Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 012

 

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 7 дугаар  багийн оршин суугч Жантекей-Бархы овогт Авдайн Хуанбайн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг дарга,

Хариуцагч: Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаанд тус тус холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ногооннуур сумын нутаг дэвсгэрт хамаарах  Сийлхэмийн нурууны Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн байгалийн цогцолборт газрын ангиллын хязгаарлалтын бүсэд орших “Хар сайн уул” нэртэй газраас уламжлалт мал аж ахуй эрхлэх зориулалтаар А.Хд газар ашиглуулах гэрээ байгуулахыг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгч А.Х, түүний  өмгөөлөгч К.Зулкаш, хариуцагч Ногооннуур сумын Засаг дарга К.Х,  гуравдагч этгээд С.Ж, түүний өмгөөлөгч С.Алтай, орчуулагч А.Еркегүл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбартаа:

А.Х миний бие Ногооннуур сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай “Хавцалын Хар сай” гэх өвөлжөөнд 1988 оны 3 сараас эхлэн суурьшин амьдарч өвлийн байшин барьж, тухайн газарт байршилтай Ногооннуур сумын тэжээлийн аж ахуйн өмчлөлийн саравчтай хашаа хороог өвөлжөөний зориулалтаар эзэмшиж, орчны бэлчээр нутгийг ашиглах замаар 31 жилийн турш өвөлжиж, хаваржиж уламжлалт  мал аж ахуй эрхэлж ирсэн.

Тухайн өвөлжөөний газар нутгийг Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасны дагуу газар эзэмшүүлэх шийдвэр гаргуулахыг хүсэж тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч миний хүсэлт гаргасан газар нь Монгол Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны харьяа Сийлхэмийн нурууны тусгай хамгаалалттай  газар нутгийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсийн дэглэмд хамаардаг болох нь шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Нэгэнт нэхэмжлэгч миний нэхэмжлэлийн шаардлагад дурдсан газар нь тусгай хамгаалалттай газрын санд хамаарч байх тул Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д зааснаар тухайн газрыг эзэмшүүлэх боломжгүй бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсийн дэглэмд харьяалагдаж байгаагийн хувьд мөн хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уламжлалт аргаар мал аж ахуй эрхлэн, мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өвлийн байшин, хашаа, хороо барьж ашиглах бүрэн боломжтой байгаа билээ. А.Х миний бие тусгай хамгаалалттай газар нутгийн байгалийн цогцолбор бүхий газарт 31 жил нутагласан хугацаанд тухайн орчны ан амьтан, байгаль орчинд ээлтэй хандаж аргал, янгир зэрэг ховор ан амьтанд хужир давс цацах, зудад нэрвэгдсэн ан амьтанд өвс тэжээл тарааж өгөх, орчны бүс нутгийн онгон төрхийг хадгалах хамгаалах үйлсэд санаачилга гарган ажиллаж ирсэн билээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Х надтай Монгол Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны харьяа Сийлхэмийн нурууны тусгай хамгаалалттай газар нутгийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсийн дэглэмд хамаарах Ногооннуур сумын “Хар сайн уул” нэртэй өвөлжөө бүхий газраас уламжлалт аргаар мал аж ахуй эрхлэхэд зориулж газар ашиглах гэрээ байгуулахыг Ногооннуур сумын Засаг дарга, Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаанд даалгах шийдвэр гаргаж өгнө үү гэв.

Хариуцагч Ногооннуур сумын Засаг даргаас шүүхэд гаргасан тайлбартаа:

Иргэн А.Хд Газрын тухай хуулиар оногдох 700 м2 газрыг эзэмшүүлэх шийдвэрийг гаргах асуудал нь өөрөө бусдын эзэмшлийн газарт байршилтай өвөлжөөний бэлчээртэй давхцах, нэг доор буух нь амьдралд малчид иргэдийн дунд хэрүүл үүсгэх, маргаан гарах, улмаар гэмт хэрэг зөрчил үүсгэх хор уршгийг дагуулж ирсэн гашуун сургамж, эрсдэлд хүргэхээс урьдчилан сэргийлж шийдвэр гаргахаас татгалзаж байгаа. Цаашид уг газраас А.Хд өвөлжөөний зориулалтаар дахин газар ашиглуулах шийдвэр гаргах боломжгүй байна. Учир нь мал ихтэй хоёр айлыг нэг газарт өвөлжихөөр шийдвэр гаргавал бэлчээр талхлагдах эрсдэл гарч Газрын тухай хуулийн 52.2-т заасны дагуу өвөлжөө хаваржааны тодорхой нутаг бэлчээрийг талхлагдахаас хамгаалах нөхөн сэргээх гэснийг зөрчиж байна. Мөн заалтын тухайн бүс нутгийн онцлог бэлчээр ашиглаж ирсэн уламжлал, газрын даац чадавхыг  харгалзан багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга малчдад болзол гэрээний дагуу хэсэг бүлгээр ашиглуулж болно гэж заасны дагуу тус багийн иргэдийн Нийтийн Хурлаас санал гараагүй, газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд ороогүй болно.  

Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нар хоорондоо эвлэрч чадаагүй учраас шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан.  Бид шүүхээс гарсан шийдвэрийг хүндэтгэнэ. “Хар сайн уул” гэдэг газарт маргаж байгаа гол асуудал нь бэлчээрийн асуудал байгаа. Тухайн газарт хоёр айл багтана. Гэхдээ тэдний мал бэлчээрт нь багтахгүй.

Анх маргаан бүхий  газрыг тэжээлийн аж ахуйн дарга хийж байсан гуравдагч этгээдийн эцэг н.Сома гэдэг хүн авч байсан байна. Нэхэмжлэгчийн ярьж байгаа нь зөв, олон жил тухайн газар, хашаа хороонд хоёр айлын малыг хариулж байсан. Гэхдээ уг газрыг эзэмших эрхийн  гэрчилгээ нь С.Жийн нэр дээр байгаа. А.Х өөр газраас газар авна гэвэл би хүссэн газраас нь газар өгч болно. Тийм учраас хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

 Хариуцагч Монгол Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаанаас шүүхэд гаргасан тайлбартаа:

Тус хамгаалалтын захиргаа нь Сийлхэмийн нурууны байгалийн цогцолборт газрын “А”, “Б” хэсгийг Улсын Их Хурлын 29 дүгээр тогтоолоор Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн байгалийн цогцолборт газрын ангиллаар авснаас хойш хамгаалалтын асуудлыг хариуцаж ажиллаж байгаа.

            Сийлхэмийн нурууны байгалийн цогцолборт газрын “А”, “Б” хэсгийг улсын тусгай хамгаалалттай газар нутагт авснаас хойш тухайн газар нутагт оршин суугаа малчин ард иргэдтэй 2007, 2012 онуудад уламжлалт аргаар мал аж ахуй эрхлэхэд нь зориулж газар ашиглах гэрээг тус тус байгуулж байсан юм.

Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлд ..иргэн аж ахуйн нэгж байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана гэсэн заалтыг үндэслэн А.Хн Сийлхэмийн нурууны байгалийн цогцолборт газрын “Б” хэсгийн “Хавцалын  Хар сай” гэх газарт байрлах өвөлжөөнд мөн хуулийн 33 дугаар 33.1 дэх хэсэгт ...байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно гэсэн заалтыг үндэслэн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр газар ашиглах гэрээ байгуулагдаж байгаагүй бол хамгаалалтын захиргааны дарга эрх хэмжээнийхээ хүрээнд иргэн А.Хтай уламжлалт аргаар мал аж ахуй эрхлэхэд зориулж газар ашиглах гэрээ байгуулахад татгалзах зүйлгүй болно гэжээ. 

