| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2013/01370/И |
| Дугаар | 1893 |
| Огноо | 2017-08-23 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 1893
С.Х, Ө.Мнарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2017/01159 дүгээр шийдвэртэй
Нэхэмжлэгч С.Х, Б.Ө народ холбогдуулан гаргасан хэлцлээс татгалзаж, хэлцлээр шилжүүлсэн Хан-уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Нархан хотхоны В байрны 1 давхрын 18 тоотод байрлах 293 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр буцаан тогтоолгон, улсын бүртгэлд бүртгэхийн Улсын бүртгэлийн газарт даалгах, охин Ө.Мд 2008 оноос хойш 18 нас хүртэл нь хүүхдийн тэтгэлэг нөхөн тогтоолгож, нэмэлт зардалд 3 600 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Б.Өын Хан-Уул дүүргийн Зайсангийн Гурван Оргил хотхон дахь 99.85 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, Гранд плаза төвийн 1 давхрын “Сараана” кофе шоп, 4 давхрын 55 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай талбайн хамтран өмчлөгчөөр тус тус тогтоолгож, дундын хөрөнгийн орлогоос өөрт ногдох 100 000 000 төгрөг, зээлийн гэрээний үүрэгт төлсөн төлбөрийн тал хувь болох 200 491 171 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч Б.Өын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Майцэцэг, өмгөөлөгч Д.Энхзул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунболд, өмгөөлөгч Т.Дэлгэрбаяр, А.Зоригтбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.
Нэхэмжлэгч С.Х, Ө.Мнарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Ө.М нь хууль ёсны төлөөлөгчөөрөө дамжуулан Б.Өод холбогдуулан хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг тогтоолгон, рестораны орлогоос өөрт ногдох хэсэг, мөн түрээсийн орлогоос 33 333 333 төгрөгийг тус тус гаргуулж, 18 нас хүртэл хүүхдийн тэтгэлэг нөхөн тогтоолгох, нэмэлт зардалд 3 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх шаардлагаасаа татгалзсан байна.
Нэхэмжлэгч С.Хгийн хувьд хариуцагч Б.Өод холбогдуулан хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг тогтоолгож, өөрт ногдох хэсгийг гаргуулах, 293 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр буцаан тогтоолгон, улсын бүртгэлд бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, рестораны орлогоос өөрт ногдох 33 333 333 төрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 293 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр буцаан тогтоолгож, улсын бүртгэлд хамтран өмчлөгчөөр бүртгэхийг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгах, охин Ө.Мд хүүхдийн тэтгэлэг нөхөн тогтоолгон, нэмэлт зардалд 3 600 000 төгрөгийг гаргуулах гэж өөрчилсөн. Б.Өтой 1999 оноос эхлэн хамтран амьдарч эхэлсэн ба 2000 онд охин Ө.М төрсөн. 2006 онд өөрсдийн хамтын хүч хөдөлмөр болон 2 талын ах, дүү нарын тусламжтайгаар Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Нархан хотхоны 21В байрны 1 давхрын 18 тоотод байрлах 293 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авч, уг орон сууцыг Б.Ө, С.Х, охин Ө.М нарын нэр дээр бүртгүүлсэн. 2007 оноос эхлэн гэр бүлээс гадуурх харилцаанд орж, талууд хамтран амьдрахаа больсон тул рестораныг худалдаж ашиг, орлогыг нь хуваахаар хариуцагчтай тохиролцож, Б.Ө рестораныг өөрийн нэр дээр авч, банкинд барьцаалан зээл аваад 400 000 000 төгрөгийг охин С.Х, Ө.Мнарт өгнө гэсэн учраас нэхэмжлэгч С.Х нь өөрийнхөө нэрийг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнээс хасуулж, охин Б.Мөнх-Ану болон Б.Ө нарыг 293 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр үлдээсэн.
Үүний дараа Б.Ө уг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан Зоос банкнаас зээл авч, нэхэмжлэгч нарт тохиролцсон мөнгөө өгөх ёстой байсан. Гэтэл нэхэмжлэгч С.Хд мэдэгдэлгүйгээр банкнаас зээл авч хувьдаа ашигласан. Ингээд дээрх гэрээнээс татгалзаж, өмчлөх эрхээ сэргээлгэх тухай удаа дараа мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл энэхүү хөрөнгийг зөвхөн Б.Ө дангаараа рестораны зориулалтаар ашиглаж, үйл ажиллагаа явуулж байна. Иймд хэлцлээр шилжүүлсэн эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр С.Хг буцаан тогтоож, улсын бүртгэлд бүртгэхийг бүртгэлийн газарт даалгаж өгнө үү. Мөн Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул хариуцагч нь өөрийн охин Ө.Мг тэжээн тэтгэх үүрэгтэй тул хуулийн 38.3 дахь хэсэгт зааснаар охин Ө.Мд 18 нас хүртэл нь нөхөн тэтгэлэг тогтоолгож, Ө.Мгийн сургалтын төлбөрийн 50 хувь болох 3 600 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ
Хариуцагч Б.Ө, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч С.Хтай 1999 онд танилцсан. Бид Японд 9 сар хамт амьдарч байхад 2000 оны 8 сард охин Ө.М төрсөн. Тэд албан ёсоор гэрлээгүй, хамтын амьдралтай байгаагүй. Нэхэмжлэлд дурдагдсан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Нархан хотхон В байр, 1 давхар 18 тоот 293 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2007 онд хариуцагч Б.Ө “Жигүүр гранд групп” ХХК-иас 160 000 ам.доллараар худалдаж авсан. Уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахад С.Х нэг ч төгрөг төлөөгүй, хариуцагчийн өөрийн цуглуулсан хөрөнгөөр худалдаж авсан. Харин С.Х нь захиалгын гэрээнд өөрийнхөө нэрийг надад мэдэгдэлгүй оруулсан байсныг гэрчилгээг гарахад мэдсэн хэдий ч уг үл хөдлөх эд хөрөнгөөс С.Х болон охин Ө.М нарт ногдох хэсгийг мөнгөн хэлбэрээр буюу 100 000 ам.доллараар өгсөн. Мөн охин Ө.Мд Зайсанд 100 м.кв 3 өрөө орон сууц 120 000 000 төгрөгөөр авч, 40 000 000 төгрөгөөр тохижуулан өгсөн. 2006-2012 онд охины сургалтын төлбөрт 50 000 000 төгрөг төлсөн. С.Х Б.Өыг дарамталж байж Гранд плаза төвийн 1 давхарт байрлах 160 000 ам.доллараар авсан талбайг /одоо Сараана нэртэй кофе шоп/ 2009 онд өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Тус кофе шопд 70 000 000 төгрөгийн тохижилт хийсэн.
Харин дээрх аргаар дахин нэхэмжлэгч С.Х нь Гранд плаза төвийн 4 давхарт 53 м.кв үйлчилгээний талбайг авсан. Энэ талбайг 95 955 ам.доллараар худалдаж авсан. Эдгээр хөрөнгүүдийг худалдаж авахын тулд Б.Ө өр зээлд дарагдаж, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Нархан хотхоны В байрны 18 тоотод орших 293 м.кв үл хөдлөх хөрөнгөө барьцаалсан. Үүний улмаас охин Ө.Мгийн нэрийг хасуулж чадахгүй өнөөдрийг хүрсэн. Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, 21б байр, 1 давхрын 18 тоот 293 м.кв үйлчилгээний зориулалттай талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч С.Х болон Ө.М нарын хувьд ногдох хэсэг болох 100 000 ам.долларыг 2009 оны 2 сард бэлнээр өгсөн. Иймд охин С.Мөнх-Ануд тэтгэлэг нөхөн тогтоолгох, мөн сургалтын төлбөрт 3 600 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч Б.Ө шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: 2007 оноос хойш С.Хтай хамтран амьдрахаа больж, охинтойгоо уулзаж, сургалтын төлбөрийг нь төлж, хэрэгцээтэй бүх зүйлээр нь хангадаг байсан. Хан-Уул дүүргийн Зайсангийн Гурван Оргил хотхон дахь 99.85 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 120 000 000 төгрөгөөр худалдан авч 40 000 ам.доллараар засвар тохижилт хийсэн. Гранд плаза төвийн 1 давхрын “Сараана” кофе шопыг тухайн үед 160 000 ам.доллараар, 55 м.кв үйлчилгээний зориулалттай талбайг 49 000 ам.доллараар авсан. Мөн миний өмчлөлд байгаа Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Нархан хотхон В байрны 18 тоотод орших үйлчилгээний зориулалттай 293 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 160 000 ам.доллараар худалдан авч С.Х, охин Ө.М нарын ногдох хэсэг буюу 100 000 ам.долларыг бэлнээр өгч, гэрчилгээнээс түүний нэрийг хасуулахаар нотариатад очиход С.Х нь охиноо хасуулахгүй байхыг гуйсан тул охины нэрийг хасаагүй. Иймд Хан-Уул дүүрэг Зайсангийн Гурван Оргил хотхон дахь 99.85 м.кв 3 өрөө орон сууц, Гранд плаза төвийн 1 давхрын “Сараана” кофе шоп, Гранд плаза төвийн 3 давхрын 55 м.кв үйлчилгээний зориулалттай талбайн хамтран өмчлөгчөөр тус тус тогтоож өгнө үү.
С.Х нь 2007-2009 онуудад “Американ грилл” ресторанд ажиллаж байхдаа өөрийн Худалдаа хөгжлийн банкны данс руу их хэмжээний мөнгийг шилжүүлэн авсан. Энэ мөнгөний хэмжээг багцаагаар 200 000 000 төгрөг, үүнээс өөрт ногдох хэсэг буюу 100 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулна. Би 2009 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Зоос банкнаас 450 000 000 төгрөгийн зээл авсан, зээлээ дангаар нь төлж барагдуулсан ба С.Х нь хамтран зээлдэгч бөгөөд уг зээлээс их хэмжээний мөнгө бэлнээр авч үр шимийг нь одоо ч хүртсээр байгаа. Иймд Зоос банктай байгуулсан 2009 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 02 тоот зээлийн болон барьцааны гэрээний хууль ёсны хамтран зээлдэгч С.Хгаас өөрийн дангаар төлсөн 400 982 342 төгрөгийн 50 хувь буюу С.Хгийн хариуцан төлөх ёстой байсан 200 491 171 төгрөгийг мөн гаргуулж өгнө үү. Мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас дундын өмчөөс ногдох хэсэгт 60 000 000 төгрөг, 104 500 ам.доллар, мөн 2006-2013 онуудад охин Ө.Мгийн сургалтын төлбөрт төлсөн төлбөрийн 50 хувь болох 9 350 ам.доллар, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Нархан хотхоны В байрны 18 тоотод орших үйлчилгээний зориулалттай 293 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн хамтран эзэмшигчээс нэрийг нь хасуулах хэсгээс татгалзсан гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Б.Өын Зоос банкнаас авсан 450 000 000 төгрөгийн зээлийн 50 хувийг С.Х хариуцан төлөх ёстой байсан гэх үндэслэлгүй шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тодруулбал, 2009 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Зоос банкнаас 450 000 000 төгрөгийн зээл олгох 02 тоот зээлийн гэрээ /жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах 2 үе шаттай төслийн зээл/-ийг “САЙФУ” ХХК-тай байгуулсан. Энэхүү 450 000 000 төгрөгийн зээлийн гэрээг хуулийн этгээдтэй байгуулсан буюу гэрээнд “САЙФУ” ХХК-ийн захирал Б.Ө болон тухайн үед компанийн гишүүн буюу хувьцаа эзэмшигч байсан С.Х нар гарын үсэг зурсан. Зээлийг банкнаас авсны дараа хариуцагч Б.Ө нь хувьдаа болон ах дүү нартаа байр, орон сууц, автомашин худалдан авч зээлийг зориулалтын бусаар зарцуулж эхэлсэн тул С.Х арга буюу “САЙФУ” ХХК-ийн гишүүнээс гарсан. Үүнийг Б.Ө бүрэн хүлээн зөвшөөрч, хурлын тэмдэглэл үйлдэж, С.Хг хувьцаа эзэмшигчээс хасах хүсэлтийг 2009 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хуулийн этгээдийн бүртгэлийн газарт өгч, улсын бүртгэлд бүртгүүлсэн тул С.Х нь “САЙФУ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч биш болсон.
Мөн түүнчлэн С.Х компанийн хувьцаа эзэмшигч биш болсонтой холбогдуулан Б.Ө “... Би өөрийн компанийн ашиг орлогоор Зоос банкнаас авсан зээлээ төлж барагдуулах бөгөөд уг зээл болон компанийн ямар нэгэн үүрэг хариуцлагыг миний бие бүрэн хариуцна. Компанийн үйл ажиллагаа болон зээлд С.Х ямар ч хариуцлага хүлээхгүй болохыг баталж байна” гэсэн баталгаа бүхий “САЙФУ” ХХК-ийн 2009 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн №110 тоот албан бичгийг үйлдсэн. Иймд 450 000 000 төгрөгийг Зоос банкнаас зээлсэн “САЙФУ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч буюу хамтран зээлдэгч нь С.Х хариуцахгүй, “САЙФУ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, захирал болох Б.Ө бүрэн хариуцах үүрэгтэй. Мөн Американ грилл ресторан нь 2009 оныг хүртэл ашигтай ажиллаж байсан тухай гэрчүүдийн мэдүүлгээс тодорхой харагддаг бөгөөд энэ үед талууд олсон ашгаа хуримтлуулж Гранд плазагийн 4 давхарт байрлах 112.83 м.кв талбайг худалдан авсан. Тус талбай нь талуудын дундын өмчлөлийнх байсан болохыг барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээнд 2 тал гарын үсэг зурсан үйл баримт, мөн гэрч н.Хулангийн мэдүүлгээс харж болох бөгөөд тус талбайн 55 м.кв талбайг С.Даваатөгсөд зээлийн төлбөр болгон өгсөн.
Дундын өмчлөлийн талбайг н.Хуланд худалдсан үйл баримтаас мөн 45 000 ам.долларыг С.Хд өгч, 50 000 ам.долларт нь автомашин тооцож, уг автомашиныг Б.Өод өгснөөс үзвэл талбайг худалдсан орлогыг талууд 2 хувааж авсан болох нь тодорхой байна. Ингээд С.Х нь 2009 оны 5 дугаар сарын 27-ны өдөр “Сараана” кофе шопыг худалдан авах гэрээ байгуулж, “Хас банк” ХХК-иас, мөн өөрийн найз н.Ундрам, бусад найз нөхдөөсөө мөнгө зээлж “Сараана” кофе шопыг ажиллуулж эхэлсэн бөгөөд шөнийн цагаар давхар ажил хийж өрөө барагдуулсныг нь болон Б.Өын хувь нэмэр байхгүй болохыг гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан зээлийн гэрээ, дансны хуулгаар нотлогддог.
Б.Ө сөрөг нэхэмжлэлдээ “Сараана” кофе шопыг миний хөрөнгөөр худалдан авсан гэдэг боловч үүнийгээ нотлох баримтыг гаргаж өгөөгүй учраас С.Х нь “Сараана” кофе шопийн хууль ёсны цорын ганц өмчлөгч мөн бөгөөд Б.Ө уг хөрөнгийг худалдан авахад аливаа хэлбэрээр оролцоогүй, оролцсон гэдгээ өөрөө нотолж чадахгүй байна. Иймд “Сараана” кофе шопийн ногдох хэсгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн С.Х нь Американ грилл рестораныг ашигтай ажиллуулж байсан ба 2007 оны сүүлээр Хурд группын Гурван оргил хотхонд 99.85 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг урьдчилгаа мөнгийг нь төлж захиалга өгсөн. Энэ хугацаанд Б.Ө нь ресторанд ажилладаггүй байсны зэрэгцээ эрхэлсэн ажилгүй байсан.
2008 оны 7 сард Хурд группын Гурван оргил хотхон дахь орон сууц ашиглалтад орсон боловч 20 000 000 төгрөгийн зээл үлдсэн байсан тул С.Х өөрийн найз н.Ундармаагаас мөнгө зээлж авсан. Энэ орон сууцыг авахад Б.Ө ямар нэгэн мөнгө төлөөгүй, засвар тохижуулалт хийгээгүй. Мөн нэхэмжлэгч С.Х, хариуцагч Б.Ө нарын хувьд орон сууц хамтран худалдаж авахдаа үргэлж гэрээнд хамт гарын үсэг зурдаг байсан. Хамтран зураагүй байсан ч дундын өмчлөлийн эрх хэмээн бичүүлдэг байсан нь бусад нотлох баримтаас харагдаж байна. Өөрөөр хэлбэл хэн хэн нь хөрөнгө оруулсан тохиолдолд заавал хамтран өмчлөгчөөр бүртгүүлдэг байсан ба “Сараана” кофе шоп, Хан-Уул дүүрэг, Хурдын Гурван Оргил хотхон, 99.85 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны хувьд зөвхөн С.Х гэрээ байгуулан өмчлөгчөөр бүртгүүлсэн байгаа нь цорын ганц өмчлөгч бөгөөд зөвхөн өөрийн олсон хөрөнгөөр олж авсан болохыг харуулж байна.
Хариуцагчийн хувьд Гурван Оргил хотхоны 3 өрөө орон сууц “Сараана” кофе шопд хөрөнгө оруулалт хийсэн гэдэг тайлбарыг гаргадаг боловч хөрөнгө оруулалт хийсэн талаарх нотлох баримтыг гаргаж өгдөггүй. Харин нэхэмжлэгчийн хувьд эдгээр хөрөнгүүдийг өөрийн хөрөнгөөр авсан гэдгээ нотлох баримтууд, өөрийн орлогын эх үүсвэрийг нотолсон баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Сөрөг нэхэмжлэлд дурдсан 55 м.кв үйлчилгээний зориулалттай талбай нь талуудын анхны дундын өмчлөлийн хөрөнгө болох Американ грилл рестораны үйл ажиллагааны орлогоор авсан Гранд плазагийн 112 м.кв талбайг 2 хувааж С.Даваатөгсөд шилжүүлсэн талбай бөгөөд талууд 2006 онд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Нархан хотхон В байрны 1 давхрын 18 тоотод 293 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан авахдаа С.Даваатөгсөөс зээлсэн мөнгө болон түүний орон сууцыг худалдаж авсан мөнгөндөө тооцож шилжүүлсэн. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан С.Даваатөгсийн мэдүүлэг болон талуудын “Жигүүр гранд групп“ ХХК-ийн гаргасан талбайг шилжүүлэх хүсэлтээр тус тус нотлогддог. Иймд уг талбай С.Даваатөгсийн өмч тул хариуцагч уг талбайгаас өөрт ногдох хэсгийг нэхэмжлэх үндэслэлгүй байна.
С.Хгийн рестораны ашгаас авсан гэх 200 000 000 төгрөгийн 50 хувийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд тухайн үед компанийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж байсан цорын ганц этгээд нь С.Х байсан тул компанийн нэр дээр данс нээлгээгүй, түүний хувийн дансанд рестораны бэлэн бус гүйлгээ орж байсан. Үүнийг Б.Ө мэдэж байсан. С.Х өөрийн картаар орсон рестораны орлогыг бэлэн мөнгөөр гаргаж, рестораны үйл ажиллагаанд хэрэглэдэг байсан. Энэ нь түүний дансны хуулгаас болон гэрч н.Оюун-Эрдэнийн мэдүүлгээр нотлогддог. Түүнчлэн 2007 онд талууд хамтын амьдралтай байсан тул гэр бүлийн хэрэгцээнд уг орлогоос хэрэглэдэг байсан. Хариуцагч 2009 оныг дуустал нэхэмжлэгчийн хувийн картаар рестораны бэлэн бус орлого ордог гэдгийг мэдэж байсан боловч зогсоогоогүй нь өөрийн үйлдлээр уг орлогыг нэхэмжлэгч нарт өгөхийг зөвшөөрсөн гэж ойлгогдож байна. Түүнчлэн хариуцагчийн нэхэмжилж буй 100 000 000 төгрөг нь хэрхэн бодож гарч ирсэн дүн болох, мөн рестораны ашиг гэж үзэж байгаа бол санхүүгийн холбогдох баримтуудыг гаргаж өгөөгүй, хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 106 дугаар зүйлийн 106.1, 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Нархан хотхоны В байрны 18 тоотод байрлах үйлчилгээний зориулалттай 293 м.кв талбайтай, Ү-2206009350 тоот эрхийн улсын бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр нэхэмжлэгч С.Хг тогтоож, Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан өмчлөгчөөр бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 40 дүгээр зүйлийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг тус тус баримтлан 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойшхи тэтгэлгийг 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр 2000 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн охин Ө. Мөнх-Ануд тэтгэлэг тогтоож, эцэг Б.Өоор тэжээн тэтгүүлж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсэгт заасныг баримтлан охин Ө.Мгийн 2013 оноос 2016 он хүртэлх хугацааны сургалтын төлбөрийн 50 хувь болох 3 600 000 төгрөгийг хариуцагч Б.Өоос гаргуулан, нэхэмжлэгч С.Хд олгож, Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 487 дугаар зүйлийн 487.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн Гурван Оргил хотхон дахь 99.85 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Гранд плаза төвийн 1 давхрын “Сараана” кофе шоп, Гранд плаза төвийн 3 давхрын 55 м.кв үйлчилгээний зориулалттай талбайн хамтран өмчлөгчөөр тус тус тогтоолгох, Зоос банкнаас авсан зээлийн төлбөрийн 50 хувь болох 200 491 171 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ө.Мд хамтран өмчлөх дундын эд хөрөнгүүдийг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгүүдээс ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Нархан хотхоны В байрны 18 тоотод байрлах үйлчилгээний зориулалттай 293 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хамтран эзэмшигчээс охин Ө.Мгийн нэрийг хасуулах, 2006-2013 онуудад охин Ө.Мгийн сургалтын төлбөрт төлсөн төлбөрийн 50 хувь болох 9 350 ам.доллар буюу 13 050 000 төгрөг гаргуулах, өөрт ногдох хэсэгт 60 000 000 төгрөг, 104 500 ам.доллар гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 719 890 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 982 558 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 160 405 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, хариуцагч Б.Өод буцаан олгож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Хгаас улсын тэмдэгтийн хураамжид 542 566 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулан шийдвэрлэжээ.
Хариуцагч Б.Ө давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх маргаж буй обьектыг дундын өмч гэж үзсэн. Би С.Хтай хамтын амьдралтай байсан боловч Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Нархан хотхоны В байрны 18 тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахад С.Хгийн оролцоо, хувь нэмэр байгаагүй ба Б.Ө миний бие өөрийн хуваарьт мөнгөн хөрөнгөөр худалдан авсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдаанд С.Хгаас дээрх үл хөдлөх эд хөрөнгийг бий болгоход оруулсан оролцоо болон худалдан авахад зарцуулсан мөнгөн хөрөнгийн талаарх баримтыг удаа дараа шаардаж байсан боловч ямар нэгэн баримтыг гаргаж өгч байгаагүй. Мөн шүүх хариуцагч талын гэрчийн мэдүүлгийг үнэлэх боломжгүй гэж үзсэн. Гэтэл нэхэмжлэгч нь дээрх гэрч Х.Одмаа болон С.Намжилням нарын мэдүүлгийг урьдаас бэлдсэн болох нь тэдгээрийн мэдүүлгээс тодорхой харагдаж байна.
Дээрх 2 гэрчийн мэдүүлэг нь мөн бичгийн нотлох баримтаар нотлогдохгүй юм. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "... хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгч нь татгалзах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул татгалзах нь үндэслэлгүй гэж тайлбарлаж буй нь хуульд үл нийцнэ ..., гэрээнээс татгалзах, гэрээ цуцлах нь нэхэмжлэлийн шаардлага биш, өөрөөр хэлбэл бие даасан шаардах эрхийн хүрээнд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд гэрээнээс татгалзах нь бие даасан шаардах эрх биш, шүүх гэрээ цуцлах, гэрээнээс татгалзах эрхийг хэрэгжүүлэх нь гэрээний чөлөөт байдалд үл нийцнэ" хэмээн дурджээ.
Нэхэмжлэгчийн зүгээс Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Нархан хотхоны В байрны 1 давхрын 18 тоотод байрлах 293 м.кв үилчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр С.Хг буцаан тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүхэд гаргасан ба 2009 оны 3 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан хэлцлээс татгалзах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Гэтэл шүүхийн зүгээс Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмыг иш татан тайпбарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг Иргэний хуульд заасан материаллаг хэм хэмжээгээр тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагын дээрх хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэх зарчмыг ноцтой зөрчсөн.
Нөгөөтэйгүүр Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд гэрээнээс татгалзах журмыг тусгайлан хуульчилсан ба гэрээнээс татгалзах эсэх асуудлыг нэхэмжлэлийн бие даасан шаардлагаар хянан хэлэлцэнэ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж буй гэрээ, хэлцлээс талууд татгалзах, эсхүл цуцлах хууль зүйн үндэслэлтэй эсэх асуудлыг шүүх нотлох баримтын хүрээнд хянан үзэх бөгөөд хэлцлээс татгалзах, эсхүл цуцлах хууль зүйн үндэслэлгүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэдэг.
