Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2018/ДШМ/64

 

 2018            10             03                                                2018/ДШМ/64

 

Д.Д-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                       

                                                                                                                                                                                      Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: Ж.Айжуу,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: З.Алтанцэцэг,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2018/ШЗ/227 дугаар шүүгчийн захирамжтай, шүүгдэгч Д.Дт холбогдох, эрүүгийн 1819002010106 дугаартай, 1 хавтас, 170 хуудас бүхий хэргийг прокурор С.Энхнямын эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 03 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Ерөнхий боловсролын ... дүгээр сургуулийн ... дүгээр ангид сурдаг, ам бүл 9, аав, ээж, ах, эгч, 3 дүүгийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын ..... дугаар баг, Мааньзавын ........ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Багамянга овогт Д-ийн Д /РД:ЕЮ02230410/-т холбогдуулан  Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.               

        Өсвөр насны шүүгдэгч Д.Д нь 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, ........хорооллын .......дугаар байрны орцонд хохирогч Ү.Г-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Өсвөр насны шүүгдэгч Багамянга овогт Д-ийн Д-т холбогдох эрүүгийн 1819002010106 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар аймгийн Прокурорын газарт буцааж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерийн бичлэг бүхий CD-ийг хэргийн хамт хүргүүлж,

Хэргийг прокурорт очтол өсвөр насны шүүгдэгч Д.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар захирамжийг прокурор эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор С.Энхням давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүхийн  шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам, мөн хуулийн 17 дугаар бүлэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, мөн хуулийн 17.5 дугаар зүйлд Зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журам, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журмын талаар хуульчилж өгсөн бөгөөд хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх процесс ажиллагааг тодорхой төрлийн хэргүүдэд ялгамжтай байдлаар хуульчилж өгсөн байна. Тухайлбал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд Эрүүгийн хуульд заасан тодорхой төрлийн хэргүүдийг нэрлэж заасан. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасныг авч үзэхэд мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээ найман жилээс дотогш санкцитай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг хэрхэн шийдвэрлэх талаар журамласан зохицуулалт гэж ойлгогдохоор байна. Өсвөр насны шүүгдэгч Д.Дт холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд нэрлэж заагдсан хэрэг бөгөөд дээрх хэргийг шүүх хүлээн авснаас хойш 72 цагийн дотор гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр буюу шийтгэх тогтоол, гэм буруугүй гэж үзвэл цагаатгах тогтоол гаргаж шийдвэрлэх талаар хуульчлагдсан байна. Гэтэл анхан шатны шүүх өсвөр насны шүүгдэгч Д.Дт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг 2018.08.31-ний өдөр анхан шатны шүүхэд хүргүүлсэн байхад хэргийг хүлээн авсанаас хойш хуулийн хугацааг хэтрүүлэн 2018.09.10-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаан явуулсан атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд заасан яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх ажиллагаа болох өсвөр насны шүүгдэгч Д.Дын үйлдлийг хүндрүүлэн зүйлчлүүлэхээр дүгнэлт хийн улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд нэрлэж заагдсан хэргүүдийг шийдвэрлэхэд хамаарагдахгүй нөхцөл байдлыг дурдаж, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт хамаатуулан хуулийг илтэд буруу хэрэглэж шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. Мөн шүүхийн шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг удирдлага болгосон атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед хэргийг прокурорт буцаах заалтыг тусгаж шүүгчийн захирамж гаргасан нь шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байна, тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн шаардлагад нийцээгүй, мөн хуулийн 17 дугаар бүлэг буюу хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 33 дугаар бүлэгт заасан журмыг баримтлахгүй гэж хуульчлагдсан байхад 33 дугаар бүлэгт буюу яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагааг хольж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэхээр байна. Өсвөр насны шүүгдэгч Д.Дт холбогдох хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл тохирсон, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруу, хохирлын талаар маргаангүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж өмгөөлөгчийн хамт хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан процесс ажиллагааг хийж хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэгдэх хууль зүйн үндэслэл үүссэн байна. Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэсэн заалтын дагуу хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

