Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 1875

 

Т.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2017/01852 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Т.Бгийн, хариуцагч ОРС ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл /цаашид ТУЗ гэх/, ТӨБЗХт холбогдуулан өмнө эрхэлж байсан ажлын цалин хөлстэй дүйцэхүйц өөр ажилд томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч ОРС ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрэвгийлхамын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Т.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ. Би ОРС ТӨХК-ийн /хуучин нэрээр/ Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн тогтоолоор нэг жилийн хугацаатай хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажилд томилогдсон.

2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 501 тоот Засгийн газрын тогтоол гарч, Төрийн өмчийн хороо татан буугдсантай холбоотойгоор ОРС ТӨХК-ийн удирдлага Сангийн яамны харьяа Төрийн өмчийн удирдлага, бүртгэл, тооллого хяналтын газарт шилжиж шинээр орон тоо бүтцийн өөрчлөлт хийгдсэн. Сүүлд Сангийн яаманд харьяалагдахаа больж, дахин өөрчлөгдөж Хөдөө аж ахуйн яамны харьяа Бодлого зохицуулалтын газарт ОРС ТӨХК-ийн удирдлага бүтэц одоогийн байдлаар шилжин ирсэн.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 102 дугаар шийдвэрийн дагуу албадан гүйцэтгэх ажиллагаа явуулан миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн, гэрээний хугацаа дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэргүйгээр намайг ажилгүй болгож, хохироосонд гомдолтой байна.

Миний зүгээс хөлсөөр ажиллах гэрээ биш, хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзэж байна. Учир нь 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан гүйцэтгэх захирлыг хөлсөөр ажиллуулах тухай гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн гэрээний гол нөхцлүүдийг харилцан тохирч байгуулсан хүчин төгөлдөр хөдөлмөрийн гэрээ юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.3 дахь хэсэгт заасны дагуу намайг ажлаас чөлөөлөх тухай шийдвэр гаргаагүй атлаа эрхэлж буй ажлыг булаан авсан ажиллагааг хийсэн учир ОРС ТӨХК-ийн ТУЗ-ийн намайг ажлаас чөлөөлсөн тушаал гаргахгүй байгаа эс үйлдэхүйг тогтоолгон гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч уг шаардлагаа өөрчилж байна.

 ОРС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлсөн албан ёсны шийдвэр гаргахгүй байгаа шалтгааныг тогтоолгох гэсэн шаардлага нь 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөр тасалбар болгон ОРС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлсөн ОРС ТӨХК-ийн ТУЗ-ийн хурлын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны 2/1 тоот тогтоолоор хангагдсан тул нэхэмжлэлээсээ энэ шаардлагаас татгалзаж байна.

Нэхэмжлэгч Т.Б ОРС ТӨХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн хурлын 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 02 тоот тогтоолоор тус сувиллын Гүйцэтгэх захирлаар томилогдон сарын 1 324 800 төгрөгийн цалин хөлстэй ажиллаж байхдаа 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон ажилтанд уг албан тушаалын ажлаа хүлээлгэн өгөхөд хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй, өөр ажил өгөөгүй, мөн авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор өгөөгүй байна.

Энэ хугацаанд 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ОРС ТӨХК-ийн ТУЗ-ийн 02/01 тоот тогтоол гарч Т.Бг Оргил рашаан сувиллын гүйцэтгэх захирлын ажлаас 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлсөн.

Ийнхүү эрхэлсэн ажилгүй, цалин хөлсгүй хохирсоор байгаа тул намайг урьд ажиллаж байсан ажлын цалин хөлсөнд дүйцэхүйц ажилд эгүүлэн тогтоож, 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны өмнө нь авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг ОРС ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргуулан, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Т.Бг ОРС ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоолоор гүйцэтгэх захирлаар томилсон. Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8-д зааснаар компанийн захирлыг Төлөөлөн удирдах зөвлөл томилж, чөлөөлдөг. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Төрийн өмчийн хороо болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын ямар шийдвэрээр хууль ёсны эрх, ашигсонирхол нь хөндөгдсөн тухай дурдаагүй бөгөөд юу ч шаардаагүй байна. Иймд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын шийдвэрээр Т.Бг ажлаас чөлөөлөөгүй, хариуцагч биш тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ОРС ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ОРС ТӨХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоолоор Т.Бг гүйцэтгэх захирлаар томилсон юм. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2015/07624 дүгээр шийдвэрээр ОРС ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дүгээр тогтоолыг хууль буст тооцож, О.С-ийг өмнө эрхэлж байсан гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн томилж, О.С-т ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 16 337 216 төгрөгийг Орс ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргуулан олгож ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг даалгасан юм.

Дээрх шийдвэрүүдийг үндэслэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 180 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр явуулж, ОРС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын ажлыг Т.Бгаас О.Сэмэрт хүлээлцүүлсэн. Энэ хугацаанд компанийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаагүйгээс болж, Т.Бг ажлаас чөлөөлсөн албан ёсны шийдвэрийг гаргаагүй. Учир нь Төрийн өмчийн хороо татан буугдаж, чиг үүрэг нь Сангийн яаманд, Сангийн яамнаас Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт шилжих үйл ажиллагаа явагдаж, эдгээр байгууллагуудын үйл ажиллагаа жигдрээгүйгээс болж Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн томилох, удирдамж чиглэл өгөх зэрэг ажлууд удаашралтай явагдсан юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахаар хуульчилсан. Т.Б нь 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр явуулсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Орс ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын ажлаа О.Сэмэрт хүлээлгэн өгсөн бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гомдол гаргаагүй тул 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлж, түүнтэй байгуулсан гэрээг цуцлах шийдвэрийг Төлөөлөн удирдах зөвлөл гаргасан. Мөн Т.Бгийн хүсэлтийн дагуу 5 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний буюу 6 624 000 төгрөгийг Орс ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Б/27 дугаар тушаалаар олгосон тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Бг өмнө эрхэлж байсан ажил албан тушаалаас өөр ажилд томилохыг хариуцагч ОРС ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд даалгаж, хариуцагч ОРС ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс 13 601 280 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Бд олгон, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч ОРС ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Оргил рашаан сувилал ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс 225 956 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Орс ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2017/01852 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

 

Т.Б нь ОРС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 12 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2015/07624 дугаар шийдвэрээр ажлаас чөлөөлөгдсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дэх хэсэгт "...бололцооны дагуу өөр ажил олж өгнө" гэж хуульчилсан.

Төрийн өмчит компанийн Төлөөлөн удирдах зөвлөл нь Компанийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг бөгөөд гүйцэтгэх захирлаас бусад этгээдийг томилон ажиллуулах эрх олгогдоогүй бусад ажил албан тушаалд ажилтан томилох эрх нь тухайн компанийн гүйцэтгэх захиралд байдаг. Гүйцэтгэх захиралд ямар ажилтан авч ажиллуулах талаар үүрэг болгох эрх ТУЗ-д байдаггүй тул ТУЗ нь Т.Бд өөр ажил санал болгох өер ажил олж өгөх боломжгүй юм. Гэтэл анхан шатны шүүх Т.Бд өөр ажил өлж өгөх үүргэз биелүүлээгүй гэж ТУЗ-ийг буруутган шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн хэсгийг ханган шийдвэрлэсэн нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэж байна. ТУЗ өөрийн эрх хэмжээний хүрээнд Т.Бг өөр ажилд томилох боломжгүй тул тодорхой хэмжээний тэтгэмжийг өгсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулж, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн боловч зохигчдын хоорондын маргаанд хамааралтай хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйг зөвтгөн өөрчлөх шаардлагатай гэж үзлээ.

Нэхэмжлэгч Т.Б нь ОРС ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл, ТӨБЗХт холбогдуулан өөр ажилд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргатай хөлсөөр ажиллах гэрээ нэртэй гэрээ байгуулснаар тус компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдсон байна. Хэдийгээр талуудын хоорондын гэрээ нь хөлсөөр ажиллах гэрээ нэртэй байх боловч тус компанийн гүйцэтгэх захирлын албан тушаал нь байнгын ажлын байр байх тул Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Талуудын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн харилцаа үүссэн, гэрээ цуцалсан үйл баримт тогтоогдсон.

 

Нэхэмжлэгч Т.Бгийн хашиж байсан уг албан тушаалд 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7624 дүгээр хүчин төгөлдөр болсон шийдвэрийн дагуу О.Сэмэрийг эгүүлн тогтоосны улмаас хариуцагч компанийн ТУЗ-ын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2/01 дүгээр тогтоолоор нэхэмжлэгчийг чөлөөлж, түүнтэй байгуулсан гэрээг цуцалсан байна. /хх-3-7 дугаар тал/

Нэхэмжлэгч Т.Бгийн ажиллаж байсан албан тушаалд өмнө нь ажиллаж байсан этгээд шүүхийн шийдвэрээр эгүүлэн тогтоогдсон учраас ажил олгогч Оргил рашаан сувилал ТӨХК-ийн ТУЗ-аас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсныг хууль бусаар ажлаас чөлөөлсөн гэж үзэхгүй. Харин ажил олгогч нь уг үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тохиолдолд мөн зүйлд зааснаар бололцооны дагуу өөр ажил олж өгөх үүрэгтэй.

Дээрх үндэслэлээр хариуцагч Орс ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс бололцооны өөр ажил олж өгөхийг шаардах эрхтэй. Иймд анхан шатны шүүх дээрх үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэж хариуцагч Оргил рашаан сувилал ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд өөр бололцооны ажил олж өгөхийг даалгасан нь зөв байна.

Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийн заалтыг буруу тайлбарлан, нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 13 601 280 төгрөг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн нь алдаатай болжээ.

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зохицуулалтууд нь мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь заалт буюу шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогдсонтой холбоотой үүсэх үр дагаварт хамаарах учиртай. Нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоогоогүй, үүнтэй холбоотой гомдол шийдвэрлээгүй тул Т.Б нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, үүнтэй холбоотой хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлөх үүргээ хэрэгжүүлэхийг хариуцагчаас шаардах эрхгүй тул шийдвэрийн энэ хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Хариуцагч Орс ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э нь давж заалдах журмаар гомдол гаргасан, түүнд 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны товыг мөн сарын 09-ний өдөр давж заалдах шатны шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг тэмдэглэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2017/01852 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Бд бололцооны дагуу өөр ажил олж өгөхийг хариуцагч ОРС ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд даалгаж, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 13 601 280 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай хэсгийг болон хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “225 956” гэснийг “70 200” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                               ШҮҮГЧИД                                         Г.ДАВААДОРЖ

 

                                                                                      Ч.ЦЭНД