Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/19

 

 

 

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж,

         Нарийн бичгийн дарга Э.Энхмаа, 

         Улсын яллагчаар хяналтын прокурор Л.Мөнхбаяр,

         Шүүгдэгч О.Х нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

  Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Мөнхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баян богд овогт Оын Хд холбогдох эрүүгийн 2219000000006 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Монгол Улсын иргэн, О.Х

         Холбогдсон хэргийн талаар:

   Шүүгдэгч О.Х нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр ... тоот байрны гадна хохирогч Б.Бы зүүн дал, мөр, цээжин тус газар хутгалж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч О.Х шүүхийн хэлэлцүүлэгт: “... 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр найз Сайншандаас ирчихлээ эхнэрээ танилцуулъя гээд нөхөртэйгөө хамт гараад ирээч гэсэн. Би тухайн үед нөхрөөсөө тусдаа амьдарч байсан. Найздаа нөхрөөсөө тусдаа амьдарч байгаагаа хэлээгүй байсан болохоор хэдэн цаг хамт сууж байгаад харъя гэж бодоод би нөхөртэйгөө утсаар яриад дуудсан. Бид нар хамт хэдэн цаг караокед сууж байгаад би 23:00 цаг өнгөрч байхад гарч яваад аавынхаа гэрт очоод унтсан. Шөнө унтаж байхад коридорын цонх тогшихоор нь нээтэл нөхөр ирсэн байсан. Нөхөр “хамт явж хоноё эсвэл гэр лүү чинь орж хоноё гэхээр нь үгүй ээ би чамтай хамт байхгүй, чи гэр лүүгээ харьж хоно” гэж хэлээд явуулсан. Гэтэл дахин коридорын цонх тогшоод байсан болохоор би гараад “чи яах гээд байгаа юм би чамайг гэж байна” гэж хэлээд дахин явуулсан. Тэгээд унтаж байхад нойрон дундуур хоёр эрэгтэй хүн муудалцаад байхаар нь босоод очтол нөхөр ороод ирчихсэн аавтай муудалцаж байсан. Би нөхрөө гаргаж явуулаад хаалгаа хаатал коридорын цонх хагалсан. Тэгэхээр нь би гэрийнхээ шүүгээнээс хүнсний зориулалтаар хэрэглэдэг хутгаа авч гараад цаашаа хараад зогсож байхад нь нуруу хэсэгт нь нэг удаа зоосон. Босоод зугтахаар нь араас нь очоод бид хоёр муудалцаж байгаад хутгаараа хатгасан ...” гэв.

          Хохирогч Б.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 12 дугаар сарын 05-ны орой 20 цагийн үед Дорноговь аймгийн Зүүнбаянгийн Эс бааранд эхнэр О.Хтай утсаар холбогдоод Сайншанд сумаас Т гэдэг найз эхнэртэйгээ хамт ирээд, түүнтэй уулзахаар болоод 21 цагийн үед очиход Т, Б, цэргийн ангид ажилладаг залуу, би нэрийг нь мэдэхгүй тэр хэд сууж байсан. Би тэр хэдтэй нийлээд бид 2 шил 0,75 литрийн Соёрхол нэртэй архи, Сэнгүр нэртэй 0,5 литрийн лаазтай пиво 10 ширхгийг караокед уусан. Тэгээд бүжиглэдэг заал руу орж, дахин 1 шил 0,75 литрийн архи авч уусан. Бааранд нээх их хүн байгаагүй, баарны ажилчид байсан. Хэдэн цагийн үед баарнаас гарснаа санахгүй байна. Би ухаан орсон чинь хадам Оын гэрийн гадаа газарт унаад хөрвөөж байсан. Би тэндээс гэрийн зүг засмал замаар гарсан. Амьсгаа бүтэн авч болохгүй байсан. Нуруу руу халуун оргиод нэг юм урсах шиг болчихлоо гэж мэдэгдээд эмнэлэг рүү явсан. Эмнэлэг дээр очоод оёдол тавиулсан ... Миний зүүн талын дал, мөр, нуруу хэсэгт хутгаар зүсүүлж гэмтэл авсан. Надад гомдол санал байхгүй ... ” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/,

          Гэрч Б.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Намайг сувилагчаар ээлжтэй байх үед 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шөнө 02 цаг 14 минутад  нэг эрэгтэй хүн “хүнд хутгалуулчихлаа” гээд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь илт орж ирэхээр нь ээлжийн эмч Мыг дуудаж, Б гэх хүний зүүн мөр, дал, цээж хэсгийн зүрхний дээд талд, баруун дал хэсэгт оёдол тавьж, цэвэр боолт хийсэн ... ” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/,

