Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жалцаны Цэнгэл |
Хэргийн индекс | 182/2016/00064/И |
Дугаар | 182/ШШ2017/01088 |
Огноо | 2017-05-15 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 182/ШШ2017/01088
2017 оны 05 сарын 15 өдөр |
Дугаар 182/ШШ2017/01088
|
Улаанбаатар хот
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: М.О-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “ТОСК” төрийн өмчит үйлдвэрийн газарт холбогдох
Урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.И, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэвэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
М.О миний бие нь 2007 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 2007 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Орон сууцны санхүүжилтийн корпорацид хяналтын инженерээр ажилд орж ажиллаж байгаад хөдөлмөрийн гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл байгуулсан. Гэвч 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр манай байгууллага нь миний ажиллаж байсан газрын чиг үүрэг өөрчлөгдөөгүй байхад намайг ажлаас халсан. Миний бие нь ажиллах хугацаандаа өөрийн эзэмшсэн мэргэжил, ажлын дадлага туршлагаараа нийслэлд айлын орон сууц хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж 10 гаруй мянган айлыг орон сууцжуулах ажлыг гүйцэтгэсэн. Энэ их үүрэг хариуцлагатай ажлыг зөрчил дутагдалгүй хийж ирснийг манай хамт ажиллаж байсан хүмүүс бүгд гэрчилнэ. Иймд намайг ажлаас үндэслэлгүй халсан тул урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны хохиролыг барагдуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. М.О нь 2007 оны 06 дугаар сарын 29-ний өдөр /хуучнаар/ Орон сууцны санхүүжилтийн корпорацид хяналтын инженерээр анх ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын арга хэмжээ авагдаж, ажлын хариуцлага алдаж байгаагүй. Харин Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, тэргүүний барилгачин, төрийн одонгоор шагнагдаж байсан. Барилгын зөвлөх инженер болж байсан. ТОСКйн ерөнхий захирлын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/167 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 43 дугаар зүйлийн 43.1, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 53, 127 дугаар тогтоолыг тус тус үндэслэж ерөнхий төлөвлөгөө, барилга захиалагч, техник хяналтын газрын даргын орон тоо хасагдсан гэх үндэслэлээр М.Отай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөр цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
“... Ерөнхий төлөвлөгөө барилга захиалагч, техник хяналтын газрын даргын эрхлэж байсан ажил, албан тушаалын чиг үүргийг одоогийн шинэ бүтцэд байгаа” барилга байгууламжийн захиалагчийн газрын даргын гүйцэтгэж байгаа ажлын чиг үүрэг өөрчлөгдөөгүй, албан тушаалын нэршилд өөрчлөлт орсон байгааг орон тоо хасагдсан гэж үзэхгүй. Ажил олгогч нь 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ТОСК-ийн чиг үүрэг өөрчлөгдөөгүй байхад орон тоо цөөрүүлсэн гэх үндэслэлээр мэдэгдэл өгсөн.
Ажлаас халах тушаалд орон тоо хасагдсан гэж бичигдсэн нь зөрүүтэй байгаа. М.О нь ажиллаж байх хугацаандаа өөрийн мэдлэг чадвар, ажлын туршлагаараа айлын орон сууц хөтөлбөр хэрэгжүүлж, орон сууцжуулах ажлыг амжилттай явуулсан. М.О нь тус байгууллагыг анх байгуулагадах үеэс нь ажиллаж байсан. Тэрээр ажил үүргээ хариуцлагатай биелүүлж, зөрчил дутагдалгүй ажиллаж байсныг хамт ажиллаж байсан хүмүүс нь гэрчилнэ. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж байх тул урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 23 549 102 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэв.
