| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жалцаны Цэнгэл |
| Хэргийн индекс | 182/2017/00313/И |
| Дугаар | 182/ШШ2017/01062 |
| Огноо | 2017-05-12 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 182/ШШ2017/01062
| 2017 оны 05 сарын 12 өдөр | Дугаар 182/ШШ2017/01062 | Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х.Я-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “ТБ” ХХК -д холбогдох
Тус банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/1746 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор, урамшууллыг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Я, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даваахишигмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Я шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч Ц.М гаргасан тайлбартаа:
Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэгч Х.Я миний бие нь ТБны захиргаа, удирдлагын газрын харьяа Аж ахуй, үйлчилгээний хэлтэст 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр шинэчлэн байгуулсан 426 тоот хугацаагүй хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байгаад гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/1746 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болно. Тушаалд дурдсанаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтууд, ТБны дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2.13, 9.2.20 дах заалтууд, Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.4. дэх заалт, Хүний нөөцийн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 74 тоот хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ажлаас чөлөөлсөн байдаг. Ажлаас чөлөөлөхдөө ТБны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын дүгнэлтээр Мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэж үзэн чөлөөлсөн байдаг.
Тус шалгалттай холбогдуулан гүйцэтгэх захирлаас 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ТБны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам болон комиссын бүрэлдэхүүнийг баталсан А/352 тоот тушаал гарсан байдаг. Уг журмын 1 дүгээр зүйлийн 1.2. дах хэсэгт тус ажиллагааг явуулах арга хэмжээг тусгаж өгсөн байдаг бөгөөд доор дурдсан хэсгээс бүрдэнэ. Үүнд:
Журмын 1.2.1. харъяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ,
Журмын 1.2.2. мэдлэг, ур чадвар /сорилго, даалгаврын гүйцэтгэл, үзүүлэх сургууль г.м/-ын үнэлгээ,
Журмын 1.2.3. Оролцоо, чанарын үнэлгээ гэх хэсгүүдээс шалгалтыг явуулах тухай зааж өгсөн байдаг. Х.Я миний бие нь дээр заасан бүрэлдэхүүн хэсэгт огт хамааралгүй дан ганц ярилцлага өгсөн бөгөөд мэдлэг, ур чадварын болон оролцоо чанарыг дүгнэх шалгалтад хамруулаагүй. Мөн уг журмын 3.5 дах хэсэгт “Энэхүү журмын 1.2.2-т заасан арга хэмжээний үнэлгээний дүнг ажилтанд шууд танилцуулан гарын үсэг зуруулна” гэж тодорхой заасан байхад ажлын байрны тодорхойлолтод холбогдуулан мэдлэг, ур чадварын шалгалтыг аваагүй нэхэмжлэгч миний биед танилцуулсан зүйл огт байхгүй байгаа нь гаргасан журмын зохицуулалтаа шууд зөрчсөн гэж үзэж байна. Мөн журмын 3.2.6. дах хэсэгт “Комисс нь түвшин тогтоох ажиллагааны товыг 2-оос доошгүй хоногийн өмнө ажилтнуудад урьдчилан мэдэгдэнэ.” гэж заасан байхад ямар нэгэн мэдэгдсэн зүйлгүй болно. Мөн “ТБны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс”-ын дүгнэлтийг зөвшөөрөхгүй, гомдолтой байна.
Уг түвшин тогтоох үйл ажиллагаатай холбогдуулж шалгалтанд тэнцээгүй ажилтнуудад 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ТБны гүйцэтгэх захирлын гарын үсэг бүхий мэдэгдэх хуудсыг өгсөн бөгөөд тус мэдэгдэх хуудсанд дурдсанаар 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцлах болсоныг мэдэгдэж шууд ажил үүргийг хүч түрэмгийлэн дээрэлхэж ажлын үнэмлэх, нэвтрэх карт зэргийг хураан авсан. Мөн 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх цалинг тогтоосон хугацаанд буюу 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр болон 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тус тус олгоогүй тул амьжиргааны нөхцөл байдлыг шууд тасалдуулж, холбогдох зээлийн өр төлбөрөө барагдуулах нөхцөлийг шууд боомилсон үйлдэл гаргасан байдаг.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах хэсэгт “Ажил олгогч нь энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд ...” гэж тодорхой заасан байхад 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл хүлээлгэн өгсөн өдрөөр ажлаа хүлээлгэн өгөх тухай мэдэгдэж, хүч хэрэглэн ажил үүргийг хүлээн авсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дах хэсэгт “Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ” гэж заасан заалтыг зөрчсөн. Нэхэмжлэгчийн зүгээс ажил хүлээлгэн өгөх тухай ямар нэгэн хүсэлт гаргаагүй. Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг 2016 оны 12 дугаар 19-ний өдөр гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасан хугацааг хэтрүүлээгүй.
Монгол Улсын Дээд Шүүхийн 2006 оны 33 тоот тогтоолын 17 дах хэсэгт “... хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачлагаар цуцлах тухайгаа ажил олгогч нь ажилтанд уг хугацааны өмнө бичгийн хэлбэрээр мэдэгдэж, гарын үсэг зуруулж, баталгаажуулна” гэж зааснаас үзвэл ажил үүргийг шууд хүлээн авахтай холбогдуулсан ямар нэгэн үндэслэл болон гарын үсгээр баталгаажуулж авсан зүйл байхгүй юм. Иймд ажлаас чөлөөлсөн тушаал нь илт хууль бус бөгөөд хууль, эрх зүйн үндэслэлгүй байх тул гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/1746 тоот тушаалыг тушаалыг хүчингүй болгож, ажилд эргүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалин хөлс, урамшууллыг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх талаар гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Хариуцагч “ТБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. “ТБ” ХХК нь төрийн өмчит аж ахуйн нэгж бөгөөд Сангийн яам, “Хадгаламжийн даатгалын корпораци” ТӨХК-иуд хувьцааг эзэмшдэг. Эдгээр хувьцаа эзэмшигчдээс бүрдсэн ТУЗ-өөс тус банкны гүйцэтгэх удирдлага болох гүйцэтгэх захирлыг томилдог. Тус банкны Гүйцэтгэх захирал нь “ТБны дүрэм” болон “Хөдөлмөрийн дотоод журам”-д заасны дагуу “...банкны гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж, өдөр тутмын үйл ажиллагааг удирдаж, хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлж ...” ажилладаг.
“ТБ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/352 дугаар тушаалаар ТБны ажилтнуудын Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааг явуулахаар тушаал гарсан. Энэхүү тушаалын 1 дүгээр хавсралтаар “ТБны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам”, 2 дугаар хавсралтаар “Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс”-ыг, 3 дугаар хавсралтаар “Хөндлөнгийн шинжээчийн багийн бүрэлдэхүүн”-ийг тус тус баталсан. Гүйцэтгэх захирлын баталсан энэхүү “ТБны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам”-ын дагуу ажилтнуудын мэргэжил, ур чадварыг 3 арга хэмжээний үнэлгээгээр дүгнэхээр тогтоосон юм. Үүнд: Харьяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ, мэдлэг ур чадвар /сорилго даалгаврын гүйцэтгэл, үзүүлэх сургууль гэх мэт/-ийн үнэлгээ, Оролцоо, чанарын үнэлгээ гэсэн 3 арга хэмжээний нийлбэр дүнгээр нэгдсэн үнэлгээг гаргахаар заасан.
Харьяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ гэдэг нь тухайн ажилтны харьяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээг авах ба уг үнэлгээнд ажлын байранд тавигдах шаардлага, гүйцэтгэлийн чанар, мэргэжлийн ур чадвар, хөдөлмөрийн сахилга, ачаалал даах чадвар, ажил хэрэгч идэвх санаачлага, хамт олонд хүлээн зөвшөөрөгдсөн байдал, зохион байгуулах тусгай чадвар, дүн шинжилгээ хийх тусгай чадвар зэргийг байдлаар дүгнэж, /нийт 30 хувь/ Мэдлэг ур чадвар /сорилго, даалгаврын гүйцэтгэл, үзүүлэх сургууль гэх мэт/-ийн үнэлгээ гэдэг нь шалгалтын комисс нь мэдлэг, ур чадварыг хөндлөнгийн шинжээчдийн бэлтгэсэн сорилын болон үзүүлэх сургууль, даалгаврын гүйцэтгэл шалгах болон ажлын байран дээрх үзлэг хийх байдлаар тухайн ажилтны мэргэжил, ажлын байрны онцлогийг тусгасан, /нийт 30 хувь/,
Оролцоо, чанарын үнэлгээ нь гэдэг нь тухайн ажилтны ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүрэг, тавигдах шаардлага, ур чадвар зэрэг хүрээг багтаасан ярилцлага, даалгавар гүйцэтгүүлэх 40 хүртэлх хувь оноогоор үнэлэгдэхээр тус тус зохицуулагдсан. Дээрх журмын 3 дугаар зүйлийн 3.4.2-т зааснаар тухайн мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагаанд хамрагдсан ажилтнуудын арга хэмжээнд үнэлэгдсэн байдлыг харгалзан 60-аас дээш оноо авсан бол “Тэнцсэн”, 60 хүртэлх оноо авсан бол “Тэнцээгүй” гэсэн дүгнэлтийг ТБны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс гаргахаар зохицуулсан. Мөн “Тэнцсэн” дүгнэлт гарсан ажилтныг “Цалингийн шатлалыг ахиулан тогтоох, сургалтанд хамруулах, шилжүүлэн ажиллуулах”, “Тэнцээгүй” гэсэн дүгнэлт гарсан ажилтны “Хөдөлмөрийн гэрээ цуцлах” зэрэг үр дүн үзүүлэх байдлаар журамласан.
Гүйцэтгэх захирлын баталсан дээрх журмын 2.1-т тус банкны ажилтны түвшин тогтоох ажиллагааг гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/352 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан комисс зохион байгуулахаар заасан тул ТБны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс нь 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн шийдвэрээр “ТБны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын хуралдааны дэг”, “ТБны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааны Мэдлэг, ур чадварын болон Оролцоо, чанарын арга хэмжээнд мөрдөх журам”-ыг хавсралтаар баталж, 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар шийдвэрээр түвшин тогтоох ажиллагааны тов /2016 оны 11 дүгээр сарын 10-15-ны өдрүүдэд/ болон арга хэмжээний судлах материал нь тухайн ажилтны ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг, мөрдөх хууль тогтоомжийн хүрээнд хамрагдахыг зааж өгсөн. Мөн өдрийн комиссын 02/02 дугаар шийдвэрээр тухайн арга хэмжээний нэг хэлбэр болох харъяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээний хуудсын загвар, үнэлэх аргачлал зэргийг баталж, батлагдсан үнэлгээний хуудас, аргачлалын хүрээнд 2016 оны 11 дүгээр сарын 05-07-ны өдрүүдэд үнэлгээг хийж комисст ирүүлэхээр зохицуулсан. Дээрх байдлаар гүйцэтгэх захирал болон түвшин тогтоох ажиллагааны комисс нь олгогдсон эрх хэмжээний хүрээнд дүрэм, журам боловсруулан баталж ажилтнуудад мэдэгдэж ажилласан.
... Дээрх арга хэмжээнд хамаарагдах ажилтнуудад энэ тухай урьдчилан мэдэгдэж харъяалах газар хэлтсийн захирлаар баталгаажуулан ажилтнууд тус бүрээр гарын үсэг зурж 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр мэдэгдсэн бөгөөд хавтаст хэрэгт авагдсан Нийтлэг үйлчилгээ, хангамжийн газрын ажилтнуудад мэдэгдсэн мэдэгдэх хуудасны 65 дугаарт нэхэмжлэгч Х.Ят мэдэгдэж гарын үсэг зурсан байна. Энэхүү мэдэгдлийн хүрээнд “ТБны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам”-ын дагуу ТБны Гүйцэтгэх захирлын А/358 дугаар тушаалаар ТБны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагаанд хамрагдах ажилтны нэрсийн жагсаалтыг баталсан бөгөөд уг нэрсийн жагсаалтад Х.Я багтсан.
Дээрх байдлаар ТБны гүйцэтгэх тушаалаар мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагаанд хамрагдах ажилтнуудын нэрсийн жагсаалтыг батлан “хүндэтгэн үзэх шалтгаангүй тохиолдолд түвшин тогтоох ажиллагаанд оролцоно” гэсэн баталгаа болгож, ажилтнуудаар гарын үсэг зуруулан баталгаажуулсан. Түүнчлэн дээр дурьдсан ТБны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаар шийдвэр, Гүйцэтгэх захирлын баталсан Төв банкны ажилтнуудын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааны удирдамжид хамрах хүрээ, тодорхой тусгагдсан.
Нэхэмжлэгч Х.Яийн нэхэмжлэлд дурдсан “хийж гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалд огт хамааралгүй асуудлаар шалгалт авсан” гэх тухайд: Тус банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/352 дугаар тушаалаар батлагдсан “ТБны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам” болон Комиссын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн шийдвэрээр батлагдсан “ТБны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааны Мэдлэг, ур чадварын болон Оролцоо, чанарын арга хэмжээнд мөрдөх журам”-ыг дагуу нэхэмжлэгчийн Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох үнэлгээг тогтоосон бөгөөд Харъяалах газар, хэлтсийн үнэлгээг 2016 оны 11 дүгээр сарын 05-07-ны өдрүүдэд, Мэдлэг ур чадварын үнэлгээг нэхэмжлэгчийн Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлэх байдлаар журамд заасны дагуу ажлын байран дээрх үзлэг хийж үнэлгээ тавьсан, мөн Оролцоо чанарын үнэлгээг үйлчилгээний стандартын дагуу хөндлөнгийн шинжээчийн багийн боловсруулж ирүүлсэн асуултын хүрээнд ярилцлага хийж үнэлгээ тавигдсан тул “нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан хийж гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалд огт хамааралгүй асуудлаар шалгалт авсан” гэдэг үндэслэлгүй юм. Мөн нэг онцлог нь нэхэмжлэгчийн газарт харъяалагдах үйлчлэгч нараас Сорилгоор шалгалт авч түвшин тогтоох үнэлгээг тавих нь учир дутагдалтай гэж үзэж журамласан тул Ажлын байран дээрх үзлэгээр цэвэрлэгээ үйлчилгээ хэрхэн хийсэн байдлаар үнэлгээг тавьсан байдаг.
... Х.Я 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг үндэслэл болгон 1 сарын дараа ажлаас чөлөөлөх болохыг мэдэгдэж, банкны үйл ажиллагааны онцлог, аюулгүй байдлыг хангах бодитой хэрэгцээ шаардлагын улмаас ажлыг хүлээн авсан. Мэдэгдэх хуудсыг нэхэмжлэгч Х.Я нь өөрөө гардаж авсан бөгөөд мэдэгдэх хуудсыг гардуулсан тухай НҮХГ-ын ажилтан Д.Г 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр тэмдэглэл бичиж ажил хүлээлцэх актад Х.Яийн гарын үсэг зурж, ажлаа хүлээлцсэн байдаг. Мөн Х.Я нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гардаж авсан “Мэдэгдэх хуудас”-ыг хавсаргаж өгсөн төдийгүй, нэхэмжлэлдээ “... 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ... гарын үсэг бүхий мэдэгдэх хуудсыг өгсөн гэж” дурьдсан байна.
Банкны онцлогоос хамааран, урьдчилан ажлыг хүлээн авсан боловч 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацааны цалинг бүрэн өгч, ажлаас чөлөөлсөн юм. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарласан 2006 оны 33 дугаартай Улсын дээд шүүхийн тогтоолын 15 дахь хэсэгт ажлаас халсан тухай шийдвэр гаргаагүй атлаа ажилтны ажил үүргийг гүйцэтгүүлээгүй бол тухайн үеийн цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогч ажилтанд олгоно гэж заасны дагуу ажил олгогч ажил хүлээлцүүлсэн хэдий ч ажилд ирэх, явах цагийн бүртгэл хийхгүйгээр тушаал гарах хүртэл хугацаанд ажилтанд урьд авч байсан цалин хөлсийг олгосон. Өөрөөр хэлбэл ажил үүрэг гүйцэтгүүлээгүй боловч түүний эрх зүйн байдлыг дордуулаагүй юм. Банк дээрх байдлаар мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг мөрдлөг болгож, хэрэгжүүлж ажилласан болно.
Нэхэмжлэгч Х.Яийн харьяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ-19.20, Мэдлэг ур чадвар сорилго-9.00, Оролцоо, чанарын үнэлгээ 12.60, нийт 40.80 хувиар шалгагдаж “ТБны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам”-ын 3.4.2-т зааснаар “ТБны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс”-ын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 07 дугаар шийдвэр, 1226350265 тоот дүгнэлт гарч ТБны хүний нөөцийн газарт хүргүүлсэн.
Хүний нөөцийн газар тухайн шийдвэр, дүгнэлтийг Удирдлагын хороогоор хэлэлцүүлж тус хорооны 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 34 тоот хурлаас Хүний нөөцийн хороогоор хэлэлцүүлэх тухай чиглэл өгсөн. Энэ чиглэлийн дагуу 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Хүний нөөцийн хорооны хурлаар хэлэлцүүлж 74/01, 74/02 тоот шийдвэрүүд гарсан. Дээрх шийдвэрүүд, дүгнэлтийг үндэслэн тус банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/1746 дугаар тушаалаар Х.Ятэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаж шийдвэрлэсэн. Гүйцэтгэх захирлын шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар комиссын дүгнэлтийг үндэслэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-т заасны дагуу сарын буюу 30 хоногийн өмнө мэдэгдэл гардуулж, мэдэгдсэний дараа Хөдөлмөрийн гэрээ цуцласан нь хууль тогтоомжид нийцсэн шийдвэр байсан. Ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасны дагуу 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор олгосон. Иймд ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчөөгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын өгсөн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Я нь хариуцагч “ТБ” ХХК-д холбогдуулан тус банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/1746 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор, урамшууллыг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зохигчид нэхэмжлэгч Х.Яийг урьд эрхэлж байсан ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй эсэх асуудлаар маргаж байгаа болно.
Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Х.Я нь нэхэмжлэлээ 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд гаргажээ. /х.х-ийн 1-2 тал/
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаар заасан байх ба тэрээр 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/1746 тоот “хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаалыг хүлээн авч, дээрх хугацаанд гомдлын шаардлагаа гаргасан гэж үзнэ.
Х.Я нь “ТБ” ХХК-д Захиргаа, удирдлагын газрын харъяа аж ахуй үйлчилгээний хэлтэст үйлчлэгчээр ажиллаж байгаад тус банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/1746 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан буюу мэргэжил, ур чадварын хувьд ажилдаа тэнцэхгүй гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөгджээ. /х.х-ийн 4, 6-10 тал/
ТБны гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/1746 тоот тушаалаар Х.Яийг ажлаас нь чөлөөлөхдөө Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 42 дугаар зүйлийн 42.1, ТБны дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2.13, 9.2.20 дах заалт, Хөдөлмөрийн дотоод журмын журмын 11 дүгээр зүйлийн 11.4, Хүний нөөцийн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 74 дүгээр хурлын шийдвэрийг үндэслэжээ. /х.х-ийн 4, 47-48, 62-76 тал/
Ажил олгогчийн дээрх тушаалд “... ТБны ажилтны “Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс”-ын дүгнэлтээр мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон ...” гэх үндэслэлийг заажээ.
Нэхэмжлэгч Х.Я шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... шалгалтын товыг урьдчилан мэдэгдээгүй, комиссын үнэлгээг зөвшөөрөхгүй байна. Журмаа зөрчсөн, оролцоо, чанарын ярилцлагыг бэхжүүлсэн баримтгүй, ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгөнгүүтээ ажлыг хүлээн авсан, аж ахуй, үйлчилгээний хэлтэст үйлчлэгч байхад нийтлэг үйлчилгээний хэлтсийн үйлчлэгч гэж шалгалтанд оруулсан, ажлаас үндэслэлгүй халсанд гомдолтой байна...” гэж,
Хариуцагч “ТБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “... нэхэмжлэгч нь тус банкны Захиргаа, удирдлагын газрын харъяа аж ахуй үйлчилгээний хэлтэст үйлчлэгч хийж байсан ба мэргэжил, ур чадварын хувьд ажилдаа тэнцэхгүй бболох нь тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр ажлаас халах мэдэгдлийг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээлгэн өгсөн. ТБны гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/1746 тоот тушаалаар Х.Яийг Захиргаа, удирдлагын газрын харъяа аж ахуй үйлчилгээний хэлтэст үйлчлэгчийн албан тушаалаас чөлөөлсөн. 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон. Иймд ажил олгогч хуульд заасан үүргээ биелүүлсэн, хууль зөрчөөгүй ...” гэж тус тус тайлбарлан мэтгэлцэж байгаа болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж тус тус зохицуулжээ.
Ажил олгогч нь, ажилтны хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан аль нэг үндэслэлээр цуцлах эрхтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушааллаа тэнцээгүй болсон нь тогтоогдсон үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлахад тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын дүгнэлт гарсан үйл баримт байхаас гадна, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “... хөдөлмөрийн гэрээ цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх”, мөн хуулийн 42дугаар зүйлийн 42.1-д “... ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж уалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгох” гэж тус тус заасан эдгээр нөхцөл бүрдсэн байна.
Ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дээрх үндэслэлээр цуцлахдаа хуульд заасан хугацааны өмнө урьдчилан мэдэгдэх, ажлаас халагдсаны тэтгэмж олгох үүргээ биелүүлсэн эсэхэд шүүх дүгнэлт өгөх үүрэгтэй болно.
Х.Ят ажлаас халах мэдэгдлийг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр өгч, түүнийг халсан тушаалд нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэж байх тул ажил олгогчийг хууль заасан үүргээ биелүүлсэн гэж үзэхээр байна. /х.х-ийн 4, 11, 96 тал/
ТБны төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 111 тогтоолоор тус банкны гүйцэтгэх захирлаар Б.Ц томилсон байх бөгөөд тус банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/352 тоот тушаалаар сонгон шалгаруулах журам, түвшин тогтоох комисс, шинжээчийн багийн бүрэлдэхүүнийг баталжээ. /х.х-ийн 19-23, 62-76, 84, 149 тал/
А/352 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар “ТБны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын бүрэлдэхүүнийг, хоёрдугаар хавсралтаар “ТБны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох” журмыг тус тус батлаж, тус банкны ажилтнуудын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааг 2016 оны 11 дүгээр сарын 10-наас 11 дүгээр сарын 15-ны өдрийн хугацаанд явуулахаар шийдвэрлэжээ.
Дээрх батлагдсан журмаар ажилтнуудын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагаанд гэрээний үндсэн дээр ажиллах шинжээчийн багийн гишүүдийг оролцуулан, комиссын гишүүд зохион байгуулахаар заасан байна. /х.х-ийн 24-35 тал/
“ТБ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/358 дугаар тушаалаар ТБны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагаанд хамрагдах ажилтны нэрсийн жагсаалтыг баталж, бөгөөд уг нэрсийн жагсаалттай Х.Я танилцаж, гарын үсэг зурсан байна. /х.х-ийн 24-25 тал/
Түүнчлэн ТБны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын даргаас банкны газар, хэлтсийн захирлуудад шалгалтанд хамрагдах ажилтнуудын нэрсийг нэг бүрчлэн танилцах боломжоор хангах, түвшин тогтоох ажиллагаа ажлын байрны тодорхойлолтонд заасан үйл ажиллагаанд мөрдөх эрх зүйн актын хүрээнд явагдахыг тайлбарлан таниулах, батлагдсан хуваарийн дагуу ажилтнуудыг хамруулах ажлыг зохион байгуулах талаар мэдэгдэж байсан байна. /х.х-ийн 34-35, 77-84 тал/
“ТБ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/352 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан сонгон шалгаруулах журмын нэгдүгээр зүйлийн 1.2-т түвшин тогтоох ажиллагаа дараах арга хэмжээнээс бүрдэнэ. Үүнд:
1.2.1. харъяалах газар хэлтсийн захирлын үнэлгээ,
1.2.2. мэдлэг ур чадвар /сорилго, даалгаврын гүйцэтгэл, үзүүлэх сургууль гэх мэт/-ын үнэлгээ,
1.2.3. оролцоо чанарын үнэлгээгээр тус тус үнэлнэ гэж,
Мөн журмын 3.4-д “Энэхүү журмын 1.2.1-д заасан буюу харъяалах газар хэлтсийн захирлын үнэлгээг 30 хувиар,
1.2.2. мэдлэг ур чадвар /сорилго, даалгаврын гүйцэтгэл, үзүүлэх сургууль гэх мэт/-ын үнэлгээг 30 хувиар,
1.2.3. оролцоо чанарын үнэлгээг 40 хувиар тус тус жигнэж ажилтны нэгдсэн үнэлгээг гаргана гэж,
Мөн журмын 3.4-д ... нийт 60-аас дээш оноо авсан бол тэнцсэн, 60 хүртэлх оноо авсан бол тэнцээгүй гэсэн дүгнэлтийг ТБны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс гаргах, “тэнцсэн” дүгнэлт гарсан ажилтныг цалингийн шатлалыг ахиулан тогтоох, сургалтанд хамруулах, шилжүүлэн ажиллуулах, “тэнцээгүй” гэсэн дүгнэлт гарсан ажилтны хөдөлмөрийн гэрээ цуцлах зэрэг үр дүн үзүүлэх байдлаар тус тус зохицуулжээ. /х.х-ийн 21-23 тал/
Шүүх хуралдаанд зохигчдын өгсөн тайлбар, хавтас хэргийн 36-46 дугаар талд авагдсан бичмэл баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Х.Я нь тус банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагаанд хамрагдаж, тэрээр нийтлэг үйлчилгээ, хангамжийн газар, хэлтсийн захирлын үнэлгээгээр-19.20, мэдлэг ур чадвар сорилго-9, оролцоо, чанарын үнэлгээ-12.60, нийт 40.80 үнэлгээ авч, журамд заасны дагуу уг үнэлгээтэй нэхэмжлэгч танилцаж гарын үсэг зурсан гэж үзнэ.
Нэхэмжлэгч Х.Я нь нийт 40.80 хувийн оноотойгоор үнэлэгдэн, мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэх “ТБны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс”-ын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 07 дугаар шийдвэр, 1226350265 тоот дүгнэлт гарч, улмаар тус банкны хүний нөөцийн газарт хүргүүлжээ. /х.х-ийн 47-48 тал/
ТБны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын дүгнэлтийг 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр банкны Удирдлагын хороо, Хүний нөөцийн хороогоор хэлэлцүүлж, дээрх комиссын дүгнэлт, хурлын шийдвэрийг үндэслэж, тус банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/1746 тоот тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн байна. /х.х-ийн 4 тал/
Түүнчлэн нэхэмжлэгчийн харъяалагдаж байсан аж ахуй, үйлчилгээний хэлтэс байгууллагын бүтцийн өөрчлөлтөөр нийтлэг үйлчилгээний хэлтэс гэж нэршлийн хувьд өөрчлөгдсөн байгаа боловч, нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ хэвээр байсан, нэхэмжлэгч нийтлэг үйлчилгээний хэлтсийн ажилтнаар мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагаанд хамрагдах тухай тухай баримтанд гарын үсэг зуржээ.
Ажил олгогч нэхэмжлэгчид ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг 2016 оны 11 дугаар сарын 18-ний өдөр өгч, мөн өдөртөө ажлыг хүлээн авсан, ажилтанд тухайн сарын цалин хөлс болон ажлаас халагдсаны тэтгэмжийг олгосон болох нь зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 11,49-56 ,94-96 тал/
“ТБ” ХХК нь өөрийн байгууллагын үйл ажиллагааны онцлогоос хамаарч, ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлснээс хойш ажлаас чөлөөлөх тушаал гарах хүртэлх нэг сарын хугацаанд Х.Яийг ажиллуулаагүй ч ажил олгогч энэ хугацааны цалин хөлсийг нэхэмжлэгчид олгосон байх тул нэхэмжлэгчийг хохирсон үзэх үндэслэлгүй байна. /х.х-ийн 95-96 тал/
Түүнчлэн нэхэмжлэгч Х.Я нь “ТБны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс”-ын дүгнэлтийг зөвшөөрөхгүй, гомдолтой гэх боловч, тэрээр өөрийн үнэлгээтэй холбоотой гомдлоо тухайн комисст гаргаагүй талаар маргахгүй байна. /х.х-ийн 23 тал/
Иймд нэхэмжлэгчийг гүйцэтгэж байгаа ажилдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.2, 40 дүгээр зүйлийн 40.5, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.3 дах заасан заалттай нийцсэн, ажилтны эрх ашгийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд хариуцагч “ТБ” ХХК-д холбогдох Х.Яийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч “ТБ” ХХК-д холбогдох тус банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/1746 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, урамшууллыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай Х.Яийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д зааснаар нэхэмжлэгч Х.Яийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.ЦЭНГЭЛ