Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 134/ШШ2017/00145

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: 1956 онд төрсөн, эрэгтэй, 61 настай, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, ТЗ-ын 68 дугаар байрны 01 тоотод оршин суух, өндөр насны тэтгэвэрт байдаг, Еншөөбү овогт Эрэнжидийн Цэрэн /РД:КЮ56123031, утас:99245088/-ийн

 

427442 тоот хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Цэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаЭ.Оюунсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Цэрэн нь 427442 тоот хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна.

 

Нэхэмжлэгч Э.Цэрэн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1979-1990 оны хооронд Өмнөговь аймгийн Холбоо, Говийн мэдээ сонины газар, Аймгийн Шүүх, Ханхонгор суманд байгаль хамгаалагчаар ажиллаж байсан. Гэтэл хөдөлмөрийн дэвтэр алга болчихоод саяхан олдсон юм. Би урьд нь хувь тэнцүүлснээр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байсан. Тэгээд эдгээр газруудад ажиллаж байсан жилүүдээ нэмж тооцуулах гэтэл хөдөлмөрийн дэвтэр болон тушаалууд нь эцэг Дашбалжингаар овоглогдсон тул 427442 тоот хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоох шаардлагатай гэсэн. Эрэнжид гэдэг нь миний ээж, Дашбалжин гэдэг нь миний аав байгаа юм. Иймд хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Цэрэн нь 427442 тоот хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үнэлээд нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэв. Үндэслэл нь:

 

Нэхэмжлэгч Э.Цэрэн нь 1956 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрөхдөө өөрийн төрсөн эх Д.Эрэнжидээр овоглож төрсний бүртгэлд бүртгэгдсэн боловч 1979 оны 10 дугаар сарын 31-нйи өдөр Өмнөговь аймгийн Холбооны газраас түүнд 427442 тоот хөдөлмөрийн дэвтэр олгохдоо эцэг Дашбалжингаар нь овоглож олгосон болох нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 1170 дугаартай албан бичиг, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 33 дугаартай албан бичиг, Э.Цэрэнгийн иргэний үнэмлэхний хуулбар, Өмнөговь аймгийн Холбооны газрын даргын 1979 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 114 дугаартай Ажилд авах ба шилжүүлэн ажиллуулах тухай тушаалын хуулбар, Өмнөговь аймгийн Говийн мэдээ сонины социалист хөдөлмөрийн хэвлэх үйлдвэрийн даргын 1987 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 48 дугаартай Ажилд томилох тухай тушаал, Өмнөговь аймгийн Говийн мэдээ сонины социалист хөдөлмөрийн хэвлэх үйлдвэрийн даргын 1986 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 25 дугаартай Д.Цэрэнг ажлаас халах тухай тушаалын хуулбар, Өмнөговь аймгийн Шүүхийн даргын 1986 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 31 дугаартай Дежур авч ажиллуулах тухай тушаалын хуулбар, Өмнөговь аймгийн Шүүхийн даргын 1988 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 04 дугаартай Д.Цэрэнг ажлаас чөлөөлж, Баяндэлгэрийг дежурээр ажиллуулах тухай тушаалын хуулбар, Өмнөговь аймгийн Ус, цаг уурын товчооны даргын 1988 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 10 дугаартай Сумдад байгаль хамгаалагчдыг томилон ажиллуулах тухай тушаалын хуулбар, Өмнөговь аймгийн Байгаль, орчныг хамгаалах газрын даргын 1990 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 76 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Иргэн Эрэнжидийн Цэрэнд гэсэн зөвлөмж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 072/000717 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 852 дугаартай албан бичиг, Өмнөговь аймгийн Холбооны газрын 1979 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 427442 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Э.Цэрэнгийн 314051 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, мөн 0039534 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Д.Цэрэнгийн 383738 дугаартай цэргийн батлахын хуулбар, Д.Цэрэнгийн 01071 дугаартай сургууль төгссөн тухай магадлах бичиг, 1975 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 53841 дугаартай Д.Цэрэнгийн боловсролын үнэмлэх, Барилгын цэргийн 223 дугаар ангиас 1979 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Э.Цэрэнд олгосон 402947 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1990 оны 08 дугаар сарын 14-ний өдөр олгосон Э.Цэрэнгийн иргэний паспортын хуулбар, Д.Цэрэнгийн хувийн хэргийн хуулбар, Д.Сумъяагийн 1955 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 5 дугаартай төрөгсдийн гэрчилгээний хуулбар, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 375 дугаартай албан бичиг, Өмнөговь аймгийн Холбооны газрын даргын 1982 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 68 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 374 дугаартай Д.Цэрэнгийн цалингийн тодорхойлолт, Э.Цэрэнгийн 1957 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Нэг дугаартай төрөгсдийн гэрчилгээний хуулбар, Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 134/ШШ2016/00171 дугаартай шүүхийн шийдвэр, Өмнөговь аймгийн Холбооны газрын 1980 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 00027 дугаартай пропуск зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ.

 

Учир нь хэрэгт авагдсан 1979-1990 оны баримтуудад түүний овгийг Дашбалжин, 1990 оноос хойшх баримтуудад Эрэнжид гэсэн нэрээр овоглосон байх ба эдгээр хүмүүс нь түүний эцэг, эх болох нь Э.Цэрэнгийн болон түүний төрсөн эгч Д.Сумъяагийн төрсний гэрчилгээнд эцэг эхийн хоёулангийнх нь нэр бичигдсэн, бүх баримтуудад төрсөн он, сар зөрүүгүй зэрэг байдлыг бусад баримтуудтай харьцуулан дүгнэхэд тодорхой байна.

 

Мөн 427442 тоот хөдөлмөрийн дэвтэрт Э.Цэрэнгийн овог хэн гэж бичигдсэн нь харагдахгүй байгаа боловч уг дэвтэрт тэмдэглэсэн тушаалууд хэрэгт авагдсныг нь шинжлэн судлахад түүний овгийг тухайн үед Дашбалжин гэж бичсэн байсан байна.

 

Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, 1979 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн Холбооны газраас олгосон 427442 тоот хөдөлмөрийн дэвтэр жинхэнэ эзэмшигч нь Еншөөбү овогт Эрэнжидийн Цэрэн мөн болохыг тогтоож, түүний улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлийн 134.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар 1979 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн Холбооны газраас олгосон 427442 тоот хөдөлмөрийн дэвтэр жинхэнэ эзэмшигч нь Еншөөбү овогт Эрэнжидийн Цэрэн /РД:КЮ56123031/ мөн болохыг тогтоосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Э.Цэрэнгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