Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 1872

 

 

 “МПИ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

                                  

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2017/01214 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч МПИ ХХК-ийн, КП ХХК-д холбогдуулан гэрээнээс учирсан хохиролд 71 477 767.35 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Г, түүний өмгөөлөгч Ц.Р

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.И, Л.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч МПИ ХХК-ийн төлөөлөгч Ц.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Мон-пасс интэрнэшнл ХХК нь 2008 онд КП ХХК-тай 331 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 45 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэй, 466 тоот зээлийн болон барьцааны гэрээгээр 120 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 2.4 хувийн хүүтэй, мөн 495 тоот зээлийн болон барьцааны гэрээгээр 87 000 ам.долларыг 3 сарын хугацаатай, 2.6 хувийн хүүтэй тус тус авч, үүнээс нийт 165 000 000 төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын малын тэжээл нийлүүлэх тендерт зарцуулсан.

Зориулалтын дагуу ашиглаж байсан их хэмжээний зээлийг бусдад шилжүүлж, хууль зөрчсөн Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн буруугаас зээлээ хугацаанд нь төлөх боломжгүй болж, манай компани хохирсон. Гэсэн ч тус компани болон хамтран зээлдэгч Х.Оюунчимэг нар 331, 495 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 816 дугаар шийдвэрийн дагуу зээл, зээлийн хүү, алданги, нийт 213 364 857 төгрөгийг 2014 онд бүрэн төлж дууссан.

Харин давж заалдах шатны шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 912 магадлал, Улсын Дээзд шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 104 дүгээр тогтоолтой 466 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээл, зээлийн хүү, алданги, нийт 89 178 431 төгрөг төлүүлэх төлбөрт маргаан үүссэн.

Учир нь хамтран зээлдэгч иргэн П.Ичинхорлоогийн 466 тоот зээлийн төлбөрт 2010 оны 02 дугаар сарын 05-ны өдөр тушаасан 31 429 076.09 төгрөгийн 30 979 042.52 төгрөгийг зувчуулж, 331, 495 зээлийн төлбөрт 4 026 722.1 төгрөг илүү суутган авч, дансны хуулгуудыг дур мэдэн засварласны улмаас 466 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээл, зээлийн хүү, алданги, нийт 89 178 431 төгрөг төлүүлэх шүүхийн магадлал, тогтоол гаргуулж Мон-пасс интэрнэшнл ХХК-ийг хохироосон.

КПны энэ үйлдлүүд зээл төлсөн баримт, зээлийн дансны хуулга, 2010 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн депозит дансны гүйлгээ, тус банкны 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 4/269 албан тоот, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2016 оны 4687 тоот, мөн 2017 оны 434 тоот тогтоол, тус дүүргийн хяналтын прокурор П.Нямцэцэг, Б.Байгалмаа нарын 2017 оны 5/106, 5/112 мэдэгдлээр бүрэн тодорхой болсон.

Банктай байгуулсан зээлийн гэрээний дагуу КП ХХК-иас нийт 71 477 767.35 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хараат бус аудитын дүгнэлтээр зээлийн хүү 43 945 837 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8 789 167.46 төгрөг, нийт 52 735 004.76 төгрөг гэж гарсан учраас нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Ийм учраас 52 735 004.76 төгрөгийг КП ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч КП ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.И, Л.Г нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: КП ХХК нь МПИ ХХК-тай 2008 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 466 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 120 000 000 төгрөгийн худалдаа, үйлчилгээний зээлийг олгосон.

Зээлдэгч нь тус зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул анх Сонгинохайрхан дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан, тус шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1299 дүгээр шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 912 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 104 дүгээр тогтоолоор МПИ ХХК-иас нэхэмжлэгч талд 89 178 431 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн.

Дээрх төлбөрийг төлүүлэхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа өнөөдрийг хүртэл хийгдэж байна.

МПИ ХХК нь уг зээлээс өмнө тус банкнаас 45 000 000 төгрөг, 87 000 ам.долларын 2 зээл авсан ба мөн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс шүүхэд нэхэмжлэл гарган, шүүхээр шийдвэрлүүлэн тус компаниар төлүүлсэн.

Мөн хариуцагч компани нь Улсын Дээд шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 104 дүгээр тогтоол гарснаас хойш уг зээлд 21 682 192.27 төгрөг, тус компаниас илүү төлүүлсэн 13 787 430 төгрөгийг нийлүүлэн үндсэн зээл болох 89 178 431 төгрөгөөс хасаад 53 708 809 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, өнөөдрийг хүртэл төлөөгүй, зээл төлүүлэхийг удаа дараа шаардсан албан тоотыг хүргүүлж, уулзалтыг хийж байгаа боловч ямар нэг үр дүнд хүрээгүй банкинд хүндрэл учруулсаар байна.

МПИ ХХК, КП ХХК нарын хооронд байгуулсан 466 тоот зээлийн гэрээтэй холбоотой асуудлаар гэм хорын хохирол үүссэн гэх үндэслэл нь Иргэний хуульд заасан гэм хороос үүсэх үүргийн ямар төрөлд хамаарах эсэх нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.4, 446 дугаар зүйлийн 446.1.5, 446.1.6-д тус тус зааснаар КП ХХК-д холбогдох Банкны тухай хууль, төлбөр тооцоо үзүүлэх гэрээний үүрэг зөрчсөн үйлдлийн улмаас учирсан хохиролд 52 735 004.76 төгрөг гаргуулах тухай Мон-пасс интэрнэшнл ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 2008 оны 8, 9 сард КП ХХК-тай 331, 466, 495 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, нийт 87 000 ам.доллар, 165 000 000 төгрөгийн зээл авсан. Тодорхой шалтгааны улмаас зээлээ хугацаанд нь төлж чадаагүй тул КП ХХК нэхэмжлэл гаргаж 331, 495 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 213 364 857 төгрөг, 466 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 89 178 431 төгрөгийг Мон-пасс интэрнэшнл ХХК-иар төлүүлэхээр шүүхийн шийдвэр гарсан.

Нэхэмжлэгч 331, 495 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 213 364 857 төгрөг төлөх Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 816 дугаар шийдвэрт 2009 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 103 59 ам.доллар, 2009 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 138 ам.доллар, 2009 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 350 ам.доллар, 2010 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 7 500 төгрөг, 2010 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 500 000 төгрөг, 2010 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 500 000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 91 000 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 125 000 000 төгрөг, нийт 217 864 300 төгрөг бэлнээр төлж, шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлсэн. 466 зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2009 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 59 000 000 төгрөг, 2009 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 9 500 000 төгрөг, 2009 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 12 000 000 төгрөг, 2009 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 13 000 000 төгрөг, 2010 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 31 429 076 төгрөгийг тус тус төлсөн байхад КП ХХК 2012 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр үндсэн зээл 56 799 979 төгрөг, зээлийн үндсэн хүү 36 394 213 төгрөг, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 7 278 842 төгрөг, нийт 100 473 035 төгрөг нэхэмжлэн, хариуцагчгүй шүүх хурал хийлгэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 1299 дүгээр шийдвэр гарсан.

Тухайн үед миний бие Улаанбаатар хотод байгаагүй. Уг шийдвэрт Мон-пасс интэрнэшнл ХХК гомдол гаргаж, давж заалдах шатны шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдийн 912 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 104 дүгээр тогтоолоор тус тус компани 466 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 89 178 431 төгрөгийг КП ХХК-д төлөхөөр болсон.

Гэтэл КП ХХК мэдэгдэлгүй, 2010 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 466 тоот зээлийн төлбөрт тушаасан 31 429 076.09 төгрөгийн 463 858.15 төгрөгийг уг зээлийн дансанд авч, бусад 30 965 217.34 төгрөгийг балансын гадуур гэх мэт дансуудад байршуулж, үндэслэлгүй үндсэн зээл, зээлийн хүү, алданги төлүүлэх шүүхийн шийдвэр гаргуулсан болох нь тус компанийн гомдлоор хийгдсэн банкны дотоод аудитын шалгалтаар илэрсэн. КП ХХК нь Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.4, 446 дугаар зүйлийн 446.1.2, 446.1.3, 446.1.6-д заасныг тус тус ноцтой зөрчиж, тус компанийн 466 тоот зээлийн гэрээний төлбөрт тушаасан 30 965 217.94 төгрөгийг хугацаанд нь дансанд хийхгүй зувчуулсан нь тогтоогдсон.

Иймд тус компани хараат бус "Чадварлаг аудит" ХХК-д хандаж, хууль тогтоомжийн дагуу зохих шалгалтууд явуулж, зээлийн гэрээг үндэслэн 30 965 217.34 төгрөгт ногдох 1774 хоногийн 2.4 хувийн хүүг 43 945 837.30 төгрөг, алданги буюу нэмэгдүүлсэн хүүг 8 789 167.46 төгрөг гэж тооцсон хараат бус аудиторын дүгнэлт гаргаж, Мон-пасс интэрнэшнл ХХК, КП ХХК-иас хүү, алданги, нийт 52 735 004.76 төгрөг нэхэмжлэх эрхтэйг нотолсон.

Тус компанийн нэхэмжилж байгаа хүү, алданги нь 2010 оны 02 дугаар сарын 05-ны өдөр тушаасан 30 965 217.34 төгрөгийг хугацаанд нь 466 тоот зээлийн дансанд хийхгүй, мэдэхгүй, өөр данснуудад байршуулж, үндэслэлгүй их хэмжээний үндсэн зээл, зээлийн хүү, алданги бодож, МПИ ХХК-иар 466 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 89 178 431 төгрөг төлүүлэх шүүхийн магадлал, тогтоол гаргуулсан нь КП ХХК-ийн Иргэний хууль зөрчсөн үйлдлийн үр дагавар юм.

Иймд 2010 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх 1774 хоногийн 30 965 217.34 төгрөгт ногдох хүү, алданги 52 735 004.76 төгрөгийг 2008 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан 466 тоот зээлийн гэрээнд үндэслэн КП ХХК-иас гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Иргэний хуульд гэрээний эрх тэгш байдлыг тодорхой зохицуулсан байтал анхан шатны шүүх тус компанийн КП ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний заалтууд зөвхөн арилжааны банкинд хамаатай, банк илүү эрхтэй байхаар дүгнэлт хийсэн нь Иргэний хуулийн холбогдох заалтыг ноцтой зөрчсөн.

Мөн энэ харилцаа нь үүргийн төрөлд үл хамаарах бөгөөд гагцхүү зээл тооцооны үүрэгт хамаарах байтал Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1, 216.2 дахь заалтуудыг баримталж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй, шүүхийн баримталсан хуулийн заалтууд нь тооцоонд үл хамаарах заалт юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч компанийн хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй боловч хуулийг буруу тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг залруулан өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч “МПИ” ХХК нь КПнаас гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохиролд 71 477 767 төгрөг гаргуулахаар шүүхэд хандаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “ЧА” ХХК-ийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлээ багасган 52 735 004 төгрөг шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талуудын хооронд 2008 оны 6 дугаар сарын 25-наас 9 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд 3 өөр үнийн дүн бүхий 331, 466, 495 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдан, нэхэмжлэгч “МПИ” ХХК нь зээл авсан байдаг. /хх-36-39, 40-42, /

Дээрх зээлийн гэрээний үүргээ нэхэмжлэгч тал хугацаанд нь биелүүлээгүйгээс маргаан үүсч, шүүхээр шийдвэрлүүлэн, улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар 331, 495 тоот зээлийн гэрээний үүрэг дуусч, 466 тоот гэрээний үүрэгт хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр 89 178 431 төгрөг төлөхөөр болжээ. /хх-9-13 дугаар тал/

Зохигчид дээрх үйл баримтын талаар маргаагүй, мөн нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрдөг, харин хариуцагч КП ХХК нь 466 тоот зээлийн гэрээний үүрэгт төлсөн 31 429 076 төгрөгийг нэхэмжлэгч компанийн зөвшөөрөлгүйгээр өөр төлбөрт суутган авснаас гэрээний дагуу төлөх зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нэмэгдэж хохирсон гэж марган энэ үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

“МПИ” ХХК, КП ХХК-ийн хооронд байгуулсан 2008 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 466 тоот зээлийн болон барьцааны гэрээний хугацаа 2009 оны 3 дугаар сарын 03-ны өдөр дууссан, хамтран зээлдэгч н.Ичинхорлоогоос 2010 оны 02 дугаар сарын 05-ны өдөр зээлийн үүрэгт 31 429 076 төгрөг төлжээ. /хх-17 дугаар тал/

Хариуцагч КП ХХК нь Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.4 дэх хэсэгт зааснаар төлбөр тооцоо гүйцэтгэгчийн хувьд харилцагчийн өгсөн үүрэг буюу зөвшөөрлийн үндсэн дээр төлбөр тооцоог гүйцэтгэх байтал энэ үүргээ зөрчиж, нэхэмжлэгч талын 466 тоот зээлийн гэрээний үүрэгт гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн 31 429 076 төгрөгөөс 13 787 430 төгрөгийг өөр өр төлбөрт суутгаж авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Үүний улмаас нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан төлөх хугацаа нь нэгэн зэрэг болсон тохиолдолд үндсэн үүргийг хүүгийн өмнө төлүүлэх, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан илүү хүнд нөхцөлтэй буюу хариуцлага тооцогдож болох өрийг тэргүүнд ээлжинд гүйцэтгэх боломжоо алдсан байна. Нэхэмжлэгч компанид хэтэрсэн хугацааны болон нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийн хэмжээ ихэссэн нөхцөл байдал хэрэгт авагдсан Чадварлаг аудит ХХК-ийн дүгнэлт, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, КПны 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 4/269 тоот албан бичиг, депозит дансны хуулга зэрэг бичгийн нотлох баримт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 446 дугаар зүйлийн 446.1.5-д зааснаар хариуцагч нь алдаатай хийсэн мөнгөн гүйлгээтэй холбоотой учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч “МПИ” ХХК-д учирсан бодит хохирлыг үндсэн зээлд бус өөр өр төлбөрт суутгасан гэх 13 787 340 төгрөгт 2010 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл нийт 29 сард тооцогдсон хэтэрсэн хугацааны болон нэмэгдүүлсэн хүүг, нийт сарын 2.8 хувиар тооцоход 11 195 393 төгрөг болж байна. Иймд уг төлбөрийг хариуцагч КПнаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Харин нэхэмжлэгч компанид 41 539 611 төгрөгийн бодит хохирол учирсан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул энэ хэсэгт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шүүхийн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2017/01214 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.4 дэх хэсэг, 446 дугаар зүйлийн 446.1.5-д заасныг баримтлан хариуцагч КП ХХК-иас 11 195 393 /арван нэгэн сая нэг зуун ерэн таван мянга гурван зуун ерэн гурван/ төгрөг гаргуулан “МПИ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 41 539 611 /дөчин нэгэн сая таван зуун гучин есөн мянга зургаан зуун арван нэгэн/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч КП ХХК-иас 194 076 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                          ШҮҮГЧИД                                        Г.ДАВААДОРЖ

 

                                                                                Ч.ЦЭНД