Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 128/2015/0349/З |
Дугаар | 221/МА2016/0099 |
Огноо | 2016-02-02 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2016/0099
Ж*******ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Ц*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б******* нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 741 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ж*******ХХК-ийн нэхэмжлэлтэй, А*******т холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж*******ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ашигт малтмалын хайгуулын XV-013563 тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг бүртгэн, зохих журмын дагуу шийдвэрлэхийг А*******т даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч А******* шүүхэд гаргасан тайлбартаа:...Баянхонгор аймгийн Баацагаан болон Баянцагаан сумын нутагт Хайрхан нэртэй газарт 9083.4 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын 13563Х тоот тусгай зөвшөөрлийг Ж*******ХХК-д олгосон байна.
Ж*******ХХК-ийн хайгуулын 13563Х тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хүчин төгөлдөр бүртгэлтэй байсан ба Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана гэж заасны дагуу 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс өмнө хугацааг сунгуулах өргөдлөө ирүүлээгүй.
Харин хайгуулын 13563Х тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааны сүүлийн өдөр болох 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрөл сунгах өргөдлийг ирүүлсэн боловч мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан өргөдлийн бүрдүүлбэрээс байгаль орчны менежментийн төлөвлөгөө түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримтыг дутуу ирүүлснээс хүлээн авах боломжгүй тул бүрдүүлбэрийг гүйцэд гаргаж өгөх болон гадаадад байснаас хугацаа хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгааныг нотолсон баримт авчрахыг Ц.О*******ад мэдэгдсэн байна.
Үүний дараа хайгуулын 13563Х тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болсон өдрөөс хойш 1 хоногийн дараа нэхэмжлэгчийн хөрөнгө оруулагч Ц.О******* нь дахин тус компанийн захирал Ч.Ц******* гадаадад явж байгаагаас компанийн тамга тэмдэг цоожтой байгаа болон тусгай зөвшөөрөл сунгасны дараа дээр дурдсан дутуу материалуудыг нөхөн өгөх хүсэлтийг 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Кадастрын хэлтэст гаргасан.
Гэвч нэгэнт хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа нь ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт зааснаар дуусгавар болсон, мөн өргөдлийг нөхөн авч болохоор хуулиар зохицуулаагүй тул нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байсан.
Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгоно гэж зааснаар тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа хуулийн этгээд Ашигт малтмалын тухай хуульд заасан үүргийг биелүүлж ажиллах ёстой бөгөөд бусад этгээдийн буруутай ажиллагааны улмаас өргөдлөө гаргаж чадаагүй гэх шалтгааныг үндэслэн уг тусгай зөвшөөрлийг сунгахыг Кадастрын хэлтэст даалгах үндэслэлгүй байна.
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй гэж заасны дагуу хайгуулын 13563Х тоот тусгай зөвшөөрлийг сунгах үндэслэлгүй юм.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 741 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5, 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ж*******ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-013563 тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авахгүй байгаа Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн эс үйлдлийг хууль бусад тооцуулж, ашигт малтмалын хайгуулын XV-013563 тоот тусгай зөвшөөрлийг сунгуулах тухай өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг А*******т даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагч А******* давж заалдах гомдолдоо: Нэг. Шийдвэрийн үндэслэх хэсэгт Тус компанийн хөрөнгө оруулагч Ц.О******* нь Кадастрын хэлтэст 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр буюу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах хүсэлтээ гаргасан боловч Кадастрын хэлтэс нь уг хүсэлтийг өгсөн этгээд нь компанийг төлөөлөх эрхгүй, өргөдөлд тамга дараагүй, бүрдүүлбэр дутуу байна гэсэн үндэслэлээр аваагүй гэж тайлбарладаг боловч яг ямар материал дутуу байгаа талаар тодорхой хариу өгөөгүй гэсэн нь үндэслэлгүй байна.
Ж*******ХХК-ийн хувь эзэмшигч нь хайгуулын 13563Х тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааны сүүлийн өдөр болох 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрөл сунгах өргөдлийг ирүүлсэн боловч мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан өргөдлийн бүрдүүлбэрээс байгаль орчны менежментийн төлөвлөгөө, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримтыг дутуу ирүүлснээс хүлээн авах боломжгүй тул бүрдүүлбэрийг гүйцэд гаргаж өгөх болон гадаадад байснаас хугацаа хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгааныг нотолсон баримт авчрахыг Ц.О*******ад мэдэгдсэн байна.
Хавтаст хэрэгт Ц.О*******ын гаргасан хүсэлтэд хавсаргасан материалд дээр дурдсан бүрдүүлбэрийг хавсаргаж өгөөгүй, мөн хуудасны тоо заагаагүй болох нь уг хүсэлтийг хүлээж авсан Кадастрын хэлтсийн мэргэжилтний хяналтын картад тэмдэглэсэн тэмдэглэлээр нотлогдож байгааг шүүх анхаарч үзсэнгүй.
Хоёр. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Тус компанийн захирал Ч.Ц******* нь хүндэтгэн үзэхшалтгаантай байсан нь Англи улсад түүний эхнэр урт хугацааны турш эмчийн хяналтад байснаас өөрөө өргөдлөө гаргаж чадаагүй харин хуульд зааснаар уг компанийг төлөөлөх эрхийг Ц.О*******ад консулаар дамжуулан итгэмжлэл олгосон гэсэн нь нотлогдохгүй байна.
Ашигт малтмалын хайгуулын 13563Х дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хугацаандаа гаргаагүйгээс хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болсны дараа тус компанийн захирал Ч.Ц*******ын Англи улсад явсан талаарх түүний гадаад паспортын хуулбарыг өгснөөс биш тус улсад суугаа консулын газраас Ц.О*******ад төлөөлөх эрхийг олгосон итгэмжлэлийг манайд ирүүлээгүй.
Гурав. Шүүхийн шийдвэрт Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзсан мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлээгүй байгаа нь тогтоогдсон гэсэн нь үндэслэлгүй байна. Ж*******ХХК-ийн хувь эзэмшигч нь хайгуулын 13563Х тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааны сүүлийн өдөр болох 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргахдаа тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн баримт, аж ахуйн нэгжийн гэрчилгээг өргөдлийн хамт хавсаргасан байсан тул Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзаж, энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ гэж заасны дагуу өргөдлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй байсан.
Дээрх 2 баримтаас гадна Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан бусад бүрдүүлбэр, компанийг төлөөлөх итгэмжлэл, тамга байхгүй байснаас тусгай зөвшөөрлийн хугацаасунгах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байсан.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 741 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан ажиллагааг бүрэн хийлгүй хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
Ж*******ХХК-ийн нэхэмжлэлтэй, А*******т холбогдох Ашигт малтмалын хайгуулын XV-013563 тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг бүртгэн, зохих журмын дагуу шийдвэрлэхийг А*******т даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 362 дугаар шийдвэрээр хянан шийдвэрлэсэн ба хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргасны дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэж[1] байжээ.
Тодруулбал, давж заалдах шатны шүүхийн магадлалаар хэргийн нөхцөл байдалтай холбоотойгоорнэхэмжлэгчийн хугацаа хэтрүүлэн өргөдөл гаргасан хүндэтгэн үзэх шалтгаан юу болохыг тодруулах, хүндэтгэн үзэх шалтгааны талаар дүгнэлт хийхэд шаардлагатай баримтыг цуглуулах, нэхэмжлэгчээс 04 дүгээр сарын 16, 18-ны өдрүүдэд Ашигт малтмалын газарт тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан баримтуудыг бүрэн бүрдүүлсэн эсэхийг тогтоох, гүйцэтгэх захирал Ч.Ц*******аас Ц.О*******ад 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр олгосон итгэмжлэлийг шалган тогтоохыг тус тус шаардсан байна.
Хэрэг анхан шатны шүүхэд буцсанаас хойш Ж*******ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ц******* хугацаа хэтрүүлэн хүсэлт гаргасан хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсон өөрт холбогдох баримтыг шүүхэд ирүүлсэн байна.
Харин нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргах үед Ашигт малтмалын тухай хуулийн 22дугаар зүйлийн 22.1-д заасан баримтуудыг бүрэн бүрдүүлсэн эсэх болон гүйцэтгэх захирал Ч.Ц*******аас Ц.О*******ад 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр олгосон итгэмжлэлийг шүүхээс ажиллагаа хийж шалгаагүйн улмаас маргааны үйл баримтад дүгнэлт хийх боломжгүй байна.
Гэтэл анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт ...шүүхэд нэхэмжлэл гаргах үед консулаар дамжуулан итгэмжлэлийг Ц.О*******ад гаргаж өгсөн гэж тайлбарлаж байх бөгөөд уг тайлбар нь хавтаст хэрэгт авагдсан эмнэлгийн магадлагаа, эмнэлгийн хяналтад байж хуваарийн дагуу үзүүлж байсан баримт, 2 ихэр хүүхдийн төрсний гэрчилгээ, гадаад паспортын хуулга зэргээр тогтоогдож байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Учир нь уг итгэмжлэлийг Консулын газраар дамжуулж гаргасныг нотлох баримт хэрэгт байхгүйн зэрэгцээ итгэмжлэлд Консулын газраар дамжсаныг нотлох тамга тэмдэг дарагдаагүй байна.
Мөн хариуцагчаас тус компанийн хувь эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг ирүүлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан баримтуудыг бүрэн бүрдүүлж өгөөгүй гэж гомдож байх ба харин нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...хугацаа сунгуулах өргөдөл гаргахдаа хуульд заасан бүх баримтыг бүрдүүлж өгсөн... гэж маргаж байх тул уг нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай байна.
Иймд магадлалд дурдсан ажиллагаануудыг хийж, хэргийн нөхцөл байдлыг тодруулахын тулд 2015 оны 04 дүгээр сарын 16, 18-ны өдрүүдэд тус компанийн хүсэлтийг хүлээн авсан Ашигт малтмалын газрын холбогдох ажилтнуудыг гэрчээр асуух, Ашигт малтмалын газрын архивт үзлэг хийх зэрэг тодорхой ажиллагаануудыг явуулж зөрүүтэй тайлбаруудыг нэг мөр болгох, мөн Консулын газраас итгэмжлэлийн талаар лавлах нь зүйтэй байна.
Түүнчлэн шүүх хавтаст хэргийн 38, 55, 77, 78 дугаар талд авагдсан Ашигт малтмалын газрын Геологийн албаны тодорхойлолтууд нотлох баримтын шаардлага хангаагүй буюу тамга тэмдэг байхгүй, тодорхойлолтууд дээрх мэргэжилтэн С.Содномцогийн гарын үсэг зөрүүтэй байна.
Ийнхүү анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан заалтыг заавал биелүүлэх үүргээ хэрэгжүүлэлгүйгээр шийдвэр гаргасан байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 741 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН