Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 20

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Оюунхүү,

           улсын яллагч Н.Булганчимэг,

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Пүрэвсүрэн, түүний өмгөөлөгч Х.Даваахүү /ҮД:0-058/,

шүүгдэгч Б.Баяржаргал, түүний өмгөөлөгч Д.Очирваань /ҮД:2-009/,

иргэний хариуцагч Д.Түмэннаст нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар Шарнууд овогт Батдоржийн Баяржаргалд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201624000157 дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1988 оны 3 дугаар сарын 17-нд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмээгийн хамт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, 701 дүгээр байрны 20 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Шарнууд овогт Батдоржийн Баяржаргал /РД:ЛЮ88031779/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Баяржаргал нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг, Чингисийн өргөн чөлөө Хүннү Молл их дэлгүүрийн урд талын замд 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 06 цаг 50 минутын орчим Тоёота Виста маркийн 36-36 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6 “Гэрэл дохио нь дор дурдсан утгатай байна: г/ улаан гэрэл дохио буюу түүний анивчих нь хөдөлгөөнийг хориглоно. Улаан гэрэл дохиотой хамт ассан шар гэрэл дохио нь хориглосон утгыг өөрчлөхгүй бөгөөд ногоон гэрэл дохио асах гэж байгааг анхааруулна,...” 2.3 “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн...харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон,...бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч П.Базаррагчааг мөргөж биед нь хүнд гэмтэл учруулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.Баяржаргал нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг, Чингисийн өргөн чөлөө Хүннү Молл их дэлгүүрийн урд талын замд 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 06 цаг 50 минутын орчим Тоёота Виста маркийн 36-36 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг баруунаас зүүн тийш чиглэлтэй 60 км/цагийн хурдтай жолоодон явахдаа гарцаар нэвтрэхийг зөвшөөрсөн ногоон гэрлээр зам хөндлөн гарч явсан явган зорчигч П.Базаррагчааг мөргөж биед нь ууцны 1-р нугалам, баруун, зүүн суудал ясны дээд, доод салааны хугарал, баруун дунд чөмөгний хүзүүний дайрсан хугарал, бүсэлхийн 4-р нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал, тархины хүнд зэргийн няцрал, аксоны тархмал гэмтэц, аалзан бүрхүүл доорх цус харвалт бүхий хүнд гэмтэл учруулсан болох нь:

          1. Шүүгдэгч Б.Баяржаргалын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “Би 2016 оны 02 дугаар сарын 24-ний өглөөний 06.45 минутын орчим ажил руугаа нисэхээс хотын төв чиглэлтэй яармагийн замд явж байсан. Би сургууль өнгөрөөд явж байхад машин явахыг зөвшөөрсөн буюу ногоон гэрэл ассан байсан, би ойролцоогоор 60км/цагийн хурдтай явж байсан. Тэр үед надад зам хөндлөн гарч байгаа ямар нэгэн хүн харагдаагүй. Гэтэл явган хүн гэнэт зүүн гар талаас орж ирсэн. Би явган зорчигчийг 4-5 метрийн зайнаас хараад жолооны хүрдээ баруун гар тийшээ дарсан боловч явган зорчигч гарч амжилгүй миний машины урд хэсгээр мөргүүлсэн. Тэгээд би автобусны буудлын тэнд машинаа байрлуулж тавиад хохирогч дээр очтол ухаантай байхаар нь би эхлээд 103, дараа нь 101 дуудсан. Гэтэл хохирогч “...миний түнх болохгүй байна...” гэж хэлэхээр нь би “...та битгий хөдлөөрэй...” гэхэд өөрөө босъя гэхээр нь түшиж босгоод гадаа хүйтэн байхаар нь өөрийн өмсөж явсан гаднах цуваа өмсүүлээд машиндаа суулгасан. Удалгүй 10-аад минутын дараа түргэн тусламж ирж хохирогчийг аваад явсан. Би үүнээс хойш гарсан эмчилгээтэй холбоотой бүх зардлуудыг төлсөөр ирсэн. Тэгээд би хохирогчийг Гэмтэл, Ачтан гэх мэт эмнэлгүүдээр хэвтэн эмчлүүлж түүнийг эргэж, хөл дээрээ босоосой гэж хүсдэг” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

