Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нямдоржийн Адъяа |
Хэргийн индекс | 167/2022/0013/Э |
Дугаар | 2022/ШЦТ/18 |
Огноо | 2022-01-24 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Л.Мөнхбаяр |
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 2022/ШЦТ/18
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Энхмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор Л.Мөнхбаяр,
Шүүгдэгч Б.У нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Мөнхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Бухаатын Уд холбогдох эрүүгийн 2119002690002 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт Б-ын У
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.У нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Нарлаг шанд хорооллын .. дугаар байрны хойд талд хохирогч А.Утой маргалдаж, даавуун цүнхээр толгойн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.У шүүхийн хэлэлцүүлэгт: “... Мэдүүлэг өгөхгүй ...” гэв.
Хохирогч А.Угийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 17 цаг 20 минутын үед ... машинтайгаа явж байхад 5 насны эрэгтэй хүүхэд дагуулсан үл таних 40 гаран насны эрэгтэй согтуу хүн “пизда минь хүүхэд дайрлаа” гэхээр нь би машинаа зогсоогоод “юу гээд байгаа юм, хүн пиздагаар нь дуудаад” гэхэд тэр хүн миний машины цонхон дээр ирээд “аан би чамайг мэднэ, арын хүүхэд байна, саяхан Приус 20 уначихсан явж байсан, одоо Приус 30 уначихаад томроод дайрах нь ээ” гэхээр нь “юу гэж дээ ах минь” гэхэд “чи хүүхэдгүй юу” гэхээр нь “би хүүхэд юу гэж дайрах вэ дээ, би хараад явж байна” гэхэд тэр хүн “чиний хүүхдийг чинь хачин болгоно, машиныг чинь хорлоно” гэхээр нь “юу гээд байгаа юм” гээд хөдлөх гэхэд тэр хүн миний машиныг өшиглөхөөр нь би бууж очоод “та хүний машинд хамаагүй халдаж болохгүй ш дээ, яаж байгаа юм” гэхэд “битгий хуц” гээд барьж явсан хүүхдийн цүнхээрээ миний толгой руу 7-8 удаа савж цохисон. Тэгэхээр нь би уйлаад “ах аа болиоч” гээд түлхэхэд цаашаа явах гэснээ болиод “та нар намайг дайрах гэнээ” гээд явах гэхээр нь “байж бай утсаараа зургийг чинь дараад фэйсбүүкт тавина” гэсэн чинь “та нар юм л бол лайв хийдэг” гэж хэлээд буцаж ирээд, намайг цүнхээрээ 2-3 удаа савж цохих үед миний Samsumg S9 plass утсыг цүнхээрээ цохин газар унагасан. Тэгээд миний утсыг дэвсээд 1 удаа өшиглөсөн ... Надад гомдол санал байхгүй ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 4-5, 14-15, 44 дүгээр хуудас/,
Гэрч Б.О-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... гэрт ач хүү Е ганцаараа орж ирээд “өвөөг хүн зодоод байна, цус гарсан” гэхээр нь би гарч очиход нэг эмэгтэй хүнтэй хэрэлдээд зогсож байсан. Манай нөхөр явах гэсэн чинь нөгөө эмэгтэй нь манай хүний зүүн гараас бариад явуулахгүй, хэрэлдээд байхаар нь би очоод “юу болоод байгаа юм” гэхэд нөхөр У хэлэхдээ “энэ намайг машинаараа шүргэсэн” гэж хэлсэн. Тэгэхэд тэр хүүхэн “хэн мэддэг юм, танай нөхөр намайг цүнхээрээ 2 удаа цохисон” гэж хэлээд орилоод аав, ээжийгээ дуудна гэж хэлээд утсаар яриад байсан ... ” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Б.Уы мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “ ... 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 17 цагийн үед 4 настай ач хүүгээ аваад араас Приус маркийн машин гар шүргээд ойрхон өнгөрөхөөр нь би цочоод өшиглөсөн. Тэгтэл жолооч нь бууж ирээд, машин өшиглөлөө гэхээр нь “хүүхэд дайрчихвал чи яах юм” гэж хэрэлдсэн. Хэрэлдэж байхад А.У нь гар утсаараа миний өөдөөс чичлээд эсвэл бичлэг хийнэ гэж орилоод байхаар нь би баруун гар талдаа барьж байсан ач хүүгийнхээ даавуун цүнхийг зүүн гартаа бариад мөрөн тус газарт нь 3-4 удаа савж цохих үед Угийн гар утас нь газар унасан ...Тийм том зай байхад миний хажуугаар ойрхон өнгөрөөгүй бол ийм зүйл болохгүй байсан...Уг би цүнхээр цохисон нь миний буруу,...У миний хажуугаар хурдтай өнгөрч, миний баруун гарыг шүргэж гарсан, миний зүүн гарын чигчий хуруу одоо болтол мэдээгүй байна, тухайн үед машинаар шүргүүлснээс болоод ийм гэмтэл авсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 6, 17, 42 дугаар хуудас/,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 02/0337 дугаартай “... А.Угийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй ...“ гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/,
Хохирогч А.Угийн Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн Яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/,
Амбулаториор эмчлүүлэгсдийн картанд:зүүн гарын эрхий хуруугаар хөндүүрлэж өвдөнө гэсэн зовиуртай. Үзлэгт: Биеийн ерөнхий байдал хөнгөн, ухаан санаа саруул, асуусан асуултанд хариулна, байрлал идэвхтэй, хүүхэн хараа 2 талд ижил, дугираг, гэрлийн урвалд жигд оролцоно, нүдний алимны чичирхийлэлтгүй, дагзны булчингийн хөшингөгүй, саа саажилтгүй, хамар хурууны сорилд алдагдахгүй, өнгөц ба гүний мэдэрхүй хэвийн, шөрмөсний рефлекс хэвийн, тархины 12 хос мэдрэл голомтот өөрчлөлтгүй. Хэсэг газрын үзлэгт: Зүүн сарвууны 1 дүгээр хурууны 1 дүгээр шивнүүрт 0,2х0,1см хүрэн өнгийн тав тогтсон зулгаралттай. Биед өөр ил харагдах гэмтэл, шарх үгүй. Онош: зүүн сарвууны 1 дүгээр хурууны зөөлөн эдийн няцрал гэжээ.
Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн : “Б.Уы биед зүүн сарвууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, учирсан гэмтэл нь Гэмтлийн. Зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй ...“ гэсэн 02/0342 дугаарт дүгнэлт /хх-ийн 31/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 56 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулсан, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.
Шүүгдэгч Б.У нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Нарлаг шанд хорооллын .. дугаар байрны хойд талд хохирогч А.Утой маргалдаж, даавуун цүнхээр толгойн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл явдал болсон нь хавтаст хэрэгт авагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хөнгөн хохирол учруулсан материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Б.Уы үйлдлийн улмаас хохирогч А.Угийн эрүүл мэндэд тархи доргилт бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 02/0337 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан бөгөөд шинжээчийн дүгнэлтийг шүүгдэгч, хохирогч нарт танилцуулсан, дүгнэлтийг үл зөвшөөрөх, тайлбар өгөх, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх тухай хүсэлт гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч Б.У нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд эрх чөлөөнд нь халдаж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогчид тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Б.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч А.У нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирол, төлбөр барагдуулсан талаар хүсэлт гаргасан нь хавтаст хэргийн 77 дугаар хуудсанд авагдсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.У нь “У миний хажуугаар хурдтай өнгөрч, миний баруун гарыг шүргэж гарсан, миний зүүн гарын чигчий хуруу одоо болтол мэдээгүй байна, тухайн үед машинаар шүргүүлснээс болоод ийм гэмтэл авсан...” гэж мөрдөн шалгах ажиллагаанд маргасан ба энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар Угийн буруутай үйлдэл нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, хүний гарыг техникийн хүчээр шүргэснээс ийм хэмжээний гэмтэл үүсэх боломжгүй, шинжээчийн 02/0342 дугаартай дүгнэлтээр “зүүн сарвууны зулгаралт гэмтэл тогтоогдсон, гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэсэн дүгнэлт, дүгнэлтийг Б.Уд танилцуулахад гомдол, санал байхгүй гэж хүлээн зөвшөөрсөн байдал, Б.У нь машинаар гар шүргэлээ гэж маргаан үүсгээгүй, надтай ойрхон өнгөрлөө, хүүхэд дайрчихвал яах юм” гэж согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хэрүүл маргаан үүсгэсэн байдал, шүүгдэгч Б.У нь мөрдөн шалгах ажиллагаанд 3 удаа мэдүүлэг өгөхдөө “баруун гарын сарвуу, зүүн гарын чигчий хуруу” гэж 2 янзаар мэдүүлэг өгсөн байдал зэрэг нь А.Уг буруутгах үндэслэл болохгүй байна. Шүүгдэгч Б.У нь энэ талаар шүүх хуралдаанд маргаагүй, харин хохирогчийг хүүхдийн даавуун цүнхээр толгой хэсэгт хэд, хэдэн удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг өөрийн хүсэл зоригийн илэрхийллээр гаргасан байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай олж тогтоон шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд гэмт этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.
Шүүгдэгч Б.Уд ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан эд материалын хохирол төлбөргүй байдал зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн ба хэрэгт авагдсан нотлох баримтаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Иймд шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч нь прокурорын ялын саналыг зөвшөөрсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уд 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У нь 3 сарын хугацаанд Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уд оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Б-ын Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уд 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У нь 3 сарын хугацаанд Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглосугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уд оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч Б.У нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 170 дугаар зүйлд зааснаар уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Уд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА