| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2021/0179/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/03 |
| Огноо | 2021-12-27 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | Г.Анх-Ирээдүй |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 2022/ШЦТ/03
2021 12 27 2022/ШЦТ/03
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж
Нарийн бичгийн дарга Э.Энхмаа
Улсын яллагчаар хяналтын прокурор Г.Анх-Ирээдүй
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шинэбаяр
Шүүгдэгч Л.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Мд холбогдох .....2 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, Дорноговь аймгийн Хөдөө аж ахуйн газарт сантехникч, сахиулаар ажиллаж байсан, ам бүл 2, ээжийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, Дампилийн 13-09 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, Л.М РД:...
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Л.М нь 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Дорноговь аймаг Сайншанд сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр босоо тэнхлэгийн А/0102 дугаар замд 83-92 ДГО улсын дугаартай “Verna Accent” маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо замын хашлага бетоныг мөргөсөн зам тээврийн осол гаргасны улмаас тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч Г.Дгийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Л.Мийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би тухайн өдрийн өглөө Нефтийн үйлдвэр лүү хоёр ахыг унаанд суулгаж өгөхөөр явж байсан. Гэтэл тэр газар нь ковид-19 халдвар илэрсэн гээд 15 цаг хүртэл хөдөлгөөн хорьсон. Би айлаар мод хөрөөдөөд явж байсан. Тэр хоёр ах очих газаргүй гээд миний машинд архи уусан. Би тэр үед архи уугаагүй. Талийгаач дүүгийнхээ гэрт очно гэхээр нь би хүргэж өгчихөөд өөрийн ажлаа бодно гэж хэлсэн. Гэтэл талийгаач гэрт очиж яах юм банк орох ажилтай гэж байсан. Би дахин нэг айлд очиж мод хөрөөдсөн. Намайг мод хөрөөдөж байхад тэр 3 машин дотор архи уугаад суугаад байсан. Мод хөрөөдсөний дараагаар О гэж хүн ирээд дэлгүүр орж 1 шил 0,5 литрийн архи, 6 ширхэг пиво авсан. Дараа нь Дэнжийн тоглоомын талбай руу очсон. Би 2 лааз пиво уусан” гэсэн мэдүүлэг,
Хууль ёсны төлөөлөгч Д.Цийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хүний амь нас хохирсон болохоор маш их гомдолтой байна. Оршуулгын зардал болон талийгаачийн үлдсэн хүүхдүүдийн эмчилгээний зардал,сэтгэл санааны хохиролд 10,000,000 төгрөг нэхэмжилж байна. Цаашид хохирол төлбөртэй холбоотой гарах зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэсэн мэдүүлэг,
Гэрч Д.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би талийгаач охинтойгоо хамгийн сүүлд өнөөдөр өглөө буюу 2021 оны 08 дугаар сарын 12-ны 09 цагийн орчимд гэрт нь ороход унтаж байгаад босож байсан. Тэгээд 09 цаг 30 минутад очиход Л.М гэдэг залуу танихгүй 2 залуутай гэрт нь ирчихсэн байсан. Тэгээд би гэрт нь ороод танихгүй эрэгтэй хүмүүст хандаж “Та нар юун хүмүүс вэ? Яаж яваа юм бэ” гэж асуухад ажилд явах гэж байгаа юм гэж нэг танихгүй эрэгтэй хэлсэн. Ойролцоогоор 10 цагийн орчимд гэрт орох гэтэл гэрээ цоожлоод явчихсан байсан. Тэрнээс хойш би талийгаач охинтойгоо утсаар яриагүй, уулзаагүй. ...талийгаач охин маань хөгжлийн бэрхшээлтэй хүү болон сургуулийн насны охинтой байсан юм. Талийгаач охин маань архи дарс хэрэглэдэггүй хүн байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар тал/,
