| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жалцаны Цэнгэл |
| Хэргийн индекс | 182/2016/01529/И |
| Дугаар | 182/ШШ2017/01140 |
| Огноо | 2017-05-18 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 182/ШШ2017/01140
|
2017 оны 05 сарын 18 өдөр |
Дугаар 182/ШШ2017/01140
|
Улаанбаатар хот
|
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Р.А-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: НӨГ,
Хариуцагч: ГАнд тус тус холбогдох
Урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, хариуцагч НГАны итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А, хариуцагч НӨХГын өмгөөлөгч А.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэвэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.А нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Р.А нь НӨХГын 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн тушаалаар Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албанд архив, бичиг хэргийн ажилтнаар томилогдон, ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан. НӨХГын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/175 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэж Р.Аыг ажлаас чөлөөлсөн. Б/175 тоот тушаал нь Нийслэлийн Засаг даргын А/626, А/635 дугаар захирамжуудыг үндэслэсэн бөгөөд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг НӨГ гэж байсныг НӨГ, НГА гэж 2 салсан ба НӨГ нь бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр Р.Аыг НГАнд шилжүүлсэн гэх тайлбарыг өгдөг.
НГАнд миний гүйцэтгэж байсан архив, бичиг хэргийн ажилтаны орон тоо, чиг үүрэг хэвээр хадгалан үлдсэн байтал, өөр хүнийг томилсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалтыг зөрчсөн байна. НӨГ нь Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд НГА, ӨХГ гэж үйл ажиллагааны чиглэлээр нь салгаж ажиллуулахаар шийдвэрлэсэнтэй нь холбогдуулан хувааж, эрхлэж байсан ажлын чиг үүрэгтэй нь холбогдуулан Р.Аыг НГА руу шилжүүлсэн гэх тайлбарыг өгдөг.
НӨХГын дарга Б/175 тоот тушаал гарган Р.Аыг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна. Р.Аын эрхэлж байсан ажил албан тушаалын шууд удирдлага буюу ажилд томилох чөлөөлөх эрх НГАнд шилжсэн байгаа бөгөөд бичиг хэргийн ажилтаны орон тоо хэвээр байгаа. Бүтэц, орон тоо өөрчлөгдсөнөөс хойш ч орон тоо 1 хэвээрээ хадгалагдаж байсан. Иймд Р.Аыг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч НӨХА хариу тайлбартаа болон хариуцагчийн өмгөөлөгч А.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 08 тоот тогтоолоор Нийслэлийн Засаг даргын эрхлэх ажлын хүрээнд НГА, НӨХГыг тус, тусын үйл ажиллагааны чиглэлээр салгаж ажиллуулах чиглэл гарсан. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын А/626 тоот захирамж гарсан. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг НӨХГын хэрэгжүүлж байсан чиг үүргээс газрын харилцаатай холбогдолтой чиг үүргийг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг НГАнд шилжүүлсэн бөгөөд газрын харилцаатай холбоотой холбогдох чиг үүргийг хэрэгжүүлж байсан албан хаагч, орон тоо, цалин, цалингийн сан, эзэмшиж байгаа мэдээ, баримт бичиг, эд хөрөнгийн хамт Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг НГАнд шилжүүлэх шийдвэр гарсан.
Үүний дагуу 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн НӨХГын Б/354, Б/175 тоот тушаалууд гарсан. НӨХГын Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албаны архив, бичиг хэргийн ажилтан Р.Аыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, НГАны мэдэлд чиг үүргийн дагуу шилжүүлсэн. Иймд Р.Аын нэхэмжлэлийг НӨГ хариуцах эрх зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч НГА хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ариунцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Р.Аын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 08 тоот тогтоолоор Нийслэлийн Засаг даргын тамгын газар, захирагчийн ажлын албаны бүтцийг баталсан. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын А/626 тоот захирамж гарч, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг НӨХГын хэрэгжүүлж байсан чиг үүргээс газрын харилцаатай холбогдолтой чиг үүргийг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг НГАнд шилжүүлсэн бөгөөд газрын харилцаатай холбоотой холбогдох чиг үүргийг хэрэгжүүлж байсан албан хаагч, орон тоо, цалин, цалингийн сан, эзэмшиж байгаа мэдээ, баримт бичиг, эд хөрөнгийн хамт Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг НГАнд шилжүүлэх шийдвэр гарсан.
Нийслэлийн Засаг даргын А/626 дугаар захирамжаар НӨГ нь НӨГ, НГА болж 2 хуваагдсан. НӨХГын хэрэгжүүлж байсан чиг үүргээс газрын харилцаатай холбоотой хэсгийг НГАнд шилжүүлсэн. Энэ захирамжийн 2 дахь заалтаар шилжин ирж байгаа ажилтан, албан хаагчдыг мэргэжил, мэргэшлийн дагуу байршуулан ажиллуулах үүргийг даалгасан боловч, манай бүтцийг Нийслэлийн Газрын харилцааны газар геодези зураг зүйн газрын дарга, Нийслэлийн Засаг даргын хамтарсан 2016 оны А/224 дугаар тушаалаар 178 орон тоотойгоор баталсан тул уг орон тоонд багтаан ажилчидаа томилсон байдаг.
Р.А нь анх 2013 онд Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны газарт архив, бичиг хэргийн ажилтнаар томилогдсон ажиллаж эхэлсэн. Тухайн үед архив, бичиг хэргийн ажилтны 1 орон тоо байсан. 2015 онд архив, бичиг хэргийн ажлыг салгаснаар бичиг хэргийн ажилтан болсон байна. Шинэ бүтцээр Баянгол дүүргийн газрын албаны архив, бичиг хэргийн ажлыг нэг хүн гүйцэтгэхээр /нэг орон тоо/ болсон. НГАны даргын 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/01 тоот тушаалаар НГАны орон тооны дээд хязгаар, зохион байгуулалтын бүтцийг баталсан.
НГАны шинэ бүтцээр архив болон бичиг хэргийн ажлыг нэг хүн гүйцэтгэхээр болсон тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасны дагуу төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилохоор заасан байгаа.
Иймд ажил олгогчийн зүгээс тухайн ижил төрлийн алба хашиж байгаа албан хаагчдаас ёс зүйн болон сахилгын зөрчил гаргаж байгаагүй, алдаа дутагдал гаргаж байгаагүй албан хаагчдаас нэн тэргүүн ээлжинд томилж, ажил албан үүргээ хэвийн явуулж эхэлсэн. НӨХГаас газрын харилцаатай холбогдох чиг үүргийг хэрэгжүүлж байсан албан хаагчдыг НГА руу шилжүүлсэн гэх боловч, албан хаагчдын нэрсийн жагсаалт, албан бичиг байдаггүй. Газрын албаны дарга өөрийн баталсан бүтэц, орон тооны хүрээнд албан хаагчдаа томилсон. Р.Аыг буцааж ажиллуулах үүрэг хүлээгээгүй.
Р.Аын хувьд НӨГт байхад нь албан тушаалаас чөлөөлөх талаар мэдэгдэж байсан. Мэдэгдэл дээр гарын үсэг зуруулсан. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас шүүхийн журмаар гаргуулсан нотлох баримтаар Р.А ажилд орсон гэдэг таамаг байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.А нь хариуцагч НӨГ, НГАнд тус тус холбогдуулан урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зохигчид нэхэмжлэгч Р.Аыг урьд эрхэлж байсан ажлаас нь чөлөөлсөн нь үндэслэлтэй эсэх асуудлаар маргаж байгаа болно.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд гаргажээ. /х.х-ийн 1 тал/
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах”-аар заасан байх бөгөөд нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд гомдлын шаардлагаа гаргасан гэж үзнэ.
Нэхэмжлэгч Р.А, хариуцагч НӨГ, НГА /хуулийн этгээд/ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн биеэр буюу төлөөлөгчөөр дамжуулан оролцох эрхтэй.
Нэхэмжлэгч Р.А нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Д.О-ийг томилж, 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр итгэмжлэл олгосон байх бөгөөд итгэмжлэл хүчин төгөлдөр байна. /х.х-ийн 2 тал /
Хариуцагч НӨХГын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр мэдээлэл хяналтын хэлтсийн дарга Ч.Ныг томилж, 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр итгэмжлэл,
Хариуцагч НГАны итгэмжлэгдсөн төлөөлөгчөөр захиргааны хэлтсийн хуулийн мэргэжилтэн Я.Ариунцэцэгийг томилж, 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр итгэмжлэл тус тус олгожээ. /х.х-ийн 13, 28-29 тал/
Зохигчид “өөрсдийгөө шүүхэд бүрэн төлөөлж, холбогдох тайлбар, хүсэлт гаргах, хэргийн материалтай танилцах, бүх шатны шүүхэд шүүх хуралдаанд төлөөлөн оролцох ... зэрэг итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрх, үүргийг эдлэх”-ээр итгэмжлэл олгосноор Д.О, Ч.Н, Ч.А нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 32 дугаар зүйлийн 32.2, 35 дугаар зүйлийн 35.1, 35.2, 36 дугаар зүйлийн 36.1, 36.2.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хэргийн оролцогч болсон гэж үзнэ.
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 8 дугаар тогтоолоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, захирагчийн ажлын албаны бүтцийг батласан байх бөгөөд Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэгч агентлагаар НГА, Өмчийн харилцааны газрыг тус тус ажиллуулахаар шийдвэрлэжээ. /х.х-ийн 20, 68-69 тал/
Өөрөөр хэлбэл өмнө нь Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагаар ажиллаж байсан НӨХГыг дээрх бүтцийн өөрчлөлтөөр НГА, ӨХГ гэж 2 агентлаг болгон хувааж, орон тооны дээд хягзаарыг тогтоон, бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн баталсан байна.
Дээрх тогтоолыг хэрэгжүүлэхээр Нийслэлийн Засаг дарга 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр А/626 дугаар захирамж, 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/635 дугаар захирамж гарч Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг НӨХГын хэрэгжүүлж байсан чиг үүргээс газрын харилцаатай холбогдох чиг үүргийг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч Агентлаг НГАнд шилжүүлэх, уг албаны чиг үүргийг хэрэгжүүлж байсан албан хаагчдыг орон тоо, цалингийн сан, эзэмшиж байгаа мэдээ, баримт, бичиг, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, эд хөрөнгийн хамт НГАнд шилжүүлэхийг НӨХГын даргад даалгаж, мөн Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлагийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг батлажээ. /х.х-ийн 61-100 тал/
Хариуцагч НӨГ нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 08 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/626 дугаар захирамж, 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/635 дугаар захирамжуудыг хэрэгжүүлэх зорилгоор тус газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Б/354 дүгээр тушаалаар Өмчийн харилцааны газрын хэрэгжүүлж байсан чиг үүргээс газрын харилцаатай холбогдох чиг үүргийг НГАнд шилжүүлэх, уг албаны чиг үүргийг хэрэгжүүлж байсан албан хаагчдыг орон тоо, цалингийн сан, эзэмшиж байгаа мэдээ, баримт бичиг, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, эд хөрөнгийн хамт НГАнд шилжүүлсэн байна. /х.х-ийн 71-78 тал/
Нэхэмжлэгч Р.А нь НӨХГын даргын 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/279 тоот тушаалаар Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны газарт архив, бичиг хэргийн ажилтнаар томилогдон ажиллаж байсан болох нь зохигчдын тайлбар, НӨХГын даргын 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/279 тоот тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 3-7, 68 тал/
Нэхэмжлэгч Р.А нь Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар төрийн үйлчилгээний албан тушаалтан байх тул мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д заасны дагуу үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар зохицуулагдана.
Хариуцагч НӨХГын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/175 тоот тушаалд Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Засгийн Газрын 2016 оны 08 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/626, 635 дугаар тогтоолыг үндэслэсэн “Монгол Улсын Засгийн газраас Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг шинэчлэн батлагдсантай холбогдуулан Баянгол дүүргийн өмчийн харилцааны албаны бичиг хэргийн ажилтан Р.Аыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр тусгагджээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д зааснаар аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах эрхтэй байна.
Мөн зүйлийн 40.5.-д зааснаар ажил олгогч орон тоо, бүтцийн өөрчлөлтийн улмаас хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдаж буй ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй байна.
Ажил олгогч нь нэхэмжлэгч Р.Аыг ажлаас халахаас 1 сарын өмнө буюу 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр түүнд мэдэгдсэний дараа тус газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/175 дугаар тушаалаар Р.Атай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан болох нь зохигчдын тайлбар, 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн мэдэгдэл зэргээр нотлогдож байна. /х.х-ийн 69-70 тал/
Р.Аыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн НӨХГын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/175 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5 дахь заалтыг зөрчөөгүй, ажил олгогч хуульд заасан үүргээ биелүүлсэн гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан ажлын байр, гүйцэтгэж ажлын чиг үүрэг нь орон тоо, бүтцийн өөрчлөлтийн улмаас Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг НГАнд шилжсэн үйл баримтын талаар зохигчид маргахгүй байгаа болно.
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн ”Нийслэлийн Засаг даргын тамгын газар, захирагчийн ажлын албаны бүтцийг батлах тухай “8 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/635 дугаар захирамжийн хавсралтаар Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг тогтоосон байх бөгөөд НГАны орон тоог 178 хүртэл байхаар тогтоосон байна.
Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/224 дүгээр тушаалаар НГАны орон тооны дээд хязгаар, зохион байгуулалтын бүтцийг батласны дагуу НГАны даргын 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/01 дүгээр тушаалаар НГА, түүний хэлтсүүдийн болон дүүргүүдийн газрын албаны чиг үүрэг, орон тооны дээд хязгаарыг батласан байна. /х.х-ийн 37-42, 102-110 тал/
НӨХГын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/354 тушаалаар тус газрын хэрэгжүүлж байсан чиг үүргээс газрын харилцаатай чиг үүргийг хэрэгжүүлж байсан нэгж албан хаагчдыг цалингийн сан, техник төхөөрөмж, эд хөрөнгийн хамт НГАны мэдэлд шилжүүлсэн байх тул ажил олгогч НГА нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар ажилтнуудыг ажлын байраар хангах, хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэгтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д “Аж ахуйн нэгж байгууллагын харъяалал, өмчлагч өөрчлөгдсөн нь хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй“ гэж заасан.
Иймд шинээр зохион байгуулагдсан буюу эрх үүргийг шилжүүлэн авсан ажил олгогч буюу НГА нь ажилтан Р.Аын хөдөлмөрийн гэрээг ямар нэгэн байдлаар цуцлах эрхгүй.
НГА нь ажилтны хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан аль нэг үндэслэлээр цуцлах эрхтэй боловч, Р.Аыг ажлаас халсан шийдвэрийг бичгээр гаргаж өгөөгүй, ажилтны ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байгаа үйлдлийг ажлаас халсантай адилтган үзнэ.
Ажил олгогч НГАны итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх нэг үндэслэлээ “... НГАны шинэ бүтцээр архив болон бичиг хэргийн ажлыг нэг хүн гүйцэтгэхээр болсон тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасны дагуу төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилохоор” заасан байгаа.
Иймд “ажил олгогчийн зүгээс тухайн ижил төрлийн алба хашиж байгаа албан хаагчдаас ёс зүйн болон сахилгын зөрчил гаргаж байгаагүй, алдаа дутагдал гаргаж байгаагүй албан хаагчдаас нэн тэргүүн ээлжинд томилж, ажил албан үүргээ хэвийн явуулж эхэлсэн ...” гэж тайлбарлаж байгааг зөвтгөх боломжгүй юм.
Учир нь Р.Аын албан тушаал, ажлын байр нь шинээр батлагдсан орон тооны бүтцээр түүний гүйцэтгэж байгаа ажлын чиг үүрэг хэвээр байгаа болох нь зохигчдын тайлбар, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/224 дүгээр тушаал, НГАны даргын 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/01 дүгээр тушаал зэргээр тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д зааснаар ажил олгогч нь ажилтныг ажлаар ... хангах, хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох зэрэг хуулиар болон хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд засан үүргээ биелүүлэх үүрэгтэй.
Түүнчлэн Р.Аын хувьд тухайн /архив, бичиг хэргийн ажилтан/ ажлыг эрхлэхэд ажлын байрны шаардлага хангахгүй байсан, сахилгын зөрчил, алдаа дутагдал гаргаж байсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд НӨГт холбогдох урьд эрхлэж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай Р.Аын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, харин нэхэмжлэгч Р.Аыг Баянгол дүүргийн Газрын албаны архив, бичиг хэргийн ажилтанаар эгүүлэн тогтоох үндэслэлтэй гэж үзнэ.
Харин ажил олгогч ажилтан хоорондоо зөвшилцөн архив, бичиг хэргийн ажилтаны албан тушаалтай адил чанарын, ажил албан тушаалын талаар тохиролцох эрх нээлттэй юм.
Хариуцагч НГАнаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3 620 574 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Р.Ад олгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч сарын дундаж цалин 548 205 төгрөг байхаар тооцов. /х.х-ийн 7-8 тал/
Ажилгүй байсан бүх хугацаа нь 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр /ажлын 142 хоног/ хүртэл байна.
Хариуцагч нь дээрх олговрыг нэхэмжлэгчид олгохдоо нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасч тооцох, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийх үүрэгтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.6-т заасан журмын дагуу 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1400 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ням-Оюунд мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй тухайгаа шүүхэд мэдэгдсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн өмгөөлөгч нарын хүсэлтийг үндэслэн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. /х.х-ийн 131-132 тал/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч НГАны хүсэлтээр Эрүүл мэнд нийгмийн даатгалын ерөнхий газраас Р.Аын 2016 оны 10 дугаар сараас хойш ажил эрхэлж байгаа эсэх, нийгимйн даатгалын шимтгэл төлөгдсөн талаарх лавлагааг нотлох баримтаар гаргуулсан хэдий ч уг лавлагаа нь тухайн хэрэг маргаанд хамааралгүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй болно. /х.х-ийн 127-129 тал/
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул НӨГт холбогдох урьд эрхлэж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай Р.Аын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Р.Аыг Баянгол дүүргийн Газрын албаны архив, бичиг хэргийн ажилтаны ажилд эгүүлэн тогтоосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч НГАнаас 3 620 574 /гурван сая зургаан зуун хорин мянга таван зуун далан дөрвөн/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Р.Ад олгосугай.
4. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар хариуцагч НГА нь нэхэмжлэгч Р.Аын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Р.Аын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч НГАнаас 72 879 төгрөг гаргуулж, улсын төсвийн дансанд олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.ЦЭНГЭЛ