          2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Пүрэвсүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “Манай нөхрийн биеийн байдал маш хүнд байна. 4 мөч нь хөдөлгөөнгүй, бүрэн хэвтрийн дэглэм сахиж, хүний асаргаанд орсон байгаа тул цаашид гарах эмчилгээг шүүгдэгч Б.Баяржаргалаас нэхэмжилнэ. Манайх ам бүл 3-уулаа, охины хамт амьдардаг. Манай охин одоо 2 дугаар курсын оюутан, нөхөр тэтгэвэрт, би өөрөө Хилийн цэрэгт ажилладаг байсан боловч нөхрөө авто осолд орсноос хойш би ажлаасаа чөлөөлөгдсөн, ажилдаа явахгүй байгаа. Өнөөдрийн байдлаар манайх гэдэг айл нэг ч төгрөгийн орлогогүй болсон тул Б.Баяржаргалаар хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлүүлэх, нөхрийнхөө зээлийг чөлөөлүүлэх хүсэлттэй байна. Ямар учраас нөхрийнхөө зээлийг чөлөөлүүлэх гээд байна уу гэхээр манай нөхөр тэтгэврийнхээ зээлээр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн. Гэтэл одоо манай хүүхэд дахиад 2 жил сурна, энэ жил төлбөрийг нь төлж чадаагүй байна. Манай нөхөр хэдийгээр айлын том хүү боловч дүү нар нь бүгд тус тусдаа амьдралтай. Манай нөхөр хэвтрийн дэглэмтэй болсон тул дахиад зээл авах боломжгүй болсон. Гэтэл хүүхдийн сургалтын төлбөр 8 сард нэхэгдэнэ, тэр үед бидэнд ямар ч мөнгө байхгүй байна. Иймд ирээдүйд гарах зардлаа нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

          3. Иргэний хариуцагч Д.Түмэннастын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “36-36 УНИ улсын дугаартай “Тоёота Виста” маркийн автомашиныг анх худалдаж авахдаа би өөрийнхөө нэр дээр авсан юм. Тэгээд би хүү Б.Баяржаргалынхаа эзэмшилд шилжүүлсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн төлбөрийг хүү Баяржаргал бид хоёр ах, дүү нараасаа цуглуулан өгсөн. Хохирогчид цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө, харин одоо үлдэгдэл 383.350 төгрөгийг өгч болж байна” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

          4. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...Замын нөхцөл асфальт шулуун тэгш, хуурай зохицуулагддаг явган хүний гарцтай /үзлэг хийхэд явган хүний гарцны гэрэл дохио ажиллаж байсан/ суурингийн доторх үзэгдэх орчин чөлөөтэй гэрэлтүүлэгтэй эсрэг хөдөлгөөнтэй 6 эгнээ явган хүний замтай хашлагатай хайсгүй 10,70 м өргөнтэй тусгаарлах зурвасны өргөн 7,80 м байв...” /1хх-ийн 4-8/

          5. CD-ний бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 29/

          6. Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /1хх-ийн 30/

          7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Би нөхөр Базаррагчаатайгаа суугаад 23 жилийн нүүрийг үзэж байна. Миний нөхөр 2016 оны 02 дугаар сарын 24-ний өглөө 06 цаг 40 минутын орчимд гэрээсээ гараад аавынхаа гэрлүү явах гээд гарсан тэгээд зам тээврийн осолд орж өнөөдрийг хүртэл тархины гэмтлээсээ болоод ухаангүй тархины үхжилт гэсэн оноштойгоор хэвтсээр байна. Тиймээс цаашид гарах эмчилгээний зардлыг гаргуулах, мөн би эмнэлэгт хэвтсэнээс хойш өнөөдрийг хүртэл ажилгүй сахисаар байна. Гэхдээ гол нь миний зүгээс эхний ээлжинд хүнээ босгож авах, эмчилгээг нь зогсоохгүйгээр хийлгэх хэрэгтэй байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 34-35, 36/

          8. Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт /№2856/-ын дүгнэлт:

                        -П.Базаррагчаа-н биед ууцны 1-р нугалам, баруун, зүүн суудал ясны дээд, доод салааны хугарал, баруун дунд чөмөгний хүзүүний дайрсан хугарал, бүсэлхийн 4-р нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал гэмтэл тогтоогдлоо.

                        -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

                        -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-д зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

                        -Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. /1хх-ийн 59/

          9. Шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалын №456 тоот шинжээчийн дүгнэлт:

                        -П.Базаррагчаа-н биед тархины хүнд зэргийн няцрал, аксоны тархмал гэмтэц, аалзан бүрхүүл доорх цус харвалт зэрэг гэмтэл тогтоогдлоо.

                        -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

                        -Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

                        -Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. /1хх-ийн 63-64/

          10. “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт: “...Уг автомашины тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж үзэхэд урд хоёр дугуйн тоормосны хүчний хэмжээ, зогсоолтын тоормос стандартын шаардлага хангаж байна. Мөн тоормосны аппарат, тоормосны систем хэвийн ажиллагаатай байна. Харин хойд хоёр дугуйн тоормосны хүчний зөрүү 33,33% байсан нь стандартад /хойд хоёр дугуйн тоормосны хүчний зөрүү 30%-аас бага байна/ заагдсанаас бага зэрэг их байна...Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 26,5 мм байгаа нь стандартад заагдсан /+-0-5мм/ хэмжээнээс их буюу урд тэнхлэгийн тохиргоо алдагдсан байна. Зүүн гар талын холын гэрлийн тусгалын эрчим 0сс1, баруун гар талын холын гэрлийн тусгалын эрчим 7600сс1 буюу гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан нь стандартад заагдсан хэмжээнээс /10000-225000сс/ бага байна. Уг автомашин гэрэл дохионы хувьд баруун гар талын ойрын гэрлийн чийдэн, зүүн гар талын тоормосны гэрлийн чийдэн, зүүн гар талын оврын гэрлийн чийдэн асахгүй байсан. Дуут дохио хэвийн ажиллагаатай, урд салхины шил зүүн гар талдаа үйрч цацарсан. Зүүн гар талын урд болон хойд, баруун гар талын хойд дугуйнуудын хээний гүн, хийн даралтын хэмжээ хэвийн, дугуйнуудын хэмжээс ижил байлаа...Зүүн гар талын их гэрлийн шил ослын үед хагарсан тул тусгалын тохиргоо нь ослын үед өөрчлөгдсөн байж болно. Баруун гар талын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан нь ослын үед мөргөлтөөс үүссэн эсвэл ослын өмнө үүссэн гэдгийг тодорхойлох боломжгүй байгаа тул осолд нөлөөлсөн эсэхийг тогтоох боломжгүй. Баруун гар талын ойрын гэрлийн чийдэн, зүүн гар талын тоормосны гэрлийн чийдэн, зүүн гар талын оврын гэрлийн чийдэн асахгүй байсан нь хэрвээ тухайн осол өдрийн цагт болсон бол нөлөөлөхгүй байж болно...” /1хх-ийн 142-149/

          11. Техникийн шинжээчийн №224 тоот дүгнэлт:

                        -Хавтаст хэргийн материал болон хяналтын камерын бичлэг зэргүүдтэй танилцахад 36-36 УНИ улсын дугаартай Тоёота Виста маркийн автомашины жолооч Б.Баяржаргал нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6 Гэрэл дохио нь дор дурдсан утгатай байна. Үүнд: г/ улаан гэрэл дохио буюу түүний анивчих нь хөдөлгөөнийг хориглоно. Улаан гэрэл дохиотой хамт ассан шар гэрэл дохио нь хориглосон утгыг өөрчлөхгүй бөгөөд ногоон гэрэл дохио асах гэж байгааг анхааруулна. Мөн дүрмийн 2.3 Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. Үүнд: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

                        -Явган зорчигч П.Базаррагчаа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

                        -Зорчих хэсэгт 36-36 УНИ улсын дугаартай Т.Виста маркийн автомашины тоормосны мөргүй, автомашин зорчих хэсгээс гарч дугуйн даралтын мөр үүссэн байх тул дугуйн даралтын мөрөөр хурдыг тодорхойлох боломжгүй. /1хх-ийн 156-157/