Хариуцагч “ТОСК” ТӨҮГ хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.И шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 53 дугаар тогтоолоор “ТОСК” төрийн өмчит үйлдвэрийн газрын орон тооны дээд хязгаарыг 29 хүнээр цөөрүүлж 60 байхаар баталсан. Мөн үйлдвэрийн газрын чиг үүргийг цаашид шинээр барилга байшин барихгүй байх, түрээсийн орон сууцыг хариуцан ажиллуулах бодлого төрөөс баримтлах болсон. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий төлөвлөгөө, барилга захиалагч, техник хяналтын газрыг татан буулгаж, орон тоог цөөрүүлсэн. Үүнтэй холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэн М.Оын хөдөлмөрийн гэрээг цуцалсан.
М.От ажлаас халахаас 1 /нэг/ сарын өмнө мэдэгдэх хуудас өгч, 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж болох 10 500 000 төгрөгийг өгсөн, мөн “ТОСК”-д төсөл хэрэгжүүлэгч нэгжид зөвлөх инженерээр ажиллах ажлын байр санал болгосон боловч хүлээн аваагүй.
М.О нь ерөнхий төлөвлөгөө, барилга захиалагч, техник хяналтын газрын даргаар ажиллаж байх хугацаандаа “Буянт-Ухаа I, II" хорооллыг барих ажилд барилга техникийн хяналт тавих ажлыг хариуцан ажиллаж байсан ба хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандаж чанаргүй барилга барьсан нь иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдол, эрх бүхий байгууллагаас ирүүлсэн албан шаардлагаас тодорхой харагддаг юм. Барилга техникийн хяналт тавих ажлыг холбогдох дүрэм журам стандартыг дагуу зохион байгуулаагүйгээс үүдэн чанарын шаардлага хангахгүй барилга баригдаж улмаар орон сууц худалдан авсан иргэдэд тодорхой хэмжээний хохирол учраад байна. Эдгээр зөрчил дутагдлыг арилгахад “ТОСК” ТӨҮГ-ыг санхүүгийн хүндрэлд оруулж байна. Чанаргүй баригдсан барилгыг засварлах хөрөнгө байхгүй улмаас иргэд хохирсоор байна.
“Буянт-Ухаа I, II” хорооллыг Хөгжлийн банкны санхүүжилтээр буюу Чингис бондын хөрөнгөөр санхүүжүүлсэн бөгөөд чанар муутай барилгыг өндөр өртөгөөр барьж бондын мөнгийг үр ашиггүй зарцуулсан асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн газраас хамтран шалгаж байна. Хэрэг эцэслэн шийдэгдээгүй байна.
Эдгээр асуудал нь “ТОСК” ТӨҮГ-ын тухайн үеийн удирдлагуудын хариуцлагагүй үйл ажиллагаатай холбоотой зүйл. М.О нь “ТОСК” ТӨҮГ-ын хамгийн чухал голлох үүрэгтэй барилга захиалагч, техник хяналтын газрыг удирдаж байсан бөгөөд дээрх алдаа дутагдлыг хариуцах албан тушаалтан байсан. Иймд М.Оын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.О нь хариуцагч “ТОСК” төрийн өмчит үйлдвэрийн газарт холбогдуулан урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж үзнэ.
Зохигчид нэхэмжлэгч М.Оыг урьд эрхэлж байсан ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй эсэх асуудлаар маргаж байгаа болно.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд гаргажээ. /х.х-ийн 1 тал/
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаар заасан байх бөгөөд нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд гомдлын шаардлагаа гаргасан гэж үзнэ.
Нэхэмжлэгч М.О нь өөрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл, хүсэлт гаргах, бүх шатны шүүхэд төлөөлөх, шүүх хуралдаанд оролцох зэрэг бүрэн эрхийг М.Сд 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр итгэмжлэлээр олгосон ба итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан хуулийн шаардлагыг хангажээ. /х.х-ийн 11 тал/
Хариуцагч “ТОСК” төрийн өмчит үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал Ж.Хичээнгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн биеэр буюу төлөөлөгчөөр дамжуулан оролцох эрхтэй бөгөөд тус төрийн өмчит үйлдвэрийн газрын итгэмжлэгдсөн төлөөлөгчөөр захиргаа, санхүүгийн газрын ахлах мэргэжилтэн Б.Иыг томилж, 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 1/59 тоот итгэмжлэл олгосон байх ба итгэмжлэл хүчин төгөлдөр байна. /х.х-ийн 12 тал/
Зохигчид дээрх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрсдийгөө бүрэн төлөөлж “шүүхэд холбогдох тайлбар, хүсэлт гаргах, хэргийн материалтай танилцах, бүх шатны шүүхэд шүүх хуралдаанд төлөөлөн оролцох, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрх, үүргийг эдлэх”-ээр итгэмжлэл олгосноор М.С, Б.И нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 32 дугаар зүйлийн 32.2, 35 дугаар зүйлийн 35.1, 35.2, 36 дугаар зүйлийн 36.1, 36.2.-т зааснаар нэхэмжлэгч М.О, хариуцагч “ТОСК” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хэргийн оролцогч болсон гэж үзнэ. /х.х-ийн 11-12 тал/
ТОСКйн ерөнхий захирлын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/167 тоот тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1.4, 1.10, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр 40.1.1, 40.5, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 53, 127 дугаар тогтоолыг тус тус үндэслэжээ. /х.х-ийн 116 тал/
Ажил олгогчийн дээрх тушаалд “... Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын тогтоолоор тус төрийн өмчит үйлдвэрийн газрын зохион байгуулалтын бүтэц, ажил, албан тушаалын жагсаалтыг шинэчилж батлаж, орон тооны дээд хязгаарыг цөөрүүлсэнтэй холбогдуулан Ерөнхий төлөвлөгөө, барилга захиалагч, техник хяналтын газрын даргын орон тоо хасагдсан гэх үндэслэлээр М.Отай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөр цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр тусгагджээ. /х.х-ийн 116 тал/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Ерөнхий төлөвлөгөө барилга захиалагч, техник хяналтын газрын даргын эрхлэж байсан ажил, албан тушаалын чиг үүргийг одоогийн шинэ бүтцэд байгаа” барилга байгууламжийн захиалагчийн газрын даргын гүйцэтгэж байгаа ажлын чиг үүрэг өөрчлөгдөөгүй, албан тушаалын нэршилд өөрчлөлт орсон байгааг орон тоо хасагдсан гэж үзэхгүй ...” гэж,
Хариуцагч “ТОСК” ТӨҮГазар нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “... Төрийн Өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 53 дугаар тогтоолоор “ТОСК” ТӨҮГ-ын орон тооны дээд хязгаарыг 60 байхаар баталсан. Үүнтэй холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн М.Отай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. М.От ажлаас халахаас 1 /нэг/ сарын өмнө мэдэгдэх хуудас өгч, 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж болох 10 500 000 төгрөгийг өгсөн, “ТОСК”-д төсөл хэрэгжүүлэгч нэгжид зөвлөх инженерээр ажиллах ажлын байр санал болгосон боловч хүлээн аваагүй...
М.О нь ерөнхий төлөвлөгөө, барилга захиалагч, техник хяналтын газрын даргаар ажиллаж байх хугацаандаа “Буянт-Ухаа I, II" хорооллыг барих ажилд барилга техникийн хяналт тавих ажлыг хариуцан ажиллаж байсан ба хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандаж чанаргүй барилга барьсан нь иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдол, эрх бүхий байгууллагаас ирүүлсэн албан шаардлагаас тодорхой харагддаг юм. Ажил олгогч хуульд заасан үүргээ биелүүлсэн, хууль зөрчөөгүй ...” гэж тус тус тайлбарлан мэтгэлцэж байна.
Ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дээрх үндэслэлээр цуцлахдаа хуульд заасан хугацааны өмнө урьдчилан мэдэгдэх, ажлаас халагдсаны тэтгэмж олгох үүргээ биелүүлсэн эсэхэд шүүх дүгнэлт өгөх үүрэгтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д зааснаар аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах эрхтэй байна.
Мөн зүйлийн 40.5.-д зааснаар ажил олгогч орон тоо, бүтцийн өөрчлөлтийн улмаас хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдаж буй ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй байна.
Ажил олгогч нь нэхэмжлэгч М.Оыг ажлаас халахаас 1 сарын өмнө буюу 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр түүнд мэдэгдэх хуудас өгч, тус газрын ерөнхий захирлын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/167 дугаар тушаалаар М.Отай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 18, 116 тал/
“ТОСК” ТӨҮГ нь М.Оыг ажлаас халах мэдэгдлийг 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өгч, түүнд ажлаас халагдсаны тэтгэмж олгосон байгаа нь ажил олгогч хуульд заасан үүргээ биелүүлсэн гэж үзэхээр байна.
Нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн татгалзлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэсэн зохицуулалтын аль нэг үндэслэлд нь хамруулж дүгнэх нь боломжгүй байна.
Байгууллагын орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэдэг нь тухайн орон тоо, бүтцийг шийдвэрлэх эрх бүхий этгээдийн шийдвэр гарсан, шийдвэр бодитой буюу орон тоо хасах, цөөрүүлэх бодит шалтгаан бий болсон байх үйл баримт юм.
Төрийн Өмчийн Хорооны 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 778 дугаар тогтоолоор тус газрын зохион байгуулалтын бүтцийг батлахдаа ерөнхий захирал, тэргүүн дэд захирал дэд захирал, тамгын газрын дарга, хөрөнгө оруулалт, санхүү удирдлагын газрын дарга,ерөнхий төлөвлөгөө, барилга захиалагч, техник хяналтын газрын даргатай байхаар, орон тооны дээд хязгаарыг 89 байхаар тогтоосон байсныг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн болон 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 127 дугаар тогтоолоор “ТОСК” төрийн өмчит үйлдвэрийн газрын орон тооны дээд хязгаарыг 60 байхаар шинэчлэн тогтоожээ. /х.х-ийн 121-124, 161-164 тал/
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 127 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар “ТОСК” ТӨҮГ-ын ажил албан тушаалын жагсаалтыг баталсан байх ба уг жагсаалтаар ерөнхий захирал-1, дэд захирал-2, захиргаа санхүүгийн газар-15, хөрөнгө оруулалт төлөвлөлтийн газар-9, барилга байгууламж захиалагчийн газар-15, гэрээ хөрөнгийн удирдлагын газар-8, маркетинг борлуулалтын хэлтэс-5, орон сууц ашиглалтын хэлтэс-5 нийт 60 орон тоотой байхаар тогтоосон. /х.х-ийн 121-124 тал/
Өмнөх бүтцээр “... ерөнхий төлөвлөгөө, барилга захиалагч, техник хяналтын газар гэж байсныг бүтцийн өөрчлөлтөөр”, барилга байгууламж захиалагчийн газар гэж нэршлийн хувьд өөрчлөгдсөн байгаа боловч, М.Оын гүйцэтгэж байсан ажлын байр хэвээр байгаа болох нь зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаар нотлогдож байна. /х.х-ийн 118-124, 135-144, 154-164 тал/
“ТОСК” ТӨҮГ-ын бүтэц, зохион байгуулалт шинэчлэн батлагдсантай холбоотойгоор ажил олгогчийн гаргасан гэх Б/167 тоот тушаалд нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг байхгүй болсон, орон тоо хасагдсан гэх байдал тусгагдаагүй, түүнчлэн өмнөх бүтэц, орон тоог харьцуулан тушаалын үндэслэлээ нотлоогүй, М.Оын ажиллаж байсан “ерөнхий төлөвлөгөө барилга захиалагч техник хяналтын газрын даргын орон тоо ажлын чиг үүрэг бүтцийн өөрчлөлтөөр хасагдсан” гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл ажил олгогчийн гаргасан дээрх шийдвэр бодитой биш, орон тоо хасах, цөөрүүлэх бодит шалтгаан бий болоогүй гэж үзнэ.
Ажил олгогч өөрийн бүрэн эрхийн хүрээнд байгууллагын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулахаар шийдвэр гаргах эрхтэй ч аль нэг дээд буюу төв байгууллагад системийн болон үйл ажиллагааны хувьд харъяалагдаж байгаа нэгж, газар, хэлтэс, алба төвийн харъяалал өөрчлөгдөх тэнд ажиллаж байгаа ажилтны гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах шалтгаан болохгүй гэж үзэхээр байна.
Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан “орон тоо хасагдсан” гэдэгт тухайн хуулийн этгээд байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгоно.
Ажил олгогч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх нэг үндэслэлээ “... М.О нь ерөнхий төлөвлөгөө, барилга захиалагч, техник хяналтын газрын даргаар ажиллаж байх хугацаандаа “Буянт-Ухаа I, II" хорооллыг барих ажилд барилга техникийн хяналт тавих ажлыг хариуцан ажиллаж байсан ба хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандаж чанаргүй барилга барьсан ...” гэж тайлбарлан холбогдох нотлох баримтуудыг гарган өгч байгаа боловч, эдгээр баримтуудыг шүүх шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна. /х.х-ийн 19-82 ,166-177 тал/
Учир нь ажил олгогчийн гаргаж буй Б/167 тоот тушаал нь эрх зүйн акт болохын хувьд Хөдөлмөрийн тухай хуульд заасан шаардлагыг хангасан байх ёстой бөгөөд ажилтанг ажлаас халсан тушаалд баримтласан хуулийн зохицуулалт нь ажилтаны гаргасан зөрчил буюу үндэслэлтэй тохирч, уг хуульд нийцэх юм.
Харин ажил олгогч “ТОСК” ТӨҮГ-ын ерөнхий захирлын М.Оыг ажлаас халсан тушаалдаа ямар нэгэн зөрчил гаргасан болохыг дурдаагүй байна.
Ажил олгогчийн /“ТОСК” ТӨҮГ-ын ерөнхий захирлын/ 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/167 тоот тушаалыг зөвтгөх боломжгүй байна.
Иймд нэхэмжлэгч М.Оыг ерөнхий төлөвлөгөө барилга захиалагч техник хяналтын газрын даргын ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй гэж үзлээ.
Харин ажил олгогч ажилтан хоорондоо зөвшилцөн ерөнхий төлөвлөгөө барилга захиалагч техник хяналтын газрын даргын албан тушаалтай адил чанарын, ажил албан тушаалын талаар тохиролцох эрх нээлттэй юм.
Хариуцагч “ТОСК” ТӨҮГ нь нэхэмжлэгч М.От Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар ажлаас халагдсаны тэтгэмж болох 10 500 000 төгрөг олгосон болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа ба энэ талаар талууд маргаагүй байна.
Иймд нэхэмжлэгч М.Оыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 19 534 883 төгрөг байхаар тогтоон, үүнээс ажлаас халагдсаны тэтгэмжид олгосон 10 500 000 төгрөг хасаж тооцон, 9 034 883 төгрөгийг хариуцагч “ТОСК” ТӨҮГ-аас гаргуулах нь зүйтэй. /х.х-ийн 112, 184-185 тал/
Нэхэмжлэгч сарын дундаж цалин 3 500 000 төгрөг байхаар тооцов. /х.х-ийн 112, 184-185 тал/
Ажилгүй байсан бүх хугацаа нь 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл байна.
Хариуцагч нь дээрх олговрыг нэхэмжлэгчид олгохдоо нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасч тооцох, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийх үүрэгтэй болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т нэхэмжлэгч М.Оыг “ТОСК” ТӨҮГ-ын ерөнхий төлөвлөгөө барилга захиалагч техник хяналтын газрын даргын ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч “ТОСК” ТӨҮГ-аас 9 034 883 /есөн сая гучин дөрвөн мянга найман зуун наян гурван/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.От олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар хариуцагч “ТОСК” ТӨҮГ нь нэхэмжлэгч М.Оын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч М.Оын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч “ТОСК” ТӨҮГ-аас 159 508 төгрөг гаргуулж, улсын төсвийн дансанд олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.ЦЭНГЭЛ