         Гэрч Ш.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... хүргэн Б 22 цаг өнгөрч байхад ирэхэд нь охин нөхрийгөө яв гээд явуулсан. Б 30 минутын дараа ирж байшингийн коридорын цонхыг хагалсан, юугаар хагалсныг мэдээгүй. Намайг элдэв янзаар харааж байсан. Охин гэрээс гарч ирж Быг “энэ дандаа таныг дээрэлхэх юм” гэж хэлээд хутга бариад гарч ирсэн байхаар нь би “битгий” гэж хэлсэн. Би охиноос хутгыг нь булаан авч, гэрт оруулаад хүрэн шүүгээний араар шидсэн. Охин араас нь гараад явсан. Тэгээд тэр 2 гэрээс зүүн зүгт яваад өгсөн. охин Быг хутгаар хатгачихлаа гэж хэлсэн ... ” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/,

         Гэрч З.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Х гэрт ганцаараа орж ирээд, Быг дуудаад гэрийн өрөө бүрээр орсон. Новшоо гараад ир гэж орилсон. Намайг “хүүхдээ гаргаад ир” гэж хэлээд, миний толгой нүүргүй 2 гараараа 4-5 удаа цохисон. Би биеэ хамгаалж гараа өргөхөд “гараараа юу гаргаад байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд би гэрээс гарч “амь авраарай, Олноогийн хүүхэд намайг зодоод байна” гэж орилсон. Манай хаалганы өөдөөс харсан айлын залуу гарч ирээд, “яасан эгчээ” гэхээр нь “энэ хүүхэн намайг зодоод унтуулж хэвтүүлэхгүй байна” гэхэд бэр намайг элэг рүү 1 удаа цохиод охин Нг аваад яваад өгсөн ... ” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/,

          Шүүгдэгч О.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “ ... 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн орой ... Б-ын эхнэр Б, З нарын хамт байж байх үедээ би найзууддаа нөхөр Бтай муудсан талаар хэлээгүй байсан болохоор нөхрөө караокед 20 цаг 10 минутын үед дуудсан. Нөхөр 30 минутын дараа бидэн дээр ирсэн. Караокед 2 цаг захиалсан ба 0,75 литрийн Соёрхол, 6 лааз пиво захиалсан. Дахиад цагийн дараа Б, Ч нар ирсэн. Дахиад 40 минутын дараа 1 шил архи, 0,5 литрийн 5 лааз пиво захиалсан. Караокены цаг дуусаад 30 минут сунгаж дуусаад, баар руу ороод дахин 5-6 лааз пиво, 1 шил Соёрхол архи авсан. Бааранд байж байгаад би шөнийн 01-02 цагийн үед гэр рүүгээ ганцаараа явсан. Гэртээ ирээд унтаж байхад гэрийн цонхыг Б цохихоор нь хаалгаа нээсэн чинь Б “би орж хоноё, эсвэл 58-ын байр руу явж хоноё” гэхээр нь “үгүй, битгий ирээд бай, би эндээ хононо, хүн унтуулахгүй битгий хаалга нүдээд бай” гэж хэлээд хаалгаа хаахад дахин гэрийн хаалга цохисон. Хаалгаа нээхэд цементэн шалан дээр газар хэвтчихээд босохгүй байхаар нь нэлээн ноцолдож байгаад явуулсан. Араас нь явах уу гэж харж зогсож байхад гэрээс зүүн тийш 100 м зайд байх засмал зам гараад явахаар нь за явчихлаа гэж бодоод гэртээ ороод унтаж байхад 2 эрэгтэй хүн орилоод хоорондоо муудаад байхаар нь би босоод харахад Б гэрт орж ирээд, коридорт байхаар нь “яах гэж оруулж байгаа юм, яах гэж нээж өгч байгаа юм” гэхэд аав О “наадах чинь гэрийн цонх хагалчих гээд учиргүй балбаад байхаар нь нээсэн юм” гэсэн. би Быг “гэрээс яв” гэж хэлээд гэрээс гаргаад гэр рүүгээ яв гэж хэлсэн. Б гаднаас коридорыг цонхыг хагалаад, гараараа цонхыг дахин нэмж хагалаад, аав руу салаавч гаргаж, аавыг “ална шүү, гараад ир” гэж хэлэхээр нь би шууд гал тогооны шургуулгаас хутга аваад, байшингаас гарч, Б байшингийн хагархай цонхоор хараад зогсож байх үед би араас нь мөр хэсэг рүү баруун гараараа 1 хатгасан. Намайг хатгах үед Б аймар хурдан гэрээс зүүн зүгт зугтаасан. Тэгээд би араас нь хөөж очиход намайг цохиж унагаан, бид хоёр газарт хөрвөөсөн. Газарт Бтай ноцолдож байх үедээ цээж хэсэгт нь 1 удаа хутгаараа хатгасан гэж санаж байна. Б тэр үед зүүн зүгт зугтаасан. Тэр үед би араас нь яваагүй ... Надад гомдол санал байхгүй ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 35-37, 70 дугаар хуудас/,

          Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 02/010 дугаартай “... Б.Бы биед цээж, зүүн мөр, баруун даланд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь ир, үзүүртэй зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Учирсан гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой ...“ гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 39 дүгээр хуудас/,

         Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 02/001 дугаартай “... Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн куртик, хар өнгийн нимгэн цамц, цагаан саарал өнгийн майканд хурц иртэй зүйлийн харилцан үйлчлэлийн улмаас гарсан шинэ зүссэн уранхай, хар өнгийн куртикэнд чангаах хүчний үйлчлэлийн улмаас гарсан хуучин ханзралтууд байна. Саарал алаг өнгийн өмд, шаргал өнгийн зүйлээр бохирлогдсон, цагаан саарал өнгийн майканд улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байна ...“ гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 45-51 дүгээр хуудас/,

          Хохирогч Б.Бы Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн Эрүүл мэндийн төвд үзүүлсэн Яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас/,

          “Хас үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №496 дугаартай “... Вакум цонх 104,000 төгрөг ...“ гэсэн хохирлын үнэлгээ /хавтаст хэргийн 57-58 дугаар хуудас/,

          Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-7 дугаар хуудас/,

          Эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/,

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 82 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулсан, бэхжүүлсэн,  хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.

           Шүүгдэгч О.Х нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр ... тоот байрны гадна хохирогч Б.Бы зүүн дал, мөр, цээжин тус газар хутгалж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл явдал болсон нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.     

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хөнгөн хохирол учруулсан материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 Шүүгдэгч О.Хгийн үйлдлийн улмаас хохирогч Б.Бы эрүүл мэндэд цээж, зүүн мөр, баруун даланд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 02/010 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан бөгөөд шинжээчийн дүгнэлтийг шүүгдэгч, хохирогч нарт танилцуулсан, дүгнэлтийг үл зөвшөөрөх, тайлбар өгөх, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх тухай хүсэлт гаргаагүй, шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй буюу бүрэн биш, тодорхойгүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

          Шүүгдэгч О.Х нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд эрх чөлөөнд нь халдаж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогчийн биед цээж, зүүн мөр, баруун даланд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол учирч, хохирол, хор уршигт хүргэсэн шалтгаант холбоотой байх тул гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн гэж үзнэ.

            Шүүгдэгч О.Х нь гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хохирогч Б.Б нь шүүгдэгчийн хүсэлтийг эсэргүүцээгүй, дэмжиж буйгаа болон гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагаанд бичгээр гаргасан нь хавтаст хэргийн 88-89 дүгээр талд авагдсан байна.

          Иймд шүүгдэгч О.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

          Хохирогч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол, төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Эрүүгийн хариуцлагын талаар:

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай олж тогтоон шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд гэмт этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.

           Шүүгдэгч О.Хд ял шийтгэл оногдуулахдаа хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хор уршиг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан эд материалын хохирол төлбөргүй байдал, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн ба хэрэгт авагдсан нотлох баримтаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Хд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

          Шүүгдэгчид торгох ял оногдуулахдаа түүний цалин хөлс, орлого, ам бүлийн байдал, эд хөрөнгө, орлого олох боломж, прокурорын дүгнэлт зэргийг харгалзан түүний эдийн засагт дарамт учруулахгүйгээр оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн модон бариултай хутга 1 ширхэг, хар өнгийн куртик 1 ширхэг, бор саарал өмд 1 ширхэг, хар өнгийн цамц 1 ширхэг, саарал өнгийн майк 1 ширхгийг устгахыг Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт Оын Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Хг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Х нь торгуулийн ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай.

        4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн модон бариултай хутга 1 ширхэг, хар өнгийн куртик 1 ширхэг, бор саарал өмд 1 ширхэг, хар өнгийн цамц 1 ширхэг, саарал өнгийн майк 1 ширхгийг устгахыг Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

    

 

 

                                  ДАРГАЛАГЧ                             Н.АДЪЯА