Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 939

 

                                                         Ч.Бат-, Ч.Баяр-, М.М- нарт 

                                                 холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч Ц.Оч, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Б.Батжаргал,

шүүгдэгч Ч.Баяр-ын өмгөөлөгч Т.Сайнбаяр,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 2172 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, прокурор Б.Батжаргалын бичсэн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 39 дугаартай эсэргүүцлээр Ч.Бат-, Ч.Баяр-, М.М- нарт холбогдох эрүүгийн 17020013300848 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             1. Хиад овгийн Ч.Бат-, 1985 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний нөөцийн менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүрэгт оршин суух,

            - Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 135 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 251 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, /РД:/,

            2. Хиад овгийн Ч.Баяр-, 1987 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй, /РД:/,

             3. Батнай овгийн М.М-, 1998 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сүхбаатар дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй, /РД:/,

            Ч.Бат-, Ч.Баяр-, М.М- нар нь урьдчилсан үгсэн тохиролцон бүлэглэж, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий “Мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

            Ч.Бат-, Ч.Баяр-, М.М- нар нь урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий “Мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан,

            Ч.Бат- нь 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын задгайн 20 тоотод Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий “Мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

            Ч.Баяр- нь 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 27-29 тоотод Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий “Мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

            - Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “Шавар” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг биедээ хадгалсан,

            М.М- нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий “Мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Нийслэлийн прокурорын газраас: Ч.Бат-, М.М- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Ч.Баяр-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 20.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 157 дугаартай яллах дүгнэлт нь хоёр өөр байдлаар бичигдсэн болох нь шүүх хуралдааны явцад илэрсэн. Хэрэгт авагдсан болон яллагдагчид гардуулж өгсөн яллах дүгнэлтүүдэд бичигдсэн зүйлийн алийг зөв гэж үзэх нь эргэлзээтэй байна. Шүүх хуралдаанаар шинжлэн судалж байсан эд мөрийн баримтууд нь хэрэгт хураагдсан эд мөрийн баримтууд мөн эсэх, шүүгдэгч нараас хурааж авсан эд мөрийн баримтуудтай тохирч байгаа эсэхийг дахин шалгаж тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй...” хэмээн дүгнэж, Ч.Бат-, Ч.Баяр-, М.М- нарт холбогдох эрүүгийн 1702001330048 дугаартай хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Батжаргал тус шүүхэд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ : “...анхан шатны шүүх хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

1. Хэрэгт авагдсан болон яллагдагчид гардуулж өгсөн яллах дүгнэлтүүдэд бичигдсэн зүйлийн алийг нь зөв гэж үзэх асуудал нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа биш юм. Учир нь прокуророос уг хэрэгт 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ба шүүхээс хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасан. Ингэхдээ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтыг прокурорт ирүүлээгүй болно. Хэрэгт шүүгчийн захирамжид дурьдсан мөрдөн шалгах ажиллагааг явуулж, 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 157 дугаартай яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлэхэд хэрэгт хураагдсан эд мөрийн баримт шүүхэд хадгалагдаж байсан. Хэргийг шүүхэд шилжүүлэх үед шүүхээс яллах дүгнэлтийн хавсралт хэсэгт дурьдсан эд мөрийн баримтуудыг хүлээлгэж өгөөгүй /шүүхэд хадгалагдаж байсан/ тул яллах дүгнэлтийн хавсралт хэсгийг соль гэсэн шаардлагын дагуу тухайн хэсгийг өөрчилсөн юм.

2. Шүүх хуралдаанаар шинжлэн судалж байсан эд мөрийн баримтууд нь хэрэгт хураагдсан, шүүгдэгч нараас хурааж авсан эд мөрийн баримтуудтай тохирч байгаа эсэхийг дахин шалгаж тогтоохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Уг ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой юм.

 Хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэн шүүхэд шилжүүлээд, гэм буруугийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад шүүгдэгчийн мэдүүлгийг сонсож дуусмагц шүүх шийдвэр гаргахаар зөвлөлдөж, энэхүү шүүгчийн захирамжийг гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэгт эхлээд яллах, дараа нь цагаатгах нотлох баримтыг шинжлэн судална”, 13 дахь хэсэгт “шүүгдэгч, гэрч, хохирогч, шинжээчээс мэдүүлэг авах, нотлох баримт шинжлэн судлах ажиллагааг явуулж дуусмагц шүүх хуралдаан даргалагч шүүхийн хэлэлцүүлгийг дууссаныг мэдэгдэнэ”, мөн 35.19 дүгээр зүйлд заасан“Эд мөрийн баримт, эд мөрийн баримтаар хураан авсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлах”, 35..24 дүгээр зүйлд заасан “Улсын яллагч, өмгөөлөгчийн дүгнэлтийг танилцуулах” зэрэг хуульд заасан ажиллагааг явуулаагүй.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн ба уг эсэргүүцлээ дэмжиж байна...” гэв.

Шүүгдэгч Ч.Баяр-ын өмгөөлөгч Т.Сайнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...яллагдагч нарт гардуулж өгсөн яллах дүгнэлт болон шүүхэд ирүүлсэн яллах дүгнэлт хоёрт үгийн зөрүүтэй байдал тогтоогдсон. Анхан шатны шүүх хуралдааны явцад эд мөрийн баримтыг шинжлэн судлах гэхэд эд мөрийн баримт нь задгай байдалтайгаар орж ирсэн. Ингээд тухайн эд мөрийн баримт нь анх хурааж авсан эд мөрийн баримт мөн эсэх, шүүхийн шатанд шинжлэн судлах боломжтой эсэх талаар хэлэлцүүлэг өрнөсөн. Шүүхээс тухайн эд мөрийн баримтыг одоо жигнэж хэмжих, прокуророос ирүүлсэн эд мөрийн баримт мөн эсэх талаар шалгах боломжгүй гэж үзсэн. Хэрэгт авагдсан эд мөрийн баримт хүлээлцсэн тухай тэмдэглэлээс үзэхэд, тухайн эд мөрийн баримтыг ямар байгууллагын, ямар албан тушаалтан шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтанд хүлээлгэж өгч байгаа нь тодорхой бус байдаг. Иймд хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг дэмжиж байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзвэл Ч.Бат-, Ч.Баяр-, М.М- нарт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь үндэслэл бүхий болжээ.

Прокуророос яллагдагч Ч.Бат-, М.М- нарыг бүлэглэн мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, мөн уг бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдэд, яллагдагч Ч.Баяр-ыг бүлэглэн мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, мөн уг бодисыг худалдаалах зорилгоор болон худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, 20.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдэд тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгч хэргийг хүлээн авч, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх явцад яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүхийн урьчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар дараах асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана:”,

- 6.13-т “нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар гаргасан гомдол;”

- 6.15-т “мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлт;”,

- 12 дахь хэсэгт “Урьдчилсан хэлэлцүүлгээр энэ зүйлийн 6.13, 6.14, 6.15, 6.16-д заасан гомдол, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг гомдол, хүсэлтийг шийдвэрлэнэ.” гэж,

мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилсан хэлэлцүүлгийн үед дараах үндэслэлээр шүүх өөрийн санаачилгаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ:”,

- 1.2-т “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол;” гэж тус тус заажээ.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн өмгөөлөгч Н.Жамъяндоржийн гаргасан “нотлох баримт цуглуулж бэхжүүлэх, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх” талаархи гомдол, хүсэлтийг хянан хэлэлцээд уг асуудлыг урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэх боломжгүй, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэн, хэлэлцэхгүй орхиж, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шийдвэр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасан ба  анхан шатны шүүх шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг эргэлзээгүй тогтоохын тулд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шүүхийн хэлэлцүүлгийг өрнүүлэх нь хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцнэ.

Шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхдээ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар бүлэгт заасан “Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-нд баримтлах журмыг мөрдсөн байх бөгөөд эд мөрийн баримтыг шинжлэн судлах явцад, шүүгдэгч нарын орон байр, тээврийн хэрэгсэл, биеэс хураан авсан гэх эд мөрийн баримтууд буюу метамфетамин, тетрагидроканнабинолын агууламж бүхий бодисуудын шинж чанар, тоо хэмжээ болон тухайн эд мөрийн баримтыг хадгалах, хүлээн авах асуудлаар эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсчээ.

Хэргийн материалыг судлахад, анхан шатны шүүх 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 387 дугаар шүүгчийн захирамжаар Ч.Бат-, Ч.Баяр-, М.М- нарт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн ба 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 1/751 дугаартай албан бичгээр хэрэгт хураан ирүүлсэн эд мөрийн баримтуудыг Нийслэлийн прокурорын газарт буцаан хүргүүлсэн байна.

Гэтэл Нийслэлийн прокурорын газар дээрх эд мөрийн баримтуудыг хүлээн авсан эсэх нь тодорхой бус байх бөгөөд прокурор 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 157 дугаартай яллах дүгнэлтийг үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлэхдээ, яллах дүгнэлтийн хавсралт хэсэгт хэрэгт хураагдсан эд мөрийн баримтууд “...шүүхэд хадгалагдаж байгаа болно.” хэмээн тусгасан нь яллагдагч нарт гардуулсан яллах дүгнэлтийн хувиас зөрүүтэйн гадна, ойлгомжгүй болжээ.

            Өөрөөр хэлбэл, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 387 дугаар шүүгчийн захирамжид эд мөрийн баримтаар хураагдсан зарим бодисуудад дахин шинжилгээ хийлгэх талаар заасан ба тухайн эд мөрийн баримтууд шүүхэд хадгалагдаж байсан тохиолдолд дээрх ажиллагааг гүйцэтгэх боломжгүй юм.    

Иймд шүүх хуралдаанаар шинжлэн судласан эд мөрийн баримтууд нь шүүгдэгч нараас хураан авсан эд мөрийн баримтуудтай шинж чанар, тоо хэмжээний хувьд тохирч байгаа эсэхийг шалгаж тогтоох ажиллагааг, мөн яллах дүгнэлтэд дурьдагдсан зөрүүтэй байдлыг шүүхээс нөхөн гүйцэтгэж, зөвтгөн шийдвэрлэх боломжгүй байх тул прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгон, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Түүнчлэн 5 дугаар хавтас хэргийн 167-173, 184-204 дүгээр талд авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлүүдэд шүүх хуралдааныг явуулсан он, сар, өдөр, шийдвэрийн дугаар зэрэг тусгагдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдааныг хэзээ, хаана хийсэн, эхэлсэн, дууссан цаг, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хэлэлцэж байгаа хэргийн дугаар, шүүгдэгчийн биеийн байцаалт, шүүх хуралдаан эхлэхээс дуусах хүртэлх бүх үйл явцыг нэг бүрчлэн тусгана.” гэж заасныг зөрчсөн болохыг дурьдвал зохино.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 2172 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Батжаргалын бичсэн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 39 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЮУНЧУЛУУН

                ШҮҮГЧИД                                                       Ц.ОЧ

                                                                                        Н.БАТСАЙХАН