| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жалцаны Цэнгэл |
| Хэргийн индекс | 102/2017/00502/И |
| Дугаар | 182/ШШ2017/01008 |
| Огноо | 2017-05-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 182/ШШ2017/01008
| 2017 оны 05 сарын 08 өдөр | Дугаар 182/ШШ2017/01008 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: И.О-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц.У-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэг болох 9 002 000 төгрөг гаргуулах,
Ц.Угийн сөрөг нэхэмжлэлтэй, И.О-д холбогдох зохигчдын хооронд байгуулагдсан 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэвэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч И.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.У нь 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр И.О надаас 7 000 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлсэн юм. Ц.У нь 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд зээлийн хүүд 3 360 000 төгрөг төлсөн. Ц.У нь 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр үндсэн зээлийг хүүгийн хамт төлж гэрээг дуусгах байсан боловч тэрээр хүсэлт гаргаж дахин 6 сараар сунгасан.
Гэвч өнөөдрийг хүртэл үндсэн зээл 7 000 000 төгрөг, 4 сарын хүү болох 2 002 000 төгрөг нийт 9 002 000 төгрөг төлөөгүй байна. Иймд хариуцагч Ц.Угаас 9 002 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч Ц.У нь иргэн И.Оээс 2016 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 7 000 000 төгрөгийг сарын 6 сарын хугацаатай зээлсэн. 7 000 000 төгрөгийг Ц.Угийн эзэмшлийн 5079080401 тоот дансанд шилжүүлсэн. /ХААН банкан дахь дансны хуулгаар нотлогдоно/ 2016 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хугацааны зээлийн хүүд 3 360 000 төгрөгийг Ц.У төлсөн. Ц.У нь зээлийн гэрээг сунгах хүсэлтийг 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр бичгээр гаргаснаар гэрээг 6 сарын хугацаагаар сунгасан. Ц.У нь үндсэн зээл 7 000 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төлөгдөх байсан зээлийн хүү, мөн 11 дүгээр сарын 07-ны өдөр, 12 дугаар сарын 07-ны өдөр, 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төлөх байсан зээлийн хүү 2 002 000 төгрөг нийт 9 002 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй тул гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ц.У шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Ц.У миний бие иргэн И.Оээс 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 7 000 000 төгрөг зээлж, мөнгийг дансаар хүлээн авснаас зөвшөөрч байна. Миний бие нь өнгөрсөн хугацаанд 3 360 000 төгрөгийг төлсөн. Одоо үлдэгдэл төлбөр болох 3 640 000 төгрөг төлнө гэжээ.
Хариуцагч Ц.Угийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн зарим шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзээд үндсэн зээл, зээлийн хүүг нэхэмжилж байна. 7 000 000 төгрөг зээлсэн, зээлийн хүү гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээл авсан гэх баримт үйлдэж, мөнгө зээлж авсан тухайд маргахгүй байгаа.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан тул зээлийн гэрээ байгуулсан гэж үзэж байна.
Зээлдүүлэгч нь зээлдэгчид 7 000 000 төгрөгийг шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагдсан байна. Зээлдэгч үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн дагуу шаардах эрх үүсч болох юм. Нэхэмжлэлд дурдаж байгаа хариу үүрэг болох зээлийн хүү шаардах эрх зээлдүүлэгчид үүсэхгүй байна.
Зээлийн гэрээгээр талууд харилцан тохирч хүү тохирч болох бөгөөд, хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр гэрээ байгуулах ёстой. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282 дугаар зүйлийн 282.3-д тус тус заасан.
Зээлийн гэрээг бичгээр байгуулах хэлбэрийн шаардлагыг хангаагүй тул зээлийн хүү шаардах эрхгүй. Ц.Угийн 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн зээл авсан баримт, зээлийн хугацаа сунгах тухай хүсэлтийг тус тус өгсөн байгаа. Зээлийн гэрээ нь бүх гэрээний адил зөвшилцөл дээр тулгуурлана. Харилцан хүсэл зоригоо илэрхийлсэн. Нөгөө тал нь хүсэл зоригийн илэрхийлэлийг хүлээн зөвшөөрсөн байх ёстой. Зээлдүүлэгчийн хүсэл зоригийг илэрхийлсэн үг, үсэг байхгүй байгаагаас гадна гарын үсэг нь байхгүй. Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан гэрээний тусгай шаардлагыг хангахгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагч Ц.У шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ... Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д заасаны дагуу сөрөг нэхэмжлэл гаргаж байна. 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр И.Оээс 7 000 000 төгрөгийг 6 хувийн хүүтэй зээлсэн хэлцэл нь Иргэний хуулийн холбогдох зүйл заалтуудыг зөрчиж хийгдсэн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дах зааснаар хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Угийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.У нь И.Од холбогдуулан зохигчдын хооронд байгуулагдсан 2016 оны 01дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбараа бичгээр гаргаж өгсөн. Нэмж хэлэх тайлбар байхгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч И.О нь хариуцагч Ц.Уд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9 002 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг,
Хариуцагч Ц.У нь И.Од холбогдуулан зохигчдын хооронд байгуулагдсан 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ. /х.х-ийн 1, 41 тал/
Шүүх хуралдааны шатанд Ц.Угийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхсайхан нь И.Од холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа болно.
Нэхэмжлэгч И.О нь өөрийгөө бүх шатны шүүхэд төлөөлөх, хүсэлт гаргах, хэргийн материалтай танилцах, өмгөөлөгч авах, тайлбар гаргах, эвлэрэх зэрэг эрхийг Н.Орхонд 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр итгэмжлэлээр олгосон, итгэмжлэл хүчин төгөлдөр байна. /х.х-ийн 3 тал/
Нэхэмжлэгч И.О нь 9 002 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч Ц.Уд холбогдуулан гаргасан ба хариуцагч Ц.У нь нэхэмжлэлийн хувийг гардан авч, нэхэмжлэлд хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл гаргасны дараа итгэмжлэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө бүрэн төлөөлөх эрхийг 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр М.Энхсайхан, Л.Алтангэрэл нарт олгосон. /х.х-ийн 43 тал/
Хариуцагч Ц.У нь М.Э, Л.А нарт И.Оийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт өөрийгөө бүрэн төлөөлж, шүүхэд холбогдох тайлбар, хүсэлт гаргах, сөрөг нэхэмжлэл гаргах, сөрөг нэхэмжлэлээ өөрчлөх, татгалзах хэргийн материалтай танилцах, бүх шатны шүүх болон шүүх хуралдаанд төлөөлөн оролцох зэрэг итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрх, үүргийг эдлэх”-ээр итгэмжлэл тус тус олгосноор М.Энхсайхан, Л.Алтангэрэл мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Орхон нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 32 дугаар зүйлийн 32.2, 36 дугаар зүйлийн 36.1, 36.2-т зааснаар зохигчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хэргийн оролцогч болсон гэж үзнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа эрхтэй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах боломжтой.
Иймд хариуцагч Ц.У нь И.Од холбогдуулан гаргасан зохигчдын хооронд байгуулагдсан 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан Ц.Угийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй.
Нэхэмжлэгч И.О нь хариуцагч Ц.Уд холбогдуулан гаргасан зээлийн үүрэг 9 002 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээ гэх бичмэл баримт болон Ц.Угийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа сунгах тухай хүсэлт, ХААН банкны депозит дансны хуулга зэргийг үндэслэж байна. /х.х-ийн 7-12 тал/
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ ... Зээлийн гэрээгээр талууд харилцан тохиролцож хүү тохирч болох бөгөөд, хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр гэрээ байгуулах ёстой. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282 дугаар зүйлийн 282.3-д тус тус заасан. Зээлийн гэрээг бичгээр байгуулах хэлбэрийн шаардлагыг хангаагүй тул зээлийн хүү шаардах эрхгүй” гэж тайлбарлаж байгаа болно.
Шүүх хуралдаанд зохигчдын өгсөн тайлбар, хавтас хэрэгт авагдсан Ц.Угийн гарын үсэгтэй 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн зээл авсан баримт, Ц.Угийн гарын үсэгтэй 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний сунгалт гэх баримт, ХААН банкны депозит дансны хуулга зэрэг баримтуудаас үзэхэд:
Хариуцагч Ц.У нь нэхэмжлэгч И.Отэй харилцан тохиролцож 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 7 000 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлж, зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “зээлийн гэрээний хугацаа сунгах хүсэлт гарган, талууд харилцан тохирч 2017 оны 01 дүгээр сарын 07-ныг хүртэл гэрээний хугацааг сунгасан болох нь тогтоогдож байна. /х.х-ийн 4-5 тал/
Зохигчид зээлийн гэрээгээр зээлдүүлсэн мөнгөний үнийн дүн болон зээлийн хүүд төлсөн 3 360 000 төгрөгийн тухайд маргаагүй болно.
Хариуцагч Ц.У нь нэхэмжлэгч И.Оээс 7 000 000 төгрөгийг зээлэхдээ 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс сарын 6 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай, сар бүрийн 07-нд хүүгээ төлж байхаар өөрийн хүсэл зоригоо илэрхийлсэний дагуу И.О нь 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 7 000 000 төгрөгийг Ц.Угийн эзэмшлийн ХААН банк дахь ... тоот дансанд шилжүүлсэн байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-д заасан хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Талуудын дээрх тохиролцоо нь тухайн үед зохигчдын хүсэл зоригийн чөлөөт илэрхийлэл байсан байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэж тус тус заажээ.
Иймд зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх үүрэгтэй.
Зохигчид 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хийсэн хэлцэлээр хариуцагч Ц.У нь 7 000 000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төлж барагдуулах үүрэг хүлээсэн ба зээлийн хүү сарын 6 хувь байхаар тогтоон тохиролцсон гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь хариуцагч 7 000 000 төгрөг зээлэхдээ сарын 6 хувийн хүүтэй байхаар хэлэлцэн тохиролцсон байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хүү шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч И.О нь хариуцагч Ц.Уд 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээгээр 7 000 000 төгрөг зээлж, хариуцагч гэрээгээр тохиролцсоны дагуу зээл ашигласан хугацаанд сар бүрийн хүүд 2016 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 420 000 төгрөг, 03 дугаар сарын 07-ны өдөр 420 000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 420 000 төгрөг, 05 дугаар сарын 08-ны өдөр 420 000 төгрөг, 06 дугаар сарын 07-ны өдөр 420 000 төгрөг, 07 дугаар сарын 06-ны өдөр 420 000 төгрөг, 08 дугаар сарын 07-ны өдөр 420 000 төгрөг, 09 дүгээр сарын 07-ны өдөр 420 000 төгрөг нийт 3 360 000 төгрөг тус тус төлж байсан талаарх нэхэмжлэгчийн тайлбар, баримт нотлогоог хариуцагч баримтаар үгүйсгэж чадаагүй.
Өөрөөр хэлбэл И.Оийн нэхэмжлэлийг хариуцагч Ц.У баримтаар үгүйсгэж чадаагүй, 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээгээр 7 000 000 төгрөг хүлээн авсан болон зээлийн хүү, зээл буцаан төлөх хугацааны тухай тэмдэглэж, хариуцагч гарын үсгээ зуржээ. /х.х-ийн 4 тал/
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д зааснаар зээлийн хүүг, хүү тохиролцсон өдрөөс буюу уг тохиролцоо хийгдсэнээс хойш тооцох үндэслэлтэй.
Иймд шүүх талуудын дээрх тохиролцоог үндэслэн хариуцагч Ц.Угийн зээлийн гэрээгээр төлөх үүргийн хэмжээг тодорхойлох нь зүйтэй.
Хариуцагч 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг нь үндсэн зээл 7 000 000 төгрөг, сарын зээлийн хүү 420 000 төгрөг, 12 сарын хүүд 5 040 000 төгрөг нийт 12 040 000 төгрөг төлөх үүрэг хүлээжээ.
Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр дууссан байх бөгөөд зээлийн гэрээний хугацаанд зээлдэгч нь зээлийн төлбөрт 3 360 000 төгрөг төлсөн гэж үзнэ. /х.х-ийн 8-12 тал/
Ц.У нь үндсэн зээл 7 000 000 төгрөг зээлийн хүү /12 сарын хүү/ 5 040 000 төгрөг 12 040 000 төгрөг төлөхөөс гэрээний хугацаанд 3 360 000 төгрөг төлж, 8 680 000 /үндсэн зээл 7 000 000 төгрөг, хүү 1 680 000 төгрөг/ төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй байна.
Зээлдэгч нь зээлсэн мөнгөө харилцан тохиролцсон нөхцлийн дагуу эргүүлэн төлөх нь зээлдэгчийн хариуцлага бөгөөд үүнд эргэн төлөгдөх хугацаа, зээлийн хүү зээлийн үндсэн дүн орно.
Иймд хариуцагч Ц.Угаас 8 680 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч И.Од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 322 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2-т заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтангэрэлд мэдэгдсэн боловч, шүүх хуралдаанд ирээгүй тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар зохигчдын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. /х.х-ийн 50 тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-т зааснаар хариуцагч Ц.Угаас 8 680 000 /найман сая зургаан зуун наян мянган/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч И.Од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 322 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар И.Од холбогдох зохигчдын хооронд байгуулагдсан 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан Ц.Угийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158 982 төгрөг, сөрөг нэхэмжлэлд төлсөн 158 982 төгрөгийг тус тус улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 153 830 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.ЦЭНГЭЛ