Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/06

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин, Улсын яллагч Н.Бадам, Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жинчин овогт *******т холбогдох эрүүгийн 2133000380078 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер эдийн засагч мэргэжилтэй, Улаанбаатар хот Хүчит шонхор захад зохион байгуулагч ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сант сум 1-р баг Ивэн хөдөө оршин суух хаягийн бүртгэлтэй, Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 5-р хороо 00-р байрны 00тоотод түр оршин суух, урьд Сэлэнгэ айман дахь сум дундын 3-р шүүхийн эрүүгийн хэргийн шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 3/70 дугаартай шийтгэх тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 200000 /хоёр зуун мянган/ төгрөгөөр тогтох ялаар шийтгэгдэж байсан гэх Жинчин овогт ******* /РД:-/. Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 02-ны 22 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сант сумын Хушаат 2 дугаар багийн нутагт иргэн *******тай маргалдан түүний зүүн гар луу өшиглөн, зүүн гарын богтос ясыг хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Гэм буруугийн талаар: Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 02-ны 22 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сант сумын Хушаат 2 дугаар багийн нутагт иргэн *******тай маргалдан зүүн гар луу өшиглөн, зүүн гарын богтос ясыг хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх үйл баримт нь: Шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч *******ийн өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Алтанхүү гэх айлд 10 цагийн үед *******тай маргалдаад өшиглөсөн чинь гар нь хугарсан. Маргааш нь ******* дээр очоод эмнэлэг явах гэсэн чинь өөрийн машинаар явна гээд эмнэлэг явсан. Маргааш нь дахиж очиход гараа шохойдуулсан байсан. Би хадлан тарианы ажилтай байсан тул ахтайгаа тохиролцох уу яах уу гэж байгаад хадландаа явсан. Тэрнээс хойш уулзаагүй 21 хоногийн дараа уулзсан. ******* 2.000.000 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс хүнээс зээлж 1.500.000 төгрөг өгсөн. Одоо 500.000 төгрөг дутуу байгаа өгөх гэсэн боловч малын өвчин гараад одоохондоо өгч чадаагүй. Миний бие гэм буруутайгаа ойлгож байна. Дахиж ийм алдаа гаргахгүй...” гэв. Мөрдөн байцаалтад 1.Хохирогч *******ын өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Сант сумын төвөөс өөрийн сургуулийн хүүхдээ аваад буцаад гэр рүүгээ Сант сумын Ивэн 01 дүгээр баг “Долоогийн гарам” гэх газар руу явж байтал замд айлын гадаа *******, өөр танихгүй 2 залуугийн хамт зогсож байгаа харагдсан. Тэгээд намайг даллаж дуудсан би зогсоогүй яваад өгсөн. Харин маргааш нь 2021 оны 10 дугаар сарын 02-ны орой 22 цагийн орчимд Алтанхүүгийнд би, Алтанхүү, *******, Чингис, Алтанхүүгийн эхнэр бид нар цай хоол идээд байж байтал гаднаас *******, Зэвгээ нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу орж ирсэн. Тэгээд ******* надаас хэрүүл маргаан өдөж, өчигдөр чи намайг дуудахад яахаараа зогсохгүй явж байгаа юм, чи ямар овоо болчихсон юм гэж дайрч давшлаад байсан. Тэгэхээр нь би мал руугаа явж байсан болохоор би яараад явсан юм гэж гараараа нүүрээ хаатал миний гар луу өшиглөж, миний гарын шуу хугарсан. Тэгээд ******* манай гэрт ирж надтай уулзаад наад гар чинь зөөлөн эдийн гэмтэл байна. Булчин чинь зангирсан юм шиг байна гэж хэлээд чи өөрөө унаа тэргээ олоод үзүүлээд ир гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд би 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Саран эмнэлэгт очиж үзүүлж гарын Рентген зургаа авхуулж, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт гараа гипсдүүлж ирээд Сант сумын цагдаад хандсан юм. ******* нь тухайн үед архи уусан согтуу байсан. ******* нь урьд өмнө нь надаас 1 тооны хонь аваад мөнгө төгрөг өгөөгүй явсан. Тэр талаар би малыг нь хардаг айлын эхнэр Гэлээ эгчид хэлэхэд ямар даварсан юм бэ тэр чинь гэж хэлээд *******т хэлж хонины мөнгийг нэхсэн байсан тэрэнд надад юм санаж явдаг юм шиг байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 6-7, 37-38-р хуудас/, 2.Гэрч *******ын өгсөн: “...Би тухайн өдөр нүүж яваад доголон тугалтай үхрээ орхичихсон байсан. Тэгээд нөгөө үхрээ авах гээд *******ыг дагуулаад үхэр орхисон газраа очоод үхрээ ачих гээд Алтанхүүг гуйсан. Тэгээд Алтанхүүгийнд хоол идээд байж байтал гаднаас ******* орж ирсэн. Тэгтэл ******* *******ыг чи яагаад намайг дуудаад байхад орхиод явж байгаа юм гээд дайраад барьцалдаад авахаар нь дундуур нь ороод салгасан чинь ******* өшиглөсөн ******* гараа бариад суучихсан яасан бэ гэж асуусан чинь гар хугарчихсан юм шиг байна гэж хэлж байсан. Тухайн үед ******* архи уучихсан байсан ба Алтанхүүгийн гэрт Алтанхүү, Алтанхүүгийн эхнэр, *******, *******, Чингис нар байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 10-11-р хуудас/, 3.Гэрч *******ийн өгсөн: “...Тухайн өдөр *******, ******* нар манайд ирээд хоол унд хийж идээд байж байтал ******* гаднаас ирсэн. Тэгээд *******аас учиргүй хэрүүл гуйж зодох гэж дайрч давшилж эхэлсэн. Тэгтэл ******* Алтанхүү нар салгасан чинь *******ыг ******* өшиглөсөн. Тэгээд ******* гар гээд гараа бариад байсан. Тэгээд л ******* ******* нар явсан. Сүүлд сонсоход *******ын гар хугарчихсан гэж сонссон. ******* манай гэрт ирэхдээ архи уусан согтуу байсан ба ******* эрүүл байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 12-13-р хуудас/, 4.Гэрч *******гийн өгсөн: “...Манайд *******, ******* 2 ирээд хоол унд идэж уугаад байж байтал гаднаас манай гэрт ******* согтуу орж ирсэн. Тэгсэн ******* нь ******* луу дайрч давшлаад барилцаж авсан. Тэгэхэд ******* өшиглөх шиг болсон ба ******* ёо ёо гар гээд хашхирсан чинь манай эхнэр Батдэлгэр “******* чи гарыг нь хугалчихлаа” гэж хэлсэн. Тэгээд бид нар салгаад ******* ******* нар явсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 14-15-р хуудас/, 5.Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 658 дугаартай ...1.*******ын биед зүүн богтос ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 4.Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Шинжээч эмч С.Эрдэнэцэцэг...” гэх шинжээчийн дүгнэлт/хх-ийн 25-26-р хуудас/, 6.Иргэн *******ын Цагдаагийн байгууллагад хандаж 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гаргасан өргөдөл гомдол/хх-ийн 4-р хуудас/, 7.2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Дамдинсүрэнгийн *******т эмнэлгийн тусламж үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас/хх-ийн 22-23-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтууд гэж дүгнэлээ. Шүүгдэгч ******* нь архи ууж согтуурсан үедээ “...намайг дуудаад байхад орхиод явж байгаа юм зогссонгүй...” гэх шалтгаанаар хохирогч *******ын зүүн гар луу өшиглөснөөс түүний зүүн гарын богтос яс хугарсан байна. Энэ гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар хүний эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах бөгөөд Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 658 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон/хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/ болно. Хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулах нь хохирогчийн амь насанд аюулгүй боловч эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулж улмаар хохирогчийн хөдөлмөр чадварыг 3/1-ээс дээш хувиар алдагдуулдаг хор уршигтай. Хохирогч *******ын эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгч *******ийн хохирогчийн зүүн гар луу өшиглөсөн санаатай үйлдэлтэй шууд холбоотой байна. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг байна. Иймд шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч ******* нь шүүгдэгчээс 930.812 төгрөг нэхэмжилсэн баримт хавтас хэрэгт авагдсан/хх-ийн 40-45-р хуудас/ байна. Шүүгдэгч, хохирогч нар хохирол төлөх талаар харилцан тохиролцож 2.000.000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төлөхөөр тохиролцсон гэрээг 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гэрээ байгуулсан байна. /хавтаст хэргийн 45 дугаар хуудас/ . Шүүх хуралдаанд шүүгдэгч нь хохирогч *******т 1.500.000 төлсөн гэж байгаа боловч энэ талаарх нотлох баримтгүй тул хохирол төлсөн гэж үзэх боломжгүй байна. Шүүх хуралдаанд хохирогч оролцоогүй, улмаар хохирол гэж 1.500.000 төгрөг авсан эсэх нь тодорхойгүй тул хохирогчийн нэхэмжилсэн 930.812 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирогч ******* нь шүүгдэгч *******ээс дээрх 930.812 төгрөгөө нэхэмжлэх эрхтэй болно. Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүх шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Шүүх хуралдаанд улсын яллагч: “...Гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч *******ийг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах зүйтэй юм. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн үйлдэл, арга сэдэл, санаа зорилго, учирсан хохирлыг харгалзан үзэж дараах ял шийтгэлийг оногдуулж байна. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах. Торгуулийн ялыг 10 сарын хугацаанд биелүүлэх саналыг улсын яллагчийн зүгээс гаргаж байна. Гэмт хэргийн улмаас хохирогчид хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчээс 930.812 төгрөг нэхэмжилсэн ба иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримт 40-45-р хуудсанд авагдсан. Шүүгдэгч нь 2021 оны 11 дүгээр 12-ны өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба хэвээр үргэлжлүүлэх саналтай. ******* нь хохирол төлбөр төлөгдсөн, цагдан хоригдсон хоноггүй, албадлагын арга хэмжээ авагдаагүй...” гэв. Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд “Би хүчит шонхор захад зохион байгуулагч ажилтай, Улаанбаатар хотод эхнэр 3 хүүхэдтэйгээ байр түрээсэлж суудаг. 650.000 төгрөгийн цалинтай ажил энэ намраас энэ ажлыг хийж байгаа тул улсын яллагчийн санал болгож байгаа 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг багасгаж өгнө” үү гэв. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч нь 2004 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сум дундын 3 дугаар шүүхээр Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1-д зааснаар 20.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан байна. 2002 оны Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.2-т зааснаар ялгүй болсон байна. Иймд шүүгдэгч *******ийг анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа гэж үзлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна. Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирогчид учруулсан хохирол төлөгдөж , хор уршиг арилсан байдал, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулдаг. Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлөөгүй байх тул гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийг арилаагүй байна гэж дүгнэсэн. Иймд улсын яллагчийн санал болгож байгаа 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж байгаа нь үндэслэлтэй гэж үзсэн болно. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэлээ. Шүүгдэгч Улаанбаатар хотод эхнэр 3 хүүхдийн хамт айлын байр хөлсөлж оршин сууж байгаа, Хүчит шонхор захад зохион байгуулагч хийдэг. Нэг өдөр өнжөөд гардаг ажилтай, сарын 650.000 төгрөгийн цалинтай зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь 800.000 төгрөгийн торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч ******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх хүртэл хугацаанд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх, хохирогч *******ын нэхэмжилсэн 930.812 төгрөг төлөгдөөгүй, хохирогч нь энэ талаар шүүгдэгч *******ээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно гэсэн болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.4,36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Жинчин овогт ******* /РД:-/-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь 800.000 төгрөгийн торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч ******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Хохирогч *******ын нэхэмжилсэн 930.812 төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэлэлцэхгүй үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирогч нь хохирол 930.812 төгрөгийг шүүгдэгч *******ээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

7.Шүүхийн шийдвэр уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоох биелүүлэх хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ А.НАРАНТУЯА