Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/33

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч П.Шижиртуяа,

шүүгдэгч Б.*******баяр, түүний өмгөөлөгч Ч.Отгонжаргал нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.*******баярт холбогдох эрүүгийн 2215000000011 дугаартай, 163/2022/0032/Э индекстэй хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******баяр, Булган аймгийн Гурванбулаг суманд 1969 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, Булган аймаг, Гурванбулаг сумын 1 дүгээр багийн Бэрхийн ар гэх газарт оршин суух бүртгэлтэй, малчин, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, 53 настай, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, РД: .

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.*******баяр нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Булган аймгийн Гурванбулаг сумын 6 дугаар багийн нутаг Боом гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.*******атай маргалдаж улмаар түүний эрүүний доод хэсэгт нь хутгаар хатгаж эрүүл мэндэд нь эрүүний доор шарх, зүүн хацар, баруун гарын эрхий хуруунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг,  эрүүгийн 2215000000011 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.*******баяр нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Булган аймгийн Гурванбулаг сумын 6 дугаар багийн нутаг Боом гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамт архи ууж байсан Б.*******атай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар түүний эрүүний доод хэсэгт нь нэг удаа хутгаар хатгаж биед нь эрүүний доор шарх, зүүн хацар, баруун гарын эрхий хуруунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******баярын өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 1.500.000 төгрөг төлсөн. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,

2. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.*******ын өгсөн: 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр сумын төв дээр Царай гэх ахын гэрт өөрийнхөө ангийн найзууд болох Ганаа, Содоо гэх хоёр залуутай гурвуулаа сууж байсан. Царай ах нэг шил архи гаргаж өгөөд тэрийг нь би аягалаад сууж байхад манай нэгдүгээр багийн *******баяр ах ирсэн. Ирээд урд шөнө айлын гадаа согтуу байж байхад айлд оруулж өгсөнд баярлалаа ахын дүү гээд надад нэг шил архи авчирч өгсөн. Тэрийг нь би тойруулаад сууж байгаад *******баяр ахад хандан та намайг айлд хулгай хийсэн гэж хэлсэн байна лээ, дүү нь яаж ч ядарсан хулгай хийх хүн биш шүү гэж хэлэхэд *******баяр ах хоёулаа гаръя гэсэн. Тэгээд гараад *******баяр ахын машинд суугаад явсан. Тэндээсээ шууд сумын төвийн хойно байх Боом гэх газарт очсон. Тэнд очиход *******баяр ах жолооны ард суучихсан би хажууд нь суугаад байж байсан. Тэгсэн нэг мэдсэн би машинаас буугаад гадаа гарчихсан цусаа угаагаад ганцаараа зогсож байсан. *******баяр ах хөдлөөд явчихсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8 дугаар тал/,

3. Гэрч Б.*******ийн өгсөн: Ганаа бид хоёр Царай ахын гэрт байж байгаад 20-30 орчим минутын дараа *******а руу залгаад хаашаа явсан юм, юу болов гэхэд би сумын төвийн хойд талын Боомын гарам дээр байна. Унаагүй болчихлоо, чи ирээд ав гэж хэлсэн. Тэгэхээр нь би машиныг нь унаад очиход нил цус болчихсон эрүүнийхээ доод талд хатгуулчихсан байсан. Цус нь гоожоод ганцаараа зогсож байсан. Тэгээд би юу болов гэж асуусан чинь *******баяр ах намайг хатгачихлаа, тэгээд явчихсан гэж хэлж байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дугаар тал/,

4. Гэрч Ц.*******ийн өгсөн: Б.*******баяр ахын эхнэр Соёлмаа нь надтай утсаар яриад *******баяр согтуу, би хүн хутгалчихлаа гээд орилоод над руу залгаад байна чи сумын цагдаа дээр очоод тодруулаад асуугаад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би *******баяр ах хэнийг хутгалсан гээд байгаа юм гэж асуухад *******ыг хутгалсан гээд байна гэж хэлсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дүгээр тал/,

5. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 85 дугаартай: Б.*******ын биед эрүүний доор шарх, зүүн хацар, баруун гарын эрхий хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь иртэй зүйлээр тус бүрдээ нэг, нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байхаар байна. Уг гэмтлүүд нь шинэ гэмтлүүд ба 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр үүссэн байх боломжтой. Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Эрүүний доор шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Зүүн хацар, баруун гарын эрхий хуруунд зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 39-40 дүгээр тал/,

6. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.*******баярын гэм буруугаа хүлээж өгсөн: 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр *******а руу залгаад хаана байгаа талаар нь асуухад Царай гэх айлд байна гэхээр нь би дэлгүүрээс 0.5 литрийн савлагаатай Экс нэртэй архи аваад тэр айлд очсон. ...*******а надад хандаж та намайг цагдаад хулгайч гэж хэлж гарын үсэг зурсан байна лээ гэхээр нь би ах нь тийм зүйл хэлээгүй гэж хэлсэн. Гэтэл *******а олон удаа тэр асуудлыг яриад уурлаад байхаар нь ахын дүү тийм зүйл байхгүй гэж хэлээд гараад явсан. Машиндаа сууж байтал *******а гарч ирээд миний машинд суухаар нь ах нь хөдөө явлаа гэхэд машинаас буухгүй байсан. Тэгэхээр тэндээс хөдлөөд сумын төвийн арын Боом гэх газар очоод машинаа зогсоогоод бид хоёр маргалдаад зууралдаж барилцаж авсан. Тэгсэн би халтираад унасан чинь *******а миний дээр гараад миний хоёр гарыг хөдөлгөхгүй өвдгөөрөө дараад байхаар нь би гараа өвдөгнөөс нь сугалж байгаад гараа гаргаад хормойнд сул байсан жижиг түлхүүрний оосорны хутгыг гаргаж ирээд *******ыг айлгах гэсэн чинь нэг мэдсэн эрүү хэсэгт нь зүсчихсэн. Тэгсэн *******а над дээрээс босохоор нь би бас газраас босоод *******ыг харсан чинь эрүүн доор нь цус болчихсон байсан. Би машинаа унаад сумын төв явсан. Харин *******а утсаар яриад үлдсэн. ...Би *******ад 1.500.000 төгрөг өгсөн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49-50 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.*******а, гэрч Б.*******, Ц.******* нарын өгсөн мэдүүлэг, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Б.*******баярын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан шалгахад шүүгдэгч Б.*******баяр нь Булган аймгийн Гурванбулаг сумын 6 дугаар багийн нутаг Боом гэх газарт 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамт архи ууж байсан Б.*******атай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа түүний эрүүний доод хэсэгт нь нэг удаа хутгаар хатгаж биед нь эрүүний доор шарх, зүүн хацар, баруун гарын эрхий хуруунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутай нь нотлогдож байна.

        Шүүгдэгч Б.*******баярын гэм буруутай үйлдэл, хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, энэ нь шинжээчийн дүгнэлтээр батлагджээ.

Шүүгдэгч Б.*******баяр гэм буруугийн талаар маргаагүй, түүний бусдын бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв. 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.*******баярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Б.*******баярын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Б.*******а мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд иргэний нэхэмжлэлийн баримт ирүүлээгүй ч шүүгдэгч нь сайн дураараа 1.500.000 төгрөгийг төлснөөр /хавтаст хэргийн 58 дугаар тал/ хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.*******баярыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.*******баярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Б.*******баярын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.*******баярт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураар төлсөнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 54-56, 64 дүгээр талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, Цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.*******баяр нь ам бүл 2, эхнэрийн хамт Булган аймаг, Гурванбулаг сумын 1 дүгээр багийн Бэрхийн ар гэх газарт мал маллан амьдардаг, ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.*******баяр нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 4/05 дугаартай тогтоолоор хангаж, яллагдагчид оногдуулсан ялын төрөл, хэмжээний талаар прокурорын саналыг танилцуулж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Б.*******баярын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хохирлыг төлсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаварыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Б.*******баярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.*******баяр нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж, шүүгдэгч Б.*******баяр нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******баярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******баярыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт анхааруулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Б.*******баяр нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******баярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Б.*******баяр нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               С.ЦЭРЭНХАНД