Прокурор Ж.Айжуу давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Прокурор Энхнямын эсэргүүцлийг дэмжиж байна. Шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна. Шүүгдэгч Д.Дт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд нэрлэж заагдсан гэмт хэрэг. Энэ гэмт хэрэгт аймгийн Цагдаагийн газраас хялбаршуулсан журмаар хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулж хэргийг шалгаж, прокуророос хэргийг хянаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүх рүү хэргийг хугацаанд нь шилжүүлсэн. Шүүх хэргийг хүлээж аваад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу танилцуулж мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсгүүдэд зааснаар шийдвэрээ гаргах ёстой. Анхан шатны шүүх 2018.08.31-ний өдөр хэргийг хүлээж авсан боловч хуульд заасан 72 цагийн дотор хэргийг хянан шийдвэрлээгүй, хугацааг хэтрүүлэн шийдвэрлэсэн. Мөн Дт холбогдох хэргийг шүүгдэгчийн гэм буруутай гэж үзэж шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй, хуульд нийцээгүй шийдвэр гарсан гэж үзэж байгаа. Хэрэгт цугларсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, камерийн бичлэг, хохирогч Гын эрүүл мэндэд хохирол учирсан талаарх шинжээчийн дүгнэлт болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар өсвөр насны яллагдагч нь хохирогч Г-ын толгойн дагзны хэсэг рүү нэг удаа цохисон болох нь тогтоогддог. Энэ үйлдэл нь хэлбэрийн төдий үйлдэл байсан бөгөөд Шүүх эмнэлгийн шинжээчийн 02/16 дүгнэлтээр хамар ясны хугарал, таславчийн мурийлт, доод уруулны дотор салстын шарх зэрэг гэмтэл тогтоогдсон. Шүүгдэгч нарын хэргийн үйл баримт болон хэрэгт цугларсан нотлох баримтыг аваад үзэхэд өсвөр насны шүүгдэгч Д-т холбогдох хэрэгт өсвөр насны хохирогч Г нараас өсвөр насны шүүгдэгч Хгийн үйлдлийг прокурорын зүгээс хэрэгсэхгүй болгосныг танилцуулсан. Уг шийдвэрт ямар нэгэн гомдол санал гараагүй, нэхэмжилсэн зүйлгүй, түүний үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан. Өсвөр насны шүүгдэгч Дын үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдсон. Хэргийг шалгах явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй болно. Иймээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Хэргийг буцааж шийдвэрлэсэн нь өсвөр насны шүүгдэгч Д-ын эрх зүйн байдлыг дордуулж байна гэж үзэж байна. Уг захирамжийн үндэслэх хэсэгт Х болон Д нар нь санаа зорилгоороо нэгдэж хохирогчийг орцонд дагуулж орсон гэж дүгнэсэн байдаг. Гэтэл Г найз охиноо гэр рүү нь оруулж өгье гээд орцонд орсон, араас нь Д, Х нар орсоноос биш хохирогч Г-ыг зодоё гэж ороогүй байдаг. Уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаагийн хувьд Эрүүгийн хуулийн процесс ажиллагааг зөрчсөн. Мөн дээрээс нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч хүсэлтээсээ татгалзах юм бол  шүүх хэргийг прокурорт буцаахаар заасан байдаг. Гэтэл Дын хувьд Ерөнхий боловсролын сургуульд сурдаг, энэ хэргийг хурдан шийдвэрлүүлье гэсэн хүсэлтийн дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлтээ өгсөн байгаа. Уг хэргийг хуульд заасны дагуу 72 цагийн хугацаанд шийдвэрлэж өгөөгүй. Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед тархи доргилт учирсан гэж дүгнэгдсэн. Мөн хамар ясны хугарал учирсан байгаа боловч Д-ын хувьд уг гэмтлийг учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Хохирол төлбөрийг харилцан төлөхөө илэрхийлж эвлэрлийн гэрээ байгуулсан, гарсан бодит зардлыг төлсөн зэргээс үзэхэд Дт холбогдсон хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж үзэж байгаа. Мөн Х-г уг хэрэгт хамааруулан шалгах нь үндэслэлгүй юм. Х нь хохирогчийн ар дагзанд цохисон байгаа нь гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан байгаа боловч хохирогчид учирсан гэмтэлтэй шалтгаант холбоогүй учраас Хгийн үйлдлийг хамтран оролцсон гэж үзэх үндэслэлгүй юм, эсэргүүцлийг дэмжиж оролцож байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Д нь 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, Залуус хорооллын ....... дугаар байрны орцонд хохирогч Ү.Г-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдээгүй үндэслэлээр прокурорт буцаасан Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгчийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2018/ШЗ/227 дугаар захирамж нь хууль зүйн үндэслэлгүй болсон ба шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцсэнгүй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Прокурор С.Энхнямын бичсэн эсэргүүцэлд үндэслэн шүүгдэгч Д.Д-т холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцвэл анхан шатны шүүх нь  “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”  гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасныг, мөн шүүх хэргийг шийдвэрлэхдээ  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4-т заасан “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журам”-ыг бүхэлд нь зөрчсөн алдааг тус тус гаргасан байна гэж үзлээ. Энэ нь:

1. Хэрэгт өсвөр насны яллагдагч М.Х-г хохирогч Ү.Г-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт хэлбэрийн төдий байдлаар оролцсон, үүний улмаас хохирогчид хөнгөн хохирол учруулаагүй гэж үзэж,  мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурор түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон /хх-ийн 123/  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.4 дүгээр зүйлийн 2, 2.5 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн нотолбол зохих байдал тогтоогдсон байхад анхан шатны шүүх “М.Хг гэмт хэрэгт хамтран оролцсон эсэхийг тогтоолгох”-оор буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан ““Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”  гэсэн зарчимд нийцээгүй гэж үзэх үндэслэл боллоо.

2. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4-т заасан “Шүүх  хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам”-ыг дараах байдлуудаар зөрчжээ. Үүнд:

а/ хэргийг прокурор яллагдагчийн хүсэлт /хх-ийн 132-135/-ээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2-т зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн ба шүүх тухайн хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хүлээн авсан даруй ял оногдуулах шүүх хуралдаан зарлан явуулах байтал шүүх хэргийг 2018 оны 08 дугаар сарын 31-нд хүлээж авч, 09 дүгээр сарын 07-нд яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг товлон зарласан тухай шүүгчийн захирамж гаргаж, хэргийг 09 дүгээр сарын 10-ны өдөр явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4-ийн 2-т заасныг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.7-д зааснаар “даруй” гэдгийг “боломжит богино” хугацаа гэж ойлгогдох бөгөөд шүүх 10 хоногийн дараа шүүх хуралдааныг хийсэн нь хуульд заасан дээрх журмыг зөрчсөн байгааг магадлалд тэмдэглэв.

б/ Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэж болох боловч анхан шатны шүүх энэ тухай үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй атлаа хэргийг ердийн журмаар хэлэлцүүлсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.

в/ Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан 6 үндэслэл хангагдсан эсэхийг хянаж хэргийг шийдвэрлэх байтал энд заагдаагүй, талуудын мэтгэлцээн маргаан гараагүй үндэслэлээр буюу мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6-д заагаагүй үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан, мөн энэ нь хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар шүүх прокуророос гаргасан ялын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана гэснийг зөрчсөн байна.

Эдгээр нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3-т зааснаар шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй, шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн гэх үндэслэлүүд болж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож,  хэргийг анхан шатны шүүхийн ял оногдуулах хуралдааны шатанд дахин хэлэлцүүлэхийг хүссэн прокурорын эсэргүүцлийг хангаж, хэргийг тус шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2018/ШЗ/227 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн ял оногдуулах хуралдааны шатанд дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцааж,  прокурорын эсэргүүцлийг хангасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1, 14.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Д.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

                                                    ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА

                                                                                                        А.САЙНТӨГС