          12. Яллагдагч Б.Баяржаргалын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2016 оны 02 дугаар сарын 24-ний өглөө 06 цаг 40 минутын орчим өөрийнхөө эзэмшлийн 36-36 УНИ улсын дугаартай Тоёота Виста маркийн автомашиныг жолоодон гэрээсээ гараад ажил руугаа явах гээд Хүннү Молл их дэлгүүрийн урд талын замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр ойролцоогоор 60 км/цагийн хурдтай явж байтал Хүннү Молл их дэлгүүрийн урд талын явган хүний зохицуулдаг гэрлэн дохио машин явахыг зөвшөөрсөн ногоон гэрэл асчихсан байна гэж харсан тэгээд ч тухайн замын хөдөлгөөн сийрэг, ойр хавьд явган хүн харагдаагүй болохоор нь хурдаа сааруулж амжилгүй, явган хүний гарцаар нэвтэртэл гэнэт миний зүүн гар талаас буюу ертөнцийн зүгээр хойноосоо урагшаагаа чиглэлтэй нэг эрэгтэй хүн гэнэт гүйгээд ороод ирсэн. Тэгэхээр нь баруун гар талруугаа огцом дарсан боловч амжилгүй нөгөө хүнийг машиныхаа зүүн урд хэсгээрээ мөргөж харин машин замаас гарч баруун гар талын жалга руу яваад орчихсон. Тэгээд машинаасаа буугаад нөгөө мөргүүлсэн хүн дээр явж очоод шууд 103 эхлээд дуудсан дараа 102 дугаар луу залгаж дуудлага өгсөн. Тухайн үед нөгөө машинд мөргүүлсэн хүн маань ухаантай байсан надтай ойр зуурын юм яриад байхаар нь та битгий хөдлөөрэй гэсэн чинь босох гээд зүтгээд байсан тэгэхээр нь би куртикээ тайлж өгөөд нөгөө хүнд нөмрүүлээд өөрөө босох гээд байхаар нь хамт босголцоод машинруу оруулсан...Харин машины баруун гар талын ойрын гэрэл осол хэрэг болохоос 2-3 хоногийн өмнө асаж унтраад байх шиг байсан. Тэгээд үзүүлье гэж бодож байтал уг зам тээврийн осол хэрэг гарчихсан. Тухайн осол хэрэг болсон өглөө миний машины баруун талын ойрын гэрэл асахгүй хөндийрөөд байхаар нь холын гэрэл дээрээ тавиад явж байсан юм...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 177-179/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.Баяржаргал нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шалгах хуудас /1хх-ийн 191/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт /№2856/-ын дүгнэлт, шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалын №456 тоот шинжээчийн дүгнэлт, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт, техникийн шинжээчийн №224 тоот дүгнэлт зэргийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүгдэгч Б.Баяржаргалын үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй бөгөөд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний улмаас ямар нэгэн хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцоолон үйлдсэн байх тул хөнгөмсгөөр найдсан гэж үзнэ.

Тээврийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Баяржаргалыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

            Шүүх гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирол /насанд хүрээгүй хохирогч П.Базаррагчаагийн эрүүл мэндийн байдал бүрэн эдгэрээгүй/ арилаагүй байна гэж үзлээ.

            Өөрөөр хэлбэл насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Пүрэвсүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “…Манай нөхрийн биеийн байдал маш хүнд байна. 4 мөч нь хөдөлгөөнгүй, бүрэн хэвтрийн дэглэм сахиж, хүний асаргаанд орсон байгаа...” гэсэн мэдүүлэг,

            Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт /№2856/-ын “...П.Базаррагчаа-н биед ууцны 1-р нугалам, баруун, зүүн суудал ясны дээд, доод салааны хугарал, баруун дунд чөмөгний хүзүүний дайрсан хугарал, бүсэлхийн 4-р нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал гэмтэл тогтоогдлоо...амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэсэн дүгнэлт /1хх-ийн 59/,

            Шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалын №456 тоот шинжээчийн “...П.Базаррагчаа-н биед тархины хүнд зэргийн няцрал, аксоны тархмал гэмтэц, аалзан бүрхүүл доорх цус харвалт зэрэг гэмтэл тогтоогдлоо...амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэсэн дүгнэлт /1хх-ийн 63-64/ зэргээс үзэхэд хохирогчийн биед гэмт хэргийн улмаас учирсан хор уршигаас гарч болзошгүй үр дагаварт шүүх дүгнэлт хийх боломжгүй, түүний биеийн байдал эмчилгээ сувилгааны явцаас хамааран цаашид ямар байх нь тодорхойгүй байна гэж үзсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчлан заажээ.

