Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/10

 

     

 

 2022         01           10                                      2022/ШЦТ/10

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Энхмаа,

Улсын яллагчаар хяналтын  прокурор Л.Мөнхбаяр,

шүүгдэгч И.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Мөнхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И.Сд холбогдох эрүүгийн ....3 дугаартай хэргийг 2022 оны 01 сарын 05-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1991 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эх баригч эмч мэргэжилтэй, ......... эмч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт .......... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, И.С /РД:........../

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч И.С нь 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн Алтанширээ сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэндийн төвд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Бтэй маргалдаж түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                      

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:     

Шүүгдэгч И.Сгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тухайн өдөр жижүүр эмч байсан болохоор алсын дуудлагын дагуу явж эмчилгээ хийгээд дууссаны дараа замдаа машинд байсан архийг жолооч бид хоёр хувааж уусан. Тэгээд суман дээр ирээд ажил дээр байхад сувилагч дараагийн дуудлагад явахад бэлэн эсэхийг асуухад бэлэн гэж хэлсэн. Эхнэртэйгээ маргалдаж хамрыг нь цохисон, үүнийг сайн санахгүй байгаа юм, тухайн үед уусан архи нөлөөлөөд согтсон байсан. Өөрийн гэм бурууг ойлгож байгаа, архи дарснаас хол явна гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 05-ний өдөр өөрийн ажлыг хийгээд байж байтал 16 цагийн үед Манай нөхөр С нь алсын дуудлагаас ирээд, дахин дуудлага гарлаа одоо явлаа гэж хэлсэн, тэгээд нөхөр Стай хувийн асуудал яриад байж байтал гадаа эмнэлгийн автомашин нь хаазлаад байхаар нь гараад харахад автомашин хөдлөөгүй хаазлаад байхаар нь хаалгыг нь нээхэд эмнэлгийн жолооч С.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, автомашин барих чадваргүй байсан. Тухайн үед Энхмэндэд хандаж “та автомашин жолоодох чадваргүй байна, би өөр хүн дуудаж дуудлагад явуулъя гэж хэлээд түлхүүрийг сугалж аваад өөрийн ажил руу орсон. Энхмэнд нь гэр лүүгээ явсан, намайг өрөөнд орж ирэхэд манай нөхөр С нь гар утсаар яриад зөрөөд гараад явсан. Удалгүй 1-2 минутын дараа манай нөхөр нь буцаж орж ирээд “ чи ямар том дарга болчхоод жолоочийнхоо түлхүүрийг хурааж авдаг юм гэж хэлээд миний толгой хэсэг рүү гар утсаа барьсан гараараа нэг удаа цохисон, чи яагаад байгаа юм бэ гэж хэлэхэд дахин толгой руу 2-3 удаа цохисон, би тухайн үед нь тонгойсон чинь гар утасны булан хэсгээр нь хамрын зүүн талд 1 удаа цохисон, тэгээд л цус гарахаар нь чи миний хамрыг хугалчихлаа шүү дээ гэж хэлэхэд, намайг дээш татсанаа намайг хараад байхаар нь чи яасан юм гэж хэлэхэд, С нь юм дугарахгүй байж байгаад гэнэт би чамайг ална гэж хэлсэн, би 00 руу орж хамар болон нүүрээ угаагаад гэр рүүгээ явсан          надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ....гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 30 дугаар тал),

 

Шүүх шинжилгээний 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 02/0328 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 20 дугаар тал),

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 53 дугаар тал) зэргийг шинжлэн судлав.

 

 Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

 Шүүгдэгч И.С нь 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн Алтанширээ сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэндийн төвд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Бтэй маргалдаж түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 05-ний өдөр өөрийн ажлыг хийгээд байж байтал 16 цагийн үед Манай нөхөр С нь алсын дуудлагаас ирээд, дахин дуудлага гарлаа одоо явлаа гэж хэлсэн, ...эмнэлгийн жолооч С.Э нь согтууруулах ундаа зүйл хэрэглэсэн, автомашин барих чадваргүй байсан. Тухайн үед Энхмэндэд хандаж “та автомашин жолоодох чадваргүй байна, би өөр дуудаж дуудлагад явуулъя гэж хэлээд түлхүүрийг сугалж аваад өөрийн ажил руу орсон. ...манай нөхөр ...“ чи ямар том дарга болчхоод жолоочийнхоо түлхүүрийг хурааж авдаг юм гэж хэлээд миний толгой хэсэг рүү гар утсаа барьсан гараараа нэг удаа цохисон, чи яагаад байгаа юм бэ гэж хэлэхэд дахин толгой руу 2-3 удаа цохисон, би тухайн үед нь тонгойсон чинь гар утасны булан хэсгээр нь хамрын зүүн 1 удаа цохисон, ...гэсэн мэдүүлэг,яаралтай тусламжийн хуудас, Шүүх шинжилгээний 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 02/0328 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 02/0328 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед хамар ясны хугарал, зүүн нүдний зовхи, баруун шууны цус хуралт, хамар, зүүн хацрын зулгаралт гэмтэл учирсан нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд энэ гэмтэл нь шүүгдэгчийн дээрх үйлдлийн улмаас хохирогчид  учирсан байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь хохирогчийн нүүрэн тус газар гараараа цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч И.Сг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч И.Сд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Шүүгдэгч И.Сд холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, прокурорын сонсгосон ялыг болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар прокурорын саналын хүрээнд хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Сд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 төгрөгөөр торгож шийдвэрлэлээ.

 

           Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан хугацаанд төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.

 

Хохирогч Д.Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч И.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон ТОГТООХ нь:  

  

 1.Шүүгдэгч И.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Сд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Шүүгдэгч И.Сд оногдуулсан 700 000 төгрөгийн торгох ялыг  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5.Шүүгдэгч И.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Сд                                                                                                                                                                                                                                                                                                          урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.АДЪЯАСҮРЭН