Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 33

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Оюунхүү,

           улсын яллагч Ж.Батхуяг,

            хохирогч Ч.Чинзоригт, түүний өмгөөлөгч В.Гомбодорж /ҮД:1-299/,

шүүгдэгч С.Чинбат, түүний өмгөөлөгч О.Сайнгэрэл /ҮД:0-099/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Сартуул овогт Сандагдоржийн Чинбатад холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626030187 дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1976 оны 9 дүгээр сарын 12-нд Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Моннис” группийн “Эрчим концерн” ХХК-д захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 311 дүгээр байрны 601 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Сартуул овогт Сандагдоржийн Чинбат /РД:ТЕ76091277/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Моннис бюлдинг ХХК-ийн байранд Моннис группийн салбарын захирал С.Чинбат, Ч.Чинзоригт нар нь оффисын өрөөнд суух байршилаас болж маргалдан улмаар шүүгдэгч С.Чинбат нь Ч.Чинзоригтыг зодож биед нь санаатай хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч С.Чинбат нь 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Моннис бюлдинг ХХК-ийн байранд оффисын өрөөнд суух байршилаас болж хохирогч Ч.Чинзоригттой маргалдаж улмаар түүнийг зодож биед нь санаатай хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

1. Шүүгдэгч С.Чинбатын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: ”2016 оны 01 дүгээр сарын 18-ны өглөө 09.20 цагт Моннис бюлдинг байранд сандал булаалцсан. Манай компани 2016 оны 01 дүгээр сарын 15-ны оройн 17.00 цаг өнгөрч байхад шинэ байр луугаа нүүсэн юм. Тэр үед манай баг тендерт бэлдээд хагас, бүтэн сайн өдөр ажилласан. Шинэ байранд очоод сандал хайж байтал хамгийн цаад талын үзүүрт 2 сандал хоосон, хүмүүс юмаа наанаас нь эмх замбараагүй хураачихсан байсан. Тэнд манай ажлын 2 хүн амралтгүй ажлаад нэг дэх өдөр тасралтгүй манай хоёр ажилтан ажиллаад үдээс хойш 12.00 цаг болох гээд яарсан. Тэр материал нь гадаад руу тендерт явж байсан юм. Тэгээд сууж байтал Чинзоригт ирээд “наадах чинь миний суудал” гэхээр нь “чиний суудал юм бол хамаагүй батлаад өгчих” гэж хүсэлт тавьсан. Гэтэл намайг 10-15 минут  хоргооход нь би “чи энэ суудлыг чинийх гэдгийг мэйлээр ч юм уу ямар нэгэн байдлаар баталчих, энэ их гоё суудал байна, ах нь тендертэй байгаа юм удаан суухгүй, чи тэр болтол өөр газар сууж байхгүй юу” гэтэл намайг янз бүрийн үгээр доромжилж, үл хүндэтгэсэн байдлыг гаргасан. Тэр үед би “чи манай хүүхэд шиг хүн” гэсэн. Гэтэл намайг хоргоогоод байхаар нь цаашаа бол гээд хөлөөрөө яв гэтэл намайг цохиод авсан. Тэгээд бид цохиулаад толгойгоо бариад арын шат руу ортол намайг араас элдэж дайрч орж ирсэн. Би энэ хүүхдэд 2 дахь удаагаа цохиулна гэж байхгүй тул өөрийг нь  цохьсон боловч Чинзоригт унаагүй. Чинзоригт намайг буланд шахаж байгаад 3 удаа цохьсон байдаг. Камерын бичлэгийг удаашруулж үзвэл энэ үйлдэл харагдах болно. Тэгээд 15-17 секунтын хооронд зодолдох хугацаанд больё гэж хэлсэн. 40 нас гарсан миний бие залуу хүүхдийг зодож гэмтэл учруулсанд уучлаарай, миний буруу” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            2. Хохирогч Ч.Чинзоригтийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: ”2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр шинэ ажлын байр дээрээ манай компанийхан очсон юм. Үүнээс өмнө 2016 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр шинэ байр луу явах хурал зарласан бөгөөд үүнд ерөнхий захирал Чулуунбаатарыг оролцуулаад шинээр байр дээр хэн, хаана суух талаар ярилцсан билээ. Би 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өглөө гадаа лифтнээс дээшээ гарахдаа би хүмүүстэй уулзах хэрэг байгаагүй. Намайг очиход ажлынхан ирсэн байсан тул би суудал руугаа явахдаа ажлынхантайгаа мэнд мэдсэн юм. Гэтэл тэр үед Чинбат миний суудал дээр суучихсан байсан. Шинэ байранд ирсэн болохоор өөрийн баримтуудыг хайрцаганд хийж авчирсан, миний бичиг баримтууд их замбараагүй байсан тул би суудал дээрээ суугаад ажлаа хийхийг хүссэн. Чинбатад даалгаж оноосон суудал миний ширээний нөгөө талд байсан. Тухайн ширээний шүүгээнд өөрийнхөө зүйлийг хийсэн зүйл байхгүй, би маш их ажилтай байгаа суудал дээрээ сууж ажлаа хиймээр байна гэж хэлэхэд Чинбат эрэмбээрээ бол би энэ суудалд суух ёстой. Чи тэр Алтан, Ганзориг захирал нарыг харж байна уу, хойд талд нь сууж байгаа биздээ гэсэн. Мөн Чинбат надтай хамт ажиллаж байх хугацаандаа Дарханы 3 овгоруудын нэг нь гэж олон удаа хэлж байсан. Хамгийн сүүлд гаднаас нэг компаний захирал ирэхэд би хуралд нь ороход туслаад Чинбат баярласан шүү гэж хэлж байсан болохоос өс хонзон санасан зүйл байхгүй. Тухайн үед Чинбат магадгүй би 7 хоногийн дараа энэ суудал дээр сууж ч магадгүй, босч ч магадгүй гэсэн байдлаар хэлэхээр нь би яаралтай суудал дээрээ сууж ажлаа хиймээр байна гэж хэлэхэд Чинбат миний хөл рүү өшиглөхөөр нь та яагаад өшиглөөд байгаа юм бэ гэхэд босч ирээд миний нүүрэн тус газарт 2-3 удаа цохисон. Би тухайн үед ийм зүйл болно гэж бодоогүй, миний ар гэрийн хүмүүжил маш сайн. Намайг цохисны дараа чирээд хоёулаа хойшоо орж ярилцъя гэхээр нь итгээд дагаад явсан боловч хойшоо оронгуутаа намайг шууд нүүр нүдгүй цохиход би шоконд орсон байсан. Чинбат нь миний хамар тус газарт 20 гаруй удаа цохисон, хамар тус газарт 3 яс хугарсан. Уруул, шүдний наалтуудаас 5-6 шүдний паалан унасан, духан дээр хөхөрч гэмтсэн. Видео бичлэгээс намайг шатны өөдөө мөлхөж байгааг харж болно. Тухайн үед Чинбатын доор нь ажилладаг байсан Батбаатар гэгч намайг зодуулж байгааг зогсоохыг хүссэн Ачит, Баасанжав нарыг орохыг хориглож гараараа дарсан бичлэгийг харж болно. Батбаатар нь бид хоёрыг учраа олоосой гэсэн сэдэлт байгаагүй, магадгүй би зодуулахгүй байсан бол хамтраад зодох байсан байх. Хэсэг хугацааны дараа Баасанжав, Идэр, Ачит нар орж ирээд намайг аварсан. Би Чинбат, Батбаатар нарыг гарсны дараа цусаа цэвэрлэх гээд байж байтал Чинбат буцаж орж ирээд намайг зодох гэж оролдсон нь бичлэгээс илт харагдана. Чинбат ах хүний хувиар биш танхай сэдэлтээр намайг зодсон. Би сахартай болоод 5 жил болж байна. Сахартай хүн аливаа мэс засал битгий хэл гар шалбарах төдий л хүндэрдэг. Хэрвээ би Солонгос руу явж эмчилгээ хийлгээгүй бол цус алдаад хүндрэх байсан. Мөн сахарт сэтгэл санаа маш их нөлөөлдөг. Би бүтэн мэдээ алдуулж хамрын ясны хагалгаанд орсон юм. Шинжээчийн 2 дахь дүгнэлтээр хамрын ясыг бүрэн эдгээгүй байна гэсэн. Миний хамар одоо байнгын битүү байдалтай байна. Би харин ч Чинбатаас ирээдүйд гарах эмчилгээний зардлыг нэхэмжлээгүй. Надаас бичгээр тохиролцох тухай санал гаргасан гэж худал хэлээд байх юм. Өнөөдрийг хүртэл хохиролд нэг ч төгрөг өгөөгүй байгаагаас харахад гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид хууль дүрмээ л дагах ёстой” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            3. Хохирогч Ч.Чинзоригтийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: ”...Миний ажилладаг Моннис группын охин компаниуд болон удирдлага ажилтнууд нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дөрвөн улирлын цэцэрлэг хотхон дотор байрлах Моннис бюлдинг оффисын барилгын 3 дугаар давхарт нүүж орсон юм. 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ажилчдын анхны шинэ оффистоо ажиллах өдөр байсан. Ингээд тухайн өдрийн өглөө 09 цаг 15 минутын орчим ажил дээрээ ирсэн. Ажил дээрээ ирэхэд Эрчим Концерн ХХК-ын гүйцэтгэх  захирал С.Чинбаттай тааралдаад бид хоёр хамт дээшээ лифтээр гараад оффисын зааланд орсон. Ингээд Моннис Пропертиз ХХК-ын захирал Урантулгын хувиарлаж өгсний дагуу суудалдаа суух гэтэл Чинбат очиж суугаад эрэмбийн дагуу би энд суух ёстой гэж хэлээд миний суудлаас босохгүй байсан. Ер нь Чинбат өөрийгөө би Дарханы 3 ёоёо-той хүний нэг, хорчин гэж өөрийгөө дөвийлгөж, онгирдог хүн байгаа юм. Тэгээд босохгүй байхаар нь та одоо миний суух ёстой ширээнээс босоод өөрийнхөө тогтоосон суудалд суугаач гэсэн хүсэлт тавихад би энэ ширээн дээр сууна яах бэ тэгэж байгаад суухаа болих юм бол чи суугаарай гэж хэлсэн. Тэгэхээр нь би дахин дахин нүүж суугаад байж чадахгүй ажил ихтэй байна өөрийн хувиарлагдсан суудал дээрээ суумаар байна гэж хэлсэн. Тухайн үед Чинбат бид хоёрыг хоорондоо ярилцаж байхад Баасанжав хараад Чинбат захиралд хандаад байрандаа суугаач гэсэн хүсэлт тавьж байсан. Тэгсэн чинь Чинбат сандал дээр сууж байгаад миний зүүн талын хөлрүү баруун талын хөлөөрөө нэг удаа өшиглөөд уурлаад босоод ирсэн. Ингээд босч ирээд “чи яагаад уурлаад байгаа юм бэ” гэж хэлээд хэл амаар доромжлоод босоод ирсэн. Би энэ ширээн дээр эрэмбээрээ суух ёстой гэж хэлсэн. Энэ үед оффисын ажилчид ажлаа хийгээд байж байсан. Тэгсэн чинь Чинбат босч ирээд миний нүүрлүү цохих гэхээр нь хойшоо болсон. Тэгсэн чинь миний нүүрлүү 3-4 удаа цохисон. Тэгээд чи ер нь ямар том болсон юм бэ гэж хэлээд намайг татаад аваарын шатруу орсон. Ингээд аваарын шатруу ороод надтай ярилцах гэж байна гэж бодсон чинь аваарын шатруу ороод намайг нүүр нүдрүү цохиод эхэлсэн. Тухайн үед нь бол Чинбатын туслах болох Батбаатар гэж залуу араас гүйж орж ирээд хаалга дараад өөр хүмүүсийг оруулахгүй байсан. Батбаатарын хувьд бол бид хоёрыг салгах бүрэн боломж байсан боловч харин эсрэгээрээ тохирсон юм шиг хаалга дараад байсан. Энэ үед оффисын өрөөнөөс 4-5 хүн орж ирэх гэж оролдсон боловч чадаагүй. Тэгээд ерөнхийдөө бүх юм болоод намайг зодуулаад дууссаны дараа Ачит, Идэр, Баасанжав 3 хүчээр түлхээд орж ирээд ерөнхийдөө та нар яагаад байгаа юм бэ хүн зодохоо боль гэсэн чинь Идэрийг Чинбат нь  мөрлүү нь тохойлдоод чи дуугаа байгаарай бацаан минь гэж хэлээд хэл амаар доромжилсон. Мөн Батбаатар нь Ачитыг зүгээр байгаарай гээд хэл амаар доромжлоод чамайг гараад зодно шүү гэж хэлж байсан. Тэгээд Чинбат, Батбаатар хоёр гарсан. Ингээд намайг цусаа цэвэрлээд урагдсан пиджакаа хараад байж байхад Чинбат болон Батбаатар нар дахин орж ирээд зодох гэж оролдсон. Оффис дотор буцаж орж ирээд дахин хэл амаар доромжилж байгаад гараад явсан. Энэ үед Ачит, Баасанжав, Идэр нар болиулах гэж оролдоод түүний үр дүнд нь Чинбат гараад явсан. Тэгээд би дараа нь цүнхээ аваад доошоо буугаад гэртээ харьсан. Чинбат бол тухайн өдөр ямар ч гэмтэл бэртэл авсан зүйл байгаагүйгээ ба тухайн өдрөө юу ч болоогүй ажлаа хийсэн. Бас надруу утасдаад би чиний ширээнээс нүүчихлээ сонин юм болчихлоо гэж хэлсэн. Миний хувьд бол Чинбатын толгой болон нүүр, эмзэг эрхтэн, хөмсөг чихрүү нь цохиогүй. Энэ бол ор үндэслэлгүй зүйл байна. Тэгэхээр хуулийн дагуу арга хэмжээ авхуулах хүсэлтэй байна...Тухайн үед миний тархи доргисон, 3 шүдний палан унасан, хамарны яс хугарсан, нүүр болон зүүн чих, хоёр нүд хөхөрсөн, духны зүүн дээр хэсэгт хавдсан, уруулын дээд хэсэгт хөхөрч дотор талдаа язарсан байсан. Тухайн үед миний чих дүнгэнээд өвдөөд байсан. Бас зүүн талын хөлний өвдөгний орчим хөхрөөд алхахад хүндрэлтэй байсан. Мөн хамар хугарсан болохоор амьсгалахад хүндрэлтэй байсан. Миний биед учирсан гэмтлийг Чинбат урчуулсан байгаа. Чинбат нь хоёр гараараа ээлжлээд хаа хамаагүй зогсоо зайгүй цохиод байсан. Хаана  хэдэн удаа цохисон гэдгийг нь мэдэхгүй байна. Камерийн бичлэгт тодорхой бичигдсэн байсан. Ерөнхийдөө камерийн бичлэг үзэж байхад 15-20 орчим удаа цохиж байгаа харагдсан...Би эхний өдөр  “ЭМЖЖ” эмнэлэгт очиж хамар, уруул, чих, шүдээ үзүүлж зохих ёсны эмчилгээ эм бичүүлээд эмчилгээний зааварчилгаа авсан. Мөн толгойн рентген зураг харуулсан. Тэрнээс гадна шүдний UB Osstem эмнэлэгт очиж шүдний паалангаа янзлуулсан. Хамрын хувьд бол Юнайтад Экспресс ХХК-аар зуучлуулан Солонгос улсад хамраа эмчлүүлсэн. Яагаад Солонгост эмчлүүлсэн гэхээр монголд эмчлүүлсэн хүмүүс хамран дотроо идээлэх цаашид гамридтай болох мурийж эдгэдэг гэсэн учраас Солонгос улсад эмчлүүлсэн байгаа. Солонгост нүүрний гавлын хоншоор ясаа хагалгаанд орж эмчлүүлсэн. Би хэдий Солонгос улсад хамраа эмчлүүлсэн боловч хамрын яс мурийлттай эдгэсэн нь тогтоогдсон. Мөн одоо хамрандаа өвчинтэй байгаа. Тэгээд амьсгалахад төвөгтэй байгаа. Мөн одоо гамридтай болсон байгаа. Унтахад байнгын зовиуртай байгаа. Одоо миний эмчилгээний зардал 14.907.405 төгрөг болсон байгаа. Энэ зардал дээр өмгөөлөгчийн зардал ороогүй байгаа учраас нэмж нэхэмжилнэ. Мөн сэтгэл санааны хохирлоо нэмэмжлэх болно...Чинбат миний суух ёстой байранд сууснаас болж маргаан үүссэн. Чинбатын хувьд өөрийн суух ёстой ширээндээ суусан бол ийм байдалд хүрэхгүй байсан. Намайг зүгээр ярьж байхад түрүүлж өшиглөөд босч ирээд цохиод танхайрсан үүнээс болж маргаан үүссэн. Маргаан болох үед бид хоёрыг Баасанжав гээд манай эмэгтэй ажилтан хараад зогсож байсан. Энэ үед манай өрөөнд Идэр, Ачит, Номинчулуун, Батбаатар, Оргилмаа ажлаа хийгээд байж байсан...Чинбатын хувьд намайг гомдол гаргах хүртэл ямар ч асуудалгүй ажлаа хийж явж байгаад гэнэт намайг өргөдөл гаргасны дараа өвчтэй болоод эмнэлгээр явж баримт цуглуулсан байгаа. Чинбатын биед учирсан ташаанаас доошхи цавь төмсөг болон, нүүрэн хэсгийн гэмтлийг надаас авах боломжгүй санаатайгаар өөртөө бий болгосон гэж үзэж байна...Миний хувьд Чинбатад зүгээр байж байгаад зодуулсандаа гомдолтой байна. Би эрүүл мэнд болон сэтгэл санаагаар хохирсондоо гомдолтой байна. Ер нь хамрын амьсгалах эрхтний хувьд бол байнгын гэмтэлтэй болж байна гэж үзэж байна. Би байнга дусаалга хэрэглэж байгаа. Цаашид гарах зардлаа иргэний нэхэмжлэлээр гаргаж шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 15-18/

            4. Гэрч Л.Баасанжавын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: ”...2016 оны 01 дүгээр сарын 18-ны өглөө манай компани ажилчид өглөө 09 цагт ажил дээрээ ирээд юм аа цэгцлээд байж байсан юм. Манай офисс 3 хоногийн өмнө тэр байрлуу нүүгээд юм аа оруулчихсан байсан юм. Тэгтэл тэр өглөө Чинбат, Чинзоригт захирал хоёр өглөөний 09 цаг өнгөрч байхад гаднаас цугтаа орж ирсэн юм.

Тэр үед би өөрийгөө “хаана суух вэ гэж бодоод компьютераа зөөгөөд Батбаатар ахын хажуу талын ширээн дээр сууж байсан юм. Тэгтэл Чинбат захирал Батбаатар ахын сууж байсан ширээний урдаас харсан ширээн дээр суучихсан. Тэгсэн чинь араас нь Чинзоригт захирал ирээд “Чинбаа ахаа энэ миний суудалаа би суудалдаа сууъя“ гэж хэлсэн чинь Чинбаа ах “хэн чиний суудал гэсэн юм бэ, би хагас сайн өдрөөс хойш энд суугаад ажлаа хийж байсан юм” гэж хэлсэн чинь Чинзоригт захирал надаас “энэ миний суудал мөн биздээ” гэж асуухаар нь би “мөн, би энэ хуваарийг ресепшинээс харсан Майнс Апп ХХК-нийхан таны наад талаар сууна харин танай эрчимийнхэн энэ тэлээр сууна гэж гараараа зааж өгсөн юм. Чинбат захирлыг Батбаатар ахын сууж байсан эгнээ хэсэг рүү зааж танайхан энд сууна гэж хэлсэн юм. Тэгсэн чинь Чинба ах “хэн тэгсэн юм, би тийм юм хараагүй, цаасаа аваад ир” гэсэн. Тэгэхээр нь би компьютер асаагүй байна ресепшин компьютераа асаангуут нь танд авч ирээд харуулъя” гэсэн. Тэгсэн чинь Чинзоригт захирал “Чинба ахаа би суудалдаа сууъяаа, танайх энэ талд нь суух юм байна ш дээ” гэж хэлсэн чинь Чинбат захирал “Би босохгүй, 5 хоногийн дараа явчихаж магадгүй, чи хажууд суу” гэж хэлсэн. Тэгсэн чинь Чинзоригт захирал “би яаж дахин дахин юмаа зөөх юм бэ, нэг мөсөн юмаа тохижуулаад төхнөж суумаар байна” гэж хэлэхээр нвь би хажуугаас нь “Чинбат ахаа хуваарь удахгүй үзүүлнэ ш дээ, Ганзо захирал, Алтан захирал нар тэнд сууна та энд сууна, Чинзоригт захирал наана чинь сууна гэж тайлбарлаж хэлсэн чинь Чинбат захирал “өө тийм үү би тэгвэл эрэмбээрээ энд суух ёстой юм биш үү, би эндээс бүх хүнийг хараад сайхан л байна ш дээ” гэж Чинзоригт захирал бид хоёрт хэлсэн. Тэгэхээр нь би “үгүй ээ Чинбаа захиралаа хувиартай ш дээ” гэж хэлсэн чинь Чинзоригт захирал  хажуу талаас “Чинбаа ахаа би суудалдаа сууяа” гээд зогсоод байсан. Тэгсэн чинь Чинбаа ах гэнэт уурлаад сууж байсан сандалтайгаа эргэж хараад “чи одоо яах гээд байгаа юм бэ” гээд Чинзоригт захирал руу уурласан.  Тэгсэн чинь Чинзоригт захирал “би энд хувиарынхаа дагуу суудалдаа суумаар байна ш дээ” гэж хэлсэн чинь Чинбат захирал юу хэлэхгүй сууж байсан чигээрээ хөлрүү нь өшиглөсөн. Тэгсэн чинь Чинзоригт захирал “Та одоо хүн цохиод байхдаа яадаг юм бэ” гээд гараараа мөрлүү нь хальт түлхсэн. Тэгсэн чинь Чинба захирал босч ирээд Чинзоригт захиралын нүүр хэсэгт нь гараараа 2-3 удаа цохиод авсан. Тэгэхээр нь би сандраад хажуудаа сууж байсан Батбаатарлуу хандаж “хүүе зодолдоод уналаа, босоорой ” гээд Батбаатар ахад хандаж хэлчихээд эргэж хараад ажлынхаа ойр хавийн хүмүүст хэлчихээд эргээд хартал тэр хоёр салчихсан байсан.  Тэгсэн чинь Чинбат захирал “хоёуулаа ийшээ оръё” гээд Чинзоригт захиралийг пиджакнаас нь татаад шатны өрөө лүү орсон. Тэгсэн чинь араас нь Батбаатар ах бас орсон. Би тэр үед бодохдоо тэр хоёрыг эвлэрээд гараад ирэх байх, ажил дээр зодолдоод байхгүй байх” гэж бодоод зогсож байтал шатны хонгилд пижигнээд чимээ гараад унасан. Тэгэнгүүт нь би сандараад Батзул гээд нэг ажилтныг “тэнд золдоод уналаа, очоод хаалгыг нь онгойлгоодох” гээд явуулсан. Тэгсэн чинь Батзул очичхоод буцаад хүрээд ирэхээр нь би “яачихваа” гэж асуусан чинь “цаанаас нь хүн дараад хаалга онгойлгохгүй байна ш дээ” гэсэн. Тэгэнгүүт нь би сандараад “Ачитаа, Идэрээ захирал чинь зодолдоод байна, хаалга нь онгойхгүй байна нааш ир” гэж дуудаад хамт хаалгыг нь түлхсэн чинь цаанаас нь хүн дараад байсан. Тэгээд нилээн хүчтэй түлхэж байж хаалга нээгээд ортол Чинзоригт захирлын хамар, амнаас нь цус гарсан, хувцас нь урагдсан, шатны дээд хэсгийн 2-3 дах гишгүүр дээр зогсож байсан. Тэгсэн чинь Чинба захирал доор нь, хаалганы хажууд Батбаатар захирал нар зогсож байсан. Тэгээд байж байтал Батбаатар, Чинба захирал хоёр гараад ирсэн. Би хаалганых нь наана нь хараад зогсож байсан юм. Тэгээд Ачит, Идэр нар 00-ийн цаас авч ирж өгөхөөр 00-ийн өрөө лүү явсан. Тэгэхээр нь би Чинзоригт захирал дээр очоод “яанаа нүүр ам чинь аймар болчихжээ, хамар чинь хугарчихсан юм биш үү, хувцас чинь урагдчихсан юм биш үү” гэж хэлээд зогсож байтал Ачит, Идэр хоёр ороод ирсэн. Тэгэхээр нь Ачитыг дахин 00-ийн цаасанд явуулах гэж байтал Чинбат захирал, Батбаатар хоёр орж ирээд Чинбат захирал Чинзоригт захирал руу хандаж гараа зангидчихаад “чи одоо аав шигээ хүнийг ингээд байхдаа яадаг юм бэ” гээд дайраад байсан. Тэгэхээр нь би хажуу талаас нь уурлаад “юу гэж байгаан таны буруу биздээ, та өөрөө хүүхэд шигээ хүнийг ингээд байхдаа яадаг юм бэ” гэж хэлсэн. Тэр үед Чиноригт захирал “та одоо яаж байгаа юм бэ” гээд шатан дээр зогсоод байсан. Ачит тэр үед Батбаатар ахын гараас нь барьчихсан байж байтал Батбаатар ах Ачитийг “гар тавь, би чамайг ална шүү, цохино шүү” гээд дайраад байсан. Тэгэнгүүт нь би уурлаад “Ачитаа наад нэг юмныхаа гарыг тавиадах” гэж уурласан чинь Ачит гарыг нь тавьсан. Тэгээд Батбаатар, Чинбат хоёрыг гаргаад Чинзоригт захиралыг нүүр ам чинь аймар болчихож, хувцасыг чинь аваад ирье, гэрлүүгээ харьсан нь дээр байх гээд гадуур хувцасыг нь авч ирж өгөөд Чинзоригт захирал шатаар буугаад гэрлүүгээ явсан. Тэгээд бид нар тэр өдөр ажлаа хийцгээсэн. Чинзоригт захиралаас бусад нь бүгд ажлаа хийж байсан...Би Чинбат захиралыг Чинзоригтыг цохихоор нь сандраад хажуудаа сууж байсан Батбаатарт хэлчихээд эргэж хараад ардаа байсан хүмүүст хэлчихээд эргээд харсан. Би сандарсан болохоор сайн хараагүй...Би Батбаатар ахын сууж байсан талд нь хажууд нь сууж байсан. Тодруулбал Батбаатар ах бид хоёр ширээний нэг талд зэрэгцээд суусан, нөгөө талд Чинбат, Чинзоригт захирал хоёр байсан...Чинзоригт захирал тийм зүйл хэлээгүй. Харин Чинбат захиралын хажууд “Чинбаа ахаа би суудал дээрээ сууя л даа ” гээд кармандаа гараа хийчихсэн зогсож байсан. Аягүй соёлтой хэлж байсан. Чинбат гэнэтхэн уурлаад “чи одоо яах гээд байгаа юм бэ” гээд сууж байсан сандалтайгаа эргэж хараад өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 32-33/

                        5. Гэрч Б.Батбаатарын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: ”...Тэр өдөр 1 дахь өдөр байсан юм. Манай ажлын байр тэрний өмнөх 7 хоногийн 5 дахь өдөр тэр байрлуу нүүсэн юм. 01 сарын 15-ны өдөр нилээн орой нүүсэн. Нүүгээд очиход хүн байгаагүй болохоор юмнуудаа оруулаад тавьсан юм. Тэгэж юмаа оруулахдаа цонхон талын захын өөд өөдөөсөө харсан 2 ширээд хоосон байхаар нь компьютераа урсанч тавичхаад бичиг бармтуудаа ширээн дээр нь тавиад явсан юм.  Бид нар тендэрийн материал бэлдэж байсан болохоор хагас сайн өдөр амраад бүтэн сайн өдрийн 12 цагийн үед ирээд оройн 18 цаг хүртэл ажилласан юм. Тэгээд маргааш өглөө нь буюу 01 сарын 18-ны өглөө 09 цагийн үед ажилдаа ирээд нөгөө ширээн дээрээ сууж ажилласан. Чинбат захирал миний урдаас харсан би өөдөөс нь харсан суудал нь тэгэж таараад сууж байсан юм.  Тэгээд байж байтал Чинзоригт гээд залуу /сүүлд нь нэрийг нь мэддэг болсон/ орж ирээд Чинбат захирын хажууд ирээд “би наана чинь суух ёстой, миний сандал” гэсэн. Тэгсэн чинь Чинбат “энэ чиний ширээ гэсэн зүйл алга бид нар 5 дахь өдөр ирээд мөн бүтэн сайн өдөр ирээд энд ажилласан” гэж хэлсэн. Би урдаас нь хараад сууж байсан болохоор яриа нь сонсогдож байсан. Тэгсэн чинь Чинзоригт “надад энд суухаар сандал хувиарласан гэсэн майл ирсэн” гэж хэлсэн. Тэгсэн чинь Чинбат ”надад майл ирээгүй, яахаараа ирдэггүй юм, тэр майлээ үзүүлчих” гэсэн. Тэгсэн Чинзоригт надад байхгүй байна гэсэн зүйл яриад нөгөөх нь тэгвэл хэвлээд аваад ир гээд тиймэрхүү л зүйл яриад байсан. Чинбат “бид нар 2-3 хоноод явчихна тэр болтол сууж байя” гээд хоорондоо яриад байсан. Чинзоригт нь нилээн дээрэлхүү зантай хүн байсан тэгэж харьцаад байгаа юм шиг байсан. Би дотроо нилээн дээрэлхүү зан ааштай залуу вэ гэж бодоод сууж байсан. Би тухайн үед компьютер дээр юм хийгээд сууж байсан юм. Гэтэл Чинзоригт Чинбат нар сандалнаас болж маргалдаж байгаад Чинбатын толгойруу Чинзоригт нь гараараа 2 удаа цохиод авсан. Тэгсэн чинь Чинбат нь толгойгоо бариад аваарын шатны хэсэг рүү яваад орсон. Тэгсэн чинь араас нь Чинзоригт дагаад орсон. Тэгэхээр нь би бас дагаад араас нь орсон. Намайг араас нь орсон чинь тэр хоёр нэг нэгнийгээ цохиж байсан. Хэн хэн нь бие биений цохиод цохилцоод байсан. Яг хаана нь цохиод байгааг нь хараагүй. Тэр үед би цохиулчих байх гэж бодоод айсан. Тэгээд буцаад оффисын өрөөлүү оръё гэж бодоод хаалганы бариулыг дарсан чинь онгойхгүй харин дотроосоо онгойдог байсан. Цаанаас нь 2 залуу орж ирэх гээд байхаар нь “ороод ирвэл нийлж зодолдоод бөөн юм болох байх” гэж бодоод хаалгыг гаднаас нь дараад оруулахгүй гэж нилээн дарсан юм. Тэгтэл тэр залуучууд түлхээд ороод ирсэн. Би тухайн үед эргэж хараагүй тэр хоёр ард юу болж байгааг нь хараагүй харин хаалгаар оруулахгүй гээд түлхэж байсан юм. Тэр хоёр залууг орж ирэхэд Чинбат, Чинзоригт нар зодолдоо больчихсон байсан. Тэгээд л би гарсан. Тэр хоёр залуу орж ирээд нэг нь миний гарыг барьж аваад түлхээд их ширүүн байсан. Би тэгэхээр нь дотроо энэ хоёр орж ирсэн бол бөөн юм болох нь гэж бодсон. Тэр хаалга нь аваарын шатны хэсгээс нь орох гэхээр онгойдоггүй байсан. тэгэхээр нь би хаалгыг нь тогшсон чинь цаанаас нь нэг хүн хаалга онгойлгоод би оффис руу орсон. Чинзоригт тэгэж ах хүн рүү дайрах нь муухай зүйл болсон. Чинбат тэр үед Чинзоригт руу “одоо больё, муухай юм болж байна, нэг газар ажиллаж байж” гээд байсан. Тэр өдөр тийм л зүйл болсон. Чинзоригт нь гараад явчихсан Чинбат ширээнээс нь нүүгээд миний хажууд суугаад ажлаа хийсэн. Тэр өдрөө “муухай юм боллоо, уучлаарай” гээд Чинзоригт руу утсаар ярьж байсан. Тэр өдөр бид нар хоол идэх үед Чинбат хоолоо идэхгүй, бие нь сонин байгаад байх шиг байсан...Чинбат нь майлээ аваад ир харъя тэгээд би босчихно гээд учираа хэлээд байхад нь Чинзоригт нь чи бос гээд учиргүй дайраад байсан. Тэгээд би тэгэж бодсон юм...Чинбат эхэлж орсон чинь араас нь Чинзоригт дагаад орсон...Тийм орох гэсэн чинь онгойхгүй байсан. Тэгсэн чинь дотроос нь нөгөө залуучууд онгойлгоод орох гэхээр нь би хаалга дараад хаасан...Цохиулчихаж магадгүй гэж айж байсан. Тэ хоёр хоёр биенийгээ цохиж байсан. Гэхдээ бие биенийхээ хаана нь цохиж байгааг харж чадаагүй...Хөлөөрөө тэгэж ёворсон гэдгийг би хараагүй. Тэгэж хөлөөрөө ёворсон гэдгийг нь би хараагүй. Харин дараа нь мэдсэн. Ширээний араас хөл хэсгийг харах боломжгүй байсан болохоор ёворсон гэдгийг мэдээгүй...Би гаръя гэж бодож байсан. Тэгээд тэр хоёр хүүхдийг орж ирээд нэмж зодолдох байх гэж бодсон...Чинбат түрүүлээд сууж байсан сандлаасаа ухас хийгээд тэр арын хэсэг рүү орсон. Тэгэж аваарын шатны хэсэгрүү орохдооо тэр хоёр хоорондоо юм яриагүй. Би ширээ тойроод араас нь  орсон юм...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 41-42/

                        6. Гэрч Б.Идэрийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: ”...2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өглөө 09 цагийн үед ажил дээрээ ирсэн юм. Тухайн үед манай оффис дөнгөж тэр барилга руу нүүж ирсэн байсан болохоор эмх замбараагүй тэрийгээ цэгцэлээд байж байсан юм. Тэр үед Чинзоригтын суух ёстой байсан суудал дээр Чинбат нь суусан байсан.Тэгсэн чинь Чинзоригт Чинбатын сууж байсан ширээний хажууд очоод түүнд хандаж “Суудал хувиарлалтаар наана чинь би суух ёстой бичиг баримт, файл зэргээ наана чинь тавьчихсан байгаа” гэж хэлсэн. Яг тэгээд шаардлага тавьж байх үед нь манай ажлын газрын ажилтан Ачит бид хоёр ТУЗ-ийн даргын өрөөнд тавилга зөөж оруулахаар дуудагдсан юм.Тэгээд даргын өрөөнд юм цэгцэлээд байж байхад оффисын гол зааланд хүмүүс маргалдаад байгаа юм шиг чимээ гарсан. Тэгэхээр нь Ачит бид хоёр юу болоод байгааг харах гээд Чинбат, Чинзоригт хоёрын байсан хэсэг рүү харсан чинь тэр хоёр байхгүй мөн тэдний хажууд байсан Батбаатар байхгүй, харагдахгүй байсан. Тэгэхээр нь Ачит бид хоёр наанаас нь очсон чинь Баасанжав гээд манай ажилтан “танай захиралыг чинь аваад ийшээ орчихлоо” гээд шатны өрөөлүү заасан. Шатны өрөөний цаана тэр хоёрын маргалдаж байгаа чимээ нь сонсогдож байсан.  Тэгэхээр нь хаалгыг нь онгойлгоод гарах шатны өрөө лүү орох гэсэн чинь бариул нь дарагдахгүй, цаанаас нь хүн түлхээд онгойлгохгүй байсан. Тэгэхээр нь бариулыг нь доош нь дарж байгаад хүчээр хаалгыг нь мөрөөрөө түлхээд онгойлгоод шатны өрөө лүү орсон. Тэр шатны өрөөнд орсон хамгийн эхний хүн нь би байсан араас Ачит, Баасанжав эгч нар орж ирсэн. Намайг ороход Чинзоригтын нүүр нь цус болчихсон, хамраас нь цус гарчихсан Чинбатын нүүр нь уурласан ч гэмээр юм уу нилээн улайсан байсан. Бид нарыг ороход Чинбат нь “чи аав шигээ хүнтэй ингэж харьцаж болохгүй” гээд загнаад Чинзоригт нь “цаанаасаа суудлын хуваарь нь ийм байсан ш дээ” гэсэн зүйл яриад маргалдаад байсан. Тэр үед манай найз Ачит тэр хоёрыг салгах гээд дундуур нь гараа оруулаад байж байтал Батбаатар гээд хамт байсан залуу нь Ачитыг “чи наад гараа ав, гарыг чинь хугална шүү” гэсэн зүйл яриад Ачиттай маргалдаад байсан. Тэгсэн чинь Чинбат, Батбаатар, Ачит нар буцаад оффисын өрөөлүү ороод Баасанжав эгч бид хоёр Чинзоригтын хамт шатны өрөөнд үлдсэн. Чинзоригтын нүүр нь нилээн цус болчихсон байхаар нь би 00-ийн өрөө лүү цаас сальфетка авах гээд орсон юм. Цаас аваад буцаж ирээд Чинзоригтын нүүрийг нь арчиж өгөөд Чинзоригт захирал Баасанжав эгчээр хувцсаа авчруулаад шатаар буугаад гараад явсан. Тэр өдөр болсон зодоон маргаан нь ингээд дууссан. Тэр өдрөөс хойш Чинзоригт нь гэмтсэний улмаас 1 сар орчим ажилдаа ирээгүй харин Чинбат, Батбаатар хоёр нь тэр өдрөөс хойш лав 7 хоног зүв зүгээр ажилаа хийж байгаад сүүлдээ ирээгүй...Чинзоригт нь өөрөө пропертис гээд барилгын компани болон хүний нөөцөөс гаргасан суудлын хувиараар би энд суух ёстой гэж хэлж байсан. Тэрийг нь сонсоод тэгэж ойлгосон...Баасанжав тухайн үед “хүүе яанаа, Ачитаа, Идэрээ” гээд бид хоёрыг дуудаж байгаа чимээ гарсан. Чинбат, Чинзоригт нарын хэрэлдэж байгаа нь сонсогдоогүй Бааскагийн дуу гараад байсан...нэг нь “чи юу гэнээ” гээд нөгөө нь “чи болиочээ” гээд юм цохиж байгаа чимээ гарч байсан...Уурлаад улайсан байсан гэж бодож байна. Нүүр лүүгээ цохиулсан шинж байгаагүй. Нүүр нь битүү улайсан цөс нь дээшилсэн гэмээр минчийтлээ улайсан байсан...Би тэгэж ярьсан зүйлийг мэдэхгүй байна. Би Чинзоригттой сүүлийн 4 сар хамт ажиллаж байгаа болохоор сайн мэднэ. Соёлтой гэхэд дэндүү соёлтой хүн би тийм үг сонсож байгаагүй. Хөлөөрөө ёворсон эсэхийг нь хараагүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 45-46/

                        7. Гэрч Т.Ачитийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: ”...2016 оны 01 дүгээр сарын 18-ны өглөө би ажилдаа 09:30 минутанд ирсэн. Манайх нүүж ирсэн байсан болохоор Идэрээ бид хоёр хайрцаг саваа задлаж юмаа янзлаад байж байсан. Тэр үед Чинбат, Чинзоригт нар нэг лифтнээс цуг бууж ирээд оффис руу орж ирж байсан. Орж ирээд Чинбат, Чинзоригт захирлын ширээн дээр суучихсан. Чинзоригт захирлын суух байсан ширээн дээр Чинбат захирал өөрийнхөө нөтбүүк зэргийг тавьсан байсан болохоор тэр ширээн дээр нь суучихсан...Тэгээд би 00-ийн өрөө орчихсон юм. 00-ийн өрөө орчихоод ирэхэд Чинбат сандал дээр суучихсан Чинзоригт хажууд нь зогсоод “миний суудал” гэсэн утгатай зүйл ярьж байсан. Чинбат захирал ”суудал хувиарласан цаасаа аваад ир, тэрийг нь харъя” гэж байсан. Яг тэр үеэр Идэрээ бид хоёр Чулуунбаатар захиралын өрөөлүү шүүгээ оруулах гээд явчихсан өрөөнд нь орчихсон байсан. Бид хоёрыг шүүгээгээ оруулаад тавьж байх үед оффисын зааланд Баасанжав эгч Идэрээ, Ачитаа гээд бид хоёрыг дуудсан. Тэгэхээр нь бид хоёр гараад очиход Баасанжав эгч “нөгөө хоёр чинь зодолдоод байх шиг байна, очоод хурдан салгаарай” гэж байсан. Тэр үед Чинзоригт, Чинбат хоёр аваарын шатны өрөөний хэсэгрүү орчихсон байсан. Бид нар тэр өрөөлүү орох гээд очиход хаалганы цаанаас зодолдож байгаа юм шиг чимээ гарч байсан. Нэгийгээ цохилцоод байгаа юм шиг чимээ гарч байсан. Тэгэхээр нь Идэрээ бид хоёр орох гээд хаалганых нь бариулыг дарсан чинь Чинбатын туслах Батбаатар гэх хүн хаалгыг цаанаас нь дараад зогсож байсан. Тэр үед Идэрээ хүчээр хаалгыг мөрлөж дотогшоо ороход Чинзоригт захирлын нүүр нь улайчихсан хамар, ам хоёрынх нь хооронд цус болчихсон, хамар нь дунд хэсэгтээ хавдчихсан мөн духных нь зүүн талд хавдчихсан байсан. Тэгэхээр нь Идэрээ бид хоёр салгах гээд би Батбаатарын гарнаас бариад Идэрээ болохоор Чинбат, Чинзоригт хоёрын дундуур ороод салгах гэж байсан. Намайг Батбаатарын гарнаас бариад зогсож байхад Батбаатар надад хандаж “гарнаас тавихгүй бол ална” гэж сүрдүүлсэн. Тэгээд Чинбат, Батбаатар хоёрыг салгаад оффисын өрөөлүү оруулсан. Тэгээд Идэрээ бид хоёр Чинзоригтод сальфетка, алчуур авч ирэх гээд гарсан харин Чинзоригт аваарын шатны хэсэгт байж байсан. Тэгээд Идэрээ сальфетка олоод шатны хэсэг рүү орсон. Тэгээд би сальфетка үүдний хэсгээс аваад буцаад аваарын шатны хэсэг рүү ороход Чинбат, Батбаатар нар бас орж байсан. Араас нь би тэр хоёртой хамт ороход Чинбат Чинзоригттой маргалдаж байсан. Чинзоригт “та ямар онгироо юм бэ, цаанаас нь суудал хувиарласан байхад суучихаад суух ёстой хүн нь ирсэн чинь цохиод” гэж байсан. Чинбат нь юу гэж байсныг нь санахгүй байна. Тэр хоёр тэгж хэрэлдээд бие бие рүүгээ дайраад байхаар нь дахиж салгах гээд Идэрээ болон Баасанжав нар дундуур нь орсон. Би наана нь Батбаатарын гарнаас бариад зогсож байсан. Тэр үед Батбаатар дахин надруу “гар тавихгүй бол ална тална гэж сүрдүүлээд миний нүүрлүү гараараа сарвайсан /мангасдах/. Тэгээд дахиад Чинбат, Батбаатар нарыг салгаад оффисын өрөө лүү оруулаад Чинзоригт та нар шатны хэсэгт үлдсэн. Тэгсэн чинь Чинзоригт дотроос хувцсаа авчруулаад аваарын шатаар буугаад явсан...Шатны өрөөнд ороод Идэрээ тэр Чинбат Чинзоригт хоёрыг салгах гээд дундуур нь орохоор нь би Батбаатарыг ойртохоос нь сэргийлээд гарнаас нь бариад шатны хаалганы хажууд зогсож байсан юм...Би суудал хувиарлсан гэдгийг 5 дахь өдөр мэдсэн. Суудал хувиарласан талаар мэйл ирүүлээгүй, хоорондоо ярилцаж байхад нь суудал хувиарласан гэдгийг мэдсэн. Чинзоригтыг яг тэр ширээн дээр суух гэж байсан гэдгийг Баасанжав эгчээс авсан мэдээллээр мэдсэн. Баасанжав хэзээ нь мэдсэн гэдгийг мэдэхгүй байна 5 дахь өдөр мэдсэн байх...Юу гэж маргалдаад байсан гэдгийг нь мэдээгүй. Ерөөсөө л зодоон болж байгаа чимээ гараад байсан...Чинбат нь тухайн үед зүгээр байсан. Тэгэж цус гарсан, улайж барьсан зүйл байгаагүй...Тийм зүйл болоогүй. Намайг 00-ийн өрөө ороод буцаад ирэхэд тэр хоёр их л тайван байсан. Маргаан, хэрүүл ам болох шинжгүй байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 36-37/

            8. Гэрч н.Наранбаатарын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: ”...Би Чинбат Чинзоригт нарыг танина. Би энэ хоёр хүнтэй нэг оффист хамт ажилладаг юм. Садан төрлийн ямар нэгэн холбоо байхгүй....2011 оны 11 дүгээр сард байх Моннис группын хурал Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Моннис бюлдинг оффис дээр болсон  юм. Ингээд хурал тараад би жолоочийн хамт одоо нэрийг нь санахгүй байна. Хамт машин дотор сууж байхад тухайн үед Эрчим концерн ХХК-н бизнес хөгжлийн менежер Чинбат гарч ирээд намайг урд талын суудал дээр суулаа гэх шалтгаанаар чирч гаргаж ирээд цохисон. Тухайн үед яаж байгаа юм бэ гэж асуухад чи дарга болсон юм уу яагаад урд сууж байгаа юм бэ гэхээр нь уучлалт гуйгаад арын сандал дээр суусан юм. Би тухайн үед эрчим концерн ХХК-нд инженерээр ажиллаж байсан юм. Тэгээд би буцаад явж байхад чам шиг бацааныг би мэднэ шүү дээ гээд хэл амаар доромжлоод байхаар нь замаасаа буугаад алхаад ажил руугаа явсан юм. Тухайн үед би манай аав Баяраа нь Моннис компанид удирдах ажил хийдэг байсан учраас аавынхаа нэр хүндийг бодоод хариу үйлдэл үзүүлээгүй юм. Ингээд би нэг удалгүй хүсэлтээрээ гарсан байгаа...Чинбат захирлын хувьд 4 дүгээр цахилгаан станц дээр байдаг Эрчим Концерн ХХК-н оффис дээр байдаг юм. Тухайн үед Моннис бюлдинг Чинбат нь тендерийн материал бэлдэх гээд ирээд ажиллаж байсан санагдаж байна. Чинбат, Чинзоригт нарын хооронд хувийн таарамжгүй харьцаа байдаг эсэхийг сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 71/

            9. Гэрч М.Мөнхцацралын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: ”...Би Чинбат Чинзоригт нарыг танина. Би энэ хоёр хүнтэй нэг оффист хамт ажилладаг юм. Садан төрлийн ямар нэгэн холбоо байхгүй...2015 онд байх Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Моннис тауэр барилгын 14 дүгээр давхарт байх оффис дээр манай Моннис группын бүх охин компаниуд үйл ажиллагаа явуулдаг юм. Би тухайн өдөр ерөнхий менежер Нарантуяагийн өрөө рүү явж орсон чинь Чинбат захирал Нарантуяа менежер нар ажлын шугамаар хоорондоо маргалдсан юм. Тухайн үед Чинбат захирал Нарантуяагаар гарын үсэг зуруулж тамга даруулах гэж орсон гэсэн. Тэгсэн чинь Нарантуяа гарын үсэг зурахгүй гээд хоорондоо маргалдсан сууж байсан. Тэгээд гэнэт Чинбат ах уурлаад ширээн дээр байсан тооны машиныг нь аваад шидсэн чинь хананд нь байдаг зургыг нь оносон. Нарантуяа менежерийг бол оноогүй. Ингээд Нарантуяа менежер хамгаалагч дуудаад гаргуулна гээд надаар хамгаалагч дуудуулсан. Би тухайн үед Чинбаа ахыг одоо боль эндээс гар гэсэн чинь тэр хамгаалагчийг нь дууд гэсэн. Ингээд тухайн үед Чинбат ахын авч явсан зүйл дээр нь гарын үсэг зуруулаад гараад явсан. Ингээд гарч явсаны дараа аймар ууртай юм байна гэж хэлсэн...Би юунаас бол маргаан болсон гэдгийг нь мэдэхгүй байна. Дараа нь Чинбаа ахын авч явсан зүйл дээр гарын үсэг зурахаар нь энэнээс болж маргалдсан юм байна гэж бодсон. Нарантуяа менежерийн хувьд бүх охин компанийн төлбөрийн даалгавар дээр гарын үсэг зурдаг юм. Тухайн үед үүнээс болж маргаан болсон байх...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 69/

            10. Гэрч Н.Номинчулууны мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: ”...Би Чинбат Чинзоригт нарыг танина. Би энэ хоёр хүнтэй нэг оффист хамт ажилладаг юм. Садан төрлийн ямар нэгэн холбоо байхгүй...Миний ажилладаг Моннис группын охин компаниуд болон удирдлага ажилтнууд нь Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дөрвөн улирлын цэцэрлэг” хотхон дотор байрлах Моннис бюлдинг оффисын барилгын 3 дугаар давхарт нүүж орсон юм. Би тухайн оффисын хоёр дахь эгнээнд нь цонхруу харсан байдалтай суусан. Миний сууж байгаа ширээнээс миний ард талд байх ширээн дээр эхлээд Чинбат ах ирээд суусан юм. Араас нь Чинзоригт орж ирж байсан. Ингээд намайг ажлаа хийж байхад Чинбат Чинзоригт нар нь хоёулаа ярилцаад байсан. Тэгээд Чинбат, Чинзоригт нар нь хоорондоо учраа олохгүй болоод ирэхээрээ чанга чанга дуугараад хоорондоо ярилцаад байсан. Би тухайн үед ажил ихтэй болохоор сайн анзаараагүй. Тэгээд нэг мэдсэн чинь миний ард талд сандал ширээ хөдлөөд байхаар нь эргээд харсан чинь Чинбат, Чинзоригт нар аваарын шатруу яваад орж байгаа харагдсан. Түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Чинбат, Чинзоригт нар аваарын шатны өрөө рүү ороод түжигнээд байсан. Мөн чанга чанга орилоод яриад байх шиг байсан. Надад юу ярьж байгаа нь сонсогдоогүй. Би тухайн үед ажил ихтэй байсан учраас тэр өрөө рүү ороогүй. Мөн ямар хүмүүс тийшээ орсон гэдгийг нь мэдэхгүй байна. Тухайн үед би ажил ихтэй байсан учраас оффис дотроо өрөөнөөс гараад явсан байсан учраас тэр хоёрыг ямар байдалтай гарч ирсэн гэдгийг нь хараагүй...План зураг гарсан байсан гэсэн. Гэхдээ тэр зураг эцсийн байдлаар гарсан гэдгийг мэдэхгүй байна. Хэн ч тэр зургын дагуу суу гэж хэлээгүй. Тийм учраас би 5 дахь өдрийн орой юмаа нүүлгээд тэгээд өөрийн сууж байсан ширээн дээр эд зүйлсээ тавиад нэг дэх өдөр тэр ширээн дээрээ суусан. Суудлын хувиарлалт бол мэйл хаягаар ирсэн би тэрийг одоо болтол хараагүй явж байна...Би тэр талаар мэдэхгүй байна. Төслийн ажлын шаардлагаар ажиллах ёстой байсан.  Би тухайн үед Чинбаттай нэг төсөл дээр ажиллаж байсан юм. Чинбатыг амралтын өдөр ажилласан үгүйг мэдэхгүй байна...Маргаан болсоны дараа Чинбат ажлаа хийсэн. Ажлаа хийж байхад энд тэндээ улайсан байдалтай байсан. Өөр сайн мэдэхгүй байна. Эхнэр нь манай ажил дээр ирсэн үгүйг мэдэхгүй байна. Ямар ч байсан зүгээр байгаагүй. Маргааш, нөгөөдөр нь ямархуу байдалтай байсан гэдгийг мэдэхгүй байна. Ажил ихтэй учраас анзаарч хараагүй...Би өрөөн дотор нэгнээ цохисон үгүйг нь мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 61-63/

            11. Гэрч Ж.Оргилмаагийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: ”...Чинбат нь манай Моннис компанийн охин компани болох Эрчим Концерн ХХК-н гүйцэтгэх захирал, Чинзоригт нь Майнс АП ХХК-н гүйцэтгэх захирлаар тус тус ажилладаг хүмүүс байгаа юм. Би Чинбат Чинзоригт нартай садан төрлийн ямар нэгэн холбоо байхгүй...Манай Моннис интернэшнл ХХК нь охин компаниудын хамт 2016 оны гаргаад 01 дүгээр сарын дундуур Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Моннис цамхаг оффис дээр үйл ажиллагаа явуулж байгаад Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 4 улирлын цэцэрлэг хотхон дотор байрлах Моннис ХХК-н барилга руу нүүж орсон юм. Би тухайн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гадуур ажилтай явж байгаад үдээс хойш 14-15 цагийн орчим ажил дээрээ ирсэн чинь манай ажлын хүмүүс “Эрчим Концерн” ХХК-н захирал Чинбат нь өмнөх хагас бүтэнсайн өдөр тендерийн ажил хийж байхдаа Чинзоригтын сандал дээр сууж байгаад 1 дэхь өдөр нь ирээд тэр сандал дээр суусан гэсэн. Тэгсэн чинь Чинзоригт захирал ирээд Чинбаттай маргалдсан гэж сонссон. Би өөр ямар нэгэн зүйл мэдэхгүй байна. Би тухайн үед Чинзоригтыг зодуулсан гэж сонссон болохоос царайг нь бол хараагүй. Мөн Чинбат нь би бас зодуулсан гээд надтай утсаар ярьж байсан. Миний хувьд Чинбат Чинзоригт нарын царайг маргаан болсоноос хойш хараагүй. Чинзоригтын хувьд тухайн маргаан болсноос хойш ажилдаа ирэхгүй Солонгос улсруу явсан гэсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 59-60/

            12. Гэрч Б.Батцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: ”...Би 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр би Эрчим Концерн ХХК-н захирал Чинбатын талаар тодорхойлолт цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн юм. Уг тодорхойлолт дээр байгаа төслийн мэргэжилтэн Наранбаатар надтай утсаар Чинбат захирал нь 2012 онд намайг үйлчилгээний машин дотроо сууж байсан гэсэн. Тухайн үед Наранбаатар нь үйлчилгээний машины урд талд нь сууж байсан чинь Чинбат захирал гарч ирээд чи яагаад машины урд суудаг юм бэ гэж хэлсэн гэсэн. Тэгэхээр нь за за гэж хэлээд хойд талын сандал дээр суугаад хоорондоо маргалдсан гэсэн. Тэгсэн чинь Чинбат нь нүүрлүү нь нэг удаа цохисон гэсэн. Тухайн үед Наранбаатар нь манай хүний нөөцийн албанд мэдэгдээгүй учраас арга хэмжээ тооцож чадаагүй. Наранбаатар нь ажлаасаа гарсаны дараа энэ талаар надад хэлсэн...2014 онд Чинбат нь барилгын инженер Батдоржийг ажлын байран дээр нь цохисон гэсэн. Тухайн үеийн хүний нөөцийн ажилтан Батсүх гэж хүн тушаал бичээд Эрчим Концерн ХХК-н гүйцэтгэх захирал Сайнбаяр арга хэмжээ авч байсан гэсэн. Би үүнийг бол арга хэмжээ авсан тушаалаар нь баталгаажуулсан байгаа...2015 оны 09 дүгээр сарын орчим байх Моннис оффис дээр байхад Чинбат захирал хурлын өрөөнд байж байхад намайг хүний нөөц ер нь хүн халж цалин хасахаас өөр ямар ажил хийдэг юм бэ гэж хэлсэн. Чамайг байхгүй болгоно шүү ерөнхий захиралдаа хэлээрэй гэж хэлээд ширээ цохиод босоод ирэхээр нь хурлын өрөөнөөс гараад ирсэн. Ингээд захирал Чулуунбаатарт ороод ажил мэргэжлийн хувьд намайг доромжилж байна. Хүнийг хийж байгаа ажлаар нь доромжилж болохгүй арга хэмжээ аваач гэж хэлсэн. Ингээд захирал Чинбаттай яриад хэлсэн чинь Чинбат захирал надаас уучлалт гуйсан. Ингээд уучлалт гуйсан учраас аман сануулга аваад өнгөрсөн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 56-58/

            13. Гэрч Б.Нарантуяагийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: ”...Чинбат нь манай Моннис компанийн охин компани болох Эрчим Концерн ХХК-н гүйцэтгэх захирал, Чинзоригт нь Майнс АП ХХК-н гүйцэтгэх захирлаар тус тус ажилладаг хүмүүс байгаа юм. Чинбат гэж хүнтэй садан төрлийн ямар нэгэн холбоо байхгүй. Чинзоригт бол миний төрсөн ах Чулуунзоригт гэж хүний төрсөн хүүхэд нь байгаа юм...Би дүү Чинзоригттой холбоотой хэрэгт гэрчийн мэдүүлэг өгнө...2015 оны 4 дүгээр сарын орчим байх Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Моннис цамхагийн 14 дүгээр давхарт байх өрөөндөө ажлаа хийгээд байж байхад Эрчим Концерн ХХК-н захирал Чинбат ажлын өрөөнд ажлын талаар ярилцаж байгаад ажлаас болж хоорондоо маргалдсан юм. Тэгсэн чинь Чинбат уурлаад миний хажууд байсан тооны машины аваад надруу шидсэн. Тухайн үед шидсэн тооны машин намайг оноогүй юм. Оносон бол гэмтэл бэртэл авах боломжтой байсан. Би тухайн үед хүний нөөцөд хэлээгүй. Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Чулуунзоригтод болсон асуудлын талаар хэлсэн чинь Чинбатыг дуудаж дахин ийм асуудал гаргаж болохгүй, хүнийг хэл амаар доромжилж болохгүй гэсэн. Мөн Чинбатад хандаад та компанид өөрийн хүсэлтээр ажиллаж байгаа, таныг хүчээр ажилуулсан зүйл байхгүй. Үнэхээр хамт олонтойгоо нийлээд ажиллаж чадахгүй бол ажлаа өгч болно гэж хэлж байсан. Тухайн үед энэ асуудлыг хүний нөөцөд хэлсэн бол одоо ийм асуудал болохгүй байсан байх. Би олон захирлуудтай харьцаж үзсэн. Чинбат захирлын хувьд бол хүнтэй бүдүүлгээр харьцдаг хүн байгаа юм...Манай дүү Чинзоригтын хувьд бол Америкийн нэгдсэн улсад санхүүгийн чиглэлээр сургууль төгсөөд ирсэн боловсролтой залуу байгаа юм. Зан байдлын хувьд бол төлөв даруу харьцааны соёлтой, үүрэгт ажлаа цаг тухайд нь хийдэг, хүний үгийг даах чадвартай, багаар ажиллах чадвартай залуу байгаа юм...Би маргаан болсоны энэ хоёр хүнтэй тааралдаагүй. Маргаан болсоны дараа Чинзоригт Солонгос улсад эмчилгээ хийлгэх гээд явсан. Чинбаттай бол тааралдаагүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 53-55/

            14. Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт /№1408/-ын дүгнэлт:

                        -Чинзоригтийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, хамрын нуруу, зүүн чих, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, доод уруулын дотор салстын язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

                        -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

                        -Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Амь насанд аюулгүй гэмтлүүд болно.

                        -Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй /1хх-ийн 77/

            15. Шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалын №368/Б/ тоот шинжээчийн дүгнэлт:

                        -Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн 2016.01.20-ны өдөр гаргасан №1408 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

                        -Ч.Чинзоригт биед “...тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, хамрын нуруу, зүүн чих, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, доод уруулын дотор салст язарсан шарх” бүхий гэмтлүүд тогтоогдлоо гэсэн байна. Ч.Чинзоригт нь БНСУ-ийн “Хонг Ик” эмнэлэгт хийгдсэн нарийн мэргэжлийн, рентген зураг авалтаар дээрх гэмтлүүдээс гадна гавлын ясны нүүрний хэсэгт хамрын баруун талд нэг газар цөмрөл, цууралт зүүн хэсэгт гадагшаа товойх байдлаар хугарал, цууралт үүссэн байсныг эмчиллээ гэсэн байна. Ч.Чинзоригтийн биед хэрэг гарсан тухайн үед дээрх гэмтлүүд үүссэн байх боломжтой.

                        -Ч.Чинзоригт нь зодуулсан өдрөө буюу 2016.01.18-ны өдөр ЭМЖЖ шүдний эмнэлэгт нарын мэргэжлийн эмчийн үзлэгт ороход эмчийн үзлэгээр “...11, 22-р шүдний нүүрэвч цохилтын улмаас унасан, дээд уруулын дотор салст гэмтсэн” зэрэг гэмтлүүд тогтоогдсон гэжээ. Иймд хэрэг гарсан үед Ч.Чинзоригтийн биед дээрх гэмтэл үүссэн байх боломжтой /1хх-ийн 84-85/

             16. Сэжигтэн С.Чинбатын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: ”...Энэ үйл явдал 2 газар болсон юм. Нэг нь ажлын оффиссын өрөөнд нөгөө нь аваарын гарцны шатны хэсэгт. Манай компани нь 2016 оны 01 дүгээр сарын 16-17–ны хооронд Моннис Тауэр-ийн барилгаас нүүгээд ХУД-ийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Моннис Бюлдинг” барилга руу нүүж орсон юм. Манай компани нь нэг тендерийн ажил авах гээд бэлдээд ажил ихтэй байсан тул амралтийн өдрүүдэд ажиллах шаардлага гарч 01 дүгээр сарын 16-17-ны хооронд ажилласан юм. Бүтэн сайн өдөр ирэхэд “Моннис Биллдинг”-ийн 3 давхрын оффиссын өрөөний ширээнүүд дээр хүмүүс нүүлгэж ирсэн эд зүйлээ эмх замбараагүй тавьчихсан байсан. Гэтэл хамгийн захын 2 ширээ хоосон байхаар нь очоод ажлын байраа бэлдээд ажилласан. Тэгээд бүтэн сайн өдөр ажлаа дуусгаж амжаагүй болохоор маргааш нь буюу 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өглөө эрт ирээд үргэлжлүүлэн ажиллаад байж байсан. Тэгтэл хүмүүс эхнээсээ ирээд сандал ширээгээ цэгцэлээд нүүлгэж авч ирсэн юм аа цэгцэлээд байж байтал удалгүй Чинзоригт миний сууж байсан ширээний хажууд ирээд “Бос” гэсэн тэгэхээр нь би инээгээд “Сандал ширээ хувиарласан юм уу, хувиарласан бол цаасаа үзүүлээч, ажил ихтэй байна чи үдээс хойш юм уу эсвэл ганц хоёр хоногийн дараа суучих” гэсэн. Яагаад гэвэл ажлын байраа бэлдээд хийж байсан ажлаа тасалдуулж болохгүй байсан болохоор дахин эд хогшилоо нүүлгэхэд хүндрэлтэй байсан. Австрали руу юм явуулах гээд цаг нь амжихгүй ажил ихтэй байсан юм. Тэгээд би ажилдаа улайраад Чинзоригтын ярьж байгааг тоохгүй ажлаа хийгээд байж байтал Чинзоригт уурлаад намайг үл хүндэтгэсэн байдлаар “та мэдрэл муутай юм уу бос” гэж намайг дээрэлхэх маягтай хэлсэн. Тэгэхээр нь би тэр хүнийг 2 дахь удаагаа уурлахаар нь “Та нар тэгвэл ширээ хувиарасан мэйлээ үзүүлээчээ, эсвэл өөр үзүүлэх баримттай юм байвал үзүүлээч” гэсэн. Тэгсэн чинь Чинзоригт надад “мэйлээр ширээний хувиарлалт ирсэн байгаа” гэсэн. Би тэр мэйлийг нь ирээгүй гэдэгт итгэлтэй байсан учир нь би тав дахь өдрөөс бүтэн сайн өдөр хүртэл ажилласан болохоор мэйлээ байнга шалгаж байсан юм. Тэгтэл Чинзоригтын хажууд сууж байсан Баасанжав гээд эмэгтэй жижүүр дээр байвал аваад ирье гээд яваад буцаж ирэхдээ компьютер нь ажиллахгүй байна гээд хоосон ирсэн. Тэгтэл Чиннзоригт гэнэт уурлаад “зөнөж байгаа хөгшин, мэдрэл муутай юм уу” гээд дээрэлхүү өнгөөр “бос” гэж шаардсан. Ингээд бид хоёрын хооронд бараг 10 орчим минут маргаан болсон. Тэгээд би Чинзоригтод хандаж “өөрөөсөө ахмад хүнийг арай ингэж хэлж болохгүй, би чамаас өмнө энэ компанид ажиллаж байсан, 10 гаруй насаар ах хүн байна” яваач гээд сууж байсан сандал дээрээсээ хөлөөрөө ёоворсон. Яг тэр үед Чинзоригт миний зүүн талын шанааруу гараа атгаж цохихоор нь би нүүрээ дараад тонгойсон чинь дахиад толгойны ард дагз хэсэгрүү дахин цохьсон. Тэр хооронд миний ухаан балартаад босонгуутаа Чинзоригтоос зай аваад арагшаа зугатаад галын хаалганы өрөө лүү орсон. Яагаад тийшээ орсон гэхээр тэр аваарын гарцны өрөөний хаалга нь миний сууж байсан ширээний харалдаа ард байсан юм. Тэгээд аваарын гарцны өрөөлүү ороод хаалга хаах гээд эргээд хартал Чинзоригт орж ирээд миний ард зогсчихсон. Тэгэхээр нь би нэг гараараа хаалганы бариулаас барьсан чигээрээ нөгөө гараараа Чинзоригтийг оруулахгүй “Чи болиоч ээ” гээд түлхсэн.  Тэгтэл Чинзоригт 2 гараараа миний гар дээр дараад намайг түлхээд аваарын шатны хэсэгт ороод ирсэн. Тэр үед нь би дотроо “энэ хүүхдийг зогсооё” гэж бодоод Чинзоригтын нүүр лүү нь гараараа цохих гэж оролдсон чинь Чинзоригт бултаад би онож цохиж чадаагүй. Тэгсэн чинь Чинзоригт намайг буланд шахаж байгаад миний нүд хэсэг болон зүүн талын хацар, зүүн талын шанаа хэсэгрүү нийтдээ 3 удаа гараараа цохьсон. Тэгээд би буланд шахуулсан байснаасаа гарч ирээд эргээд Чинзоригтын нүүр хэсэгрүү нь гараараа 4-5 удаа цохьсон. Энэ үйл явдал нийт 8 секунд орчим болсон. Тэгээд бид хоёр өөрсдөө зодолдохоо болиод дахин зодолдох гэж өөд өөдөөсөө гараа өрж зогсож байхад Чинзоригт шатаар дээшээ жаахан өгссөнөө намайг өшиглөх гэж оролдсон. Тэгэхээр нь би цохих гэтэл миний гар хүрээгүй тэр үед доогуур Чинзоригт намайг хөлөөрөө нэг удаа төмсөг болон зүүн талын цавь хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд бид хоёр зодолдохоо больсон. Чинзоригт тэр аваарын шатны хэсэгрүү намайг зодох санаатай орж ирсэн. Зодооны дундуур би түүнийг “Одоо больё” гэж хэлсэн тэрийг тоохгүй өрөлтөө аваад надтай зодолдох оролдлого хийгээд байсан. Тэгээд би гараад явчихсан харин Чинзоригт тэндээ үлдсэн. Дээрх үйлдлийг бүгдийг нь харсан мөн оффисийн өрөөнд намайг зодсоныг  миний ширээний эсрэг талд сууж байсан Батбаатар гэж хүн бүгдийг нь харсан. Мөн Чинзоригтын ард байсан Баасанжав орж гараад явж байсан болохоор хагас дутуу харсан байх...Батбаатар харсан мөн Баасанжав харсан байж магадгүй. Харин бид хоёрын магалдаад байгааг бусад хүмүүс сонссон байх гэж бодож байна...Тэрийг мэдээгүй. Батбаатар ах зодоон болоод дундаа орсон дараа орж ирсэн байх. Би хэзээ нь орж ирсэн гэдгийг мэдэхгүй байна. Харин сүүлд нь Баасанжав эд нар орж ирсэн...Тэр яриад байсан ширээ сандалын хувиарлалтыг хэрэг болсоноос хойш 7 хоногийн дараа хийчихсэн барьж яваад надтай таарсан.  Чинзоригт нь манай Моннис группийн эзэний хүү. Мөн цагаан сарын өмнө миний цалинг хаагаад бас 2016 оны 02 дугаар сарын 12-нд ажлаас түр түдгэлзүүлсэн гэж хэлсэн. Мөн гэрч болох Батбаатарыг Чулуунзоригт захирал дуудаад юу болсоныг бүгдийг нь яриулаад  гаргасан гэж сонссон. Тэгээд бид нар гэрчийн мэдүүлэг өгөхөд нөлөөлж магадгүй гэж айж байгаа. Мөн миний ажлын компьютерийг хураагаад авсан дээр нь хэрэгтэй файлыг миний эсрэг ашиглахаас айж байна. Миний зүгээс тэр хүнийг өдөж хоргоосон, дээрэлхсэн, зодсон зүйл байхгүй. Тэр хүн энэ бүгдийг эхэлсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 104-105/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч С.Чинбат нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 48/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт /№1408/, шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалын №368/Б/ тоот шинжээчийн дүгнэлт зэргийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

            Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

            Учир нь шүүгдэгч С.Чинбат нь 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Моннис бюлдинг ХХК-ийн байранд хохирогч Ч.Чинзоригттой оффисын өрөөнд суух байршилаас болж маргалдан хохирогчийг зодож биед нь тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, хамрын нуруу, зүүн чих, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, доод уруулын дотор салстын язарсан шарх бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсныг хувийн таарамжгүй харьцааны улмаас бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэж үзнэ.

            Иймд шүүгдэгч С.Чинбатыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Шүүх хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хавтаст хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.

Прокуророос шүүгдэгч С.Чинбатад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч уг хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх заалтад зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба гэмт хэрэг үйлдсэнээс хойш эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн /6 сарын хугацаа өнгөрсөн/ байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь заалтад зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүхэд гэмт хэргийн улмаас хохирогчид шууд учирсан хохирлын зардалд 24.917.165 төгрөгийн баримт ирүүлснээс өмгөөлөгчийн өмгөөллийн хөлс /6.000.000 төгрөг/, зуучлалын хөлс /2000 ам доллар/, хоол хүнс авсан гэх зардал /158.630 вон/, урагдсан хослол (косьтюм)-ын үнэ /1000 ам доллар/ зэрэг баримтуудыг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан шууд зардал гэж нотлох баримтаар үнэлэн хохирлын дүнд тооцуулах үндэслэлгүй гэж үзлээ.

Харин хохирогч Ч.Чинзоригт нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа /өмгөөлөгчийн өмгөөллийн хөлс, зуучлалын хөлс, хоол хүнс авсан гэх зардал, урагдсан хослол (косьтюм)-ын үнэ/ нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлая.

Хавтаст хэрэгт авагдсан БНСУ-ын Хонг Ик эмнэлэгт хийлгэсэн хагалгааны төлбөр 6.000.000 воны мөнгө тушаасан баримт хэрэгт авагдаагүй хэдий ч тус хугацаанд уг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан баримт, эмчлэгч эмчийн эмчилгээний явцын тэмдэглэл, эмнэлгийн эмчилгээний төлбөр төлсөн болохыг тодорхойлсон тодорхойлолт зэргийг үндэслэн шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд нотлох баримтаар үнэлэн хохирлын тооцоонд оруулсан болохыг тэмдэглэв.

Хүний амь нас, бие эрхтэн, өвчин, зовиур шаналал, сэтгэл санааны байдал зэрэг эдийн бус хохирлыг үнэлэх талаарх зохицуулалт Эрүүгийн хуульд тусгагдаагүй, тодорхойлох боломжгүй байх тул хохирогч Ч.Чинзоригтийн сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 10.000.000 /арван сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд  хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу шүүгдэгч С.Чинбатаас хохирогчийн БНСУ-д хийлгэсэн эмчилгээний төлбөр 6.000.000 вон буюу монгол мөнгөөр 9.960.000 төгрөг, Монгол Улсад хийлгэсэн эмнэлгийн үзлэгийн төлбөр 285.000 төгрөг, нислэгийн тийз 985.800 төгрөг, эмнэлгийн талаарх лавлагаа, үйлчилгээний төлбөр 200.000 төгрөг, зочид буудлын төлбөр 390.000 вон буюу монгол мөнгөөр  647.400 төгрөг, нотариатын хөлс 50.400 төгрөг, орчуулгын хөлс 510.600 төгрөг нийт 12.639.200 /арван хоёр сая зургаан зуун гучин есөн мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, хохирогч Ч.Чинзоригтод олгох нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Ч.Чинзоригтын гавлын рентген зураг 1 ширхэг, “Хонг Ик” эмнэлгийн эмчилгээний үйл явцыг харуулсан бичлэг бүхий компакт диск 1 ширхэг, “Натур" эмнэлгийн бичлэг бүхий компакт диск 1 ширхэг зэргийг хууль ёсны эзэмшигч Ч.Чинзоригтод буцаан олгож, “Бичлэг 1” гэсэн бичигтэй компакт диск 1 ширхэг, “Бичлэг 2” гэсэн бичигтэй компакт диск 1 ширхэг зэргийг зэргийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэв.

            Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Сартуул овогт Сандагдоржийн Чинбатыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

            2. Сартуул овогт Сандагдоржийн Чинбатад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

3. С.Чинбатад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

4. С.Чинбатад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5. Хохирогч Ч.Чинзоригтийн сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 10.000.000 /арван сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 12.639.200 /арван хоёр сая зургаан зуун гучин есөн мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Чинзоригтод олгосугай.

7. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Ч.Чинзоригтын гавлын рентген зураг 1 ширхэг, “Хон Гик” эмнэлгийн эмчилгээний үйл явцыг харуулсан бичлэг бүхий компакт диск 1 ширхэг, “Натур" эмнэлгийн бичлэг бүхий компакт диск 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч Ч.Чинзоригтод буцаан олгож, “Бичлэг 1” гэсэн бичигтэй компакт диск 1 ширхэг, “Бичлэг 2” гэсэн бичигтэй компакт диск 1 ширхэг зэргийг зэргийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

  9.  Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

10.  Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Чинбатад таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                  

ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                             Б.БАТБОЛОР