Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2016/0486

 

  Л.Бгийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.З*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж******* нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 293 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Л.Бгийн  нэхэмжлэлтэй, У*******т холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 293 дугаар шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1.2, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2, 18 дугаар зүйлийн 18.1, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.1.1, 19.3, 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг тус тус баримтлан Л.Бгийн Улсын бүртгэлийн ерөнхий газарт /хуучин нэрээр/ холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Сөүлийн гудамжны 28/6 хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2203014770, Ү-2203014771, Ү-2203014772, Ү-2203014773, Ү-2203019776, Ү-2203014777, Ү-2203014778, Ү-2203014779, Ү-2203014781, Ү-2203010534, Ү-2203010541, Ү-2203010774, Ү-2203010775, Ү-2203010780 дугаарт бүртгэлтэй барилгын өмчлөгчийн маргаан дуусаагүй байхад “М*******” ХХК-иас Б.Ад*******д, Б.Ад*******гээс “Б*******” ХХК-д тус тус өмчлөх эрх шилжсэнийг бүртгэсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Сүхбаатар дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын үйлдлийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.З******* давж заалдах гомдолдоо: “Л.Бгийн нэхэмжлэлтэй, У*******т холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 293 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар: Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-д “..., өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, ... хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, ... эрхтэй” байхаар заасан.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарыг шүүх хуралдаанд байлцуулахгүй хэргийг шийдвэрлэж “мэтгэлцэх зарчим”-ыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.

Тодруулбал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар ажлын шаардлагаар шүүх хуралдаанд очих боломжгүй талаар нотлох баримтыг шүүхэд хүргүүлсэн байхад уг баримтыг нотлох баримт биш, нэхэмжлэгч олон удаа хурал хойшлуулах хүсэлт гаргасан гэсэн үндэслэлээр хүсэлтийг хүлээн авалгүй хуралдааныг явуулсан.

Нэхэмжлэгч шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулах хүсэлт гаргаж байгаа нь Монгол Улсын хуулийн хүрээнд хийгдсэн ажиллагаа ба хуулиар олгосон боломж буюу субъектив эрх болно. Шүүх хуралдааныг хойшлуулахыг хязгаарлаж тогтоосон тоо хэмжээ хуульд байхгүй.

Ийм учраас нэхэмжлэгч тал олон удаа шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргаж шийдвэрлүүлсэн нь нэхэмжлэгчийн Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-д заасан эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.

Нөгөө талаас нэхэмжлэгч захиргааны актын улмаас зөрчигдсөн гэж үзэж байгаа өөрийн субъектив эрхийг хамгаалуулахаар шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн субъектив “эрхийг нэмж” зөрчиж байна. Нэхэмжлэгч шүүхэд хандсаны хариуд шүүхээр давхар эрхээ хязгаарлууллаа.

Шүүгч шаардлагатай гэж үзвэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас гаргасан баримтыг шалгаж үзэх боломжтой байхад энэ үйлдлээ хийгээгүй хүний эрхийг зөрчиж байгаа нь хууль бус үйлдэл юм.

Давтан хэлэхэд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон эрхийг хязгаарлан, мэтгэлцэх зарчмаар хэрэг маргаанаа шийдвэрлүүлэх, хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгчөөр эрхээ хамгаалуулах, шүүх хуралдаанд оролцох эрхийг минь хууль зүйн үндэслэлгүйгээр хязгаарласан атлаа шийдвэртээ “нэхэмжлэгчийн мэтгэлцэх эрхийг бүрэн хангасан” гэж дүгнэж байгаа нь буруу.

Нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд оролцуулж, өөрийнх нь тайлбар, татгалзал, нотлох баримтын талаар мэтгэлцээнийг явуулж байж шүүх “мэтгэлцэх эрхийг бүрэн” хангасан гэж ярих ёстой. Гэтэл шүүх хуралдаанд байлцуулах шаардлагагүй гэж үзэж оролцуулаагүй атлаа “мэтгэлцэх эрх нь бүрэн хангагдсан” гэж дүгнэж байгааг хууль ёсны гэж үзэх үү.

Анхан шатны шүүхийн дээрх хууль бус ажиллагаа нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хангалттай үндэслэл гэж үзэж байна.

Анхан шатны шүүхийн хэрэг шийдвэрлэсэн дүгнэлтийн талаар: Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ “Л.Бгийн нэхэмжлэлтэй хэргийг Улсын Дээд шүүхийн 552 дугаар тогтоолоор 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр эцэслэн шийдвэрлэсэн байна. Иймд 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “М*******” ХХК-иас Б.Ад*******д өмчлөх эрх шилжсэнийг бүртгэсэн нь зөв” гэжээ. Гэтэл:

Нэгдүгээрт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1761 дугаар зүйлийн 1761.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 176.2-т заасан тогтоолыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хууль зөрчсөн үндэслэлээр Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаж болно” гэж, мөн зүйлийн 1761.2-т “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч гомдлыг үндэслэлтэй гэж үзвэл энэ хуулийн 174.1-д заасан хугацаанд дүгнэлт гаргаж, уг хэргийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцүүлнэ...” гэж тус тус заасан.

Хуулийн энэ заалтын дагуу нэхэмжлэгч Л.Б нь Улсын Дээд шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 552 дугаар тогтоолыг эс зөвшөөрч 30 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хандан гомдол гаргасан байсан бөгөөд түүнээс гомдлыг шийдвэрлэх 30 хоногийн хугацаа дуусаагүй байсан тул уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болоогүй, хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байсан бодитой факт байсан.

Үүнийг анхан шатны шүүх авч үзээгүй нь илт хууль бус ажиллагаа юм.

Хоёрдугаарт, “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээс Л.Бгийн гомдлыг хянаад “Шүүхийн тухай хуулиар танхимын 5 шүүгчийн тогтоол эцсийн байна гэж хуульчилсан тул таны гомдлыг Улсын дээд шүүхийн хуралдаанаар хэлэлцэх хууль зүйн үндэслэлгүй болсон” гэх хариуг өгсөн билээ.

Улсын дээд шүүхийн шүүгчийн энэхүү хариуг Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд Л.Бгийн өмгөөлөгч нараас Үндсэн хуулийн цэцэд хандсан ба Үндсэн хуулийн цэцэд уг өргөдлийг хянан шалгах процесс ажиллагаа явагдаж байсан тул өмчлөлийн маргаан бүрэн дууссан байсан гэж үзэх үндэслэлгүй.

Дээр дурдсанаар Л.Б өөрийн өмчлөх эрхээ сэргээлгэхээр Үндсэн хуулийн цэц зэрэг хуулийн байгууллагуудад хандан тасралтгүй гомдол гаргасаар байсан бөгөөд энэ талаар нэхэмжлэгчээс тайлбар, нотлох баримт гаргаж өгөх, мэтгэлцэх боломж олгохгүйгээр анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Л.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаан дээр энэ талаарх нотолгоог мэтгэлцэх журмаар нотлох ёстой байсан байхад энэ эрхийг шүүх хангаагүй учраас анхан шатны шүүх холбогдох нотлох баримтыг шүүх хуралдаанаар хэлэлцээгүй, дүгнэлт өгөөгүй, хэт өрөөсгөл дүгнэлт хийсэн байна.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцээгүй тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 293 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4-т заасны дагуу хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-д зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2, 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулаагүй, мөн хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх эрхээр хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны болон үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Анхан шатны шүүх “нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаж нисэх онгоцны тасалбарын хуулбар, Улаанбаатар-Эрдэнэт явах төмөр замын вагоны тасалбарын хуулбар зэргийг шүүхэд ирүүлсэн. Дээрх нисэх онгоцны тасалбарын хуулбар нь нотлох баримтын шаардлага хангаагүй, өмгөөлөгчийн вагоны тасалбар нь  шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх шалтгаан биш гэж шүүхээс үзэж шүүх хуралдааныг хийлээ. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцож, мэтгэлцэх эрхийг шүүхээс бүрэн хангасан...” гэж дүгнэсэн нь буруу байна.

Учир нь уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэхээр 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр шүүх хуралдаан товлогдсон ч шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Шүүгч С.Төмөрбатыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах тухай” хүсэлт гаргасны дагуу түүний хүсэлтийг Ерөнхий шүүгч шийдвэрлэх шаардлагатай гэж үзэн шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан болох нь тус шүүхийн шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2837 дугаар захирамжаар[1] тогтоогдож байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан дээрх хүсэлтийг тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 336 дугаар захирамжаар шийдвэрлэж, уг шүүгчийн захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2016 оны 04 дүгээр сарын      20-ны өдөр гардуулсан байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 он/-ийн 49 дүгээр зүйлийн 49.2-т “Хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болох товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэнэ” гэж зааснаар шүүх хэргийн оролцогчдыг шүүх хуралдаанд оролцох эрхээр нь хангах үүднээс шүүх хуралдааны товыг боломжит хугацаанд хэргийн оролцогчдод шүүхийн мэдэгдэх хуудсаар хүргүүлэх ёстой.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүх хуралдаан дээр “шүүгчийн туслах бидэнд шүүх хуралдаан болохын өмнөх өдөр буюу 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн, шүүх хуралдаан товлогдсон өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.З******* Хонг Конг Улс руу нисэхээр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б******* нь Эрдэнэт хот руу явахаар тус тус төлөвлөсөн байсан. Энэ талаарх баримтаа шүүхэд хүргүүлсэн, хэд хоногийн өмнө шүүх хуралдааны товыг мэдэгдсэн бол ажлаа зохицуулах байсан” гэж тайлбарлах бөгөөд хэрэгт авагдсан 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөр огноолсон “шүүх хуралдааны товыг мэдэгдсэн баримт”-аас[2] үзэхэд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт шүүх хуралдааны товыг хэзээ мэдэгдсэн нь тодорхойгүй, мөн уг баримтын болон шүүх хуралдаан болох өдрийн огноо засвартай байхаас гадна уг шүүх хуралдааныг хэрхэн товлосонтой холбоотой баримт хэрэгт авагдаагүй зэргээс үзвэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарыг шүүх хуралдаанд байлцуулахгүй хэргийг шийдвэрлэж, “мэтгэлцэх зарчим”-ыг хангаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх У*******т холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Сөүлийн гудамжны 28/6 дугаартай улсын бүртгэлийн ...                 Ү-2203019776, Ү-2203010774, Ү-2203010775, Ү-2203010780 дугаарт тус тус бүртгэлтэй барилгын өмчлөгчийн маргаан дуусаагүй байхад “М*******” ХХК-иас Б.Ад*******д, Б.Ад*******гээс “Б*******” ХХК-д тус тус өмчлөх эрх шилжсэнийг бүртгэсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Сүхбаатар дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын үйлдлийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх” шаардлага бүхий иргэн Л.Бгийн нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэсэн байх боловч улсын бүртгэлийн Ү-2203014776, Ү-2203014774, Ү-2203014775, Ү-2203014780 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүд хэрэгт авагдсан, тодруулбал, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дурдагдаж буй захиргааны актууд нь хэрэгт авагдсан захиргааны актуудаас зөрүүтэй байх тул дээрх байдлыг нэхэмжлэгчээс тодруулах нь зүйтэй байна. 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.1, 121.3.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 293 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг түүнд буцаан олгосугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                                Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                Б.ТУНГАЛАГСАЙХАН