| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2021/0171/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/02 |
| Огноо | 2021-12-24 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., 27.10.2.4., |
| Улсын яллагч | Г.Анх-Ирээдүй |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 2022/ШЦТ/02
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж
Нарийн бичгийн дарга Э.Энхмаа
Улсын яллагчаар хяналтын прокурор Г.Анх-Ирээдүй
хохирогч С.Б, С.М, Б.У,
хохирогчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун,
шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч М.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Анх-Ирээдүйгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Гт холбогдох ....... дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймаг Цэнхэр суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “....... жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр 6-12 насны 2 хүүхдийн хамт .............. тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б.Г РД: ............9,
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Б.Г нь 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Ханги боомтоос зүүн хойд зүгт 10 орчим км зайд нүүрс тээвэр явуулах зориулалтын хагас сайжруулсан шороон зам дээр .... ХХК-ийн эзэмшлийн Beiben truck маркийн .... УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцож яваад, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.3 дах хэсэгт заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.”, мөн зүйлийн 11.9 дэх хэсэгт заасан “Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ бүхий замд чиглэлийн тээврийн хэрэгсэл нь энэ дүрмийн 10.5-д заасны дагуу байр эзлэх, эсхүл саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд зөвхөн уг эгнээгээр явна. ...” гэснийг, мөн дүрийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэгт заасан дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно “ж/ замын өгсүүр хэсгийн төгсгөл, огцом эргэлт дээр болон үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас С.Бийн жолоодож явсан Б.Оын эзэмшлийн Toyota Land cruiser 200 маркийн ..... УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч С.Б, С.М нарын эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч Б.У, М.У нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, иргэний нэхэмжлэгч Б.От 52.690.000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч “...” ХХК-д 4.130.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Дорноговь аймгийн Ханги-Мандалд манай компаний кемп байдаг. Тухайн өдөр Таван толгойгоос нүүрс тээвэрлэж яваад 3 дахь хоног дээрээ Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Ханги-Мандалын хилийн ар луу 3-4 хүнтэй хамт явж байсан. Миний урд 3 машин явж байсан. Өглөөний 09 цагийн үед салхи тогтуухан олон машин замын хөдөлгөөнд оролцож байсан болохоор тоосжилт ихтэй, үзэгдэх орчин муу байсан. Тиймээс би аюулгүй байдлаа хангаж, гэрэл гэрэлтүүлгээ асаагаад явж байсан боловч замын баримжаагаа алдаж замыг голлож явсан. Гэтэл өөдөөс машин орж ирээд мөргөлдсөн ” гэсэн мэдүүлэг,
хохирогч С.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр осол болсон. Тухайн үед машин аваад удаагүй байсан. Таньдаг жолоочоо хүргэнийхээ хамт 2 удаа тээвэрт явуулаад ирсэн байсан. Тэгээд жолоочдоо хоол өгөхөөр явж байгаад Ханги-Мандалаас 10 километрийн зайд энэ хүнтэй мөргөлдсөн. Тухайн үед их тогтуун тоосжилт ихтэй байсан. 200-300 метрийн зай барьж явсан гэж худлаа. Хэрвээ 200-300 метрийн зай барьж явсан бол тоосжилт арилах ёстой. Нэг машин гүйцэж түрүүлэх хэмжээний тийм бага зайтай явсан. Урдах машинаасаа 200-300 метрийн зайтай явсан бол надад харагдах байсан. Надад 1 машин явж байгаа харагдсан. Эхний машин өнгөрөөд явж байтал зам харагдахгүй болохоор нь баруун гар талаараа гэлдэрч явсан. Гэнэт өөдөөс ирж байгаа машины зөвхөн нүүр хэсэг нь харагдсан. Тэгээд баруун гар тал руугаа налуулаад түг гэж дуугарсан. Тэрнээс хойш юу болсныг мэдээгүй. Манай машиныг арагшаа 18-19 метрт түрж явсан юм билээ. Тэгээд хүүхдүүд сэрээд учиргүй орилж хашгираад эхэлсэн. Би тэр үед ухаан орсон. Мөргөлдөөд машинд хоёр хөл хавчигдсан байдалтай байсан. Машины урдаас татуулж байж зайнд гарсан. Хэрвээ том оврын машинаараа тээвэр хийж байсан бол зохих хэмжээгээр орлого нэмэгдэх байсан. Одоо тухайн тээврийн хэрэгсэл ямар байдалтай байгааг мэдэхгүй байна. Би “Хатны зам” компанитай 2021 оны 07 сарын эхээр гэрээ хийгээд нүүрсэнд явж байсан. 