Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/167

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж,

         Нарийн бичгийн дарга Э.Энхмаа, 

         Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Ариунболд,

         Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэг,

         Хохирогч Б.Азжаргал,

         Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

         Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хутагт овогт Батболдын Бод холбогдох эрүүгийн 2119000000181 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1994 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, эхнэр, хүүхэд, 2 дүүгийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, Аюушийн 1-9а тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

          Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2018/ШЦТ/84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгох ял,

        Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2019/ШЦТ/174 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 төгрөгөөр торгох ял,

         Хутагт овогт Батболдын Б

         Холбогдсон хэргийн талаар:

   Шүүгдэгч Б.Б нь 2021оны 09 дүгээр сарын 19-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багт байрлах Малчны байранд оршин суух Д.Мөнхжаргалын гэрт Б.Азжаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодолдож, хөлөөрөө нүүрэнд нь өшиглөсний улмаас хамар ясны хугарал, зүүн талын нүдний ухархайн дотор ханын хугарал, нүүр нүд орчмын зөөлөн эдийн няцрал, цээж хүзүү хэсгийн олон тооны зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Би 2021 оны 09 дүгээр сарын 19-нд шилжих шөнө гэрээсээ гараад Зургаан баатрын арын дэлгүүрээс ширхгийн тамхи авах гээд явж байхад Азжаргал ахтайгаа хамт зогсож байсан. Мэнд мэдсэний дараагаар Азжаргал надаас “1-2 ширхэг пиво уух уу” гэхээр нь “найзад нь мөнгө байхгүй шүү дээ” гэж хэлэхэд хамаагүй бид хоёр айл руу явчихаад ирье овоон дээр гараад хүлээж байгаарай гэсэн. Би дүү охиндоо “ах нь найзтайгаа 1-2 ширхэг пиво уучихаад ирье” гэж хэлж явуулаад овоон дээр хүлээж байхад Азжаргал ирсэн. Тэгээд 2 пиво уугаад сууж байхдаа намайг нэг удаагийн аяганд явуулсан. Дэлгүүрээс аяга авч ирээд пиво уугаад сууж байтал Азжаргал, Мөнхжаргалыг шүгэлдэж дуудаад бид нар хамт суусан. Удалгүй Б.Азжаргалын эхнэр Номин-Эрдэнэ, нэг найзын хамт ирсэн. Тэгээд Б.Азжаргалын эхнэр такси дуудаад бид нар бөөнөөрөө Мөнхжаргалын гэр лүү явсан. Б.Азжаргал эхнэрээ дуудаад Мөнхжаргалын гэрт очсон. Замдаа Б.Азжаргалын эхнэр Номин-Эрдэнэ “Б.Азжаргал бид хоёрыг муудалцана” гэхээр нь би юу гэж муудах юм гэж хэлсэн. Очоод байж байтал гэрийн эзэн Мөнхжаргал ширээ засаад 0,5 литрийн тал архи уусан. Тэгээд уугаад байж байхад Б.Азжаргал намайг зайл гэсэн. Тэгэхээр нь би явлаа гэхэд Адъяа намайг өмөөрөөд манайд ирсэн хүн юу гэж явдаг юм  гэсэн. Тэр үед би найз охин луугаа дохичихоод гар утсаа салгасан. Гарч хэрэлдье гээд Б.Азжаргал намайг дагуулаад гарсан. Гараад Б.Азжаргал намайг заамдаад 2 удаа цохихоор нь түүнийг ташиж унагаагаад 2 удаа өшиглөсөн. Тэгээд би буцаж ороод танай нөхрийг зодчихлоо гэж Номин-Эрдэнэд хэлсэн. Бүгд гарч очоод намайг хашаанаас гар гэсэн. Нөгөө Азжаргал бас намайг зодох гээд дайраад байсан болохоор муудаад дэмий гэж бодоод түнээл рүү орж байгаа болоод төмөр замын тор дагаж гүйсэн. Эргээд харахад Азжаргал түнээл рүү орж байх шиг байсан. Тэгээд би найз охиноо дуудаад явсан ...” гэв.

Хохирогч Б.Азжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Тухайн өдөр муудалцах талаар бодоогүй байсан. Би хүнд муу санадаггүй. Нэг л мэдэхэд муудалцсан байсан. Маргааш нь Б.Б гэрт ирж надтай уулзсан. Би цагдаад мэдэгдэхгүй гэж бодсон боловч хадам ээж цагдаад өргөдөл өгсөн байсан. Одоогоор өвдөж байгаа зүйл байхгүй. Холын юм харахаар нүд бүрэлздэг. Нэг удаа мэс засал хийлгэсэн. 2021 оны 01 дүгээр сар гаргаад дахин ирж үзүүлээрэй гэсэн. Цагдаад гомдол гаргахаас өмнө Б надад 400,000 төгрөг өгсөн. 1,800,000 төгрөгөөр имплант хийлгэсэн, эмнэлэгт хэвтсэн төлбөр 120,000 төгрөг, 80,000 төгрөгөөр шинжилгээ өгсөн. Эмнэлэгт хэвтэж байх хугацааны хүнсний зардал 100,000 төгрөг болсон Эмчилгээний зардал, замын зардал нийт 4,200,000 төгрөг болсон. Гэхдээ гарсан бүх зардлыг нэхэмжлээгүй. Талыг нь өгчихвөл болно гэж бодож байна ...” гэв.

          Хохирогч Б.Азжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “... 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 22 цагийн үед найз охин Номин-Эрдэнэ, түүний дүү Азжаргал, цэргийн найз Б нарын хамт Сайншанд сумын 6 баатарын хөшөөтэй овооны зүүн талын энгэр дээр сууж байсан ба эмэгтэй найз Аагий, түүний найз залуу Төөгий нар дэлгүүрээ хаагаад такситай ирэхээр нь бид нар таксинд нь суугаад Ар шандад малчны байранд байдаг Аагийгийн гэр рүү явсан. Аагийгийн гэрт очоод 2,5 литрийн Сэрүүн нэртэй пиво 2 савыг ууж дуусгах гэж байхад Б намайг “байшингаас гаръя” гэхэд нь би Быг дагаад гарсан. Байшингаас гараад цаашлаад уг байшин байх хашааны үүдэнд Быг дагаад гарсан. Хашаанаас гараад юу болсон талаар санахгүй байна, нэг мэдэхэд эмнэлэгт ирсэн байсан ... Боос эмчилгээний зардал нэхэмжилнэ ...“ гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14, 73 дугаар хуудас/,

         Гэрч О.Номин-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Азжаргал цэргийн найз Б гэх залуутай цэрэгт явсан талаараа ярилцаад байж байхад нь би бие засах гээд 00 ороод буцаад байшинд орох гээд явж байхад Азжаргал, Бтой хамт гадаа цэрэгт явсан талаараа ярилцаад байж байсан. Намайг байшинд ороход тэр хэдийн ууж байсан 0,5 литрийн Экс нэртэй архи дууссан байсан. Гар утсаа цэнэглээд 2-3 минут болж байхад Б орж ирээд “би нөхрийг чинь зодсон, цагдаа дууд“ гэж хэлэхээр нь би байшингаас гарахад Азжаргал хашааны урд зүгт өвсөн дотор ухаангүй хэвтэж байсан. Ойр орчимд ямар нэгэн хүн байгаагүй. Тэгээд би түргэн тусламж дуудаад эмнэлэг рүү авч явсан ...“ гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/,

          Гэрч Д.Мөнхжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Азжаргал, Б хоёр хоорондоо муудаад байх шиг байхаар нь би тэр хоёрт хандаж, “та хоёр битгий хүүхдүүдийн хажууд муудаад бай, муудах гээд байгаа бол гадаа гараад мууд” гэхэд Азжаргал, Б хоёр гэрээс гараад явсан. Хэсэг хугацааны дараа Б гэрт буцаж орж ирэхдээ Номин-Эрдэнэд “цагдаагаа дууд, би нөхрийг чинь зодчихсон шүү” гэхээр нь манай эхнэр Адъяа, Номин-Эрдэнэ, түүний ах Азжаргал, Б бид нар гэрээс гарсан. Хашааны үүдээр гарахад сарны гэрэлд хашааны үүднээс баруун зүгт Азжаргалыг газар хэвтэж байхыг хараад бид нар бөөндөө очоод түргэн тусламж болон цагдаа дуудсан ...“ гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 36-38 дугаар хуудас/,

          Шүүгдэгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “... Азжаргал намайг “гараад ир хөгшөөн” гэж хэлээд намайг байшингаас дагуулаад гарсан. Хашааны үүдээр гарахад Азжаргал миний энгэр хэсгээс заамдаад “цэрэгт намайг ямар залуу явсан талаар санаж байна уу” гэхээр нь би “мэднэ, мэднэ” гэсэн ба заамдсан чигтээ хашааны урд зүгт жаахан явж байгаад миний баруун нүдний доод талд 2 удаа цохиход миний зүүж байсан нүдний шил доошоо унаж хугарсан. Би “яаж байгаа юм” гээд Азжаргалыг хөлөөрөө ташиж унагаад, Азжаргалын нүүр хэсэг рүү зүүн хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. Тэгээд би буцаад байшинд ороод Номин-Эрдэнэд “нөхрөө аваарай” гэж хэлэхэд Номин-Эрдэнэ, ах Азжаргалын хамт байшингаас гарсан ...“ гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 30-32, 71 дүгээр хуудас/,

          Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 04/208 дугаартай “... Б.Азжаргалын биед хамар ясны хугарал, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, нүүр, нүд орчмын зөөлөн эдийн няцрал, цээж хүзүү хэсгийн олон тооны зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Б.Азжаргалын биед үүссэн гэмтэл нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шинээр илэрсэн зүйлгүй” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 49-50 дугаар хуудас/,

           Хохирогч Б.Азжаргалын Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас/,

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 83 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулсан, бэхжүүлсэн,  хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.

     Шүүгдэгч Б.Б нь 2021оны 09 дүгээр сарын 19-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багт байрлах Малчны байранд Б.Азжаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодолдож, хөлөөрөө нүүрэнд нь өшиглөсний улмаас хамар ясны хугарал, зүүн талын нүдний ухархайн дотор ханын хугарал, нүүр нүд орчмын зөөлөн эдийн няцрал, цээж хүзүү хэсгийн олон тооны зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл явдал болсон нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.     

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хөнгөн хохирол учруулсан материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинж нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. Энэ гэмт хэргийн объект нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдал байна.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн объектив тал нь хүний эрүүл мэндэд хохирол учруулсан идэвхтэй үйлдэл байх бөгөөд хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт үйлдэл, хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо нь шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.Азжаргалын нүүр хэсэгт 2 удаа өшиглөсөн болохоо хүлээн зөвшөөрсөн ба хохирогчийн биед хамар ясны хугарал, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, нүүр, нүд орчмын зөөлөн эдийн няцрал, цээж хүзүү хэсгийн олон тооны зулгаралт гэмтлүүд буюу хөнгөн хохирол учирсан байна.

Хохирогч Б.Азжаргалын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 04/208 дугаартай дүгнэлттэй шүүгдэгч танилцсан, шинжээчийн дүгнэлтэд гомдол гаргаагүй болно.

          Шүүгдэгч Б.Б нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд халдсан санаатай үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирч, хохирол, хор уршигт хүргэсэн нь гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн гэж үзнэ.

          Иймд шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

          Хохирол төлбөрийн талаар:

          Хохирогч Б.Азжаргал нь шүүх хуралдаанд “...Боос өгсөн 400,000 төгрөгийг эмчилгээнд зарцуулсан ба үүнээс гадна эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 4,200,000 төгрөг нэхэмжилж байгаа ба боломжоороо тал зардлыг гаргаж өгөхөд болно. Заавал бүгдийг нь авна гэх гомдол, санал байхгүй” гэснээс шүүхэд ирүүлсэн нотлох баримтын хүрээнд имплант хийлгэсэн 1,863,000 төгрөг, эм тарианы 52,800 төгрөг, эмчилгээ үйлчилгээний 85,000 төгрөг, шинжилгээний үнэ 10,000 төгрөг, эмийн үнэ 26,700 төгрөг, шатахууны үнэ 70,000 төгрөг, хүнсний хэрэглээ 73,450 төгрөг, нийт 2,180,950 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, нотлох баримтын шаардлага хангахгүй юуны баримт болох нь тодорхойгүй, үсэг тоонууд нь бүдгэрч арилсан, бэлэн бусаар данснаас мөнгө гаргасан баримт нь хохиролтой хамаарал эсэх нь тодорхойгүй, эсхүл захиалгын хуудас банкны баримттай давхардсан зэрэг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

          Эрүүгийн хариуцлагын талаар:

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай олж тогтоон шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд гэмт этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.

           Шүүгдэгч Б.Бод ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хор уршиг, гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учруулсан эмчилгээний зардлыг төлөхөө зөвшөөрсөн байдал зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, өмгөөлөгчийн санал зэргийг харгалзан үзсэн ба хэрэгт авагдсан нотлох баримтаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бод 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Хутагт овогт Батболдын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бод 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь 2 сарын хугацаанд Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглосугай.

          4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бод оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          5.Шүүгдэгч Б.Б нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ялаар солихыг анхааруулсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Боос эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 2,190,950 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Азжаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                      

 

                                  ДАРГАЛАГЧ                             Н.АДЪЯА