Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/14

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж,

         Нарийн бичгийн дарга Э.Энхмаа, 

         Улсын яллагчаар хяналтын прокурор Л.Мөнхбаяр,

         Шүүгдэгч Д.Ж нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

         Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Мөнхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Дашзэвэгийн Жд холбогдох эрүүгийн 2119000000240 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Монгол Улсын иргэн, 1973 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Боржигин овогт Дашзэвэгийн Ж

         Холбогдсон хэргийн талаар:

   Шүүгдэгч Д.Ж нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Н.Наранболдын гэрт хохирогч Ч.Бямбагэрэлийн зүүн гарын булчин хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч Д.Ж шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

          Хохирогч Ч.Бямбагэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ... Жы гэрээр ороод гаръя гэж бодоод Жы байгаа Наранболдын гэр рүү очсон. Намайг гэрт ороход Наранболд, Ж хоёр гэртээ согтуу сууж байсан. Гэрт нь ороод “сонин сайхан юу байна” гэж мэндчилэн ярьж байсан. Наранболд мах татаж байсан заазуураа надад өгөөд “энийг жаахан ирлээд өгөөч, мах дийлэхээ байлаа” гэсэн. Би заазуурыг авч, ирлээд Наранболдод буцааж өгсөн. Жы аав, ээж болон манай дүүгийн хөдөө гэр хоорондоо ойрхон байдаг ба бэлчээрийн асуудлаас болж Ж надад агсам тавьж эхэлсэн. Манай аав, ээж хоёрыг та нар бэлчээрээр нь шахаж дарамталсан гэхээр нь бид нарын л нутаг шүү дээ гэж хэлсэн. Тэгээд байж байтал намайг заамдсан. Тэгэхээр нь би гараараа түлхтэл хутга аваад миний зүүн гарын булчин хэсэг рүү 1 удаа хутгалчих шиг болсон ... Нэгдсэн эмнэлэгт 5 оёдол тавьсан ... Д.Ж надад 450,000 төгрөгийг эм, тариандаа хэрэглэж бай гэж өгсөн. Би эмчилгээний зардалд 4,000,000 төгрөг нэхэмжилнэ ...“ гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12, 15-16 дугаар хуудас/,

         Гэрч Н.Наранболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Бямбагэрэл бага зэргийн архи үнэртүүлсэн орж ирээд, Жтай хэрүүлийн шинжтэй харьцаж байсан. Гэрийн баруун хэсэгт Ж, Бямбагэрэл хоёр ноцолдож байгаад, Бямбагэрэл гүйгээд гарч явсан. Тухайн үед хутгалсан гэдгийг нь мэдээгүй ...“ гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/,

           Гэрч Н.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 22 цагийн орчим манай нөхөр Бямбагэрэл гаднаас орж ирээд, намайг дуудсан. Би “яасан бэ” гэж асуухад “намайг хүн хутгалчихлаа” гэж хэлээд гэрээс гарсан. Гэтэл манай жижиг хүү “ааваа яасан бэ, хүнтэй муудалцсан юм уу” гэхэд “миний хүү цаанаа байж бай, ээжийгээ дуудчих” гэж хэлээд гал тогооны өрөө рүү орсон. Намайг том өрөөнөөс очиход зүүн талын ханцуй хэсгээс цус нэвтэрч гоожиж байсан ...“ гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/,

          Шүүгдэгч Д.Жы мөрдөн шалгах ажиллагаанд  гэрч болон яллагдагчаар өгсөн: “... орой 21 цагийн үед Наранболдын гэрийн хаалгыг хүн тогшсон ба хэн бэ гэхэд Бямбагэрэл байна гэж хэлээд орж ирсэн. Орж ирээд ярьж хөөрөөд сууж байгаад би Бямбагэрэлд хандан “манай хөдөө гэрээс 1 км газар зайд танай дүү Даваагэрэл блокоор хороо барьсан байна. Тийм болохоор манай мал бэлчээрийн газаргүй болчихлоо” гэж хэлсэн. Бид хоёр хоорондоо маргалдаж  байсан ба би тухайн үед мах хэрчиж байсан болохоор миний гарт хутга байсан. Би яг хутгалъя гэж бодоогүй, ноцолдож байгаад хутгалсан байх гэж бодож байна. Дараа нь сонсоход би зүүн гарын булчин хэсэгт нь 1 удаа хутгалсан гэж сонссон ... Би Ч.Бямбагэрэлд эмчилгээний мөнгө гэж 450,000 төгрөг өгсөн. Нийт эмчилгээний зардал тооцож, би хохирол барагдуулна ...“ гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24, 64-65 дугаар хуудас/,

          Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 02/0344 дугаартай “... Ч.Бямбагэрэлийн биед зүүн бугалгын шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Шинээр илэрсэн зүйлгүй ...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/,

          Хохирогч Ч.Бямбагэрэлийн Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Эрүүл мэндийн төвд үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/,

         Хохирогч Ч.Бямбагэрэлийн Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас, гэрэл зураг /хавтаст хэргийн 39-42 дугаар хуудас/,

          Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-6 дугаар хуудас/,

          Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/,

          Хохирогч Ч.Бямбагэрэлээс нэхэмжилсэн хохирлын баримтууд хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас/,

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 54 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулсан, бэхжүүлсэн,  хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.

Шүүгдэгч Д.Ж нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Н.Наранболдын гэрт хохирогч Ч.Бямбагэрэлтэй хороо, бэлчээр, бууцны асуудлаас болж маргалдаж, улмаар түүний зүүн гарын булчин хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл явдал болсон хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хөнгөн хохирол учруулсан материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 Шүүгдэгч Д.Жы үйлдлийн улмаас хохирогч Ч.Бямбагэрэлийн эрүүл мэндэд зүүн бугалгын шарх бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 02/0344 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан бөгөөд шинжээчийн дүгнэлтийг шүүгдэгч, хохирогч нарт танилцуулсан, дүгнэлтийг үл зөвшөөрөх, тайлбар өгөх, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх тухай хүсэлт гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

          Шүүгдэгч Д.Ж нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд эрх чөлөөнд нь халдаж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогчийн биед зүүн бугалгын шарх гэмтэл учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн гэж үзнэ.

          Иймд шүүгдэгч Д.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

          Хохирогч Ч.Бямбагэрэл нь мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээний зардал 4,000,000 төгрөгийг шүүгдэгч Д.Жаас нэхэмжилсэн боловч эм, тарианы холбогдолтой 261,600 төгрөг, шатахууны зардал 25,000 төгрөг, нийт 286,600 төгрөгийн баримтыг ирүүлсэн байна.

          Шүүгдэгч Д.Ж нь хохирол төлбөрт 450,000 төгрөгийг хохирогч Ч.Бямбагэрэлд бэлнээр өгсөн болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдох тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Хохирогч Ч.Бямбагэрэл нь хохиролд 4,000,000 төгрөгийг нэхэмжилнэ гэж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн боловч энэ талаар нотлох баримтыг гаргаагүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу  эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

          Эрүүгийн хариуцлагын талаар:

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай олж тогтоон шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд гэмт этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.

           Шүүгдэгч Д.Жд ял шийтгэл оногдуулахдаа хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хор уршиг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан эд материалын хохирол төлбөргүй байдал зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн ба хэрэгт авагдсан нотлох баримтаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Жыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

          Шүүгдэгчид торгох ял оногдуулахдаа түүний орлого, ам бүлийн байдал, эд хөрөнгө, орлого олох боломж, прокурорын дүгнэлт зэргийг харгалзан түүний эдийн засагт дарамт учруулахгүйгээр оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн иштэй 1 ширхэг хутгыг устгахыг Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хохирогч Ч.Бямбагэрэлд шүүх хуралдааны товыг 2022 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр мэдэгдэхэд”за, ойлголоо” гэсэн баримт хавтаст хэрэгт авагдсан байх тул хуульд заасан хугацаанд шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг мэдэгдэж хохирогчийн эрхийг хангасан боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй болно. Шүүх хуралдаанд хохирогч ирээгүй тул шүүх хуралдааны ирцтэй холбогдуулан оролцогчдын саналыг харгалзан түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой гэж үзсэн болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигин овогт Дашзэвэгийн Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Жд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ж нь торгуулийн ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай.

        4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ж нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн иштэй 1 ширхэг хутгыг устгахыг Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.Хохирогч Ч.Бямбагэрэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар 4,000,000 төгрөгийн нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Жд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

    

 

                                  ДАРГАЛАГЧ                             Н.АДЪЯА