Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2016/0101

 

Саяардриллинг ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батмагнай нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 818 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн давж заалдах гомдлоор, Саяардриллинг ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Саяардриллинг ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт 30 гектар талбайд тусгай зөвшөөрөл хүсэж гаргасан өргөдлийг хүлээн авч бүртгэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгах гэжээ.

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс шүүхэд гаргасан тайлбартаа:...Нэхэмжлэгч нь Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор батлагдсан журмын нөхцөл шаардлагыг ханган хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг тэмдэгтийн хураамж, холбогдох материалын хамт гаргахад хүлээн авахаас татгалзсан, дахин 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр очиж уулзахад тухайн өргөдлийг бүртгээгүй тул гомдолтой байна гэсэн нь үндэслэлгүй.

Засгийн газар өөрт хуулиар олгосон чиг үүрэгт хамаарах Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д заасны дагуу 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг хавсралтаар баталсан бөгөөд харин тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч, бүртгэн олгох асуудлыг мөн хуулийн 17-19 дүгээр зүйлээр зохицуулсан.

Засгийн газрын тогтоосон талбайгаас эхний ээлжинд 104 дүгээр уртрагийн баруун талд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг Засгийн газрын 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдааны 2 дугаар тэмдэглэлээр Уул уурхайн сайдад даалгасны дагуу мөн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1/85 тоот албан бичгээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулсан.

Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу Ашигт малтмалын газраас 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хайгуулын тусгай зөвшөөрлийг цахим хэлбэрээр олгох болон уртрагийн 104 дүгээр градусаас баруун талд өргөдлийг хүлээн авах болсон тухай олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж, байгууллагын цахим хаягт байршуулсан.

Засгийн газрын өгсөн чиглэлийн дагуу 104 дүгээр уртрагийн баруун талд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох ажлыг 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн зохион байгуулж хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэж эхэлсэн.

Гэтэл нэхэмжлэгч нь дээрх Засгийн газрын тогтоосон талбайгаас өөр газар буюу 104 дүгээр уртрагийн зүүн талд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаар авч, өргөдлийг 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 13.30-13.45 цагийн хооронд Кадастрын хэлтэст гаргасныг хүлээн авч хянан үзэхэд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бий болсон.

Кадастрын хэлтэс нь хуулийн дээрх заалтын дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн Х201504201294 дугаартай өргөдлийг хүлээн авахаас татгалзаж, шалтгаан үндэслэлийг нь дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт тэмдэглэн Ш.Алтангэрэлд гардуулан өгсөн тодорхойлолтыг нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд гаргаж өгсөн...

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 818 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 18 дугаарзүйлийн 18.2, 19 дүгээр зүйлийн 19.1, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5, 7 дугаар зүйлийн дэх хэсгийн 2.6заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Саяардриллинг ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Саяардриллинг ХХК-иас Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт 30 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж гаргасан өргөдлийг хүлээн авч бүртгэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс давж заалдах гомдолдоо: ...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 818 дугаар шийдвэрийг эсзөвшөөрч дараах үндэслэлээр ...давж заалдах гомдол гаргаж байна.

Нэг. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр авснаар нэхэмжлэгч нь Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг батлагдсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах боломжтой болсон боловч Кадастрын хэлтэс нь энэ 18.2 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн19.1 дэх хэсэгт заасан ажиллагааг гүйцэтгэлгүйгээр уг өргөдлийг хүлээн аваагүй тодорхойлолтыг хэвлэн өгч, буцааж байгаа нь хуульд нийцээгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11 дэх хэсэгт геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоож, нийтэд мэдээлэх чиг үүргийг Засгийн газарт олгосон.

Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг хавсралтаар батлахдаа хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тухай бүр нийтэд мэдээлэн, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох ажлыг хуулийн дагуу зохион байгуулан хяналт тавьж ажиллахыг Уул уурхайн сайдад үүрэг болгосон.

Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т заасан чиг үүргийг Уул уурхайн сайдхэрэгжүүлэхээр заасан тул Засгийн газрын тогтоосон талбайгаас эхний ээлжинд 104 дүгээр уртрагийн баруун талд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг Засгийн газрын 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаан болон мөн сарын 13-ны өдрийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд танилцуулсан.

Засгийн газрын өгсөн чиглэлийн дагуу 104 дүгээр уртрагийн баруун талд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох ажлыг нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим хаягт байрлуулан мэдээлж, 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн зохион байгуулж хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэж эхэлсэн.

Гэтэл нэхэмжлэгч нь Засгийн газрын тогтоосон талбайгаас өөр газар буюу 104 дүгээр уртрагийн зүүн талд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаар авч, Кадастрын хэлтэст өргөдөл гаргасныг хүлээн авч хянан үзэхэд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бий болсон.