Гэтэл шүүх нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагагүйгээр 2009 оны 3 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан хэлцлээс татгалзах үндэслэлтэй болох талаар өөрийн санаачилгаар хууль зүйн дүгнэлт хийж, улмаар Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Нархан хотхоны В баирны 1 давхрын 18 тоотод байрлах 293 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр С.Хг буцаан тогтоох тухай шийдвэрийг гаргасан. Шүүх гэрчийн н.Наранцогийн мэдүүлэгт дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.8, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн. Би 10 000 ам.долларын үүргийг 2009 оны 5 дугаар сарын 27-ны өдөр биелүүлсэн бөгөөд энэхүү үүргийн гүйцэтгэлийг биелүүлэхэд С Хишигдаваа ямар нэгэн гомдлын шаардлага буюу гэрээнээс татгалзах тухай гомдол, хүсэлт гаргаж байгаагүй тул 2009 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн гэрээнээс татгалзах тухай мэдэгдэл нь хуурамч, хууль бус болох нь нотлогдож байна.
Шүүх Б.Ө намайг хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй ба С.Х нь хэлцлээр хүлээсэн Б.Өын үүргийг гүйцэтгэсэн гэж дүгнэхдээ нэхэмжлэгч С.Хгаас гаргаж өгсөн нотариатаар гэрчлэгдээгүй төлбөрийн баримтуудад үндэслэсэн ба уг баримтад дурдсан төлбөрүүдииг зохих этгээдүүд авсан эсэхийг эдгээр этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авч, бүрэн нотлох ёстой байтал зөвхөн төлбөрийн баримтад /нотариатаар гэрчлэгдээгүй/ нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, Улсын тэмдэгтийн хураамжид нийт 719 890 төгрөг төлсөн боловч шүүхийн зүгээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хянан хэлэлцсэн. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт "... Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж, нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө", 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт "нэхэмжлэл гаргах үед түүний үнийг шууд тогтооход бэрхшээлтэй байвал шүүгч улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг урьдчилан тогтооно" гэж заасан. Гэвч нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлдээ "... шүүх иргэний хэрэг үүсгэж, хамтран өмчлөх дундын хөрөнгүүдийг тогтоосны дараа шүүхээс тогтоосон нэхэмжлэлийн үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлөх болно" хэмээн дурдсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран өмчлөх дундын хөрөнгүүд, түүний үнэлгээ бүрэн тогтоогдсон байхад нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлөөгүй.
Хэрэв нэхэмжлэгчийн зүгээс улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлөх хүсэлтийг шүүхэд хандаж гаргасан тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасанчлан шүүгч улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг урьдчилан тогтоож, захирамж гаргах хууль зүйн зохицуулалттай. Мөн нэхэмжлэгчийн зүгээс улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлөх, эсхүл чөлөөлөгдөх, хэсэгчлэн төлөх хүсэлтийг шүүхэд хандаж гаргаагүй ба шүүх улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлэх эсэх асуудлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэж байгаагүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-д "мөнгө төлүүлэхээр шаардсан нэхэмжлэлд нэхэмжилж байгаа мөнгөний дүнгээр", 63.1.3-т "бие даасан хэд хэдэн шаардлагыг нэг нэхэмжлэлд бичсэн бол бүх шаардлагын үнийн нийлбэрээр", 63.1.6-д "үл хөдлөх эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэлд Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн үнийн дүнгээр" тус тус нэхэмжлэлийн үнийг тодорхойлохоор хуульчилсан бөгөөд энэхүү үнийн дүнгүүдийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлөх ёстой. Хэрэв нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу төлөөгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзах ёстой байтал шүүгч хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрлэж буй нь уг үйл баримтыг бүрэн дүүрэн тогтоосон гэж үззх хууль зүйн үндэслэлгүй. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч С.Х нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д "гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил" гэж заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн. Учир нь талуудын хооронд байгуулагдсан 2009 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн хэлцэл нь мөнгөн төлбөрийн үүрэг хүлээлгэсэн хэлцэл ба үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой хэлцэл нь хэргийн 24 дүгээр талд авагдсан орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцэл юм.
Гэвч шүүхийн зүгээс хэргийн материалд авагдсан 2009 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцлийн талаар дүгнэлт хийлгүй орхигдуулсан. Талуудын хооронд байгуулагдсан хэлцлийг Баянгол дүүргийн тойргийн нотариатч гэрчилсэн нь Нотариатын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь заасан харьяалал зөрчсөн буюу энэхүү хэлцэл нь хууль зөрчиж байгуулагдсан, нотлох баримтын шаардлага хангахгүй хэлцэл юм. 2009 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцэл хүчин төгөлдөр байх ба дээрх хэлцлийн үндсэн дээр нэхэмжлэгч С.Х нь орон сууцны өмчлөгчөөс хасагдсан бөгөөд уг хэлцэл нь Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар үнэн зөв хэлцэл юм.
Нэхэмжлэгчийн зүгээс 2009 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн "орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцэл"-ээс татгалзах шаардлага гаргаагүй ба нэхэмжлэлийн үндэслэлд дурдаагүй байдаг. Мөн анхан шатны шүүх дээрх хэлцлийн талаар дүгнэлт хийлгүй орхигдуулсан атлаа уг хэлцэлд дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, С.Хг өмчлөгчөөр тогтоохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг үндэслэн С.Хгаас 542 566 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн, мөн улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлөх тухай хүсэлт, уг хүсэлтийг шийдвэрлэсэн захирамжгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.
