Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/12

 

     

 2022         01           17                                      2022/ШЦТ/12

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Энхмаа,

Улсын яллагчаар хяналтын  прокурор Л.Мөнхбаяр,

Шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Мөнхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Эад холбогдох эрүүгийн ..........35 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

   Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1983 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Иххэт суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт ............ оршин суудаг, урьд: 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 164 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, мөн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар, мөн 164 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан  ялаас эдлээгүй үлдсэн 11 сарын ялыг нэмж нэгтгэн нийт 2 жил 5 сарын хорих ялаар шийтгэгдэж байсан, Э.Э /РД:..........

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Э.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Иххэт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр 16 дугаар байрны 09 тоотод оршин суух хохирогч Б.Бын байшингийн цонхоор нэвтрэн орж орны гудсан завсар байсан Самсунг А-30 маркийн гар утсыг хулгайлж 280.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                           

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:     

Шүүгдэгч Э.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:Би хууль бусаар айлын цонхоор орж гар утас авсан нь үнэн. Гэм буруугаа ойлгож, гэмшиж байна. Прокурорын зүйлчилж ирүүлсэн зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Иххэт сумын 3 дугаар багийн 16 дугаар байрны 09 тоотод байдаг гэртээ ирэхэд манай гэрийн цонх онгорхой байсан. Тэгээд гэртээ ороод харахад цонхны доор байсан сандал унасан, орны гудас эргүүлээд тавьсан байсан. Тэгээд би ямар ч байсан манай гэрт хулгайч орсон байна гэж бодоод эд зүйлээ бүртгэж үзэхэд Хаан банкны карт болон орны гудсан завсар байсан Самсунг маркийн гар утас хоёр алга болсон байсан би тэр хавиар зөндөө хайсан боловч олдохгүй байсан. Тэгээд цагдаад ирж бүртгүүлбэл олддог гэж сонсоод миний хулгайд алдсан гар утас Хаан банкны карт хоёрыг олж өгч тусална уу гэж хандсан юм ... гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 8 дугаар тал),

 

Хууль ёсны төлөөлөгч О.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:: “....2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр сумын төвөөс баруун зүгт байдаг Хөх бишрэлт ХХК-ны үйлдвэр лүү ажил дээрээ байсан юм. Иххэт сумын төв 16 дугаар байрны 09 тоотод байдаг манай гэрийн цонхоор хулгайч орж Самсунг А-30 маркийн гар утас хулгайлаад явсан байсан, хулгайд алдсан гар утсаа авмаар байна ...гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дүгээр тал),

                                                                                                                                                             

Ашид Билгүүн ХХК-ны 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ТХҮ-921/2144 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 17 дугаар тал),

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дугаар тал),

 

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт(хавтаст хэргийн 4-7 дугаар тал),

 

 Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 25 дугаар тал) зэргийг шинжлэн судлав.

 

 Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

           Шүүгдэгч Э.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Иххэт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх 16 дугаар байрны 09 тоот  байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч орны гудсан завсар байсан Самсунг 30 маркийн гар утсыг хулгайлж хохирогч Б.Бт 280.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ...гэртээ ирэхэд манай гэрийн цонх онгорхой байсан. Тэгээд гэртээ ороод харахад цонхны доор байсан сандал унасан, орны гудас эргүүлээд тавьсан байсан. ...эд зүйлээ бүртгэж үзэхэд Хаан банкны карт болон орны гудсан завсар байсан Самсунг маркийн гар утас хоёр алга болсон байсан... гэсэн мэдүүлэг, хууль ёсны төлөөлөгч О.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр сумын төвөөс баруун зүгт байдаг Хөх бишрэлт ХХК-ны үйлдвэр лүү ажил дээрээ байсан юм. Иххэт сумын төв 16 дугаар байрны 09 тоотод байдаг манай гэрийн цонхоор хулгайч орж Самсунг А-30 маркийн гар утас хулгайлаад явсан байсан...гэсэн мэдүүлэг, Ашид Билгүүн ХХК-ны 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ТХҮ-921/2144 дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.Эын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч нь улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Э.Эад прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ялын доод хэмжээний буюу 2 жилийн хорих ялын хоёрны нэгээс багагүй буюу 1 жилийн хорих ял оногдуулах ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Шүүгдэгч Э.Эад холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, прокурорын сонсгосон ялыг болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул түүнийг орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар прокурорын саналын хүрээнд хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар шүүгдэгч Э.Эад  ялын доод хэмжээний буюу 2 жилийн хорих ялын хоёрны нэгээс багагүй буюу 1 жилийн хорих ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Хууль ёсны төлөөлөгч О.Эд шүүхээс шүүх хуралдааны тов мэдэгдэхэд шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцож чадахгүй гэсэн тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Э.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон ТОГТООХ нь:  

  

 1. Шүүгдэгч Э.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах орон  байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                                      

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар шүүгдэгч Э.Эыг 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эад оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Эад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.АДЪЯАСҮРЭН