1 тонн нүүрсийг 27,000 төгрөгөөр бодож ачихаар гэрээ хийсэн. Нэг явахдаа 95-96 тонн нүүр ачаад явж байсан. Тэгээд 2 удаа л нүүрс тээвэрлэсэн. Одоогоор орлогын эх үүсвэргүй, эрхтэн дутуу болсон. Эрүүл мэнд, сэтгэл санаа, эдийн засгаараа хохирсон. Тээврийн хэрэгслээ төлүүлж авмаар байна. Би гэрээний дагуу тээвэрт явж байсан. Хэрвээ тээвэрт явж байсан бол би 7 хоногт хамгийн багадаа 2 удаа явах байсан. Сард 8 удаа явахад нэг удаагийн нүүрс тээвэрлэлтээр 2,565,000 төгрөг болно. Тиймээс энэ хугацаанд тээвэрлэлт хийж байсан бол 76,800,000 төгрөг олох байсан. Үүнийг нэхэмжилж байна. Би хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан. Эрүүл мэнд, эд эрхтэн болон эд материалын хохирлоо нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг,
хохирогч С.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Эмчилгээний зардлыг тухай бүрд нь компаниас өгч байсан. Би эрүүл мэндээрээ бүрэн хохирсон. Хөдөлмөрийн чадваргүй болсон. Монголд нүд болон нүүрэндээ мэс засал хийлгэвэл эмчлэгдэх магадлал 60 хувьтай гэсэн. Нүд сохрох эрсдэлтэй. Илүү боломж өндөртэй газар буюу Солонгос улсад эмчилгээ хийлгэнэ гэж бодож байгаа. Миний эрүүл мэндийн байдал эргэн төлөгдөх боломжгүй. Бидний буруутай үйлдэл байгаагүй болохоор гомдолтой байна. Би хүн харахын эцэсгүй царайтай болсон. Мэс засал хийлгэх шаардлагатай байгаа. Солонгос улс руу явж эмчилгээ хийлгэмээр байна. Тиймээс хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэнэ гэж бодож байна гэсэн мэдүүлэг,
хохирогч Б.Уын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Миний хувьд 1 ой, 8 сартай хүүхэд болон аав, ээж нарын хамт автотээврийн осолд орсон. Аав, ээжийн эрүүл мэндийн байдал болон гэр орны байдал хүнд байсан. Миний оролцоогүйгээр явахгүй байсан болохоор өөрийнхөө биеийг огт эмчлүүлээгүй. Одоогийн байдлаар хүзүү болон нуруу хөдөлдөггүй, хэвийн байдалдаа ороогүй байгаа. Зүүн тал руугаа бүрэн эргэж чаддаггүй, мөр хөдөлдөггүй. Миний нүүр болон хөл, гар, тохой хэсэг маш олон тооны сорвитой болсон. Нэг талын нүд сэтэрч оёдол хийлгэсэн. Хоёр нүд өөр болсон. Зүүн талын хамар болон нүүр хэсэг бүхлээрээ зулгаралтын сорвитой болсон. Тиймээс “Синдерелла клиник” гоо сайхны эмнэлэгт үзүүлэхэд 5,230,000 төгрөгийн эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн. Үүний дараагаар сорвижилт бүрэн явагдахаар хоёр нүдний давхрааг ижилхэн болгох хагалгаа хийнэ гэсэн. Сорви бүрэн гүйцэд эдгэрээгүй байгаа болохоор эмчилгээ хийлгэх эмнэлэг, үнийн дүнг судлаагүй байгаа. Хүүгийн хувьд тухайн үед Гэмтлийн эмнэлэгт рентген зураг авхуулахад хугарч бэртсэн яс байхгүй байна. Гэхдээ толгой хэсэгт нь 3-4 шарх байгаа учраас томографикаар харна гэсэн. Томографикт харуулахад хүүхэд битгий хэл том хүнд хэцүү байдаг бөгөөд хүүхдийг заавал унтуулгатай оруулдаг гэсэн болохоор хүүхдээ томографикт оруулаагүй. Хүүхэд аймтгай, олон хүн харж чадахгүй болсон. Одоогоор хүүхдийн биеийн байдал сайн байгаа. Аав, ээжийн хувьд эрүүл мэндийн байдал нь хүнд байсан болохоор эмчилгээтэй холбоотой бичиг баримт, төлбөр тооцооны асуудалд оролцоогүй. Би эмчилгээтэй холбоотой бүх зүйлийг хөөцөлдсөн. Аавын хувьд 2021 оны 06 сарын сүүлээр хүнээс 50,000,000 төгрөгийн зээл хийж 80,000,000 орчим төгрөгөөр машин авсан байсан. Эхний ээлжид аав өөрөө жолоодоод нөхөр туслахаар нь явж байсан. Сүүлдээ жолоочтой болоод дөнгөж явж эхэлж байсан. “Хатны зам” компаниас хоёр удаагийн тээвэрлэлтээс дансанд орсон мөнгөний хуулга, компанитай хийсэн гэрээ болон компанийн нярваас өгсөн бичгийг хавтаст хэрэгт хавсаргуулахаар өгсөн. Том оврын машин нэг удаагийн тээвэрт явахдаа 95-100 тонн нүүрс ачдаг. Дунджаар 95 тонн нүүрс ачаад явахад нэг тонн нүүрс тутамд 27,000 төгрөг байдаг. Үүнээс гарах зардлын тухайд түлшинд 300 литр түлш, 1 литр түлш тутмын үнэ 2,150 төгрөг, үүнээс цэвэр орлого 1,920,000 төгрөг авч байсан. 2021 оны 08 сараас хойш 8 удаагийн тээвэрт явна гэж тооцсон бол сарын цэвэр орлого 15,360,000 төгрөг болох байсан. Үүнийг 05 сар гэж бодох юм бол 76,800,000 төгрөг олох байсан. Үүнийг нэхэмжилж байна. Ослын дараагаар том оврын машиныг гражид хийх боломжгүй, хүнд харуулах боломжгүй болохоор айлын гадаа орхисон. Одоогоор машин ямар байдалтай байгааг мэдэхгүй байна. Машинаа эргэж тойроогүй. Аав, ээж 2 тэтгэвэрт байдаг. Манай гэр бүл сүүлийн үед машинаараа тээвэрт явж орлого олж байсан. С.