхийлсэн зэрэг хэргийн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч С.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт, тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн үнэмлэх хураагдаж ирээгүйг тус тус дурдаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн бичлэг бүхий хоёр ширхэг СД-г хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсарган хадгалж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч С.*******д оршин суух газар, сургуулиа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч С.*******д сануулсугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч С.******* нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгчээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх хураагдаж ирээгүй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч А.******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн бичлэг бүхий хоёр ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган хадгалсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 С.ЦЭРЭНХАНД