Кадастрын хэлтэс нь хуулийн дээрх заалтын дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн Х201504201294 дугаартай өргөдлийг хүлээн авахаас татгалзаж, шалтгаан, үндэслэлийг нь дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэсэн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн

Мөн нэхэмжлэгч Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө гаргаагүйтул Ашиг малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу эдгээр 2 өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй.

Хоёр. Шүүхийн шийдвэрт Нутаг дэвсгэрийн баруун хагас буюу 104 дүгээр уртрагийн баруун хагаст эхний ээлжинд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор төлөвлөж байна гэсэн боловч нэхэмжлэгчийн өргөдөлд дурдсан солбицолд аливаа этгээдээс энэ цаг хугацаанд өргөдөл өгч болохгүй бөгөөд хориглож байгаа талаар мэдээлэл гаргаагүй тул нэхэмжлэгчийн дээрх 2 өргөдлийн талбай нь Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоолд заасан тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицолд хамаарч байна гэсэн нь үндэслэлгүй байна.

Уул уурхайн сайд, Ашиг малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нар Засгийн газрын 2014 оны 239 дүгээр шийдвэрийг хэрэгжүүлж, хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн солбицлыг 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр зурагт радио, цахим мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсэн нь хавтас хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа бөгөөд тусгай зөвшөөрлийн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр анх удаа олгохоор эмх цэгцтэй, нээлттэйгээр өөрийн байгууллагын хүчин чадал, техникийн нөхцөл бололцоонд тулгуурлан явуулах болсныг өмнөх тайлбартаа дурдсан...

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 818 дугаар шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримт болон хэрэгт авагдсан баримтуудад буруу дүгнэлт хийж, холбогдох хуулийн зохицуулалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч компанийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.

Нэхэмжлэгч Саяардриллинг ХХК нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдуулан Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт 30 гектар талбайд тусгай зөвшөөрөл хүсэж гаргасан өргөдлийг хүлээн авч бүртгэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гарган, нэхэмжлэлдээ ...хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшин үйл ажиллагаа явуулж болох хил хязгаарын хүрээнд өргөдлөө гаргасан... гэж маргажээ.

Гэтэл Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11-д заасныг үндэслэн Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг баталж, тусгай зөвшөөрөл олгох солбицлыг тухай бүр нийтэд мэдээлэн ашигт малтмалын кадастрын зураг зүйн бүртгэл, мэдээллийн санд бүртгэн, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг хуулийн дагуу зохион байгуулан хяналт тавьж ажиллахыг Уул уурхайн сайдад үүрэг болгосон байна.

Улмаар Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-д Ашигт малтмалын асуудлаар геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ашигт малтмалын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасны дагуу Уул уурхайн сайд Засгийн газрын 239 дүгээр тогтоолоор тогтоосон талбайгаас эхний ээлжинд нутаг дэвсгэрийн баруун хагас буюу 104 дүгээр уртрагийн баруун хэсэгт тусгай зөвшөөрөл олгох ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд энэ нь Уул уурхайн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1/85 дугаар албан бичгээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлсэн Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох бэлтгэл ажлын танилцуулга[1]-аар тогтоогдож байна.

Харин Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай 7 дугаар зүйл буюу агентлагийн нийтлэг эрхлэх асуудлын 7.1.1-д хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын шийдвэрийг биелүүлэх ажлыг эрхэлсэн хүрээ, салбарын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг хангах гэж заасны дагуу Засгийн газар болон Уул, уурхайн сайдын шийдвэрүүдийг хэрэгжүүлж, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг төлөвлөгөөтэй, эмх цэгцтэй олгох үүднээс эхний ээлжинд нутаг дэвсгэрийн баруун хагаст, дараа нь зүүн хагаст олгох ажлыг гүйцэтгэж, энэ талаарх мэдээллийг хэвлэлийн бага хурал болон www.mram.gov.mn цахим хуудсаар дамжуулан олон нийтэд зарласан байна.

Гэтэл Саяардриллинг ХХК нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1-д Иргэд өргөдөл, гомдлоо төрийн тухайн байгууллага, албан тушаалтан шийдвэрлэхээр хууль тогтоомжоор тогтоож, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр албан ёсоор нийтэд зарласан асуудлаар гаргана... гэж заасныг зөрчиж, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор нийтэд зарлагдаагүй талбайд өргөдөл гаргасан учир хариуцагчид Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан ажиллагааг явуулах үүрэг үүсэхгүй юм.

Тодруулбал, нэхэмжлэгч компанийн хууль ёсны эрх ашиг зөрчигдөөгүй, нөгөөтэйгүүр хариуцагч хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй гаргаагүй байх тул Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст нэхэмжлэгч компанийн өргөдлийг хүлээн авч бүртгэхийг даалгах боломжгүй байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 818 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Саяардриллинг ХХК-ийн Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт 30 гектар талбайд тусгай зөвшөөрөл хүсэж гаргасан өргөдлийг хүлээн авч бүртгэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ О.НОМУУЛИН

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН