Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/23

 

        

 

 2022         01           31                                      2022/ШЦТ/23

 

                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Энхмаа,

Улсын яллагчаар хяналтын  прокурор Г.Анх-Ирээдүй,

Шүүгдэгч Ц.Т, түүний өмгөөлөгч Т.Урангоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Анх-Ирээдүйгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Тт холбогдох эрүүгийн ....22 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 10-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол улсын иргэн, 1975 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ..................... тоотод оршин суух, урьд 2007 оны 03 дугаар сарын 22-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар, 2014 оны 10 дугаар сарын 22-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2,261 дүгээр зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хорих ялаар, 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 хоногийн хорих ялаар, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 6 сар 20 хоногийн хорих ялаар , 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн Ц.Т /РД:ЕЭ75050491/,

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ц.Т нь 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг Мааньзавын 8-1 тоотод буюу хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч иргэн Т.Чийн эзэмшлийн цүнхтэй эд зүйлс болон бэлнээр 535.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 646.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн Сайншанд сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Төгөлдөр төвийн 1 давхарт байрлах 1-10 дугаартай лангуунаас 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр А.Аийн Iphone 11 pro max маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:     

Шүүгдэгч Ц.Тын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр айлын таамбарт байсан цүнхтэй эд зүйлсийг авсан нь үнэн.Хаалга нь онгорхой байсан.  Мөн Төгөлдөр төвийн 1 давхарт байрлах лангуунаас гар утас аваад тухайн өдрөө буцаагаад өгсөн гэсэн мэдүүлэг,

 Хохирогч Т.Чийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2021 оны 08 дугаар сарын 01-ны өдөр би өөрийн амьдардаг гэр болох Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг Мааньзавын 8-1 тоотоос цүнхтэй хувцсаа алдсан. Манай гэр Төгөлдөр төвийн барилгын материалын дэлгүүрийн үүдний айл юм. Тэгээд би Төгөлдөр төв, Ундрам төв, BSB төвийн камеруудыг шүүхэд 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 11 цаг 14 минутад манай гэр рүү үл таних этгээд ороод гэрээс миний хар өнгийн цүнхийг үүрээд дэлгүүрийн урдуур явж байсан бичлэг байсан. Тэгээд тухайн бичлэг дэх хүнийг миний төрсөн дүү Чинтуяа таниад манай дүү Г тухайн хүний эгч рүү нь гар утсаараа залгасан. Тэгээд тэр хүнийг өөрийнхөө гэрт байгаа нь мэдээд гэрт нь би дүү нар болох Чинтуяа, Г нарын хамт очсон. ... Тэгээд буцаад дэлгүүр дээр очиж камер шүүж байгаад Дэлгэрэх хүнсний дэлгүүрийн хажуугаар өнгөрдөг гудамж руу орсон байхыг мэдээд араас нь гудамжаар цүнхээ хайгаад явахад миний цүнхтэй хувцсыг гудамжны буланд хаячихсан байсан. ...”, “... Би үлдэгдэл мөнгө болох 413.000 төгрөгийг нэхэмжилж байна. Өөр ямар нэгэн хохирол төлбөр, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг  ( хавтаст хэргийн 16-17, 20 дүгээр тал)

Хохирогч А.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Төгөлдөр төвд хувиараа худалдагч хийдэг бөгөөд 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 16 цагийн орчимд өөрийнхөө лангуунаас “Iphone 11 pro max” гар утсаа алдсан ...би утсаа 2021 оны 02 дугаар сард Улаанбаатар хотын Тэди төвөөс 2.650.000 төгрөгөөр худалдаж авч байсан. ...”, “... Надад одоо гомдол санал байхгүй, тухайн үедээ гар утсаа өөрөө авсан болохоор нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг  ( хавтаст хэргийн 71-72, 94  дүгээр тал)

Гэрч Т.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед манай аав болох Төмөрхуягийн гэрээс манай төрсөн ах болох Чийн эзэмшлийн цүнхтэй хувцсыг манай тэр хавиар архи уугаад явж байдаг Т гэх хүн хулгайлаад авсан байсан. Тэгээд эгчтэй нь утсаар ярьж холбогдоод тухайн Т гэх нөхрийг олж авч байсан. Одоо харвал танина. Тэр этгээд манай дэлгүүрийн хойно BSB дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт Чийн цүнхийг үүрээд явж байгаа нь бичигдсэн байсан. Тухайн үед хайж явж байгаад цүнхтэй хувцсыг нь олсон. Гэхдээ дотор нь байсан бэлэн мөнгө нь алдагдсан байсан. ...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 26-27 дугаар тал) 

Ашид билгүүн ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ТХҮ 921/2279 дугаартай “...нийт 646.000 төгрөг. ...” гэх хохирлын үнэлгээ( хавтаст хэргийн 29-30 дугаар тал)

Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний ТХҮ-621/1659 дугаартай “...Iphone 11 pro max гар утас, 1 ширхэг, нийт үнэ 2.200.000 төгрөг” гэх дүгнэлт ( хавтаст хэргийн 77-78 дугаар тал) 

Ц.Тыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл( хавтаст хэргийн 88-92 дугаар тал)  

Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоол ( хавтаст хэргийн 98-100дугаар тал)

Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 57 дугаар шийтгэх тогтоол ( хавтаст хэргийн 101-106 дугаар тал)  

Сум дундын 8 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 81 дугаар шийтгэх тогтоол ( хавтаст хэргийн 107-110 дугаар тал)

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11 дугаар шийтгэх тогтоол ( хавтаст хэргийн 111-120 дугаар тал)

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 118 дугаар шийтгэх тогтоол( хавтаст хэргийн 121-130 дугаар тал)  

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 93 дугаар шийтгэх тогтоол ( хавтаст хэргийн 133-135 дугаар тал)

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 95 дугаар тал) зэргийг шинжлэн судлав.

 Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

 Шүүгдэгч Ц.Т нь  2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг Мааньзавын 8-1 тоотод буюу хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч иргэн Т.Чийн эзэмшлийн цүнхтэй эд зүйлс,бэлэн мөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 646.000 төгрөгийн хохирол учруулсан, 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Сайншанд сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Төгөлдөр төвийн 1 давхарт байрлах 1-10 дугаартай лангуунаас А.Аийн Iphone 11 pro max маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Т.Чийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2021 оны 08 дугаар сарын 01-ны өдөр би өөрийн амьдардаг гэр болох Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг Мааньзавын 8-1 тоотоос цүнхтэй хувцсаа алдсан. Манай гэр Төгөлдөр төвийн барилгын материалын дэлгүүрийн үүдний айл юм. Тэгээд би Төгөлдөр төв, Ундрам төв, BSB төвийн камеруудыг шүүхэд 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 11 цаг 14 минутад манай гэр рүү үл таних этгээд ороод гэрээс миний хар өнгийн цүнхийг үүрээд дэлгүүрийн урдуур явж байсан бичлэг байсан....” гэсэн мэдүүлэг, хохирогч А.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Төгөлдөр төвд хувиараа худалдагч хийдэг бөгөөд 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 16 цагийн орчимд өөрийнхөө лангуунаас “Iphone 11 pro max” гар утсаа алдсан ...” гэсэн мэдүүлэг, Ашид Билгүүн ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ТХҮ 921/2279 ,ТХҮ-621/1659 дугаартай дүгнэлтүүд,  хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 Эрүүгийн хуульд нэг төрлийн гэмт хэргүүдийг нийгмийн хор аюулын түшингээр нь үндсэн бүрэлдэхүүнтэй, хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй гэж төрөлжүүлэн ангилсан байна.

 Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бага хэмжээний хохирол учруулсан нь энэ гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний шинж болж байна, харин “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн нь 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтай хулгайлах гэмт хэрэг болно.

Шүүгдэгч Ц.Т нь хохирогч Т.Чийн гэрт хаалгыг нь онгорхой байхад орсон гэж мэдүүлж байгаа боловч санаа бодол нь зөвхөн эд зүйл хулгайлахад чиглэгдэж, тэр хэмжээгээр гэмт санаа зорилгоо хэрэгжүүлсэн нь  Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжид хамаарч байна.

Иймд шүүгдэгч Ц.Тт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нь улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.Ат 2,200,000 төгрөгийн, хохирогч Т.Чэд  646,000 төгрөгийн хохирол учирч  шүүгдэгч Ц.Т нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч А.Ат Iphone 11 pro max маркийн гар утсыг биет байдлаар хүлээлгэн өгсөн, хохирогч Т.Чэд 413,000 төгрөгийн   хохирол төлөгдөөгүй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлцэгдсэн шүүгдэгч Ц.Тт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай  тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй,  гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна гэж үзлээ. 

Иймд шүүгдэгч Д.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1  дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 Шүүгдэгч Ц.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ял, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар 2 жил  06 сарын хорих ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ц.Т нь 2021 оны 11 сарын 23-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил ялаар шийтгэгдэж цагдан хоригдсон хоногийг хасаж эдлэх ялыг 288 цагаар тогтоосон байх  ба   288 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг дахин гэмт хэрэг үйлдсэнээр дуусгавар болгон хяналтын хувийн хэргийг хаасан болох нь Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас ирүүлсэн албан бичгээр тогтоогдож байна. Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2-т зааснаар эдлээгүй үлдсэн 288 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож 36 хоногийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан хорих ял дээр нэмж оногдуулахаар гаргасан дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Бусад асуудлаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Т нь 80 хоног цагдан хоригдож, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус  дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

ЭрүүгЙйн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон ТОГТООХ нь:  

   1. Шүүгдэгч Ц.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр,нууцаар, хууль бусаар авсан, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                                      

2. Шүүгдэгч Ц.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 / зургаа / сарын хорих ял, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 / хоёр /жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 / зургаа / сарын хорих ял, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 / хоёр /жил, 6 /зургаа/ сарын хорих ялуудыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 288 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож 36 хоногийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 /гурав/ жил, 36 /гучин зургаа/ хоногоор тогтоосугай.

 5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Тт оногдуулсан 3 /гурван/ жил, 36 /гучин зургаа/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Тын цагдан хоригдсон 80 хоногийг эдлэх ялд нь  оруулан тооцсугай.     

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Таас 413,000 төгрөг гаргуулан хохирогч Т.Чэд олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээж, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Тт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.АДЪЯАСҮРЭН