Гуравдагч этгээдээс шүүхэд гаргасан тайлбартаа:

А.Х нь 1988 оны 3 дугаар сард нүүж ирж суурьшиж, байшин барьсан “Хар сай” өвөлжөө нь 1985 оноос тэжээлийн аж ахуйн “Партизан” нэгдлээс шилжүүлэн авч өөрийн  хөрөнгөөр малчдад мал маллуулах, төллүүлэх, өвөлжүүлэх зорилгоор ажилчдынхаа хүчээр саравчтай хашаа, төлийн 2 пүнз, малчдын 1 өрөө сууц зэргийг тус тус барьж, тухайн үед малчин н.Мурхамадид хүлээлгэж өгсөн билээ. Үүний дараа 1988 оноос тус аж ахуйд А.Х нь малчнаар орж тус өвөлжөөнд тэжээлийн аж ахуйн малыг маллаж 1994 он хүртэл ажиллаж, 1995 оноос 1998 он хүртэл тус аж ахуйд ямар нэгэн малгүй байсны эцэст 1998 онд тэжээлийн аж ахуй нь өр барагдуулах зорилгоор худалдаанд гаргасан.

1998 оны 02 дугаар сарын 20-нд “Ачит алхап”  компани ямар ч өөрийн гэсэн малгүй байсан тул  уг өвөлжөөг худалдаанд гаргасан ба компанийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн хурлын шийдвэр тогтоолын дагуу миний эцэг н.Сома нь 220 мянган төгрөгөөр худалдаж авч,  бага хүү болох С.Еркинбект хувьчилж өгсөн.  А.Х нь тухайн үед өөрийн гэсэн хувьцаагаа одоогийн компанийг эзэмшиж байгаа Х. Калимат, Х.Рахмет нарт бэлэн мөнгөөр худалдсан. Иргэн А.Хд уг өвөлжөө байрлалтай газарт ямар нэгэн газар эзэмшсэн эрхийн акт байхгүй, миний өвөлжөөний байшингийн хажуугаас газар эзэмшихийг зөвшөөрөхгүй. 2 жилийн хугацаанд бэлчээрийн даац хэтэрсэн. Цаашдаа А.Х бид хоёр харилцан тохиролцож чадахгүй. Тухайн газарт газар эзэмших эрхийн гэрчилгээ надад байгаа.  Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж  байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Монгол Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны харьяа Сийлхэмийн нурууны тусгай хамгаалалттай газар нутгийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсийн дэглэмд хамаарах Ногооннуур сумын “Хавцалын Хар салаа /Харсай/” гэх газраас өвөлжөөний зориулалтаар уламжлалт аргаар мал аж ахуй эрхлэхэд зориулж газар ашиглах гэрээ байгуулахыг Ногооннуур сумын Засаг дарга, Монгол Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаанд тус тус даалгах шийдвэр гаргаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь А.Х нь тухайн газар нутагт 1988 оны 3 дугаар сараас эхлэн амьдарч, 33 дах жилдээ тухайн газрыг эзэмшиж, ашиглаж ирсэн. Гэтэл тухайн газар нутгийг Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д зааснаар эзэмшихийг хүсэж хүсэлт гаргасан боловч тус газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт багтаж байгаа болох нь тогтоогдсон.

Ийм учраас Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай хуулиудын холбогдох заалтуудыг үндэслэн ашиглах гэрээ байгуулахыг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2-т зааснаар уламжлалт аргаар мал аж ахуй эрхлэхээр гаргасан.

Мөн хуулийн 33 дугаар зүйлийн 1-д “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно” гэж заасан. Иймд хуулийн 17 дугаар зүйлд зааснаар  уламжлалт мал аж ахуй эрхлэх зориулалтаар байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэлбэрээр нэхэмжлэгчид маргаан бүхий газрыг гэрээний үндсэн дээр ашиглуулахыг хариуцагч нарт даалгах шийдвэр гаргах эрх нь захиргааны хэргийн шүүхэд байгаа гэж үзэж байна.

Хариуцагч мэргэжлийн байгууллага болох Монгол Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаа хариу тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн. Үүнийг шүүх шийдвэр гаргахдаа анхааран үзэхийг хүсэж байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1-д “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна” гэж заасан. Сумын Засаг дарга энэ үүргээ биелүүлэх учиртай. Сийлхэмийн нуруу ганцхан “Хар сайн уул”-аар хязгаарлагдахгүй, цаана Горно-Алтай, Асгатын хавцал хүртэл хил залгаатай газарт Ногооннуур сумын олон малчид амьдарна сууж байгаа тул зөвхөн А.Хн эрх ашиг хөндөгдөхгүй. Монгол Алтай нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны хариу тайлбараар бүх малчид тусгай хамгаалалттай газарт гэрээгүйгээр оршин сууж байгаа. Энэ нь хууль бус бөгөөд үүнийг сумын Засаг дарга зохион байгуулах учиртай. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана” гэж, 2-т “Хамгаалалтын захиргаа буюу Засаг дарга нь газар ашиглах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт болон түүний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжилна” гэж заасан. Энэ нь  хуулиар Засаг даргад хүлээлгэсэн үүрэг, Засаг дарга энэ үүргээ биелүүлэх шаардлагатай.

Тухайн газар нь “ЛМ” нэртэй тусгай программд ороогүйгээс болж, иргэдтэй газар ашиглуулах гэрээ байгуулах боломжгүй байгаа. Иймээс  хариуцагч болох Монгол Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаанаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг үндэслэж, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбараа:

Нэхэмжлэлийн шаардлага нь Ногооннуур сумын Засаг даргад маргаан бүхий газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлэхийг даалгах тухай байна. Энэ нь өөрөө эрх зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна.  Учир нь захиргааны хэргийн шүүхэд Ногооннуур сумын Засаг даргад  А.Хд “Хар сайн уул” хэмээх газраас газар өг гэж даалгах эрх хэмжээ байхгүй. Яагаад гэвэл энэ Засаг даргын эрх хэмжээний асуудал байгаа. А.Хд урьд нь тус газрыг ашиглуулахаар хийсэн гэрээний хугацаа дууссан, дахиж гэрээ хийгээгүй учраас Монгол Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаа нь энэ хэргийн хариуцагч биш юм.  Тухайн байгууллага нь сумын Засаг даргад А. Хуанбайд газар олго гэж үүрэг өгөх эрх хэмжээ байхгүй гэж үзэж байгаа.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 2-т “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна” гэж заасан. Хамтарч ажиллахаар болбол Ногооннуур сумын Засаг дарга К.Хт хамтарч ажиллах тухай эрх зүйн акт гаргаагүй. Тийм учраас Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалтын газруудын хамгаалалтын захиргаа хариуцагч биш тул энэ хэрэгт оролцох эрх хэмжээ байхгүй юм. Нэхэмжлэгч А.Х нь 1988 оноос эхлээд тухайн газарт амьдарсан гэж байгаа. 1988 оноос хойш амьдарч байгаа бол яагаад газрын асуудлаар өөрт нь эрх олгосон баримт аваагүй байдаг вэ. Тухайн газрыг олгохдоо сум ,багийн иргэдийн Хуралд танилцуулж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулаад, газар ашиглах, эзэмших эрхийг  олж авдаг. Уг газарт  олон жил амьдарсан гэдгээр  газар эзэмших ёстой  гэж үзэж болохгүй. Мөн уг газарт оршдог гэх эд хөрөнгүүдээ бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ аваагүй, энэ талаарх бичиг баримт байхгүй байна. Засаг дарга тухайн маргаж байгаа газраас өөр газраас газар хүсвэл шийдэж өгье гэж байхад заавал гуравдагч этгээд С.Жийн эзэмшил газрын хажуугаас газар авна гэж зүтгэж байгаа нь буруу. А.Х олон жил тус газарт  амьдарсан нь үнэн. Гэхдээ асуудлыг хуулийн хүрээнд шийдэх хэрэгтэй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Х нь тус шүүхэд анх Ногооннуур сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрээс өөрт нь   газар эзэмшүүлэх шийдвэр гаргахгүй байгаа сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, түүний өвлийн сууц, амбаар, шинээр барьсан малын хашаа зэрэг байгууламжууд орших нийт 493.86 м2 газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж, Ногооннуур сумын нутаг дэвсгэрт хамаарах  Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Сийлхэмийн нурууны байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд орших “Хар сайн уул” нэртэй газраас уламжлалт мал аж ахуй эрхлэх зориулалтаар газар ашиглуулах гэрээ байгуулахыг  сумын Засаг дарга болон Монгол Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаанд даалгахыг хүсжээ.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн  шаардлагын үндэслэлээ “Хар сайн уул” нэртэй газарт гуравдагч этгээд С.Жийн малыг 20 жил маллаж, тус газарт 32 жил нутагшиж, амьдарч  ирсэн. Өөр газраас газар эзэмшдэггүй, тус газар нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг тул миний хашаа байшин орших газар болон ойр орчны газрыг уламжлалт мал аж ахуй эрхлэх зориулалтаар  ашиглах эрхтэй. Урьд нь тус газрыг гэрээгээр ашиглаж байсан” гэж тайлбарлан маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн оршин сууж амьдарч байгаа гэх Ногооннуур сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт орших газарт шүүхээс үзлэг хийхэд уг газарт нэхэмжлэгчийн эзэмшлийнх гэх  өвлийн сууц, амбаар, шинээр барьсан гэх малын  хашаа, өвс хадгалдаг хашаа, гуравдагч этгээдийн эзэмшлийнх гэх малын саравчтай хашаа, өвлийн сууц зэрэг байгууламжууд оршдог байх ба нэхэмжлэгч уг газарт 1988 оноос хойш  оршин сууж, мал аж ахуй эрхэлж амьдарч ирсэн, өөр газраас гэр бүлийн зориулалтаар газар эзэмшдэггүй зэрэг үйл баримтууд хэргийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Гэвч нэхэмжлэгчийн оршин суудаг уг газрын байршил нь тус   газрын координатын цэгүүдийн дагуу тодорхойлогдсоноор Улсын Их Хурлын 2000 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 29 дүгээр тогтоолын дагуу ...байгалийн цогцолборт  газрын ангиллаар Улсын тусгай хамгаалалтад авсан газар нутагт хамаардаг, хязгаарлалтын бүс бүхий газар болох нь шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, Баян-Өлгий аймгийн  Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 340 дугаартай албан бичиг, газрын байршлын зураг, Монгол Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 109 дугаартай албан бичиг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдсон.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар байгалийн цогцолборт газар нь онцгой бүс, аялал жуулчлалын бүс, хязгаарлалтын бүсэд тус тус хуваагддаг байх ба маргаан бүхий газар нь дээрх байдлаар хязгаарлалтын бүсэд оршдог тохиолдолд энэ ангиллын бүсийн дэглэмийг тогтоосон мөн хуулийн  17 дугаар зүйлийн 2-т  зааснаар иргэнд уламжлалт аргаар мал аж ахуй эрхлэх  үйл ажиллагаа явуулахыг  хуулиар зөвшөөрсөн байна. Байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсээс газраас иргэнд газар ашиглуулахдаа мөн хуулийн 33 дугаар зүйлийн 1-д зааснаар ...  тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээ гэрээний үндсэн дээр ашиглуулж болохоор заасан байх ба иргэн нь газар ашиглуулах хүсэлтээ  хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан журмаар хамгаалалтын захиргаанд гаргаж, энэ тохиолдолд  хамгаалалтын захиргаа нь   ...хүсэлт болон түүний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжилна гэж мөн зүйлийн  2 дахь хэсэгт заажээ.

Түүнчлэн  хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  төрийн захиргааны төв байгууллага нь ...байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсийн газраас иргэнд газар ашиглуулах шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргах ба  4 дэх хэсэгт зааснаар уг шийдвэрт ашиглуулах газрын зориулалт, орших бүс, байршил, зааг, хэмжээ, дангаар буюу дундаа ашиглах талаар тодорхой заана гэж зохицуулжээ.

Ийнхүү эрх бүхий этгээдээс газар ашиглуулах шийдвэр гаргаснаар хуулийн  37 дугаар зүйлийн 1-д зааснаар  сум, дүүргийн Засаг дарга уг шийдвэрийг үндэслэн иргэнтэй ... газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулахаар  байна.

