Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/61

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дашням 

Улсын яллагч Х.Насанжаргал

Шүүгдэгч Х.Одончимэг, Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Хүрэлбаатарын Одончимэг, Бүргэд овогт Ганзоригийн Анужин нарт холбогдох эрүүгийн 2221000000039 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, ах, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын 7Б-04 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Хүрэлбаатарын Одончимэг /РД: ЖЮ 99040360/.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, Буйрын 3-15 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Бүргэд овогт Ганзоригийн Анужин /РД: ЖМ 99110205/.

Шүүгдэгч Х.Одончимэг, Г.Анужин нар нь бүлэглэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Хан Хэрлэн” зочид буудлын 15 тоот өрөөнд 2022 оны 01 дүгээр сарын 04-нөөс 2022 оны 01 дүгээр сарын 05-нд шилжих шөнө Б.Мөнгөнчимэгийг зодож биед нь тархи доргилт, дух зүүн чамархай, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацрын цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Х.Одончимэг шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв. 

Шүүгдэгч Г.Анужин шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв. 

Хохирогч Б.Мөнгөнчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгээд бид нар тус буудлын өрөөнд ороод пиво болон архи ууцгааж хоорондоо танилцаад юм яриад сууж байхад найз Одончимэг өөрийн найз Анужин гэх хүүхнийг дуудсан бөгөөд удалгүй Анужин ирээд мөн бид нарын ууж байсан зүйлээс хамт уусан. Тухайн үед би согтууруулах ундаа ихээр хэрэглэсэн байсан учраас яг ямар шалтгаанаас болж маргаснаа сайн санахгүй байна ямар ч байсан би өөрөө үг хэлсэн юм шиг байгаа юм. Ингээд найз Одончимэгтэй маргалдахад Одончимэг миний үснээс зулгаж нүүр рүү алгадаж газар унагааж үснээс чирсэн бөгөөд мөн түүний найз Анужин Одончимэгийг надаас өмөөрч миний үснээс зулгааж миний нүүр рүү хөлөөрөө өшиглөж зодсон. Тухайн үед өрөөнд байсан залуучууд салгах нь салгаж байгаад сүүлдээ дийлэхгүй өрөөнөөс гарцгаасан бөгөөд нэг залуу үлдсэн. Энэ болсон асуудал ер нь хурдан болоод өнгөрсөн гэж хэлэхэд болно. Найз Одончимэг өөрийн найз Анужингийн хамтаар намайг зодчихоод өрөөнөөс гараад явсан. Миний хувьд тухайн үед танилцсан өрөөнд үлдсэн залуугаар хэсэг хугацааны дараа гэр рүүгээ хүргүүлсэн...” /хх-ийн 23-25/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 69 тоот дүгнэлтэд:

1. Б.Мөнгөнчимэгийн биед тархи доргилт, хуйханд зулайн орой хэсгийн зөөлөн эдийн няцрал, дух, зүүн чамархай, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацрын цус хуралт, эрүүний баруун талын цус хуралт, эрүүний ооч хэсгийн зулгаралт, баруун сарвууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.

3. Дээрхи тархи доргилт, дух, зүүн чамархай, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацрын цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрхи гэмтэл нь бүрдэл байдлаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 28-29/

Х.Одончимэг мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Тэгээд найз Анужинг орж ирсний дараа гэнэт найз Мөнгөнчимэг өөрөө хэрүүл маргаан үүсгээд гаднаас орж ирсэн Анужинг Мандахбаяр гэх өөрийнхөө өмнө нь уулзаж байсан залуутай холбож “та хоёр явалддаг, гичий, янхан” гэх мэтийн үг хэлж хэрүүл маргаан үүсгэсэн бөгөөд миний хувьд найз Анужинд хандан “миний найз архи уугаагүй юм чинь битгий хэрүүл маргаан үүсгээрэй” гэж хэлэхэд миний өөдөөс “харин тиймээ, би тийм хүн танихгүй, миний танил хүмүүс дунд хүртэл тийм нэртэй хүн байхгүй” гэж хэлээд байж байхад Мөнгөнчимэг улам уурлаад уусан архиндаа согтсон ч юм уу Анужин руу дайрч давшлаад байсан бөгөөд миний хувьд түүнд хандаж “чи хүн андуураад байна” гэж хэлэхэд надад хандан “чи зайл, найзыгаа аваад зайл” гэж хөөсөн. Харин миний хувьд найз Мөнгөнчимэгийг танихгүй олон залуучууд дунд үлдээгээд яахав гээд өөдөөс нь уурлалгүй тэвчээртэй сонсоод байсан. Гэтэл улам уурлаад Анужин руу дайрч давшлаад байхаар нь хажууд нь сууж байсан нэг залуу хүртэл “боль, боль тайвшир, унт” гэж хэлээд хэвтүүлсэн. Тэр залуугийн үгэнд орохгүй буцаж босож ирээд дахин хэрүүл маргаан үүсгээд сүүлдээ над руу дайрч давшлаад “чи эцэггүй хүүхэд гаргасан биз дээ, мөн ээж, танай 99 оныхон бүгд янхан” гэх мэтийн үг хэлж харааж зүхээд байхаар нь 2-3 удаа алгадаж нүүрэн тус газарт нь зангидсан гараараа 3 удаа цохиж үснээс нь зулгаасан бөгөөд тэр үед хажууд байсан нэг залуу болиулсан бөгөөд мөн хажуунаас найз Анужин мөн Мөнгөнчимэгийн үснээс нь зулгааж эрүү орчимд нь 1 удаа хөлөөрөө өшиглөсөн...” гэжээ. /хх-ийн 40-42/

Г.Анужин мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Тэгээд миний хувьд нэгэнт орсон юм чинь тус өрөөнд байсан 3 залуутай танилцсан бөгөөд одоо болтол нэрийг нь санахгүй байна. Харин Мөнгөнчимэгтэй танилцах гэтэл надтай танилцахгүй миний өөдөөс нэлээд согтсон байдалтай “жоохон хүүхэдтэй танилцахгүй” гэж хэлээд Одончимэгт хандан “чи энэ найзыгаа гэх юм уу, намайг гэх юм уу” гэх мэтийн хэрүүлийн чанартай үг хэлж байснаа гэнэт миний мэдэхгүй эрэгтэй хүний нэр хэлээд түүнийгээ надтай холбож хардаад хэрүүл маргаан үүсгээд байхаар нь миний хувьд эрүүл саруул байсан учраас түүнд хандан “чи юу яриад байгаа юм бэ, би чиний хэлээд байгаа хүнийг танихгүй, зургийг нь харъя” гэж хэлсэн. Ер нь энэ байдлаас болж Мөнгөнчимэг хэрүүл маргаан үүсгэсэн бөгөөд миний хувьд согтуу хүнтэй маргаад яахав гээд эхэндээ чимээгүй байсан. Энэ үед Мөнгөнчимэг уурлаад Одончимэгт хандан “чи намайг өмөөрсөнгүй” гээд хэрүүл маргаан үүсгээд тэр хоёр хоорондоо маргалдсан. Тухайн үед Одончимэг маргаж муудалцаж байхдаа Мөнгөнчимэгийн нүүрэн тус газарт 3 удаа алгадаж, үснээс нь зулгаасан бөгөөд энэ үед Мөнгөнчимэг янхан гичий гэх зэрэг хараалын үг хэлээд мөн давхар намайг доромжлоод байхаар нь би уруул орчимд яг хаана нь гэдгийг хэлж мэдэхгүй байна хөлөөрөө нэг удаа өшиглөсөн юм. Мөнгөнчимэг өөрөө намайг нэг залуутай холбож хардаад тэрнээс болж би маргалдсан. Найз Одончимэгийн хувьд намайг өмөөрч маргалдсан гэж хэлэхэд болно. Харин миний хувьд Мөнгөнчимэгийн уруул орчимд нь нэг удаа хөлөөрөө өшиглөж, үснээс нь зулгаасан. Өөр ямар нэгэн байдлаар гар хүрсэн зүйл байхгүй. Харин найз Одончимэгийн хувьд үснээс нь зулгааж нүүрэн тус газарт нь гараараа 3 удаа алгадсан...” гэжээ. /хх-ийн 51-53/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 11/

Х.Одончимэгийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 61/

Г.Анужингийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 66/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63, 68/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Боржигон овогт Хүрэлбаатарын Одончимэг, Бүргэд овогт Ганзоригийн Анужин нар нь 2022 оны 01 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Ган Хэрлэн” зочид буудлын 15 тоот өрөөнд хохирогч Б.Мөнгөнчимэгийг бүлэглэн зодож, түүний биед тархи доргилт, хуйханд зулайн орой хэсгийн зөөлөн эдийн няцрал, дух, зүүн чамархай, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацрын цус хуралт, эрүүний баруун талын цус хуралт, эрүүний ооч хэсгийн зулгаралт, баруун сарвууны цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч Х.Одончимэгийн “...над руу дайрч давшлаад “чи эцэггүй хүүхэд гаргасан биз дээ, мөн ээж, танай 99 оныхон бүгд янхан” гэх мэтийн үг хэлж харааж зүхээд байхаар нь 2-3 удаа алгадаж нүүрэн тус газарт нь зангидсан гараараа 3 удаа цохиж үснээс нь зулгаасан бөгөөд тэр үед хажууд байсан нэг залуу болиулсан бөгөөд мөн хажуунаас найз Анужин мөн Мөнгөнчимэгийн үснээс нь зулгааж эрүү орчимд нь 1 удаа хөлөөрөө өшиглөсөн...” гэх, шүүгдэгч Г.Анужингийн “...Одончимэг маргаж муудалцаж байхдаа Мөнгөнчимэгийн нүүрэн тус газарт 3 удаа алгадаж, үснээс нь зулгаасан бөгөөд энэ үед Мөнгөнчимэг янхан гичий гэх зэргийн хараалын үг хэлээд мөн давхар намайг доромжлоод байхаар нь би уруул орчимд яг хаана нь гэдгийг хэлж мэдэхгүй байна хөлөөрөө нэг удаа өшиглөсөн юм. ...миний хувьд Мөнгөнчимэгийн уруул орчимд нь нэг удаа хөлөөрөө өшиглөж, үснээс нь зулгаасан...” гэх мэдүүлгүүд, тэдгээрийн мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч Б.Мөнгөнчимэгийн “...Одончимэг миний үснээс зулгаж нүүр рүү алгадаж газар унагааж үснээс чирсэн бөгөөд мөн түүний найз Анужин Одончимэгийг надаас өмөөрч миний үснээс зулгааж миний нүүр рүү хөлөөрөө өшиглөж зодсон...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 69 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч Х.Одончимэг, Г.Анужин нар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг бүлэглэж үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч Х.Одончимэг, Г.Анужин нарын үйлдлийн улмаас хохирогч Б.Мөнгөнчимэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 69 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч Хүрэлбаатарын Одончимэг, Ганзоригийн Анужин нарт холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Хүрэлбаатарын Одончимэг, Ганзоригийн Анужин нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Х.Одончимэг, Г.Анужин нар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч нарт тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Х.Одончимэг, Г.Анужин нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирогч Б.Мөнгөнчимэгт 400,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан прокурортой тохиролцсон саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Х.Одончимэг, Г.Анужин нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Мөнгөнчимэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нар нь хохирогч Б.Мөнгөнчимэгт эмчилгээний зардалд тус бүр 200,000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч Б.Мөнгөнчимэг нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Х.Одончимэг, Г.Анужин нар нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тэдгээрийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Х.Одончимэг, Г.Анужин нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Хүрэлбаатарын Одончимэг, Бүргэд овогт Ганзоригийн Анужин нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Хүрэлбаатарын Одончимэг, Ганзоригийн Анужин нарт тус бүр 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Одончимэг, Г.Анужин нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Х.Одончимэг, Г.Анужин нар нь цагдан хоригдоогүй, хохирогч Б.Мөнгөнчимэгт 400,000 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Мөнгөнчимэг нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Х.Одончимэг, Г.Анужин нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.Одончимэг, Г.Анужин нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА