Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/31

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгч Л.******* нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.*******т холбогдох эрүүгийн 2115000000321 дугаартай, 163/2022/0027/Э индекстэй хэргийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн *******, Булган аймгийн Сэлэнгэ суманд 1969 оны 8 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, Булган аймгийн Сэлэнгэ сумын хоёр дугаар баг, Нарангийн 604 тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, жимс ногоочин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, тэтгэвэрт байдаг, ам бүл 4, хүүхдүүдийн хамт амьдардаг, 52 настай, эмэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, РД: ГИ

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.******* нь 2021 оны 7 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд Булган аймгийн Сэлэнгэ сумын хоёрдугаар багийн нутаг Тариахтай гэх газраас зөвшөөрөлгүйгээр ховор ургамлын жагсаалтад орсон Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс 5.8 килограммыг түүж бэлтгэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2115000000321 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Л.******* нь 2021 оны 7 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд Булган аймгийн Сэлэнгэ сумын хоёрдугаар багийн нутаг Тариахтай гэх газраас зөвшөөрөлгүйгээр ховор ургамлын жагсаалтад орсон дэрэвгэр жиргэрүү буюу saposhnikovia divaricate ургамлын үндэс 5.8 килограмммыг түүж бэлтгэн Булган аймгийн Сэлэнгэ сумын хоёрдугаар багт байрлах өөрийн гэртээ хадгалж байсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. 

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.*******ийн өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, буруу зүйл хийснээ ойлгосон. Хохиролд 820.000 төгрөг төлсөн. Үлдсэн хохирлоо хуваарийн дагуу төлнө. Өөр нэмж ярих зүйлгүй, өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв гэх мэдүүлэг,

Орон байранд нэгжлэг хийсэн: 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 4/17 дугаартай орон байранд нэгжлэг хийх тухай прокурорын зөвшөөрлийн дагуу 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 15 цаг 44 минутанд Л.*******ийн байшинд үзлэг хийхээр тогтов. Үзлэгийн ажиллагаа эхлэхээс өмнө Л.*******т орон байранд нэгжлэг хийх тухай прокурорын зөвшөөрлийг уншиж танилцуулж гарын үсэг зуруулав. ...Байшинтай залгуулан барьсан 6х3 хэмжээтэй таамбарт үзлэг хийхэд уг таамбарын баруун хойд талын буланд байх цагаан өнгийн модон шүүгээн дотроос хоёр ширхэг гялгар уут бүхий ургамлын үндэс гарч ирэв. Уг үндсүүдийг газарт асгуулж нэг шуудайнд хийлгэж DAHONGYING маркийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэгдсэн цахилгаан жингээр жинлэж үзэхэд 5.8 кг байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. …Нэгжлэгээр 5.8 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг эд мөрийн баримтаар хураан авав гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 12-13 дугаар тал/,

Нөхөн үзлэг хийх ажиллагаанд тус хэргийн оролцогч Л.*******ийг оролцуулахаар тогтов. Үзлэг хийхийн өмнө Л.*******ээс Сэлэнгэ сумын хоёрдугаар баг, Тариахтай гэж газраас дэрэвгэр жиргэрүү түүсэн гэх ба энэхүү ургамлын үндэс түүсэн газрын зааж өгнө үү гэхэд Сэлэнгэ сумын хоёрдугаар баг, Тариахтай гэж газраас ертөнцийн зүгээр баруун хойд зүгт 2,5 км зайд байх тал газрыг зааж байв. Уг газар нь битүү өвсөөр хүрээлэгдсэн газар байв. Оролцогч Л.*******ээр дэрэвгэр жиргэрүү түүсэн гэх газрыг заалгаж гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Уг заасан газрын уртраг, өргөрөгийг GPS-ээр тогтооход  49030I2215x103059I1537 гэсэн тоон үзүүлэлт гарав гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 16-17 дугаар тал/,

Эд мөрийн баримтаар тооцсон 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 4/17 дугаартай орон байранд нэгжлэг хийх прокурорын зөвшөөрлөөр хураан авсан 5.8 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг эд мөрийн баримтаар тооцох үндэслэлтэй байх тул үндсийг эд мөрийн баримтаар тооцов гэх мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 15 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжпэгч Б.*******гийн өгсөн: Би Сэлэнгэ сумын Засаг даргын тамгын газарт байгаль орчны хяналтын улсын байцаагч ажилтай. Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг дэвсгэрээс 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Л.******* нь ховор ургамлын жагсаалтад орсон дэрэвгэр жиргэрүүгийн үндэс бэлтгэн хадгалж байсан. Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Байгаль экологид учирсан хохирлоо нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45 дугаар тал/,

Шинжлэх ухааны академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн 2021 оны 10 сарын 04-ний өдрийн шинжээчийн: Шинжилгээнд ирүүлсэн дээж нь манай оронд тархсан Майлзтан овгийн Жиргэрүү төрөлд багтах дэрэвгэр жиргэрүү гэх зүйл ургамлын газрын доорх эрхтэн болох үндэс мөн. Дэрэвгэр жиргэрүү нь Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар ховор ургамлын жагсаалтад, мөн Монгол Улсын улаан номонд ховор статусаар бүртгэгдсэн ургамал юм. Уг зүйл нь ургамлын экологи-эдийн засгийн (БОАЖ-ын сайдын 2020-12-10 өдрийн А-677 тушаалын хавсралтаар) одоогийн үнэлгээгээр хуурайгаар 1 кг нь 217.100 төгрөг, нойтноор 1 кг нь 112.900 төгрөг байна. Иймд дэрэвгэр жиргэрүү ургамлын 5.8 кг нойтон үндэс нь дээрх үнэлгээгээр 654.820 төгрөг гэх дүгнэлт /хавтаст хэргийн 94-95 дугаар тал/,

Байгаль орчины хяналтын улсын байцаагчийн хохирлын үнэлгээ тооцсон Дэрэвгэр жиргэрүү 5.8 кг нойтон үндэсний дээжийг Шинжлэх ухааны академийн ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн шинжээч М.Ургамал, Ц.Батцэрэн, Ж.Аззаяа нарын гаргасан экологи эдийн засгийн хохирлын үнэлгээг хийхэд экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ нь 654.820 төгрөг болох нь тогтоогдсон бөгөөд уг үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 5 дахин өсгөж тооцдог болно. …5 дахин өсгөн тооцоход 3.274.100 төгрөг болж байна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 100 дугаар тал/,

Шүүгдэгч Л.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээж өгсөн: Би 2021 оны 7 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд ногооныхоо зэрлэгүүдийг зулгаах явцдаа хүний биед сайн гэх дэрэвгэр жиргэрүү ургамлыг түүгээд өөрийн гэртээ аваачиж гэр дотроо хатааж байх явцад цагдаа ирж шалгаад дэрэвгэр жиргэрүүг хураан авсан юм. …Би ганцаараа Булган аймгийн Сэлэнгэ сумын хоёрдугаар багийн Тариахтай гэх газар луу явж хоёр тор дүүрэн дэрэвгэр жиргэрүү ургамлыг түүгээд өөрийн гэртээ аваачиж гэр дотроо хатаасан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 144 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж дэрэвгэр жиргэрүү удргамлын үндсийг таниулж судласнаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Б.*******гийн өгсөн мэдүүлэг, Шинжлэх ухааны академийн ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн 2021 оны 10 сарын 04-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ургамлын үндэс зэргийг харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар шүүгдэгч Л.******* нь 2021 оны 7 дугаар сарын 20-ноос 21-ний өдрүүдэд Булган аймгийн Сэлэнгэ сумын хоёрдугаар багийн нутаг Тариахтай гэх газраас зөвшөөрөлгүйгээр ховор ургамлын жагсаалтад орсон дэрэвгэр жиргэрүү буюу saposhnikovia divaricate ургамлын үндэс 5.8 килограмммыг түүж бэлтгэн, Булган аймгийн Сэлэнгэ сумын хоёрдугаар багт байрлах өөрийн орон байрандаа хадгалж Монгол Улсын Үндсэн хууль болон Ойн тухай хуулийг зөрчиж, зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлын жагсаалтад орсон дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдлоо.

Дээрх нотлох баримтуудыг шүүгдэгч Л.*******ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.

Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэдэгт зохих зөвшөөрөлгүйгээр хулгайн аргаар түүж бэлтгэсэн буюу ургамлын үндсийг уг ёзоороор нь тасалж, дахин ургаж сэргэхгүй болгосон үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Л.******* нь зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор Монгол Улсын ховор ургамлын жагсаалтад орсон дэрэвгэр жиргэрүү буюу saposhnikovia divaricate ургамлын үндсийг түүж бэлтгэн, өөрийн гэртээ хадгалсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

 Шүүгдэгч Л.*******ийн зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал, тэдгээрийн үндсийг түүж бэлтгэж, хадгалж буй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан байгаль орчины эсрэг гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, байгалийн баялаг болон экологийн тэнцвэрт байдалд хохирол учруулсан үйлдэл учир хэргийн зүйлчлэл тохирсон,  прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Л.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүж бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Л.*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 654.820 төгрөгийн шууд хохирол /хавтаст хэргийн 94-5 дугаар тал/ учирсан нь Шинжлэх ухааны академийн ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4 дэх хэсэгт заасны дагуу экологи эдийн засгийн үнэлгээг 5 дахин өсгөсөн хэмжээгээр 3.274.100 төгрөгийн /хавтаст хэргийн 100 дугаар тал/ хохирол, нөхөн төлбөрийг тооцсон байна.

Шүүгдэгч Л.******* нь хохирол төлбөрийг нөхөн төлөхөөр байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.*******тай хугацаа тохирсон эвлэрийн гэрээ байгуулсан байх бөгөөд хохирол, төлбөрөөс 820.000 төгрөгийг Булган аймгийн Сэлэнгэ сумын байгаль хамгаалах сангийн Төрийн сангийн 100040955402 дугаар дансанд төлсөн  байна. Иймд хохирлын үлдэгдэл 2.454.100 төгрөгийг шүүгдэгч Л.*******ээс гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.******* нь байгаль экологид учруулсан 820.000 төгрөгийн хохирлыг 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Хаан банкны төлбөрийн тооцооны төвөөр дамжуулан Булган аймгийн Сэлэнгэ сумын байгаль хамгаалах сангийн Төрийн сангийн 100040955402 дугаар дансанд тушаасан байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна.” гэж хуульчилсан байх тул Булган аймгийн Сэлэнгэ сумын байгаль хамгаалах сангийн Төрийн сангийн 100040955402 дугаар дансанд тушаасан хохирлын 820.000 төгрөгийг буцаан гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД:9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд оруулах нь зүйтэй байна. 

Шүүгдэгчийн түүж бэлтгэсэн дэрэвгэр жиргэрүү буюу saposhnikovia divaricate гэх ургамалд 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр үзлэг хийж жигнэхэд шуудайтай ургамлын жин нь 5.8 кг,  2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр яллах дүгнэлт үйлдэх үед ууттай ургамлын жин нь 2.2 кг, хэргийг шүүхэд хүлээн авах үед 2.025 кг болж буурсан /хавтаст хэргийн 212 дугаар тал/, өөрөөр хэлбэл ургамлын жин нь үзлэг бүрт зөрүүтэй гарч, ургамлын жин удах тусам багасаж байгааг дурдах нь зүйтэй. 

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Л.*******ийг зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлын үндэс түүж бэлтгэсэн, хадгалсан гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Л.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л.*******ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзлээ.

Хавтаст хэргийн 199-202 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, багийн засаг даргын тодорхойлолт, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн засаг даргын тодорхойлолт, хохирлоо хэсэгчлэн төлөхөө илэрхийлсэн гэрээ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Л.******* нь ам бүл 4, 3 хүүхдийн хамт Булган аймгийн Сэлэнгэ сумын хоёрдугаар баг, Нарангийн 604 тоотод өрх толгойлон амьдардаг, тэтгэвэрийн орлоготой, ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Л.*******ийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суугаа газраа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дэрэвгэр жиргэрүү буюу saposhnikovia divaricate ургамлын үндсийг /шинжээчийн дүгнэлтээр бүхэлдээ хөгцөрч муудсан гэх/ шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, энэ хэрэгт шүүгдэгч Л.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эдл зүйл, ирүүлсэн бичиг баримтгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Л.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлын үндэс түүж бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр, шүүгдэгч Л.*******ийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дах заалтад зааснаар шүүгдэгч Л.*******т гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суугаа газраа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Л.*******т сануулсугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Л.******* нь цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Л.*******ээс байгаль экологид учруулсан хохирол 2.454.100 /хоёр сая дөрвөн зуун тавин дөрвөн мянга нэг зуу/ төгрөгийг, Булган аймгийн Сэлэнгэ сумын dайгаль хамгаалах сангийн Төрийн сан дахь 100040955402 дугаар данснаас 820.000 /найман зуун хорин мянга/ төгрөгийг буцаан тус тус гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД:9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд оруулсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дэрэвгэр жиргэрүү буюу saposhnikovia divaricate ургамлын үндсийг /шинжээчийн дүгнэлтээр бүхэлдээ хөгцөрч муудсан гэх/ шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах М.Баасандоржид даалгасугай.

8. Энэ хэрэгт шүүгдэгч Л.*******ээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.ЦЭРЭНХАНД