Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 024

 

            Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Гомдол гаргагч: “К” компанийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч:  Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрчим хүчний хяналтын улсын байцаагч Ш.С-д холбогдох,

            “Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн №0063068 дугаартай “Шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгуулах”  гомдлын шаардлагатай  захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

            Шүүх хуралдаанд: гомдол гаргагч К-ХХК-ийн захирал Х.Т, түүний өмгөөлөгч Х.Зулхаш, хариуцагч аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрчим хүчний хяналтын улсын байцаагч Ш.С орчуулагч Ж.Ахмарал  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч К-ХХК-иас шүүхэд гаргасан гомдолдоо болон  компанийн захирал Х.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 К-ХХК нь Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 /а/, Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Улсын Их Хурлын 2018 оны “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” 02 дугаар тогтоолын 4 дэх хэсэг, Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Үндэсний хөтөлбөр батлах тухай” 325 дугаартай тогтоолын хавсралтын 3.6.1, 3.6.6, 3.19.1, 3.26, 3.26.4-д заасныг тус тус үндэслэн, Засгийн газрын 2018 оны 325 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах дунд хугацааны үндэсний хөтөлбөр /2018-2023/-ийн 3.26.4-д заасан “Хот суурин газрын агаарын бохирдлыг бууруулах төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх” гэсэн заалтын дагуу 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр захиалагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга, Сагсай сумын Засаг дарга, гүйцэтгэгч К-ХХК-ны захирал нарын хооронд “Сагсай сумын төвд шинээр төвлөрсөн халаалтын зуух барих, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны гэрээ” 01/2016 гэх “гурвалсан” гэрээ байгуулж, Эрчим хүчний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.11 дүгээр зүйлд  заасан “эрчим хүчний барилга барих” үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн К-ХХК-д олгосон юм.

Энэхүү захиалагч аймгийн Засаг дарга, Сагсай сумын Засаг дарга болон гүйцэтгэгч К-ХХК-ны хооронд 2016 оны 3 дугаар сарын 10-нд байгуулагдсан “Сагсай сумын төвд шинээр төвлөрсөн халаалтын зуух барих, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны гэрээ” 01/2016, мөн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн “Барилгын ажлын зөвшөөрлийн 10/2017 дугаартай гэрчилгээ” зэрэг эрхийн актын дагуу К-ХХК нь Сагсай сумын төвд “төвлөрсөн халаалтын барилга байгууламж, нэгдсэн халаалтын магистраль шугамын иж бүрдэл барилга байгууламж”-ийг барьж ашиглалтад оруулж, Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2018 оны 13 тоот “тусгай зөвшөөрөл” авсан юм. К-ХХК нь гүйцэтгэгчийн хувьд Эрчим хүчний тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д заасны дагуу “тусгай зөвшөөрөл авах тухай өргөдлөө” Баян-Өлгий аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлд Эрчим хүчний тухай хуулийн 21.2.1-д заасан 10 төрлийн бичиг баримтын бүрдүүлбэр хангуулж, 2017 оны 01 дүгээр улиралд гаргасан байсан боловч, зөвлөл нь уг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-д заасан хуулийн хугацаанд зохих ёсоор шийдвэрлэж өгөөгүй байж удаан хугацаагаар чирэгдүүлсэн юм.

Жиш: К-ХХК нь Эрчим хүчний тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д заасан өргөдөл, холбогдох баримт бичгийн хамт 2017 оны 01 дүгээр улиралд Баян-Өлгий аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлд гаргасныг зөвлөлийн дарга Ш.Хабылаас лавлаж, эх материалыг нотлох баримтаар татан авч, үнэлэхийг хүсье. Гэтэл Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний  хяналтын улсын байцаагч Ш.Серикбол нь 2018 оны 5 дугаар сард К-ХХК-ны үйл ажиллагааг шалгаж, зөрчлийн хэрэг нээж 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 0063068 дугаартай “Шийтгэлийн хуудас”-аар Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 1.1-д зааснаар “тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эрхэлсэн” хэмээн үзэж К-ХХК-ыг Эрчим хүчний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.11, 12.1.2, 12.1.7, 12.1.9 дүгээр заалтуудыг ноцтой зөрчсөн гэж үзээд 2016, 2017, 2018 онуудын орлого 208797068 /хоёр зуун найман сая долоон зуун ерэн долоон мянга жаран найман/ төгрөгийг хурааж, 2500000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан болно.

К-ХХК-ны захирал Х.Тилеген миний бие Мэргэжлийн хяналтын газрын хяналтын улсын байцаагч Ш.Серикболын гаргасан 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 0063068 тоот дугаартай “Шийтгэлийн хуудас”-ыг гардан аваагүй боловч, зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд танилцсан тул эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг “эс зөвшөөрч” Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу “удирдах албан тушаалтан”-д хандаж гомдол гаргасан боловч гомдлын хариуг одоо хүртэл гардаж аваагүй, гомдол гаргасны дараа 0063068 тоот дугаартай “шийтгэлийн хуудас”-ыг биелүүлэх талаар надад ямар нэгэн мэдэгдэл, албан шаардлага хүргүүлээгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлэх арга хэмжээ аваагүй тул удирдах албан тушаалтан нь миний гомдлыг хангаж, улсын байцаагчийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 0063068 дугаартай “шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгосон гэж ойлгож явсан юм.

Мөн К-ХХК-ны захирал Х.Тилеген миний гэр бүлийн хүн /эхнэр Хуаныш/ нь хүндээр өвдөж, хорт хавдрын өвчний улмаас 2018 оны 7 дугаар сараас 2019 оны 10 дугаар сарын хооронд Улаанбаатар хотод Хавдар судлалын үндэсний төв эмнэлэгт өвчтөн сахиж хэвтэн эмчлүүлсэн. Улаанбаатар хотод байр хөлслөн амьдарч өвчтөн эмчлүүлсэн зэргээр “орон нутагт удаан хугацаанд” байгаагүй явдал нь “гомдол гарах хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрэх” нөхцөл болсон юм. Гэтэл улсын хяналтын байцаагчийн К-ХХК-д шийтгэл оногдуулсан 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 0063068 дугаартай “шийтгэлийн хуудас”-ыг Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Шийтгэлийн хуудсыг албадан гүйцэтгүүлэх тухай” 110/ШЗ2019/0427 дугаартай “Шүүгчийн захирамж”-аар баталгаажуулж, албадан гүйцэтгүүлэхээр тогтоосныг Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дуудан мэдэгдсэн, 2020 оны 01 дүгээр сарын дундуур үеэс олж мэдээд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахаар шийдвэрлэж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “гомдол гаргах хэтэрсэн хугацаа сэргээлгэх хүсэлт”-ийг “Хэрэг бүртгэлтийн удирдах албан тушаалтан”-д гаргасан боловч “Х.Тилеген таны гарын үсгийг шинжилгээгээр тогтоох үндэстэй байна” гэж 2020 оны 01 дүгээр сарын 21-нд “Хариу хүргүүлэх тухай” 01/39 албан тоотоор хариу өгсөн тул мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Баян-Өлгий аймгийн Ерөнхий прокурорт гомдол гаргаснаар Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “Гомдлыг хүлээн авах тухай” 5/01 дугаартай “Прокурорын тогтоол”-оор “гомдол гаргагч Х.Тилеген нь удаан хугацаанд Баян-Өлгий аймагт оршин сууж байгаагүй, 2018 оны 6 дугаар сарын 10-аас 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Х.Тилеген нь Улаанбаатар хотод Халдвар судлалын үндэсний төвд өвчтөн сахиж эмчилгээнд байсан.

Аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “Шинжээчийн дүгнэлт”-ээр /дүгнэлт №14/ зэрэг нотлох баримтыг үндэслэж “Гомдол гаргах хугацааг сэргээсэн” учраас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж байна. Гомдлын үндэслэл:

1.1: Аймгийн Мэргэжлийн  хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 00630068 дугаартай “Шийтгэлийн хуудас”-аар К-ХХК-д шийтгэл оногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг буруу хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх гомдлын тухайд,  

А. Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “энэ хуулийг 2017 оны 7 дугаар сарын 01-ээс эхлэн дагаж мөрдөнө” гэж заасан. Гэтэл 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 00630068 дугаартай “Шийтгэлийн хуудас”-аар К-ХХК-ны 2016 оны нийт 26.356.971 төгрөг, 2017 онд 149.180.691 төгрөг, 2018 онд 33.259.406 төгрөг буюу бүгд 208.797.068 төгрөг “борлуулалтын орлого” гэж хураасан нь Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “оногдуулах шийтгэлийг ... зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэснийг зөрчсөн.

В. К-ХХК нь 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр аймгийн Засаг дарга, Сагсай сумын Засаг дарга нартай “Сагсай сумын төвд төвлөрсөн халаалтын зуух барих төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны гэрээ” байгуулсан. 2017 оны 9 дүгээр сарын 11-нд барилгын ажлын зөвшөөрлийн 10/2017 дугаартай гэрчилгээ авсан зэрэг хүчин төгөлдөр эрхийн актуудаар үйл ажиллагаа явуулж байсан ба Эрчим хүчний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-д заасан “дулаан үйлдвэрлэх”, 12.1.7-д заасан “дулаан түгээх”, 12.1.9-д заасан “Эрчим хүчээр зохицуулалттай хангах”, 12.1.11-д заасан “Эрчим хүчний барилга барих” тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, болон Эрчим хүчний тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасан 10 төрлийн баримт бичгийн бүрдүүлбэрийг хангуулж аймгийн Зохицуулах зөвлөлд 2017 оны 1 дүгээр улиралд гаргаж өгсөн байсан юм.

Энэ  талаарх мэдээллийг тайлбарын хамт эрх бүхий албан тушаалтан Ш.Серикболд хэлсэн ба улсын байцаагч Ш.Серикбол өөрөө аймгийн Зохицуулах зөвлөлийн нэг гишүүний хувьд мэдэж байсан юм. Харин К-ХХК нь зөвшөөрөл хүссэн өргөдөл, баримт бичгийг 2017 онд өгсөн байхад Эрчим хүчний тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-д заасан “... 60 хоногт тусгай зөвшөөрөл хүссэн асуудлыг шийдвэрлэнэ” гэсэн заалтыг аймгийн Зохицуулах зөвлөл зөрчсөн гэж гомдол гаргаж байна.

С. Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Ш.Серикбол нь К-ХХК-д холбогдох зөрчлийг шалган шийдвэрлэхдээ К-ХХК нь 2016 оноос эхэлж “тусгай зөвшөөрөлгүй” үйл ажиллагаа явуулсан хэмээн үзэж, 2016, 2017, 2018 оны борлуулалтын орлого 208.797.068 төгрөгийн орлогыг хураах шийтгэл оногдуулсан юм. Энэ нь Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөрчлийн үр дагавар хэзээ илэрснээс үл хамааран тухайн зөрчил үйлдэгдсэн үеийг зөрчин үйлдсэн хугацаанд тооцно” гэснийг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл К-ХХК нь 2016 оноос эхэлж үйл ажиллагаа явуулсан тул зөрчил 2016 онд үйлдэгдсэн гэж үзэх, Зөрчлийн тухай хуулийн 2017 оны 7 дугаар сарын 01-ээс хүчин төгөлдөр мөрдөгдсөнийг харгалзаж үзээд Зөрчлийн тухай  хуулийн 1.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Шинээр зөрчилд тооцсон оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хүндрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийн буцаан хэрэглэхгүй” гэсэн заалтыг зөрчиж хууль буруу хэрэглэж шийтгэл оногдуулсан гэж гомдол гаргаж байна.

D. Эрх бүхий албан тушаалтны 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 00630068 дугаартай “Шийтгэлийн хуудас”-аар К-ХХК-ны 2016, 2017, 2018 онуудад “тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлсэн” гэх зөрчилд шийтгэл оногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан “хөөн хэлэлцэх хугацааг” тоолох журмыг хэрэглээгүй нь “хууль хэрэглээний алдаа” гэж үзэж байна.

Тухайлбал: Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Зөрчлийг хуулийн этгээд үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох шийтгэлийн хэмжээг арав дахин нэмж дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолно” гэж заасан байна. Зөрчлийн тухай хуулийн 12.8-д заасан /Эрчим хүчний тухай хууль зөрчих/ зөрчил нь “хуулийн этгээдийг 2500 нэгжтэй тэнцэх хэмжээтэй торгоно” гэж заасан тул Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 10 дахин нэмж дүйцүүлбэл /2500 нэгж*10/ 25000 нэгж буюу 25 сая төгрөг болох юм. Энэ нь Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “10-аас 500 нэгжийг 10 дахин нэмж дүйцүүлбэл 100-5000 нэгж буюу 100000-5000000 төгрөг хүртэлх торгуульд хэлбэлзэх тул Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлд заасан 2500 нэгж буюу 2500000 төгрөгийн торгууль нь Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хөөн хэлэлцэх хугацаатай байх юм.

Иймд К-ХХК-д холбогдох зөрчлийг шалган шийдвэрлэхэд Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1-д заасан “... дараах хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй” гэсэн заалт, мөн хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1-д заасан “Зөрчлийн үр дагавар хэзээ илэрснээс үл хамааран тухайн зөрчил үйлдэгдсэн үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно” гэсэн заалт, хуулийн 1.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “хөөн хэлэлцэх хугацааг зөрчил үйлдсэн өдрөөс эхлэн шалган шийдвэрлэх ажил эхлүүлэх хүртэл тоолно” гэсэн заалтуудыг ноцтой зөрчсөн гэж гомдол гаргаж байна.

 Нотлох баримтад буруу үнэлэлт дүгнэлт хийсэн, хөрөнгө орлогыг буруу тодорхойлсон талаарх гомдлын тухайд:

2.1 К-ХХК-ны Сагсай сумын төсөвт байгууллагуудад “дулааны эрчим хүчээр хангаж” Баян-Өлгий аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс тогтоосон үнийн тарифаар тооцож авсан дулааны үнийг Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “борлуулалтын орлого” хэмээн тооцож орлогыг хураах шийтгэл оногдуулсан нь бодит байдалд нийцэхгүй байна.

Тухайлбал: Улсын байцаагчийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 00630068 дугаартай “Шийтгэлийн хуудас”-аар хураах шийтгэл оногдуулсан 2016 оны 26.356.971 төгрөг, 2017 оны 149.180.691 төгрөг, 2018 оны 33.259.406 төгрөгийн буюу бүгд 208.797.068 төрөг дотор К-ХХК-ны өрийн өртөг шингэсэн олон арван мянган тонн нүүрсний үнэ, нүүрс тээвэрлэлтийн зардал, машин механизм, тоног төхөөрөмжийн элэгдэл хорогдол, ажилчдын цалин хөлс, нормын хувцас хунар, хөдөлмөр хамгааллын эд хэрэгсэл, нормын сүү, Нийгмийн даатгалын шимтгэл, бүх төрлийн татвар зэрэг үйлдвэрлэлийн үндсэн болон эргэлтийн хөрөнгийн нэмүү өртөг шингэсэн мөнгөн болон эд хөрөнгийн зардал /зарлага/ багтаж байгаад эрх бүхий албан тушаалтан дүн шинжилгээ хийгээгүй, зохих хууль ёсны нотлох баримтыг шалгаагүйгээр хэрэглэгчийн төлсөн бүх дулааны хөлсийг “борлуулалтын орлого” гэж тооцож хураасан нь хууль бус үндэслэлгүй шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзэж байна.

Ингэж буруу тооцоолол гаргасан нь К-ХХК-ны 2017, 2018 оны санхүүгийн аудитын тайлан, дүгнэлтээр тогтоогдоно. Тухайлбал: 2017 онд аудитын тайлангаар К-ХХК нь тайлант үеийн цэвэр ашиг орлого 2.610.800 /хоёр сая зургаан зуун арван мянга найман зуун төгрөг/ 2018 онд тайлан үеийн цэвэр ашиг орлого 8.689.050 төгрөг байсныг нотлох баримтаар авч дүгнэлгүй, хэрэглэгч нарын дулаан ашигласны төлбөрийг хураах шийтгэл оногдуулсан нь хэргийг буруу шийдвэрлэснийг илтгэж байна.

Иймд шүүхээс хүсэх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар К-ХХК-д шийтгэл оногдуулсан Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 00630068 дугаартай “Шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгож өгнө үү.

2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сагсай сумын төвлөрсөн зуухыг ашиглалтад өгсөн. 2017 оны 1 дүгээр сард аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн дарга Ш.Хабыл, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Ш.Серикбол Ж.Ховдахан гэх 3 хүн ирж, Сагсай сумын Засаг дарга Х.Хонаевын өрөөнд хурал хийж, бид нар нэмэлт зуух тавьсны дараа зөвшөөрөл өгнө гэж хэлсэн. 2017 онд 10 төрлийн бичиг баримтаа бүрдүүлж, тусгай зөвшөөрөл авахаар Эрчим хүчний зохицуулах зөвлөлд хандаж байсан. Тэгээд 2018 оны 5 дугаар сарны 16-ны өдөр тусгай зөвшөөрөл авсан. Мөн 2016 онд аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн Х.Асхараас барилга барих тусгай зөвшөөрөл авсан гэв.

Гомдол гаргагч К-ХХК-ийн өмгөөлөгч Х.Зулхаш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

К-ХХК 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн №0063068 дугаартай “Шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгохыг хүсэж гомдлоо гаргасан.

 К-ХХК-д эрх бүхий албан тушаалтан 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн №0063068 дугаартай “Шийтгэлийн хуудас”-аар хөрөнгө хураах шийтгэл ногдуулахдаа холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, хууль бус шийтгэл ногдуулсан гэж гомдол гаргасан.

2016 онд захиалагч аймгийн Засаг дарга, Сагсай сумын Засаг дарга болон гүйцэтгэгч К-ХХК-ны хооронд 2016 оны 3 дугаар сарын 10-нд байгуулагдсан “Сагсай сумын төвд шинээр төвлөрсөн халаалтын зуух барих, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны гэрээ” байгуулж, уг гэрээний дагуу эрчим хүчний барилга барих, үйл ажиллагаа эрхэлж тухайн газарт эрчим хүчний барилга байгууламж барьсан. Уг гэрээг үндэслэж, 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн “Барилгын ажлын зөвшөөрлийн 10/2017 дугаартай гэрчилгээ” зэрэг эрхийн актын дагуу К-ХХК нь Сагсай сумын төвд “төвлөрсөн халаалтын барилга байгууламж, нэгдсэн халаалтын магистраль шугамын иж бүрдэл барилга байгууламж” барьж ашиглалтад оруулж, Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2018 оны 13 тоот “тусгай зөвшөөрөл” авсан.

Барилгын ажлыг дуусгаж улмаар Сагсай сумын төвд гурвалсан түншлэлийн гэрээгээр эрчим хүчийг төсөвт байгууллагад түгээх, борлуулах, зохицуулалтаар хангах зэрэг Эрчим хүчний тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүй байсан ч К-ХХК явуулж эхэлсэн.

К-ХХК нь гүйцэтгэгчийн хувьд Эрчим хүчний тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д заасны дагуу “тусгай зөвшөөрөл авах тухай өргөдлөө” Баян-Өлгий аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлд Эрчим хүчний тухай хуулийн 21.2.1-д заасан 10 төрлийн бичиг баримтын бүрдүүлбэр хангуулж, 2017 оны 01 дүгээр улиралд Баян-Өлгий аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлд гаргасан байсан боловч, зөвлөл нь уг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-д заасан хуулийн хугацаанд зохих ёсоор шийдвэрлэж өгөөгүй байж удаан хугацаагаар чирэгдүүлсэн. Энэ шийтгэлийн хуудас гарсны дараа тусгай зөвшөөрөл олгогдсон нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Тухайн хүсэлтийг шийдвэрлэж өгөхгүй явсаар байгаад, өнөөдрийн шийтгэлийн хуудас гарахад нөлөөлсөн. Хавтаст хэргээс судлуулсан 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн хуралдаанаар тухайн 2018 оны 02 дугаар сард өгсөн материалын хүрээнд асуудлыг шийдвэрлээд тусгай зөвшөөрлийг өгсөн. 2018 оны 02 дугаар сард бүх бичиг баримтын бүрдүүлбэрийг хангуулаад тусгай зөвшөөрөл авах болзол бүхий материалыг өгчхөөд байхад, Эрчим хүчний зохицуулах зөвлөл хайнга хандаж, шийдвэрлэхгүй явсаар байгаад өнөөдрийн эрх бүхий албан тушаалтны шийтгэвэр гарах хүртэл шийдэхгүй байгаад, шийтгэвэр гарсны дараа шийдвэрээ гаргасан. Энэ нь Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн хариуцлагагүй үйл ажиллагаа. Өнөөдрийн хариуцагч Ш.Серикбол өөрөө тухайн үед Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн гишүүн байсан. Мөн тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсныг 2016 оноос эхлээд мэдсээр байж, тухайн үед шийтгэвэр ногдуулж, К-ХХК-ны үйл ажиллагааг зогсоох боломж байсан. Шийтгэврийн хуудас ногдуулахдаа Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтууд ноцтой зөрчигдсөн.

Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “энэ хуулийг 2017 оны 7 дугаар сарын 01-ээс эхлэн дагаж мөрдөнө” гэж заасан. Гэтэл 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн эрх бүхий албан тушаалтны 00630068 дугаартай “Шийтгэлийн хуудас”-аар К-ХХК-ны 2016 оны нийт 26.356.971 төгрөг, 2017 онд 149.180.691 төгрөг, 2018 онд 33.259.406 төгрөг буюу бүгд 208.797.068 төгрөг “борлуулалтын орлого” гэж хураасан нь Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “оногдуулах шийтгэлийг ... зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэснийг зөрчсөн.

Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Ш.Серикбол нь К-ХХК-д холбогдох зөрчлийг шалган шийдвэрлэхдээ К-ХХК нь 2016 оноос эхэлж “тусгай зөвшөөрөлгүй” үйл ажиллагаа явуулсан хэмээн үзэж, 2016, 2017, 2018 оны борлуулалтын орлого 208.797.068 төгрөгийн орлогыг хураах шийтгэл оногдуулсан. Энэ нь Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөрчлийн үр дагавар хэзээ илэрснээс үл хамааран тухайн зөрчил үйлдэгдсэн үеийг зөрчин үйлдсэн хугацаанд тооцно” гэснийг зөрчиж байна.

Өөрөөр хэлбэл К-ХХК нь 2016 оноос эхэлж үйл ажиллагаа явуулсан тул зөрчил 2016 онд үйлдэгдсэн гэж үзэх, Зөрчлийн тухай хуулийн 2017 оны 7 дугаар сарын 01-ээс хүчин төгөлдөр мөрдөгдсөнийг харгалзаж үзээд Зөрчлийн тухай  хуулийн 1.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Шинээр зөрчилд тооцсон оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хүндрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийн буцаан хэрэглэхгүй” гэсэн заалтыг зөрчиж хууль буруу хэрэглэж шийтгэл оногдуулсан.

Эрх бүхий албан тушаалтны 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 00630068 дугаартай “Шийтгэлийн хуудас”-аар К-ХХК-ны 2016, 2017, 2018 онуудад “тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлсэн” гэх зөрчилд шийтгэл оногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан “хөөн хэлэлцэх хугацааг” тоолох журмыг хэрэглээгүй нь хууль хэрэглээний алдаа гэж үзэж байна. Тухайлбал: Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Зөрчлийг хуулийн этгээд үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох шийтгэлийн хэмжээг арав дахин нэмж дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолно” гэж заасан байна.

К-ХХК-ийг жишээ болгон авч үзвэл Зөрчлийн тухай хуулийн 12.8-д заасан зөрчил нь “хуулийн этгээдийг 2500 нэгжтэй тэнцэх хэмжээтэй торгоно” гэж заасан тул Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 10 дахин нэмж дүйцүүлбэл /2500 нэгж*10/ 25000 нэгж буюу 25 сая төгрөг болно. Энэ нь Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “10-аас 500 нэгжийг 10 дахин нэмж дүйцүүлбэл 100-5000 нэгж буюу 100000-5000000 төгрөг хүртэлх торгуульд хэлбэлзэх тул Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлд заасан 2500 нэгж буюу 2500000 төгрөгийн торгууль нь Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хөөн хэлэлцэх хугацаатай байх юм.

 Иймд К-ХХК-д холбогдох зөрчлийг шалган шийдвэрлэхэд Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1-д заасан “... дараах хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй” гэсэн заалт, мөн хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1-д заасан “Зөрчлийн үр дагавар хэзээ илэрснээс үл хамааран тухайн зөрчил үйлдэгдсэн үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно” гэсэн заалт, хуулийн 1.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “хөөн хэлэлцэх хугацааг зөрчил үйлдсэн өдрөөс эхлэн шалган шийдвэрлэх ажил эхлүүлэх хүртэл тоолно” гэсэн заалтуудыг ноцтой зөрчсөн гэж гомдол гаргаж байна.

Нотлох баримтад буруу үнэлэлт дүгнэлт хийсэн, хөрөнгө орлогыг буруу тодорхойлсон талаарх гомдлын талаар тайлбарлавал,

К-ХХК-ны Сагсай сумын төсөвт байгууллагуудад “дулааны эрчим хүчээр хангаж” Баян-Өлгий аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс тогтоосон үнийн тарифаар тооцож авсан дулааны үнийг Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “борлуулалтын орлого” хэмээн тооцож орлогыг хураах шийтгэл оногдуулсан нь бодит байдалд нийцэхгүй байна. К-ХХК нь тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулснаас болж ямар нэгэн хохирол, хор уршиг учраагүй, харин ч нийгэмд ээлтэй ажиллагаа явуулсан нь тухайн орон  нутгийн Засаг даргын тайлбар, мэдүүлгээр нотлогдож байгаа. К-ХХК-ны явуулсан үйл ажиллагаа сумын төсөвт байгууллагуудыг нийтийн халаалтад холбож өгснөөр дулааны хангамж сайжирч, түүнээс гадна экологид ч, эдийн засагт ч хэмнэлттэй болсон.  Тийм учраас Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 00630068 дугаартай “Шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрчим хүчний хяналтын улсын байцаагч Ш.Серикболоос шүүхэд гаргасан тайлбартаа:

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Ш.Серикбол би 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 12.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгээр К-ХХК-ны захирал  Х.Тилегенд холбогдох 1813000140 дугаартай зөрчлийн хэрэг нээж Сагсай сумын төсөвт байгууллагууд болох Ерөнхий боловсролын сургууль, Хүн эмнэлэг, Хүүхдийн цэцэрлэг, Засаг даргын Тамгын газар, Соёлын төвд 2016 оны 11 дүгээр сараас эхэлж халаалт өгч тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эрхэлж, 2016 онд нийт 26356971 төгрөг, 2017 онд 149180691 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 33259406  төгрөг нийт 208797068 төгрөгийн борлуулалтын орлого олсон нь төсөвт байгууллагуудын дарга, нягтлан бодогч нарын гаргаж өгсөн бичиг баримт, К-ХХК-ны төсөвт байгууллагуудад бичсэн нэхэмжлэлүүдээр нотлогдсон тул Зөрчлийн тухай хуулийн дагуу 2500000 төгрөгөөр торгож хууль бусаар олсон орлого 208797068 төгрөгийг улсын орлого болгож хураах шийдвэр гаргасан.

К-ХХК-ийн захирал Х.Тилегенд холбогдох 1813000140 дугаартай зөрчлийн хэрэгт холбогдох бүх баримт бичиг байгаа тул нэмэлт тайлбар хийх шаардлагагүй  хавтаст хэргийн хүрээнд шийдвэрлэнэ гэж үзэж байна. Зөрчил шалган шийдвэрлэх явцад зөрчлийг арилгасан ба одоогийн байдлаар тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа хэвийн явуулж байна. Энэхүү ажлыг 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 01/2016 дугаартай “Баян-Өлгий аймгийн Сагсай сумын төвд шинээр төвлөрсөн халаалтын зуух барих төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны гэрээ”-ээр гүйцэтгэсэн нь тогтоогдсон ба захиалагч тал гэрээний үүргээ биелүүлээгүйгээс болж энэ асуудал үүссэн байна.

 К-ХХК-ны гаргасан зөрчлөөс болж аймагт эрчим хүчний барилга байгууламжийг дур мэдэн тусгай зөвшөөрөлгүйгээр барих зөрчил түгээмэл гарах шинжтэй болсон учраас зөрчлийн хэрэг нээж, хуулийн дагуу ажилласан. К-ХХК-д тусгай зөвшөөрөл аваарай гэж хэлсэн. Гэхдээ К-ХХК-ны захирал Х.Тилеген бичиг баримтаа бүрдүүлж өгч чадахгүй явсаар байж ийм байдалд хүрсэн. Зөрчлийг хуулийн хүрээнд явуулж, зөрчил шалган шийдвэрлэх явцад зөрчлийг арилгасан байгаа учраас Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.13-д “шалгалтын явцад илрүүлсэн зөрчлийн нэн даруй арилгаж, тавьсан шаардлагыг бүрэн биелүүлсэн бол тухайн этгээдийн хүсэлт, давтан шалгалтын дүнг үндэслэн ногдуулсан торгуулийн хэмжээг багасгах, эсхүл тухайн арга хэмжээг хүчингүй болгож болох бөгөөд энэхүү шийдвэрийг дээд шатны улсын байцаагч гаргана” гэсэн заалтын дагуу та дээд шатны улсын байцаагчид хандаарай гэж хэлсэн.

Зөрчлийн бүх материалтай танилцуулж, гарын үсгийг зуруулан нэг хувийг өгсөн.  Дараа нь К-ХХК-ны захирал Х.Тилеген Мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргасан байна. Тухайн гомдлын хариуг авсан. Бид тухайн хариуг авсны дараа шүүхэд өгөх болов уу гэж бодсон боловч өгөөгүй явсаар байгаад өнөөдрийн байдалд хүрсэн. Тиймээс зөрчлийн хэргийн материалын хүрээнд хуулийн дагуу шийдвэрлэхийг хүсэж байна  гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс гомдол гаргагч К-ХХК-иас Баян-Өлгий аймгийн мэргэжлийн хяналтын газрын эрчим хүчний хяналтын улсын байцаагчид холбогдуулан гаргасан “Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 0063068 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” гомдлын шаардлагыг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичмэл  нотлох баримтуудыг болон хэргийн оролцогчдын тайлбарыг үндэслэн бүхэлд нь хангаж, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр баталсан 04/93 дугаартай хяналт шалгалтын удирдамжийн[1] дагуу хариуцагч эрчим хүчний улсын байцаагч нь  Сагсай сумын төвийн төсвийн байгууллагуудад эрчим хүчний төвлөрсөн халаалт өгч  буй К-ХХК-ийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийж, уг хяналт шалгалтаар К-ХХК нь Эрчим хүчний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.11, 12.1.2, 12.1.7, 12.1.9-т заасан  “эрчим хүчний барилга байгууламж барих, дулаан үйлдвэрлэх, түгээх, хангах” тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эрхэлсэн   гэж үзэн, зөрчлийн хэрэг нээж,  хянан шийдвэрлэх ажиллагаа явуулан,  улмаар 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 0063068 дугаартай шийтгэлийн хуудсаар[2] Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 1 дүгээр хэсэгт заасны дагуу 2016, 2017, 2018 оны борлуулалтын орлого болох 208797068  /хоёр зуун найман сая долоон зуун ерэн долоон мянга жаран найм/ төгрөгийг хурааж, 2500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2500000 /хоёр сая таван зуу/ төгрөгөөр торгох шийтгэлийг ногдуулжээ.

Гомдол гаргагчаас эрх бүхий албан тушаалтны энэхүү шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар тус захиргааны хэргийн шүүхэд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан “Оролцогч энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, 6.10, 6.11, 6.12, 6.14, 6.15, 6.16, 6.17, 6.18, 6.19, 6.20, 6.21, 6.22, 6.23, 6.24, 6.25, 6.27, 6.28, 6.31 дэх заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан, …  шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ” гэсний дагуу гомдол  гаргасан, шүүх захиргааны хэрэг үүсгэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан нотлох  зарчмаар  хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж дараах нөхцөл байдлуудыг тогтоов.

  1. Оролцогчоос шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэх :

Захиргааны   хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн           14.1-т “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж,  14.1.1-т “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол” гэж тус тус заасан.

Мөн дээд шатны захиргааны байгууллага, эсхүл хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд дээд шатны захиргааны байгууллагад гомдол гаргах, уг гомдлыг шийдвэрлэх, шийдвэрлэсэн захиргааны актыг хэрхэн, яаж мэдэгдэх арга журмыг  Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудаар нарийвчлан зохицуулсан.

Хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй”, 93 дугаар зүйлийн 93.1-т “Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана”,  99 дүгээр зүйлийн 99.1-т “Гомдлыг хянан шийдвэрлэсэн захиргааны байгууллага энэ тухай захиргааны акт гарсан өдрөөс хойш ажлын таван өдрийн дотор гомдол гаргагч этгээдэд бичгээр мэдэгдэж, түүнийг баримтжуулна”,  99.2-т “Гомдлыг шийдвэрлэсэн захиргааны актыг мэдэгдэхэд энэ хуулийн 43 дугаар зүйлд заасан журам нэгэн адил үйлчилнэ”,  43 дугаар зүйлийн 43.1-т “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна”, 43.2-т “Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна”, 43.4-т “Хуульд өөрөөр заасан тохиолдолд захиргааны актыг гардуулах бөгөөд гардан авсан этгээд гарын үсгээ зурж баталгаажуулна. Захиргааны актыг албан ёсоор гардуулснаар түүнийг мэдэгдсэнд тооцно” гэж тус тус заасан.

 Гомдол гаргагч К-ХХК нь эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга буюу дээд шатны захиргааны байгууллагад Төрийн хяналт шалгалтын тухай  хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасан “Шалгуулсан байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригч, албан тушаалтан хяналт шалгалтын явцад хууль тогтоомж зөрчигдсөн, гаргасан шийдвэр үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо хяналт шалгалт хийсэн байгууллагын эрх баригчид гаргана” гэсэн эрхийн дагуу 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гомдол гаргасан, энэ гомдлыг дээд шатны захиргааны байгууллага 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр шийдвэрлэж, энэ шийдвэрийн талаар К-ХХК-ийн захирал Х.Тилегенд хүргүүлэхээр  тухайн өдөр 01/286 дугаар албан бичгийг[3] үйлджээ.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын явуулсан бичгийн бүртгэлийн дэвтрийн [4] 294 дүгээр мөрний тайлбар хэсэгт тусгагдсан “Телэгэн 07.2” гэсэн тэмдэглэгээ нь  К-ХХК-ийн захирал Х.Тилегений гарын үсэг биш болох нь 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 14 дүгээр шинжээчийн дүгнэлтээр[5] тогтоогдсон тул хуульд заасан журмын дагуу дээд шатны захиргааны байгууллагын 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн шийдвэрийг К-ХХК-ийн захиралд захиргааны байгууллага мэдэгдсэн гэж үзэх боломжгүй, байгууллага нь гомдол гаргагчид мэдэгдэх, баримтжуулах ажиллагааг өөрөө хариуцах үүргээ биелүүлээгүй байна гэж үзлээ.

Иймээс гомдол гаргагчийн тус шүүхэд гаргасан  “... 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 0063068 тоот дугаартай “Шийтгэлийн хуудас”-ыг гардан аваагүй боловч зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд танилцсан тул эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг “эс зөвшөөрч” Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу “удирдах албан тушаалтан”-д хандаж гомдол гаргасан боловч гомдлын хариуг одоо хүртэл гардаж аваагүй, гомдол гаргасны дараа 0063068 тоот дугаартай “шийтгэлийн хуудас”-ыг биелүүлэх талаар надад ямар нэгэн мэдэгдэл, албан шаардлага хүргүүлээгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлэх арга хэмжээ аваагүй тул удирдах албан тушаалтан нь миний гомдлыг хангаж, улсын байцаагчийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 0063068 дугаартай “шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгосон гэж ойлгож явсан юм , “... 2020 оны 01 дүгээр сарын дундуур үеэс олж мэдээд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахаар шийдвэрлэж, ...” гэсэн тайлбар нь  үндэслэлтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-т “Энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн бол хүн, хуулийн этгээд, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд хугацаа сэргээлгэх хүсэлтээ холбогдох нотлох баримтын хамт тухайн захиргааны хэргийн шүүхэд гаргаж болох бөгөөд шүүгч уг хугацааг хэтэрснээс хойш гурван жилийн дотор нөхөн сэргээж болно” гэж заасан, хуулийн энэхүү заалт нь захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрээ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн бол  гомдол гаргагч “... мэдсэнээс хойших”  30 хоногийн  дотор  захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хуулийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хамааралтай заалт бөгөөд  харин дээд шатны захиргааны байгууллага тухайн шийдвэрийг хуульд заасан журмын дагуу хаяглагдсан этгээдэд мэдэгдээгүй тохиолдолд    энэ заалт хамааралгүй юм.

Тодруулбал,  К-ХХК нь дээд шатны захиргааны байгууллагын шийдвэрийн талаар  аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газраас 2020 оны 01 дүгээр сард  мэдсэн, мэдсэнээс хойш аймгийн прокурорын газарт шүүхэд гомдол гаргах хугацааг сэргээлгэхээр хүсэлт гаргасан, аймгийн прокуророос уг хүсэлтийг 2020 оны 01 дүгээр сарын 24-нд шийдвэрлэсэн, өөрөөр хэлбэл зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо  хамгаалуулахаар зохих байгууллагуудад хандаж байсан  зэрэг үйл баримтууд нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[6] тогтоогдож байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т заасан   шүүхэд гомдол гаргах  хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

  1. Маргаан бүхий захиргааны акт болох эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 0063068 дугаартай шийтгэлийн хуудасны хууль зүйн үндэслэлийн тухайд:

Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т “Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл нь энэ хуулийн 9.1.6, 9.1.7, 9.1.8, 9.1.9, 9.1.10-д зааснаас гадна дараах эрх, үүрэгтэй байна”, 11.3.1-т “энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох”,  12 дугаар зүйлийн 12.1-т Хуулийн этгээд дараахь үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ”, 12.1.2-т “дулаан үйлдвэрлэх”, 12.1.7-т “дулаан түгээх”, 12.1.9-т “эрчим хүчээр зохицуулалтгүй хангах”, 12.1.11-т “эрчим хүчний барилга байгууламж барих” гэж тус тус заажээ.

 К-ХХК нь хуульд заасан дээрх үйл ажиллагаануудыг явуулах тусгай зөвшөөрөлгүйгээр 2016 оны 11 дүгээр сараас 2018 оны 5 дугаар сар хүртэл Сагсай сумын Засаг даргын Тамгын газар, Ахлах сургууль, Хүүхдийн цэцэрлэг, сургууль, эмнэлэг  зэрэг төсвийн байгууллагуудыг нэгдсэн халаалтаар хангасан үйл баримт нь хэрэгт авагдсан К-ХХК-ийн 2016, 2017, 2018 онуудын орлого[7], Зөрчлийн хэрэг дэх борлуулалтын орлогын товчоо[8], хэргийн оролцогчдын тайлбар зэрэг нотлох баримтуудаар  тогтоогдож байгаа ба К-ХХК нь Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заасныг зөрчсөн  болох нь тогтоогдож байна.

Гэхдээ эрх бүхий албан тушаалтнаас уг зөрчилд шийтгэл ногдуулахдаа холбогдох хуулиудыг   дараах байдлаар зөрчжээ. Үүнд:

1. Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эрхэлсэн” зөрчлийг үйлдсэн бол мөн зүйлийн 1.4-т “...  борлуулалтын орлогыг хурааж хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан.

Мөн хуулийн    1.5 дугаар зүйлийн  3 дахь хэсэгт “Зөрчлийг хуулийн этгээд үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох шийтгэлийн хэмжээг арав дахин нэмж дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тогтооно” ,  1 дэх хэсгийн 1.1-т “энэ хуульд хүнд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн” бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй,  2.4 дүгээр зүйлийн  2 дахь хэсэгт “Зөрчил тодорхой хугацаанд үргэлжилсэн бол үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно” гэж тус тус  заажээ.

К-ХХК-д торгох шийтгэл ногдуулсан эрх бүхий албан тушаалтан буюу энэ хэргийн хариуцагч нь К-ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, Эрчим хүчний тухай хуульд заасан тусгай зөвшөөрөл аваагүй үйл ажиллагаа явуулсан үндэслэлээр  2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 04-07-002/62 дугаартай “Үйл ажиллагааг зогсоох тухай” улсын байцаагчийн актыг[9] үйлдсэн, энэ акт гарснаар зөрчил үйлдсэн  хугацаа нь хуулийн дээрх заалтын дагуу таслан зогсоогдсон, энэ хугацаанаас эхлэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах хөөн хэлэлцэх хугацааг тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

 К-ХХК-ийн үйлдсэн зөрчилд хуулиар 2500 нэгжтэй тэнцэх хэмжээний шийтгэл ногдуулахаар заасан, хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан торгох шийтгэлийн хэмжээг хуулийн этгээдийн хувьд арав дахин нэмэгдүүлсэнтэй дүйцүүлэн тооцвол  торгох шийтгэлийн хэмжээ нь  100-аас 5000 нэгжтэй  ( 10x10=100, 500x10=5000) тэнцэх хэмжээний хооронд байх ба   2500 нэгжтэй тэнцэх хэмжээний торгууль  нь энэ заалтад  хамаарч байгаа тул уг зөрчил үйлдэгдсэнээс хойш   зургаан сар өнгөрсөн бол   уг зөрчилд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй байхаар хуульчилжээ.

 Улсын байцаагчийн   2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн актаар К-ХХК-ийн үйл ажиллагааг  зогсоосон атлаа   2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хэрэг нээж[10], зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн шийтгэлийн хуудсаар  2016, 2017, 2018 онуудад  олсон борлуулалтын орлогыг хурааж, 2500 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох  шийтгэл ногдуулсан нь зөрчлийн хөөн хэлэлцэх хугацааг нарийвчлан зохицуулсан хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад зөрчилд шийтгэл оногдуулсан нь хууль бус байна.

 2. Эрчим хүчний тухай хуулийн 21 дүгээр зүйлд тусгай зөвшөөрөл авах асуудлыг зохицуулсан, 21 дүгээр зүйлийн 21.1-т “Сонирхогч хуулийн этгээд тусгай зөвшөөрөл авах тухай өргөдлөө Зохицуулах хороо буюу аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлд гаргана”, 21.2-т “Сонирхогч хуулийн этгээд тусгай зөвшөөрөл авах тухай өргөдөлдөө эрхлэх үйл ажиллагааны төрөлтэй уялдуулан дараахь бичиг баримтыг хавсаргана”, 21.4-т “Тусгай зөвшөөрөл авах тухай өргөдлийг хүлээн авснаас хойш 60 хоногийн дотор тусгай зөвшөөрөл олгох эсэх шийдвэрийг гаргана”,  21.5-т “Хэрэв өргөдөл, түүнд хавсаргасан баримтыг шаардлага хангаагүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 10 хоногийн дотор өргөдөл гаргагчид буцаана” гэж тус тус заажээ.

К-ХХК нь тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагад тусгай зөвшөөрөл олгох өргөдлийг  2016 оноос хойш удаа дараа  гаргаж байсан, уг өргөдлийг тухайн байгууллага  шийдвэрлээгүй болох нь  хэрэгт авагдсан аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн даргын  тус шүүхэд ирүүлсэн К-ХХК-ийн талаарх “...Тусгай зөвшөөрөл олгох асуудлыг 2016 оноос эхэлж аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлд хандаж тавьж ирсэн боловч Эрчим хүчний тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан бүх нөхцөл шаардлагыг хангаж, бичиг баримтыг бүрдүүлээгүй тул шийдвэрлэгдээгүй хойшилсоор ирсэн юм” гэсэн тайлбар бүхий 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 138 дугаар албан тоот[11], Зохицуулах зөвлөлд гаргасан К-ХХК-ийн “Тусгай зөвшөөрөл хүсэх тухай” 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хүсэлт[12] зэрэг нотлох баримтаар тус тус батлагдаж байна.

Дээрх үйл баримтаас үзэхэд К-ХХК нь хуульд зааснаар тусгай зөвшөөрөл олгох өргөдлөө гаргасан боловч Эрчим хүчний зохицуулах зөвлөл нь хуульд зааснаар 10 хоногт шаардлага хангаагүй үндэслэлээр  буцаагаагүй,   уг өргөдлийг  60 хоногт шийдвэрлээгүй,  тодорхой нэг шийдвэр гаргаагүй хойшлуулсан болох нь тогтоогдож байгаа ба  ийнхүү хуулийн хугацаанд шийдвэрлээгүй нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинжид тус тус    нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Улсын байцаагч нь  “тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан” үндэслэлээр 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр шийтгэл ногдуулсан,  шийтгэл ногдуулснаас 3 хоногийн дараа буюу 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн өргөдлийг үндэслэн  тусгай зөвшөөрөл олгох шийдвэрийг[13] гаргасан, барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг[14] 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр, Сагсай сумын төвд дулаан үйлдвэрлэх, түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийг[15] 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр тус тус олгосон үйл баримтаас дүгнэхэд  К-ХХК-ийн шууд буруутай үйл ажиллагааны улмаас тусгай зөвшөөрөл олгогдоогүй гэж үзэхэд учир дутагдалтай байна.  

Тодруулбал, энэ хэргийн хариуцагч нь  өөрөө Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн   гишүүн  мөн бөгөөд К-ХХК-ий үйл ажиллагааг 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр зогсоосон шийдвэрийг гаргасан, гомдол гаргагчаас Эрчим хүчний зохицуулах зөвлөлд тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасны дараа буюу  энэ өргөдлийг  шийдвэрлэх хуулийн  хугацаанд зөрчлийн хэрэг нээн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, шийтгэл ногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно” гэж заасан  хууль ёсны зарчим, 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимтай тус тус нийцээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд дээрх байдлаар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн үйлдсэн  2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн шийтгэлийн хуудас нь хууль бус, үүний улмаас К-ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тул гомдлын шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 3 дах хэсэг,  2.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт  заасныг тус тус  баримтлан гомдол гаргагч К-ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 0063068 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар  зүйлийн 113.2-т зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван  хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              З.ГҮЛБАРША

 

 

             

 

 

 

 

 


[1] Хэргийн 96 дугаар тал /1 хавтас/

[2] Хэргийн 124 дүгээр тал /1 хавтас/

[3] Хэргийн 2 дугаар тал /2 хавтас/

[4] Хэргийн 3-4 тал /2 хавтас/

[5] Хэргийн 242 дугаар тал /1 хавтас/

[6] Хэргийн 11 дүгээр тал /1 хавтас/

[7] Хэргийн 79-82 дугаар тал /1 хавтас/

[8] Хэргийн 119 дүгээр тал /1 хавтас/

[9] Хэргийн 100 дугаар тал /1 хавтас/

[10] Хэргийн 87 дугаар тал /1 хавтас/

[11] Хэргийн 51-52 дугаар тал /1 хавтас/

[12] Хэргийн 55 дугаар тал /1 хавтас/

[13] Хэргийн 65 дугаар тал /1 хавтас/

[14] Хэргийн 18 дугаар тал /1 хавтас/

[15] Хэргийн 19 дүгээр тал /1 хавтас/