Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/21

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

          Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж,

         Нарийн бичгийн дарга Э.Энхмаа, 

         Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Ариунболд,

         Хохирогч Г.Г,

         Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун,

         Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

         Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Мөнхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Итгэл овогт Баярсайханы Ат холбогдох эрүүгийн 2219000000003 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Монгол Улсын иргэн, Б.А

         Холбогдсон хэргийн талаар:

         Шүүгдэгч Б.А нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Гг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “... Тухайн үйл явдал 2021 оны 12 дугаар сарын 01-ний орой 19:00 цаг дөхөж байхад болсон байх. Тэр өдөр 1-р багийн засаг дарга Н.М, 3-р багийн засаг дарга С.О, 3-р багийн малчин О нартай хамт машинтай явж байсан. Бид 4 овоон дээр 10 лааз пиво уугаад дахин пиво авахаар дэлгүүрийн гадаа ирээд зогсож байтал цагдаа, хэсгийн төлөөлөгч хоёр ирсэн. Н.Мэд улсын дугааргүй машин байна гэрчилгээг нь шалгуул гэхэд байхгүй гэж хэлсэн. Бид нар дэлгүүрээс гарч ирээд машиныг асаагаагүй, машин унтраалттай байсан. Буруу талдаа рультэй тээврийн хэрэгсэл байсан. Би тухайн тээврийн хэрэгслийн зөв талын суудал дээр сууж байсан. Г.Г бид нарыг хүргэж өгье гэхээр нь би “өө юун сүртэй юм, бид нар одоо айл руу хоол идэхээр явах гэж байна өөрсдөө явчихна” гэж хэлэхэд “чамд ямар хамаатай юм өмхий архичин минь, чи дандаа архи уудаг” гэж хэлсэн. Цагдаагийн эрх бүхий албан тушаалтан надад албан ёсны шаардлага тавиагүй. Хэн хэн нь хэрүүлийн шинжтэй үг хэлж, хоорондоо маргалдсан. Тэгээд намайг хэсгийн төлөөлөгч машинаас буу гэхээр нь дөнгөж буугаад машины хаалга хааж амжаагүй байхад миний нүүр болон эрүү хэсэгт цохиод байсан. Тэгэхээр нь би “чи хүн зодоод байх юм ямар учиртай юм” гэж хэлээд 2 удаа түлхсэн. Миний гарыг өчиж унагаахаар нь “больё, хаашаа явах юм ажлын байр луу чинь явах уу, явцгаая” гэж хэлээд цагдаагийн кубон руу очсон. Маргалдсан нь үнэн. Миний бодлоор цагдаагийн албан хаагч албан ёсны шаардлагатай тавиагүй, хувь хүмүүсийн хоорондын хэрүүлийн шинжтэй маргаан болсон. Гэхдээ би энэ хэргийг хүлээн зөвшөөрч байна. Миний буруу болохоор Г.Ггоос уучлалт гуйгаад, хохирлыг төлж барагдуулна гэдгээ түүнд хэлсэн. Шинжээчийн дүгнэлттэй танилцаад хохирол төлбөрөөс тодорхой хэмжээний төлбөрийг төлсөн  ...” гэв.

          Хохирогч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...  Би Ханги-Мандалын боомтод ажиллаж байгаад ирээд удаагүй байсан. 2021 оны 12 дугаар сарын 01-ний орой 18:04 минутад иргэн Ө гэх хүнээс “манай дэлгүүрт хүн орж ирээд хэрүүл маргаан үүсгээд байна” гэх дуудлага мэдээлэл ирүүлсний дагуу сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Бийн хамт очиж шалгахад тухайн дэлгүүрийн гадаа улсын дугааргүй, мөнгөлөг өнгийн суудлын автомашин зогсож байсан. Тухайн автомашиныг шалгахад багийн Засаг дарга ажилтай Н.М гэх залуу машины жолооны ард архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай сууж байсан. Би дэлгүүр лүү орсон. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч согтуу машинаа асаасан байдалтай сууж байсан болохоор түлхүүрийг нь түр хураан авлаа гэж дэд ахлагч надад өгсөн. Тэгэхээр нь бид Н.Мэд хандаж машинаа хөдөлгөөгүй учраас тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасна гэх асуудал байхгүй, Цагдаагийн албаны тухай хуульд зааснаар цагдаагийн албан хаагч нь гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчил үйлдүүлэхгүй байх талаар шаардлага тавих үүрэгтэй, гэрт нь хүргээд өгье гэж хэлэхэд та нараар машинаа жолоодуулахгүй миний сүлд хийморьт муу гэж хэлсэн. Тэгэхээр нь би энэ талаар хуульд хэрхэн заасан байдаг тайлбарлаж өгөөд Мийн машиныг жолоодон гэрт нь хүргэж өгөхөөр машиныг асаахад тухайн машинд сууж байсан Б.А гэх залуу над руу хандан “муу гөлөг минь, чи яахаараа хүний машин авч явдаг юм, та нар муусайн пизданууд хэзээ юу хийж чаддаг байсан юм” гэх мэтээр намайг заналхийлж, хэл амаар доромжилсон. Би тухай үед Б.А гэх хүнд “би тантай харьцаагүй, жолоочид нь хэлж ойлгуулаад машиныг нь гэрт нь хүргэж өгөх гэж байна, та согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна, хэрүүл маргаан үүсгэлгүйгээр машинаас буу” гэхэд “чаддаг юм бол намайг буулгаарай, гөлөгнүүд минь, та нарыг буу гэхээр буудаг нь би биш” гэж хэлээд намайг дахиад хэл амаар доромжилсон. Б.А гэх иргэнд шаардлага тавьж, машинаас буулгахаар машины хаалгыг нээтэл машинаас бууж ирээд “та нар миний гарыг дийлэхгүй” гэж хэлээд миний нүүрэн тус газарт 1 удаа цохисон. Тэгэхээр нь “яаж байгаа юм” гэж хэлэхэд намайг заамдаж, миний хоолойг боогоод нүүрэн тус газарт 2-3 удаа цохисон. Тэгтэл манай хэсгийн цагдаа Б.Аыг салгах гэхэд баруун гараараа миний хувцасны захнаас зуураад тавихгүй байсан. Би баруун гарын эрхий хурууг нь өчиж, гарыг нь тавиулсан. Н.М, С.О, О нар хэсгийн цагдаа бид хоёрын гараас татаж Ааас холдуулах үед Б.А дахин ирж намайг цохисон. Б.А миний эрх чөлөөнд халдаж байсан болохоор хэсгийн цагдаа Б.Ат тусгай мэх хэрэглэж газарт унагаад өчих мэх хийтэл Н.М, С.О, О нар бид хоёрын хэдэн талаас нь татаж салгаад байсан. Салгахаар А чөлөөтэй болоод миний нүүр лүү алгадаад байсан. Би тэр үед Н.М, С.О нарт хандаж “та нар багийн засаг дарга нар байж ямар сонин юм, энэ хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна, мөн цагдаагийн албан хаагчийн биед халдаж байхад яагаад салгахгүй байгаа юм, та нар бид нарт туслах үүрэгтэй” гэж хэлсэн. Тэгээд олон хүмүүс байхад муудаад яах юм гэж цагдаагийн кубон руу явж учраа олъё гэж машинд огт суугаагүй, алхаад кубон руу явсан. Б.Аыг дэлгүүрийн гадаа миний эрх чөлөөнд халдах үед цагдаа газарт дуудлага өгсөн байсан. Кубон руу очсоны дараагаар цагдаагийн газраас маргаан болох үед байсан хүмүүсийнхээ хувийн мэдээллийг аваад явуул гэсэн. Тэгэхээр нь Б.Аын хувийн мэдээллийг авах гэтэд “чам шиг хүнд хэлэхгүй” гэж босож ирээд миний нүүр лүү дахин алгадсан. Тэр үед би дахин миний эрх чөлөөнд халдах юм бол нэг бүрийн тусгай хэрэгсэл ашиглана гэж сануулаад бусад хүмүүсийн хувийн мэдээллийг аваад байж байхад дахин миний нүүр болон толгой хэсэгт цохисон болохоор хэсгийн цагдаатай гав хэрэглэж Б.Аыг гавласан. Миний чихний хэнгэрэг хагарсан гэсэн дүгнэлт гарсан. Эмнэлэгт үзүүлэхэд эхний 3-6 сар эмчилгээ хийж байгаад чихний хэнгэрэг нөхөх хагалгаа хийх арга хэмжээ авах талаар хэлсэн. Эхний ээлжинд гарсан зардлаа төлүүлсэн байгаа. Мөн Б.А шүүх хуралдааны дараа миний хохирлыг бүрэн төлж барагдуулах талаар хэлсэн. Чихний хэнгэргээ нөхүүлээд авчих юм бол өөр гомдол санал байхгүй ...” гэв.

          Хохирогч Г.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/222 дугаартай тушаалаар Дорноговь аймгийн Хөвсгөл суманд төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байгаа. 2021 оны 12 дугаар сарын 01-ний орой 18:04 минутад иргэн Ө гэх хүнээс “манай дэлгүүрт хүн орж ирээд хэрүүл маргаан үүсгээд байна” гэх дуудлага мэдээлэл ирүүлсний дагуу сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Бийн хамт очиж шалгахад тухайн дэлгүүрийн гадаа улсын дугааргүй, мөнгөлөг өнгийн суудлын автомашин зогсож байсан. Тухайн автомашиныг шалгахад багийн Засаг дарга ажилтай М гэх залуу машины жолооны ард архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай сууж байсан. Мөн тухайн машинд найзууд нь болох О, О, А нар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай сууж байсан. Тухайн хүмүүс машинаа асаасан байсан болохоор архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гэж хэлээд машиныг нь унтраалгаж, түлхүүрийг нь түр хураан аваад дэлгүүрт ортол хүн хэрүүл маргаан үүсгэж байгаад гараад явчихсан гэж хэлсэн ... би Мийн машиныг жолоодон гэрт нь хүргэж өгөхөөр машиныг асаахад тухайн машинд сууж байсан А гэх залуу над руу хандан “муу гөлөг минь, чи яахаараа хүний машин авч явдаг юм, та нар муусайн пизданууд хэзээ юу хийж чаддаг байсан юм” гэх мэтээр намайг заналхийлж, хэл амаар доромжилсон. Би тухай үед А гэх хүнд “би тантай харьцаагүй, жолоочид нь хэлж ойлгуулаад машиныг нь гэрт нь хүргэж өгөх гэж байна, та архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байна, хэрүүл маргаан үүсгэлгүйгээр машинаас буу” гэхэд “чаддаг юм бол намайг буулгаарай, гөлөгнүүд минь, та нарыг буу гэхээр буудаг нь би биш” гэж хэлээд намайг дахиад хэл амаар доромжилсон. Би тухайн А гэх иргэнд шаардлага тавьж, машинаас буулгахаар машины хаалгыг нээтэл машинаас бууж ирээд “та нар муусайнууд миний гарыг дийлэхгүй ш дээ” гэж хэлээд, миний нүүрэн тус газарт 1 удаа цохисон. Намайг цохихоор нь би тухайн А гэх хүний гарыг барьж автал намайг заамдаж, миний хоолойг боогоод нүүрэн тус газарт 2-3 удаа алгадсан. Тэгтэл манай хэсгийн цагдаа Аыг салгасан. Аыг салгахад баруун гараараа миний хувцасны захнаас зуураад тавихгүй байсан. Би эрхий хурууг нь өчиж, хоолойгоо тавиулсан. А нь намайг тухайн үед “та нар муусайн гөлөгнүүд яахаараа машин авч явдаг юм, та нар намайг барахгүй шүү, та нар гарын ая дийлэхгүй ш дээ, чамайг зодоход үхнэ ш дээ” гэх мэтээр заналхийлж байсан. Би хэсгийн цагдаатай нийлж, тухайн иргэнийг цагдаагийн хэсэг рүү авч явах гэтэл хамт байсан багийн Засаг дарга М намайг боль гэж тэвэрч барьсан. Тухайн А миний нүүр болон баруун чих рүү 2-3 удаа алгадсан. Манай хэсгийн цагдааг мөн хамт байсан хүмүүс нь бариад байх шиг байсан. Тухайн А гэгчид тусгай мэх хэрэглэж газарт унагаад өчих мэх хийтэл М, О, О нар хэсгийн цагдаа бид хоёрыг гараас татаж Ааас холдуулаад тэр үед нь А дахин ирж, миний эрх чөлөөнд халдаж байсан ... Эмнэлэгт үзүүлсэн, миний баруун чихний хэнгэрэг хагарсан байсан. Толгой их өвдөж зовуурилж байгаа, шөнө толгой өвдөөд унтаж чадахгүй байгаа. Эмчид үзүүлэхэд тархины зураг авхуулж нарийн шинжилгээ өгөх шаардлагатай гэж хэлсэн ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас/,

        Гэрч Н.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... А хэсгийн төлөөлөгчтэй ямар асуудлаас болсныг мэдэхгүй, хараалын үг хэлж маргалдаж байгаад машинаас буусан. Машинаас буугаад А хэсгийн төлөөлөгчтэй барилцаж аваад хоорондоо зууралдаж ноцолдож байсан. Нэг нэг рүүгээ хараалын үг хэлж байх шиг сонсогдсон, яг юу гэж хэлж байсныг нь санахгүй байна. Аыг хэсгийн төлөөлөгчтэй барилцаж аваад хоорондоо зууралдаж ноцолдоход О, О бид 3 салгаж байсан. Миний санаж байгаагаар А хэсгийн төлөөлөгч Гг 2 удаа түлхсэн байх гэж бодож байна, хэсгийн төлөөлөгчийн аль хэсэгт түлхсэн талаар анзаарч хараагүй. Хэсгийн төлөөлөгч, цагдаа нарын хувьд биднийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин барьж болохгүй, машин тэргээ тавь, харьж амар гэсэн шаардлага тавьсан. Тухайн үед А архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болоод маргасан байх ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар хуудас/,

          Гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... хэсгийн төлөөлөгч Ат “та архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна, машинаас буу, гэртээ очиж амар” гэж хэлтэл “чаддаг юм бол чи буулгачих” гэж хэлсэн. Хэсгийн төлөөлөгч машинаас буугаад Аыг машинаас буулгахаар машины хаалга нээтэл А машинаас бууж ирээд хэсгийн төлөөлөгчийг нүүр рүү нь мангасдаж түлхээд, заамдаж аваад хоолойг нь боогоод тавихгүй байсан. Хэсгийн төлөөлөгч гарыг нь тавиулах гэж нэлээд ноцолдож байж гарыг нь тавиулсан. Үүний дараа А нь хэсгийн төлөөлөгчийг “бөөс минь, пизда минь” гэх мэтээр хэл амаар доромжлоод нүүр рүү нь мангасдаж цохиод байсан. Хэсгийн төлөөлөгчийг цохихдоо гараа зангидахгүйгээр гарынхаа алганы хэсгээр цохиод байсан. Хүмүүст түлхэж байгаа мэт харагдах гээд байх шиг байсан. А нь хэсгийн төлөөлөгч Ггийн чих, нүүр хэсэг рүү хэд хэдэн удаа гарын алга хэсгээр хүчтэй цохисон. Аыг ийм үйлдэл гаргах үед багийн Засаг дарга М 2 удаа хорьсон боловч А нь хэсгийн төлөөлөгч рүү заналхийлж, хэл амаар доромжлоод дайраад үгэнд нь орохгүй байсан. Аыг цохих болгонд хэсгийн төлөөлөгч хөл алдаж арагшилж байсан. А нь хууль сахиулагчийн тавьсан шаардлагыг биелүүлэлгүй, хэл амаар доромжилж эрх чөлөөнд нь халдаад байсан болохоор үйлдлийг таслан зогсоож гав тусгай хэрэгсэл хэрэглэхээр би мэх хэрэглэн газар унагаасан ... Аыг цагдаагийн хэсэгт гавласны дараа гаваа хүчээр өөрөө мушгиж, татаж чангаагаад гавны төмөр хэсгээр өөрийн гарын бугуйг гэмтээх гэсэн үйлдэл гаргаж байсан ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/,

          Гэрч С.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... дэлгүүрийн гадаа Мийн машины урд А нь хэсгийн төлөөлөгч, цагдаа нартай муудаж байсан. Би хүрээд очтол А хэсгийн төлөөлөгчийг “пизда минь, бөөс минь” гэж хэл амаар доромжлоод эхлээд тэр 2 нэг нэгийгээ түлхээд байсан. Тэр үед А хэд хэдэн удаа хэсгийн төлөөлөгчийн нүүр рүү мангасдаж түлхэх шиг болсон. Хэсгийн төлөөлөгч хөл алдаад арагшилж байсан. Би 2 ч удаа Аыг боль гэж хорьсон боловч А миний үгэнд орохгүй хэсгийн төлөөлөгч рүү дайраад байсан. Хэсгийн төлөөлөгч “чи албан үүргээ гүйцэтгэж явахад хүн доромжиллоо, намайг зодож, миний эрх чөлөөнд халдлаа” гэж хэлж байсан. А хэсгийн төлөөлөгч, цагдаа нартай ноцолдож маргаж байгаад газарт унасан. Газарт унахад нь М, О бид 3 гудамж талбайд хүн харна, больцгоо гэж хэлээд Аыг босгож салгасан. Үүний дараа хэсгийн төлөөлөгч, цагдаа нар Аыг 2 талаас нь сугадаад бид хэсгийн цагдаа дээр ирсэн ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дугаар хуудас/,

           Шинжээч Э.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Учирсан баруун чихний хэнгэргэн хальсны цооролт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэнгэргэн хальс нь чихний уг хэсэгт далд байрладаг нимгэн хальсан бүтэцтэй тул хийтэй алгадах, эсхүл нарийн зүйлээр хатгах үед цоорох боломжтой. Түлхэх үед энэ гэмтэл нь үүсэх боломжгүй ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/,

        Шүүгдэгч Б.Аын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... хэсгийн төлөөлөгч Мийн машиныг жолоодохоор нь би “юун сүртэй юм бэ, бид хэдийг ингээд явуулж болохгүй юм уу, бид хэд Мийн гэрт нь очих гэж байна ш дээ” гэж хэлэхэд “чамд ямар хамаатай юм, чи согтуу байна, пизда чинь” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “миний согтуу байх чамд ямар хамаатай юм, би машин тэрэг барьсан биш, юун сүртэй юм, бөөс вэ” гэж хэлээд маргалдсан. Тэгтэл хэсгийн төлөөлөгч машинаас буугаад “архичин гөлөг минь, машинаас буугаад ир” гэж хэлсэн. Машинаас буугаад иртэл миний цээж болон толгой руу гараараа түлхээд байсан. Би хэсгийн төлөөлөгчид “чи яагаад хүн зодоод байгаа юм” гээд бөөс, хуус гэх мэтээр хэлээд хэсгийн төлөөлөгчийн цээж рүү 2 удаа түлхсэн. Тэгж байгаад намайг газар унагаасан, яах гэж газар унагаасныг мэдэхгүй. Тэгтэл хамт байсан хүмүүс та 2 боль л доо гэж хэлээд салгасан. Мөн миний баруун гарын эрхий хурууг арагш нь татаж хөшсөн. Тухайн үед хэсгийн төлөөлөгч бид хоёр нэг нэгийгээ хэл амаар доромжилж маргалдаж байгаад цагдаагийн хэсэг рүү явсан. Цагдаагийн хэсэг дээр очоод намайг гавлах гэж ноцолдож байгаад хүчээр гавласан. Үүний дараа хэсгийн төлөөлөгч толгой өвдөөд байна, эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй гэж хэлээд явсан ... Цаашид эмчилгээнд гарсан зардал мөнгийг бүрэн хариуцна ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 18, 65 дугаар хуудас/,

         Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 02/003 дугаартай “... Г.Ггийн биед баруун чихний хэнгэргэн хальсны цооролт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна ...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас/,

          Хохирогч Г.Ггийн Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Эрүүл мэндийн төвд үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 43 дугаар хуудас/,

          Хохирогч Г.Ггийн Амбулаториор эмчлүүлэгсдийн карт, гэрэл зураг /хавтаст хэргийн 46-52 дугаар хуудас/,

          Г.Гг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Хөвсгөл сум дахь хэсгийн төлөөлөгчөөр томилсон тухай Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн №1052 дугаартай тушаал, А-0006762 дугаартай ажлын үнэмлэх /хавтаст хэргийн 68-69 дүгээр хуудас/,

          Сидиний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 12-14 дүгээр хуудас/,

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 72, 74-77 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулсан, бэхжүүлсэн,  хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.

           Шүүгдэгч Б.А нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Гг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл явдал болсон нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь шүүгдэгч хууль сахиулагчийг албан үүрэг биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн идэвхтэй үйлдэл байдаг, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь шүүгдэгч бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн”, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг албан үүрэгтэй нь холбогдуулж үйлдсэн” гэмт хэргийн шинжийг тус тус хангасан байна.

         “Хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг, “Албан үүрэг биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэж гүйцэтгэж буй албаны үйл ажиллагаа буюу хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэнтэй нь холбогдуулан хууль сахиулагчийн биед халдсаныг тус тус ойлгоно.

         Хохирогч Г.Г нь 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Хөвсгөл сум дахь хэсгийн төлөөлөгчөөр томилогдсон болох нь Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн №1052 дугаартай тушаал, А-0006762 дугаартай ажлын үнэмлэхээр тогтоогдож байна.

         Шүүгдэгч Б.А, гэрч Н.М, С.О, О нарыг автомашин дотор архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, гэрч Н.Мийг машин жолоодох гэж байхад нь Дорноговь аймгийн Хөвсгөл сумын хэсгийн төлөөлөгч Г.Г хууль ёсны шаардлага тавьж, ямар нэгэн хариуцлага тооцохгүйгээр машиныг нь жолоодож гэрт нь хүргэж өгөх талаар машины эзэмшигчид ойлгуулан гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж байгаагаа тайлбарлан түүний зөвшөөрлөөр машиныг жолоодон явах гэснийг шүүгдэгч Б.А нь согтууран хууль сахиулагчийг эсэргүүцэж, түүнийг хэл амаар доромжлон, эрх чөлөөнд нь халдаж, нүүрэн тус газарт нь 2-3 удаа алгадаж, эрүүл мэндэд нь баруун чихний хэнгэргэн хальсны цооролт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл явдал болсон нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон.

         Шүүгдэгч Б.А нь хохирогч “Г.Гг цохиогүй, түлхсэн” гэж мэдүүлж байгаа боловч мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Ггийн өгсөн “... миний нүүрэн тус газарт 1 удаа цохисон. Намайг цохихоор нь би тухайн А гэх хүний гарыг барьж автал намайг заамдаж, миний хоолойг боогоод нүүрэн тус газарт 2-3 удаа алгадсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Бийн өгсөн “... А нь хэсгийн төлөөлөгчийг “бөөс минь, пизда минь” гэх мэтээр хэл амаар доромжлоод нүүр рүү нь мангасдаж цохиод байсан. Хэсгийн төлөөлөгчийг цохихдоо гараа зангидахгүйгээр гарынхаа алганы хэсгээр цохиод байсан. Хүмүүст түлхэж байгаа мэт харагдах гээд байх шиг байсан. А нь хэсгийн төлөөлөгч Ггийн чих, нүүр хэсэг рүү хэд хэдэн удаа гарын алга хэсгээр хүчтэй цохисон ... Аыг цохих болгонд хэсгийн төлөөлөгч хөл алдаж арагшилж байсан ...” гэсэн мэдүүлэг, гэрч С.Оын өгсөн “... А хэд хэдэн удаа хэсгийн төлөөлөгчийн нүүр рүү мангасдаж түлхэх шиг болсон. Хэсгийн төлөөлөгч хөл алдаад арагшилж байсан. Би 2 ч удаа Аыг боль гэж хорьсон боловч А миний үгэнд орохгүй хэсгийн төлөөлөгч рүү дайраад байсан ...” гэсэн мэдүүлэг, хавтаст хэргийн 12 дугаарт авагдсан нар утасны болон CD-ний бичлэг, шинжээч Э.Аын өгсөн “... Учирсан баруун чихний хэнгэргэн хальсны цооролт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэнгэргэн хальс нь чихний уг хэсэгт далд байрладаг нимгэн хальсан бүтэцтэй тул хийтэй алгадах, эсхүл нарийн зүйлээр хатгах үед цоорох боломжтой. Түлхэх үед энэ гэмтэл нь үүсэх боломжгүй ...” гэсэн мэдүүлгээр няцаагдаж байна.

          Шүүгдэгч Б.Аын хохирогч Г.Ггийн эрх чөлөөнд халдаж, нүүрэн тус газарт 2-3 алгадсан санаатай үйлдлийн улмаас хохирогчийн биед баруун чихний хэнгэргэн хальсны цооролт бүхий хөнгөн гэмтэл учирсан болох нь Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 02/003 дугаартай дүгнэлт, хохирогч Г.Ггийн Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Эрүүл мэндийн төвд үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас, Амбулаториор эмчлүүлэгсдийн карт, гэрэл зураг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

          Шүүгдэгч Б.А нь хууль сахиулагчийг эсэргүүцэн хүч хэрэглэх үедээ түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл эс үйлдэхүйгээр хангасан” нийлмэл гэмт хэрэг бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, нийтийн албаны хэв журам сахиулах хэвийн үйл ажиллагааны эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Б.А нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

          Иймд шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.9 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

          Эрүүгийн хариуцлагын талаар:

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай олж тогтоон шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд гэмт этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.

           Шүүгдэгч Б.А нь энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал”-д тооцсон ба мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хүний эрүүл мэндэд учруулсан материаллаг хохиролд 1,000,000 төгрөг нөхөн төлсөн, хохирогчоос уучлалт гуйж, цаашид гарах хохирлын талаар харилцан тохиролцож, нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал зэрэг “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал” тогтоогдсон болно.

            Шүүхээс шүүгдэгч Б.Аыг “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн”, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож дээрх зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно. Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа дээрх зарчимд нийцүүлэн шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчоос уучлалт гуйсан байдал, хохирогчийн санал, эд материалын хохиролд 1,000,000 төгрөг төлсөн зэргийг харгалзан хуулийн зүйл заалтад заасан сонгох ялаас торгох ялыг сонгох нь зүйтэй гэж үзсэн болно.

            Иймд шүүгдэгч Б.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг тус бүрд оногдуулсан ялыг нэмж нэгтгэн, торгох ялыг 3,200,000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэв.

           Шүүгдэгчид торгох ял оногдуулахдаа түүний хөрөнгө, орлого, бусад орлого олох боломж, ам бүлийн байдал зэргийг харгалзан түүний эдийн засагт боломжит байдлаар торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзсэн болно.

          Хохирогч Г.Г нь цаашид гарах эмчилгээний зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлэн, иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  CD 1 ширхгийг хавтаст хэрэгт үлдээж, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

        1.Шүүгдэгч И овогт Б-ы Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.9-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

         2.Шүүгдэгч Б.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.9 дэх заалтад заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Б.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.9 дэх заалтад заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт 3,200,000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

         4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.А нь торгуулийн ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай.

         5.Шүүгдэгч Б.А нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

         6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Г нь цаашид гарах эмчилгээний зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлэн, иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай

         7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 1 ширхгийг хавтаст хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

         8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч Б.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

         10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                             Н.АДЪЯА