Шүүгдэгч Б.Баяржаргалын хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, түүний холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд заасан болгоомжгүй гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, шударгаар хүлээн мэдүүлсэн, хохирогч П.Базаррагчаад анхан шатны тусламж үзүүлсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд сайн дураар 11.106.899 /арван нэгэн сая нэг зуун зургаан мянга найман зуун ерэн ес/ төгрөгийг нөхөн төлсөн, хувийн байдал зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9, 55.1.10 дахь заалтуудад заасан ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байгааг харгалзан түүнд 6 сарын баривчлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь шүүгдэгчийн дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон шүүгдэгч нь хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогчид цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэргийн улмаас учирсан гэм хор арилаагүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүгдэгчид гомдолтой гэж мэдүүлсэн зэргийг харгалзан шүүгдэгч Б.Баяржаргалд торгох болон хорих ялаас илүүтэйгүүр баривчлах ял оногдуулах нь зохимжтой гэж үзсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт жолоодох эрхийг заавал хасахаар хуульчилсан байх тул гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, цаашид гарч болзошгүй үр дагаврыг харгалзан, шүүгдэгч Б.Баяржаргалын жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг 3 жилийн хугацаагаар тогтоовол зохистой.

Шүүхэд гэмт хэргийн улмаас хохирогчид шууд учирсан хохирлын зардалд 11.633.812 төгрөгийн баримт ирүүлснээс өмгөөлөгчийн хөлс 800.000 төгрөгийн баримтуудыг гаргуулах боломжгүй байна.

Учир нь хэрэгт авагдсан баримтуудад үзлэг хийвэл өмгөөлөгчийн өмгөөллийн хөлс /800.000 төгрөг/-ийг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан шууд зардлын нотлох баримтаар үнэлэн хохирлын дүнд тооцуулах үндэслэлгүй гэж үзлээ.

Иймд хавтаст хэрэгт төлвөл зохих 10.833.812 төгрөгөөс шүүгдэгч Б.Баяржаргал нь 11.106.899 төгрөгийг сайн дураар нөхөн төлснийг дурдах нь зүйтэй.

Хавтаст хэрэгт авагдсан зарим эм тариа авсан гэх баримтууд нь хэнд зориулагдсан эсэх нь тодорхойгүй, мөн тээврийн хэрэгслийн шатахууны зардлын 455.000 төгрөгийн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн ажилгүй байсан үеийн /2 сарын/ цалингийн 1.144.000 төгрөгийн баримтууд нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд хамаарахгүй хэдий ч шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд дээрх  баримтуудыг нотлох баримтаар үнэлэн хохирлын тооцоонд оруулсан болохыг тэмдэглэе.

Хохирогч П.Базаррагчаа болон түүний хууль ёсны төлөөлөгч С.Пүрэвсүрэн нь цаашид гарах эмчилгээний зардал /цаашид хэр хэмжээний зардал гарахыг тодорхойлох боломжгүй/ болон хүүхдийн сургалтын төлбөр, тэтгэврийн зээл болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарлах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Баяржаргалд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тэмдэглэв.

Энэ хэрэгт энэ хэрэгт хавсаргагдаж ирсэн АВ ангиллын 515380 дугаартай жолооны үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий диск 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3,  294-298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Шарнууд овогт Батдоржийн Баяржаргалыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар Шарнууд овогт Батдоржийн Баяржаргалыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Б.Баяржаргалд оногдуулсан 6 /зургаа/ сарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

 

4. Б.Баяржаргалд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

5. Хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7 дахь заалтад зааснаар энэ хэрэгт хавсаргагдаж ирсэн АВ ангиллын 515380 дугаартай жолооны үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, бичлэг бүхий диск 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар Б.Баяржаргалын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

 

8. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Баяржаргалд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Баяржаргалд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                             Б.БАТБОЛОР