Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/20

 

        

    2022        01            27                                     2022/ШЦТ/20

    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж

Нарийн бичгийн дарга Э.Энхмаа

Улсын яллагчаар хяналтын  прокурор Л.Мөнхбаяр

хохирогч Н.Г, С.А,

иргэний нэхэмжлэгч Ц.С

шүүгдэгч Н.Т, түүний өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Мөнхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Тад холбогдох  ...1 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төмөр замын инженер мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдүүдийн хамт .......... тоотод оршин суух хаягтай, одоо Мааньзавын 28-17 тоотод оршин сууж байгаа, хөдөлмөрийн чадвар алдалтын 80 хувиар группэд байдаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, С.Т/РД:/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Т нь 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах босоо тэнхлэгийн А/0102 зам дээр ...... УНЛ улсын дугаартай тоёото приүс маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.10 “жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас 40-57 ДГА улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргаж Н.Гийн эрүүл мэндэд хүнд, С.А, М.Ю нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:            

Шүүгдэгч Н.Тын  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өглөө 09:00 цагийн орчимд 97-96 УНЛ улсын дугаартай тоёото приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Сайншанд сумын зүүн гарам дагуу адуундаа явсан. Салхин сэнсний ойролцоо адуугаа хайж явсан боловч адуу харагдахгүй байсан болохоор ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлтэй нефтийн үйлдвэрийн замаар явж байгаад замын баруун гар талд адуу байхыг хараад гүүр өнгөрөөд зогссон. Тэгээд зогсож байгаад буцаж эргэх үйлдэл хийх үедээ тус тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн. Хохирогч М.Юд 500,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.Сд 1,665,000 төгрөг, хохирогч М.А, Н.Г нарт 690,000 төгрөгийг тус тус төлсөн гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч С.Аийн  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Бид нар анх удаа тэр замаар явсан. Тэр замыг их эвгүй зам байна гэж хоорондоо яриад явж байтал гэнэт машин эргээд мөргөлдсөн. Эмчилгээний зардал 1,477,577 төгрөг болсон. Үүнээс 690,000 төгрөгийг Н.Т төлж барагдуулсан. Үлдэгдэл мөнгийг нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Н.Гийн  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ахмадууд Халзан уулын рашаанд хэд хоног амрахаар явах болсон. Тэгээд явахын өмнөх өдөр манай Ахмадын холбооны дарга намайг Ц.Сгийн тээврийн хэрэгслийг жолоодоод явчих гэж хэлсэн. Би хүнд үгүй гэж хэлж чаддаггүй болохоор за гэж хэлсэн. 2021 оны 09 дүгээр сарын 05-ны орой нар шингэх гэж байхад Ц.Сгийн тээврийн хэрэгслийг манай гэрийн гадаа авчирч өгсөн. Тэгээд 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өглөө гарч яваад тус зам тээврийн осолд орсон. Тухайн өдөр төмөр замын гүүрээр гарч байгаад тусгаарласан зурвастай замаар өгсөөд явж байхад цаашаа харсан байдалтай приус маркийн тээврийн хэрэгслийн тал хэсэг нь шороон зам дээр зогсож байсан. Тэгээд ойрхон 10 метр хүрэхгүй газарт дөхөж иртэл зүүн гар тийшээ дохио өгөлгүй эргэсэн болохоор тоормос гишгэж амжилгүй тухайн тээврийн хэрэгслийг мөргөсөн. Эмчилгээний зардалд эхнэр бид хоёр нийт 1,477,577 төгрөг зарцуулсан. Үүнээс 690,000 төгрөгийг Н.Т дансаар шилжүүлсэн. Үлдэгдэл хохирлын мөнгийг нэхэмжилж байна. Мөн мөрдөн байцаалт өгөхөөр ирж очиход гарсан зардлууд бас байгаа. Үлдэгдэл хохирлыг мөнгийг өгчихвөл замын зардлыг нэхэмжлэхгүй гэсэн мэдүүлэг,

 

Иргэний нэхэмжлэгч Ц.Сгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 40-57 ДГА улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч байна. Замын-Үүд сумаас ахмадууд Халзан-Уулын амралт, сувилал руу ирнэ гэхээр нь миний тээврийн хэрэгслийг бариулаад ирүүлээч гэж Ахмадын холбооны даргыг гуйсан. Тэгээд 2021 оны 09 дүгээр сарын 05-ны орой миний тээврийн хэрэгслийг Н.Гт аваачиж өгсөн гэж хэлсэн. Н.Гийг тээврийн хэрэгслийг жолоодож ирнэ гэсэн болохоор хуучин манайд ажиллаж байсан туршлагатай хүн гэж бодон дотроо баярлаж байсан. Гэтэл 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Долгор надтай уулзахаар ажлын гадаа ирсэн. Тэгэхээр нь сайн явж ирсэн үү, миний машин ирж байгаа эсэхийг асуухад зам тээврийн осолд орсон гэж хэлсэн. Би тэр үед цочролд ороод миний тээврийн хэрэгслээр зорчиж явсан хүмүүсийн биеийн эрүүл мэндийн байдал хэр байгаа талаар асуухад гайгүй гэж хэлсэн. Миний машинд зорчиж явсан хүмүүс гайгүй гэсэн болохоор ирсэн ахмадуудыг дагаад Халзан-Уул амралт, сувилал руу явж 5-6 хоног амарчхаад ирсэн. Миний машин өө сэвгүй, бүрэн бүтэн машин байсан. Машинаараа Өвөрхангай аймаг руу 2-3 удаа явж байсан. Мөн Замын-Үүд сум руу байнга явдаг байсан. Машины тухайд ямар нэгэн асуудалгүй байсан. Зах зээлийн ханшаар машины сэлбэг их үнэтэй болсон. 2,843,140 төгрөгөөр сэлбэг авсан. Сэлбэг авахад зарцуулсан төлбөрийн баримтаа өгсөн байгаа. Н.Тын зүгээс 1,665,000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр миний данс руу шилжүүлсэн. Үлдэгдэл мөнгөө нэхэмжилж байна. Миний тээврийн хэрэгслийн гидер нь эвдрээд, руль нь хатуураад машинаа унаж чадахгүй байгаа. Мөн дээрээс нь Сайншанд сум руу 2 удаа ирж явсан зардлыг хохиролд оруулж тооцоогүй. Зөвхөн сэлбэгийн үнэ 2,843,140 төгрөгийг нэхэмжилсэн гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч М.Югийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 06-ны өглөө би Замын-Үудээс Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Халзан уулын рашаан руу өөрийн танил Н.Г, С.А нарын хамт бид Н.Гийн танилын машинд суугаад хөдөлсөн. Ингээд бид нар Сайншандаар дайраад аймгийн төв дөнгөж өнгөрөөд явж байхад шинээр баригдсан гүүрэн зам руу өгсөж явтал нэг машин замын хажуу талд зогсож байгаа харагдсан. Тэгээд Н.Г хажуугаар нь гарах гэтэл гэнэт урдуур орж ирээд мөргөлдсөн. Тэр машин хөдлөхдөө дохиогоо өгсөн эсэхийг би сайн мэдэхгүй байна. Г жолоодож явсан бөгөөд жолоочийн хувьд архи согтууруулах ундаа хэрэглээгүй, С.А бид хоёр ч хэрэглээгүй. Би тээврийн хэрэгслийн арын суудалд ганцаараа сууж явсан бөгөөд суудлын бүс зүүгээгүй байсан. Надад Н.Таас нэхэмжлэх зүйл байхгүй, тэр залуу миний эмчилгээний зардалд 500,000 төгрөг төлчихсөн” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 22 дахь тал),

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл(1 дүгээр хавтаст хэргийн 3 дахь тал),

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 5-11 дэх тал),

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 9293 дугаартай дүгнэлт(1 дүгээр хавтаст хэргийн 39 дахь тал),

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 9294 дугаартай дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 44 дэх тал),

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 02/0336 дугаартай дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 48 дахь тал),

 

Хас үнэлгээ ХХК-ны 2021 оны 09 сарын 30-ны өдрийн автомашин техникийн үнэлгээний №1258 дугаартай дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 63 дахь тал),

 

Мөрдөгчийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 09 дугаартай магадалгаа ( 1 дэх хавтаст хэргийн 99 дэх тал)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтаст хэргийн 95 дахь тал) болон бусад нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт  хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий  дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж  харьцуулан судалсны үндсэн дээр шүүгдэгч Н.Т нь 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах босоо тэнхлэгийн А/0102 зам дээр 97-96 УНЛ улсын дугаартай тоёото приүс маркийн тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.10-т  заасан “жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас 40-57 ДГА улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргаж Н.Гийн эрүүл мэндэд хүнд, С.А, М.Ю нарын эрүүл мэндэд  хүндэвтэр хохирол  учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Н.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.10-т заасан “жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”  гэсэн заалтыг зөрчсөн болох нь мөрдөгчийн магадалгаа, хохирогч С.Аийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ ... Тэр замыг их эвгүй зам байна гэж хоорондоо яриад явж байтал гэнэт машин эргээд мөргөлдсөн... гэсэн мэдүүлэг, хохирогч Н.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Тухайн өдөр төмөр замын гүүрээр гарч байгаад тусгаарласан зурвастай замаар өгсөөд явж байхад цаашаа харсан байдалтай приус маркийн тээврийн хэрэгслийн тал хэсэг нь шороон зам дээр зогсож байсан. Тэгээд ойрхон 10 метр хүрэхгүй газарт дөхөж иртэл зүүн гар тийшээ дохио өгөлгүй эргэсэн болохоор тоормос гишгэж амжилгүй тухайн тээврийн хэрэгслийг мөргөсөн...”гэсэн мэдүүлэг, хохирогч М.Югийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 06-ны өглөө би Замын-Үүдээс Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Халзан уулын рашаан руу өөрийн танил Н.Г, С.А нарын хамт бид Н.Гийн танилын машинд суугаад хөдөлсөн. Ингээд бид нар Сайншандаар дайраад аймгийн төв дөнгөж өнгөрөөд явж байхад шинээр баригдсан гүүрэн зам руу өгсөж явтал нэг машин замын хажуу талд зогсож байгаа харагдсан. Тэгээд Н.Г хажуугаар нь гарах гэтэл гэнэт урдуур орж ирээд мөргөлдсөн.” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Н.Тын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... зогсож байгаад буцаж эргэх үйлдэл хийх үедээ тус тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн...” гэсэн мэдүүлэг болон  бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Н.Т нь захиргааны хэм хэмжээ тогтоосон акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөн болох нь мөрдөгчийн магадалгаагаар тогтоогдсон бөгөөд улмаар зам тээврийн осол хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учруулсан нь шинжээч эмчийн дүгнэлтүүдээр тогтоогджээ. 

 

Шүүгдэгч Н.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан байна. 

        Зам дээрх аюул саад нь янз бүрийн шинж чанартай байж болох учраас түүнд тохирсон арга хэмжээг жолооч өөрөө зөв сонгох үүрэгтэй.

Шүүгдэгч Н.Т нь замын хөдөлгөөний дүрэмд заасан жолоочийн үүргээ биелүүлэлгүй, аюул саад тулгарч болзошгүй нөхцөл байдалд дүгнэлт хийж хөдөлгөөнд оролцож чадаагүйгээс зам тээврийн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...хохирогч, яллагдагч нарын мэдүүлгээр 97-56 УНЛ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн пирус-20 маркийн тээврийн хэрэгсэл зогсож байгаад хөдөлгөөн эхлээд эргэхдээ осол гаргасан нь тогтоогдож байхад “хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд”...приус-20 маркийн тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлтэй хөдөлгөөнд оролцож байх үедээ мөргөлдсөн байна” гэж  болсон үйл баримтыг буруу тэмдэглэж үүнийг баримтлан мөрдөгч нь “приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан  Н.Т нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.10-т заасан жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн гэж үндэслэлгүй магадалгаа гаргасан гэж мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт маргаж байгаа болно.

Шүүгдэгч Н.Т нь 2021 оны 09 сарын 06-ны өглөө 09 цагийн орчим адуугаа хайгаад явж байхдаа урдаас хойшоо чиглэлтэй буюу Замын-үүдээс Улаанбаатар чиглэлтэй нефтийн засмал замаар явж байгаад гүүр өнгөрөөгөөд замын баруун хажуу талд зогсоод зүүн гар  тийш болон буцаж эргэх үйлдэл хийх үедээ чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүйгээс зам тээврийн осол болсон байна.

Замын хөдөлгөөний дүрмийн энэ зүйлийн заалтаар зүүн гар тийш болон буцаж эргэх үед түүний өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэж байгаа тээврийн хэрэгсэл нь давуу эрхтэй, зүүн гар тийш болон буцаж эргэж байгаа тээврийн хэрэгсэл зам тавьж өгөх зарчмыг тогтоож байна.

Иймд шүүгдэгч Н.Тын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчаас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзэж, шүүгдэгчийг дээрх зүйл хэсэг, заалтад зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирол төлбөрийн талаар:

          Шүүгдэгч Н.Тын хууль бус болгоомжгүй үйлдлийн улмаас Ц.Сгийн эзэмшлийн  “Соната-6” маркийн 40-57 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд болон хохирогч Н.Гийн эрүүл мэндэд хүнд, М.А, М.Ю нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна.

            Хохирогч М.А, Н.Г нар нь 1,477,577 төгрөгийн хохирлыг нэхэмжилсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохирогч Н.Г, С.А нар нь “Сонгино” амралтад 7 хоног амарч 700,000 төгрөг төлсөн нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хамаарахгүй байна гэжээ.

Хохирогч нар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ”...2021 оны 9 сарын 6-ны өдөр осолд ороод 5 хоног эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэж байгаад физик эмчилгээ хийлгэх хэрэгтэй гэсэн учир 9 сарын 13-наас “Сонгино” сувилалд 7 хоног явж эмчилгээ хийлгэсэн. “Сонгино” гэж яг амралтын газар биш сувиллын эмчилгээ хийдэг газар юм билээ. Нэг хүн 7 хоногт 350,000 төгрөг төлсөн,бид хоёул нийлээд 700,000 төгрөг төлсөн” гэв.

Хохирогч Н.Г, М.А нар нь осолд орсны дараа ”Сонгино” амралтын газар амарсныг хохирогчийн биеийн эрүүл мэнд, зам тээврийн осолд орсны улмаас өөрт учирсан гэмтлээ эдгээх зорилгоор амралт сувиллын газар амарсныг тухайн осолтой холбоогүй гэж үгүйсгэх үндэслэл байхгүй байна гэж үзлээ.

 

 Хохирогч Н.Г, М.А нарын нэхэмжлэлээс пос машинаар 16,000 төгрөгөөр авсан / 8000 төгрөгөөр 2 удаа/ баримт нь юу авсан нь тодорхойгүй, мөн осол болохоос өмнө  9 сарын 5-нд  86,817 төгрөгийн баримтаар авсан нийт 102,817 төгрөгийг болон шүүгдэгчийн хохирогч нарт төлсөн 690,000 төгрөгийг хасаж үлдэх 684,760 төгрөгийг гаргуулан олгохоор

Ц.Сгийн эзэмшлийн  “Соната-6” маркийн 40-57 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд “Хас үнэлгээ” ХХК автомашины хохирлын эвдрэл, хохирлын үнэлгээг 1665000 төгрөгөөр үнэлж үнэлгээний дүгнэлт гаргасан боловч уг тээврийн хэрэгсэлд нийт 2,725,000 төгрөгийн /2021 оны 10 сарын 1-нд машины сэлбэгийн үнэ 1745000 төгрөг, 10 сарын 15-нд машины засварын хөлс 520,000 төгрөг, 10 сарын 20-нд шил солиулсан 100,000 төгрөг, сэлбэгийн үнэ 200,000 төгрөг, цавуу тос авсан 160,000 төгрөг/ зардал гарсан болох нь Ц.Сгийн дансны хуулга, зарлагын баримтууд зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

            Иймд иргэний нэхэмжлэгч Ц.Сгийн  2,843,140 төгрөгийн нэхэмжлэлээс шүүгдэгчийн төлсөн 1,665,000 төгрөгийг хасаж 1,060,000 төгрөгийг гаргуулан олгож, 118,140 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

            Хохирогч М.Юд шүүгдэгч нь эмчилгээний зардалд 500,000 төгрөг төлсөн ба хохирогч нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “миний бие байнга өвчин намдаах эм хэрэглэж байгаа, 200000-300000 төгрөг нэмж нэхэмжилнэ” гэсэн боловч энэ талаарх нотлох баримт шүүхэд ирээгүй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

             Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

           Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байх ба шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

            Шүүгдэгч Н.Т нь урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар  /хх-ийн 95/тогтоогдож байна.

          Шүүгдэгч Н.Тад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн,цаашид гарах хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгч нь хөдөлмөрийн чадварыг  80 хувиар алдаж группэд байдаг, гемодиализын бөөрний аппаратаар эмчилгээ хийлгэж байгаа зэрэг  нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар  хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн  хугацаагаар хасах албадлагын арга хэмжээ авах ял оногдуулахаар шийдвэрлэв.

 Хэрэв шүүгдэгч нь тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг биелүүлээгүй зөрчсөн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг анхааруулж байна. 

 

 Шүүгдэгч Н.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 1 Шүүгдэгч С.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

                                           

   2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Тыг мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

  3.Шүүгдэгч Н.Тад хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх”, 2.1-д заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

  

 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5, 7.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагыг арга хэмжээ авагдсан хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол шүүх тэнссэн, үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг хүчингүй болгож, э нэ хуулийн 6.1, 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг шүүгдэгч Н.Тад тайлбарласугай.

 

 5. Шүүгдэгч Н.Тад хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Тын тээврийн хэрэгслийг жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,  510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Ц.Сд 1,060,000 төгрөг гаргуулан олгож, нэхэмжлэлээс 118,140 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч М.А, Н.Г нарт нийт 684,760 төгрөг гаргуулан олгож, нэхэмжлэлээс 102817 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

8. Шүүгдэгч Н.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Тад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.АДЪЯАСҮРЭН