Гэрч Т.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 12 цагийн орчимд гэртээ байж байгаад найз Аийн гар утас руу залгатал үл таних эрэгтэй хүн аваад байхаар нь гэрт нь очиж уулзъя гэж бодоод гэрт нь 12-13 цагийн орчимд очтол гэр нь цоожтой байсан. Тэгтэл Аийн гэрийнх нь гадаа миний хуучны танил талийгаач Д болон миний танихгүй 3 эрэгтэйтэй хамт машинд архи уугаад сууж байсан. Тэгээд талийгаач намайг дуудаад машинд суулгаад надад ууж байсан пивоноосоо өгөхөөр нь би бага зэрэг уусан. Тэр хэдийн ууж байсан архи нь дуусчихаар нь би дэлгүүр орж 1 шил 0.5 литрийн хараа архи болон 0.5 литрийн Сэнгүр пиво 6 ширхгийг аваад айлын хашаанд очоод сууж байтал талийгаач айлын хашаанд байж байхаар салхинд гаръя гэхээр нь дэнжийн постны хажуугийн сагсны талбайн ойролцоо очсон. Бид нар архи уугаад сууж байхад талийгаач жолоочид хандаж “ажлаа зохицуулчих, манай хоёр хуурай ахыг ажил руу нь хүргээд өгчихье” гэх мэтийн зүйл яриад байсан. Би өмнөх өдөр нь унтаагүй нойр муутай байсан болохоор жаахан архи, пиво уугаад унтчихсан байсан. Тэгээд нэг мэдэхэд эмнэлэгт ирчихсэн, миний бие хөндүүр болчихсон байсан. Би тухайн үед талийгаач Д болон миний танихгүй 3 эрэгтэйчүүдийн ууж байсан архинаас огт уугаагүй. Харин ууж байсан том пивоноос нь уусан. 0.5 литрийн Сэнгүр нэртэй пивоноос 2, 3 лаазыг уусан байсан. Бид нарын дунд муудалцаж маргалдсан зүйл байхгүй. ...Би талийгаач Дг хар багаасаа сайн мэднэ. Миний мэдэхээр манай найз Атэй хамт нийлж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан талаар хэд хэд сонсож байсан. Тэрнээс биш талийгаачийг зорьж очиж архи хамт ууж байгаагүй” гэсэн мэдүүлэг/хавтаст хэргийн 28 дугаар тал/,
Шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 04/21 дугаартай “...Амь хохирогч Г.Дгийн биед гэмтэл тогтоогдлоо. Г.Дгийн биед гавал тархины далд гэмтэл, их тархины аалзан бүрхүүл дорх цус хуралт, чамархай хэсэг дэх аалзан бүрхүүл доорх цус хуралт, хуйханд зулайн зүүн талд ангайсан шарх, цээжний баруун дээд хэсэгт эгмийн түвшинд зүүн гуяны гадна дунд талд, зүүн гуяны урд доод талд, зүүн өвдгөнд цус хуралт, зүүн шилбэнд, баруун өвдгөнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. ...Шүүх химийн шинжилгээгээр цусанд 3.2 промилл спиртийн агууламжтай, хүнд зэргийн согтолттой байсан байна. ...Амь хохирогчийн гавал ясны далд гэмтэл, их тархины аалзан бүрхүүл доорх цус хуралт, чамархай хэсэг дэх аалзан бүрхүүл доорх цус хуралтын улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас барсан” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 38-41 дүгээр тал/,
Шинжээчийн 3716 дугаартай “...Л.М 36, эр гэж хаягласан цусанд 1.3 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 1.3 промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 43-45 дугаар тал/,
Жолоочийн согтууруулах ундаа ...хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр /хавтаст хэргийн 167 дугаар тал/,
Мөрдөгчийн “...92-83 ДГО улсын дугаартай, цагаан өнгийн Верна аксент маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явсан Л.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ...12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд заасан хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгон явна ...12.2. харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна ...12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна ...3.4Б. хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх ...3.7А. ...эсхүл согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэх заалтыг зөрчин архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсоноос уг зам тээврийн осол болсон байна” гэсэн магадалгаа /хавтаст хэргийн 135-138 дугаар тал/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 153 дугаар тал/ болон бусад нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Л.М нь 2021 оны 08 сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр босоо тэнхлэгийн А/0 102 дугаар замд “Verna Accenf” маркийн 83-92 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон явахдаа хөдөлгөөний аюул, хөдөлгөөний дагуу үзэгдэлт, замын нөхцөл байдалд дүгнэлт хийж саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авч чадаагүйгээс замын хашлага бетоныг мөргөж тээврийн хэрэгсэлд зорчин явсан Г.Дгийн амь насыг хохироосон үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий дараах нотлох баримтууд болох хууль ёсны төлөөлөгч Д.Цийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хүний амь нас хохирсон болохоор маш их гомдолтой байна. Оршуулгын зардал болон талийгаачийн үлдсэн хүүхдүүдийн эмчилгээний зардал,сэтгэл санааны хохиролд 10,000,000 төгрөг нэхэмжилж байна:.”.. гэсэн мэдүүлэг, гэрч Д.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...09 цаг 30 минутад очиход Л.М гэдэг залуу танихгүй 2 залуутай гэрт нь ирчихсэн байсан. Тэгээд би гэрт нь ороод танихгүй эрэгтэй хүмүүст хандаж “Та нар юун хүмүүс вэ? Яаж яваа юм бэ” гэж асуухад ажилд явах гэж байгаа юм гэж нэг танихгүй эрэгтэй хэлсэн. Ойролцоогоор 10 цагийн орчимд очиход гэрээ цоожлоод явчихсан байсан.” гэсэн мэдүүлэг, гэрч Т.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Аийн гэрийнх нь гадаа миний хуучны танил талийгаач Д болон миний танихгүй 3 эрэгтэйтэй хамт машинд архи уугаад сууж байсан. Тэгээд талийгаач намайг дуудаад машинд суулгаад надад ууж байсан пивоноосоо өгөхөөр нь би бага зэрэг уусан. Тэр хэдийн ууж байсан архи нь дуусчихаар нь би дэлгүүр орж 1 шил 0.5 литрийн хараа архи болон 0.5 литрийн Сэнгүр пиво 6 ширхэгийг аваад айлын хашаанд очоод сууж байтал талийгаач айлын хашаанд байж байхаар салхинд гаръя гэхээр нь дэнжийн постны хажуугийн сагсны талбайн ойролцоо очсон. Бид нар архи уугаад сууж байхад талийгаач жолоочид хандаж “ажлаа зохицуулчих, манай хоёр хуурай ахыг ажил руу нь хүргээд өгчихье” гэх мэтийн зүйл яриад байсан. Би өмнөх өдөр нь унтаагүй нойр муутай байсан болохоор жаахан архи, пиво уугаад унтчихсан байсан. Тэгээд нэг мэдэхэд эмнэлэгт ирчихсэн, миний бие хөндүүр болчихсон байсан. ...Бид нарын дунд муудалцаж маргалдсан зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг, Шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 04/21 дугаартай “...Амь хохирогч Г.Дгийн биед гавал тархины далд гэмтэл, их тархины аалзан бүрхүүл доорх цус хуралт, чамархай хэсэг дэх аалзан бүрхүүл доорх цус хуралт, хуйханд зулайн зүүн талд ангайсан шарх, цээжний баруун дээд хэсэгт эгмийн түвшинд зүүн гуяны гадна дунд талд, зүүн гуяны урд доод талд, зүүн өвдгөнд цус хуралт, зүүн шилбэнд, баруун өвдгөнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. ...Шүүх химийн шинжилгээгээр цусанд 3.2 промилл спиртийн агууламжтай, хүнд зэргийн согтолттой байсан байна. ...Амь хохирогчийн гавал ясны далд гэмтэл, их тархины аалзан бүрхүүл доорх цус хуралт, чамархай хэсэг дэх аалзан бүрхүүл доорх цус хуралтын улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас барсан” гэсэн дүгнэлт, Шинжээчийн 3716 дугаартай “...Л.М 36, эр гэж хаягласан цусанд 1.3 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 1.3 промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт, 2021 оны 10 сарын 21-ний өдрийн Мөрдөгчийн магадалгаа болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн ...12.1 жолооч хөдөлгөөний эрчим,тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог,замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд заасан хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгон явна. ...12.2 харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 12.3 жолооч хөдөлгөөнд аюул,саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж,зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. ...3.4Б хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх,хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх. ...3.7А ..эсхүл согтууруулах ундаа...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн болохыг 2021 оны 10 сарын 21-ний өдрийн мөрдөгчийн магадалгаагаар тогтоосон байна гэж шүүх үзлээ.
Хэргийн үйл баримтаас үзэхэд, шүүгдэгч Л.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж, 1.3 промилли согтолтын зэрэгтэй байхдаа тээврийн хэрэгслийг жолоодож явах энэ үедээ замын нөхцөл, хөдөлгөөний эрчим, үзэгдэх орчин, гэнэт гарч ирж болзошгүй аливаа саад бэрхшээлийг тооцоолон хурдаа хасах боломжтой хэмжээнд тохируулж, анхаарал болгоомжтой явах жолоочийн үүргээ биелүүлээгүйгээс тээврийн хэрэгсэлд зорчин явсан Г.Дгийн амь насыг хохироосон болгоомжгүй гэмт хэргийг үйлдэхэд хүргэсэн байна.
Шүүгдэгч Л.Мийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль,түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрсний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргаж шүүгдэгч,түүний өмгөөлөгчөөс хэргийн зүйлчлэл,шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хууль ёсны төлөөлөгч Д.Ц хохиролд нийт 19,642,210 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч нь 9642210 төгрөгийг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд төлж барагдуулсан байна. Үүнд: шүүхэд хэрэг хянан хэлэлцэх шатанд 6,000,000 төгрөг, талийгаачийн буяны ажилд 850000 төгрөг, 150000 төгрөгөөр үнэлэх 1 хонины мах, гэм буруугийн шүүх хуралдааны шатанд 315000 төгрөг, шүүх хуралдаан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.15 дугаар зүйлийн 1.3-т зааснаар завсарласан хугацаанд 2328100 төгрөг нийт 9.642.210 төгрөгийг төлсөн байна.
Хууль ёсны төлөөлөгчөөс талийгаачийн хөгжлийн бэрхшээлтэй хүү, сурагч охины эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохиролд 10,000,000 төгрөг нэхэмжилсэн байна. Сэтгэл санааны хохирол буюу эдийн бус гэм хорыг хохирогч шаардах эрхтэй боловч хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөөр нөхөн төлөх боломжтой. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд “бусдын нэр төр,алдар хүнд,ажил хэргийн нэр хүнд”-эд учирсан гэм хорыг арилгахаар зохицуулжээ. Иймд бусад эрхийг зөрчсөнөөс учирсан сэтгэл санааны хохирлыг арилгах боломжгүй байх тул 10,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.
Харин хууль ёсны төлөөлөгч нь бага насны 2 хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү болон сэтгэлийн шаналлаас үүдсэн материаллаг гэм хор /сэтгэл зүйчид хандсан,эмчид үзүүлсэн гэх мэт.../ үүссэн бол энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Л.Мд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар 4 жилийн хорих ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг хэрэглэж өгнө үү гэсэн санал тус тус гаргасныг дурдах нь зүйтэй.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Л.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан төрөл, хэмжээний дотор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгэхээр шийдвэрлэв. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Л.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг хэрэглэж өгнө үү...” гэсэн санал гаргасныг хүлээж авах боломжгүй гэж шүүх үзлээ. Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хүний амь нас хохирсон байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаж шүүгдэгчийг тодорхой хугацаагаар нийгмээс тусгаарлах шаардлагатай гэж дүгнэсэн болно.
Шүүгдэгч нь хавтаст хэрэгт авагдсан урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудсаар ял шийтгэлгүй байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Л.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Л.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар Л.Мийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Мд оногдуулсан 2 жил, 2 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шүүгдэгч Л.Мд оногдуулсан 2 жил, 2 сарын хугацаагаар хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
5.Шүүгдэгч Л.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
6.Шүүгдэгч нь 9.642.210 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, хууль ёсны төлөөлөгч Д.Ц нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН