Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 36

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Оюунхүү,

           улсын яллагч Ж.Батхуяг,

шүүгдэгч А.Сайханбаяр, Л.Баасансүрэн, тэдгээрийн өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг /ҮД:1-703/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар Дамдин овогт Алимаагийн Сайханбаяр, Дарханчууд овогт Лувсандоржийн Баасансүрэн нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626030670 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            1. Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 28-нд Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 4 дүгээр гудамжны 72Б тоотод оршин суух, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 200 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жил 10 хоногийн хорих ял шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Дамдин овогт Алимаагийн Сайханбаяр /РД:УЗ89102837/

            2. Монгол Улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 02-нд Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 28 дугаар гудамжны 510 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Дарханчууд овогт Лувсандоржийн Баасансүрэн /РД:УЗ92100210/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

Шүүгдэгч А.Сайханбаяр, Л.Баасансүрэн нар нь бүлэглэж 2016 оны 6 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө, 02-03 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 12 дугаар гудамжны үзүүрт, хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн С.Мөнх-Эрдэнэтэй маргалдаж улмаар түүний биед хөнгөн гэмтлийг санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч А.Сайханбаяр, Л.Баасансүрэн нар нь 2016 оны 6 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө, 02-03 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 12 дугаар гудамжны үзүүрт тухайн өдөр Бадмаараг бааранд болсон хохирогч С.Мөнх-Эрдэнийн “арчаагүй гөлөгнүүд, та нар намайг таних уу...би 5-7 дугаар хорооны тэргүүн байна, та нарыг яаж явахыг чинь мэднэ...” гэхэд нь шүүгдэгч нараас “...манай ах Чингэлтэйн том дарга...” гэх зэргээр албан тушаал ярьж маргалдсан маргаанаас болж хохирогч С.Мөнх-Эрдэнийг ганцаараа явж байхад нь “...яасан их хууль мэддэг юм бэ...” гэж хэлэн А.Сайханбаяр нь заамдаж, нүүр тус газар нь цохиж, Л.Баасансүрэн нь мөн хохирогчийн нүүрэн тус газар нь цохиж хавсарч унагаан хохирогчийн дээрээс нийлж дэвсэн зодож хохирогчийн бие махбодид “...тархи доргилт, баруун нүдний дээд зовхины шарх, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн баруун, чамархай, зүүн шанаанд зулгаралт...” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:

1. Шүүгдэгч А.Сайханбаярын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “Баасансүрэн бид хоёрыг Яармагийн караокед сууж байхад Баасансүрэнгийн найз нь “манай өрөөнд ороод ир” гэхээр нь ортол Баасансүрэнг хэл амаар доромжлоод байхаар нь би Баасансүрэнг “явъя” гээд аваад гарсан. Тэгээд Баасансүрэн бид хоёрыг Яармагийн хуучин эцэс дээр зогсож байтал хохирогч Мөнх-Эрдэнэ караокед хамт сууж байсан хүнтэйгээ ирсэн. Мөнх-Эрдэнэ гудамж руугаа ороход нь Баасансүрэн бид хоёр түүний хойноос очоод зодсон” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Шүүгдэгч Л.Баасансүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “Мөнх-Эрдэнэтэй караокед сууж байсан чинь Баярсайхан хамт ажилладаг хүмүүстэйгээ явж байна манай өрөөнд ороод ир гэхээр нь Сайханбаяр бид хоёр ууж байсан зүйлээ аваад орсон юм. Гэтэл Мөнх-Эрдэнэ “арчаагүй гөлөгнүүд, та нар намайг таних уу. Би 5-7 дугаар хорооны тэргүүн байна, та нарыг яаж явахыг чинь мэднэ, зайл пизда” хэл амаар доромжлоод хэрэлдээд байж байтал Сайханбаяр миний гараас татаад “боль боль хөгшөөн гаръя” гэхээр нь гарсан. Тэгээд Сайханбаяр бид хоёрыг эцсийн буудал дээр явж байхад Мөнх-Эрдэнэ таараад тэнд дахиад маргалдаж, түүнийг зодсон. Сайханбаяр бид хоёрын буруутай үйлдлээс хохирогч Мөнх-Эрдэнэд гэмтэл учирсан тул гэмтэл дээр ямар нэгэн маргаан байхгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

          3. Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-10/

          4. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 29/

          5. Хохирогч С.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр буюу Пүрэв гарагт найзуудтайгаа цуг Буянт-Ухаа спортын ордонд заал авч тоглосон. Заалнаас 21, 22 цагийн үед гарсан. Гэгээ тасарсан байсан. Хан-Уул дүүргийн 6 дугаар хороонд байдаг Бадмаараг нэртэй караокед орж суусан. Найзуудтайгаа сууж дуулж сууж байсан. Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нэг залуугийн найз гэх хүмүүс орж ирсэн. Гурван хүн орж ирсэн. Тэд нартай жаахан маргалдсан. Нэг нь сонин сонин юм яриад байсан. Манай ах Чингэлтэйгийн том дарга гэж юм ярьсан. Гар гээд нөгөө хэд гараад явсан. Бид нартай цуг явж байсан 8 дугаар хорооны зохион байгуулагч Өнөрсайхан гэх залуу гадаа биеэ засах гээд гарсан чинь гадаа тэр залуучууд гарч байгаад пиздануудыг бүгдийг нь ална гэж ярьж байна гэж орж ирсэн...Тэгээд гараад Яармагийн хуучин эцсийн автобусны буудлын тэнд бөөнөөрөө зогсож байгаад салаад явсан. Өнөрсайхан бид хоёр цаашаа гэр рүү явсан. Нөгөө хүмүүс зарим нь нисэх, зарим нь төв рүү орно гээд явсан. Өнөрсайхан бид хоёр цаашаа явж байгаад Сонсголонгийн 11 билүү 12 билүү тэр гудамжны үзүүр дээр ирээд салсан. Тэд цагаан саарал өнгийн машинтай явж байсан юм шиг байна. Өнөрсайхан бид хоёр салсан чинь Өнөрсайхан тэр машин чинь тэр гудамжаар яваад орлоо гэж хэлсэн. Сонсголонгийн 11 билүү 12 билүү тэр худагтай гудамжаар явж байсан чинь худгийн цаана хоёр залуу зогсож байсан. Тэд намайг дуудаад би зогсож байсан чинь нэг нь гүйж ирээд намайг барьж аваад нөгөө залуу нь намайг цохьсон. Энэ хоёр нийлээд зодоод газарт унахад миний толгойд өшиглөж зодсон юм шиг байна. Нэг мэдэхэд гэмтлийн эмнэлэгт байсан. Явж явж байгаад яаж гэртээ харьсанаа санахгүй байгаа юм. Цаад талд нь сууж байсан хоёр залуутай маргалдсан. Нэг нь хар өнгийн хувцастай байсан. Эрээндүү бор цамцтай байсан. Голын залуу нь бас хар өнгийн хувцастай байсан. Нэг нь жаахан халзандуу, намхандуу залуу байсан. Энэ залуу түрүүлж ирээд яасан их хууль мэддэг юм бэ гэж намайг бариад авсан. Цаанаас ирсэн нь хар өнгийн хувцастай, халзан залуугаас жаахан өндөрдүү залуу байсан. Эд нарын нэр, хаягийг мэдэхгүй. Халзан залуу нь ирээд миний хажуунаас бариад авсан. Нөгөө залуу нь гүйж ирээд миний нүүр рүү цохиод авсан. Тэгээд би газарт унахад миний толгойн дээрээс энэ хоёр залуу хоёулаа дэвсээд өшиглөөд эхэлсэн. Тэгээд би ухаан алдсан. Хальт санахад миний цүнхийг татаад аваад явж байсан. Би цаг гаран ухаан алдсан байсан...Миний бие зодуулсаны улмаас толгойн дотор хаван ихтэй, баруун нүдний хөмсөгөнд сэтэрч оёдол тавиулсан, нүүр ам зулгарч хавдсан, хоёр нүд хавдсан. Зүүн талын хавирга зөөлөн эдийн гэмтэл авсан. Намайг заналхийлээд зодсон юм шиг байна. Намайг явж байсан газар отоод зогсож байгаад олуулаа явж байгаад салаад ганцаараа явах үед зодсон. Тэгэхээр намайг занаж зориуд ирж санаатайгаар зодсон гэж үзэж байна. Мөнгөн гүүр эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчлүүлэхэд ор хоногийн төлбөрт 500.000 төгрөг төлсөн. Одоогийн байдлаар нийт 821.200 /найман зуун хорин нэгэн мянга хоёр зуу/ төгрөгийн хохирол гарсаныг нэхэмжилнэ. Үүнд нэмж эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх үеийн авч чадаагүй цалин хөлсөө нэхэмжилнэ. Энэ талаар байгууллагын нягтлан бодогчтой цалингаас авч чадаагүй зөрүүг тооцуулж баримт авчирсны дараа нэмж нэхэмжлэх болно...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-40/

          6. Гэрч М.Золзаяагийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Мөнх-Эрдэнийн нүүр ам нь битүү хавдартай, хөх няц болсон. Хөмсөг нь сэтэрч цус гарсан. Хувцас хунар нь нил цус болсон байсан. Орж ирээд юм дуугарахгүй зогсоод байхаар нь би гэрлээ асуухад тэр үүдэнд зогсож байсан. Би сандал дээр суулгаад түргэний эмнэлэг дуудсан. Мөн цагдаа дуудсан...Мөнх-Эрдэнэ тэр үед юу болсон талаар ерөөсөө юм яриагүй. Түргэний эмч болон цагдаа ирээд гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Цагдаа ирж юу болсон талаар асууж байсан. Тэгэхэд Мөнх-Эрдэнэ цагаан саарал машинтай хоёр хүн зодсон гэж хэлсэн. Зодсон хүмүүсийг танихгүй, харвал мэдэх байхаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44/

          7. Гэрч Ц.Баярсайханы мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Баасансүрэн, Мөнх-Эрдэнэ хоёр маргалдсан. Би Мөнх-Эрдэнийг сайн танихгүй юмаа. Албан тушаал ярьж маргалдах шиг болсон. Юу гэж маргалдсаныг санахгүй байна. Тэгээд маргалдаад Сайханбаяр, Баасансүрэн хоёр гараад явсан. Хэдэн цагийн үед гарсаныг мэдэхгүй байна. Яармагийн эцэст Баасансүрэн, Сайханбаяр хоёр нэг саарал өнгийн аксент машин дотор сууж байсан тааралдсан. Баасансүрэн дээр очоод хаалгыг нь онгойлгосон чинь надад чи яв гэсэн. Би Баасансүрэнд чи яагаад хүн амьтантай муудалцсан юм бэ гэж асуух гэсэн чинь чи яв гээд хөөсөн. Тэгэхээр нь би шууд гэррүүгээ явсан. Би гэртээ 04 цагийн үед ирсэн. Намайг гэртээ ирээд ариун цэврийн өрөөнд сууж байсан чинь Баасансүрэн нөгөө маргалдсан залууг зодоод хаячихлаа гэж утсаар хэлсэн. Өөрийнхөө дугаараас залгаж хэлсэн. Өөр юм хэлээгүй. 88227122 гэсэн дугаараас миний 88155714 гэсэн дугаар руу залгаж хэлсэн. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-50/

          8. Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт /№6699/-ын дүгнэлт:

                        -С.Мөнх-Эрдэнэ-н биед тархи доргилт, баруун нүдний дээд зовхины шарх, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн баруун, чамархай, зүүн шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

                        -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

                        -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                        -Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. /хх-ийн 95/

          9. Шинжээч эмч О.Болороогийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “…дээрх гэмтэл нь гадны хүчин зүйлийн үйлчлэлээр үүснэ. Гадны хүчин зүйлийг олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой хамгийн багадаа дөрвөөс дээш удаагийн үйлчлэлийн улмаас үүснэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 96-97/

          10. Яллагдагч А.Сайханбаярын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Баасансүрэн бид хоёр Бадмаараг гэх баарны караокед пиво уугаад сууж байсан. Баасансүрэнгий найз Баяраа гэгч бид хоёр дээр орж ирсэн. Баасансүрэн түүнд бид хоёртой суусангүй гэсэн. Баяраа гараад явсан. Баасансүрэн гараад Баяраагийн сууж байсан өрөөгөөр шагайсан. Баяраа бид нартай суух уу ороод ир гэсэн...Баяраагийн цуг сууж байсан хүмүүстэй танилцсан. Хохирогч гэх залуу Баасансүрэнтэй маргалдсан. Баасансүрэнг хэл амаар доромжилсон. Би тэвчихгүй Баасансүрэнг аваад гарсан. Бид хоёр гараад таксинд суусан. Таксинд суугаад тэд нарыг гарч ирэхийг хүлээсэн. Тэд удалгүй бөөнөөрөө гарч ирсэн...Бид хоёр араас нь дагаад явж байсан. Хохирогч нэг залуутай хамт харих гээд бусад хүмүүсээс салаад алхасан....нэг гудамж дуусаад цуг байсан залуу салаад явсан. Хохирогчоос түрүүлж яваад худган дээр Баасансүрэн бид хоёр бууж үлдсэн...Төд удалгүй хохирогч зөрж өнгөрсөн. Баасансүрэн хохирогчид цаг хэд болж байна гэж асуусан. Би очоод хохирогчийг заамдаж авсан. Баасансүрэн очоод түүний нүүр рүү цохиод авсан. Тэгээд би хохирогч залуугийн нүүр рүү цохьсон. Баасансүрэн хохирогчийг хавирч унагаасан. Баасансүрэн дээрээс нь дэвсэж зодсон. Би ч түүний нүүрэн дээр дэвссэн. Нэг мэдсэн чинь Баасансүрэн ногоон өнгийн хохирогчийн цүнхийг барьсан хохирогчийг цохиод байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 114/

          11. Яллагдагч Л.Баасансүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…С.Мөнх-Эрдэнийг Сайханбаяртай бүлэглэн зодсон маань үнэн. Маргааны улмаас зодсон...Бадмаараг баар дотор сууж байгаад өрөөнд нь орж танилцсан. Тэгсэн чинь хэл амаар доромжилсон. Муу сайн гөлөгнүүд, авч өгсөн пиво уучаад зайл, арчаагүй гэж басамжилсан. Үүнээс болж түүнийг зодсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 123/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Л.Баасансүрэн нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шалгах хуудас /хх-ийн 125/-аар,

            Шүүгдэгч А.Сайханбаяр нь Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 200 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жил 10 хоногийн хорих ял шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 126, 132-143/-аар тус тус тогтоогдож байна.

                        Шүүгдэгч А.Сайханбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-т “тэнсэж хянан харгалзсан,...хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүй болно” гэж заасны дагуу түүнийг ялгүй болсон буюу анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт /№6699/-ын дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч нарын үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч А.Сайханбаяр, Л.Баасансүрэн нар нь 2016 оны 6 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө, 02-03 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 12 дугаар гудамжны үзүүрт тухайн өдөр Бадмаараг бааранд болсон хохирогч С.Мөнх-Эрдэнийн “арчаагүй гөлөгнүүд, та нар намайг таних уу...би 5-7 дугаар хорооны тэргүүн байна, та нарыг яаж явахыг чинь мэднэ...” гэхэд нь шүүгдэгч нараас “...манай ах Чингэлтэйн том дарга...” гэх зэргээр албан тушаал ярьж маргалдсан маргаанаас болж хохирогч С.Мөнх-Эрдэнийг ганцаараа явж байхад нь “...яасан их хууль мэддэг юм бэ...” гэж хэлэн А.Сайханбаяр нь заамдаж, нүүрэн тус газар нь цохиж, Л.Баасансүрэн нь мөн хохирогчийн нүүрэн тус газар нь цохиж хавсарч унагаан хохирогчийн дээрээс нийлж дэвсэн зодсоныг хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогчийн бие махбодид “...тархи доргилт, баруун нүдний дээд зовхины шарх, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн баруун, чамархай, зүүн шанаанд зулгаралт...” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийн бүлэглэж үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч А.Сайханбаяр, Л.Баасансүрэн нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

            Шүүгдэгч нарын хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, шударгаар хүлээн мэдүүлсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд сайн дураар хохирогч С.Мөнх-Эрдэнэд 1.450.000 /нэг сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн, тэдгээрийн хувийн байдал /шүүгдэгч Л.Баасансүрэн нь 3 настай, 5 сартай 2 хүүхэдтэй/, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан улсын яллагчаас гаргасан саналын дагуу тэдгээрт тус бүр 350 цагийн албадан ажил хийлгэх ял оногдуулах нь зохимжтой гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч А.Сайханбаяр, Л.Баасансүрэн нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3,  294-298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Дамдин овогт Алимаагийн Сайханбаяр, Дарханчууд овогт Лувсандоржийн Баасансүрэн нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар Дамдин овогт Алимаагийн Сайханбаяр, Дарханчууд овогт Лувсандоржийн Баасансүрэн нарыг тус бүр 350 /гурван зуун тавь/ цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. А.Сайханбаяр, Л.Баасансүрэн нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл баривчлах ялаар сольдог болохыг сануулсугай.

5. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Сайханбаяр, Л.Баасансүрэн нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                             Б.БАТБОЛОР