Шүүх | Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
Хэргийн индекс | 176/2021/0275/Э/223/2021/0043 |
Дугаар | 2021/ШЦТ/289 |
Огноо | 2021-08-09 |
Зүйл хэсэг | 11.4.1., |
Улсын яллагч | Э.Уранчимэг |
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 2021/ШЦТ/289
2021 8 09 2021/ШЦТ/289
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Наранбаатар,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Уранчимэг,
Шүүгдэгч Г.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Т холбогдох эрүүгийн 2134000000234 дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, яс үндэс халх, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Г.Тий өгсөн: Миний бие 2020 оны 11 дүгээр сард Зэвсэгт хүчний 311-р ангид цэргийн алба хаахаар ирсэн. Цэрэгт ирээд дэд түрүүч цол авч бага дарга болсон. 2021 оны 5 дугаар сарын 15-16 шилжих шөнө ротын жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. Байлдагч З.А бол 1-р салааны цэрэг. Тухайн үед галын эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Орой 22:00 цагаас хойш ротын жижүүр болон ээлжийн гэхэд хүмүүс амарсан байх ёстой байдаг. Орой нь цэргүүд бүрэн амарсан. Харин нэг тасгийн захирагч нь тухайн өдөр жижүүрээр гарч байсан. Байлдагч А нь зурагт үзээд сууж байсан. Тэгээд А амар гэхэд байж байсан. Эргэж ирээд рапортоо биччихээд амрах уу гэхэд амрахгүй гээд өөдөөс эсэргүүцэж, уурлаад салаавч гаргасан. Тасгийн дарга чамд үүрэг өгөөд байна амар гэсэн чинь чадахгүй чиний дарга чинь надад ямар хамаатай юм гэсэн. Тэгэхээр нь би миний жижүүртэй үед ингэхгүй шүү гээд цохисон. Тэгэхэд ахлах ахлагч ирж бид хоёрыг салгасан гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Хохирогч З.А /хх 6-8, 10/, гэрч Б.Шүхэрт /хх 13-14/, гэрч Д.Ө /хх 16-17/, шүүгдэгч Г.Тий гэрч болон яллагдагчаар өгсөн /хх 19-21, 62-63/ мэдүүлгүүд,
Төв аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 6 дугаар сарын 11-ны өдрийн №48 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 24/, Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн №48 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 27-28/, өвчний түүх /хх 31-54/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх 67/, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх 70-74/ зэрэг хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд болно.
Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас 2021 оны 5 дугаар сарын 15-ны орой 22 цагийн орчим Зэвсэгт хүчний 311-р ангид ротын жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан дэд түрүүч Г.Т бие бүрэлдэхүүнийг амраасны дараа Соёл амралтын өрөөнд ороход 1-р салааны байлдагч А унтаагүй зурагт үзээд сууж байсан байна. Улмаар байлдагч Ат Г.Т унтаж амрах шаардлага тавихад А үл биелүүлж маргалдаж Г.Т баруун гараараа Аийн зүүн шанаа хэсэгт нь нэг удаа цохисон. Үүний улмаас Аийн эрүүл мэндэд эрүүний зүүн үений сэртэнгийн зөрсөн хугарал бүхий Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т заасан хүндэвтэр хохирол учирсан үйл баримт тогтоогдсон. Энэ нь
Хохирогч Аийн өгсөн: “Би Төв аймгийн Алтанбулаг сумын 311-р цэргийн ангид алба хаадаг хугацаат цэргийн алба хаагч. 2021.5.15-16-нд шилжих шөнө би галын эргүүлийн ээлжийн үүрэг гүйцэтгээд байж байтал дэд түрүүч Т гэх цэргийн алба хаагч намайг унт гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөдөөс нь үгүй гэж хэлсэн чинь намайг заамдаад авсан. Тэгэхээр нь би Тий өөдөөс салаавч гаргасан. Тэгтэл ахлах байлдагч Өсөх-Ирээдүй ороод ирсэн. Тэгээд бид хоёрыг салгаад болиулсан. Бид хоёр заамдалцаад зогсож байхад салгасан. Тэгээд би нээх зүйл бодоогүй зурагт хараад зогсож байтал миний хажуу талаас дэд түрүүч Т зүүн талын шанаа руу нэг удаа гараараа цохисон. Би өөдөөс нь ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй. Тэгээд тухайн үед би ууртай байсан болохоор надад ямар нэгэн зүйл мэдэгдээгүй. 30 орчим минутын дараа миний зүүн шанаа орчмоор өвдөж эхэлсэн. Тэгээд би ангийн удирдлагын болон холбогдох хүмүүст хэлээгүй 2 хоносон. Тэгтэл миний шанаа зүгээр болохгүй өвдөөд байсан. Тэгээд ангийн эмнэлэгт үзүүлээд тэр өдрөө Төрийн тусгай алба хаагчийн эмнэлэгт ирсэн. Үйл явдал болсноос хойш би өөрөө хэнд л хэлээгүй нуусан. Намайг энэ тухай хэн нэгэнд хэл гэж хэнд ч дарамталж шахаагүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх 6-8, 10/,
Гэрч Б.Ш өгсөн: “Би 2021.5.16-ны өдөр ротын ээлжийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэгээд орой 22 цагийн үед бие бүрэлдэхүүн амраад байж байтал байлдагч А Соёл амралтын өрөөнд зурагт үзээд сууж байсан. Тэгтэл ротын жижүүрээр гарч байсан дэд түрүүч Т Аийг унтаж амар гэхэд өөдөөс нь би унтаж амрахгүй байж бай гээд тайлбар тавиад эсэргүүцээд байсан. Тэгээд дэд түрүүби чамд дүрмийн дагуу унтаж амар гэж шаардаад байгаа юм биш үү гэхэд А эсэргүүцээд өөдөөс нь салаавч гаргасан. Тэгээд тэр хоёр хоорондоо заамдалцаад авсан. Тэгтэл ахлах байлдагч Өсөх-Ирээдүй орж ирээд тэр хоёрыг салгасан. А дахиад зурагт үзээд амрахгүй суугаад байсан. Тэгтэл дэд түрүүч Т “би чамд юм хэлээд байгаа юм биш үү байлдагчаа цэрэг ротын жижүүр тасгийн захирагч чамд юм хэлээд байхад яагаад тоохгүй байгаа юм” гэхэд байлдагч А “чиний ротын жижүүр захирагч байх чинь надад хамаагүй” гэсэн утгатай зүйл хэлээд гар луугаа нулимаад дахин салаавч өгсөн. Өгөхдөө салаавчаа ам руу нь тулгаж байсан. Тэгтэл дэд түрүүч Т уурлаад байлдагч Аийн зүүн шанаа руу нэг удаа цохисон. А байлдагч шанаагаа бариад байсан. Тэгээд унтаж амарсан.” гэх мэдүүлэг /хх 13-14/,
Гэрч Өн өгсөн: “2021.5.16-ны орой 22 цагийн үед цэргүүд амраад байж байтал би гутлаа тослоод сууж байсан тэгтэл соёл амралтын өрөөнд хүн муудалцаад байх шиг чимээ сонсогдсон. Тэгээд яваад ортол тухайн үед ротын жижүүрээр гарч байсан дэд түрүүч Т байлдагч А нар хоорондоо заамдалцаад зогсож байсан. Би тэр хоёрыг салгаад байлдагч Аийг амрахгүй юм уу гэж асуусан. А өөдөөс үг дуугарахгүй зурагт үзээд сууж байсан. Тэгтэл дэд түрүүч Т байлдагч Ат хандан “би ротын жижүүр тасгийн захирагч чамд унтаж амрах үүрэг өгч байна” гэхэд А өөдөөс нь “чиний ротын жижүүр тасгийн захирагч чинь надад хамаагүй гээд салаавч гаргаад салаавчтай хуруугаа нулимаад Тий ам руу тулгасан. Тэгтэл дэд түрүүч Т уурлаад шанаа руу нь нэг удаа гараараа цохисон.” гэх мэдүүлэг /хх 16-17/,
Шүүгдэгч Г.Тий өгсөн: "2020 оны 11-р сард цэргийн алба хаахаар татагдан ирсэн. Цэрэгт ирээд дэд түрүүч цол авч бага дарга болсон. 2021.5.16-ны өдөр би ротын жижүүрийн үүргийг гүйцэтгэж байсан. Байлдагч А бол 1-р салааны цэрэг тухайн үед галын эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Орой 22 цагаас хойш ротын жижүүр болон ээлжтэн хоёроос бусад нь амрах ёстой байдаг. Тухайн өдөр бие бүрэлдэхүүнийг бүгдийг нь амраачхаад Соёл амралтын өрөө рүү ороод хартал байлдагч А нь унтахгүй кино үзээд сууж байсан. Тэгээд би Ат амрах шаардлага тавихад “за одоохон түр байж бай” гэсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа дахин унтаж амрах шаардлага тавихад өөдөөс уурлаж дургүйцсэн өнгө аястай “би унтахгүй” гэсэн. Тэгэхээр нь би унтахыг шаардаж тухайн байлдагчийн ханцуйнаас татахад гар угз татаад би унтахгүй гээд өөдөөс салаавч гаргасан. Тэгээд би өөдөөс нь уурлаад “чамайг унтаж амар гээд байгаа юм биш үү, би ротын жижүүрийн хувьд чамд шаардлага тавих ёстой” гэхэд өөдөөс “салаавч гаргасан гар луугаа нулимаад чиний ротын жижүүр байх, бага дарга дэд түрүүч байх чинь надад хамаагүй” гээд миний өөдөөс нулимсан гартай салаавчаа гаргасан. Тэгэхээр нь би өрөөнөөс хүчээр чирээд гаргах гэтэл өөдөөс заамдаад авсан. Тэгээд бид хоёр заамдалцаад авсан. Заамдалцаад зогсож байтал ахлах байлдагч Өсөх-Ирээдүй гаднаас өрөөнд орж ирээд бид хоёрыг салгасан. Тэгтэл А буйдан дээр суугаад үргэлжлүүлээд зурагт үзээд суугаад байсан. Намайг үл тоомсорлоод байсан. Тэгээд би “чи миний жижүүртэй үед ингэж даврахгүй шүү” гээд ахиад татаад босготол намайг түлхээд дахин салаавч гаргаад миний ам руу тулгасан. Тэгээд миний уур маш их хүрсэн. А малгайгаа буруу харуулж толгой дээрээ тавьчхаад “би чамайг ганц л мөргөнө” гээд байсан. Тэгэхээр нь би баруун гараараа зүүн шанаа хэсэгт нь нэг удаа л цохисон. Хажууд ахлах байлдагч Өсөх-Ирээдүй, ээлжтэй байлдагч Шүхэрт нар байсан өөр хүн байгаагүй. ...Тухайн болсон асуудлыг ангийн удирдлагад хэн ч хэлээгүй." гэх мэдүүлэг /хх 19-21, 62-63/,
Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн №48 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.2.Аийн биед эрүүний зүүн үений сэртэнгийн зөрсөн хугарал зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэх /хх 27-28/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг тооцох бөгөөд хохирогч Аийн эрүүл мэндэд учирсан эрүүний зүүн үений сэртэнгийн зөрсөн хугарал нь шүүгдэгч Г.Тгийн баруун гараараа Аийн зүүн шанаа хэсэгт нь нэг удаа цохисон үйлдэлтэй шууд шалтгаантай холбоотой байх бөгөөд үүний улмаас хохирогч Аийн эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсан гэж үзэв.
Г.Тг Төв аймгийн Алтанбулаг суманд байрлах Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн байранд 2021 оны 5-р сарын 15-16-нд шилжих шөнө байлдагч 3.Аийн эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь эрүүний зүүн үений сэртэнгийн зөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Тг өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох байсан нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан байна гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болохыг дурдав.
Хохирогч А нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Улсын яллагч шүүгдэгч Г.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан бөгөөд шүүгдэгч Г.Т ямар нэг санал гаргаагүй болно.
Шүүгдэгч Г.Тий үйлдсэн гэмт хэрэг 2021 оны 5 дугаар сарын 15-ны шөнө болсон байх бөгөөд 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасан хууль үйлчлэх цаг хугацаанд хамаарч түүний үйлдсэн гэмт хэрэг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.2, 7.1, 7.2, 9.2 дахь заалтад хамаарахгүй байгаа хэдий ч шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж шүүх үзээгүй тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэн түүнд холбогдох хэргийг өршөөн хэлтрүүлэх боломжгүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэжээ.
Хохирогч А 2021 оны 5 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө шүүгдэгч Г.Тд цохиулж эрүүл мэндээрээ хохирч хэн нэгэнд хэлэлгүй 2 хонож эрүүний зүүн талд хацар, чамархай орчим хавдаж хавагнасан газарт чинэрч, лугшиж өвдөнө, ясандаа янгинаж өвдөнө. Ам ангайлт хязгаарлагдмал, амны хөндийд шүдний зуулт, хоршил зөрсөн эмзэглэлтэй зовиур шаналал арилаагүйн улмаас /хх 39/ эмчид хандаж, нүүрний ясны хугаралыг засах хагалгаанд 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр орж хагалгаа 57 минут үргэлжилсэн байна. /хх 41/ Мэс заслаар эрүүний зүүн талд чихний дэлбэнгээс доош булан чиглэлд 4,5-5,0 см зүслэг хийн арьс салст булчинг салган цусыг тогтоон ясанд хүрч ясны хальсыг хуулан хугарлыг олоход эрүүний зүүн үений сэртэн хугарч доош сууж зөрж давхцсан байрлалтай байв. Хугарлын эвэнд оруулан барьж 2 титан нь ялтас, 6 ш хадаасаар бэхлэн хадаж салст-булчин-арьсыг үечлэн хааж урсгуур орхин боолт хийв гэж тэмдэглэжээ. /хх 41/ Хохирогч А шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас олон хоног өвдөлт, шаналал зовиур үзэж, одоогоор хадаасаа авхуулаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон. Энэ нөхцөл байдлыг үндэслэн улсын яллагчийн шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.
Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 1 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв. Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд тохирно гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг зургаан сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн 2134000000234 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г.Тг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тд оногдуулсан 1 000 000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Эрүүгийн 2134000000234 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Т нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Тд урьд авсан цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