Нэхэмжлэгч С.Мөнх-Ану нь хууль ёсны төлөөлөгчөөрөө дамжуулан Б.Өод холбогдуулан хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг тогтоолгон, ногдох хэсгийг гаргуулах, рестораны орлогоос өөрт ногдох хэсгийг, түрээсийн орлогоос 33 333 333 төгрөгийг тус тус гаргуулж, дундын өмчлөлийг хүчингүй болгож, ногдох хэсгийг гаргуулах, 18 нас хүртэл хүүхдийн тэтгэлэг нөхөн тогтоолгож, нэмэлт зардалд 3 600 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээсээ татгалзсан байна.
Нэхэмжлэгч С.Х, хариуцагч Б.Өод холбогдуулан хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг тогтоолгон өөрт ногдох хэсгийг гаргуулах, 293 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр буцаан тогтоолгон, улсын бүртгэлд бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, рестораны орлогоос өөрт ногдох 33 333 333 төрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлээ 293 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр буцаан тогтоолгон, улсын бүртгэлд хамтран өмчлөгчөөр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгон, 2013 оноос хойшх сургалтын төлбөрийн 50 хувь болох 3 600 000 төгрөгийг гаргуулах болгон өөрчилсөн байна.
Хариуцагч Б.Ө нь дээрх шаардлагын зарим хэсэг буюу хүүхдийн тэтгэлгийг нөхөн тогтоож, сургалтын төлбөрийн 3 600 000 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж марган, сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1.Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ө.Мгийн нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, тус шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасанд нийцжээ.
2.Нэхэмжлэгч С.Х нь 293 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр буцаан тогтоолгон, улсын бүртгэлд хамтран өмчлөгчөөр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир татгалзаж, өөрийн өмчлөх эрхээ сэргээлгэхээр удаа дараа мэдэгдсэн ...” гэж тайлбарласан байдаг.
С.Х, Б.Ө нар нь хамт амьдарч байх хугацаандаа Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Нархан хотхоны 21в байрны 1 давхрын 18 тоотод байрлах 293 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авч охин Ө.Мгийн нэрийг оруулан 2008 оны 02 дугаар сарын 29-ны өдөр улсын бүртгэлийн Ү-2206009350 дугаарт хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул маргаж буй эд хөрөнгийг талуудын дундын өмч гэж үзнэ.
Тэрээр нэхэмжлэгч, хариуцагч нар зан харьцааны таарамжгүй байдлаас шалтгаалан тусдаа амьдрахаар болж, улмаар 2009 оны 3 дугаар сарын 04-ны өдөр хэлцэл байгуулан нэхэмжлэгч С.Х дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөс нэрээ хасуулж, хариуцагч Б.Ө нь нэхэмжлэгчид 100 000 ам.долларыг 2009 оны 4 дүгээр сарын 04-ний дотор төлөх, мөн Гранд плаза худалдааны төвөөс худалдан авсан талбайн үлдэгдэл 13 000 ам.доллар болон С.Хгийн иргэн н.Өнөрцэцэгээс зээлсэн 27 800 ам.долларыг тус тус төлж барагдуулахаар тохиролцжээ. /1хх-23, 25 дугаар тал/
Нэхэмжлэгч С.Х хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлэн маргаж буй 293 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлөөс нэрээ хасуулж, улсын бүртгэлд өөрчлөлт оруулан Б.Ө, Ө.М нарын нэр дээр 2009 оны 3 дугаар сарын 04-ний өдөр өмчлөх эрхийн 000069178 тоот гэрчилгээ гарсан байна. Энэ талаар зохигчид маргаагүй, харин гэрээнээс татгалзах эрхтэй эсэх талаар маргаж байна.
Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн харилцааг зөв дүгнэсэн боловч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.
Талуудын хооронд нэхэмжлэгч нь хамтран өмчлөх дундын хөрөнгийн өмчлөх эрхээс татгалзсан, үүний хариуд тодорхой өр төлбөр төлүүлэх, түүнчлэн дундын өмчөөс ногдох хэсгээ 100 000 ам.доллараар үнэлэн хариуцагчаас авах гэрээ байгуулагдсан байх тул тэдгээрийн хооронд мөнгөн төлбөрийн үүрэг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар гэрээний дагуу үүссэн гэж үзнэ. Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар уг үүргийг шаардах эрх үүссэнээс хойш 3 жил байна.
С.Х нь хариуцагчтай байгуулсан дээрх гэрээнээс татгалзаж буй үндэслэлээ хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнтэй холбоотой тайлбарлах боловч хариуцагчид төлбөр төлөх үүрэг үүссэн 2009 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш 3 жилийн дотор түүнд холбогдуулан шаардлага гаргаж байсан нь баримтаар нотлогдоогүй учир хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзнэ. Үүний улмаас хариуцагч Б.Өод Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасны дагуу үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхтэй тул нэхэмжлэгчийн хувьд уг үүрэгтэй холбоотойгоор гэрээнээс татгалзах, гэрээний дагуу шилжүүлсэн зүйлээ буцаан шаардах эрх үүсэхгүй.
Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасан тэтгэлэг төлөгчид шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тэтгэлэг төлж буй этгээд хамаарахаас гадна хүүхдийн тэтгэлгийг шүүхээр тогтоосон хугацаанаас хойш тооцон олгодог учир нэхэмжлэл гаргахаас өмнөх хугацааны тэтгэлгийг нөхөн төлүүлэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Иймд С.Х охин Ө.Мд хүүхдийн тэтгэлэг нөхөн тогтоолгохоор шаардах эрхгүй.
Анхан шатны шүүх Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсгийн заалтыг буруу тайлбарлан, охин Ө.Мд тэтгэлэг нөхөн тогтоосон нь алдаатай боловч хариуцагч Б.Ө нэхэмжлэлийн энэ шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй, энэ шийдэл нь хүүхдийн эрх, ашигт нийцсэн тул шийдвэрийн энэ хэсэгт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн хүлээх үүргийг тодорхойлж өгсөн, харин нэхэмжлэгч С.Хгийн хариуцагч Б.Өоос сургалтын төлбөрийн 50 хувь болох 3 600 000 төгрөг гаргуулах шаардлага нь мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт хамаарах учир шийдвэрийн 4 дэх заалтыг хууль хэрэглээний хувьд өөрчлөх шаардлагатай.
3.Хариуцагч Б.Ө, С.Х, охин Ө.М нарт холбогдуулан Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Гурван-Оргил хотхоны 63 дугаар байрны 12 тоотод байрлах 99.85 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, Гранд плаза төвийн 1 давхрын Сараана кофе шоп, 3 давхрын 55 м.кв үйлчилгээний талбайн хамтран өмчлөгчөөр тус тус тогтоолгож, дундын хөрөнгөөс олсон орлогоос өөрт ногдох хэсэг 100 000 000 төгрөг, зээлийн гэрээний үүрэгт төлсөн 400 982 342 төгрөгийн тал хувь болох 200 491 171 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин, үлдэх хэсэг буюу дундын өмчөөс ногдох хэсэгт 60 000 000 төгрөг, 104 500 ам.доллар, 2006-2013 онд охин Ө.Мгийн сургалтын төлбөрийн 50 хувь болох 9350 ам.доллар буюу 13 050 000 төгрөг гаргуулж, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Нархан хотхоны 21в байрны 18 тоотод байрлах 293 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөс хамтран өмчлөгч Ө.Мг хасуулах шаардлагаа татан авсан буюу шүүх хуралдаанд дэмжээгүй байна.
Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ “үл хөдлөх эд хөрөнгүүдийг өөрийнхөө хөрөнгөөр авсан, нэхэмжлэгч С.Хг дундын өмчлөлийн эд хөрөнгийн үйл ажиллагааны орлогоос 200 000 000 төгрөг шилжүүлэн авч, өөртөө зарцуулсан, “Сайфу” ХХК-ийн Зоос банкнаас /хуучин нэрээр/ авсан зээлийн гэрээний үүргийг хувааж хариуцана” гэж тайлбарласныг нэхэмжлэгч зөвшөөрөхгүй гэж марган, шүүхэд нотлох баримт гарган өгчээ. Энэ тохиолдолд хариуцагч нь өөрийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлох үүрэг хүлээнэ.
Анхан шатны шүүх хариуцагчийг сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй, мөн өөр этгээдүүдийн хооронд хийгдсэн зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгчээс шаардах эрхгүй гэж дүгнэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, мөн сөрөг нэхэмжлэлийн татан авсан хэсгийг хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу дүгнэн шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байх боловч хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан давж заалдах гомдол гаргаагүй тул шүүх гомдлын хүрээгээр хязгаарлах нь талуудын диспозитив зарчимд нийцнэ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч С.Хг улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу төлөөгүй, шүүх хуулийг буруу тайлбарлан нөхөн төлүүлэх асуудлыг шийдвэрлэсэн гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.
Анхан шатны шүүх, нэхэмжлэгч С.Хгийн дутуу төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримталж, мөн нэхэмжлэгч Ө.Мгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг нэхэмжлэгч С.Хгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрөөс салгаж шийдвэрлээгүй, мөн хуулийн 59.1 дэх хэсэгт заасныг буруу хэрэглэн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрөөс 1 160 405 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэсэн нь алдаатай байх боловч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй тул шийдвэрийн 8 дахь заалтыг залруулан өөрчлөх боломжтой гэж үзлээ.
Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2017/01159 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн, “1.” Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Хгийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Нархан хотхоны 21в байрны 18 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2206009350 дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай 293 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөгчөөр бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт даалгах шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 8 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч С.Хгаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 649 690 төгрөгийг, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ө.Мгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 1 160 400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч С.Хгаас улсын тэмдэгтийн хураамжид 472 366 төгрөг нөхөн гаргуулан улсын орлогод оруулсугай” гэсэн нэмэлт,
шийдвэрийн тогтоох хэсгийн “3, 4, 5, 6, 7, 8” гэснийг “2, 3, 4, 5, 6, 7” гэсэн өөрчлөлт тус тус оруулан, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 262 460 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ
Ч.ЦЭНД