Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/04

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд Улсын яллагч Н.Бадам, Шүүгдэгч Б.Пүрэвбат, Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү, Нарийн бичгийн дарга Б.Дулам нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх эхсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Пүрэвбатад холбогдох эрүүгийн 2133000000084 тоот хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Төв аймгийн Баянхангай суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “---ХК-д жолооч, 2021 оны 07 дугаар сарын 27- ны өдрийн 2021/ШЦТ/28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д зааснаар 4 сар 26 хоногийн зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан, ялтай, Сэлэнгэ аймгийн Сайхан сум 1 дүгээр баг 1 байр 6 тоотод оршин суух, Боржигон овгийн Батбаатарын Пүрэвбат/ РД:-/. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Яллагдагч Б.Пүрэвбат нь 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 15 цаг 28 минутад Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 4 дүгээр багийн нутагт байрлах үйлчилгээний төвийн урд уулзвар дээр 0000 СЭҮ “HYUNDAI PORTER” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган иргэн Г.Жугхүүг дайрч түүний биед хүндэвтэр хохирол уруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан мэдүүлэг, дүгнэлт, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав: Улсын яллагчаас -Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 759 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 11-12 хуудас/, -Сэлэнгэ аймгийн Сайхан сумын “Гэрэлт индранил” авто сургуулийн захирал, жолооны багш Ч.Үнэнмөнхийн 03 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22 хуудас/, -2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Зам тээврийн ослын бичлэг бүхий СД, -Хохирогч Г.Жугхүүгийн мэдүүлэг /хх-ийн 30 хуудас/, -хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ариунгэрэлийн мэдүүлэг /хх-ийн 33 хуудас/, - 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Жугхүүд үзүүлсэн яаралтай түргэн тусламж үзүүлсэн хуудас /хх-ийн 12-26 хуудас/, -Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 04-05 хуудас/, -Зам тээврийн ослын газарт хийсэн үзлэгийн явцыг бэхжүүлсэн 10 ш гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-8 хуудас/ зэрэг нотлох баримтыг, Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс -Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 11-12 хуудас/, -Сэлэнгэ аймгийн Сайхан сумын “Гэрэлт индранил” авто сургуулийн захирал, жолооны багш Ч.Үнэнмөнхийн 03 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22 хуудас/, -Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 97 хуудас/, - Хохирогч Г.Жугхүүгийн гаргасан хүсэлт /хх-ийн 106 хуудас/, - Б.Пүрэвбатын өгсөн 2,500,000 төгрөгийн зарцуулалтын тооцоо /хх-ийн 107- 108 хуудас/, -Б.Пүрэвбатын шилжүүлсэн 2,500,000 төгрөгийн баримт тооцоо /хх-ийн 14-р хуудас/, -Саран эмнэлэгт үзүүлсэн оношилгооны төлбөрийн баримт, шатахууны баримт /хх-ийн 88 хуудас/, -Ялтны ялын тооцооны судалгаа /шүүх хуралдаанд гаргаж өгсөн/ зэрэг нотлох баримтыг тус тус шинжлэн судлав. 1. Гэм буруугийн талаар Шүүгдэгч Б.Пүрэвбат нь 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 15 цаг 28 минутад Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 4 дүгээр багийн нутагт байрлах үйлчилгээний төвийн урд уулзвар дээр 0000СЭҮ “HYUNDAI PORTER” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 19.1 Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно, Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад учруулахыг хориглоно, 19.4 Жолооч хорооллын доторх хөдөлгөөнөөс гарч зам руу орохдоо тэр замаар яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө, 19.5. Энэ дүрмийн 19.1, 19.3 19.4 заалтыг замын зэргэлдэх нутаг дэвсгэр дотор мөн адил мөрдөнө... гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган иргэн Г.Жугхүүг дайрч түүний биед зүүн гарын атгаал ясны хүзүү хэсгийн битүү хугарал, цээжний зүүн өмнө хэсэгт цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: Шүүхийн хэлэлцүүлэгт: - Шүүгдэгч Б.Пүрэвбатын өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 18 байрнаас ах Батжаргалын портер маркийн машиныг аваад хөдөө явах гэж байгаад нарны өөдөөс харалгүй Жүгхүү эгчийг мөргөж хүндэвтэр гэмтэл учруулсан. Гэм буруугаа ойлгож байна. 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөө Дархан авч явж үзүүлсэн. Тархины зураг бүх юмыг нь үзүүлсэн. Маргааш нь бас Дархан авч явсан. Эмчилгээний зардалд эхлээд 2,200,000 төгрөг, дараа нь 2,500,000 төгрөг өгсөн. Буруугаа ойлгож гэмшиж байгаа...” гэх, - Хохирогч Г.Жугхүүгийн өгсөн: “...Намайг гэртээ байхад дэлгүүрээс сүү ав гэж дуудсан. Сүү хайж байсан юм. 5 литр сүү аваад явж байсан. Нэг мэдсэн унасан байсан. 2 хүн намайг түшиж босгосон байсан. Нэг нь жолооч байсан. Нөгөө хүнийг мэдэхгүй. Би унаад л ухаан алдсан байсан. Сүүлд нь манай охин ирсэн... би энэ хүүхдэд гомдолгүй гэж хэлсэн, миний хүүхэдтэй ялгаа юу байхав...” гэх, - Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ариунгэрэлийн өгсөн: “...Би дайруулсных нь дараа удалгүй араас нь очсон. Эмэгтэй хүн мөргүүлсэн гэхээр гарцаар гарсан эмээ зогсож байсан. Б.Пүрэвбат гэх энэ ах босгосон байсан. Эмнэлэгт машинтайгаа хүргэж өгсөн. Эхлээд 2,200,000 төгрөг, дараа нь 2,500,000 төгрөг өгсөн. Нийт 4,700,000 төгрөг өгсөн байгаа. ...Гэмтэл согог судлалын эмнэлэгт үзүүлсэн. 21 хоногийн эм тариа бичүүлсэн эмээ уугаад явж байгаа. Сүүлд авсан 2,500,000 төгрөгөөр эмээр авсан. 2 дугаар сарын дундуур хагалгаанд орно. Энэ мөнгө хүрэх үгүйг мэдэхгүй байна” гэсэн мэдүүлгүүд, Мөрдөн шалгах ажиллагаанд: -Хохирогч Г.Жугхүү мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 15 цагийн үед Үйлчилгээний төвийн зүүн талд байлах дэлгүүрээс сүү аваад гэртээ харихаар үйлчилгээний төвийн урд талыг явган хүний замаар яваад авто зам гарахдаа авто замын уулзвар дээгүүр явган явсан юм. Тэгээд тэр замаар хөндлөн гаргах үедээ хоёр талаа хараад гарсан юм. Ямар нэгэн машин байгаагүй байсан. Тэгээд нэг мэдэхэд араас машин ирээд мөргөсөн байсан. ...Зүүн гарын гарын мөрний доод хэсгээр хугарсан, толгойн ард хэсгээр өвдөж байгаа, нуруу, бөөр өвдөж байна. Би эрүүл мэндээрээ хохирсон тул эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. Би Дарханаас гадна Улаанбаатар хот явж нарийн шинжилгээ эмчилгээ хийлгэх бололтой байгаа тул гарсан эмчилгээний зардал мөнгийг нэхэмжилж байна гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/, -Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 15 цаг өнгөрч байх үед машинаа байрны гадаа тавьчихаад эмээгийнхээ араас үйлчилгээний төв рүү явж байсан юм. Манай эмээ сүү авахаар явсан байсан юм. Тэгээд би 5 дугаар байрнаас 3 дугаар байрны орчим руу гардаг явган хүний гарцаар гарах гэж байтал хажуугаар явж байсан 2 хүн эмгэгтэй хүн машинд мөргүүлсэн байна гэж ярихаар нь хартал манай эмээ Г.Жугхүү Дархан явдаг таксины авто зогсоол дээрээс гарч ирдэг гарцан дээр уулзварынхаа голд шахуу цэнхэр өнгийн портер маркийн тээврийн хэрэгслийн урд зогсож байсан. Тэгээд жолооч залуу нь би мөргөчихлөө гэж байсан. Манай эмээгийн гар өвдөөд байна гэж байсан. Би эмнэлэг дээр хүргэж өгсөн юм. Тэгээд цагдаа дуудсан байсан. ...Тухайн жолоочийг танихгүй. Тэр жолооч хүүхэдтэйгээ явж байсан. Хүүхэд нь 10-13 орчим насны эрэгтэй хүүхэдтэй явж байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байх шиг байсан. Тухайн жолооч ярихдаа хүүхэдтэйгээ хэрүүл хийж явж байгаад ийм юм болчихлоо гэж хэлж байсан. Бетон засмал зам бөгөөд гарц уулзвар байсан. Тухайн замд явган хүний гарц гармын тэмдэглэгээ байгаагүй. Зам захаараа бага зэрэг цастай төв хэсгээрээ цасгүй байсан. Гомдолтой байна. Эмээгийнхээ эрүүл мэндэд учирсан хохиролд гарсан эмчилгээний зардлыг нэхэмжилнэ ...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/, -Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Туяагийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан 759 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: “...1.Г.Жугхүүгийн биед зүүн гарын атгаал ясны хүзүү хэсгийн битүү хугарал цээжний зүүн өмнө хэсэгт цус хуралтын гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Г.Жугхүүгийн биед тогтоогдсон гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. 4. Г.Жугхүүгийн биед илэрсэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 11-12-р хуудас гэх, - Сэлэнгэ аймгийн Сайхан суманд үйл ажиллагаа явуулдаг “Гэрэлт Индранил” авто жолооны курсын дүрмийн багш Ч.Үнэнмөнхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 03 дугаартай “...Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт, хяналтын камерийн бичлэг, хохирогч, гэр нарын мэдүүлэг зэргээс үзэхэд 6324 СЭҮ улсын дугаартай Хьюндай портер маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явсан Б.Пүрэвбат нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байх үндэслэлтэй байна. МУ-ын ЗХД-ийн 1.2.7 “гарц” гэж замын зэргэлдэх нутаг дэвсгэр рүү орох, түүнээс гарахад зориулсан зорчих хэсэг замтай нийлсэн бэлчрийг, Арван ес. Хорооллын доторх хөдөлгөөн 19.1 Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно. 19.4. Жолооч хорооллын доторх хөдөлгөөнөөс гарч зам руу орохдоо тэр замаар яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө. 19.5. Энэ дүрмийн 19.1, 19.3, 19.4 заалтыг замын зэргэлдэх нутаг дэвсгэр дотор мөн адил мөрдөнө гэж заасан байна. Хариулт-2: 6324 СЭҮ улсын дугаартай Хьюндай портер маркийн тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй. Хариулт-3: Явган зорчигч Г.Жугхүү нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Хариулт-4: Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.7 “гарц” гэж замын зэргэлдэх нутаг дэвсгэр рүү орох, түүнээс гарахад зориулсан зорчих хэсэг замтай нийлсэн бэлчрийг, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 19.1 Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно. 19.4. Жолооч хорооллын доторх хөдөлгөөнөөс гарч зам руу орохдоо тэр замаар яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө. 19.5. Энэ дүрмийн 19.1, 19.3, 19.4 заалтыг замын зэргэлдэх нутаг дэвсгэр дотор мөн адил мөрдөнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна. Хариулт-5: Асуултанд дурдагдаагүй шинээр илэрсэн нөхцөл байдал тогтоогдоогүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21-22-р хуудас/, -2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-5-р хуудас/, -2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-8-р хуудас/, -Хохирогч Г.Жугхүүгийн Саран Элит эмнэлэгт авахуулсан цээжний рентгэн зураг, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 15-16 хуудас/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Пүрэвбатын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдож байна. Прокурорын газраас Б.Пүрэвбатыг тээврийн хэрэгсэл жолоодож яваад замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган иргэн Г.Жугхүүг дайрч түүний биед хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй бөгөөд хуулийн зүйл, хэсэг тохирсон байна. Шүүгдэгч Б.Пүрэвбатын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүхий л шинжийг хангаж байх тул /Пүрэвбатын гэм буруутай үйлдэл буюу замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж бусдын бие махбодид буюу Г.Жугхүүгийн биед хүндэвтэр хохирол учирсан, үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой/ түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлэхдээ хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эрхийг зөрчиж хязгаарлаагүй, хэрэгт нотолбол зохих байдлуудыг нотолсон байх тул дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно. Иймд шүүгдэгч Б.Пүрэвбатыг жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт гэм буруутайд тооцов. Шүүгдэгч Б.Пүрэвбат нь гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, хэргээ хүлээн мэдүүлсэн, гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирлыг хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн бөгөөд хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорын шатанд гаргаж, Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй. Түүнчлэн шүүгдэгч Б.Пүрэвбат нь хохирогч Г.Жугхүүгийн эмчилгээний төлбөрт 4.700.000 төгрөгийг шижлүүлсэн ба энэ талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ариунгэрэлийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Эхлээд 2,200,000 төгрөг, дараа нь 2,500,000 төгрөг өгсөн. Нийт 4,700,000 төгрөг өгсөн...” гэх, хохирогч Г.Жугхүүгийн 4,700,000 төгрөг өгсөн гэх мэдүүлгээр шүүгдэгч гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг төлсөн болох нь тогтоогдож байна. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ариунгэрэл шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: ...шүүгдэгч Б.Пүрэвбатын эмчилгээний төлбөрт шилжүүлсэн 4.700.000 төгрөгнөөс хохирогчийн эмчилгээнд 2.227.786 төгрөгийг зарцуулсан бөгөөд үлдсэн мөнгөөр нь хагалгаанд орох төлөвлөгөөтэй байгаа. Үлдэгдэл мөнгө нь хүрэх эсэх нь эргэлзээтэй гэж мэдүүлж байна. /хх-ийн 107-122 хуудас/ Иймд хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гэм хорын хохирол нэхэмжлэх эрхийг нээллтэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 2. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т ...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн зарчмын дагуу шүүгдэгч Б.Пүрэвбатыг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Пүрэвбат нь Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар 2 жилийн хугацгаагаар хорих ял оногдуулж, цагдан хоригдсон 224 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, оногдуулсан 2 жилийн хорих ялыг ӨҮТХ-ийн 7.2-т зааснаар 506 хоногийн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэсэн байна. Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 47 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсэгт өөрчлөлт оруулж, “Б.Пүрэвбатад Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялыг оногдуулсугай гэж, урьдчилан цагдан хоригдсон 224 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, ӨҮТХ-ийн 7.2-т зааснаар Б.Пүрэвбатын эдлээгүй үлдсэн 4 сар 26 хоногийн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай” гэж өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн байна. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр шүүхийн гүйцэтгэх хуудас бичин ШШГХ-т шилжүүлсэн бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол үйлдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж эхэлсэн байна. Шүүгдэгч Б.Пүрэвбат нь 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн байна. Өөрөөр хэлбэл оногдуулсан ял буюу зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно... гэж заажээ. Үүний дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2022 оны 01 дүгээр зүйлийн 13-ны өдрийн байдлаар Б.Пүрэвбатын өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 83 хоног буюу 02 сар 23 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 04 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 06 сар 23 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоох нь зүйтэй байна. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй. Энэ хэргийн улмаас шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж, энэ хэрэгт хураагдаж ирсэн CD бичлэгийг хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36 дугаар зүйлийн 36.1 36.2 дугаар зүйлийн 4, 36.3-3, 36.6, 36.7, 36.8, 36.10, заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овгийн Батбаатарын Пүрэвбат/ РД:--ыг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Б.Пүрэвбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 04 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Б.Пүрэвбатын өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 83 хоног буюу 02 сар 23 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 04 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 06 сар 23 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Пүрэвбатад мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Пүрэвбат нь хохирогчид 4,700,000 төгрөгийн хохирол төлсөн болохыг дурдаж, хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардал нь шүүгдэгч Б.Пүрэвбатын төлсөн төлбөрөөс илүү гарсан тохиолдолд эмчилгээний зардлаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

7.Энэ хэрэгт хураагдаж ирсэн CD бичлэгийг хэрэгт хавсаргасугай.

8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН