Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 940

 

                                                        Э.М-т холбогдох эрүүгийн

                                                                   хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч Ц.Оч, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор П.Нямцэцэг,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 618 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, дээд шатны прокурор Д.Булганцэцэгийн бичсэн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 68 дугаартай эсэргүүцлээр Э.М-т холбогдох эрүүгийн 1811020430691 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Өлзийцогт овгийн Э.М-, 1987 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй /РД:/;

            Э.М- нь 2018 оны 7 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чикаго” нэртэй шөнийн цэнгээний газарт иргэн Б.Цэндсүрэнг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Э.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналын хамт шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.М-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг СиДи-г хэрэгт үлдээж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Д.Булганцэцэг тус шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...анхан шатны шүүх Э.М-т оногдуулсан торгох ялыг 2 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасан “Шийтгүүлсэн этгээд тухайн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор торгуулыг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчиж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү...” гэжээ.

Прокурор П.Нямцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Э.М- нь 2018 оны 7 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чикаго” нэртэй шөнийн цэнгээний газарт иргэн Б.Цэндсүрэнг зодож, эрүүл мэндэд нь “баруун хацар, баруун нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдлоо.

Хохирогч Б.Цэндсүрэн нь тухайн цаг хугацаанд болсон үйл явдал, Э.М-тэй маргалдах болсон шалтгаан, өөрийн биед учирсан гэмтлийн талаар /хх-ийн 9/ тодорхой мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлэг нь гэмт хэрэг үйлдэгдсэн газар, тухайн цаг үед болж байгаа явдлыг харуулсан “Чикаго” шөнийн цэнгээний газрын хяналтын камерын дүрс бичлэг, түүнээс хуулбар хийсэн “Сиди” 1 ширхэгийг нотлох баримтын ач холбогдолтой гэж эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-6-7/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №8862 дугаартай дүгнэлт /хх-ийн 14/ зэргээр давхар нотлогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн ба эдгээрийг үндэслэн Э.М-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв, шүүх яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар бичсэн прокурорын саналыг харгалзан Э.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хэргийг хялбаршуулан хянан шийдвэрлэх журам”-ыг үйл ажиллагаандаа баримталсан байна.

Харин шүүгдэгч Э.М- нь анхан шатны шүүх хуралдаанд “...нөхөр маань өдрийн 100.000 төгрөгийн орлоготой, би торгох ялыг төлөх боломжтой...” /хх-ийн 53/ хэмээн илэрхийлсээр байхад шүүх түүнд оногдуулсан торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэснийг буруу гэж үзлээ.

            Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.” гэсэн заалт нь шүүхэд эрх олгосон заалт бөгөөд заавал хэрэгжүүлэхээр үүрэг болгосон заалт биш юм. Шүүх энэхүү заалтыг хэрэглэхдээ шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэхийн сацуу эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэх учиртай.

Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх нь эрүүгийн хариуцлагын нэгэн зорилго бөгөөд ялын цээрлэл нь гэмт хэрэг үйлдсэн хүний аливаа эрхийг хязгаарлах байдлаар хэрэгждэг тул үйлдсэн хэрэгтээ гэмшиж, улмаар хүмүүжих гэсэн эрмэлзлэлийг төрүүлдэг ач холбогдолтой болно.

Иймд шүүхээс торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоох шаардлагагүй гэж үзэн, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтыг тус тус хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан дээд шатны прокурорын бичсэн “...шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад өөрчлөлт оруулах тухай...” эсэргүүцлийг хэрэгсэхгүй болголоо. 

Түүнчлэн Эрүүгийн хууль нь эрүүгийн хариуцлагын үндэслэл, зарчмыг тогтоож, хүн, нийгэм, төрд аюултай ямар үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг гэж үзэх, түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагын болон ялын төрөл хэмжээ, хязгаарыг тогтоосон материаллаг хууль  болохынхоо хувьд уг хуулийг хэрэгжүүлэх зорилгоор, түүнд нийцүүлэн тогтоосон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай процессын хуулиас дээд хүчин чадалтай.

Нөгөөтэйгүүр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт “Торгох, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх журам”-ыг тогтоон хуульчилсан ба энэ хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор … биелүүлэх үүрэгтэй.” гэсэн заалт нь шүүхээс торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоогоогүй тохиолдолд хэрэгжихээр байгааг дурьдах нь зүйтэй.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 618 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтыг тус тус хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Дээд шатны прокурор Д.Булганцэцэгийн бичсэн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 68 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ОЮУНЧУЛУУН

                                 ШҮҮГЧИД                                                          Ц.ОЧ

                                                                                                            Н.БАТСАЙХАН