Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 18

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Оюунхүү,

           улсын яллагч В.Отгончимэг

шүүгдэгч Б.Энхбаатар, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуяа /ҮД:0-644/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Хөөрөгт овогт Банзрагчийн Энхбаатарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626030388 дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1976 оны 4 дүгээр сарын 10-нд Баянхонгор аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 22 дугаар гудамжны 845 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Хөөрөгт овогт Банзрагчийн Энхбаатар /РД:ВЮ76041012/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Энхбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 21-22 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, хорооны өрхийн эмнэлгийн хашааны буланд “өөрийн эхнэр Б.Баттуяатай үнсэлдлээ гэж хардан” Б.Одсайханы баруун хөл дээр нь дэвсэж, хөлний шаант ясны дээд булууны гадна төвгөрийн далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.Энхбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 21-22 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, хорооны өрхийн эмнэлгийн хашааны буланд “өөрийн эхнэр Б.Баттуяатай үнсэлдлээ гэж хардан” Б.Одсайханы баруун хөл дээр нь дэвсэж, хөлний шаант ясны дээд булууны гадна төвгөрийн далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь:

             1. Шүүгдэгч Б.Энхбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: ”2016 оны 02 дугаар сарын 18-ны орой манай нэг эгч цагаан сараар гэртээ оруулаагүй гээд оруулсан юм. Тэр эгчийндээ би Долгорсүрэнтэй орж бууз жигнүүлж идсэн. Тэгээд тэднийхээс 22.00 цагийн үед гурвуулаа гараад явж байтал манай энхэр хохирогч Одсайхантай үнсэлцээд зогсож байгааг нь хараад 10 гаруй минут болсон.  Тэгээд очоод 2 алгадаж өшиглөхөд Одсайхан зугатаагаад явчихсан. Би эхнэрээ гэртээ оруулаад эргэж гарч ирэхэд орцны гадаа хөлөө жийгээд сууж байхаар нь хөлийн шилбэ рүү нь өшиглөсөн” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            2. Хохирогч Б.Одсайханы эхнэр Б.Отгончимэгийн Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 5-6/

            3. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-19/

            4. Хохирогч Б.Одсайханы мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: ”...Би 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр өөрийн найз болох Баттөмөртэй түүний гэрт очиж уулзсан юм. Тэдний гэрт нь очиж түүнтэй уулзаад нэг шил 0,75 хэмжээтэй “Виви” нэртэй архи хувааж уугаад гэрээс нь гараад бид 2 Нисэхт ирээд нисэхийн эцэст байдаг “Монопол” нэртэй төвийн паб караоке руу орсон...Биднийг ууж байхад хажуугийн ширээн дээр хэдэн танихгүй эмэгтэйчүүд байсан тухайн өдөр бид 2-той хамт ломбардны эзэн буюу миний гар утсыг барьцаалан авсан Мандах гээд залуу тэдгээр хүүхнүүдийн зарим нэгийг таниж байсан. Тэгээд хэсэг сууж байгаад би нэг мэдсэн хажуу талын ширээн дээр ганцаараа хэдэн хүүхнүүдтэй сууж байсан. Баттөмөр, Мандах 2 бол байхгүй байсан. Харин би тэр хүүхнүүдтэй ширээн дээр байсан пивоноос уусан тухайн үед би тэр хүүхнүүдтэй олон юм яриагүй согтуу байсан тул сайн санахгүй байна. Ойр зуурын юм яриад сууж байтал тэр хүүхнүүдээс зарим нь гараад явсан харин би нэг эмэгтэйтэй үлдсэн түүний нэрийг тухайн үед мэддэггүй байсан. Энэ хэргийн холбогдогч Энхбаатар гээд хүний эхнэртэй хамт үлдсэн. Тэр эмэгтэй мөн согтуу байсан. Намайг бодвол арай бага зэрэг согтолттой байсан. Хэсэг сууж байгаад би тэр эмэгтэйн хамт гарсан гарах үед цаг хэд болж байсныг сайн мэдэхгүй байна...Тэрээр гэртээ харина манай гэр энэ дор байдаг юм гэж байсан. Би тэр зүгт зам нийлэх болохоор нь хамт алхаж байтал түүний нөхөр болох Энхбаатартай тааралдсан. Энхбаатар нь нэг эмэгтэй нэг эрэгтэй 2 хүний хамт явж байсан. Биднийг хараад хардаж эхнэртээ тэрээр уурлаж “танихгүй хүнтэй юу хийэ байгаа юм гэж уулзаж загнаж байсан” мөн энэ хүн чинь хэн юм ална чамайг гэх зэргээр уурлаж байсан. Тэгээд намайг нүүр лүү алгадсан мөн бөгс хэсэг рүү өшиглөсөн харин нөгөө 2 нь бол гар хүрээгүй. Энэ үед нөгөө 2 нь Энхбаатараа болио гэж хэлэхэд тэрээр намайг цохихоо больсон. Тэгэхээр нь би цаашаа яваад ойролцоох гудамжны өнцөгт хойшоо налан суугаад Энхбаатараас нуугдах маягтай сууж байтал Энхбаатар араас өөрөө ганцаараа эхэлж барьж аваад намайг газар бөгсөөрөө суулгаад 2 хөлөө жийгээд сууж байтал Энхбаатар эхнэртэйгээ хэрэлдсэн уурандаа миний баруун хөлний өвдөгний үе болон шилбэ хэсэг рүү хөлөөрөө дэвссэн яг хэдэн удаа дэвссэн болохыг нь сайн санахгүй байна...Одоо миний хөл эдгэрч байгаа. Гэмтлийн эмнэлэгт нэг удаа хагалгаанд орсон. Ялтас тавиулж хадуулах хагалгаанд орсон. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Шинжээчийн дүгнэлтийг би хүлээн зөвшөөрч байгаа. Би нэхэмжлэх зүйлийн хувьд хагалгаа, эмчилгээ, эмнэлэгт хэвтсэн болон эм тарианы мөнгөний баримтуудаа өгсөн байгаа. Нийт 3.702.806 төгрөг болж байгаа. Үүнээс би Энхбаатараас бэлнээр 600.000 төгрөгийг одоогоор авсан байгаа...Нэмж мэдүүлэх зүйлийн хувьд би Энхбаатараас зугатааж явахдаа нэг харанхуй гудамж руу гүйсэн. Тэр үед гадаа харанхуй байсан болохоор хол зугтааж чадаагүй. Тэгтэл араас хүрч ирээд намайг Энхбаатар бариад авсан. Тэгэхээр нь би доошоо газар суучихсан. Тэгтэл Энхбаатар миний баруун хөл рүү дэвсэлж өшиглөсөн. Нөгөө хоёр найз нь болохоор намайг цохиж зодоогүй. Энхбаатар цохиж зодсон. Намайг тэр үед эхнэртэйгээ хардаж зодсон. Харин өөр шалтгаан дахиж гарган дээрэмдэх болон бусад үйлдэл хийгээгүй. Би тэр үед өөрт байсан бэлэн 30.000 төгрөгийг ав гэж Энхбаатарт хөл рүү дэвссэний дараа хэлж мөнгөтэй гараа сунгасан. Харин Энхбаатар түүнийг аваагүй гэсэн. Би авсан үгүйг нь мэдэхгүй байгаа. Тэр мөнгө газар унасан байх. Тэгээд алга болсон байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22, 23, 24/

            5. Гэрч Б.Отгончимэгийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: ”...Миний нөхөр Б.Одсайхан нь 2016 оны 02 дугаар сарын 18-ны өглөө өөрийнхөө 05-03 УБА улсын дугаартай автомашинаа унаад халтуур хийнэ гээд гарсан. Гэвч халтуур хийлгүй таньдаг хүнтэйгээ уулзаж архи уусан байсан. Хэнтэй, хаана яг юу хийж явсан талаар надад тодорхой мэдэх зүйл алга байна. Энэ талаараа өөрөө ярих байх. Ямар ч байсан гэртээ тэрээр уг өдрийн орой 23 цагийн үед түргэн тусламжийн эмчтэй хамт байрны гадаа ирсэн. Байрны гадаа түргэний эмч нар машинтайгаа ирээд нөхөр Б.Одсайханыг авч ирсэн. Тухайн үед би нөхрөөсөө юу болсон талаар асуухад нэг хүүхэнтэй хамт архи уусан чинь хүнд зодуулчихлаа гэж хэлсэн. Тухайн үед би зодсон хүнийг нь мэдэхгүй байсан. Харин дараа нь цагдаагийн байгууллагад ирээд нэрийг нь мэддэг болоход Энхбаатар гэж хүн байсан. Энэ хүн өөрийнхөө эхнэртэйгээ хардаж зодсон гэж байсан. Энхбаатар өөрөө утсаар ярьж хэлэхдээ “би танай нөхрийг манай эхнэртэй явж байхыг хараад хардсандаа алгадаж аваад хөл рүү нь ганц л өшиглөсөн юм аа” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26/

            6. Гэрч Б.Баттуяагийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: ”...2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр найз хүүхнүүд болох Мөнхзул, Жаргалмөнх, Амаржаргал нарын хамт Нисэхийн эцсийн ойролцоо байдаг пабд сууж нэг шил 0,5 грамм хэмжээтэй Улаанбаатар гэдэг архи авч хувааж ууцгаасан...Тэгээд бид хэд ширээ дээрээ сууж ууж бүжиглэсэн. Одсайхан гээд залуу ширээн дээрээ сууж л байсан тэгээд удалгүй найз Амаржаргал, Жаргалмөнх, Мөнхзул нар түрүүлээд гараад явсан харин би суугаад үлдсэн. Тэгтэл Одсайхан манай ширээн дээр хүрч ирсэн...Одсайхан манай найзуудыг явахаас өмнө манай ширээн дээр ирж сууж бид нартай танилцаад өөрийгөө нэг хүн хүлээж байгаа мөн эхнэртэйгээ маргалдсан би аягүй их ганцаардаж байна очих газар алга гэж хэлсэн. Тэгээд би сүүлд нь 21 цагийн үед гарахад Одсайхан надтай хамт гарсан. Тэрээр намайг гэрт чинь хүргэж өгье гэж хэлсэн. Харин би түүнийг үгүй чи яв манай гэр энд ойрхон байдаг юм гэж хэлээд дэлгүүр орчихоод гараад иртэл тэрээр намайг дагаад өөрөө явж чадахгүй нилээн согтуу байсан. Гэхдээ гуйваад хөлөөрөө явж байсан. Тэгээд би харихаар алхтал араас яваад 9 дүгээр хорооны байрны ойролцоо явж байтал Одсайхан гэртээ харихгүй намайг дагаад тэвэрч аваад байсан. Харин энэ үед Энхбаатар найз нартайгаа ирж таараад дээрх үйлдлийг харсан гэсэн. Нөхөр Энхбаатар хардсан уурандаа хүрч ирээд Одсайханыг энгэрээс нь зуурч аваад чи хэн юм гэж өөрийнхөө нүүр лүү тулгаж байгаад асуугаад алгадаад мөн ямар учиртай болохыг асууж байсан. Харин би тэр үед нөхөртөө наад согтуу хүн чинь зүгээр намайг хүргэж өгөх гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд би доошоо гэр лүүгээ орсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28/

            7. Гэрч Б.Энхтайваны мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: ”...2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр би ажлаа хийж байсан...Тэгээд дуудлага өгсөн газрын хаягийг хайгаад олоогүй Нисэхийн гэр хорооллын гудамжаар явж байтал яг хаана гэдгийг мэдэхгүй байна ямар ч байсан нэг гудамжинд тухайн үед нэрийг нь мэдэхгүй байсан. Одсайхан гэж залуу хашаа налаад сууж байсан. Тэгэхээр нь бид нар тэр хүнийг хараад “та дуудлага өгсөн хүн мөн үү” гэж асуутал тэр залуу “тийм ээ мөн” гэж хэлсэн. Гэхдээ бидний яг хайж байгаа дуудлага өгсөн хүн биш байсан. Биднийг хаягаа хайгаад явж байхад биднийг дуудсан тул мөн гэж хариулсан байхаа. Тэгэхээр нь түүнээс юу болсон бэ яагаад ийм байдалтай сууж байгаа юм бэ гэхэд тэр залуу согтуу байгаа харагдаж байсан. Тэгээд тэр залуу хэлэхдээ хүнд зодуулчихлаа босож явж, баруун хөлөөрөө гишгэж чадахгүй байна гээд хөлөө бариад сууж байсан...Тухайн үед Одсайханыг харахад хөл нь өвдөгнийхөө хэсгээр хавдсан, дарахад зовиурлаж байсан. Далд хугаралтай тул нүдэнд хугарал нь тодорхой харагдахгүй байсан...Одсайханы сууж байсан газрын ойр орчимд өөр хүн харагдаагүй хүн байхгүй байсан. Өөрийгөө олон хүнд зодуулсан гэж хэлээгүй. Хүнд зодуулсан гэж л хэлж байсан. Согтолтын хувьд хөл нь зүгээр байсан бол өөрөө явж чадахаар согтолттой байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32/

            8. Гэрч Э.Дуламсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: ”...2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр би нөхөр Хүүхнээ хажуу талын айлын залуу болох Энхбаатар бид гурав танил айлынхаа гэрт оччихоод буцаад гэртээ харихаар явах замдаа буюу 9 дүгээр хорооны байрны хажуу талын өрхийн эмнэлгийн хажууд Энхбаатарын эхнэр Баттуяа нь танихгүй залуутай үнсэлцээд зогсож байсан. Түүнийг нь Энхбаатар харсан. Энхбаатар очоод нөгөө залууг нь барьж аваад нүүр лүү нь 2, 3 удаа цохьсон. Түүнд Энхбаатар хэлэхдээ чи яахаараа хүний эхнэртэй явдаг юм юун хүн юм гэж асуусан. Харин тэр залуу хариулахдаа би яагаа ч үгүй гэж хариулсан...Тэгтэл Энхбаатар итгэхгүй Баттуяатай маргалдаж байх хооронд нь нөхөр бид хоёр нөгөө залууг цаашаа яв, эндээс яв гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу нэг мухар гудамж руу гүйгээд явсан...Би тэгж хэлчихээд гэр рүүгээ орчихоод байж байгаад буцаад гартал урд талын нэг гудамжинд Энхбаатар зогсож байсан ба нөхөр Хүүхнээ түүнтэй хамт зогсож байсан. Харин нөгөө залуу Энхбаатарын хажууд газар сууж байсан...Миний хувьд болон нөхөр Хүүхнээ түүний мөнгийг аваагүй. Энхбаатар ч бас аваагүй. Түүнд мөнгө байсан бол өөрөө хаясан байхаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34/

            9. Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт /№3093/-ын дүгнэлт:

                        -Одсайханы биед баруун хөлийн шаант ясны дээд булууны гадна төвгөрийн далд зөрөөтэй хугарал гэмтэл тогтоогдлоо.

                        -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

                        -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

                        -Дээрх гэмтэл нь тухайн хэрэг, учрал болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. /хх-ийн 39-40/ 

            10. Яллагдагч Б.Энхбаатарын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: ”...Би 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр найз Дуламсүрэн, Хүүхнээ нарын хамт таньдаг айлынхаа гэрт очиж бууж идэж нэг шил архи хувааж уучихаад буцаад гэртээ харихаар 21 цагийн үед гараад тэр хоёртой хамт алхаж байтал 9 дүгээр хорооны байрны хажуу талд байдаг өрхийн эмнэлгийн байрны хажуу талын өнцөгт миний эхнэр Баттуяа нь энэ хэргийн хохирогч залуу Одсайхантай тэврэлдээд үнсэлцээд зогсож байсан. Тэгэхээр нь би арав орчим минут яах нуу гэж харсан. Тэгтэл тэр хоёр нэг нэгнийгээ тэвэрсэн байдалтай байгаад байсан. Эхнэр эсэргүүцэл үзүүлж байгаа шинж байдал харагдаагүй. Тэгэхээр нь би яваад хохирогч Одсайханыг өөр рүүгээ заамдаж аваад “чи юун хүн юм бэ, яадаг муу чяцаг вэ, ямар учиртай юм бэ, миний эхнэртэй юу хийж байгаа юм” гэж хэлээд хоёр удаа хацар руу нь алгадаад асуусан. Тэгтэл би юу ч хийгээгүй гэж хариулсан. Тухайн үед Одсайхан нилээн согтуу байсан. Харин Хүүхнээ намайг татаад болиулсан...Эхнэр хэлэхдээ би яагаач үгүй, наад залуу чинь намайг гэрт хүргэж өгөх гэж байгаа юм гэж хэлсэн. Тэгтэл Одсайхан цаашаа зугатаагаад явсан. Одсайхан айлын хашаа даваад гүйсэн гэсэн. Харин эхнэр гэр рүүгээ орсон. Би найз Хүүхнээ, Дуламсүрэн нараас цаадах чинь хааччихсан юм гэж Одсайханыг асуутал “энэ урд талын айлын хашаа даваад зугатаачихсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр хоёрт “араас нь яваад хараадахъя” гэж хэлээд явтал Дуламсүрэн, Хүүхнээ хоёр дагаад явсан. Тэгээд хол явалгүй өрхийн эмнэлгийн урд талын гудамж руу ортол хохирогч Одсайхан газар сууж хоёр хөлөө жийгээд сууж байсан. Тэгэхээр нь би очоод баруун хөл рүү нь нэг удаа хөлөөрөө дэвсэлчихсэн. Тэгтэл намайг найз Хүүхнээ “наадахаа хэрэггүй ээ, боль боль” гэж хэлээд болиулсан. Тэгэхээр нь би болиод цаашаа гэр рүүгээ буцаад явсан. Найз Хүүхнээ, Дуламсүрэн нар хохирогч Одсайханыг цохиж зодсон асуудал бол огт байхгүй. Харин болиулах арга хэмжээ авч намайг боль гэж хэлж байсан. Хоёр найз сүүлд Одсайхан руу намайг явахад хамт явахдаа ямар нэгэн асуудал болж магадгүй, дахиад хохирогчийг цохиж авч магадгүй гэж бодоод болиулах гэж хамт явсан. Тэгээд намайг Одсайханы хөл рүү дэвссэний дараа болиулсан. Би дахиж Одсайханыг ямар нэг байдлаар цохиж зодоогүй. Сүүлд нь уг асуудлын талаар цагдаад тэр гомдол гаргасан байсан. Би эмчилгээний төлбөрт одоогоор 600.000 төгрөгийг төлсөн байгаа. Цаашид би хөдөлмөр хийж мөнгө цуглуулна. Одоо барилгад ажиллаж байгаа. Олсон мөнгөө хохирол барагдуулахад өгнө...Одсайханаас би тухайн үед ямар нэгэн мөнгө огт аваагүй. Мөн хоёр найз бас аваагүй. Одсайхан 30.000 төгрөг надад өгсөн гэж байсан. Харин би түүнээс мөнгө аваагүй. Тэрээр өөрөө мөнгөө хаясан байх аа...Хийсэн үйлдэлдээ харамсаж гэмшиж байна. Цаашид учруулсан хохирлоо барагдуулах арга хэмжээ авна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-56/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.Энхбаатар нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт /№3093/-ыг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

            Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Энхбаатар нь өөрийн эхнэр Б.Баттуяаг хохирогч Б.Одсайхантай гудамжинд хамт явж байхад /зууралдан, тэврэлдсэн/ нь хардан маргалдаж, зугатаасан хохирогчийн араас очин, хашаа налан сууж байхад нь баруун хөл рүү дэвсэж биед нь баруун хөлийн шаант ясны дээд булууны гадна төвгөрийн далд зөрөөтэй хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг хувийн сэдэлтээр үйлдсэн гэж үзнэ.

            Иймд шүүгдэгч Б.Энхбаатарыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дүгээр зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Шүүгдэгчийн хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, шударгаар хүлээн мэдүүлсэн, учруулсан хохирол төлбөрт сайн дураар 7.202.806 /долоон сая хоёр зуун хоёр мянга найман зуун зургаа/ төгрөг нөхөн төлсөн, хохирогчийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн хувийн байдал /40 настай, 3 хүүхэдтэй/ зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх заалтуудад зааснаар ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан түүнд 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

            Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Хөөрөгт овогт Банзрагчийн Энхбаатарыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Хөөрөгт овогт Банзрагчийн Энхбаатарыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Энхбаатарын эдлэх 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Б.Энхбаатарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Энхбаатарт оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож, түүнд хяналт тавихыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

6. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Энхбаатарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                             Б.БАТБОЛОР