М буюу ээжийн хувьд доод талын 5 шүд унасан, дээд талын 1 шүд хугарсан, тагнай цооролттой болсон болохоор бүх шүднүүд нь байнгын хөдөлгөөнтэй байгаа. Хатуу зүйл огт идэж болохгүй зөөлөн хүнс хэрэглэдэг, эсвэл хоолыг буталж байж иддэг. Шүдийг нь үзүүлээд доод талд нь авагддаг шүд хийлгээд, дээд талын нэг шүдний ёзоорыг сэргээгээд, сэргээх боломжгүй бол имплант хийлгэнэ. Шүдний эмчилгээнд 8,000,000 төгрөг нэхэмжилж байгаа. Мөн Гэмтэл согог судлалын төвд 2 удаа хагалгаа хийлгэсэн. Эмч нартай нь уулзахад дахин хагалгаа хийлгэх шаардлагатай гэсэн. Нүүрний яс нь бүрэн бороолж амжаагүй, нүүрэнд нь төмөр деталь суулгалттай хэвээрээ байгаа. Деталийг 9-12 сарын дараа авдаг. Үүний дараагаар нөхөн сэргээх эмчилгээ хийх боломжтой гэсэн. Үнийн тухайд Гэмтэл согог судлалын төвд гардаггүй бөгөөд хагалгаа хийхэд шаардлагатай хэрэгслүүд нь байхгүй бол эмчилгээ хийнэ гэж хэлж чадахгүй талаар хэлсэн. Хувийн хэвшлийн эмнэлгүүдээс асуухад нүдний ухархайн яс сэргээгдэх боломжтой. Сэргээгдлээ гэхэд нүдний цааш нь орсон хүнхэр болон нүүрний хугарал бол 60 хувийн байдалтай эдгэрнэ. Мөн нүд болон хацрын хагалгааг тусад нь хийнэ гэсэн. Ээж 2-3 удаа наркозод орсон. Өвдөлтөөсөө болоод цочролд ороод хэсэгтээ гарч чадаагүй. Сэтгэл санааны хувьд ч гэсэн хэцүү байдалтай хүнтэй уулзаж чаддаггүй. Тиймээс манай зүгээс ээжийг өвчнөө арай бага мэдрэхээр газар үзүүлэх талаар бодож байгаа. С.Б буюу аавын хувьд хүнд доргилтын улмаас нэг талын бөөрөө авхуулсан. Нэг талын бөөрөндөө ачаалал их өгөхөөр цаашид ямар ажиллагаатай байхыг мэдэхгүй байна. Миний хувьд болон хүүхдийн хувьд автотээврийн ослын дараах сөрөг үр дагавар хэзээ илэрхийг мэдэхгүй байна. Ослын улмаас хоёр айлын амьдрал бүрэн зогссон гэж хэлж болно. Аав, ээжийгээ орхиод өөр тийшээ явж чадахаа больсон. Надаас өөр асарч хамгаалах хүн байхгүй. Дөнгөж осолд орсны дараагаар би хүн асрах нь битгий хэл босож ч чадахгүй байсан болохоор сувилагч болон өөр хүн гуйж аав ээж хоёрыгоо тус тусад нь асруулж байсан. Би 3 сарын өмнөөс нөхөр, хүүхдийн хамт аав, ээжийгээ асарч байгаа. Манай гэр бүл ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй, ямар ч орлогын эх үүсвэргүй болсон. Компанийн зүгээс бидний хохирлыг тухай бүрд нь тодорхой хэмжээгээр барагдуулж байсан. Б.Гийн хувьд манай гэрт нэг удаа ирж уулзсан гэсэн мэдүүлэг,
Иргэний хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.Ггын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...” ХХК нь 2021 оны 07 сарын сарын 20-ны өдөр Ханги хилийн боомтын орчимд автотээврийн осол гарсан тухай дуудлагыг хүлээн авсны дагуу шуурхай арга хэмжээ авч манай компанийн ХАБЭА-н ажилтан болон эмнэлгийн ажилтнаа тус газар луу илгээж, осолд орсон хүмүүст эмнэлгийн анханы тусламж яаралтай үзүүлж, тээврийн цагдаад мэдэгдсэн. Манай компанийн зүгээс зам тээврийн осол гарснаас хойш хохирогч нартай тогтмол холбоотой байсан. Тухайлбал, хохирогч нарыг Гэмтлийн эмнэлэгт нисдэг тэргээр хүргэгдэж ирсэн даруйд компанийн захирлуудтай хамт өөрсдийн биеэр эмнэлэгт очиж ар гэрийнхэнтэй нь уулзаж, биеийн эрүүл мэндийн байдлыг нь асуусан. Мөн хохирогч С.Бийг эмнэлэгт байхад нь хэд хэдэн удаа эргэж очсон. Хохирогч С.Мыг гэрт нь эргэж очсон. Мөн компанийн удирдлагууд оффистоо хохирогч нарыг хүлээн авч, уулзсан. Хохирогч нарыг нисдэг тэргээр Улаанбаатар хотын Гэмтлийн эмнэлэгт тээвэрлэж авчирснаас хойш нисдэг тэрэгний түрээсийн төлбөрөөс эхлээд эмнэлгийн асрагч ажиллуулсан ажлын хөлс, зам тээврийн осолтой холбоотой гарсан баримтаар нотлогдсон эмчилгээний зардлуудыг төлж байгаа. 2021 оны 07 сарын 20-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд хохирогч талаас манай компанид 10 удаагийн төлбөрийн нэхэмжлэлийг ирүүлж, нийт 114,679,207 төгрөгийг нэхэмжилснээс 104,283,939 төгрөгийг 7 удаагийн шилжүүлгээр хийсэн. Энэ бүх төлбөрийн шилжүүлгийн баримтууд нь байгаа. Хохирогч талаас ирүүлсэн нэхэмжлэлүүдийг хүлээж аваад санхүү аудитын баримтын шаардлагыг хангасан эмчилгээний зардлуудыг компанийн зүгээс бүрэн төлсөн. Компанийн санхүүгийн хэлтсээс баримтуудыг шалгаад баримтын шаардлага хангаагүй, хохирогч нарын эмчилгээтэй шууд холбоогүй баримтаар нотлогдохгүй байгаа зардлуудыг шаардлага хангаагүй гэж үзэж төлөөгүй үлдээсэн. Тийм болохоор зөрүү гарч байна гэсэн мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...” ХХК-ийн эзэмшчийн .... УАК улсын дугаартай хүнд даацын тээврийн хэрэгслийг жолооч Б. Г нь 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт жолоодож явах үедээ зам тээврийн осолд холбогдсон хэрэгт жолооч Б. Гт эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд энэ хэрэг одоо тус шүүхэд хянагдаж байгаа билээ. Дээр дурдсан зам тээврийн ослын улмаас “...” ХХК-ийн эзэмшлийн 9673 УАК улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 4,130,000 төгрөгийн хохирол учирсныг мэргэжлийн үнэлгээний байгууллагаас тогтоосон бөгөөд замын тээврийн осолд холбогдсон 2 тээврийн хэрэгслийн үнэлгээний ажлын хөлсөнд тус компани нь мөн 2,640,000 төгрөгийг “Хас үнэлгээ” ХХК-д төлсөн болно. Иймд, “...” ХХК нь иргэний нэхэмжлэгчийн хувьд шүүгдэгч Б.Гоос өөрт учирсан эд хөрөнгийн хохирол болон хохирлын үнэлгээний ажлын хөлс болох нийт 6,770,000 төгрөгийг нэхэмжилж байгаа болно гэжээ.
Иргэний нэхэмжпэгч Б.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би ..... УНК улсын дугаартай Toyota Land cruiser 200 маркийн тээврийн хэрэгслийг 2020 оны 07 дугаар сард 85 сая төгрөгөөр худалдаж авч байсан юм. Тэгээд би өөрийн төрсөн аав С.Бт өгсөн юм. Миний эзэмшилд байгаа энэ ..... УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2011 онд үйлдвэрлэгдэж2012 онд Монголд орж байсан машин. Миний хувьд эд хөрөнгийн үнэлгээтэй танилцлаа Би энэ осолд орсон, эвдэрсэн ..... УНЗ улсын дугаартай Toyota Land cruiser 200 маркийн тээврийн хэрэгсэлтэй ижил үзүүлэлттэй, ижил онотой Toyota Land cruiser 200 маркийн тээврийн хэрэгслийг хохирлыг хариуцвал зохих байгууллага, иргэнээс нэхэмжилж байна. Би одоо ..... УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй адил үзүүлэлттэй машин худалдаж авахад зах зээлийн үнэ 110-120 сая орчим төгрөг болж байна. Осолд орсон ..... УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хохирлыг хариуцвал зохих этгээдүүд авна биз. Миний хувьд бол осолд орсон тээврийн хэрэгслийг авахгүй. ...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 44 дэх тал),
Иргэний хариуцагч О.Лын: “... “... ХХК-ний зүгээс хуулиар хүлээсэн иргэний хариуцагчийн үүргээ биелүүлж зам тээврийн ослоос болж хохирсон С.Б, С.М, Б.У нарын эмчилгээ үйлчилгээний зардалд 2021 оны 09 дүгээ сарын 16-ны өдрийн байдлаар 87,467,399 /наян долоон сая дарван зуун жаран долоон мянга гурван зуун ерэн есөн/ төгрөгийн хохирол барагдуулаад байна. ... манай компани зүгээс цаашид хохирогч нарын эмчилгээнд гарсан зардал нэхэмжилж байгаа төлбөр мөнгийг төлж барагдуулах бодлого баримталж байгаа. ...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 55-56 дахь тал),
гэрч М.Аы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ...миний өмнө талд 700-800 метр зайтай Г машинаа жолоодож явсан. Тухайн үед замын нөхцөл байдал тоосжилт ихтэй үзэгдэх орчин маш муу тээврийн хэрэгслүүд ойр ойрхон ар араасаа явахад хүнд байсан. Би Гоос нэлээн зайтай тоосжилтоос хол явсан. ...Г миний өмнө анх явж байхдаа замын баруун гар талаа барьж яваа харагдаж байсан боловч осол болсон газарт замын гол хэсэгт зогсож байсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 65 дахь тал),
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 08-12 дахь тал),
Шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 04/203 дугаартай "... С.Мын биед зүүн нүдний ухархайн дотор хана өргөн хэсэгт этмойд хөндий рүү цөмөрсөн хугарал, хамар ясны зүүн хажуу хана, хамрын таславч, этмойд хөндийг хамарч суурийн хөндий рүү үргэлжилсэн хугарал, хоншоор яс, хатуу тагнай зөрөөтэй хугарал, зүүн нүдний ухархайн гадна хана, доод хана, зүүн гайморийн хөндийн урд хана, дотор болон гадна хана, зүүн хацрын нум, хоншоор ясны зүүн хэсгийн хамарсан зөрөөтэй ясны сэлтэрхий бүхий нийлмэл хугарал, зүүн эгэмний зөрүүтэй хугарал, хоёр нүдний эргэн тойронд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацар, эрүү орчим зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацар орчим язарсан шарх, цээжний зүүн урд хэсэгт болон баруун шилбээр зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах болно. Хүнд гэмтэл нь эрүүл мэндийг сарниулах хугацаа ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл, төгсгөлийн байдлаас хамаарна.” гэсэн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 180-183 дахь тал),
Шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 04/202 дугаартай "... С.Бийн биед зүүн бөөрний хагарал, цус алдалт, зүүн хөлийн шаант яс дээд 1/3, тахилзуур яс 1/3 ташуу мушгирсан хугарал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах болно. Хүнд гэмтэл нь эрүүл мэндийг сарниулах хугацаа ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл, төгсгөлийн байдлаас хамаарна. ...” гэсэн дүгнэлт ( 1 дэх хавтаст хэргийн 147-149 дэх тал)
Шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 04/201 дугаартай “...Б.Уын биед зүүн зовхины язарсан шарх, нүүр болон шилбэ орчмын зөөлөн эдийн няцрал цус хуралт, зүүн шилбэний зулгаралт, С2/СЗ болон С3/С4жийргэвч бүх тийш нугалмын апофизээс бага зэрэг давж цүлхийлт, нугасны мэдрэлийн язгуурын суваг зүүн талдаа бага зэрэг нарийсалт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно. Хөнгөн гэмтэл нь эрүү мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэсэн дүгнэлт ( 1 дэх хавтаст хэргийн 197-198 дахь тал)
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 28- ны өдрийн 10370 дугаартай “... М.Уийн биед духны зүүн дээд хэсэгт хуйхны захад, дагзны зүүн дээд хэсэг, зүүн чамархайн дээд хэсэгт сорви тогтоогдлоо. Дээрх сорви нь хуучин гэмтэл байх ба үүссэн цаг хугацаагаар нарийвчлан тогтоох боломжгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанаас хойш учирсан гэмтлээ үзүүлсэн эмнэлгийн бичиг баримт үгүй байна. Дээрх сорви нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байхыг үгүйсгэхгүй. Дээрх сорви нь зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Дээрх сорви нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. ...” гэсэн дүгнэлт / хх-ийн 206-207 дахь тал)
Мөрдөгчийн 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “....... УАК улсын дугаартай Бэйбэн трак маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан .............. регистрийн дугаартай, 35 настай, эрэгтэй Б.Г нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн дараах зүйл заалтуудыг зөрчсөн байна гэж үзлээ. Үүнд:
Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.3 дах хэсэгт заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.”, мөн зүйлийн 11.9 дэх хэсэгт заасан “Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ бүхий замд чиглэлийн тээврийн хэрэгсэл нь энэ дүрмийн 10.5-д заасны дагуу байр эзлэх, эсхүл саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд зөвхөн уг эгнээгээр явна. ..." гэснийг мөн дүрийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэгт заасан Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно “ж/ замын өгсүүр хэсгийн төгсгөл, огцом эргэлт дээр болон үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс болж уг осол гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл байгаа нь хэрэг бүртгэлтийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. ...” гэсэн магадалгаа ( 1 дэх хавтаст хэргийн 209-210 дахь тал)
Техникийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн №05, 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн №06 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 71-102 дахь тал)
“Хас Үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 386 дугаартай Б.Оын эзэмшлийн Toyota Land cruiser 200 маркийн 3151 УНЗ улсын дугаартай авто машины "... нийт дүн 52.690.000 төгрөг. ...” гэсэн техникийн үнэлгээ ( 1 дэх хавтаст хэргийн 93-94 дэх тал)
“Хас Үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 387 дугаартай “...” ХХК-ийн эзэмшлийн Beiben ND4260 маркийн .... УАК улсын дугаартай авто машины "... нийт дүн 4,130,000 төгрөг. ...” гэсэн техникийн үнэлгээ ( 1 дэх хавтаст хэргийн 106 дахь тал)
Хас Үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 350 дугаартай гар утасны плат /Ipone 11 рго/ 1 ширхэг 1.000.000 төгрөг /хуучин/, программ уншуулах /Ipone 11 рго/ 1 ширхэг 30.000 төгрөг нийт дүн 1.030.000 төгрөг ...” гэсэн хохирлын үнэлгээ ( 1 дэх хавтаст хэргийн 236 дахь тал)
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтаст хэргийн 157 дахь тал) болон бусад нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан судалсны үндсэн дээр шүүгдэгч Б.Г нь 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Ханги боомтоос зүүн хойд зүгт 10 орчим км зайд нүүрс тээвэр явуулах зориулалтын хагас сайжруулсан шороон зам дээр “...” ХХК-ийн эзэмшлийн Beiben truck маркийн .... УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.3 ,11.9 ,10.5, мөн дүрмийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэгт заасан заалтуудыг зөрчсөний улмаас С.Бийн жолоодож явсан Б.Оын эзэмшлийн Toyota Land cruiser 200 маркийн ..... УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч С.Б, С.М нарын эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч Б.У, М.У нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, иргэний нэхэмжлэгч Б.От 52.690.000 төгрөгийн хохирол, “...” ХХК-д 4.130.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.3 дах хэсэгт заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.”, мөн зүйлийн 11.9 дэх хэсэгт заасан “Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ бүхий замд чиглэлийн тээврийн хэрэгсэл нь энэ дүрмийн 10.5-д заасны дагуу байр эзлэх, эсхүл саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд зөвхөн уг эгнээгээр явна. ...” гэснийг, мөн дүрийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэгт заасан Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно “ж/ замын өгсүүр хэсгийн төгсгөл, огцом эргэлт дээр болон үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт” гэсэн заалтуудыг зөрчсөн болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-7/,зам тээврийн ослын хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-12/,техникийн шинжээчийн дүгнэлт,техникийн эвдрэлийн дүгнэлт,гэрэл зураг /хх-ийн 69-80/, 06 тоот техникийн шинжээчийн дүгнэлт,техникийн эвдрэлийн дүгнэлт/хх-ийн 83-86/, мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 209-210/, гэрч М.Аы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ...миний өмнө талд 700-800 метр зайтай Г машинаа жолоодож явсан. Тухайн үед замын нөхцөл байдал тоосжилт ихтэй үзэгдэх орчин маш муу тээврийн хэрэгслүүд ойр ойрхон ар араасаа явахад хүнд байсан. Би Гоос нэлээн зайтай тоосжилтоос хол явсан. ...Г миний өмнө анх явж байхдаа замын баруун гар талаа барьж яваа харагдаж байсан боловч осол болсон газарт замын гол хэсэгт зогсож байсан...”гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Ганбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би тухайн үед урд тээврийн хэрэгслээ хараад замын баруун гар талдаа зорчих эгнээгээ бариад явж байтал замын гол хэсэгт надтай хамт тээвэрт явж байсан .... УАК улсын дугаартай тээврийн хэрэгсэл зогссон байсан,хажуугаар нь өнгөрөхдөө харахад хар өнгийн Toyota Land cruiser 200 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн байдалтай зогсож байсан”гэсэн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Г нь захиргааны хэм хэмжээ тогтоосон акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөн болох нь мөрдөгчийн магадалгаагаар тогтоогдсон бөгөөд улмаар зам тээврийн осол хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хөнгөн хохирол учруулсан нь шинжээч эмчийн дүгнэлтээр, бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан нь эд хөрөнгийн эвдрэл хохирлыг тогтоосон хөрөнгийн үнэлгээгээр тогтоогджээ.
Шүүгдэгч Б.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол, бусдад их хэмжээний хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан байна.
Шүүгдэгч Б.Гийн хууль бус болгоомжгүй үйлдлийн улмаас Б.Оын эзэмшлийн “Toyota Land cruiser 200 ” маркийн ..... УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 52,690,000 төгрөгийн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан “их хэмжээний хохирол”-д хамаарч байна.
Жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түүнээс гарах хохирлыг багасгахад тээврийн хэрэгслийн хурдыг зөв сонгож явах, аюул саад тулгарч болзошгүй үед хөдөлгөөний хурдыг хасах, зогсоох арга хэмжээ авах нь зам тээврийн ослоос сэргийлэх, ослоос гарч болох хохирлыг багасгах ач холбогдолтой юм.
Зам дээрх аюул саад нь янз бүрийн шинж чанартай байж болох учраас түүнд тохирсон арга хэмжээг жолооч өөрөө зөв сонгох үүрэгтэй.
Шүүгдэгч Б.Г нь замын хөдөлгөөний дүрэмд заасан жолоочийн үүргээ биелүүлэлгүй, аюул саад тулгарч болзошгүй нөхцөл байдалд дүгнэлт хийж хөдөлгөөнд оролцож чадаагүйгээс зам тээврийн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ. Мөн иргэний хариуцагч “...” ХХК нь компаний жолооч нарын аюулгүй ажиллагаа, нүүрс тээвэрлэж буй замын нөхцөл байдалд дүгнэлт хийж арга хэмжээ авч ажиллах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Б.Гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4 дэх заалтад заасан “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол, эд хөрөнгөнд их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчаас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзэж, шүүгдэгчийг дээрх зүйл хэсэг, заалтад зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирол төлбөрийн талаар
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд зааснаар “...” ХХК-ыг иргэний хариуцагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулжээ.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заажээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний хариуцагч “...” ХХК-аас 104,283,939 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан байна. Уг төлбөрт онгоц тээврийн үйлчилгээ, эмчилгээний зардал, хөлсөөр сувилагч ажиллуулсны зардал, эд хөрөнгөнд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтийн хөлс, хоол, хүнс, бусад зардал багтсан байна. Дээрх төлбөрийг иргэний хариуцагч нь хохирогч нарын тухайн байгууллагад ирүүлсэн баримтыг үндэслэн төлөх үндэслэлтэй гэж үзэн, маргаан үүсгэлгүй уг хохирлыг төлсөн болох нь хавтаст хэргийн 55 дугаар талд О.Лын өгсөн мэдүүлэг болон Иргэний хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.Ггын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... нийт 114,679,207 төгрөгийг нэхэмжилснээс 104,283,939 төгрөгийг 7 удаагийн шилжүүлгээр хийсэн. Энэ бүх төлбөрийн шилжүүлгийн баримтууд нь байгаа. Хохирогч талаас ирүүлсэн нэхэмжлэлүүдийг хүлээж аваад санхүү аудитын баримтын шаардлагыг хангасан эмчилгээний зардлуудыг компанийн зүгээс бүрэн төлсөн. Компанийн санхүүгийн хэлтсээс баримтуудыг шалгаад баримтын шаардлага хангаагүй, хохирогч нарын эмчилгээтэй шууд холбоогүй баримтаар нотлогдохгүй байгаа зардлуудыг шаардлага хангаагүй гэж үзэж төлөөгүй үлдээсэн” гэсэн мэдүүлэг, шүүхэд ирүүлсэн нотлох баримт болох хохирлыг төлсөн зардлын задаргааны тооцоогоор тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.М /8,000,000/, Б.У /5,230,000/ нар нь цаашид эмчлүүлэх эмчилгээний зардал нэхэмжилсэн байна. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т “хохирогч эмчилгээний зайлгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй”-г заасан тул нотлох баримтаар тогтоогдож байгаа хохирлыг гаргуулан олгох нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч С.Мд энэ гэмт хэргийн улмаас “...зүүн хацар, эрүү орчим зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацар орчим язарсан шарх...”бүхий гэмтэл, хохирогч Б.Уд “...зүүн зовхины язарсан шарх, нүүр болон шилбэ орчмын зөөлөн эдийн няцрал цус хуралт, зүүн шилбэний зулгаралт...” гэмтэл учирсан болох нь шинжээчийн 04/203, 04/201 дүгнэлтүүдээр тогтоогдсон, С.М нь гэмтлийн улмаас унасан шүдийг эмчлүүлж, өөр шүд хийлгэхэд 4,530,000 төгрөг шаардлагатай болох нь “Джитал Дентал Оффис” эмнэлгийн дүгнэлтээр, Б.У нь зүүн талын зовхины дээд доод хажуугийн хэсэгт оёдлын сорви, зүүн талын хацар нүдний хэсгийн зулгаралтын сорви, зүүн талын тохой, өвдөг, шилбэний хэсгийн олон тооны сорви багасгах эмчилгээнд 5,230,000 төгрөг шаардлагатай болох нь Синддерлла Клиник ХХК-ны эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдож байх тул гаргуулан олгохоор, харин С.Мын доод үүдэн шүдэнд цутгамал металлтай хиймэл шүдэлбэр хийх зардал 450 доллар гэж нэхэмжилсэн нь хэрэгт Монгол төгрөгийн ханшийн мэдээлэл авагдаагүй тул энэ тогтоолоор гаргуулан олгох боломжгүй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч Б.Уас 2021 оны 08 сарын 20-ноос 2021 оны 12 сарын 10-ныг хүртэл нэхэмжилсэн 4,077,845 төгрөгөөс 3,212,904 төгрөгийг гаргуулан олгохоор, дээрх баримтаар авсан хүнс, эмнэлэгт үзүүлж үзлэг оношилгоо, зөвлөгөө, эм тариа, шатахуун авсны төлбөр нь нотлох баримтаар тогтоогдсон ба хохирогч нар нь өөрт учирсан гэмтлийн улмаас хэрэглэсэн /зөөлөн боов, боорцог, жимс ногоо, сүү ...гэх мэт/ хүнсний зүйлийг тухайн осолтой холбоогүй гэж үгүйсгэх үндэслэл байхгүй байна гэж үзлээ.
Хохирогч С.М, С.Б нар нь энэ ослын улмаас хүнд гэмтэл авч эмнэлгээс гарснаас хойш хувийн тээврийн хэрэгслээр зорчих шаардлага үүссэн, С.М нь шүдний гэмтлийн улмаас зөөлөн чанарын хүнс хэрэглэх болсон байна.
Харин: Мөнгөн эрдэнэ 16950 төгрөг, Tous Les Jours Shangri-La 20700, Номин 17493, Имарт 82999, 151524, Номин 119900, Имарт 42066, Номин 74900, CU again 17600, Efes supermarket13 53480, 30740, 37750, 61959, 35625, Номин 71155, Голомт банкны пос машин 30100, нийт 864,941 төгрөгийн баримтаар авсан хүнсний зүйлийг /пицца, сенна цай, салад грек, майноез, гал тогооны цаас, хувцас зайлагч, эдийн саван, салат гүзээний, резинин чихэр, пиришки махтай,...гэх мэт/ заавал гаргуулах шаардлагагүй, зарим баримтаар юу худалдан авсан нь тодорхойгүй /мөнгөн эрдэнэ, Tous Les Jours Shangri-La,.../ байх тул 864941 төгрөгийг хасаж хэрэгсэхгүй болгохоор,
Хохирогч Б.Уд сорви багасгах эмчилгээнд 5,230,000 төгрөг, эвдэрсэн гар /iphone 11 pro/ утасны үнэ 1,030,000 төгрөг, нотлох баримтаар нэхэмжилсэн /4,077,845 төгрөгөөс/ 3,212,904 төгрөг, нийт 9,472,904 төгрөг,
Хохирогч С.Мд 4,530,000 төгрөгийг иргэний хариуцагч “...” ХХК-аас гаргуулан олгохоор шийдвэрлэв.
Хохирогч С.Б нь “06-18 ДГН North-Benz маркийн автомашинаар “Хатны зам” ХХК-д нүүрс тээврийн нэг жилийн гэрээ байгуулан долоо хоногт 2-3 удаагийн нүүрс тээвэр хийдэг байсан. 2021 оны 07 сарын 20-нд осолд орсноос хойш ажил, орлого бүрэн зогссон. Энэ хугацаанд олох ёстой байсан орлого 76,800,000 төгрөг” гэж нэхэмжилсэн ба олох ёстой байсан орлого нэхэмжилсэн нэхэмжлэлийг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй тул хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.
Учир нь: “Хатны зам” ХХК-тай байгуулсан гэрээнд хэчнээн хэмжээний нүүрс тээвэрлэх, долоо хоногт хэдэн удаа заавал явах эсэх /2 эсвэл 3/, Баатархуяг нь хэдэн төгрөгөөр жолооч хөлслөн ажиллуулж байсан, түлшний хэмжээ зэрэг олох ёстой байсан орлогыг тодорхойлоход шаардагдах нотлох баримтыг ирүүлээгүй /зөвхөн өөрөө тооцон гаргасан/ тул холбогдох нотлох баримтыг бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдлаа.
Иргэний хариуцагч байгууллагын болон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “ хохирогч нарын өмгөөлөгч Ж.Хүдэрчулуунаас гаргаж өгсөн 119 тооны баримтад шаардлагатай бус хүнсний болон пос машинд уншуулсан баримтууд байна. Иймд иргэний хариуцагчийн өмгөөлөгчөөс 9,139,647 төгрөгийг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс 8,913,270 төгрөгийг өмнө төлсөн төлбөрөөс хасч дараагийн төлбөрт шилжүүлэн тооцуулах”-аар хүсэлт гаргасныг үндэслэлгүй гэж шүүх үзлээ. Учир нь хасч тооцуулахаар хүсэлт гаргасан баримт нь 2021 оны 7 сараас 8 сарын хооронд хийгдсэн баримтаар авсан хүнс болон бусад зүйлийн баримт бөгөөд компанийн гаргаж ирүүлсэн хохирол төлсөн задаргаанд 2021 оны 7, 8 сард төлсөн нэхэмжлэхийн тайлбарт энэ хугацаанд авсан хүнсний зүйлийн үнэ ороогүй бөгөөд иргэний хариуцагч байгууллага хохирогч нарын нэхэмжилсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч төлж барагдуулсан тул хасч тооцох үндэслэлгүй юм.
Иргэний нэхэмжлэгч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ” ..... УНК улсын дугаартай Toyota Land cruiser 200 маркийн тээврийн хэрэгслийг 2020 оны 7 сард 85 сая төгрөгөөр худалдаж авч байсан. Би одоо ижил үзүүлэлттэй машин худалдаж авахад зах зээлийн үнэ 110-120 сая орчим төгрөг болж байна. Зах зээлийн үнэ 120,000,000 төгрөг нэхэмжилнэ” гэжээ.
Иргэний нэхэмжлэгч Б.О нь энэ талаарх нотлох баримтыг хавтаст хэрэгт хавсаргаагүй, шүүхэд ирүүлээгүй байх тул хэрэгт автомашины эвдрэл, хохирлын үнэлгээг “Хас Үнэлгээ” ХХК-ний 386 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 52,690,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. Дээрх шинжээчийн дүгнэлтийг иргэний нэхэмжлэгч Б.От танилцуулахад дүгнэлтийг зөвшөөрөхгүй гэх ямар нэг санал хүсэлт гаргаагүй /хх-ийн 94/, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй, шүүх хуралдаанд оролцох тухай бичгээр хүсэлт гаргаагүй болно.
Шүүгдэгч Б.Гоос иргэний нэхэмжлэгч “...” ХХК өөрийн эзэмшлийн .... УАК улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 4,130,000 төгрөг, үнэлгээний байгууллагын 2 тээврийн хэрэгслийн үнэлгээний ажлын хөлсөнд төлсөн 2,640,000 төгрөг, нийт 6,770,000 төгрөгийг нэхэмжилснийг хангаж шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт эмнэлгийн туслалцаа үзүүлсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Дээрх нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг харгалзан Б.Гийг тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах, бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасах албадлагын арга хэмжээ авах ял оногдуулахаар шийдвэрлэв.
Хэрэв шүүгдэгч нь тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг биелүүлээгүй зөрчсөн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг анхааруулж байна.
Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт хавсарган ирүүлсэн В, С, CE, D ангиллын жолоочийн 939339 дугаартай үнэмлэхийг шүүгдэгч Б.Гт оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж нэмэгдэл ялыг хэрэгжүүлэх зорилгоор Дорноговь аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын харьяа Лицензийн төвд хүргүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1 Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4-т заасан замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах, бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Гийг мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Шүүгдэгч Б.Гт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5, 7.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар тэнсэж,үүрэг хүлээлгэх албадлагыг арга хэмжээ авагдсан хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол шүүх тэнссэн, үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1, 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.Гт тайлбарласугай.
5. Шүүгдэгч Б.Гт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гийн тээврийн хэрэгслийг жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
7.Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “...” ХХК-аас хохирогч Б.Уд 9472904 төгрөг, С.Мд 4530000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.От 52,690,000 төгрөг гаргуулан олгож, Б.Уын нэхэмжлэлээс 864941 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож, С.М нь 450 долларын нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
9.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч С.Бийн 76,800,000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, цаашид шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
10. Хэрэгт хураан ирүүлсэн шүүгдэгч Б.Гийн В, С, CE, D ангиллын жолоочийн 939339 дугаартай үнэмлэхийг Дорноговь аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын харьяа Лицензийн төвд хүргүүлсүгэй.
11.Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
12.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН