Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/28

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч П.Шижиртуяа,

шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Үүрцайх,

шүүгдэгч А.*******, Б.******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.*******, Б.******* нарт холбогдох эрүүгийн 2115001930242 дугаартай, 163/2022/0012/Э индекстэй хэргийг 2021 оны 12 дугаар сарын 06ы өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******овогт ****************, Булган аймгийн Могод суманд 1992 оны 12 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, Булган аймгийн Могод сумын 4 дүгээр багийн “Наран” гэх газарт оршин суух бүртгэлтэй, малчин, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, 29 настай, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, *.

Монгол Улсын иргэн, ********овогт ************, Булган аймгийн Могод суманд 1978 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, Булган аймгийн Могод сумын 4 дүгээр багт оршин суух бүртгэлтэй, малчин, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, 43 настай, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, *.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.*******, Б.******* нар нь бүлэглэж 2020 оны 01 дүгээр сард зөвшөөрөлгүйгээр Булган аймгийн Могод сумын 4 дүгээр багийн нутаг “Хар мод” гэх газрын ойд 14.06 м3 шинэс төрлийн ноз йтон модыг бэлтгэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2115001930242 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч А.*******, Б.******* нар нь 2020 оны 01 дүгээр сард Булган аймгийн Могод сумын 4 дүгээр багийн нутаг Хар мод гэх газрын ойд шинэс төрлийн нойтон, ургаа мод хөрөөдөж, 2020 оны  8 дугаар сард цагаалан зүсвэрт оруулах замаар зүсмэл материал буюу 92 ширхэг банз, 16-45 сантиметрийн диаметртэй, 1.47-1.50 сантиметрийн урттай түлээний нойтон, хэрэглээний бөөрөнхий мод 22 ширхэгийг TE-200 загварын бага оврын трактор ашиглан бэлтгэж, байгаль экологид 8.017.235 төгрөгийн шууд хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. 

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.*******ын өгсөн: Би өвөлжөө, хаваржаагаа засах гээд гоожин авах талаараа ойн байцаагч *******тай 2019 оны намар утсаар ярьсан ба төв ороод гоожингоо аваарай гэсэн. Тэгээд бид гахай сарын гахай өдөр мод унагах болоод гоожингоо аваагүй байхдаа мод унагасан. Тэгээд сүүлд нь Могод сумын төв рүү орж ойн байцаагч *******гаас гоожингоо авсан гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Б.*******ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,

Хэргийн газарт үзлэг хийсэн: Хэрэг учрал болсон гэх газар нь Булган аймгийн Могод сумын 4 дүгээр багийн нутаг Хар мод гэх газар байна. Уг газар нь сийрэг ой модоор хүрээлэгдсэн ойн сан бүхий газар байна. Үзлэгийнн оролцогч А.*******аар хөрөөдөж тайрсан хожуул модыг заалгаж хэмжилт хийхээр тогтов. Солбилцолын цэг нь N48.474151, E103.1221916. ...Хожуулуудыг цахилгаан хөрөөгөөр догол гаргаж жигд хөрөөдсөн байв гэх 1-19 гэж дугаарласан модны хожуулуудын диаметр, өндөр зэргийг хэмжиж гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 04-27 дугаар тал/,

Ойд бэлтгэсэн 14.06 м3  буюу зүсвэрт орсон 92 ширхэг банз, 22 ширхэг шинэс төрлийн нойтон мод, мод бэлтгэхэд ашигласан улсын дугааргүй, TE-200 загварын ногоон өнгийн бага оврын тракторыг тус тус битүүмжилсэн мөрдөгчийн хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хавтаст хэргийн 28-30, 39-43 дугаар тал/,

Бага оврын ногоон өнгийн тракторт үзлэг хийсэн: Уг трактор нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсад 2012 оны 8 дугаар сард үйлдвэрлэгдсэн, TE-200 загварын моторын TE1606MG дугаартай байна гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 31-33 дугаар тал/,

Модонд үзлэг хийсэн: Модонд хийх үзлэгийг зүсвэрт орсон урт, зузаанаар хэмжиж хийхээр тогтов. Уг зүсвэрт орсон мод нь шинэс төрлийн мод байна. 45 см-ийн диаметртэй, 1.50 см-ийн урттай хөрөөдөж тайрсан мод 1 ширхэг, 16 см-ийн диаметртэй, 1.90 см-ийн урттай мод 1 ширхэг, 55 см-ийн диаметртэй, 1.47 см-ийн урттай мод 1 ширхэг, 50 см-ийн диаметртэй, 1.50 см-ийн урттай мод 1 ширхэг, 45 см-ийн диаметртэй, 1.50 см-ийн урттай мод 1 ширхэг,  1.90 см-ээр тайрсан мод 16 ширхэг байна. Уг зүсвэрт орсон моднуудыг цахилгаан хөрөөгөөр хөрөөдсөн байна   гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 34-38 дугаар тал/,

Хөрөөнд үзлэг хийж, хураан авсан: Уг хөрөө нь БНХАУ-д үйлдвэрлэсэн, ямар нэгэн бичиглэл байхгүй, дахин ашиглах боломжгүй, эвдэрч хэмхэрсэн цахилгаан хөрөөг эд мөрийн баримтаар хураан авав гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар хураан авсан тогтоол, тэмдэглэл /хавтаст хэргийн 44-45 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч А.*******гийн өгсөн: Булган аймгийн Могод сумын засаг даргын тамгын газрыг төлөөлж тус хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Би хэргийн талаар сайн мэдэхгүй байна, гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан хохирлыг буруутай этгээдүүдээр нөхөн төлүүлэх саналтай. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 65-66 дугаар тал/,

Гэрч Б.*******гийн өгсөн: 2020 оны өвөл 1 дүгээр сард Байгаль орчны хяналтын улсын байцаагч Золбаярын хамт Булган аймгийн Могод сумын 4 дүгээр багийн нутаг Хар мод гэдэг газарт хүмүүс ойгоос их хэмжээгээр мод бэлтгээд байна гэсэн мэдээллийн дагуу очсон. Тухайн газар дээр очиход *******, ******* нар нь шинэс төрлийн нойтон босоо 10 гаруй ширхэг  /20 арай хүрэхгүй/ хэмжээний модыг хөрөөдөж унагаасан байсан. Энэхүү мод бэлтгэгдсэн газарт 2020 онд ойгоос мод бэлтгэх талбайн тусгаарлалт хийгдээгүй. Ойгоос мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй. ******* нь 2019 оны хэдэн сард гэдгийг нь санахгүй байна. Могод сумын 4 дүгээр багийн нутаг Антиг гэдэг газраас мод бэлтгэх зөвшөөрөл авч байсан. Энэ авсан зөвшөөрлөөр заасан газраас модоо бэлтгэлгүй өөр газраас хэмжээ, куб метр хэтрүүлэн бэлтгэсэн байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 74-75 дугаар тал/,

Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгон дахь сум дундын ойн ангийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 14 дугаартай: Булган аймгийн Могод сумын 4 дүгээр багийн нутаг Хар мод гэдэг газарт 2020 онд мод бэлтгэлийн талбайн тусгаарлалт хийгдээгүй болно. Булган аймгийн Могод сумын 4 дүгээр багийн нутаг Хар мод гэдэг газар ойн бүсчлэлийн хувьд хамгаалалтын бүсийн ой буюу нэгдүгээр мужид хамаарна. Тухайн бэлтгэсэн мод нь шилмүүст төрлийн /шинэс/ нойтон мод байна. Тухайн бэлтгэсэн модны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 8.017.235 төгрөг гэх дүгнэлт /хавтаст хэргийн 96 дугаар тал/,

Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн хохирлын үнэлгээ тооцсон 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 22 дугаартай: Экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ нь 8.017.235 төгрөг болох нь тогтоогдсон бөгөөд уг үнэлгээг “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 3 дахин өсгөж үнэлгээг тооцоход 24.051.705 төгрөг болж байна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 159 дүгээр тал/,

Тольдох оюуны өгөөж хязгаарлагдмал хувьцаат компанийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №21/364 дугаартай: Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ногоон өнгийн TE-200 загварын бага оврын тракторын үнэ 9.000.000 төгрөг гэх дүгнэлт /хавтаст хэргийн 84-88 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагч Б.*******ын өгсөн: 2020 оны 01 дүгээр сарын эхээр санагдаж байна. Яг хэдний өдөр гэдгийг хэлж мэдэхгүй байна. Дүү *******тай хээр хонин дээр таарсан. Тэгэхэд өвөлжөөгөө засварлах хэрэгтэй болоод байгаа юм, ахаа мод бэлтгэхэд маань хамт яваад тус болооч гэж надаас гуйсан. Тухайн үед би зөвшөөрч хамт явсан. Тэгээд ******* өөрийн ногоон өнгийн пад тракторыг асаагаад Могод сумын 4 дүгээр багийн нутаг Хар мод гэх газар луу надтай хамт явсан. Бид хоёр ойгоос нийт 19 ширхэг шинэс төрлийн нойтон, босоо модыг унагаасан. Модыг унагаахдаа ******* өөрийнхөө цагаан өнгийн хятад хөрөөгөөр хөрөөдөж унагаасан. Тэгээд дараа нь бид хоёр нийлж байгаад трактороороо модоо уулын бэл рүү зөөсөн. Би модыг хуваахад нь байгаагүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 122-123 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагч А.*******ын өгсөн: 2020 оны 01 дүгээр сарын эхээр өөрийнхөө хэрэгцээнд Хар мод гэх газраас мод унагаасан. Тухайн үед хамаатны ах *******ыг мод бэлтгэхэд туслаач гэж гуйгаад өөрийнхөө ногоон өнгийн бага оврын трактортой аваад явсан. Тухайн газар нь Могод сумын 4 дүгээр багийн нутагт хамаардаг ба бид хоёр ойгоос 19 ширхэг шинэс төрлийн нойтон босоо модыг хөрөөдөж унагаасан. Модыг унагаагаад доошоо уулын бэл рүү зөөсөн. Зөөхдөө ногоон өнгийн тракторыг ашигласан. Дараа нь 2021 оны 8 дугаар сард хувааж банзалсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 124-125 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цахилгаан хөрөөг таниулж судласнаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо. 

Мөрдөгч дээр дурдсан хэрэг, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаарх баримтат мэдээлэл бүхий нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч А.*******, гэрч Б.******* нарын өгсөн Булган аймгийн Могод сумын 4 дүгээр багийн нутаг Хар мод гэдэг газрын ойд хүмүүс  их хэмжээгээр мод бэлтгээд байна гэсэн мэдээллийн дагуу тухайн газар дээр очиход *******, ******* нар нь шинэс төрлийн нойтон босоо 10 гаруй ширхэг  /20 арай хүрэхгүй/ хэмжээний модыг хөрөөдөж унагаасан байсан. Энэхүү мод бэлтгэгдсэн газарт 2020 онд ойгоос мод бэлтгэх талбайн тусгаарлалт хийгдээгүй болохыг тус тус гэрчилсэн мэдүүлэг, бэлтгэж тээвэрлэсэн мод нь шинэс төрлийн түлээний нойтон мод, хэрэглээний бөөрөнхий мод, зүсмэл материал бөгөөд  модны нийт эзлэхүүн нь 14.06 м3, экологи эдийн засгийн үнэлгээ 8.017.235 төгрөг болохыг тогтоосон Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгон дахь сум дундын ойн ангийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 14 дугаартай, Байгаль орчны улсын байцаагчийн хохирол, нөхөн төлбөрт 24.051.705 төгрөг тооцсон дүгнэлт, шүүгдэгч Б.*******, А.******* нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн 2020 оны 1 дүгээр сард бэлтгэж, 2021 оны 8 дугаар сард цагаалсан талаарх мэдүүлэг,  хэрэг учралын газарт болон мод, TE-200 загварын ногоон өнгийн бага оврын трактор, хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөрөө зэргийг харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар шүүгдэгч А.*******, Б.******* нарын Монгол Улсын Үндсэн хууль болон Ойн тухай хуулийг зөрчиж удааширсан үйлдэлтэй зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож байх бөгөөд шүүгдэгч нар гэм буруугийн талаар маргаагүй байна.

Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бусаар бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч А.*******, Б.******* нар нь эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авалгүйгээр 2020 оны 1 дүгээр сард улсын ойн сан бүхий газарт халдаж босоо модыг хөрөөдөж 2021 оны 8 дугаар сард цагаалж бэлтгэсэн байгаа нь гэмт хэрэг 2021 оны 8 дугаар сард төгссөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

          Шүүгдэгч А.*******, Б.******* нарын санаа, зорилгоороо нэгдэн бүлэглэж эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр ойд  мод бэлтгэж  буй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид байгаль орчны эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, байгаль орчин, экологийн тэнцвэрт байдалд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч А.*******, Б.******* нарыг бүлэглэж 2020 оны 01 дүгээр сард Булган аймгийн Могод сумын дөрөвдүгээр багийн нутаг Хар мод гэх газрын ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар

Шүүгдэгч А.*******, Б.******* нарын гэм буруутай үйлдлийн улмаас улсын ойн санд нийт 8.017.235 төгрөгийн шууд хохирол учирсан нь Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгон дахь сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4 дэх хэсэгт заасны дагуу экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөсөн хэмжээгээр 24.051.705 төгрөгийн хохирол, нөхөн төлбөрийг тооцсон байх тул шүүгдэгч нараас хохирол, нөхөн төлбөрийн 24.051.705 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй байна.

        Хэргийн 52 дугаар талд авагдсан А.*******ын нэр дээр олгогдсон 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр мод бэлтгэх эрхийн бичиг, хэргийн 77 дугаар талд авагдсан гэрч Б.*******гийн өгсөн А.*******ын 2020 оны 1 дүгээр сард зөвшөөрөлгүй бэлтгэсэн модонд 2020 оны 6 дугаар сард нөхөж мод бэлтгэх эрхийн бичиг бичиж, мөнгийг төрийн санд оруулах нь зүйтэй гэж үзэж мод бэлтгэх эрхийн бичиж мөнгийг төлүүлсэн талаарх мэдүүлэг, хэргийн 55 дугаар талд авагдсан 2020 оны гоожингийн тооцоо, хэргийн 138 дугаар талд авагдсан 2020 оны 6 сард сумын төсөвт орсон Ойн нөөцийн төлбөрийн жагсаалт зэргийг үндэслэн шүүгдэгч А.*******ын төлөх төлбөрөөс гоожингийн үнэ 311.850 төгрөгийг хасаж , шүүгдэгч Б.*******аас 12.025.852 төгрөгийг, шүүгдэгч А.*******аас 11.714.003 төгрөгийг, Булган аймгийн Могод сумын төрийн сангийн 100406600945 дугаартай данснаас 311.850 төгрөгийг тус тус гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгохоор шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.*******, Б.******* нар нь хохирлыг өөрсдийн хөрөнгийн эх үүсвэрээр нөхөн төлөхөө илэрхийлж, гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлыг мөнгөн хэлбэрээр, харин нөхөн төлбөрийг Ойн тухай хуулийн  30 дугаар зүйлийн 30.1.Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага ой, хээрийн түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн, түүнчлэн мод бэлтгэсэн талбайн ойг нөхөн сэргээх, үржүүлэх арга хэмжээг улсын захиалгаар улсын болон орон нутгийн төсөв, өөрийн хөрөнгө, дотоод, гадаадын хандив, тусламжаар гүйцэтгэнэ.”, 30.2.Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага огтолсон нэг модны оронд арав буюу түүнээс дээш тарьц суулгацыг ойд тарьж ургуулж, улсын ойн санд хүлээлгэж өгнө.” гэж тус тус зааснаар  өөрсдийн хувийн хөрөнгөөр 15 га газарт ойжуулалт, нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг 3 жилийн хугацаанд тус тус хийж гүйцэтгэхээр 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Булган аймгийн Могод сумын засаг даргын тамгын газартай байгуулсан Ойжуулалтын гэрээг нотлох баримтаар ирүүлсэн байгааг дурдах нь зүйтэй байна.

Хоёр. Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч А.*******, Б.******* нарыг бүлэглэж ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.*******, Б.******* нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй ба тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэв.

Хэргийн 128-135 дүгээр талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, багийн Засаг даргын тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч А.******* нь ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймгийн Могод сумын дөрөвдүгээр багийн “Наран” гэх газарт бод, бог нийлсэн 300 толгой мал маллан амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, шүүгдэгч Б.******* нь ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймгийн Могод сумын дөрөвдүгээр багт бод, бог нийлсэн 390 толгой мал маллан амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг тэдний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч А.*******, Б.******* нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэг хэргийн нөхцөл байдал болон тэдний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заажээ.

Гэмт хэрэг үйлдэхэд ашиглаж мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн TE-200 загварын бага оврын ногоон өнгийн трактор нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн нотлох баримтаар SHIPPING LINE MONGOLIA хязгаарлагдмал хувьцаат компаний өмчлөл, эзэмшилд байгаа нь нотлогдож байх тул түүнийг өмчлөгч, эзэмшигчид нь үлдээж, шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн уг тракторын үнэ 9.000.000 төгрөгийг, гэмт хэрэг үйлдэж олсон 14.06 м3 хэмжээтэй, шинэс төрлийн 22 ширхэг түлээний нойтон болон хэрэглээний бөөрөнхий мод, зүсмэл 92 ширхэг банз зэргийг тус тус хурааж, үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.

Хэргийн газрын нөхөн үзлэгээр илрүүлж хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эвдэрхий, цаашид ашиглах боломжгүй Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн цахилгаан хөрөөг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч А.*******, Б.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт А*******ын *******, ******* овогт *******ын ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч А.*******, Б.******* нарыг тус тус 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч А.*******, Б.******* нарт гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах; зан үйлээ засах үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч А.*******, Б.******* нарт сануулсугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч А.*******, Б.******* нар нь цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.*******, Б.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч А.*******, Б.******* нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар байгаль экологид учруулсан 24.051.705 /хорин дөрвөн сая тавин нэгэн мянга долоон зуун тав/ төгрөгийн хохирлыг шүүгдэгч Б.*******аас 12.025.852 /арван хоёр сая хорин таван мянга найман зуун тавин хоёр/ төгрөгийг, шүүгдэгч А.*******аас 11.714.003 / арван нэгэн сая долоон зуун арван дөрвөн мянга гурав/ төгрөгийг, Булган аймгийн Могод сумын төрийн сангийн 100406600945 дугаартай данснаас 311.850 /гурван зуун арван нэгэн мянга найман зуун тавь/ төгрөгийг тус тус гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөрдөгчийн 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож TE-200 загварын бага оврын ногоон өнгийн тракторыг өмчлөгч, эзэмшигчид нь үлдээж, тракторын үнэ 9.000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч А.*******, Б.******* нараас тус тус 4.500.000 төгрөгийг; 14.06 м3 хэмжээтэй, шинэс төрлийн 22 /хорин хоёр/ ширхэг түлээний нойтон болон хэрэглээний бөөрөнхий мод, зүсмэл 92 /ерэн хоёр/ ширхэг банзыг тус тус хурааж, үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ямар нэгэн бичиглэлгүй, Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөөг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

10. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              С.ЦЭРЭНХАНД