Хэргийн үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч А.Х нь маргаан бүхий газраас 10 га газрыг “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай” 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн гурван талт гэрээгээр 5 жилийн хугацаагаар ашигласан байх ба гэрээний хугацаа нь 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон, уг гэрээг байгуулах үед хуульд заасан дээрх журмаар төрийн захиргааны төв байгууллагаас түүнд газар ашиглуулах шийдвэр урьдчилж гаргаагүй байна. Тэрээр газар ашиглуулах хүсэлтээ Монгол Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаанд 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр шинээр гаргасан байх боловч  хамгаалалтын захиргаанаас уг хүсэлтийг байгууллагын үйл ажиллагаанд газрын кадастрын нэгдсэн цахим мэдээллийн санг шинээр үүсгэн нэвтрүүлж ажиллаж байгаатай холбогдуулан газар ашиглах иргэдийн хүсэлт, мэдээллийг бүртгэхгүй байхаар төрийн захиргааны төв байгууллагаас чиглэл өгсөн гэх шалтгаанаар уламжлаагүй нь тогтоогдсон.

 Мөн энэхүү маргаанд ач холбогдол бүхий асуудлаар төрийн захиргааны төв байгууллага болох Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас шүүхэд 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 10/1186 дугаар албан бичгээр ...Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар газрын кадастрын нэгдсэн мэдээллийн санг үүсгэн ажиллаж байгаа бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яам тусгай хамгаалалттай газар нутаг дахь газар ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын нэгж талбарын хувийн хэргийг хянан магадалж, уг мэдээллийн санд нэвтрүүлэх ажлыг 2018 оноос хойш шат дараалан хэрэгжүүлж байна. Энэхүү үйл ажиллагаатай холбоотойгоор  Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.8- дахь хэсэгт заасны дагуу газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг батлуулсны үндсэн дээр газар ашиглалтыг төлөвлөх шаардлага тулгарч байна. Харин Монгол Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газарт газар зохион байгуулалтын нэгдсэн төлөвлөгөө боловсруулагдаагүй бөгөөд уг төлөвлөгөөг боловсруулан баталсны дараа газар ашиглах эрх олгох үйл ажиллагааг хуулийн хүрээнд гүйцэтгэхээр төлөвлөж байна” гэх хариуг  ирүүлжээ.

Эдгээр нөхцөл байдлаас үзэхэд нэхэмжлэгч маргаан бүхий газрыг ашиглуулах хүсэлтээ холбогдох газарт гаргасан байх боловч хуульд заасан журмаар хамгаалалтын захиргаанаас уг хүсэлтийг түүний талаарх саналын хамтаар төрийн захиргааны төв байгууллагад уламжлаагүй, холбогдох яамнаас нэхэмжлэгчид газар ашиглуулахыг зөвшөөрсөн шийдвэр гаргаагүй, одоогоор иргэдэд шинээр газар ашиглуулах эрх олгох үйл ажиллагааг эхлүүлээгүй зэргээр газар ашиглах гэрээ байгуулахаас өмнөх хуульд заасан урьдчилсан нөхцөлүүд хангагдаагүй байх тул нэхэмжлэгчид Ногооннуур сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт хамаарч буй Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөгдсөн бүсээс мал аж ахуй эрхлэх зориулалтаар  тодорхой газар ашиглуулах гэрээ байгуулахыг хариуцагч нарт даалгах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1,  35 дугаар зүйлийн 2,  36 дугаар зүйлийн 1, 4, 37 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан “Ногооннуур сумын нутаг дэвсгэрт хамаарах  Сийлхэмийн нурууны Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн байгалийн цогцолборт газрын ангиллын хязгаарлалтын бүсэд орших “Хар сайн уул” нэртэй газраас уламжлалт мал аж ахуй эрхлэх зориулалтаар А.Хд газар ашиглуулах гэрээ байгуулахыг Ногооннуур сумын Засаг дарга болон Монгол Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаанд даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                           

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   М.РИЗА