Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
Хэргийн индекс | 150/2022/00001/Э |
Дугаар | 2022/ШЦТ/01 |
Огноо | 2021-12-27 |
Зүйл хэсэг | 17.4.3., |
Улсын яллагч | Н.Бадам, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 2022/ШЦТ/01
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж, Улсын яллагч Н.Бадам, Шүүгдэгч *******, Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дулам нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох 2133000000080 тоот эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: 1. Монгол улсын иргэн, 1987 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 00 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамтаар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг Овоот хорооллын 05 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх, хэрэг хариуцах чадвартай Бүргэд ургийн овгийн ******* /РД:-/, Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр шунахай сэдэлтээр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр 14 дүгээр байрны 19 тоотод байранд Т.Бямбадуламын гадуур хувцасны халааснаас Самсунг А50 загварын гар утсыг хүч хэрэглэлгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Т.Бямбадуламд 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр 14 дүгээр байрны 19 тоотод байранд Т.Бямбадуламын гадуур хувцасны халааснаас Самсунг А50 загварын гар утсыг хүч хэрэглэлгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Т.Бямбадуламд 400.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь: 1.Хохирогч Т.Бямбадуламын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр би нөхөр Зоригтбаатарын хамтаар айлд буяны ажилд очоод тэнд байсан найз Оюунжаргалтайгаа хамт гэр орныг нь цэвэрлээд хогоо гаргаж асгах гээд гарах гэж байхад миний тайлаад тавьсан байсан куртикний хажууд Анхмаа гээд эмэгтэй цай уугаад сууж байсан. Тэгээд бид хоёрыг орж ирсэн чинь нөгөө Анхмаа гэх эмэгтэй явлаа гээд зөрөөд гарах гэхээр нь бид 2 одоо унаа ирж байгаа гэсэн унаа ирэхээр яваач гэж хэлээд коридорт суулгасан. Тэгээд удаагуй гадаа буяны эд зүйл тарааж байсан машин ирсэн чинь нөгөө эмэгтэй "би энд суугаад явлаа" гээд гараад явсан. Удаагүй манай нөхөр намайг утсаа өгч бай такси дуудья гэхээр нь куртикныхээ кармаанаас утасаа авах гэсэн чинь байхгүй байсан. Буяны ажил болсон айлд нэг их олон хүн байгаагүй дандаа таньдаг мэддэг ойрын хүрээллийн хүмүүс байсан Анхмаа гэх эмэгтэйг л би танихгүй байсан бас тэр эмэгтэй миний куртикны хажууд хамгийн сүүлд сууж байсан болохоор нь би 2 тэр эмэгтэйг авсан байна гэж хардаад сууж явсан таксиных нь хүн рүү залгаад Анхмаатай ярьсан чинь би аваагүй ээ гээд байсан. Тэгээд 30 гаран минутын дараа Анхмаа өөрөө хүрээд ирэхээр нь би нөгөө айл руугаа ороод гал тогооных нь өрөөнд уулзаад "миний дүү авсан бол эгчдээ өгчихөө, санаа зовох юм байхгүй буяны ажил болж байхад битгий ийм муухай зүйл хий" гээд аргадаад гуйсан чинь "би аваагүй ээ" гээд байсан. Тэгвэл би одоо цагдаад нь өгье дөө гэсэн чинь юм хэлэхгүй байсан. А50 маркийн гар утас байгаа юм. 356644103405556 гэсэн имэй кодтой, ард тал нь цагаан өнгөтэй, кейс нь цэнхэр өнгөтэй лидринэн материалтай кейстэй, ямар ч өө сэв байхгүй гар утас байсан. 2 жилийн өмнө Хөтөлийн Мобиком корпариацаас шинээр нь 859.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Манай найз Оюунжаргал, Уянга гээд нэг охин тэгээд би тэр Анхмаа гэх эмэгтэй бид 4 л байсан. Миний гар утас 859.000 авч байсан, одоо нээх буугаагүй байх л гэж бодож байна. Би тэр Анхмаа гэх эмэгтэйг л сэрдэж байна. Өөр хүн байгаагүй хамгийн сүүлд миний утас куртикны хармаанд байсан тэр эмэгтэйг гараад явсны дараа байхгүй болчихсон байсан. Надад өөр нэмж хэлэх зүйл алга байна. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй..., Надад одоогоор ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би өөрийн Самсунг А50 маркийн гар утсаа буцаагаад авчихсан байгаа. Надад өөр нэмж хэлэх зүйл алга байна. Бид хоёр сайн дураараа эвлэрсэн байгаа Анхмаа надаас уучлалт гуйсан...” гэх мэдүүлэг,/хх-ийн 18-20-р хуудас/, 2.Гэрч З.Уянгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би их сургуулиа төгсөөд 2021 оны 08 сарын эхээр Сайхан сумын 2 дугаар сургуульд бага ангийн багшийн ажил хийж байгаа юм. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 14 дүгээр байрны 19 тоотод ээжийнхээ найзынд түр амьдарч байгаа юм. 2021 оны 10 дугаар сарын 31- ний өдөр миний байгаа айлын өвөө нас бараад 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ажил явдал нь болсон юм. Тэгээд намайг гэрт байж байхад эхлээд Оюунжаргал эгч хүүтэйгээ ирээд, араас нь Бямбадулам эгч нөхөртэйгээ ирсэн. Тэр хэд гэрт гэр орон цэвэрлээд байж байсан чинь Анхмаа гэх эмэгтэй орж ирсэн. Тэгээд Оюунжаргал эгч, Бямбадулам эгч нар гэр орон цэвэрлэж байгаад хогоо асгах гээд гарч явсан хойгуур Анхмаа гэх эмэгтэй том өрөөнд ганцаараа суугаад байж байсан юм бодолгүй жижиг өрөөнд байж байсан чинь Оюунжаргал эгч, Бямбадулам эгч нар ороод ирсэн тэгсэн тэр 2-той Анхмаа гэх эмэгтэй зөрөөд явах гэсэн чинь Оюунжаргал, Бямбадулам эгч нар таксигаа ирэхээр яв гээд үүдэнд Анхмаа гэх эмэгтэй сууж байгаад удаагүй гадаа ирсэн такси нь хүрээд ирсэн чинь яваад өгсөн. Тэгсэн чинь Бямбадулам эгч такси дуудах гээд утасаа хайгаад олохгүй байна саяны эмэгтэй л аваад явчихлаа би куртикныхээ хармаанд хийчихсэн байсан юм тэр эмэгтэй л аваад явчихлаа гээд яриад байсан сүүлд нь сонсохнээ нөгөө эмэгтэй нь би аваагүй юу яриад байгаа юм гээд хэл ам хийгээд байна гэж сонссон. Самсунгийн утас л гэж сонссон яг харсан юм байхгүй ээ. Бямбадулам эгч, Оюунжаргал эгч, би, Анхмаа гэх эмэгтэй бид хэд л байсан. Ажил явдлын өмнөх өдөр л анх удаа харсан, миний байгаа айлын эгчийн хамаатан нь юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/, 3.Гэрч Б.Оюунжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”... 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр багийн 14 дүгээр байрны 19 тоотод байдаг байсан талийгаач хадам Дагва гэх хүний ажил явдал дээр найз Бямбадуламын хамт байж байхад Анхмаа гэх хүүхэн шарсан төмс оруулж ирээд манай найзын гадуур хувцас тавьсан өрөөнд сандал дээр сууж байсан юм. Тэгээд Бямбадулам бид хоёр гадаа нохой хооллох гээд гарчихаад буцаад орж ирэхэд Анхмаа зөрөөд гарсан юм. Тэгээд манай найз нөхөр рүүгээ утсаар яриах гээд утсаа хайгаад олохгүй байна гэж хэлсэн. Тэгээд би замдаа хаячихсан юм уу гэсэн чинь байсан юм аа гэж хэлсэн. Тэгээд тэр Анхмаа гэх хүнтэй утсаар яриад чи авчихсан гээд байсан. Тэгээд цагдаагаар шалгуулаад утсаа олж авсан гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/, 4. 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-4-р хуудас/, 5. 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэлгэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-р хуудас/, 3 6.Үл хөдлөх, хөдлөх хөрөнгийн үнэлгээний "Капитал зууч" ХХК-ний 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Үнэлгээнд хамрагдсан дээрхи эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2021 оны 11 дүгээр сарын 10-ны байдлаар 400000=00 (Дөрвөн зуун мянган) төгрөг байна." гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 11-р хуудас/, 7.Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өглөө айлын буяны ажилд намайг төмс шараад аваачиж өгөхөд миний ард талд утас дугарах шиг болохоор нь эргээд харахад утас байсан. Дугараад байхаар нь аваад, дахиад дугарахаар нь дууг нь хаагаад халаасалсан. Буцааж өгөх гэхээр санаа зовоод 2 хоногийн дараа өгсөн. Тэгээд хохирогч Т.Бямбадулам эгч гомдолгүй, хуралд суухгүй гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжигдсэн, эрх бүхий шинжээчдийн гаргасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв. Хэргийн үйл баримтыг үгүйсгэсэн болон эргэлзээтэй нотлох баримт хэрэгт байхгүй болно. Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана” гэжээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч ******* нь иргэн Т.Бямбадуламын гадуур хувцасны халааснаас Самсунг А50 загварын гар утсыг хүч хэрэглэлгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж шүүх дүгнэлээ. Иймд шүүхээс шүүгдэгч *******г бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ. Прокуророос *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн нь хуулийн шаардлагад нийцжээ. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн болно. Иргэний нэхэмжлэлийн хувьд: Хохирогч нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй гэсэн мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ. Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч ******* нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” гэж тус тус заажээ. Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болно. 4 Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ. Шүүгдэгч *******д шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан учруулсан хохирлыг нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно. Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Бүргэд овогт *******г хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3 дахь хэсэгт заасныг журамлан *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар *******д зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4.Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******д мэдэгдэж, тэнссэн ялтанд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.
5.Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдсан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй,
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах улсын яллагч дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.САРАНТУЯА